Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 2023/ШЦТ/25

 

 

2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр                      Дугаар 2023/ШЦТ/25                                        Даланзадгад сум

                                                                              

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

Нарийн бичгийн дарга: А.Хүрэлтогоо,

Улсын яллагч: Б.Болор-Эрдэнэ,

Шүүгдэгч: Н.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

 

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овгийн Н-ийн Г-т холбогдох 2328000000006 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

 

Шүүгдэгч Н.Г нь Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1-р баг Баруун сайханы 11-10 тоотод орших гэрт эхнэр Б.Отай хардалтын улмаас маргалдаж, түүнийг түлхэж унагааж, хоолой хэсгийг боож, баруун хацарт алгадаж, толгой хэсэгт цохиж, биед тархины доргилт, баруун нүдний алимны салстын цус харвалт, баруун хацрын зулгаралт, 1 шүд эмтэрсэн, 2 нүдний дээд болон доод зовхины цус хуралт, хүзүү, 2 мөр, бугалга, баруун сарвууны цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Н.Гийг яллах, өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Н.Г шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Мэдүүлгээ өмнө нь үнэн зөв өгсөн.

Хохирогч Б.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би Н.Гтой 2014 онд танилцаж гэр бүл болж хамт амьдарч эхэлсэн юм. 2019 онд гэр бүлээ батлуулсан юм. Бид хоёр дундаасаа хүүхэд байхгүй. Би Г-той гэр бүл болохдоо 1 охинтой байсан юм. Манай нөхөр Гийн зан ааш 2021 оны 11 дүгээр сараас эхлэн хувирч хөндийн хүйтэй болж нуугдмал байдалд шилжсэн юм. 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр манай нөхөр томилолтоор явна гээд гэрээсээ явсан. Түүнээс хойш гэртээ ирээгүй байгаа юм. 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр нөхрөө Уянга гэх эмэгтэйтэй гэр бүлээс гадуурх харилцаа үүсгээд яваад байгааг мэдсэн. Тэгээд би ажил дээр нь очиж нөхөртэйгөө уулзаад чи ийм асуудал гаргаж байна гэсэн.чинь намайг ажил дээрээсээ хөөгөөд явуулсан. Түүнээс хойш би нөхөртэйгөө ямар нэгэн холбоогүй байж байгаад 2022 оны. 12 дугаар сарын 11-ний орой 18 цаг өнгөрч байхад би нөхрийнхөө ээжийн гэрт очиход манай нөхөр Г ганцаараа байсан. Би уг нь нөхөртэйгөө ярилцах гэж очсон боловч бид хоёр уулзаад шууд муудалцаж эхэлсэн. Тэгээд бид хоёр маргалдаж хэрэлдэж байгаад дараагаар нь харилцан нэг нэгнийгээ цохилцоод эхэлсэн. Би сүүлдээ би хоолойгоо боолгоод толгой руугаа нэлээд хэдэн удаа цохиулж зодуулсан. Г намайг зодчихоод өөрийнхөө ээж рүү залгасан. Тэгсэн ээж нь манай эгч рүү залгаад манай эгч Мөнхтуул намайг ирж авсан юм. /хх-ийн 11-12 дахь тал/

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.О мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн мэдүүлэгтээ: Дээрх гэмтлүүдийг манай нөхөр Г 2022 оны 12 дугаар сарын 11-ний орой 18 цагийн үед Баруун сайханы 11-10 тоотод байх өөрийнхөө ээжийн гэртээ намайг зодож дээрх гэмтлүүдийг учруулсан юм. Миний толгой руу олон удаа цохиж авсан. Түүний улмаас тархи доргисон байх. Мөн миний дух, нүүр хэсэг рүү цохиж авсны улмаас нүд хөхөрсөн, түлхэж унагасны улмаас хацар зулгарсан. Цохиулсны улмаас 1 шүд эмтэрсэн. Хүзүү, мөр боосны улмаас цус хуралт үүссэн юм. Эмчилгээ хийлгээд байсан зүйл байхгүй учраас нэхэмжлэх зүйл байхгүй. /хх-ийн 14 дэх тал/

 

Гэрч Б.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би 2022 оны 12 дугаар сарын 11-ний орой гэртээ байж байхад манай аав Батсуурь над руу залгаад хүргэн Гийн ээж нь залгаад байна. О тэдний гэрт байгаа юм байна гэж хэлсний дагуу би Гийн ээжийн гэр болох Баруун сайхан 11-10 тоотод ганцаараа яваад очиход тухайн байшинд Г, О, Гийн дүү болох Төгс-Эрдэнэ нар байсан бөгөөд манай дүү О зодуулсан байдалтай нүүр нь хавдаж, зулгарсан, нүдэнд нь цус хурсан дээрээс нь уйлсан байсан юм. Би Гоос юу болсон юм бэ гэсэн чинь дүү чинь ирээд хэл амаар доромжлоод байна дүүгээ аваад яв гэж хэлсэн. Тэгээд би Г-той маргалдсан. Тэгж байгаад хэсэг хугацааны дараагаар би дүүгээ аваад гэр рүүгээ явсан. Г нь сүүлийн 4-5 сар байнга томилолтоор явсан гэдэг шалтгаанаар гэртээ ирэхээ байсан бөгөөд энэ асуудал нь цаанаа хүнтэй болсон байсан юм. /хх-ийн 16 дахь тал/

 

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 07 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Б.Оын биед тархины доргилт, баруун нүдний алимны салстын цус харвалт, баруун хацрын зулгаралт, 1 шүд эмтэрсэн, 2 нүдний дээд болон доод зовхины цус хуралт, хүзүү, 2 мөр, бугалга, баруун сарвууны цус хуралт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-ийн 22 дахь тал/

 

Шүүгдэгч Н.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: Би 1990 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн. Би Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3-р сургуульд 1998-2008 онд суралцаж бүрэн дунд боловсрол эзэмшсэн. /хх-ийн 30 дахь тал/

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 06 дахь тал/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43 дахь тал/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 33 дахь тал/

Оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 34 дэх тал/

Бакалаврын дипломын хуулбар /хх-ийн 36 дахь тал/

Амбулаториор эмчлүүлэгсдийн хуулбар /46-49 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

   Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх нотлох баримтаар үнэлж, шийдвэрээ гаргах боломжтой байна гэж үзэв.

  Эрүүгийн хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.

  Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын мэтгэлцээн, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд дараах нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын мэтгэлцээн, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд дараах нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:

Хохирогч Б.О, шүүгдэгч Н.Г нар Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1-р баг Баруун сайханы 11-10 тоотод орших гэрт хардалтын улмаас маргалдсан нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Улмаар шүүгдэгч Н.Г нь хохирогч Б.Оыг түлхэж унагааж, хоолой хэсгийг боож, баруун хацарт алгадаж, толгой хэсэгт цохьсон үйл баримт тогтоогдож байна.

 

Тодруулбал: Хохирогч Б.Оын: ...2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр нөхрөө Уянга гэх эмэгтэйтэй гэр бүлээс гадуурх харилцаа үүсгээд яваад байгааг мэдсэн. Тэгээд би ажил дээр нь очиж нөхөртэйгээ уулзаад чи ийм асуудал гаргаж байна гэсэн чинь намайг ажил дээрээсээ хөөгөөд явуулсан. Түүнээс хойш би нөхөртэйгээ ямар нэгэн холбоогүй байж байгаад 2022 оны 12 дугаар сарын 11-ний орой 18 цаг өнгөрч байхад би нөхрийнхөө ээжийн гэрт очиход манай нөхөр Г ганцаараа байсан. Би уг нь нөхөртэйгээ ярилцах гэж очсон боловч бид хоёр уулзаад шууд муудалцаж эхэлсэн. Тэгээд бид хоёр маргалдаж хэрэлдэж байгаад дараагаар нь харилцан нэг нэгнийгээ цохилцоод эхэлсэн. Би сүүлдээ би хоолойгоо боолгоод толгой руугаа нэлээд хэдэн удаа цохиулж зодуулсан. /хх-ийн 11-12 дахь тал/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Б.Мын: Би 2022 оны 12 дугаар сарын 11-ний орой гэртээ байж байхад манай аав Батсуурь над руу залгаад хүргэн Гийн ээж нь залгаад байна. О тэдний гэрт байгаа юм байна гэж хэлсний дагуу би Гийн ээжийн гэр болох Баруун сайхан 11-10 тоотод ганцаараа яваад очиход тухайн байшинд Г, О, Гийн дүү болох Төгс-Эрдэнэ нар байсан бөгөөд манай дүү О зодуулсан байдалтай нүүр нь хавдаж, зулгарсан, нүдэнд нь цус хурсан дээрээс нь уйлсан байсан юм.. /хх-ийн 16 дахь тал/ гэх мэдүүлгүүдээр тус тус тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Н.Гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Оын эрүүл мэндэд тархины доргилт, баруун нүдний алимны салстын цус харвалт, баруун хацрын зулгаралт, 1 шүд эмтэрсэн, 2 нүдний дээд болон доод зовхины цус хуралт, хүзүү, 2 мөр, бугалга, баруун сарвууны цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 07 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 22 дахь тал/-ээр тогтоогдож байна.

 

Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Г нь Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1-р баг Баруун сайханы 11-10 тоотод орших гэрт эхнэр Б.Отай хардалтын улмаас маргалдаж, түүнийг түлхэж унагааж, хоолой хэсгийг боож, баруун хацарт алгадаж, толгой хэсэгт цохиж, биед тархины доргилт, баруун нүдний алимны салстын цус харвалт, баруун хацрын зулгаралт, 1 шүд эмтэрсэн, 2 нүдний дээд болон доод зовхины цус хуралт, хүзүү, 2 мөр, бугалга, баруун сарвууны цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.

 

Хохирогч Б.Оын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Нэхэмжлэх зүйлгүй....” гэснээр шүүгдэгч Н.Гийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүх шүүгдэгч Н.Гийн үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх ба шүүгдэгч Н.Гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх, прокурор, мөрдөгч нь яллагдагч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана” гэж хуульчилсан ба шүүгдэгч нь шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцох хүсэлтийг шүүхэд бичгээр гаргаж, шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж оролцов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх нөхцөл байдлуудыг шүүх хуралдаанаар хянаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

 

Шүүгдэгч Н.Гийн хувийн байдал нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст: “Бүртгэгдээгүй...” /хх-ийн 43 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 33 дахь тал/, Оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 34 дэх тал/, дээд боловсролтой болох нь: 201209852 дугаартай бакалаврын дипломын хуулбарт ...захирлын 2012 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 01/155 тоот тушаалаар бизнесийн удирдлагын бакалаврын зэрэг олгов. /хх-ийн 36 дахь тал/ зэрэг баримтуудаар тус тус тодорхойлогдож байна.

 

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Н.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргасан ба шүүгдэгч Н.Г өөрөө өөрийгөө өмгөөлж ...хэлэх зүйлгүй гэх тайлбарыг гаргав.

 

 Шүүх ялын саналыг шүүгдэгчийн гэм бурууд нийцсэн гэж үзэж, улсын яллагчийн саналын хэмжээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч Н.Г нь шүүхээс оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгаж, Эрүүгийн

 

 хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч Н.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

      1. Шүүгдэгч А овгийн Н-ийн Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Гт 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Н.Г нь шүүхээс оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд төлж барагдуулахыг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Н.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,  хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Т.ДЭЛГЭРМАА