Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 184/ШШ2019/01258

 

2019 оны 05 сарын 15 өдөр    Дугаар 184/ШШ2019/01258    Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ж.Н-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Б-д холбогдох,

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1.675.500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Н, хариуцагч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Амарзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Б нь 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 1.500.000 төгрөгийг 26 хоногийн хугацаатай, 8 хувийн хүүтэй зээлж авсан юм. Улмаар 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл 750.000 төгрөгийн төлбөр төлсөн. 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдөр бид дахин харилцан тохиролцож үлдэх төлбөрийг 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл хугацаагаар сунгаж, 8 хувийн хүү тооцохоор болсон. Түүнчлэн хариуцагч нь 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 1.000.000 төгрөгийг 8 хувийн хүүтэй 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл хугацаагаар зээлж авахаар хүсэлт гаргасныг хүлээн авч 1.000.000 төгрөгийг түүний дансаар шилжүүлсэн. Хариуцагч нь 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөс хойш 1.074.500 төгрөг төлсөн байна. Иймд хэргийг шийдвэрлэх хүртэл хугацааны хүү тооцож, хариуцагчаас нийт 1.675.500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Б.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 1.500.000 төгрөг, 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 1.000.000 төгрөгийг тус тус 8 хувийн хүүтэй, 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл хугацаатайгаар Ж.Н-аас зээлдэж авсан нь үнэн. 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл нийт 750.000 төгрөг, 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөс хойш 1.074.500 төгрөг төлсөн нь үнэн. Одоогоор биеийн эрүүл мэндийн байдал муу, ажил эрхлэхгүй байгаа тул 463.000 төгрөг төлөхийг зөвшөөрч байна. Үлдэх төлбөрийг төлөх боломжгүй гэв.

Зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.Н нь 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 1.675.500 төгрөг шаардсан бол хариуцагч Б.Б нь эдгээр зээлийн үүргээс 463.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрснөөр талууд маргажээ.

Хариуцагч Б.Б нь 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 1.500.000 төгрөгийг 26 хоногийн хугацаатай, 8%-ийн хүүтэй зээлж авахаар бичгээр хүсэл зоригоо илэрхийлснийг нэхэмжлэгч Ж.Н хүлээн авсан болох нь хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтаар тогтоогдож байна. /хх 3 дугаар тал/

Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т зааснаар, гэрээ байгуулах тухай нэг талын бичгээр илэрхийлсэн хүсэл зоригийг нөгөө тал хүлээн авснаар гэрээ байгуулагдсанд тооцдог байна.

Энэ гэрээний хугацаа 2018 оны 8 дугаар сарын 22-ний өдөр дуусах байсан ба гэрээний хугацаа дуусахад зээлдэгч Б.Б нь зээлдүүлэгч Ж.Н-д гэрээ ёсоор 1.620.000 төгрөг төлөх үүрэг хүлээжээ.

Хариуцагч Б.Б нь 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл, гэрээний дагуу төлбөл зохих 1.620.000 төгрөгөөс, 750.000 төгрөгийг төлж барагдуулсан талаар талууд маргаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар талуудын маргаагүй үйл баримтыг тогтоогдсон буюу үнэн зөв гэж үздэг.

Иймд, хариуцагч Б.Б нь 2018 оны 8 дугаар сарын 21-ний байдлаар нэхэмжлэгчид 750.000 төгрөгийн үндсэн зээл, 120.000 төгрөгийн хүүгийн төлбөр, нийт 870.000 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй байсан байна.

Улмаар талууд 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдөр, харилцан тохиролцсоны үндсэн дээр дээрх зээлийн гэрээний зарим нөхцөлд өөрчлөлт оруулсан болох нь зохигчдын маргаагүй тайлбараар тогтоогдож байна. Уг өөрчлөлтийн дагуу зээлдүүлэгч буюу нэхэмжлэгч нь зээлдэгч буюу хариуцагчид нэмж 1.000.000 төгрөгийг зээлдүүлэх, зээл төлөх эцсийн хугацааг 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр байхаар өөрчлөлт оруулж, гэрээний бусад нөхцөлийг хэвээр үлдээсэн болох нь дээр дурдсан зохигчдын тайлбараас гадна зээл болон хүү төлж байсан бичмэл баримтаар тогтоогдож байна.

Ийнхүү талууд гэрээнд харилцан тохиролцож өөрчлөлт оруулснаар хариуцагч буюу зээлдэгч Б.Б нь 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр, төлөгдөөгүй үлдсэн зээлийн төлбөр 750.000 төгрөг /гэрээг сунгасан 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөс өмнөх хугацааны/, түүний 8 хувийн хүүгийн төлбөр болох 60.000 төгрөг, өмнөх хугацаанд хуримтлагдсан хүүгийн төлбөр 120.000 төгрөг, нэмж авсан зээл болон түүнд тооцогдох хүүгийн төлбөрт 1.080.000 төгрөг /1.000.000+80.000/-ийн хамтаар, нийт 2.010.000 төгрөгийг төлөх үүрэг хүлээжээ.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д заасан зээлийн гэрээний хүү гэдэг нь үндсэн зээлийн хариу төлбөр тул хүүгээс дахин хүү тооцох боломжгүй байдаг. Энэ үндэслэлээр нэхэмжлэгч нь 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөс өмнө хуримтлагдсан хүүгийн төлбөр болох 120.000 төгрөгөөс дахин хүү тооцохгүй ба зөвхөн үндсэн зээлийн төлбөрийн үлдэгдэл 750.000 төгрөгөөс хүү бодогдоно.

Хариуцагч нь 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөс хойш нийт 1.074.500 төгрөг төлсөн талаар талууд маргаагүй тул төлсөн энэ дүнг төлөх ёстой 2.010.000 төгрөгөөс хасаж тооцвол 935.500 төгрөг үлдэх юм.

Харин хүү төлөх зээлдэгчийн дээрх үүрэг нь зээлийн гэрээний хүчинтэй хугацаанд хэрэгжих боломжтой, зээлийн хариу үүрэг тул 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс хойшхи хугацааны хүүг хариуцагчаас гаргуулахыг хүссэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй юм.

Хоёр зээлийн гэрээний дагуу шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, хоёр гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Б.Б-аас гэрээний дагуу төлөх ёстой үлдэгдэл төлбөр болох 935.500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Н-д олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д заасныг баримтлан Б.Б-аас 935.500 төгрөгийг гаргуулан Ж.Н-д олгож, нэхэмжлэлээс 740.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 41.750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-аас 27.002 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Н-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГБААТАР