Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 972

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 65 дугаар байрны 2 дугаар орц 0 өрөөнд байрлах Чандмань гурван өргөө СӨХ-ны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 65 дугаар байрны 133 тоотод оршин суух, Чулуун овогт Буяндалайгийн Болормаа /РД:ХД82042162/-д холбогдох,

 

1,045,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Самьяа, хариуцагч Б.Болормаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Чандмань гурван өргөө СӨХ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай Чандмань гурван өргөө СӨХ нь 2004 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр байгуулагдаж, өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж байгаа. Иймд хариуцагч Б.Болормаагаас СӨХ-ны төлбөр 2014 оны 10, 11, 12 дугаар сарын 61,500 төгрөг, 2015 оны 01, 02, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12 сарын 246,000 төгрөг, 2016 оны 01, 02, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12 сарын 246,000 төгрөг, 2017 оны 01, 02, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12 сарын 246,000 төгрөг, 2018 оны 01, 02, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12 сарын 246,000 төгрөг, нийт 1,045,500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Болормаа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 1996 оноос манайх Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 65 дугаар байрны 133 тоот орон сууцанд амьдарч байгаа. Уг орон сууцыг миний бие аавын хамт өмчилдөг. 2004 оноос СӨХ-ны төлбөр төлж ирсэн. 2014 онд орчны эрүүл ахуйгаас миний хүүхдийн эрүүл мэнд муудсан. Энэ талаар СӨХ-д удаа дараа шаардлага тавихад бусад айлууд мөнгө өгөхгүй байгаа учраас ажил хийхгүй гэдэг байсан. 65 дугаар байрны 4 дүгээр орц одоог хүртэл муухай үнэртэй, бохир байдаг. 2014 онд бусад айлууд СӨХ-ны мөнгө төлөхгүй байгаа бол манайх яагаад төлөх ёстой юм бэ гээд мөнгө өгөөгүй. Хуульд СӨХ жилд нэг удаа оршин суугчдын 50-иас доошгүй хувийг оролцуулж, хуралдах ёстой гэж заасан байдаг. Хуралд жилийн төсөв, үйл ажиллагааны санхүүгийн тайлан танилцуулах ёстой. Гэтэл хурлын протоколоос хангалттай төвшинд санхүүгийн тайлан танилцуулж байгаагүй нь харагдаж байна. Би өмнөх долоо хоногт Чандмань гурван өргөө СӨХ-ны удирдах зөвлөлийн хуралд оролцож, орцны шийдээс өмхий үнэртэж, гэрэлгүй хэдэн жил болсон. Би 7 давхарт гэрэл тавиулж хаалт хийлгэж байсан талаар хэлсэн. 2014 оны Чандмань гурван өргөө СӨХ-ны гүйцэтгэх захирал н.Золзаяагийн ажлын тайланд бичиг баримтын зөрчилтэй, үндэслэлгүй өртэй, мэргэжлийн байгууллагаар эрүүл ахуйн ариутгал хийлгэдэггүй. Орц хортон шавж, нохой бөөсөөр дүүрсэн гэдэг нотолсон байсан. 2014 онд орц хөгцтэй байсан. Тухайн үед би СӨХ-ны удирдлагад тодорхой ажил хийвэл мөнгө төлөхөд бэлэн гэдгээ хэлж байсан. Чандмань гурван өргөө СӨХ жилд нэг ч удаа ирц бүрдүүлж хурал хийдэггүй, санхүүгийн тайлан тавьдаггүй мөртөө 10 жил төлбөр төлсөн хүнийг шүүхэд хариуцагчаар дуудсан нь зөв юм уу. Шүүх бодит байдалд үндэслэж шийдвэр гаргана гэдэг итгэж байна. СӨХ 2016-2018 онд цуглуулсан мөнгөний 35-41 хувиар завсар үйлчилгээ хийсэн. 2016-2017 онд СӨХ-ны төлбөрийн 12 хувийг орцны гэрэл солиход, 35 хувь лифтны зардал, үйл ажиллагааны зардалд 5 хувь зарцуулсан байна. Чандмань гурван өргөө СӨХ-ны оршин суугчдаас хураасан мөнгөний зарцуулалт оршин суугчдын хэрэгцээнд нийцэхгүй, үр ашиггүй байна. СӨХ-ны 20,000 төгрөгийн 7,000 төгрөг лифт ашиглалтын зардалд, 3,000 төгрөг харуулын цалинд өгсөн байна. Оршин суугчдад хамааралгүй зогсоолын харуулын цалинг өгч байна. Яагаад зогсоолын харуулын цалин өгч байгааг тодруулахад өнгөрсөн жилийн 5 сард хуралдсан хурлын шийдвэрээр цалин өгөхөөр шийдсэн гэсэн. Гэтэл хурал 12 хүний ирцтэй хүчин төгөлдөр бус ирцээр СӨХ-ны төлбөр нэмсэн. Би оршин суугчийн хувьд үйлчилгээ, ашиглалтын зардал төлөх ёстой. Уг мөнгө СӨХ-ны төлбөрийн 35-41 хувьд хамаарна. Би өмнө нь 10 жил ийм маягаар амьдарсан. Тухайн үед миний төлсөн мөнгөний 50 хувийг л зарцуулж байж, үлдэх мөнгөөр урсгал засвар хийх ёстой. Гэтэл нэг ч удаа засвар хийгээгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрөхгүй. Өнөөдрөөс эхлэн Чандмань гурван өргөө СӨХ-ны төлбөрийн зарцуулалтад сайтар хяналт тавьж, төлбөр төлөх саналтай байна гэв.

 

Шүүх хуралдаанаар: зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Чандмань гурван өргөө СӨХ нь хариуцагч Б.Болормаад холбогдуулан 2014 оны 10 сараас 2018 оны 12 сар хүртэлх хугацааны СӨХ-ны төлбөрт 1,045,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч Б.Болормаа нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байх ба үндэслэлээ ...нэхэмжлэгч СӨХ нь орцны цэвэрлэгээ, засвар үйлчилгээг хийдэггүйгээс манай орц хөгц, мөөгөнцөр ихтэй байдаг. Үүнээс болж 2014 онд хүүхэд өвдсөн. Энэ талаар СӨХ-д хэлэхэд айлууд мөнгөө өгөхгүй байгаа учраас засвар хийх боломжгүй гэсэн тайлбарыг хэлсэн учраас СӨХ-ны мөнгийг өгөхөө больсон... гэж тайлбарлаж байна.

Хариуцагч Б.Болормаа нь Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 65 дугаар байрны 133 тоотод орон сууцыг аавынхаа хамт өмчилдөг болохоо хүлээн зөвшөөрч байна.

Нэхэмжлэгч Чандмань гурван өргөө СӨХ нь Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 64, 65, 66 дугаар байрны сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалан ажилладаг болох нь Монголын Сууц Өмчлөгчдийн Холбооны дээд зөвлөлийн 2004 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 418 дугаартай гэрчилгээ болон тус СӨХ-ны дүрмээр тогтоогдож байх тулЧандмань гурван өргөө СӨХ нь Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар сууц өмчлөгч нараас дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдон гарах зардлыг шаардах эрхтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад ...төлнө гэжээ.

Хэдийгээр хариуцагч Б.Болормаа нь СӨХ-ны төлбөрийг төлөөгүй үндэслэлээ... СӨХ-ны үйл ажиллагаа хангалттай биш, орцны засвар үйлчилгээ, цэвэрлэгээг муу хийдэг гэж тайлбарлаж байх боловч энэ талаар холбогдох байгууллагуудад гомдол гарган шийдвэрлүүлж байгаагүй байхаас гадна энэ үндэслэлээр түүнийг өөрийн өмчлөлийн орон сууцны халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрөөс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3 дахь хэсэгт тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгтэй холбогдон шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэжээ.

Сууц өмчлөгчийн өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөр төлөх үүрэг нь тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгт хамаарч байх тул хариуцагч Б.Болормаагаас 2016 оны 01 дүгээр сараас шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх 3 жилийн хугацааны өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй гэж үзлээ.

Иймд хариуцагч Б.Болормаагаас шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнөх 3 жилийн хугацааны буюу 2016 оны 01 дүгээр сараас 2018 оны 12 дугаар сарыг дуусталх хугацааны төлбөрт 738,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх 307,500 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 75 дугаар зүйлийн 75.2.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Б.Болормаагаас 738,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Чандмань гурван өргөө Сууц өмчлөгчдийн холбоонд олгож, үлдэх 307,500 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29,630 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Болормаагаас улсын тэмдэгтийн хураамжинд 22,262 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Чандмань гурван өргөө Сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ЭНХЗАЯА