Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 02

 

С-ын нэхэмжлэлтэй иргэний 
хэргийн тухай


Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Б.Ариунбаяр, Ерөнхий шүүгч Ш.Баттогтох нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн давж даалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар 
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 133/ШШ2017/443 дугаар шийдвэртэй, С-н нэхэмжлэлтэй, Төрийн хошой шагналт Ч.Лодойдамбын нэрэмжит Говь-Алтай аймгийн Ардын дуу бүжгийн “Алтай” чуулгад холбогдох,
Ч.Лодойдамбын нэрэмжит Ардын дуу бүжгийн “Алтай” чуулгын даргын 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн Б/71 дугаар сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт ажилгүй байсан хугацааны нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 09-ны өдөр хүлээн авч,  Ерөнхий шүүгч Ш.Баттогтохын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С, түүний өмгөөлөгч Ж.Мөнхнасан, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э, хариуцагчийн  өмгөөлөгч Ж.Мөнхнасан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов.
Нэхэмжлэгч С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч миний бие С нь 1981 оны 09 дүгээр сарын 8-ны өдөр төрсөн. Аав, ээж, дүү, 3 охины хамт амьдардаг. Нийгмийн ажилтан-Сэтгэлзүйч мэргэжилтэй. 2005 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс тус чуулгад хөгжимчнөөр орж ажилласан. Ажиллаж байх хугацаандаа үүрэг даалгаврыг тухай бүрд нь чанартай, алдаа дутагдалгүй биелүүлж, өөрийн авъяас чадварыг бүрэн дайчлан ажиллаж ирсэн. Ажиллах хугацаандаа өнөөг хүртэл сахилгын шийтгэл авч байгаагүй ба 2017 оны 07 дугаар сард аймгийн баяр наадам хөтөлсний төлөө сануулах арга хэмжээ авахуулсан. Тус чуулгын дарга Э нь 2016 оны 09 дүгээр сард дарга болсон цагаасаа хойш тус чуулгын хамт олонтой ёс зүйгүй харьцаж, хэл амаар доромжилж, амь амьдрал, нийгмийн гарал, эзэмшсэн мэргэжил, боловсрол, шашин шүтлэгээр ялгаварлан гадуурхах болсон.
Энэ хүний бусармаг, ёс зүйгүй үйлдэл нь миний ар гэр, найз нөхдийн хүрээлэл рүү хүртэл хазайн орж байна. Байгууллагын дотоод журам ба түүнд нэмэлт өөрчлөлт оруулсан заалтуудаа өөрийн дураар, дур мэдэн оруулж, үүнийгээ хөдөлмөрийн гэрээнд тусган оруулж гэрээ хийсэн болно. Сахилгын шийтгэлийг ногдуулахдаа урьдчилан надад сануулж мэдэгдээгүй, уран сайхны зөвлөлийн хурлаар авч хэлэлцээгүй, өөрөө дур мэдэн шийдсэн гэж үзэн энэхүү тушаалыг хүчингүй болгож өгнө үү. Сахилгын шийтгэл ногдуулсан 2017  оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн б/71 дугаартай  Говь-Алтай аймгийн Ардын дуу бүжгийн “Алтай” чуулгын даргын тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч С шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:  С миний бие 2005 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр анх Ардын дуу бүжгийн “Алтай” чуулгад хөгжимчнөөр орж 2017 он хүртэл тасралтгүй ажиллаж байна. Гэтэл 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Ардын дуу бүжгийн “Алтай” чуулгын даргын Б/80 дугаартай тушаалаар намайг ноцтой зөрчил гаргасан гэж үзэн ажлаас үндэслэлгүй чөлөөлж хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хууль бус байна гэж үзэж байна. Миний бие 2017 оны 10 дугаар сарын 5, 6-ны өдрүүдэд Ж-ийн ах дүүсийн ургийн баяр болох гээд намайг хөтлөгчөөр ажиллаж өгөөч гэхээр нь миний бие чөлөө хүссэн өргөдөл өгөх гээд дарга дээр орох гэтэл ажилдаа ирээгүй байсан. Ангийн ахлагч М-д өргөдлөө өгөхөд багш М нь даргад хэлээд танилцуулчихъя гээд авсан. Тэгэхэд хажууд хөгжимчин Б байж байсан юм. Мөн түүнчлэн 2017 оны 10 дугаар сарын 30, 31-ний өдрүүдэд манайд дуучин байсан М гэдэг хүний тоглолт болох гээд намайг хөтлөөд өгөөч гэхээр нь Халиун сумд очиж бүтэн сайн өдөр тоглолт хийгээд 30-ны өдөр буюу 1 дэх өдөр би ажилдаа ирсэн байсан. Харин 10 сарын 31-ний өдөр Завхан аймгийн Цагаанчулуут сумд болох тоглолтонд намайг хөтлөгчөөр авч явсан. Ингэж явахдаа манай Чуулгаас хөөмийч Б бүжигчин Г, М нарыг хамт авч явсан. Харин дуучин М хэлэхдээ бид бүгдийг даргад танилцуулаад чөлөө авсан гэж байсан. Иймд миний бие Ардын дуу бүжгийн Алтай чуулгын даргын 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн Б/71 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, 2017 оны 11 сарын 10-ны өдрийн Ардын дуу бүжгийн Алтай чуулгын даргын Б/80 дугаартай тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул уг тушаалыг хүчингүй болгож намайг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт ажилгүй байсан хугацааны нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ. 
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э шүүхэд ирүүлсэн тайлбар болон хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийн үндсэн шаардлага дээр маргахгүй зүйлгүй. Харин нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын тухайд 1. Хөгжимчин С нь Ардын хувьсгалын 96 жилийн ойн баяр наадмын нээлтийн концертод Алтай чуулгын үнэт эдлэл толгойн гоёлыг дарга, уран сайхны удирдагчийн чөлөө, зөвшөөрөлгүйгээр дур мэдэн худал хэлж авч хэрэглэж, Ардын дуу бүжгийн “Алтай” чуулгын даргын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А/03 тоот тушаалыг зөрчиж, сануулах сахилгын шийтгэл хүлээсэн болно. 2. Хөгжимчин С нь чуулгын нэгдсэн уран бүтээлийн тоглолтын эхлэл, гол чухал хэсэгт гараагүй, байгууллагын удирдлага болон байгууллагын нэр хүндийг олон түмэнд зохион байгуулалттайгаар сөргөөр сурталчлах, анги, хамт олныг хууль бус, буруу үйлдэл, эс үйлдэхүйд уруу татах, хооронд нь хагаралдуулж, талцуулах зэрэг сахилгын ноцтой зөрчил удаа дараа гаргаж 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн Б/71 дугаар тушаалаар үндсэн цалинг 1 сарын хугацаатай 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан. 3. Хөгжимчин С нь нэхэмжлэлдээ ангийн ахлагч М-д чөлөө хүссэн өргөдлөө өгсөн гэжээ. Ангийн багш М нь өргөдлийг байгууллагын дарга болон нарийн бичигт танилцуулаагүй, хүлээлгэж өгөөгүй. С-ын чөлөө хүссэн өргөдөл өгсөн талаар мэдээгүй болно. 4 Хөгжимчин С нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2017 оны 10 дугаар сарын 5, 6, 30, 31-ний өдрүүдэд буюу 3 хоногоос дээш хугацаагаар ажил тасалж, хөдөлмөрийн гэрээний 5.5.8, байгууллагын дотоод журмын 9.8.9 дэх заалтуудад заасан ноцтой зөрчлийг гаргасан тул 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тушаал шийдвэр нь хөдөлмөрийн болон бусад хууль тогтоомжийг зөрчөөгүй байх тул хөгжимчин У.Сайнжаргалын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх:Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7 дахь хэсэгт зааснаар Ч.Лодойдамбын нэрэмжит Говь-Алтай аймгийн Ардын дуу бүжгийн “ Алтай “ чуулгын даргын 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн Б/71 дугаартай С-д сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүйд тооцож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Индэрт багийн 3-24 тоотод оршин суух,  С-г Ч.Лодойдамбын нэрэмжит Говь-Алтай аймгийн Ардын дуу бүжгийн “Алтай” чуулгын хөгжимчний ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар С-ын ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор 542.640 төгрөгийг Ч.Лодойдамбын нэрэмжит Говь-Алтай аймгийн Ардын дуу бүжгийн “Алтай” чуулгаас гаргуулж, уг олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон суутгаж, үлдсэнийг нэхэмжлэгч С-д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар С-ийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулалт хийхийг Ч.Лодойдамбын нэрэмжит Говь-Алтай аймгийн Ардын дуу бүжгийн “Алтай” чуулгад үүрэг болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар, хариуцагч Ч.Лодойдамбын нэрэмжит Говь-Алтай аймгийн Ардын дуу бүжгийн “Алтай” чуулгаас ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагад 70200 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлагын хангагдсан хэмжээ 542.640 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 16.929 төгрөг, нийт 87.129 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид гаргуулан улсын орлогод оруулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдаж,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид нь шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыгтус тус дурдаж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э давж заалдах гомдолдоо: Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны  12-р сарын 08-ны өдрийн  133/ШШ2017/443 дугаартай  шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
Учир нь шүүх хэт нэг талыг барьж ажил олгогчийн эрх хэмжээнд хэт халдсан шийдвэрийг гаргаж байна. Учир нь тус байгууллага нь төрийн байгууллага бөгөөд төрийн байгууллагын өргөдөл гомдол хүлээж авч шийдвэрлэдэг явц хуулийн дагуу явагддаг болно. Учир нь С нь :
1-рт ажилтан байгууллагын удирдлагад шууд болон бичиг хэргийн ажилтанаар дамжуулж өргөдөл гомдолоо гаргаагүй.
2-рт уг өгсөн өргөдөл нь ажил тасалж яваад дараа нь даргад өгсөн гэж М-д хэлж байгаа
3-рт Сайнжаргал нь М-д өргөдөл өгөхдөө даргыг мэдвэл өг, мэдэхгүй бол битгий өргөдөл өг гэсэн болохыг хөгжим ангийн багш М мөн мэдүүлсэн
4-рт Өргөдөл гомдлоо шийдвэрлүүлээгүй байж ажлаа орхин явж байгаа ажилтаны хууль бус үйлдэл байсаар байхад шүүх хэт нэг талыг барьж үндэслэлгүй шийдвэр гаргаж байгаа нь үндэслэлгүй юм.
Түүнчлэн өнөөдрийн байдлаар С-ын өргөдөл байгууллагын өргөдөл гомдлын бүртгэлд бүртгэгдээгүй, чөлөө өгсөн болон өгөөгүй талаар ямар нэгэн шийдвэр гараагүй байгаа бөгөөд хөгжим ангийн багшийн ажлын байрны тодорхойлолт болон ажил үүрэгт ажилтаны өргөдөл гомдлыг хүлээж авах, шийдвэрлэх эрх хэмжээ байхгүй болохоо М шүүх хуралд мэдүүлсэн билээ.
Шүүх өргөдөл өгсөн л бол хүндэтгэн үзэх шалтгаан мөн гэсэн дүгнэлтийг хийж харин өргөдөлийг хэнд өгсөн, хэзээ өгсөн уг өргөдөл шийдвэрлэгдсэн эсэх дээр огт дүгнэлт хийлгүй байгууллагын даргын эрх хэмжээнд хэт халдсан шийдвэрийг гаргаж байгаа нь шудрага ёсонд нийцэхгүй байна гэж үзэж байна.
Соёл урлагын байгууллагын ажилтан нь хаана очиж ямар үйл ажиллагаанд оролцох нь тодорхой дэг журамтай байдаг бөгөөд байгууллагын дотоод журамд тодорхой заасан байдаг болно.
Уран сайхны зөвлөл нь ямар эрх хэмжээтэй болох нь байгууллагын дотоод журамд тодорхой тусгагдсан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн ажил олгогчийн шийдвэр гаргах эрх хэмжээнд нөлөөлөх эрхгүй болно.
Цагийн бүртгэл нь хурууны хээгээр болон   жижүүр бүртгэж байгаа нь шудрага ёсонд нийцэхгүй гэжээ тус байгууллага нь давхар бүртгэлтэй явдаг бөгөөд цахим бүртгэл нь зарим үед гацах бүртгэхгүй байх зэргээр янз бүр байдаг учир жижүүрийн бүртгэлээ голчилж цалин боддог болно. Мөн цахим бүртгэлээр С-ын цагийг тооцвол тасалсан цаг нь илүү байдаг болно.
Тухайн үед байгууллагын дарга ажиллаж байсан. Миний бие нь тус   байгууллагын   бичиг   хэргийн   ажилтан   бөгөөд   тухайн   өдөр С нь даргатай уулзахаар болон өргөдөл өгөх талаар огт асууж сураагүй болно. М гэж хүнд хэзээ өргөдөл өгч хэзээ даргад танилцуулсан болох нь тодорхойгүй, нотлогдоогүй. Ажлаа тасалж явчихаад дараа нь нөхөж өргөдөл өгч байгаа нь хүндэтгэн үзэх шалтгаан биш юм.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч нь тус аймгийн Ардын дуу бүжгийн “Алтай” чуулгын даргын 2017 оны 09 дүгээр сарын 22-ний өдрийн Б/71 дугаар “ С-ын үндсэн цалинг 1 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах ” тухай,  2017 оны 11 сарын 10-ны өдрийн Б/80 дугаар “С-ын хөдөлмөрийн гэрээг цуцлах “ тухай тушаалуудыг тус тус хүчингүй болгож ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх шаардлага бүхий  нэхэмжлэлийн шүүхэд  гаргажээ.
Ч.Лодойдамбын нэрэмжит Ардын дуу бүжгийн “Алтай” чуулгын даргын 2017 оны 09 дүгээр сарын 22-ний өдрийн Б/71 дугаар “ С-ын үндсэн цалинг 1 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах” тухай тушаалд заасан сахилгын шийтгэлийн үндэслэл болгон дурдсан зарим зөрчил болох:
- Нэхэмжлэгч С-ын тус байгууллагын удирдлага болон байгууллагын нэр хүндийг олон түмэнд зохион байгуулалттайгаар сөргөөр суртчилсан.
-   Анги хамт олныг хууль бус буруу үйлдэл, эс үйлдэхүйд уруу татсан, хооронд нь хагаралдуулж, талцуулсан зэрэг сахилгын ноцтой зөрчил удаа дараа гаргасан гэх байдал уг иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлогдож тогтоогдоогүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч энэ талаар маргах ямар нэг санал хүсэлтгүй /анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл, хэргийн 131-р хуудас/ байх тул энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэл бүхий гэж үзнэ.
Ч.Лодойдамбын нэрэмжит Ардын дуу бүжгийн “Алтай” чуулгын даргын 2017 оны 11 сарын 10-ны өдрийн Б/80 дугаар “С-ын хөдөлмөрийн гэрээг цуцлах “ тухай тушаалуудын тухайд:
Нэхэмжлэгч С-ын 2017 оны 10 дугаар сарын 05, 06-ны өдрүүдийн тус аймгийн Ардын дуу бүжгийн “Алтай” чуулгын цагийн цахим бүртгэлд  тасалсанаар бүртгэсэн байх бөгөөд нэхэмжлэгч С чөлөө хүссэн өргөдөлөө дарга Э-д өгөх гэсэн боловч эзгүй байсан тул ангийн ахлагч М-д үлдээгээд явсан гэж мэдүүлжээ. Уг байдал нь гэрч М-ын У-ын өргөдлийг даргадаа өгсөн гэх мэдүүлгээр /анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл, хэргийн 132-р хуудас/ тогтоогдож байна. Анхан шатны шүүх уг байдлыг хүндэтгэн үзэх шалтгаан хэмээн дүгнэснийг давж заалдах шатны шүүх үгүйсгээгүй болно.
2017 оны 10 дугаар сарын 30, 31-ны өдөр ажил тасалсан эсэх асуудлын талаар анхан шатны шүүх дүгнэхдээ ... байгууллагын дотоод журмын 5.4-т “ ажилтны хүсэлтээр цагаар чөлөө олгох чөлөөг ангийн багш олгоно.” гэсний дагуу  мэдэгдсэн байна. Гэрч М-ын мэдүүлгээр С 2017 оны 10 дугаар сарын 30-ны өглөө ирээгүй байсан. Утсаар ярихад Халиун сумд байна гээд 2017 оны 10 дугаар сарын 30 өдөр 14 цагт ажилдаа ирсэн байсан гэжээ. Хариуцагч маргаж буй үйл баримтын талаарх нэхэмжлэлийн үндэслэл шаардлагыг үгүйсгэж буй байдлыг нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ. 
Мөн ажилтан, ажил олгогч нар хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчлийг тогтоон заахдаа хөдөлмөрийн гэрээний 5.5.3-д “ хөдөлмөрийн гэрээнд зааснаас бусад сахилгын аливаа зөрчлийг давтан гаргасан, /урьд нь сахилгын шийтгэл ногдуулсан эсэхээс үл хамааран/ хөдөлмөрийн гэрээний 5.5.6-д Чуулгын санхүүгийн болон бусад тайлан тооцоог зориуд санаатай худал, буруу гаргасан гэх тухайн ажилтанд хамааралгүй заалт оруулсан, хөдөлмөрийн гэрээний 5.5.8-д хууль зөрчсөн бусад үйл ажиллагаа явуулсан, мөн гэрээний 5.5.9-д энэ зүйлд заасан зөрчлүүдтэй дүйцэхүйц хор уршигтай бусад зөрчил гаргасан гэх зэргээр ажилтан, ажил олгогч нар гэрээгээр тохирч, нэрлэн  заах ёстой ноцтой зөрчлийг хэтэрхий хавтгайруулан заасан байдал нь хөдөлмөрийн гэрээний дагуу хариуцлага тооцох, уг байдал нь үндэслэлтэй байх талуудын эрх, үүргийг бодитоор тодорхойлох нөхцөл байдлыг бууруулсан зэргийг дурьдах нь зүйтэй байна. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөллөгдөх тул хариуцагч Ч.Лодойдамбын нэрэмжит Ардын дуу бүжгийн “Алтай” чуулгаас тэмдэгтийн хураамжид төлсөн төгрөгийг буцаан олгохоор байна.


Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар
     зүйлийн  167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 133/ШШ2017/443 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Төрийн хошой шагналт Ч.Лодойдамбын нэрэмжит Говь-Алтай аймгийн Ардын дуу бүжгийн “Алтай” чуулгын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э-ын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар хариуцагч байгууллагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 87129 төгрөгийг тус аймгийн Татварын хэлтэсийн 69980001 тоот данснаас гаргуулж Ч.Лодойдамбын нэрэмжит Ардын дуу бүжгийн Алтай чуулгад буцаан олгосугай.

         3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах ба энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол  гаргах хугацаа тоолоход саад болохгүй бөгөөд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.


                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           С.ӨМИРБЕК

                                     ШҮҮГЧИД                            Б.АРИУНБАЯР

                                                                                  Ш.БАТТОГТОХ