Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 1054

 

Ц.Ч-д холбогдох эрүүгийн

                                                                           хэргийн тухай                  

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Эсэн,

шүүгдэгч Ц.Ч-гийн өмгөөлөгч Н.Баяр,

нарийн бичгийн дарга Г.Жамбалдорж нарыг оролцуулан,

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 564 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Ч-гийн өмгөөлөгч Н.Баярын гаргасан давж заалдах гомдлоор Ц.Ч-д холбогдох эрүүгийн 1910013650488 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

            Барга овгийн Ц.Ч-, 1962 оны 6 дугаар сарын 2-ны өдөр Төв аймагт төрсөн, 57 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 2, эхнэрийн хамт Баянзүрх дүүрэгт тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй,

            - Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 42 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр, 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

            Ц.Ч- нь 2019 оны 6 дугаар сарын 3-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 29 дүгээр байрны 1 дүгээр орцны 3 дугаар давхарт иргэн Г.Норовбадамыг түлхэж унагаан хүч хэрэглэж, түүний цүнхтэй эд зүйл болон бэлэн 400.000 төгрөгийг авч, нийт 434.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Ц.Ч-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.           

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ц.Ч-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 2 сарын хорих ялаар шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, эд мөрийн баримтаар ирүүлсэн 1 ширхэг СиДи-г хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээж, Ц.Ч- бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчлагдсан 2 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ. 

Шүүгдэгч Ц.Ч-гийн өмгөөлөгч Н.Баяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний үйлчлүүлэгч Ц.Ч- нь мөрдөн байцаалтын шатанд хэргээ шударгаар хүлээж, хохирлыг төлсөн ба өөрийн гэм бурууг хүлээсэн. Анхан шатны шүүх түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл болон бусад байдлуудыг бодитойгоор харгалзан үзэлгүй хүнд ял оногдууллаа. Өөрөөр хэлбэл, шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглэн тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулах боломжтой байсан. Тухайлбал, Ц.Ч- нь хохирогчийн эрүүл мэндэд ямар нэгэн хохирол учруулаагүй. Тийм санаа зорилго агуулаагүй болох нь хохирогчийн мэдүүлгээс харагдана. Тэрээр хохиролд 400.000 төгрөгийг төлсөн ба хохирогчийн зүгээс гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болсон тухайгаа шүүхэд бичгээр илэрхийлсэн байдаг. Одоо тэр 57 настай, хувиараа хөдөлмөр эрхэлж ар гэрээ тэжээн тэтгэдэг бөгөөд өөрийн болон эхнэрийнх нь эрүүл мэндийн байдал муу байгаа болно. Эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Прокурор Г.Эсэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүх Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн зүйл байхгүй. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийн талаар үндэслэлтэй дүгнэлт хийж, шүүгдэгч Ц.Ч-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнд хөнгөн ял оногдуулсан. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Ц.Ч- нь 2019 оны 6 дугаар сарын 3-ны өдөр согтуурсан үедээ, Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 29 дүгээр байрны 1 дүгээр орцны 3 дугаар давхарт иргэн /80 настай/ Г.Норовбадамыг түлхэж унагаан хүч хэрэглэн довтолж, түүний цүнхтэй эд хөрөнгийг авсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

Хохирогч Г.Норовбадам нь “...29 дүгээр байрны 1 дүгээр орцоор ороод 4 давхар луу гэр лүүгээ явж байхад үл таних эрэгтэй хүн араас дагаад яваад байхаар нь “Зөрөөд яв” гэж хэлсэн. Нөгөө эрэгтэй 3 давхрын голын айлын хаалга нүдэхэд нэг хүн гарч ирээд “Тийм айл байхгүй” гэж хэлээд хаалгаа хаах шиг болсон. ... тэр хүн буцаж доошоо буугаад намайг “Гаръя” гээд хувцаснаас зуурсан. Тэгээд миний цүнх, тортой эд зүйлсийг тэмтэрч үзээд цүнхийг маань булаагаад намайг түлхэж унагаачихаад гараад явсан. Сүүлд цүнхтэй эд зүйлсээ бүрэн бүтэн хүлээн авсан. Харин тэтгэврийн 400.000 төгрөг алга болсон. ...” /хх-ийн 25/ гэж тухайн газар, цаг хугацаанд болсон үйл явдал, эрүүл мэнд, эд хөрөнгөд халдсан этгээдийн үйлдэл, алдагдсан эд зүйлийнхээ шинжийн талаар тодорхой мэдүүлсэн байх бөгөөд түүний мэдүүлэг нь:

гэрч Э.Мэймэйгийн “...хаалга цохихоор нь онгойлгоод хартал хар царайтай, согтуу бололтой, 50-60 орчим насны эрэгтэй хүн байсан. Тэгээд би айгаад янз бүрийн юм ярилгүй шууд хаалгаа хаачихсан. ...” /хх-ийн 95/,

шүүгдэгч Ц.Ч-гийн “Би анх ийм хэрэг хийгээгүй гэж бодож байсан. Сүүлд камерын бичлэгийг хараад өөрийгөө ийм хэрэг хийсэн гэдгийг мэдсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирогчийн цүнхнээс 400.000 төгрөгийг аваад, цүнхийг нь хажуу талын орцонд тавьсан. Мөнгөөрөө архи уусан. ...” /хх-ийн 122/ гэсэн мэдүүлгүүд,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-13/, гэмт хэрэг гарсан газар, тухайн цаг хугацаанд болсон үйл явдлыг харуулсан орон сууцны дундах хяналтын дүрс бичлэг, түүнд үзлэг хийсэн “...Ч- нь Норовбадамын араас орц луу дагаж ороод 2 минутын дараа орцноос ганцаараа гарч явахдаа дээгүүр өмссөн цамцан дотуураа ямар нэгэн зүйлийг нуун далдалж барьсан байдалтай явж байв...” гэх тэмдэглэл /хх-ийн 92/,

алдагдсан эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 41-42/, алдагдсан зарим эд зүйл болох цүнхтэй эд зүйлийг тус хорооны 32 дугаар байрны 1 дүгээр орцны 2 давхраас илрүүлж, биет хэлбэрээр нь хохирогчид буцаан өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 12-14/ зэргээр давхар нотлогджээ.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба эдгээрийг үндэслэн шүүгдэгч Ц.Ч-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Ц.Ч-гийн хохирогч Г.Норовбадамыг түлхэж унагаан хүч хэрэглэн довтолж, түүний 34.000 төгрөгийн үнэлгээ бүхий цүнхтэй эд зүйл, бэлэн 400.000 төгрөгийг авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлуудыг харгалзан шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлүүдэд зааснаар тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх эрх хэмжээг шүүхэд хуулиар олгосон.

Дээрх заалтууд нь шүүхэд эрх олгосон заалт бөгөөд заавал хэрэгжүүлэхээр үүрэг болгоогүй юм.

Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой бөгөөд шүүх гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үздэг.

Хэдийгээр шүүгдэгч Ц.Ч- нь өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаагаа илэрхийлсэн, учруулсан хохирлоо нөхөн төлж барагдуулсан, хохирогчийн зүгээс гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болсон байх боловч тэрээр байнга архидан согтуурдаг, урьд согтуурсан үедээ өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдэж, шүүхээс ял шийтгүүлсэн, ингэхдээ шүүх Эрүүгийн хуульд заасан энэрэнгүй ёсны зарчмыг баримтлан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, хянан харгалзаж байсан атал энэхүү байдалдаа дүгнэлт хийгээгүй, засрал хүмүүжил олоогүй, дахин энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн зэрэг нь түүний хувийн байдлыг тодорхойлж байна. 

Анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Ч-гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэгт заасан ялын доод хэмжээнд буюу 2 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй дэглэм бүхий хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журамд нийцсэн гэж үзлээ.

Харин ийнхүү шийдвэрлэхдээ, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1, 2 дахь заалт буюу шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, ял оногдуулсан хэсэгт түүний нэрийг “Чимдцэрэн” гэж алдаатай тусгасны зэрэгцээ, 3 дахь заалтад хорих ял эдлэх дэглэмийг тогтоохдоо Эрүүгийн хуулийн зохих заалтуудыг баримтлалгүй орхигдуулсныг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

Иймд шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн холбогдох заалтуудад зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч Ц.Ч-гийн өмгөөлөгч Н.Баярын “...хорих ялыг хөнгөрүүлж өгөхийг...” хүссэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 564 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтад “...Чимдцэрэнг...” гэснийг “...Ч-г...” гэж,

- 3 дахь заалтын “Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар...” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар...” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Ч-гийн өмгөөлөгч Н.Баярын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                                           ДАРГАЛАГЧ,

                                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                     Т.ӨСӨХБАЯР

                                           ШҮҮГЧ                                                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                           ШҮҮГЧ                                                                        Н.БАТСАЙХАН