| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашбумбын Орхонтамир |
| Хэргийн индекс | 171/2023/0016/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/20 |
| Огноо | 2023-01-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Л |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 2023/ШЦТ/20
2023 01 12 2023/ШЦТ/20
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
О аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Орхонтамир даргалж,
Нарийн бичгийн дарга Д.Б,
Улсын яллагч Ц.Л,
Хохирогч У.Ч,
Шүүгдэгч Б.Ө нарыг оролцуулан О аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Өд холбогдох эрүүгийн 2225006930509 дугаартай хэргийг тус шүүхийн 107 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Х овгийн Бын Ө, Монгол Улсын иргэн,
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Ө нь 2022 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр О аймаг, Бсум, Б баг С хотхоны 29-12 тоотод гэртээ эхнэр У.Чын толгойн тус газар гараараа цохиж, тархи доргилт гэмтэл буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
О аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Өыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Б.Ө мэдүүлэхдээ: “Тухайн өдөр бид маргалдаж нэгнийгээ янз бүрээр хэлж, өмнө мэдүүлсэн үйл явдлууд бүгд болсон. Урьд нь би ийм асуудал гаргаж хэрэгт холбогдож байгаагүй, бид хоорондоо эвлэрч ойлголцсон, хамт амьдарч байгаа. Надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгөөч” гэв.
Хохирогч У.Ч мэдүүлэхдээ “Бид гэр бүл болоод 14 жил хамт амьдарч дундаасаа 3 хүүхэдтэй болсон. Өмнө нь надад гэмтэл учруулж байгаагүй. 11 сарын 06-нд толгой руу цохисон. Энэ үйлдэлдээ гэмшиж байгаа, бид хоорондоо ярилцаж ойлголцсон, хамт амьдарч байгаа. Ө хийсэн үйлдэлдээ гэмшиж байгаа. Түүнд ял оногдуулахгүй, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:
О аймаг дахь Цагдаагийн газарт У.Чын гаргасан гомдол /хавтаст хэргийн 3 дахь тал/,
Хохирогч У.Чын “2022 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр амралтын өдөр байсан. Тухайн өдөр гэртээ байсан. Өдөр 15 цагийн үед 3 хүүхдийн хамт гэрээс гарч яваад Номин худалдааны төв ороод хүнсээ цуглуулаад буцаад гэртээ ирээд хоолоо хийж идээд унтлагын өрөөний орон дээр нөүтбүүк дээрээ ажлаа хийгээд сууж байсан чинь нөхөр Ө орж ирээд “янхан пизда” гэх мэтээр хэл амаар доромжилж байгаад гэрээс юмаа аваад зайл гэж хэлэхэд нь би ямар нэг зүйл хэлээгүй байж байсан чинь нөхөр Ө миний үснээс гараараа татаад үснээс татахаа болиод үргэлжлүүлж янз бүрээр харааж байгаад гадуур хувцасаа өмсөөд гэрээс гараад явсан. Ингээд орой 19 цагийн үед нөхөр Ө буцаж гэртээ орж ирсэн. Энэ үед би унтлагын өрөөндөө ор, хөнжлийн давуугаа солиод зогсож байсан чинь өрөөнд орж ирээд “чи муу яахаараа энэ өрөөнд унтах гэдэг юм гараад зайл” гэж хэлээд хэлдэг хараалын үгнүүдээ хэлсэн. Ингээд хоорондоо маргалдаж байх үед охин А хажуу өрөөнөөс орж ирсэн. Би унтлагын өрөөнөөс гарах гээд алхаад өрөөний хаалгыг хаах үедээ намайг хаалгаар санаатай цохисон. Энэ үед том охин А болиоч гэсэн. Би нөхөртөө хандаж чи эр бяраа эмэгтэй хүнд гаргадаг арчаагүй амьтан гэж хэлсэн чинь нөхөр Ө “одоо тэгвэл гаргаялдаа чамд” гэж хэлээд гараа зангидаж байгаад толгойны оройн баруун хэсэгт нэг удаа цохисон. Энэ үед би охин Аг цагдаа дуудаарай гэж орилсон чинь нөхөр Ө дахиж зодоогүй, ингээд би цагдаад дуудлага өгсөн. Энэ үед Ө гадуур хувцасаа өмсөөд гараад явсан. Цаг гаруй хугацааны цагдаа нар ирсэн, цагдаа нар ирэхийн өмнө нөхөр Ө гэртээ орж ирсэн” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дахь тал/
Насанд хүрээгүй гэрч Ө.Агийн “ Би он, сар өдрийг нь сайн санахгүй байна, тухайн өдөр амралтын өдөр байсан. Ээж хоёр дүүгийн хамт гадуур явж байгаад гэртээ орж ирээд байж байсан чинь аав, ээж хоёр унтлагын өрөөндөө хэрэлдээд байгаа нь сонсогдсон. Энэ үед би дүүтэйгээ хамт өрөөнд нь орох үед аав, ээж хоёр хэрэлдээд байж байсан. Ээж орон дээрээ сууж байсан. Аав ээжийн хажууд оччихсон зогсож байсан. Аав хуруугаараа ээжийн толгой руу цохиж байсан. Тэр хоёр хэрэлдээд байхаар нь миний дотор эвгүй болоод гал тогооны өрөөнд ороод ус уугаад буцаад очтол манай дүү орилсон. Ороод ирсэн чинь тавьсан. Аав хэрүүл хийж байгаад гараад явсан. Аав гарч яваад нилээн удаж байгаад оройхон орж ирсэн. Гэрт орж ирээд аав, ээж хоёр хоорондоо дахин хэрэлдэж эхэлсэн. Ээж өрөөндөө байж байтал аав, ээжийг өрөөнөөс гаргах гэж түлхэж байгаад аав өрөөний хаалгыг хаах үедээ ээжийг хаалгаар цохисон. Ингээд тэр гараараа ээжийн толгой хэсэг рүү нэг удаа цохисон. Энэ үед ээж цагдаа дуудаарай гэж хэлээд миний гар утсыг аваад цагдаа руу дуудлага өгсөн. Цагдаа дуудсаны дараа аав хэрэлдэж байгаад хувцасаа өмсөөд гараад явсан. Цаг гаруй хугацааны дараа аав орж ирээд байж байтал араас нь цагдаа нар орж ирсэн” гэсэн мэдүүлэг. /хавтаст хэргийн 23 дахь тал/
Сэжигтэн Б.Өы “...2022 оны 11 дүгээр сарын 05-ны орой 17 цагийн үед Б багийн С хотхоны 29-12 тоот гэртээ эхнэр болон 3 хүүхдийн хамт байсан. Тухайн үед эхнэр У.Чтай гэр бүлийн асуудлын улмаас болж маргалдаж байгаад хэрүүл, маргаан дуусах шинжгүй болохоор нь гэрээс гарсан. Гэрээс гараад байрны урд талын хүнсний дэлгүүрээс 2 ширхэг лаазтай сэнгүр нэртэй шар айраг аваад байрны гадна талын зогсоол дээр байсан өөрийнхөө машин дотор уг 2 ширхэг лаазтай шар айргийг ганцаараа уугаад хэсэг суусан, ойролцоогоор 2 цаг гаруй хугацаа болсон байх. Ингээд буцаад гэртээ ороод байж байгаад удалгүй эхнэр У.Чтай дахин маргалдаж эхэлсэн. Би унтах гэж өрөөндөө орох үед эхнэр У.Ч унтлагын өрөөндөө байсан учир хоорондоо маргалдаж эхэлсэн. Маргалдаж байх үедээ У.Чыг өрөөнөөс гарчих гэж хэлсэн. Энэ үед У.Ч өрөөний хаалганы хажууд зогсож байсан. Энэ үед хоорондоо хэрүүл маргаан хийж бие биенийгээ янз бүрээр хэл амаар доромжилж байсан. Энэ үеэр хүүхдүүд өрөөнд ороод ирсэн байсан учир хэрэлдээд байлгүй Чыг өрөөнөөс гаргах зорилгоор хаалгаар түлхэж гаргаад хаалгаа хаагаад хувцасаа тайлаад орондоо ороод хэвтсэн. Тухайн үед Ч өөрийг нь цохисон гэж үзээд цагдаад дуудлага өгсөн. Энэ үед би түүнтэй дахин маргалдаад болохгүй юм байна гэж бодоод хувцасаа өмсөөд гэрээс гараад байрны гадна хэсэг алхаж байгаад буцаад орсон. Намайг гэрт орох үед Ч гадуур хувцасаа өмсөөд зогсож байсан. Би ямар нэг зүйл хэлэхгүйгээр өрөөндөө ороод хувцаснуудаа тайлаад орондоо ороод хэвтсэн. Хэсэг хугацааны дараа цагдаа нар ирээд эхнэр Чын хамт цагдаагийн газар руу явсан. Би эхнэр Чыг зодож, цохиогүй түлхсэн нь үнэн. Би эхнэр Чыг өрөөнөөс гаргах гэж түлхсэний дараа Ч нь хөлөөрөө миний зүүн талын гуя хэсэг рүү хоёр удаа өшиглөж над руу дайрахад том охин А болиулсан” гэсэн мэдүүлэг / хавтаст хэргийн 28 дахь тал /
О аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 841 дугаартай “У.Чын биед тархи доргилт, хуйханд зөөлөн эдэд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Гэмтэл нь хэрэг гаргасан гэх цаг хугацаанд үссэн байж болно. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хавтаст хэргийн 32-33 дахь тал/
Б.Өы эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 56 дахь тал/
Яллагдагч Б.Өы “Би тухайн үеийн болсон асуудлын талаар урд сэжигтнээр өгсөн мэдүүлэг дээрээ ярисан. Тухайн өдөр би эхнэрээ түлхэж биед нь гэмтэл учруулъя гэж бодоогүй. Уурласан уурандаа хоорондоо хэрэлдэж маргалдаж байх үедээ эхнэрээ түлхэж биед нь гэмтэл учруулсандаа гэмшиж байна. Дахиж ийм алдаа гаргахгүй. Тухайн өдрөөс хойш эхнэр бид хоёр бие биенээсээ уучлалт гуйж болсон бүх асуудлуудыг хоорондоо ярилцаж, ойлголцож эвлэрсэн байгаа. Энэ хэргийг түргэн хугацаанд шийдвэрлэж өгнө үү. Би хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хүсэлтэй байна” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 47 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, хохирогч, гэрч нараас болон шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.
Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Ө нь 2022 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр О аймаг, Бсум, Б баг, С хотхоны 29-12 тоотод гэртээ эхнэр У.Чын толгойн тус газар гараараа цохиж, тархи доргилт гэмтэл буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь
Хохирогч У.Чын “...Би унтлагын өрөөнөөс гарах гээд алхаад өрөөний хаалгыг хаах үедээ намайг хаалгаар санаатай цохисон. ...Би нөхөртөө хандаж чи эр бяраа эмэгтэй хүнд гаргадаг арчаагүй амьтан гэж хэлсэн чинь нөхөр Ө “одоо тэгвэл гаргаялдаа чамд” гэж хэлээд гараа зангидаж байгаад толгойны орой баруун хэсэгт нэг удаа цохисон” гэх мэдүүлэг,
Насанд хүрээгүй гэрч Ө.Агийн “....Аав хуруугаараа ээжийн толгой руу цохиж байсан. ...Ээж өрөөндөө байж байтал аав, ээжийг өрөөнөөс гаргах гэж түлхэж байгаад аав өрөөний хаалгыг хаах үедээ ээжийг хаалгаар цохисон. Ингээд тэр гараараа ээжийн толгой хэсэг рүү нэг удаа цохисон” гэх мэдүүлэг,
О аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 841 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлэгдсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх бөгөөд уг нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан гэж үзнэ.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл байдал, 2022 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр О аймаг, Бсум, Б баг, С хотхоны 29-12 тоотод гэртээ эхнэр У.Чын толгойн тус газар гараараа цохиж, тархи доргилт гэмтэл буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болохыг нотолж тогтоосон, мөрдөн байцаалтын явцад шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг бүрэн шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчиж, хязгаарлаагүй, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан зэрэг тогтоогдвол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна.
Шүүхээс шүүгдэгч Б.Өыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
О аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Өыг яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон байх тул үндэслэлтэй байна.
Хохирол төлбөрийн тухайд:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж,
Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх зэрэг хуулиар олгогдсон эрхтэй” гэж тодорхойлж тус тус хуульчилсан байдаг.
Хохирогч У.Ч мөрдөн шалгах ажиллагааны үед хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэлд “гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх шатанд хохирол төлбөр нэхэмжлэхтэй холбоотой баримт ирүүлээгүй байх тул түүнийг хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх шүүгдэгч Б.Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,
мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж тус тус заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед улсын яллагчаас “...шүүгдэгч Б.Өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжээр торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан болно.
Шүүгдэгч Б.Ө нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үл ялих зүйлээр шалтаглан хүний эрүүл, мэнд эрх чөлөөнд халдаж, өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, түүнийг хүсэж хохирол, хор уршигт зориуд хүргэж, санаатай гэмт хэрэг үйлдсэн, хохирогч У.Ч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар мэдүүлсэн, Б.Өы ажил хөдөлмөр эрхэлдэг зэрэг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.Өд шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй байна.
Бусад асуудлын талаар:
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаж,
шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Өд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овгийн Бын Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Өыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ө нь торгох ялыг биелүүлэхгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.
4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Өд оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт төлөхөөр тогтоосугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор О аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОРХОНТАМИР