| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хонгорын Энхзаяа |
| Хэргийн индекс | 102/2019/00548/и |
| Дугаар | 1195 |
| Огноо | 2019-04-09 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 1195
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, 12 дугаар байрны 267 тоотод оршин суух, Боржигин овогт Болдбаатарын Энхтүвшин /РД:ЧЖ81061164/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, 12 дугаар байрны 267 тоотод оршин суух, Бэсүд овогт Төмөрхуягийн Цацралт /РД:ЧН76032210/-д холбогдох,
Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, 37,700,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Энхтүвшин, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ганбаатар, хариуцагчийн өмгөөлөгч Р.Түвшинбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Аюушцэрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Энхтүвшин шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Энхтүвшин би хариуцагч Т.Цацралттай 2007 онд танилцаж, хамтран амьдарч эхэлсэн, бидний дундаас 2009 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр охин Ц.Мичидмаа төрсөн. Бид 2013 он хүртэл Т.Цацралтын аав ээжийн байр болох БГД-ийн 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, 12-267 тоотод амьдарч байсан. Уг байрыг Т.Цацралт өөрийн хамаатны хамт зарж борлуулан мөнгийг хэрэглэсэн. Мөн Т.Цацралтын хийж гүйцэтгэсэн ажлын хөлсөнд өгсөн БГД-ийн 6 дугаар хороо Жи Моол орон сууцны барилгын 7 давхрын 7 тоотод байрлах 3 өрөө 70мкв талбай бүхий байранд манай ээж гал тогооны тавилга, үүдний шкаф зэргийг 4,000,000 төгрөгөөр хийлгэсэн. Гэтэл уг орон сууцыг Голден парк хотхоны байраар сольж, зөрүү авч, 200,000,000 төгрөгөөр зарсан бөгөөд өөр эмэгтэйтэй гэр бүлийн харилцаатай болсныг хожим мэдсэн.
Б.Энхтүвшин би Т.Цацралттай хамтран амьдрахаас өмнө Япон улсад 2 жил гаруй хугацаагаар, хамт амьдарсны дараа 2 удаа БНСУ-д 3 сарын хугацаатай явж ажиллаж байсан. 2007 оноос өмнө буюу Т.Цацралттай хамтран амьдрахаас өмнө би хадгаламжийн данстай, өөрийн өмчлөлд автомашинтай, нилээд өндөр үнэ бүхий үнэт эдлэлтэй байсан. Энэ бүгдийг Т.Цацралт өөрийн хувийн хэрэгцээндээ зарцуулж дууссан. Амьдарсан цагаасаа хойш гэр бүлээ батлуулах талаар намайг удаа дараа хэлэхээр ямар нэгэн шалтаг хэлээд хойшлуулсаар 2018 оны 05 сар хүргэсэн. Түүнээс хойш тусдаа амьдарч байна. Миний бие анх 100,000,000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, дараах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Үүнд
1.Бидний дундаас төрсөн охин Ц.Мичидмаад 2009 оны 05 сараас эхлэн 16 нас хүртэлх хугацааны тэтгэлгийг бөөнөөр нь 1 удаа гаргуулах,
2. Б.Энхтүвшин миний 4,500,000 төгрөгөөр худалдаж авсан RVR маркийн автомашиныг Т.Цацралт нь зарж, мөнгийг хэрэглэсэн, мөн өөрийн мөнгөөр худалдаж авсан 55-77 УБП улсын дугаартай марк 2 авто машиныг 5,000,000 төгрөгөөр худалдсан мөнгийг Т.Цацралт өөрийн хэрэгцээндээ зарцуулсан. Миний үнэт эдлэлийг барьцаанд тавьж алдсаны нийт 9,000,000 төгрөг, манай ээж тэтгэврийн зээл авч гал тогооны тавилга авч өгсний үнэ 4,000,000 төгрөг, Т.Цацралт банкны зээлээ төлөхийн тулд манай ээжээс зээлсэн 2,200,000 төгрөг, миний хадгаламжийн дэвтрээс авч ашигласан 10,000,000 төгрөг, охин Ц.Мичидмаагийн хадгаламжнаас авч ашигласан 2,000,000 төгрөг, нийт 37,700,000 төгрөгийг нэхэмжилж байгаа гэв.
