| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Содномдаржаагийн Батжаргал |
| Хэргийн индекс | 186/2023/0072/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/89 |
| Огноо | 2023-01-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Батцэцэг, |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 2023/ШЦТ/89
2023 01 30 2023/ШЦТ/89
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Мөнхтүшиг, улсын яллагч Б.Батцэцэг, шүүгдэгч Т.Д, хохирогч Ж.Э /өөрийгөө өөрсдийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Т.Дт холбогдох эрүүгийн “2311 00000 0031” дугаартай, 186/2023/0072/Э индекстэй хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, хххх оршин суудаг гэх/, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Т.Д,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т.Д нь 2022 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 19-нд шилжих шөнийн 00:00 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны Хувьсгалчдын Г-17 дугаар гудамжны 39б тоотод байх өөрийн гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Ж.Этай урьд үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг өшиглөх, цохих, үснээс зулгааж биед нь “тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун бугалга, шуу, цээж, зүүн сарвуу, шуу, гуянд цус хуралт бүхий” эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нараас мэдүүлсэн мэдүүлэг:
1.1.Шүүгдэгч Т.Д нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
1.2.Хохирогч Ж.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...бид хоёрын хооронд 1 жилийн өмнө энэ хүний нөхрөөс болж нэг асуудал болж байсан. Энэ хүний нөхөр нь шинэ жилээ тэмдэглээд шөнө 3 цаг өнгөрч байхад манайд ирээд манайд хүн байхгүй би танайд хоночхож болох уу гэхээр нь би ор засаад хонуулсан. Тэгээд энэ хүний нөхөр нь намайг шөнө зулгаагаад оролдоод байсан. Тэгэхээр нь би чи яаж байгаа юм би чамайг сайхан сэтгэл гаргаад хонуулж байхад яаж ингэж чадаж байна гэж хэлээд бүүр болохгүй болохоор нь би хамгийн бага хүүхдээ сэрээгээд гэрлээ асаачих гэж хэлээд тэгээд өглөө 7 цаг өнгөрөөгөөд манай гэрээс гараад явсан. Тэрнээс хойш энэ охин бид 2 таарамжгүй харилцаатай болсон. Бид 2 ингэж муудалцах шалтгаан нь нөхрөөс нь болсон. Үүнээс хойш яг 1 жилийн дараа таараад тэгээд муудалцаж эхэлсэн. Тэгээд би эхлээд алгадсан. Намайг үсдээд, цээжин дээр дэвсээд зодсон. Цаашид өөрийгөө үзүүлнэ гэв.
Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
2.1.Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ж.Эын:...2022 оны 12 дугаар сарын 18-ний өдрийн орой 00 цагийн орчимд би хөрш айлын эмэгтэй Дагийштай хамт Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо ХГ-17 дугаар гудамжинд байх гэрт нь хамт очсон. Бид 2 айлд байж байгаад харихаар болсон. Түүний гэрт нь пиво уухаар тохиролцож 2 ширхэг 2,5 литрийн пиво аваад очсон. Дагийшийн гэрт очиход 2 хүүхэд нь байсан. Хүүхдүүд нь унтаж байсан. Бид хоёр 1 жилийн өмнө болсон асуудлын талаар ярилцаж эхэлсэн. Тэр нь юу бэ гэхээр, Дагийшийн нөхөр Чинзориг нь 1 жилийн өмнө гэрт эхнэр, хадам ээж, аав байхгүй байна, танай гэрт хоночихъё гээд шөнийн 03 цаг өнгөрч байхад ирсэн. Би нөхөрт нь ор засаж өгөөд хэвтүүлсэн боловч нөхөр нь намайг унтаж байхад бүх хувцсаа тайлаад надруу ойртох гэхээр нь би загнаад унтуулж байсан, энэ асуудлыг би өөрөө эхнэрт нь хэлж байсан. Тэрнээс хойш огт харилцаагүй байж байгаад сая уулзаж эхэлсэн. Би энэ талаараа хэлтэл Дагийш ойлгохгүй, намайг нөхөртэйгөө хардаад байхаар нь би түүнийг алгадчихсан. Дагийш намайг улам хэл амаар доромжлоод, хэрүүл даамжиртал намайг үсдэж аваад газар унагаад миний цээжин хэсэгт хөлөөрөө нэлээн хэдэн удаа дэвссэн. Тухайн үөд миний амьсгаа тасалдаад, хэсэг манарч байгаад сэргээд чи одоо болилдоо гэж хэлтэл чи одоо үхээгүй байгаа юм уу гээд инээгээд байсан. Тэр үед миний үснээс зулгааж 2 гар хөхөрсөн байсан. Миний цээж, 2 гap, 2 хөл их хөхөрсөн байгаа. Мөн толгой хавдсан. Би эхлээд 2 удаа алгадсан. Тэгээд зодуулж байгаад хамгийн сүүлд цээжин хэсэгт нь маажсан байж магадгүй. Одоо ямар нэгэн гомдол, санал байхгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна гэх мэдүүлэг. /хх-ийн 6 дугаар тал/,
2.2.Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Уянгын:...2022 оны12 дугаар 17-ны өдөр манай хөрш Ж.Э эгч манай гэрт ирээд бид 2 ганц нэг пиво уунгаа утсаараа муушиг тоглож байтал манай гэрийн урд байдаг Т.Д манай гэрт хүрээд ирээч таван гар суух гэхээр таван гар бүрдэхгүй байгаа юм чинь очиж чадахгүй гэсэн. Манай нөхөр бид хоёрлуу хэдэн хэдэн удаа залгаад байхаар нь утсаа аваагүй. Удалгүй манай гэрт ирсэн. Бид 2-ын ууж байсан пивоноос бага зэрэг ууж байгаад хүүхдүүд унтаж байна уу гээд гэр лүүгээ яваад өгсөн. Би нөхөртэйгээ дэлгүүр орох ажилтай байсан болохоор явсан. Ж.Э эгч манай гэрт үлдсэн. Дэлгүүрээс ирсэн чинь Ж.Э эгч байхгүй байхаар нь утасдаад асуутал Т.Дийн гэрт байна гэж хэлсэн. Удалгүй Т.Д, Ж.Э эгч 2 манай гэрт ирээд бид хэд бага зэрэг тоглож байгаад дэлгүүр явж 2 ширхэг 2.5 литр пиво авч каракед 3 ширхэг дуу дуулаад дахин манай гэрт ирж пиво задлаад пивоноос бага зэрэг уугаад миний нойр хүрээд байхаар нь унтлаа гэж хэлтэл нөгөө хоёр Т.Дийн гэрлүү явлаа гээд 2 бүтэн пиво, тал пивотой нь аваад гарцгаасан. Маргааш өглөө 07 цаг өнгөрч байхад Туул эгч над руу залгаад Дагийш намайг зодчихлоо гэсэн утгатай мессеж бичсэн байсан. Би сэрээд Ж.Э эгч рүү видёо хэлбэрээр залгасан чинь эгчийг аймаар зодчихсон босч чадахгүй, толгой өвдөөд байна гээд цээж нь хэсэг, гар толгойгоо үзүүлсэн, нилээд хөхрөлттэй байсан. Т.Д руу залгаад хэлсэн чинь Ж.Э намайг үгээр идэхээр нь бид 2 маргалсан гэж хэлсэн гэх мэдүүлэг. /хх-ийн 10 дугаар тал,
2.3.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 406 дугаартай дүгнэлтэд:
1.Ж.Эын биед тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун бугалга, шуу, цээж, зүүн сарвуу, шуу, гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
З.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
4.Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Шинжээч эмч Б.Баяртогтох гэжээ. /хх-ийн 14-15 дугаар тал/,
Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:
3.1.Улсын яллагч хавтас хэргээс: шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 28 дугаар тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 30 дугаар тал/, 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 10 дугаар прокурорын тогтоол /хх-ийн 45-46 дугаар тал/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 406 дугаар дүгнэлт /хх-ийн 14-15 дугаар тал/, шүүгдэгч шүүх хуралд өмгөөлөгч авахгүй өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох тухай хүсэлт, шүүхээс хохирогчтой утсаар ярьсан тэмдэглэл зэргийг шинжлэн судлалаа.
3.2. Шүүгдэгч хавтаст хэргээс: тусгайлан шинжлэн судлуулах зүйлгүй гэв.
3.3. Хохирогч хавтаст хэргээс: тусгайлан шинжлэн судлуулах зүйлгүй гэв
Гэм буруугийн талаар:
Мөрдөгч хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлууд бүрэн хангагдсан байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.
Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараахи үйл баримтыг тогтоов.
