| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цолмонгийн Сайхантуяа |
| Хэргийн индекс | 128/2022/0713/З |
| Дугаар | 221/МА2024/0715 |
| Огноо | 2024-11-12 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 221/МА2024/0715
“В” ХХК-ийн нэхэмжлэлтэй
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч С.Мөнхжаргал
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч О.Оюунгэрэл
Илтгэгч шүүгч Ц.Сайхантуяа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Сангийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.А, Л.И
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч “В” ХХК
Хариуцагч Сангийн сайд
Хариуцагч Барилга, хот байгуулалтын сайд
Нэхэмжлэлийн шаардлага: Монгол Улсын Засгийн газрын 2020 оны *** дугаар тогтоолоор нэхэмжлэгчид татвар төлөх хугацааг 2 жилээр хойшлуулах дэмжлэгийг хүртэх эрхтэй болох /эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгох/, Засгийн газрын уг тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд байгуулагдсан гэрээний /татвар хойшлуулсан/ хугацаанд гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөл үүссэн шалтгааны улмаас нэхэмжлэгч татварын дэмжлэгийг бодитоор буюу бүрэн хүртэх боломж хязгаарлагдсаныг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргуулах, Нэхэмжлэгч болон Сангийн сайд, Барилга, хот байгуулалтын сайд нарын хооронд 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан “Албан татварын төлөх хугацааг 2 жил хүртэл хугацаагаар сунгах тухай гурван талт гэрээ”-ний хугацаанд гэнэтийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөлд байсан хугацааг харгалзан тооцохоос татгалзсан хариуцагч Сангийн сайдын 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 01/**** дугаартай албан бичиг /шийдвэр/, Барилга, хот байгуулалтын сайдын татгалзаж байгаа үйл ажиллагаа хууль бус болохыг тогтоож, гэрээний хугацааг давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөл арилах хүртэл хугацаагаар тооцохыг хариуцагч нарт даалгах тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2024/0601 дүгээр шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ц
Хариуцагч Сангийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.А, Л.
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Э
Хэргийн индекс: 128/2022/0713/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “В” ХХК нь Сангийн сайд, Барилга, хот байгуулалтын сайд нарт холбогдуулж “Монгол Улсын Засгийн газрын 2020 оны *** дугаар тогтоолоор нэхэмжлэгчид татвар төлөх хугацааг 2 жилээр хойшлуулах дэмжлэгийг хүртэх эрхтэй болох /эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгох/, Засгийн газрын уг тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд байгуулагдсан гэрээний /татвар хойшлуулсан/ хугацаанд гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөл үүссэн шалтгааны улмаас нэхэмжлэгч татварын дэмжлэгийг бодитоор буюу бүрэн хүртэх боломж хязгаарлагдсаныг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргуулах, Нэхэмжлэгч болон Сангийн сайд, Барилга, хот байгуулалтын сайд нарын хооронд 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан “Албан татварын төлөх хугацааг 2 жил хүртэл хугацаагаар сунгах тухай гурван талт гэрээ”-ний хугацаанд гэнэтийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөлд байсан хугацааг харгалзан тооцохоос татгалзсан хариуцагч Сангийн сайдын 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 01/**** дугаартай албан бичиг /шийдвэр/, Барилга, хот байгуулалтын сайдын татгалзаж байгаа үйл ажиллагаа хууль бус болохыг тогтоож, гэрээний хугацааг давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөл арилах хүртэл хугацаагаар тооцохыг хариуцагч нарт даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2024/0601 дүгээр шийдвэрээр: Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Монгол Улсын Засгийн газрын 2020 оны *** дугаар тогтоолоор нэхэмжлэгчид татвар төлөх хугацааг 2 жилээр хойшлуулах дэмжлэгийг хүртэх эрхтэй болохыг тогтоон Засгийн газрын уг тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд байгуулагдсан гэрээний /татвар хойшлуулсан/ хугацаанд гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөл үүссэн шалтгааны улмаас нэхэмжлэгч татварын дэмжлэгийг бодитоор буюу бүрэн хүртэх боломж хязгаарлагдсаныг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргуулах, нэхэмжлэгч болон Сангийн сайд, Барилга, хот байгуулалтын сайд нарын хооронд 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан “Албан татварын төлөх хугацааг 2 жил хүртэл хугацаагаар сунгах тухай гурван талт гэрээ”-ний хугацаанд гэнэтийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөлд байсан хугацааг харгалзан тооцохоос татгалзсан хариуцагч Сангийн сайдын 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 01/**** дугаартай албан бичиг /шийдвэр/, Барилга, хот байгуулалтын сайдын татгалзаж байгаа үйл ажиллагаа хууль бус болохыг тогтоож, гэрээний хугацааг давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөл арилах хүртэл хугацаагаар тооцохыг хариуцагч нарт даалгаж” шийдвэрлэсэн байна.
3. Давж заалдах гомдлын агуулга:
Хариуцагч Сангийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.А, Л.И нар давж заалдах гомдолдоо:
“Шүүх хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн тухай: Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэг буюу шийдвэрийн 6 дахь талын 4.9-д “Өөрөөр хэлбэл гурван талд гэрээн заасан Гаалийн тариф, гаалийн албан татварын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан татварын хөнгөлөлтийг бүрэн утгаар нь эдэлж чадаагүй” гэж тусгажээ. Гаалийн тариф, гаалийн албан татварын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт “Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 11.2.1-11.2.3-т заасан салбарын улсын чанартай томоохон төсөл, арга хэмжээнд хөрөнгө оруулалт хийх хөрөнгө оруулагчийн тухайн төсөл, арга хэмжээний бүтээн байгуулалтын ажилд зориулан импортоор оруулж ирж байгаа техник, тоног төхөөрөмж, түүний иж бүрдлийн гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварын төлөх хугацааг 2 жил хүртэл хугацаагаар сунгах, эсхүл уг татварыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх шийдвэрийг Засгийн газар гаргаж болно” гэж тусгасан бөгөөд хуулийн дээрх зохицуулалт нь Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 11.2.1-11.2.3-т заасан салбарын улсын чанартай томоохон төсөл, арга хэмжээнд хөрөнгө оруулалт хийх хөрөнгө оруулагчийн тухайн төсөл, арга хэмжээний бүтээн байгуулалтын ажилд зориулан импортоор оруулж ирж байгаа техник, тоног төхөөрөмж, түүний иж бүрдлийн гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварын төлөх хугацааг 2 жил хүртэл хугацаагаар сунгах, эсхүл уг татварыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх асуудлыг зохицуулсан зохицуулалт юм.
Өөрөөр хэлбэл, хуулийн дээрх зохицуулалтын дагуу импортоор оруулж ирж байгаа техник, тоног төхөөрөмж, түүний иж бүрдлийн гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварын төлөх хугацааг 2 жил хүртэл хугацаагаар сунгах эрхийг Засгийн газарт олгосон болохоос тухайн 2 жилийг дахин сунгах эрх хуулиар олгогдоогүй юм. Захиргааны байгууллага нь хуулиар эрх олгогдсон асуудлын хүрээнд аливаа шийдвэрийг гаргах эрхтэй бөгөөд хуулиар эрх олгогдоогүй тохиолдолд шийдвэр гаргах хүрээ хязгаарлагдмал. Гэтэл шүүхийн дээрх шийдвэр нь хуулийг буруу тайлбарлаж, захиргааны байгууллагыг хууль бус шийдвэр гаргахыг даалгасан байна.
