Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 128/ШШ2021/0528

 

 

 

 

 

 

 

 

      2021         08             16                                  128/ШШ2021/0528

                                                                             

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч: Д.М

Хариуцагч: Татварын ерөнхий газар

            Нэхэмжлэлийн шаардлага: “Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн Б/413 дугаар тушаалыг хүчингүй болгох, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж холбогдох дэвтэрт нөхөн бичилт хийлгэх

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Цэвэлмаа нар оролцов.

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Д.М нь 1993 оноос 2000 оныг хүртэл Нийслэлийн татварын газар, 2000 оноос 2005 оныг хүртэл Баянгол дүүргийн Татварын хэлтэст, 2005 оноос эл тушаал гарах хугацаа хүртэл Баянзүрх дүүргийн Татварын хэлтэст тус тус ажиллаж ирсэн. Гэтэл Татварын ерөнхий Газрын дарга 2020 оны 06 сарын 29-ний өдөр Б/413 дугаартай "Д.Мыг төрийн албанаас чөлөөлөх тухай” тушаал гарсан тухай бичгээр гарсан тушаалыг танилцуулалгүй хэлтсийн даргын ороонд хуулийн зөвлөхийн хамтаар амаар мэдэгдсэн. Тухайн цаг мөчид тушаал хуулийн хүчийн төгөлдөр гарсан буюу эх хувийг авч чадаагүй явсаар 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Татварын ерөнхий Газрын дарга 2020 оны 6 сарын 29-ний өдөр Б/413-тай тушаалыг гардаж авсан. Нэхэмжлэгчийн зүгээс уг тушаалыг хууль бус гэж дүгнэж байгаа бөгөөд хуульд заасан 30 хоногт багтаан 2020 оны 8 сарын 20-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Шүүхийн зүгээс нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах захирамж гаргасан богөөд нэхэмжлэгч маргаан бүхий тушаалыг гардаж авсан хугацааг нотлох баримтыг нэхэмжлэгч заасан хугацаанд бүрдүүлж чадалгүй байсаар шүүхээс нэхэмжлэлийг буцаах шийдвэр гаргасан. Нэхэмжлэгч нь маргаан бүхий захиргааны актыг 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн бичиг хэргийн ажилтнаас гардаж авсан. Уг тушаалд Д.М нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн тул " гэх үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг үндэслэлгүйгээр цуцалсан байдаг. Маргаан бүхий захиргааны актыг дараах үндэслэлүүдээр эс зөвшөөрч байна.

1. Нэхэмжлэгчийн зүгээс 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Татварын ерөнхий газарт Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3-т заасныг үндэслэл болгон төрийн алба хаах насны дээд хязгаар буюу 65 нас хүртлээ үргэлжлүүлэн ажиллах хүсэлтийг бичгээр гаргасан байдаг. Гэтэл уг хүсэлтэд холбогдуулан Татварын ерөнхий газрын зүгээс аливаа нэг хариу тайлбар бичгээр ирүүлээгүй байсан бөгөөд эл хүсэлт гаргаснаас хойш даруй 3 сарын хугацаа өнгөрсний дараагаар уг нэхэмжлэлийн гол маргаан бүхий сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гарсан байдаг. Товчхондоо хариуцагч эл шийдвэрийг гаргахдаа Төрийн албаны тухай хуульд заасан үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, туршлага, эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан үзсэн байж гаргах шийдвэрийг хэрхэн яаж үнэлж дүгнэсэн талаар дурдалгүйгээр шийдвэр гаргасан байгаа нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны эрх ашгийг зөрчсөн гэж үзэж байна.

2. Хариуцагч эл шийдвэрийг гаргах явцдаа Захиргааны ерөнхий хуулийн 24.1: "Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно" гэж заасан. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 25.1-д “Энэ хуулийн 24.1-т заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ", Захиргааны ерөнхий хуулийн 26.1-т “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж тус тус заасныг зөрчиж шийдвэр гаргасан. Татварын ерөнхий газрын дарга нь энэ бүх нөхцөл байдлыг тодруулах журмыг баримтлагдаагүй шийдвэр гаргаснаар Захиргааны ерөнхий хуулийн 24.1, 24,2, 25.1.1, 25.1.2, 26.1-г тус тус зөрчсөн гэж үзэж байна. Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 6 сарын 29-ний өдөр 6/413 дугаартай тушаал нь захиргааны шийдвэр гаргах ажиллагааны журмыг зөрчсөн байх тул Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д заасны дагуу эрх зүйн алдаатай буюу хууль бус актад тооцогдож 48.2.2-т заасны дагуу хүчингүй гэж үзэж байна.гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, хуулийн зүйл, заалт хүчингүй болсонд тооцох тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасанчлан 1959 онд төрсөн эрэгтэй даатгуулагчийн өндөр насны тэтгэвэр тогтоолгох нас 60 жил 6 сар байна гэж заасан байна. Д.М нь 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн Татварын хэлтэст Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлийн дагуу төрийн алба хаах насны дээд хязгаар буюу 65 нас хүртэл ажиллах хүсэлт гаргасныг тус хэлтсийн 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 20-01/603 дугаар албан бичгээр Татварын ерөнхий газрын Төрийн захиргаа удирдлагын газарт уламжлан ирүүлсэн байна. Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагч нь тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц төрийн албанаас чөлөөлөгдөх, эсхүл төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд ажиллах хүсэлтээ гаргана. Уг хүсэлтийг тухайн байгууллагын эрх бүхий албан тушаалтан хүлээн авч төрийн албанаас чөлөөлөх, эсхүл түүний үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, туршлага, эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан үзсэний үндсэн дээр төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэр гаргана." гэж заасны дагуу Д.Мын ажлын цагийг Сүхбаатар дүүргийн эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын хурлын шийдвэрийг үндэслэн 2014 оноос эхлэн удаан хугацаагаар ажлын цагийг хорогдуулан ажиллуулж байсан нөхцөл байдал тогтоогдсон учир эрүүл мэндийн байдлыг харгалзан төрийн албанаас чөлөөлөхөөр шийдвэрлэсэн болно. Татварын алба нь нэгдмэл төвлөрсөн удирдлагатай байгууллага учир Баянзүрх дүүргийн татварын хэлтэст Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж заасны дагуу сонсох ажиллагаа хийж ирүүлэхийг даалгаснаар 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр сонсох ажиллагаа явуулж тайлбар, санал гаргах хуулийн шаардлагыг хангасны үндсэн дээр Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн Б/413 дугаар тушаалаар төрийн албанаас чөлөөлж, 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн Б/498 дугаар тушаалаар өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгож шийдвэрлэсэн. Төрийн албанаас чөлөөлөх тушаалыг нэхэмжлэгч 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр мэдэж, хуулбар хувийг гардан авч 07 дугаар сарын 01-ний өдрөөс ажилдаа ирээгүй болох нь цаг бүртгэлийн системээр нотлогдож байх төдийгүй тушаалын эх хувийг гардан авах талаар 7 дугаар сарын 01, 08-ны өдөр утсаар мэдэгдэж тэмдэглэл үйлдсэн, тэтгэвэрт гарч холбогдох тооцоо хийж дууссаны дараагаар төрийн албан хаагчийн хувийн хэргийг өөрөө хүлээн авсан байна. Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д "Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана” гэж заасан байтал Төрийн албаны зөвлөлд хуульд заасан хугацаанд гомдлоо гаргаагүй, Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмжээ тогтоолгон авсан атлаа Татварын ерөнхий газрын даргын тушаалыг хуульд нийцээгүй гэж хүчингүй болгуулахаар маргаж буй нь үндэслэлгүй. Мөн Баянзүрх дүүргийн Татварын хэлтсээс эрх бүхий байгууллагын шийдвэрийг үндэслэн нэхэмжлэгчийн ажлын цагийг удаан хугацаагаар богиносгосоор байхад Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын ажлын цаг хорогдуулах тухай 6 сарын хугацаатай шийдвэрийг хуурамчаар үйлдэн 24 сар болгон хуурамчаар үйлдсэн, улмаар Улсад 5,151,190 төгрөгийн хохирол учруулсан болох нь Сүхбаатар дүүргийн Прокурорын 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 232 дугаар тогтоолоор тогтоогдсон болохыг дурдах нь зүйтэй. Төрийн албан хаагчийн тэтгэвэр тогтоолгох насанд хүрснээр түүнийг чөлөөлөх, эсхүл үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, туршлага, эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан үзсэний үндсэн дээр үргэлжлүүлэн ажиллуулах нь захиргааны байгууллагад хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд гаргасан хууль тогтоомжид нийцсэн захиргааны акт байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.М нь Татварын ерөнхий газарт холбогдуулан “Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн Б/413 дугаар тушаалыг хүчингүй болгох, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж холбогдох дэвтэрт нөхөн бичилт хийлгэх” нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хуульд заасан журмаар хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг үнэлж, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Маргаан бүхий захиргааны акт болох Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн Б/413 дугаар[1] тушаалаар нэхэмжлэгч Д.Мыг өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн гэсэн үндэслэлээр төрийн албанаас чөлөөлж, татварын улсын байцаагчийн эрхийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчээс “...2020 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Татварын ерөнхий газарт Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3-т заасныг үндэслэл болгон төрийн алба хаах насны дээд хязгаар буюу 65 нас хүртлээ үргэлжлүүлэн ажиллах хүсэлтийг бичгээр гаргасан байдаг. Гэтэл уг хүсэлтэд холбогдуулан Татварын ерөнхий газрын зүгээс аливаа нэг хариу тайлбар бичгээр ирүүлээгүй ... хариуцагчаас маргаан бүхий актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24.1, 24,2, 25.1.1, 25.1.2, 26.1 дэх заалтыг тус тус зөрчсөн...” гэж,

Хариуцагчаас “...нэхэмжлэгчийн ажлын цагийг 2014 оноос эхлэн удаан хугацаагаар хорогдуулан ажиллуулж байсан нөхцөл байдал тогтоогдсон учир эрүүл мэндийн байдлыг харгалзан үргэлжлүүлэн ажиллуулах боломжгүй гэж үзэн төрийн албанаас чөлөөлөхөөр шийдвэрлэсэн...гэж тайлбарлан маргасан.

Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т “Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр төрийн албанаас чөлөөлнө”, 46.2.2-т “тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн”, 46.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагч нь тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц төрийн албанаас чөлөөлөгдөх, эсхүл төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд ажиллах хүсэлтээ гаргана. Уг хүсэлтийг тухайн байгууллагын эрх бүхий албан тушаалтан хүлээн авч төрийн албанаас чөлөөлөх, эсхүл түүний үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, туршлага, эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан үзсэний үндсэн дээр төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэр гаргана” гэж тус тус заажээ.

Дээрх хуулийн заалтын дагуу төрийн жинхэнэ албан хаагч нь тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн тохиолдолд төрийн албанаас чөлөөлөгдөх хуулийн зохицуулалттай байх бөгөөд төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд ажиллах хүсэлтээ ажил олгогч байгууллагадаа гаргаж, шийдвэрлүүлэхээр байна.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, хуулийн зүйл, заалт хүчингүй болсонд тооцох тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “1959 онд төрсөн эрэгтэй даатгуулагчийн өндөр насны тэтгэвэр тогтоолгох нас 60 жил 6 сар байна” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Д.М нь 1959 онд төрсөн бөгөөд маргаан бүхий акт гарах үед 60 нас 8 сар хүрсэн байжээ.

Д.М нь 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн Татварын хэлтэст төрийн алба хаах насны дээд хязгаар буюу 65 нас хүртэл ажиллах хүсэлт[2] гаргасан ба тус хэлтсийн 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 20-01/603 дугаар[3] албан бичгээр Татварын ерөнхий газрын Төрийн захиргаа удирдлагын газарт уг хүсэлтийг уламжилсныг хүлээн авч шалган эрүүл мэндийн байдлыг нь харгалзан үргэлжлүүлж ажиллуулах боломжгүй гэж үзэн төрийн албанаас чөлөөлж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Тодруулбал, Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн даргын 2014 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн Б/182[4], 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/134[5], 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Б/52[6] дугаар тушаалуудаар Сүхбаатар дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын хурлын шийдвэрийг үндэслэн нэхэмжлэгчийн ажлын цагийг хорогдуулж байсан байх бөгөөд хариуцагчаас “...2014 оноос эхлээд нуруу, нугасны хүнд өвчтэй, ажиллах боломжгүй талаар эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын дүгнэлт бий” гэсэнтэй холбоотой нэхэмжлэгчээс үүнтэй холбоотой няцаалт огт хийгээгүй болно.

Түүнчлэн нэхэмжлэгчээс 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн татварын хэлтэст “...Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3-т заасны дагуу төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаж байна ...” гэсэн агуулга бүхий хүсэлт гаргаж байсан нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл, Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагч нь тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц төрийн албанаас чөлөөлөгдөх ... хүсэлтээ гаргана" гэж заасны дагуу Д.М нь тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэнтэй холбоотой ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж, нэг удаагийн тэтгэмжээ хуулийн дагуу авсан болох нь түүний гаргасан хүсэлт болон Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн Б/498[7] тоот тушаалаар нотлогдож байна.

Нэхэмжлэгчээс гаргасан “...хариуцагчаас маргаан бүхий актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24.1, 24.2, 25.1.1, 25.1.2, 26.1 дэх заалтыг тус тус зөрчсөн...” гэсэн үндэслэлийн тухайд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Татварын алба нь нэгдмэл төвлөрсөн удирдлагатай байгууллага учир Баянзүрх дүүргийн татварын хэлтэст Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж заасны дагуу сонсох ажиллагаа хийж ирүүлэхийг даалгаснаар 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр сонсох ажиллагаа явуулж тайлбар, санал гаргах хуулийн шаардлагыг хангасны үндсэн дээр Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн Б/413 дугаар тушаалаар төрийн албанаас чөлөөлж, 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн Б/498 дугаар тушаалаар өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгож шийдвэрлэсэн. Төрийн албанаас чөлөөлөх тушаалыг нэхэмжлэгч 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр мэдэж, хуулбар хувийг гардан авсан” гэх тайлбарыг өгсөн бөгөөд үүнтэй холбоотой баримтууд болох шуудангийн бүртгэл, тушаал танилцуулсан баримтыг шүүхэд гаргаж өгсөн болно.

            Нэхэмжлэгчийн хувьд маргаан бүхий актыг мэдсэнтэй холбоотойгоор урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар Төрийн албаны зөвлөлд гомдол гаргаж 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 01/359 тоот[8] албан бичгээр хариу авсны дараа 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд хандсанаас үзвэл нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байгааг дурдах нь зүйтэй.

Иймд нэхэмжлэгч Д.Мын гаргасан “Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн Б/413 дугаар тушаалыг хүчингүй болгох, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж холбогдох дэвтэрт нөхөн бичилт хийлгэх” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 46.2.2, 46.3заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Мын гаргасан “Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн Б/413 дугаар тушаалыг хүчингүй болгох, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж холбогдох дэвтэрт нөхөн бичилт хийлгэх” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.АДЪЯАСҮРЭН

 

 

 

 

 

 

[1] Хавтаст хэрэг 73 дахь тал.

[2] Хавтаст хэрэг 67 дахь тал,

[3] Хавтаст хэрэг 79 дэх тал,

[4] Хавтаст хэрэг 84 дэх тал,

[5] Хавтаст хэрэг 83 дахь тал,

[6] Хавтаст хэрэг 82 дахь тал.

[7] Хавтаст хэрэг 74 дэх тал,

[8] Хавтаст хэрэг 5 дахь тал.