Шүүгдэгч Т.Д нь 2022 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 19-нд шилжих шөнийн 00 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны ХГ-17 дугаар гудамжны 39б тоотод байх өөрийн гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Ж.Этай урьд үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг өшиглөх, цохих, үснээс зулгааж биед нь “тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун бугалга, шуу, цээж, зүүн сарвуу, шуу, гуянд цус хуралт бүхий” эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
- хохирогч Ж.Эын:..2022 оны 12 дугаар сарын 18-ний өдрийн 00 цагийн орчимд би хөрш айлын эмэгтэй Дагийштай хамт Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо ХГ-17 дугаар гудамжинд байх гэрт нь хамт очсон. Бид 2 айлд байж байгаад харихаар болсон. Түүний гэрт нь пиво уухаар тохиролцож 2 ширхэг 2,5 литрийн пиво аваад очсон. Дагийшийн гэрт очиход 2 хүүхэд нь байсан. Хүүхдүүд нь унтаж байсан. Бид хоёр 1 жилийн өмнө болсон асуудлын талаар ярилцаж эхэлсэн. Тэр нь юу бэ гэхээр, Дагийшийн нөхөр Чинзориг нь 1 жилийн өмнө гэрт эхнэр, хадам ээж, аав байхгүй байна, танай гэрт хоночихъё гээд шөнийн 03 цаг өнгөрч байхад ирсэн. Би нөхөрт нь ор засаж өгөөд хэвтүүлсэн боловч нөхөр нь намайг унтаж байхад бүх хувцсаа тайлаад надруу ойртох гэхээр нь би загнаад унтуулж байсан, энэ асуудлыг би өөрөө эхнэрт нь хэлж байсан. Тэрнээс хойш огт харилцаагүй байж байгаад сая уулзаж эхэлсэн. Би энэ талаараа хэлтэл Дагийш ойлгохгүй, намайг нөхөртэйгөө хардаад байхаар нь би түүнийг алгадчихсан. Дагийш намайг улам хэл амаар доромжлоод, хэрүүл даамжиртал намайг үсдэж аваад газар унагаад миний цээжин хэсэгт хөлөөрөө нэлээн хэдэн удаа дэвссэн. Тухайн үөд миний амьсгаа тасалдаад, хэсэг манарч байгаад сэргээд чи одоо болилдоо гэж хэлтэл чи одоо үхээгүй байгаа юм уу гээд инээгээд байсан. Тэр үед миний үснээс зулгааж 2 гар хөхөрсөн байсан. Миний цээж, 2 гap, 2 хөл их хөхөрсөн байгаа. Мөн толгой хавдсан. Би эхлээд 2 удаа алгадсан. Тэгээд зодуулж байгаад хамгийн сүүлд цээжин хэсэгт нь маажсан байж магадгүй. Одоо ямар нэгэн гомдол, санал байхгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна гэх мэдүүлэг. /хх-ийн 6 дугаар тал/,
- гэрч Б.Уянгын:..маргааш өглөө 07 цаг өнгөрч байхад Туул эгч надруу Дагийш намайг зодчихлоо гэсэн утгатай мессеж бичсэн байсан. Би Сэрээд Ж.Э эгч рүү видёо хэлбэрээр залгасан чинь эгчийг аймаар зодчихсон босч чадахгүй, толгой өвдөөд байна гээд цээж нь хэсэг, гар толгойгоо үзүүлсэн, нилээд хөхрөлттэй байсан. Т.Д руу залгаад хэлсэн чинь Ж.Э намайг үгээр идэхээр нь бид 2 маргалдсан гэж хэлсэн гэх мэдүүлэг. /хх-ийн 10 дугаар тал,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 406 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 14-15 дугаар тал/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Ж.Этай урьд үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг өшиглөх, цохих, үснээс зулгаах зэрэг үйлдлийн аргаар халдсаны улмаас хохирогчийн эрүүл мэндэд нь “тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун бугалга, шуу, цээж, зүүн сарвуу, шуу, гуянд цус хуралт бүхий” хөнгөн хохирол санаатай учруулж байгаа нь гэм буруугийн санаатай үйлдэл байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн болох нь хохирогч, гэрч болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр хангалттай нотлогдож байх тул Т.Дийн гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Шүүгдэгч хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Т.Дийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг.
Хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг чанд баримтлан хэрэгжүүлэхдээ, үүнд хамаарах нийтлэг зарчим нэг бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийн цогц нэгдлийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийсний үндсэн дээр оногдуулж буй ял нь шударга ёсны зарчмын агуулга, Эрүүгийн хуулийн зорилгод нийцэх ёстой.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох улсын яллагчийн гаргасан санал, дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрч, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож шүүгдэгчийн гарын үсэг зурсан прокурорын дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзэж, торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Шүүхээс шүүгдэгч Т.Д, хохирогч Ж.Э нарыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрсдийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч Г.Д нь гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ж.Эд 330.000 төгрөгний хохирол учирсан нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч Г.Даас 330.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ж.Эд олгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаа бүрдүүлж жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, мөн шүүгчдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргийг харгалзан торгох ялыг 90 хоногийн дотор төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Дийг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Дт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Д нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Даас 330.000 /гурван зуун гучин мянган/ төгрөгийг гаргуулж хохирогч Ж.Эд олгосугай.
6.Хохирогч Ж.Э нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаа бүрдүүлж жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7.Шүүгдэгч Т.Д нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
9.Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Дт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАТЖАРГАЛ