Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 221/МА2025/0022

 

 

 

 

 

 

 

 

“ДДЦС” ТӨХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Т.Энхмаа

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Лхагвасүрэн

Илтгэсэн Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ү.Т, хариуцагч Ц.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А, Б.Х

Нэхэмжлэгч: “ДДЦС” ТӨХК

Хариуцагч: Үндэсний аудитын газрын Санхүү-Нийцлийн аудитын газрын захирал, тэргүүлэх аудитор Ц.Н, Аудитын менежер Ц.Х

Хариуцагч: Монгол Улсын Ерөнхий Аудитор

Нэхэмжлэлийн шаардлага: “ДДЦС” ТӨХК-ийн 2023 оны Санхүүгийн тайланд аудит хийсэнтэй холбогдуулан гарсан Үндэсний аудитын газрын 2023 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 717/0150055, 718/0150055, 719/0150055 дугаар албан шаардлагууд, мөн өдрийн “Төлбөр барагдуулах тухай” 143/0150055, 144/0150055 дугаартай төлбөрийн актууд, 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Зөвлөмжийн 5.3 Татварын холбоотой асуудлын 7.2-т “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дагуу барилга, тоног төхөөрөмжийн худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг хувь тэнцүүлэн хасагдуулах” гэж өгсөн зөвлөмж, Үндэсний аудитын газрын 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 07/819 дугаар хязгаарлалттай дүгнэлт, Монгол Улсын Ерөнхий Аудиторын 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн “Санхүүгий тайлангийн аудитаар тогтоосон акт, өгсөн албан шаардлагыг баталгаажуулах тухай” А/27 дугаар тушаалын хавсралт 1-ийн 32, 33, хавсралт 2-ын 144, 145, 146-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 128/ШШ2024/0895 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.А, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б, хариуцгач Ц.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А, Б.Х, Т.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цогтбаяр

Хэргийн индекс: 128/2024/0457/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “ДДЦС” ТӨХК-иас Үндэсний аудитын газрын Санхүү-Нийцлийн аудитын газрын захирал, тэргүүлэх аудитор Ц.Н, Аудитын менежер Ц.Х, Монгол Улсын Ерөнхий Аудитор нарт холбогдуулан “ДДЦС” ТӨХК-ийн 2023 оны Санхүүгийн тайланд аудит хийсэнтэй холбогдуулан гарсан Үндэсний аудитын газрын 2023 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 717/0150055, 718/0150055, 719/0150055 дугаар албан шаардлагууд, 143/0150055, 144/0150055 дугаартай төлбөрийн актууд, 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Зөвлөмжийн 5.3 Татварын холбоотой асуудлын 7.2-т “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дагуу барилга, тоног төхөөрөмжийн худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг хувь тэнцүүлэн хасагдуулах” гэж өгсөн зөвлөмж, Үндэсний аудитын газрын 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 07/819 дугаар хязгаарлалттай дүгнэлт, Монгол Улсын Ерөнхий Аудиторын 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн “Санхүүгий тайлангийн аудитаар тогтоосон акт, өгсөн албан шаардлагыг баталгаажуулах тухай” А/27 дугаар тушаалын хавсралт 1-ийн 32, 33, хавсралт 2-ын 144, 145, 146-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 128/ШШ2024/0895 дугаар шийдвэрээр: Төрийн аудитын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 29 дүгээр зүйлийн 29.3, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 15 дугаар зүйлийн 15.1, 15.1.3, 15.1.6, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч “ДДЦС” ТӨХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, ҮНдэсний аудитын газрын 2024 оны 93 дугаар сарын 25-ны өдрийн “Зөрчил арилгах тухай” 718/0150055, 719/0150055 дугаар албан шаардлага, мөн өдрийн “Төлбөр барагдуулах тухай” 143/0150055 акт, эдгээр албан шаардлага, төлбөрийн актыг баталгаажуулсан Монгол Улсын Ерөнхий аудиторын 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн “Санхүүгийн тайлангийн аудитаар тогтоосон акт, өгсөн албан шаардлагыг баталгаажуулах тухай” А/27 дугаар тушаалын хавсралт 1-ийн 32, хавсралт 2-ын 145, 146-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, үлдэх шаардлага болох Үндэсний аудитын газрын 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн “Зөрчил арилгах тухай” 717/0150055 албан шаардлага, мөн өдрийн “Төлбөр барагдуулах тухай” 144/0150055 акт, Үндэсний аудитын газрын 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Зөвлөмжийн 5.3, Татварын холбоотой асуудлын 7.2-т “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дагуу барилга, тоног төхөөрөмжийн худалдан авалтад төлсөн НӨАТ-ын хувь тэнцүүлэн хасагдуулах” гэж өгсөн зөвлөмж, Үндэсний аудитын газрын 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 07/819 дугаар хязгаарлалттай дүгнэлт, Монгол Улсын Ерөнхий адуиторын 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн “Санхүүгийн тайлангийн аудитаар тогтоосон акт, өгсөн албан шаардлагыг баталгаажуулах тухай” А/27 дугаар тушаалын хавсралт 1-ийн 33, хавсралт 2-ын 144-т тус тус холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

3.1. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5 дахь хэсэгт “үндсэн хөрөнгө бэлтгэхэд зориулж импортоор оруулсан буюу худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн болон үндсэн хөрөнгө худалдан авах, импортлоход төлсөн албан татварыг дараах хугацаагаар хувь тэнцүүлэн хасагдуулна”  гээд а болон б хэсэгт барилга, байгууламж 10 жилээр, тоног төхөөрөмж 5 жилээр заасан.  Үндсэн хөрөнгийг зах зээл дээр 2 аргаар бий болгодог. Барьж, бүтээж бий болгох эсвэл бэлэн байгаа зүйлийг худалдаж авах. Үүнийг л дээрх заалтаар хуульчилж өгсөн. Үндсэн хөрөнгийг бий болгоод ашиглаж байх явцад түүнийг сайжруулах зорилготой холбогдуулж засварын зардлууд гардаг. Үүнийг олон улсын стандартаар урсгал засвар, капитал засвар гэж 2 ангилдаг. Урсгал засварыг тухайн тайлан тооцооны зардалд суулгаарай гэдэг. Харин капитал засварыг хөрөнгийнхөө анхны өртөг дээр нэмээрэй гэж заадаг. Энэ нэмж байгаа дүн нэмэгдсэн өртгийн албан татвараас тусдаа байх ёстой.