Шүүх гэрээний заалтыг буруу тайлбарласан тухай: Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэг буюу шийдвэрийн 6 дахь талын 4.5 болон 4.7-д гэрээний 2.1.8 дахь заалт буюу гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Тухайлбал, гэрээний 2.1.8-д “Гэнэтийн болон давагдашгүй хүчний шинжтэй тохиолдлоос болж үүргээ бүрэн болон түр хугацаагаар гүйцэтгэх боломжгүй болсон тохиолдолд энэ талаар Гэрээний талуудад ажлын 10 хоногийн дотор мэдэгдэх үүрэгтэй” гэж заасан боловч гэрээнд заасан хугацаанд Сангийн яаманд мэдэгдээгүй болон давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ нь дээрх гэрээний үүрэгт хамааралгүй талаар шүүхээс дүгнэлт хийлгүй шийдвэр гаргасан.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх заалтын дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2024/0601 дүгээр бүхий шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэв.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсэгт өөрчлөлт оруулж, хариуцагч Сангийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
2. Хариуцагч Сангийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах гомдолдоо “...тухайн төслийн хүрээнд импортоор оруулж ирж байгаа техник, тоног төхөөрөмж, түүний иж бүрдлийн гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварын төлөх хугацааг 2 жил хүртэл хугацаагаар сунгах эрхийг Засгийн газарт олгосон болохоос тухайн 2 жилийг дахин сунгах эрх хуулиар олгогдоогүй... гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлээс болж үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон тохиолдолд ажлын 10 хоногийн дотор мэдэгдэх үүрэгтэй байхад энэ талаар Сангийн яаманд мэдэгдээгүй” хэмээн маргасан.
3. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн *** дугаар “Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварын төлөх хугацааг сунгах тухай” тогтоолоор “В” ХХК-ийн “Х” төслийн үйлдвэрт зориулан импортоор оруулж ирэх тоног төхөөрөмжийн гааль болон нэмэгдсэн өртгийн албан татварын төлөх хугацааг 2 жилийн хугацаагаар сунгаж,
3.1 Сангийн сайд, Барилга, хот байгуулалтын сайд, “В” ХХК нар нь 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 93/188А/BX-**/**-** дугаартай “Албан татвар төлөх хугацааг 2 жил хүртэл хугацаагаар сунгах тухай гурван талт гэрээ”-ээр[1] “...Татвар төлөгчийн хэрэгжүүлж буй “Х” төслийн хүрээнд ашиглахаар импортоор оруулж ирж байгаа тоног төхөөрөмжийн иж бүрдлийн гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх хугацааг 2 жилээр сунгах харилцааг зохицуулах зорилгоор гурван талт гэрээг байгуулжээ.
4. Монгол Улсын Засгийн газрын 2020 оны *** дугаар тогтоолоор нэхэмжлэгчид татвар төлөх хугацааг 2 жилээр хойшлуулах дэмжлэгийг хүртэх эрхтэй болох /эрх зүйн харилцаа байгаа эсэхийг/ тогтоолгох, Засгийн газрын уг тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд байгуулагдсан гэрээний /татвар хойшлуулсан/ хугацаанд гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөл үүссэн шалтгааны улмаас нэхэмжлэгч татварын дэмжлэгийг бодитоор буюу бүрэн хүртэх боломж хязгаарлагдсаныг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргуулах шаардлагын тухайд:
5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.3-т “нийтийн эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгох нэхэмжлэлийн хувьд эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгосноор нэхэмжлэгчид ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол үүсэхийг”, 54 дүгээр зүйлийн 54.1.1-д “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус”, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 11.2.1-11.2.3-т заасан салбарын улсын чанартай томоохон төсөл, арга хэмжээнд хөрөнгө оруулалт хийх хөрөнгө оруулагчийн тухайн төсөл, арга хэмжээний бүтээн байгуулалтын ажилд зориулан импортоор оруулж ирж байгаа техник, тоног төхөөрөмж, түүний иж бүрдлийн гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварын төлөх хугацааг 2 жил хүртэл хугацаагаар сунгах, эсхүл уг татварыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх шийдвэрийг Засгийн газар гаргаж болно” гэж тус тус заасан.
6. 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 93/188А/BX-**/**-** дугаартай “Албан татвар төлөх хугацааг 2 жил хүртэл хугацаагаар сунгах тухай гурван талт гэрээ”-ний 1.1-д Засгийн газрын 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн *** дугаар тогтоолоор Татвар төлөгчийн хэрэгжүүлэх Төслийн хүрээнд импортоор оруулж ирэх Барааны татварыг 2 жил хүртэл хугацаагаар сунгахыг зөвшөөрсөн. 1.2-т Татвар төлөгч нь 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд Х аймгийн Б сум, Н баг хаягт байрлах өөрийн эзэмшлийн газарт 147 тэрбум төгрөгийн санхүүжилттэй төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд тус Төслийн хүрээнд импортоор оруулж ирэх Барааны татварын хугацааг 2 жилээр сунган төлөх хүсэлтэй байгаагаа илэрхийлж, гэрээ байгуулах хүсэлтээ ирүүлсэн” гэж тусгасан байна.
7. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын тогтоол болон гурван талт гэрээгээр татвар төлөх хугацааг 2 жилээр сунгасан ба дахин эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгох шаардлагын хүрээнд нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэх нь тодорхойгүй, нэхэмжлэлийн шаардлага болох нэхэмжлэгч болон Сангийн сайд, Барилга, хот байгуулалтын сайд нарын хооронд 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан “Албан татварын төлөх хугацааг 2 жил хүртэл хугацаагаар сунгах тухай гурван талт гэрээ”-ний хугацаанд гэнэтийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөлд байсан хугацааг харгалзан тооцохоос татгалзсан хариуцагч Сангийн сайдын 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 01/**** дугаартай албан бичиг /шийдвэр/, Барилга, хот байгуулалтын сайдын татгалзаж байгаа үйл ажиллагаа хууль бус болохыг тогтоож, гэрээний хугацааг давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөл арилах хүртэл хугацаагаар тооцохыг хариуцагч нарт даалгах шаардлага гаргасан бөгөөд энэхүү шаардлагын үндэслэлд хамаарахаар байх тул уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх нь зүйтэй.
8. Сангийн сайд, Барилга, хот байгуулалтын сайд нарын хооронд 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан “Албан татварын төлөх хугацааг 2 жил хүртэл хугацаагаар сунгах тухай гурван талт гэрээ”-ний хугацаанд гэнэтийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөлд байсан хугацааг харгалзан тооцохоос татгалзсан хариуцагч Сангийн сайдын 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 01/**** дугаартай албан бичиг /шийдвэр/, Барилга, хот байгуулалтын сайдын татгалзаж байгаа үйл ажиллагаа хууль бус болохыг тогтоож, гэрээний хугацааг давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөл арилах хүртэл хугацаагаар тооцохыг хариуцагч нарт даалгах шаардлагын тухайд:
9. 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 02/*** дугаартай “Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ”-ээр[2] “...В ХХК-иас “М ХХК-тай байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх явцад талуудын хүсэл зориг, хяналтаас гадуур урьдчилан таамаглах, даван туулах, сэргийлэх арга хэмжээ авах боломжгүй, гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл мөн болохыг нотолж “В” ХХК-д гэрчилгээ олгож, уг гэрчилгээ нь Ковид-19 буюу коронавирусийн цар тахлын хорио цээрийн хугацаанд хүчин төгөлдөр үйлчлэхээр байна.
10. Сангийн сайдын 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 01/**** дүгээр “Хариу хүргүүлэх тухай” албан бичгээр[3] “...Гаалийн тариф, гаалийн татварын тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийн хүрээнд гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварын төлөх хугацааг 2 жилээр сунгасан гэрээг дахин сунгах зохицуулалт байхгүй тул танай хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна” гэх хариуг нэхэмжлэгчид хүргүүлжээ.
11. Анхан шатны шүүхийн “...В ХХК-ийн хилээр оруулж ирсэн бараа, иж бүрнээр 2022 оны 8 дугаар сард орж ирснээр үйлдвэр баригдах боломжтой болсон зэргийг харгалзан үзэн, гааль болон нэмэгдсэн өртгийн албан татварын эргэн төлөлтийг 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 8 дугаар сар хүртэл хойшлуулж, улмаар мөн оны дуусах хүртэл хугацаанд буцаан төлүүлж дуусгах үндэслэл бүхий байж болох саналыг хариуцагч нар дээрх үйл баримтад дурдсан нөхцөл байдал болох давагдашгүй хүчин зүйлсийн нөлөөллийн улмаас бодитоор хэрэгжсэн талаар үнэлэлт дүгнэлт өгөлгүйгээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн шийдвэр, үйл ажиллагаа хууль бус байна” гэж үндэслэлтэй дүгнэжээ.
12. Хэрэгт авагдсан Гаалийн ерөнхий газрын 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 02-2/**** дугаар албан бичгээр[4] ирүүлсэн мэдээллээр “В” ХХК-ийн 2020 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн хоороонд татварын төлөлтийг хойшлуулж импортолсон тоног төхөөрөмжийн жагсаалтыг гарган ирүүлсэн байх бөгөөд “Албан татварын төлөх хугацааг 2 жил хүртэл хугацаагаар сунгах тухай гурван талт гэрээ”-ний 2.1.1-д заасан хуваарийн дагуу Барааг гаалийн хилээр өөрийн нэрээр нэвтрүүлэхээр тохиролцсон хугацаанд буюу 2020 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн хооронд импортлоогүй болох нь тогтоогдсон байна.
13. Өөрөөр хэлбэл гэрээгээр тохиролцсон хугацаанд барааг импортоор оруулж ирээгүй нь бодит нөхцөл байдал дээр хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарахаар байхад Сангийн сайд гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварын төлөх хугацааг 2 жилээр сунгасан гэрээг дахин сунгах боломжгүй гэх хариуг өгсөн нь үндэслэлгүй болжээ.
14. Ийнхүү 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдөр сүүлийн тоног төхөрөөмж импортлогдсон нь нотлогдож байх тул гэрээгээр тохиролцсон татвар төлөх хугацааг 2 жилээр хойшлуулах эрхээ бүрэн эдэлсэн гэж үзэхгүй тул энэ шаардлагыг хангасан шийдвэрийн холбогдох хэсгийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч Сангийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 601 дүгээр шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-т заасныг баримтлан “Монгол Улсын Засгийн газрын 2020 оны *** дугаар тогтоолоор нэхэмжлэгчид татвар төлөх хугацааг 2 жилээр хойшлуулах дэмжлэгийг хүртэх эрхтэй болохыг тогтоолгон, Засгийн газрын уг тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд байгуулагдсан гэрээний /татвар хойшлуулсан/ хугацаанд гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөл үүссэн шалтгааны улмаас нэхэмжлэгч татварын дэмжлэгийг бодитоор буюу бүрэн хүртэх боломж хязгаарлагдсаныг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргуулах, шаардлагыг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг “нэхэмжлэгч болон Сангийн сайд, Барилга, хот байгуулалтын сайд нарын хооронд 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан “Албан татварын төлөх хугацааг 2 жил хүртэл хугацаагаар сунгах тухай гурван талт гэрээ”-ний хугацаанд гэнэтийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөлд байсан хугацааг харгалзан тооцохоос татгалзсан хариуцагч Сангийн сайдын 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 01/**** дугаартай албан бичиг /шийдвэр/, Барилга, хот байгуулалтын сайдын татгалзаж байгаа үйл ажиллагаа хууль бус болохыг тогтоож, гэрээний хугацааг давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөл арилах хүртэл хугацаагаар тооцохыг хариуцагч нарт даалгаж” гэж өөрчилж, Тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д тус тус заасныг баримтлан хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА