Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 1087

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, шүүгчШ.Оюунтуул, А.Сарантуяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг,  дугаар хороо, нэхэмжлэлтэй,  хэсэг төмөр зам гудамж,  тоотод оршин суух, Хутагт овогт Зоригтбаатарын Билгүүн /РД:НВ/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг,  дугаар хороо,  дүгээр хороолол, Чингүнжавын гудамж,  байрны  тоотод оршин суух, Харчин овогт Цагаанбуугийн Долгорлхам /РД:ТЗ/-д холбогдох,

 

Гэм хорын хохиролд 11,956,763 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч З.Билгүүн, хариуцагч Ц.Долгорлхам, иргэдийн төлөөлөгч Я.Хишигт, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч З.Билгүүн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зоригтбаатар овогтой Билгүүн би 2018 оны 6-р сарын 17-ны өдөр 17 цаг 00 минутын үед өөрийн эзэмшлийн Лексус 250 маркийн 86-84 УНГ улсын дугаартай авто машиныг жолоодож Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Хонхорын замаар ертөнцийн зүгээр зүүнээс баруун зүгт 40 орчим км цагийн хурдтай явж байхад өөдөөс Тоёото приус 30 маркийн авто машин гэнэт урсгал сөрөн орж ирсэн. Би тоормос гишгэн баруун гар тал руу дарж замаас гарсан боловч тухайн тээврийн хэрэгсэл хурдтай явснаас үүдэн миний машины урдаас мөргөсөн. Дээрх зам тээврийн осолд Замын Цагдаагийн албаны нийслэлийн хөдөлгөөний хяналтын газрын Баянзүрх дүүрэг дэх замын цагдаагийн хэлтэст зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж, 2018 оны 7-р сарын 02-ний өдрийн шинжээч томилж шинжилгээ хийлгэх тогтоолоор замын цагдаагийн албаны техникийн шинжээч дүгнэлт гаргасан.

Замын цагдаагийн албаны техникийн шинжээчийн 2018 оны 7-р сарын 20-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр: Ц.Долгорлхамыг Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 8.2 дахь заалтыг зөрчсөн, З.Билгүүн намайг Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэг заалт зөрчөөгүй гэсэн дүгнэлт гарсан. Энэхүү шинжээчийн дүгнэлтийг Ц.Долгорлхам хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулах хүсэлт гаргасны дагуу дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилсон. Ингээд Замын цагдаагийн албаны 2018 оны 7-р сарын 28-ны өдрийн 475 дугаар бүхий 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй хийсэн шинжээчийн дүгнэлтээр Ц.Долгорлхамыг Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 8.2 дахь, заалтыг зөрчсөн, З.Билгүүн Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэг заалт зөрчөөгүй гэсэн дүгнэлт гарсан. Мөн дээрх зам тээврийн ослын улмаас З.Билгүүн миний биед гэмтэл учирсан бөгөөд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 6-р сарын 21-ний өдрийн №7863 дугаар шинжээчийн дүгнэлтээр гэмтлийн хөнгөн зэрэг гарч тухайн үед эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлгэж, толгойн томографийн нарийн шинжилгээнүүд хийлгэсэн. Замын цагдаагийн албаны Баянзүрх дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсээс зөрчлийн хэргийг хянаад 2018 оны 8-р сарын 14-ний өдрийн шийтгэлийн хуудсаар Ц.Долгорлхамын гаргасан зөрчилд 50 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 50,000 төгрөгөөр торгох, 3 сарын хугацаатай тээврийн хэрэгслийн эрх хасах шийтгэл тус тус оногдуулсан нь Ц.Долгорлхамын 100 хувь буруутай үйлдлээс болж иргэн З.Билгүүн миний бие махбодь, эд хөрөнгөнд их хэмжээний хохирол учраад байна. Хохирогч З.Билгүүн миний Лексус IS250 маркийн 86-84 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд эвдрэл гэмтэлд үнэлгээ хийлгэх тухай тогтоолын дагуу Арвижих эстимейт ХХК-иар үнэлгээ хийлгэхэд үнэлгээгээр тогтоосон дүн 10,965,000 үнэлэгдсэн. Арвижих эстимейт ХХК-иар үнэлгээ хийлгэхэд үнэлгээ хийлгэсэн ажлын хөлс- 495,000 төгрөг, текникийн оношлогоонд- 50,000 төгрөг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд шинжээчийн зардалд- 8,000 төгрөг, 2018 оны 6-р сарын 18-ны өдөр Тайгын тал эмнэлэг эмчийн үзлэг /C1-C& Дmrio 2 пр-онош/-ийн 36,000 төгрөг, 2018 оны 6-р сарын 18-ны өдөр Тайгын тал эмнэлэг толгойн /КТГ/ томографикын зураг авахуулсан хөлс- 120,000 төгрөг, 2018 оны 6-р сарын 18-ны өдөр Монос эмийн сангаас эм авсан- 27,763 төгрөг, 2018 оны 6-р сарын 18-ны өдөр Си Жи Эс эмнэлэг, мэдрэлийн эмчийн үзлэг- 31,000 төгрөг, 2018 оны 6-р сарын 22-ны өдөр ТС-11, гэмтсэн тээврийн хэрэгслийг үнэлгээ хийлгэхэд ачилт хийлгэсэн хөлс- 100,000 төгрөг, 2018 оны 6-р сарын 22-ны ТС-11 гэмтсэн тээврийн хэрэгслийг журмын хашаанаас ачилт хийсэн хөлс- 110,000 төгрөг, бичиг баримт нотариатаар баталгаажуулсны төлбөр- 14,000 төгрөг болсон. Иймд Ц.Долгорлхамаас нийт 11,956.763 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв

 

Хариуцагч Ц.Долгорлхам шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч З.Билгүүний гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь 2018 оны 06 дугаар сарын 17-ны өдөр би өөрийн эзэмшлийн Toyota prius 30 маркын тээврийн хэрэгслээр Налайх дүүргийн зам Хонхор орчимд зорчиж яваад 86-84 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн. Уг ослын улмаас миний тээврийн хэрэгсэлд их хэмжээний хохирол учирсан. Осол гардаг өдөр бороотой, үзэгдэх орчин муу байсан. Өөдөөс машин орж ирлээ гэхэд нэхэмжлэгч замын хөдөлгөөний дүрэмд зааснаар тоормос гишгэж зогсох арга хэмжээ авах ёстой. Гэтэл тухайн үед нэхэмжлэгч хурдтай явсан. Зам тээврийн осол гарахад бид хоёр 50, 50 хувийн буруутай. Осол болсны дараа тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн үргэлжилж, цагдаа 2 цагийн дараа ирсэн. Цагдаа ирэхэд мөр арилсан байсан. Тухайн үед би шоконд орсон байснаас замын цагдаагийн шинжээчийн дүгнэлтэд гарын үсэг зурсан. Сүүлд бодоход нэхэмжлэгч хурдтай явсан учраас хурдаа хасаж чадахгүй мөргөсөн байсан. Анхны хэргийн газрын үзлэгээр А цэг буруу тодорхойлсноос удаа дараагийн шинжээчийн дүгнэлтүүд буруу гарсан. Нэхэмжлэгчийн машин 2003 онд Монголд орж ирсэн, миний машин Монголд орж ирээд нэг жил болсон. Миний машин адилхан эвдэрч би 8,000,000-9,000,000 төгрөгийн засвар хийсэн. Нэхэмжлэгч зогсох арга хэмжээ авахгүй, замын хөвөө рүү орсон. Зах зээлийн ханшаар 4,000,000 төгрөгөөр засвар хийх байтал нэхэмжлэгч надаас хэт өндөр үнэ, шинэ машины төлбөр нэхэмжилж байна. Нэхэмжлэгч замын хажуу орсон машины эвдрэлийг надаас нэхэмжилсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас даатгалаас 5,000,000 төгрөг гаргуулж, 2,000,000 төгрөг нэмж нийт 7,000,000 төгрөг төлөхийг зөвшөөрч байна гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч З.Билгүүн нь хариуцагч Ц.Долгорлхамд холбогдуулан гэм хорын хохиролд 11,956,769төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч З.Билгүүн нь 2018 оны 6-р сарын 17-ны өдрийн 17 цаг 00 минутын орчим өөрийн эзэмшлийн Лексус 250 маркийн 86-84 УНГ дугаартай авто машиныг жолоодож Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Хонхорын замаар ертөнцийн зүгээр зүүнээс баруун зүгт явж байхдаа хариуцагч Ц.Долгорлхамын жолоодож явсан Тоёото приус 30 маркийн 44-06 УНЛ улсын дугаартай авто машинтай мөргөлдсөн зам тээврийн осол гарсан болох нь зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ... хариуцагч Ц.Долгорлхам нь замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний дүрмийн 8.2 дахь заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарч, миний эзэмшлийн Лексус 250 маркийн 86-84 УНГ дугаартай авто машинд болон миний эрүүл мэндэд хохирол учирсан гэж... тайлбарлаж байна.

 

Хариуцагч Ц.Долгорлхам нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй маргаж байх ба үндэслэлээ...тухайн зам тээврийн осолд З.Билгүүн бид 2 адилхан гэм буруутай. Зам тээврийн осол гарах үед З.Билгүүн хурдтай явж байсан. Ослын А цэгийг буруу тогтоосон, автомашины үнэлгээг хэт өндрөөр үнэлсэн гэх үндэслэлүүд заан, нэхэмжлэлийн шаардлагаас 7,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч үлдэх хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй маргаж байна.

 

2018 оны 6 дугаар сарын 19-ны өдөр Замын цагдаагийн албаны Нийслэлийн хөдөлгөөний хяналтын газрын Баянзүрх дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтэс Тоёото приус 30 маркийн 44-06 УНЛ улсын дугаартай авто машины жолооч Ц.Долгорлхамд холбогдуулан Зөрчлийн хэрэг нээн уг зам тээврийн ослыг шалгах ажиллагаа хийсэн ба ажиллагааны явцад тухайн зам тээврийн осолд холбогдсон жолооч нарын хэн нь зөрчил гаргасан болохыг тогтоолгохоор Замын Цагдаагийн албаны техникийн шинжээчийг томилжээ.

 

Үүний дагуу Замын Цагдаагийн албаны 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн шинжээчийн дүгнэлт болон Замын цагдаагийн албаны 2018 оны 07 дугаар 28-ны өдрийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 475 дугаартай дүгнэлтээр Тоёото приус 30 маркийн 44-06 УНЛ улсын дугаартай авто машиныг жолоодож явсан Ц.Долгорлхам нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 8.2 дахь заалт Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй. Лексус 250 маркийн 86-84 УНГ дугаартай автомашиныг жолоодож явсан З.Билгүүн нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна гэжээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч З.Билгүүний хүсэлтийн дагуу Тээврийн цагдаагийн албанаас 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэйгээр дүгнэлт гаргуулахад ...ослын А цэгийг зөв тогтоосон байна, Лексус 250 маркийн 86-84 УНГ дугаартай автомашиныг жолоодож явсан З.Билгүүн нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна, Тоёото приус 30 маркийн 44-06 УНЛ улсын дугаартай авто машиныг жолоодож явсан Ц.Долгорлхам нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 8.2 дахь заалт Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна гэжээ.

 

Нэхэмжлэгч нь З.Билгүүн нь Лексус 250 маркийн 86-84 УНГ дугаартай автомашины өмчлөгч мөн болох нь 02112917 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр тогтоогдож байх тул Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.4.4-т зааснаар хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй байна.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар, Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэжээ.

 

Хэрэгт авагдсан Замын цагдаагийн албаны болон Тээврийн цагдаагийн албаны удаа дараагийн дүгнэлтүүдээр хариуцагч Ц.Долгорлхамын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч З.Билгүүний автомашинд хохирол учирсан гэж үзэх үндэслэлтэй байх тул Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.Долгорлхам нь нэхэмжлэгч З.Билгүүний автомашинд учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй байна.

 

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэжээ.

 

Иймд дээрх үндэслэлээр хариуцагч Ц.Долгорлхамаас 2018 оны 6-р сарын 17-ны өдрийн 17 цаг 00 минутын орчим Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Хонхорын замд гарсан авто ослын улмаас нэхэмжлэгч З.Билгүүний эрүүл мэндэд болон автомашинд учирсан хохирлыг баримтаар нотлогдсон хэмжээгээр гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Замын цагдаагийн албаны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааны явцад З.Билгүүний өмчлөлийн Лексус 250 маркийн 86-84 УНГ дугаартай автомашинд зам тээврийн ослын улмаас учирсан хохирлын үнэлгээг Арвижих эстимэйт ХХК нь 10,965,000 төгрөгөөр тогтоосон бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талын хүсэлтээр шинжээч томилон Гэрэгэ эстимэйт ХХК-иар Лексус 250 маркийн 86-84 УНГ дугаартай автомашинд учирсан эвдрэл, хохирлыг үнэлгээг тогтоолгоход хохирлын хэмжээг 11,195,000 төгрөгөөр тогтоосон байх ба нэхэмжлэгч нь автомашинд учирсан хохирлыг Арвижих эстимэйт ХХК-ийн үнэлгээ болох 10,965,000 төгрөгөөр тооцон нэхэмжилж байна.

 

Иймд нэхэмжлэгч З.Билгүүний Лексус 250 маркийн 86-84 УНГ дугаартай авто машинд учирсан хохирол 10,965,000 төгрөг, автомашинд үнэлгээ хийсэн ажлын хөлс 495,000 төгрөг, техникийн оношлогооны ажлын хөлс 50,000 төгрөг, Тайгын тал эмнэлэгийн мэдрэлийн эмчийн үзлэгийн хөлс 36,000 төгрөг, толгойн КТГ хийлгэсний үнэ 120,000 төгрөг, эмийн үнэ 27,763 төгрөг, Си Жи Эс эмнэлгийн эмчийн үзлэг 31,000 төгрөг, Тээврийн хэрэгслийг тээвэрлэсэн ажлын хөлс 100,000 төгрөг, журмын хашааны ачилтын төлбөрт 110,000 төгрөг, нийт 11,943,763 төгрөгний хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар /хх 9-16 тал / тогтоогдож байх тул хариуцагч Ц.Долгорлхамаас 11,943,763 гаргуулан нэхэмжлэгч З.Билгүүнд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 22,000 төгрөгний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Долгорлхамаас гэм хорын хохиролд11,934,763 төгрөг гаргуулан нэхэмжлэгч З.Билгүүнд олгож, үлдэх 22,000 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206,300 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Долгорлхамаас улсын тэмдэгтийн хураамжид 205,606 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч З.Билгүүнд олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭНХЗАЯА

ШҮҮГЧ Ш.ОЮУНТУУЛ

А.САРАНТУЯА