3.2. Яагаад гэвэл энэ нь татвараа хасаад үлдсэн дүн юм. Үүнтэй холбоотойгоор Сангийн сайдын 2015 оны 333 дугаар тушаалаар нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийх, буцаан олгох, тэдгээрийг нягтлан бодох бүртгэлд тусгах журам батлагдсан байдаг. Энэ журамд 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 296 дугаар тушаалаар нэмэлт өөрчлөлт оруулсан байдаг. Үүн дээр миний хэлсэн заалтыг тодорхой болгож өгсөн байдаг. Энэ нь 2.31   дахь хэсэгт “Албан татвар суутгагч өөртөө үндсэн хөрөнгө бий болгох замаар барьж буй барилгын өртөг (дуусаагүй барилга)-т төлсөн дотоодын зах зээлээс болон импортоор худалдан авахад төлсөн албан татварыг хасалт хийхгүй хуримтлуулан бүртгэж, үндсэн хөрөнгө ашиглалтад оруулж үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ гарсан өдрийн дараагийн сарын тайлангаас эхлэн энэ журмын 2.2.4-т заасны дагуу хасалтыг хийнэ” буюу 10 жилийн хугацаанд нэмэгдсэн өртгийн албан татвараа хувь тэнцүүлж хасаарай гээд заагаад өгсөн.

3.3. Мөн журмын 7.10 дахь хэсэгт “Албан татвар суутган төлөгчийн өөртөө үндсэн хөрөнгө бий болгох, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6.1-д зааснаас бусад автомашин, тоног төхөөрөмж худалдан авах үед төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг хуульд заасан хугацаагаар сар бүр хувь тэнцүүлэн хуваарилан дараагийн сараас эхлэн хасалтыг хийж, ирээдүйд хасагдах нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг "хойшлогдсон НӨАТ-ын тооцоо" дансны КТ-д бүртгэж, тайлагнана” гэж заасан. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14.6.1 дэх хэсэгт юу байна гээд харвал нэмэгдсэн өртгийн албан татварыг хасалт хийхгүй суудлын автомашиныг заагаад өгчихсөн байгаа буюу хэрэв та зах зээл дээрээс суудлын автомашин худалдаж авбал тухайн автомашинд ногдож буй нэмэгдсэн өртгийн албан татварыг хасалт хийхгүй гэсэн үг.

3.4. Тэгэхээр тоног төхөөрөмж дотор суудлын автомашин орохгүй гэдгийг үүгээр зааж өгч байгаа. Бүхэлд нь агуулгаар нь харвал Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5 гэх заалтын албан татвар суутган төлөгч өөртөө үндсэн хөрөнгө бий болгох асуудлыг дээрх журмаар зааж өгсөн гэсэн үг. Эдгээрийг эрх зүйн нэгдсэн системээс харах боломжтой. Мөн хуульд тусгайлан зааж өгөөгүй бол нийтлэг хувь хэмжээг мөрдөнө гэж ойлгож байгаа. Тэгэхээр үндсэн хөрөнгөтэй холбоотой засвар үйлчилгээний зардлын талаар Нэмэгдсэн өртгийн албан татварын хууль болон Сангийн сайдын журамд тусгагдаагүй учир нийтлэг хувь хэмжээгээрээ шууд хасагдаад явах заалт руугаа орох юм

3.5. Хариуцагч тал нийцлийн аудит болон санхүүгийн тайлангийн аудитыг ялгаж, салгалгүй, хооронд нь нийлүүлээд яваад байгаа. Хоёрдугаарт зөрчлийг бодитойгоор тодорхойлох, тогтоох ёстой буюу гүйцэтгэлийн баталгаа болон алдангийн үнийн дүнг тодорхой тогтоож чадахгүй байсан. Мөн харилцагч нартай байгуулсан гэрээг хугацаа хэтэрсэн гэж тайлбарласан. Гэтэл анхан шатны шүүх хурлын үеэр хэргийн оролцогчид бүгд нийлж хугацааг тоолсон. Үүн дээр ямар нэгэн маргаан гараагүй. Шүүгч үүнийг шийдвэр дээрээ зөв дүгнэсэн байсан. Гүйцэтгэлийн баталгааны хувьд энэ нь манай дансанд орж ирдэггүй. Учир нь энэ нь компанийн хөрөнгө биш, харин банканд байршиж байдаг мөнгө. Хэрэв үүнийг байршуулаагүй байна гэж үзвэл нийцлийн аудитын дүгнэлтээр л шийдэх ёстой. Түүнээс биш санхүүгийн тайлангийн аудитаар үүнийг шалгах боломжгүй. Учир нь гүйцэтгэлийн баталгаа нь санхүүгийн тайланд бүртгэгдэхгүй. Иймд гүйцэтгэлийн баталгааны асуудлыг санхүүгийн тайлангийн аудитаар оруулж ирж байгааг буруу гэж үзэж байна. Алдангийн хувьд хугацааг шүүх дээр тоолсон гэж хэлсэнчлэн биелээд дууссан байгаа гэрээн дээр үүргийн гүйцэтгэлийн хангах аргыг хэрэглэхгүй гэж үзэж байгаа. Мөн энэ асуудал дээр сонсох ажиллагаа огт явагдаагүй. Хариуцагч талаас сонсох ажиллагаа явуулсан гээд Захиргааны ерөнхий хуулийн 25 дугаар зүйл буюу нотлох баримт цуглуулах ажиллагааг явуулсан гэж тайлбарладаг ч, 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг огт явуулаагүй нь хариуцагчийн гаргасан дүгнэлтийг хүчингүй болгох үндэслэл мөн гэж үзэж байна гэв.

3.6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: 717 дугаартай албан шаардлагад хариу тайлбар хэлье. 5 буюу түүнээс дээш жилийн хугацаанд ашиглагдаагүй 3.1 тэрбум төгрөгийн үнэтэй 789 нэр төрлийн бараа материалын нөөц үүсгэсэн зөрчлийг нэхэмжлэгч талаас үйлдвэрийн тоноглолын хэвийн, найдвартай ажиллагааг хангахад гэнэтийн байдлаар ашиглагдаж болзошгүй материал гэж тайлбарладаг. Гэтэл тэдний өөрсдийн өгсөн баримт бичигт үндэслэж насжилт өндөртэй 789 нэр төрлийн бараа материалын нөөц үүссэн байна гэдгийг тогтоосон. Мөн өмч хамгаалах зөвлөлийн 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хурлаар 2023 оны эхний үлдэгдэлд байгаа бараа материалыг цаашид ашиглагдах боломжгүй, актлах шаардлагатай гэх байдлаар судалгаа гаргах ажлын хэсгийг байгуулж, 05 дугаар сарын 18-ны өдөр судалгааны үр дүнг танилцуулахаар шийдвэрлэсэн боловч энэ ажил хийгдээгүй. Ингээд үүсээд байгаа нөөцтэй холбоотой зөрчлөө мэдэж байгаа ч ямар нэгэн ажлыг хийхгүй байгаа учир холбогдох үйл ажиллагааг хэрэгжүүлнэ үү гэх албан шаардлагыг тогтоосон. Гэтэл Төрийн хяналт, шалгалтын тухай хууль 2022 онд батлагдсан, энэхүү нөөцийн үлдэгдэл үүнээс өмнө үүссэн байсан учир хуулийг хэрэгжүүлж ажиллахгүй гэх хариу тайлбарыг гаргасан. Энэ тайлбар нь хуулийг хязгаарлах, хэрэгжүүлэхгүй байх үндэслэл болохгүй.

3.7. Мөн “ДДЦС” ТӨХК нь 2023 онд  38.5 тэрбум төгрөгийн техник зохион байгуулалтын болон их засварын ажил гүйцэтгэсэн. Үүнээс үндсэн тоноглолын их засварын 6 ажилд 12 тэрбум төгрөгийг зарцуулж, зуухны үндсэн тоноглолыг капиталжуулахдаа 1.2 тэрбум төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг хувь тэнцүүлэн хасагдуулах нэмэгдсэн өртгийн албан татвараар тооцоогүй, шууд хасалт хийсэн зөрчил үүссэн буюу гомдолдоо дурдсанчлан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5 дахь хэсэгт заасантай нийцэхгүй байна гэж үзэж үүнийг цаашид нийцүүлж ажиллах тухай захирамжийг хүргүүлсэн. Тухайн заалтаар компанийн ямар ашиг сонирхлыг зөрчөөд байгаа нь тодорхойгүй ч зөвхөн үндсэн хөрөнгө бэлтгэхэд зориулж гэдэг үгээр өөрсдөдөө ашигтай тайлбарыг хэлээд байгаа. Бид уг хэсгийг нь шинээр болон хуучин байгаа үндсэн хөрөнгийг олж, бэлтгэх, барилга тоног төхөөрөмжийн худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг хувь тэнцүүлж хасагдуулах агуулгатай гэж ойлгож байгаа гэв.

3.8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Гомдлын нэмэлт тайлбарт дурдсан хязгаарлалттай үндэслэлд ороод байгаа хууль, эрх зүйн асуудлууд нь нийцлийн асуудал юм гэдэг дээр тайлбар хэлье. Манай байгууллага Төрийн аудитын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.8 дахь хэсгийг баримталж тухайн санхүүгийн тайлангийн үйл ажиллагаатай холбоотой бүхий л хууль, эрх зүйн актад нийцүүлж аудитын горим, сорилоо гүйцэтгэж, үүнийгээ дүгнэлт дээрээ оруулж өгдөг. Нэхэмжлэгч тал Монгол Улсын Ерөнхий аудиторын А70 дугаар тушаалаар баталсан журмын нийцлийн асуудлыг буруу тайлбарлаж байна. Санхүүгийн тайлангийн аудит болон нийцлийн аудитыг хослуулан хийж байгаа тохиолдолд зөрчлийг тусад нь гаргаж, тайлагнана гэж нийцлийн аудитын стандартад заасан байдаг. Бид тухайн байгууллага дээр санхүүгийн тайлангийн аудитыг хийсэн. Иймээс хууль, эрх зүйтэй холбоотой асуудлыг тусад нь тайлагнах үндэслэл байхгүй. Нэхэмжлэгч тал шударгаар буюу үнэн зөвөөр тоо, дүнгээ тайлагнасан гэж хэлээд байгаа. Гэхдээ санхүүгийн үйл ажиллагааг хууль журам, эрх зүйн актуудтай нийцүүлж байна уу гээд харвал буруу тайлбарласан гэж үзэж байна гэв.

3.9. “ЗХТ” ХХК-тай байгуулсан гэрээг 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдөр дүгнэсэн. Уг компанитай 104.7 саяын гэрээг анх хийсэн ч 17.5 сая төгрөгийн барааг нийлүүлээгүй. Тухайн бараа нь Оросын холбооны улсын хилээр орж ирэхгүй, удаад байсан. Үүнийг анхан шатны шүүхийн шүүх хурлын үеэр тайлбарласан. Бид уг хэрэг дээр гүйцэтгээгүй үнийн дүн болох 17.5 сая төгрөг дээр алданги тооцсон. Бусад гэрээний хувьд анхан шатны шүүх хурлын үеэр нэг гэрээг л жишээ болгож ярьсан. Ажил гүйцэтгэх гэрээ дууссан ч гэрээний хугацааг сунгаж, ажил нь тухайн хугацаандаа багтаж дууссан. Ингээд актаа бүрдүүлэх, гарын үсэг зуруулах, хянуулах гэх ажиллагаа яваад 10-аад хоногийн дараа гэрээ дүгнэсэн актаа хийсэн. Гэтэл Үндэсний аудитын газар гэрээ байгуулсан огнооноос гэрээ дүгнэсэн огноо хүртэл алдангийг тооцсон. Уг нь ажил дуусгасан актын хугацаагаар явах ёстой байсан”,

4. Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа нэхэмжлэгч хугацаандаа ажлаа хийж чадаагүй, барьцаа хөрөнгийн мөнгийг байршуулаагүй, алданги тооцуулахтай холбоотой асуудлуудыг зөв дүгнэсэн. Гагцхүү нэг л шалтгаанаар албан шаардлагыг хүчингүй болгосон нь үүнийг одоо биелүүлэх боломжгүй гэдгээр тайлбарласан. Гэтэл энэ албан шаардлагын ард 40 сая төгрөгийн гүйцэтгэлийн баталгаа гаргуулаагүй асуудал, 4 харилцагч гэрээний сунгасан хугацаа дууссанаас хэдэн сарын дараа барааг нийлүүлсэн гэх мэт маш олон зөрчил байгаа. Нэхэмжлэгч маань өөрөө нэг зөрчил дээрээ алдангаа тооцоод оруулаад ирчихсэн байсан. Гэтэл анхан шатны шүүх үүнийг биелүүлэх боломжгүй гэж албан шаардлагыг хүчингүй болгосонд гомдолтой байгаа. Төрийн аудитын байгууллага төрийн санхүү, төсвийн асуудлыг хараат бусаар хэрэгжүүлэхдээ зөрчил илэрвэл албан шаардлага өгөх ёстой. Энэ нь зөрчлийг таслан зогсоох, давтан гаргахгүй байх зорилготой. Шүүхийн зүгээс хүчингүй болгосон шийдвэр гаргаад байх юм бол нэхэмжлэгч тал 157 саяын гэрээнд гүйцэтгэлийн баталгаа авахгүй байгаа санаатай үйлдлээ давтан хийх эрсдэлтэй.

4.2. Хоёрдугаарт гэрээний нийт үнийн дүнгээр зөрчилд тооцсон нь буруу, харин алдангийн үнийн дүнгээр албан шаардлага хүргүүлэх байсан гэж тайлбарлаж байгаа. Яагаад ингэж үзэж байгаа нь эргэлзээтэй. Нийт үнийн дүн гэдэг нь гэрээгээ хугацаанд нь биелүүлээгүйн улмаас авч байгаа үнийн дүн. Манай байгууллагын зүгээс алданги тооцох боломжгүй. Алдангийг талууд гэрээгээ дүгнэхдээ танайх хэдэн сарын хугацаа алдсан байна. Ямар шалтгаанаар оройтсон бэ?, иймээс тодорхой дүнгээр алданги тооцно гэж шийдвэрлэх боломжтой байсан. Иймээс манай зүгээс гэрээний нийт үнийн дүнгээр зөрчилд тооцсон. Албан шаардлагын биелэлт хангагдаад явж байгаа. Мөн тухайн 718 дугаар албан шаардлагатай холбоотой жишээг гомдол дээрээ дурдсан. “ЗХТ” гэдэг газар гэрээний биелэлтийг 45 хоногоор байгуулсан ч, 1 жил гаруй хугацааны дараа ажлаа дуусгасан. Үүн дээр нэхэмжлэгч тал алданги тооцсон баримт хавтаст хэрэгт байгаа. Энэ асуудлыг анхан шатны шүүх зөв дүгнэсэн ч, буруу шийдвэр гаргасанд гомдолтой байна.

4.3. Дараагийн асуудал нь 719 дугаартай албан шаардлагатай холбогдоно. “СММ” ХХК гэх компани 7 удаагийн тендер шалгаруулалтаар шалгараад гэрээ байгуулсан. Тус тендерийн 5 ажлынх хугацаа давхардсан. Ингээд тухайн компани хүний нөөц муу учир, ажлаа хугацаандаа хийж чадахаа больсон. Үүний улмаас ажилчид нь өөрсдөө хүн авч ажиллуулж эхэлсэн. Тэгэхээр яагаад анхнаасаа ийм газрыг шалгаруулсан юм бэ? гэдэг асуудал яригдах ёстой. Мөн 157 сая буюу 100 сая төгрөгөөс дээш дүнтэй гэрээ байгуулж байхад гүйцэтгэлийн баталгаа гаргуулаагүй асуудал гарч ирсэн. Захиалагч өөрөө мэдсээр байж гаргуулаагүй нь давтагдсан зөрчил болсон. Харин шүүх бодит байдлыг хангалттай тогтоогоогүй шийдвэр гаргасан гэж үзсэн. Гэтэл хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар зөрчил нотлогдох бай, нэхэмжлэгч талаас шүүхийн хэлэлцүүлгийн үеэр зөрчил гаргаснаа хүлээн зөвшөөрдөг.

4.4. Төсвийн тухай хуульд үр ашиггүй, өр, авлагагүй нөөц үүсгэхтэй холбоотой зохицуулалтууд бий. Нэхэмжлэгч талаас манайх 10 жилийн өмнөөс цуглуулсан материалаа аудитад тайлагнаад явж байсан ч гэнэт зөрчил болгосон гэж тайлбарласан. Төрийн хяналт, шалгалтын тухай хуульд шаардлагагүй нөөцийг хадгалж болохгүй, үүнийг зохицуулах ёстой гэж заасан. Гэтэл бид хэнд зарахаа мэдэхгүй байна гээд гомдол гаргачихсан.

4.5. Үүнийг яаж захиран зарцуулж, шийдвэрлэхийг тодорхой журмаар зохицуулчихсан л байдаг. Бид үүнийг зар гэж огт хэлээгүй. Үүн дээрээ тодорхой ажиллагаа зохиож, 5 жилээс дээш хугацаагаар хадгалсан эд зүйлс байвал ангилах буюу төсвөө үр ашигтай зарцуул гэдэг л агуулгатай албан шаардлагыг тавьсан. Гадаад томилолттой холбоотой асуудал дээр Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга нь дулааны станцын үйл ажиллагаанд хамааралгүй асуудлаар явсан байсан. Өөрөөр хэлбэл хувийн асуудлаар явж болохгүй байсан” гэв.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч “ДДЦС” ТӨХК-иас

- ДДЦС” ТӨХК-ийн 2023 оны Санхүүгийн тайланд аудит хийсэнтэй холбогдуулан гарсан Үндэсний аудитын газрын 2023 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 717/0150055, 718/0150055, 719/0150055 дугаар албан шаардлагууд,

- мөн өдрийн “Төлбөр барагдуулах тухай” 143/0150055, 144/0150055 дугаартай төлбөрийн актууд,

- 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Зөвлөмжийн 5.3 Татварын холбоотой асуудлын 7.2-т “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дагуу барилга, тоног төхөөрөмжийн худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг хувь тэнцүүлэн хасагдуулах” гэж өгсөн зөвлөмж,

- Үндэсний аудитын газрын 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 07/819 дугаар хязгаарлалттай дүгнэлт,

- Монгол Улсын Ерөнхий Аудиторын 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн “Санхүүгийн тайлангийн аудитаар тогтоосон акт, өгсөн албан шаардлагыг баталгаажуулах тухай” А/27 дугаар тушаалын хавсралт 1-ийн 32, 33, хавсралт 2-ын 144, 145, 146-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Үндэсний аудитын газрын Санхүү-Нийцлийн аудитын газрын захирал, тэргүүлэх аудитор Ц.Н, Аудитын менежер Ц.Х, Монгол Улсын Ерөнхий Аудитор нарт холбогдуулан гаргасан байна.

3. Үндэсний аудитын газрын 2023 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 717/0150055, 718/0150055, 719/0150055 дугаар албан шаардлагуудын тухайд:

3.1. “Зөрчил арилгах тухай” 717/0150055 дугаартай албан шаардлагаар тайлант оны жилийн эцсийн байдлаар тав буюу түүнээс дээш жилийн хугацаанд ашиглагдаагүй 789 нэр төрлийн 3,171,788,018 төгрөгийн насжилт өндөртэй бараа, материалын нөөц үүсгэсэн нь Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.1.6-д заасантай нийцэхгүй байна гэж үзэн зөрчлийг арилгаж, албан шаардлагын биелэлтийг 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн дотор ирүүлэхийг шаарджээ.

3.1.1. Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Төсвийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдэд дараах зүйлсийг хориглоно”, 15.1.6-д “нөөцлөх шаардлагатай бараа, материалыг үр ашиггүй удаан хадгалах шаардлагагүйгээр их хэмжээгээр бараа, материал бэлтгэх, нөөцлөх” гэж тус тус заасан.

3.1.2.  Нэхэмжлэгч “ДДЦС” ТӨХК нь 287 /9-өөс дээш жил/, 165 /7-9 жил/, 337 /5-7 жил/ нэр төрлийн, нийт 3,171,788,018 төгрөгийн үнэ бүхий бараа, материалын нөөц үүсгэсэн болох нь хэрэгт авагдсан барааны жагсаалтаар тогтоогдож байх тул зөрчлийг арилгуулахаар тавьсан албан шаардлага нь Төрийн аудитын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Шалгагдагч этгээд хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний болон бусад эрх зүйн акт зөрчсөн, хуулиар хүлээсэн албан үүргээ биелүүлээгүй бол алдаа, зөрчлийг таслан зогсоох, давтан гаргуулахгүй байх талаар байгууллага, албан тушаалтанд албан шаардлага өгнө” гэж заасантай нийцсэн байна.

3.1.3. Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс энэ талаар давж заалдах гомдолдоо “... Төрийн хэмнэлтийн тухай хууль нь 2022 оны 04 сард батлагдсан бөгөөд уг хууль хэрэгжиж эхлэхээс өмнө дээрх бараа материалын үлдэгдэл байсан ... санхүүгийн тайлангаа үнэн зөв, шударгаар тайлагнасан ... Төрийн аудитын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.10-д заасны дагуу урт хугацаанд бараа материал хадгалаад байна гээд Хэмнэлтийн тухай хууль зөрчсөн гэж үзвэл хүлээн зөвшөөрөх боломжтой байж болох юм” гэжээ.

3.1.4. Төрийн хэмнэлтийн тухай хууль хэзээ батлагдсан, “ДДЦС” ТӨХК-ийн 2024 оны байдлаар тайлагнасан насжилт өндөртэй бараа, материалын нөөц хэзээ үүссэнээс үл хамаарч нэгэнт үүссэн нөөцийг үр ашиггүй удаан хадгалахгүй байх талаар арга хэмжээ авахыг шаардсан шаардлага нь дээрх хуульд нийцсэн. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй, зөв дүгнэсэн тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

3.2. “Зөрчил арилгах тухай” 718/0150055 дугаартай албан шаардлагаар тендерт ялсан харилцагчтай гэрээг байгуулахдаа 6 төслийн 1,361,107,538 төгрөгийн гэрээний гүйцэтгэлийн 40,833,000 төгрөгийн баталгааг гаргуулж аваагүй, 4 харилцагчтай байгуулсан 3,340,606,210 төгрөгийн ажил гүйцэтгэх гэрээний хугацааг хэтрүүлэн нэмэлт гэрээ байгуулж, гэрээг сунгасан ч дахин гэрээний хугацааг хоцроосон,

3.3. “Зөрчил арилгах тухай” 719/0150055 дугаартай албан шаардлагаар худалдан авах ажиллагаа зохион байгуулахдаа “СММ” ХХК-д давуу эрх олгож, 7 удаагийн 7,176,595,335 төгрөгийн ажил гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулсан ба тендерт оролцогчийн ажиллах хүч, хүний нөөцийн хүчин чадлын мэдээллүүд нь эдгээр ажлуудыг нэгэн зэрэг гүйцэтгэх боломжгүй, 5 ажлыг гүйцэтгэх хугацаа нь хоорондоо давхацсан байхад сонгон шалгаруулсан нь 3 гэрээт ажлыг хугацаа хоцроож гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлсэн, мөн гэрээний хугацаа хоцроосон хоног тутамд 0.3 хувийн алдангийг тооцоогүй, 1 ажлын гүйцэтгэлийн баталгаа ирүүлээгүй байхад гэрээ байгуулж, худалдан авалт хийсэн нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, Ажил гүйцэтгэх гэрээний 5.1, 7.1-д заасантай нийцэхгүй байна гэж тус тус үзээд зөрчлийг арилгаж, цаашид алдаа, зөрчлийг давтан гаргахгүй байх, хууль тогтоомжийг хэрэгжүүлж ажиллахыг даалгажээ.

   3.3.1. Анхан шатны шүүх “... шийдвэр нь үндэслэл бүхий байх, бодит нөхцөлд тохирсон байх, биелэгдэх боломжтой байх шаардлагыг хангаагүй, биелэлтийг хангах боломжгүй байхад хугацаа тогтоож шаардсан нь Төрийн аудитын тухай хууль, Захиргааны ерөнхий хуульд нийцэхгүй байна” гэж дүгнэн дээрх 718/0150055, 719/0150055 дугаартай албан шаардлагуудыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь буруу байна.

3.3.2. Төрийн аудитын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилго нь төрийн санхүү, төсөв, нийтийн өмчийг зохистой төлөвлөх, хуваарилах, ашиглах, зарцуулахад тавих хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэх байгууллагын бүрэн эрх, тогтолцоо, зохион байгуулалт, эрх зүйн үндсийг тогтооход оршино”, 21 дүгээр зүйлийн 21.1-д “Шалгагдагч этгээд хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний болон бусад эрх зүйн акт зөрчсөн, хуулиар хүлээсэн албан үүргээ биелүүлээгүй бол алдаа, зөрчлийг таслан зогсоох, давтан гаргуулахгүй байх талаар байгууллага, албан тушаалтанд албан шаардлага өгнө”, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т “Тендер шалгаруулалтын төсөвт өртөг 100 сая төгрөгөөс дээш бол гэрээний үүргийн биелэлтийг баталгаажуулах зорилгоор гүйцэтгэлийн баталгаа шаардана” гэж тус тус заасан.

3.2.2. Нэхэмжлэгч “ДДЦС” ТӨХК нь тендерт ялсан харилцагчтай гэрээ байгуулахдаа гүйцэтгэлийн баталгаа шаардаж аваагүй, худалдан авах гэрээний хугацаа хэтрүүлэн нэмэлт гэрээ байгуулсан боловч дахин гэрээний хугацаа хоцроож гэрээний заалт зөрчсөн, гэрээний хугацаа хоцроосон харилцагчтай гэрээг дүгнэхдээ гэрээнд заасны дагуу алданги тооцоогүй зөрчил гаргасан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон энэ тохиолдолд хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзэж зөрчлийг таслан зогсоох, давтан гаргуулахгүй байх талаар албан шаардлага өгсөн нь дээрх хуулийн заалтуудтай нийцсэн, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, энэ талаарх хариуцагчийн төлөөлөгчийн “... цаашид алдаа зөрчлийг давтан гаргах, таслан зогсоохгүй, үргэлжлүүлэх нөхцлийг бүрдүүлэх сөрөг үр дагавартай ...” гэсэн тайлбарыг хүлээн авах үндэслэлтэй.

4. Үндэсний аудитын газрын 2023 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн “Төлбөр барагдуулах тухай” 143/0150055, 144/0150055 дугаартай төлбөрийн актуудын тухайд:

4.1. “Төлбөр барагдуулах тухай” 143/0150055 дугаартай актаар Төлөөлөн удирдах зөвлөлийн даргын гадаад томилолтын зардалд 15,371,547.20 төгрөгийг тус байгууллагаас зарцуулсан нь Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д заасантай нийцэхгүй гэж үзэн зардлын үнийн дүнг Үндэсний аудитын газрын Төрийн сангийн дансанд төвлөрүүлэхийг даалгажээ.

   4.1.1. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд АНУ-ын Вашингтон ДиСи хотод  2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр болох Монгол Улсын Гадаад харилцааны яам, АНУ-ын Төрийн департмент хоорондын Эдийн засгийн бодлогын дөрөвдүгээр зөвлөлдөх уулзалтын хүрээнд хийгдэх Эрчим хүчний хамтын ажиллагааны хоёрдугаар яриа хэлэлцээрийн арга хэмжээнд Монгол Улсыг төлөөлж “ДДЦС” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.-г оролцуулахаар Эрчим хүчний яамнаас шийдвэрлэж, тус яамны Төрийн нарийн бичгийн даргын 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн В/185 дугаар албан бичгээр ТУЗ-ийн дарга Б.Е-ийн томилолтын зардлыг батлагдсан төсвийн дагуу холбогдох журмын хүрээнд гаргахыг “ДДЦС” ТӨХК-ийн гүйцэтгэх захиралд мэдэгдсэн байна.

4.1.2. Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д “үндсэн чиг үүрэг, үйл ажиллагаатай холбоогүй, хандив тусламжийн шинжтэй зарлага санхүүжилт гаргахгүй байх” гэж заасан бөгөөд Эрчим хүчний хамтын ажиллагааны яриа хэлэлцээрийн арга хэмжээнд Монгол Улсын төлөөлж, төрийн захиргааны төв байгууллагын гаргасан шийдвэрийн дагуу ТУЗ-ийн дарга оролцсоны улмаас гаргасан санхүүжилтийг нэхэмжлэгч хуулийн этгээдийн үндсэн чиг үүрэг, үйл ажиллагаатай хамааралгүй гэж үзэхээргүй байх тул энэ талаарх хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...төлөвлөгөөнд тусгагдаагүй зардал гаргасан, ажлын зорилго нь тус компанийн үйл ажиллагаатай хамааралгүй...” гэх гомдол үндэслэлгүй.

4.2. “Төлбөр барагдуулах тухай” 144/0150055 дугаартай актаар Төлөөлөн удирдах зөвлөлийн 10 гишүүнд 2022 оны ажлын үр дүнгийн шагналд 18,100,000 төгрөгийг олгосон нь Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 15 дугаар зүйлийн 15.1, 15.1.3, Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд төрийн өмчийн төлөөлөл хэрэгжүүлэх журам”-ын 7.7, 7.8-д заасантай нийцэхгүй байна гэж үзэн дээрх шагналын үнийн дүнг Үндэсний аудитын газрын Төрийн сангийн дансанд төвлөрүүлэхийг даалгажээ.

   4.2.1. Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Төсвийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдэд дараах зүйлсийг хориглоно” гээд 15.1.3-д “хууль тогтоомжид зааснаас өөр хэлбэрээр тэтгэмж, шагнал, урамшуулал, дэмжлэг олгох”, Засгийн газрын 2023 оны 84 дүгээр тогтоолоор батлагдсан Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд төрийн өмчийн төлөөлөл хэрэгжүүлэх журам”-ын 7.7-д “Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн энэ журамд заасан цалин хөлснөөс бусад баталгаа, хангамж эдлэхийг хориглоно” гэж тус тус заасан.

   4.2.2. Нэхэмжлэгч “ДДЦС” ТӨХК-иас дээрх хууль, журамд заасныг зөрчиж, Төлөөлөн удирдах зөвлөлийн 10 гишүүнд мөнгөн шагнал олгосон нь хэрэгт авагдсан баримт, хэргийн оролцогчдын тайлбараар тогтоогдож байна. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт, үндэслэлтэй, зөв болжээ.

   4.2.3. Дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэсэгт нэхэмжлэгч талаас давж заалдах гомдол гаргаагүй болно.

5. 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Зөвлөмжийн тухайд:

5.1. Үндэсний аудитын газрын 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Зөвлөмжийн 5.3. Татварын холбоотой асуудлын 7.2-т “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дагуу барилга, тоног төхөөрөмжийн худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг хувь тэнцүүлэн хасагдуулах” гэсэн заалттай нийцүүлж барилга, тоног төхөөрмжийн худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг хувь тэнцүүлэн хасагдуулах” зөвлөмжийг гаргажээ.

5.2. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5-д “үндсэн хөрөнгө бэлтгэхэд зориулж импортоор оруулсан буюу худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн болон үндсэн хөрөнгө худалдан авах, импортлоход төлсөн албан татварыг дараах хугацаагаар хувь тэнцүүлэн хасагдуулна” гээд 14.1.5.а-д “барилга, байгууламж 10 жилээр, 14.1.5.б-д “тоног төхөөрөмж 5 жилээр /Үүнд хайгуулын үйл ажиллагааны зардал хамаарна/, 14.1.5.в-д “энэ хуулийн 14.1.5.а, 14.1.5.б-д зааснаас бусад үндсэн хөрөнгийг шууд” гэж заасан.

5.3. Маргаан бүхий Үндэсний аудитын газрын 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Зөвлөмжийн 5.3. Татварын холбоотой асуудлын 7.2 дахь хэсэгт өгсөн зөвлөмж нь хуулийн дээрх зохицуулалттай нийцсэн, зөвлөмжийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

5.4. Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс “... Сангийн сайдын 2015 оны 333 дугаар тушаалаар батлагдсан “Нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийх, буцаан олгох, тэдгээрийг нятлан бодох бүртгэлд тусгах журам”-ын 2.2.4, 2.3 болон 2.31 дэх заалтуудад үндсэн хөрөнгийн засвар үйлчилгээний зардалтай холбоотой асуудлыг зохицуулаагүй ... дээрх зардлууд нь уг заалтад хамаарахгүй тул зөвлөмжийг хүлээн зөвшөөрөхгүй” гэж тайлбарлаж байгаа боловч Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5 дахь хэсэгт энэ талаар тодорхой заасан.

5.5. Хүчин төгөлдөр хуулийг давсан журмын хэрэгжилт байхгүй тул энэ талаарх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хүлээн авах боломжгүй.

6. Үндэсний аудитын газрын 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 07/819 дугаар хязгаарлалттай дүгнэлтийн тухайд:

6.1. Төрийн аудитын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-д “Төрийн аудитын байгууллага дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 6.3.1-д “шалгагдагч этгээдэд энэ хуулийн 11, 12 дугаар зүйлд заасны дагуу санхүүгийн тайлангийн, гүйцэтгэлийн болон нийцлийн аудит хийх”, 8 дугаар зүйлийн 8.1-д “Төрийн аудитын байгууллага Төсвийн тухай хуульд заасны дагуу улсын нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн байгууллага, төсөв захирагчийн жилийн төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайлан, санхүүгийн нэгтгэсэн тайлан, төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээрийн оролцоотой хуулийн этгээдийн жилийн санхүүгийн тайланд аудит хийнэ” гэж тус тус заасны дагуу хариуцагчаас “ДДЦС” ТӨХК-ийн 2022 оны жилийн эцсийн тайланд хяналт, шалгалт хийхдээ Аудитын Дээд Байгууллагын Олон Улсын стандартын дагуу илэрсэн алдаа зөрчлийн үнийн дүнгийн 1.0 хувиар тогтоосон байна.

6.2. Хяналт, шалгалтын дүнд нэхэмжлэгчийн алдаа, зөрчлийн дүн нь дээрх хэмжээнээс хэтэрсэн тул хязгаарлалттай дүгнэлт гаргажээ.

6.2. Уг хязгаарлалттай дүгнэлт нь маргаан бүхий Үндэсний аудитын газрын 2023 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 717/0150055, 718/0150055, 719/0150055 дугаар албан шаардлагууд, мөн өдрийн “Төлбөр барагдуулах тухай” 143/0150055, 144/0150055 дугаартай төлбөрийн актуудыг үндэслэн гарсан бөгөөд “Төлбөр барагдуулах тухай” 143/0150055 тоот актаас бусад актуудад дурдсан зөрчлүүд нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон гэж шүүх нэгэнт дүгнэсэн тул уг дүгнэлтийг хүчингүй болгох үндэслэлгүй.

7. Монгол Улсын Ерөнхий Аудиторын 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн “Санхүүгийн тайлангийн аудитаар тогтоосон акт, өгсөн албан шаардлагыг баталгаажуулах тухай” А/27 дугаар тушаалын тухайд:

7.1. Төрийн аудитын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “Монгол Улсын Ерөнхий аудитор дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гээд 29.1.10-д “энэ хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд аудит, захиргаа, боловсон хүчин, санхүүгийн үйл ажиллагааг чиглүүлж шийдвэр гаргах” гэж зааснаар Монгол Улсын Ерөнхий Аудиторын 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн “Санхүүгийн тайлангийн аудитаар тогтоосон акт, өгсөн албан шаардлагыг баталгаажуулах тухай” А/27 дугаар тушаалаар Төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн 2023 оны санхүүгийн тайлангийн аудитаар тогтоосон төлбөрийн актын жагсаалтыг нэгдүгээр, өгсөн албан шаардлагын жагсаалтыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталжээ.

7.2. Шүүх нэхэмжлэлийн “Үндэсний аудитын газрын 2023 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн “Төлбөр барагдуулах тухай” 143/0150055 дугаартай актыг хүчингүй болгуулах” шаардлагыг хангаж, үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Монгол Улсын Ерөнхий Аудиторын 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн “Санхүүгийн тайлангийн аудитаар тогтоосон акт, өгсөн албан шаардлагыг баталгаажуулах тухай” А/27 дугаар тушаалын хавсралт 1-ийн 32 дахь хэсгийг мөн адил хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагын “Үндэсний аудитын газрын 2023 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн “Төлбөр барагдуулах тухай” 143/0150055 дугаартай акт, Монгол Улсын Ерөнхий Аудиторын 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн “Санхүүгийн тайлангийн аудитаар тогтоосон акт, өгсөн албан шаардлагыг баталгаажуулах тухай” А/27 дугаар тушаалын хавсралт 1-ийн 32 дахь хэсгийг хүчингүй болгуулах” хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 128/ШШ2024/0895 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн аудитын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.3.1, 8 дугаар зүйлийн 8.1, 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2, 29 дүгээр зүйлийн 29.1.10, 29.3, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 15 дугаар зүйлийн 15.1, 15.1.3, 15.1.6, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “ДДЦС” ТӨХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, “Үндэсний аудитын газрын 2023 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн “Төлбөр барагдуулах тухай” 143/0150055 дугаартай акт, Монгол Улсын Ерөнхий Аудиторын 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн “Санхүүгийн тайлангийн аудитаар тогтоосон акт, өгсөн албан шаардлагыг баталгаажуулах тухай” А/27 дугаар тушаалын хавсралт 1-ийн 32 дахь хэсгийг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, Тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

    

 

ШҮҮГЧ                                                                       Т.ЭНХМАА

ШҮҮГЧ                                                                       Э.ЛХАГВАСҮРЭН

еРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БААТАРХҮҮ