Хариуцагч Т.Цацралт болон өмгөөлөгч Р.Түвшинбат шүүхэд болон шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Энхтүвшингийн хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа боловч миний бие тодорхой, тогтмол эрхэлсэн ажилгүй, хувиараа олдсон ажлаа хийж орлого олдог тул тэтгэлгийг нэг удаад бөөнөөр нь төлөх санхүүгийн боломжгүй байна. Иймд миний санхүүгийн байдлыг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 40-р зүйл, 41-р зүйлийн 41.2.1 дэх хэсэгт заасны дагуу сараар, эсвэл улирлаар тэтгэлэг төлөх хугацааг тогтоож өгнө үү. Мөн анх Б.Энхтүвшинтэй танилцахад RVR маркийн машинтай байсан. Уг машин дээрээ 1,500,000 төгрөг нэмээд надаас Марк-2 маркийн машин авч байсан. Тэр машин нь зарагдаад өөр машин авах зэргээр 6-7 удаа солигдсон. Солих болгонд нь би мөнгө нэмж гаальтай, орж ирсэн машин авч сайжруулж өгдөг байсан. Хамгийн сүүлд нь 2014 онд би өөрийн мөнгөөр мазда КХ-8 загварын машин авч өгсөн. Тухайн машин нь 2015 оны 7 дугаар сарын 21-ны өдөр манай ээж аавын үлдээсэн 2 давхар зуслангийн байшингийн гаржид байхад Б.Энхтүвшингийн ээж н.Алтанцэцэгийн дүү н.Ганбат нь ахуйн гал алдсаны улмаас байшинтай хамт шатсан. Б.Энхтүвшин нь 5577 УБП дугаартай марк-2 машинаа 2011 онд цагаан сарын өмнө 5,500,0000 төгрөгөөр зараад мөнгийг нь өөрийн дансандаа байршуулан Солонгос улсын визэнд орохдоо зарцуулсан. Б.Энхтүвшин нь анх танилцахдаа ээмэг бөгжтэй байсан л байх. Яаж зарцуулсныг нь би мэдэхгүй. Ах эгч нар нь ломбарданд тавиулдаг байсан. Миний хувьд үнэт эдлэлийг нь зарж үрсэн зүйл огт байхгүй. Б.Энхтүвшинийг хадагламжиндаа 10,000,000 төгрөгтэй байсныг би мэдэхгүй, хадгаламжийн дэвтрийг нь харж байгаагүй. Авч ашигласан зүйл байхгүй. Гал тогооны тавилга хийсэн гэх 4,000,000 төгрөгийн хувьд намайг байхгүй үед, миний зөвшөөрөлгүйгээрБ.Энхтүвшингийн ээж н.Алтанцэцэг нь байранд оруулж тавьсан байсан. Тавилга нь байрны ханатай бэхлэгдсэн, салгаж ашиглах боломжгүй байсан тул уг байртайгаа хамт зарагдсан. Үүнийг баримт нь байгаа тохиолдолд төлж болно. 3,000,000 төгрөг гэж байсан тавилга одоо яагаад 4,000,000 төгрөг гээд байгааг ойлгохгүй байна. Миний ломбарданд тавьсан ачааны машины зээлийн хүүг н.Алтанцэцэгээр дамжуулан 2 удаа төлсөн нь үнэн. Тухайн үед би хөдөө ажлаар явж байхдаа сарын хүү болох 900,000 төгрөгийг н.Алтанцэцэгийн данс руу шилжүүлэн нэг удаа төлүүлсэн. Дараа нь н.Алтанцэцэг миний өмнөөс нэг сарын хүүг нь төлсөн. Би хөдөөнөөс ирээд уг мөнгийг нь буцааж өгч байсан. Иймд 2,200,000 төгрөг нэхэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Харин Охин Ц.Мичидмаагийн нэр дээр миний ээж н.Оюунхүү 2011 онд 200,000 төгрөгтэй хадгаламжийн дэвтэр нээлгэж байсан. Уг дансанд төрөөс олгодог хүүхдийн мөнгө ордог байсан. Энэ хадгаламжийг миний ээж н.Оюунхүү захиран зарцуулах эрхтэй байсныг талийгаач болсных нь дараа Б.Энхтүвшин өөрийн нэр дээр болгосон байсан. Яаж болгосныг мэдэхгүй. Өөрөө л ашигласан байх. Иймд Б.Энхтүвшингийн нэхэмжлэлээс үндэслэлгүй нэхэмжилсэн хэсгийг нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар: зохигчийн тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Энхтүвшин нь хариуцагч Т.Цацралтад холбогдуулан 100,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, охин Ц.Мичидмаад тэтгэлэгийг 1 удаа бөөнөөр нь гаргуулах, 37,700,000 төгрөг гаргуулахыг хүссэн байна.
Хариуцагч Т.Цацралт нь шүүх хуралдааныг өөрийнх нь эзгүйд хийлгэх тухай хүсэлтийг ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэв.
1.Охин Ц.Мичидмаад хүүхдийн тэтгэлэг гаргуулахын хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:Б.Энхтүвшин, Т.Цацралт нар нь 2007 онд танилцан, улмаар хамтран амьдарч эхэлсэн байх ба тэдний дундаас 2009 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр охин Ц.Мичидмаа төрж, тэд 2018 он хүртэл хамтран амьдарсан болох нь зохигчийн тайлбар, охин Ц.Мичидмаагийн төрсний бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.
Хариуцагч Т.Цацралт нь охин Ц.Мичидмаагийн эцэг мөн болохоо хүлээн зөвшөөрч байх ба хүүхдийн тэтгэлгийн Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан хэмжээгээр төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргаж байсан.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ... Охин Ц.Мичидмаад 2009 оны 5 сараас эхлэн 16 нас хүртэлх хугацааны тэтгэлгийг бөөнөөр нь 1 удаа гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байна.
Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3 дахь хэсэгт эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлгийг шүүх тогтооно гэжээ.
Нэхэмжлэгч Б.Энхтүвшин, хариуцагч Т.Цацралт нар нь 2018 он хүртэл хамтран амьдарсан гэх тул тэднийг хамтын амьдралын хугацаандаа охиноо хамтран тэжээн тэтгэсэн гэж үзэх үндэслэлтэй байхаас гадна шүүх тэтгэлгийн хэмжээг тогтоосноор хариуцагчид хүүхдийн тэтгэлэг төлөх үүрэг үүснэ.
Иймд нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнөх хугацааны тэтгэлгийг хариуцагчаас нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна.
Харин Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар охин Ц.Мичидмааг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /сурч байвал 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр хариуцагч Т.Цацралтаас сар бүр тэтгэлэг гаргуулан охин Ц.Мичидмааг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Охин Ц.Мичидмаа одоо 10 настай бөгөөд эх Б.Энхтүвшингийн асрамжид өсч байгаа ба охины асрамжийн асуудлаар талууд маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
2. 37,700,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Нэхэмжлэгч Б.Энхтүвшин нь хариуцагч Т.Цацралтаас 2006 онд 4,500,000 төгрөгөөр худалдаж авсан миний өмчлөлийн RVR маркийн автомашиныг бусдад худалдсан мөнгийг Т.Цацралт авч хэрэглэсэн учраас уг машины үнэ 4,500,000 төгрөгийг, би өөрийн 5,000,000 худалдаж авсан 55-77 УБП улсын дугаартай Тоёото марк 2 маркийн автомашиныг Т.Цацралт хувийн хэрэгцээндээ зарцуулсан тул уг машины үнэ 5,000,000 төгрөгийг, миний үнэт эдлэлийг барьцаат зээлийн газар 9,000,000 төгрөгний барьцаанд тавьж, мөнгийг хэрэглэсэн боловч үнэт эдлэлийг барьцаанаас авч чадалгүй алдсан учраас 9,000,000 төгрөгийг, манай ээж Д.Алтанцэцэг нь 4,000,000 төгрөгөөр гал тогооны тавилга хийлгэж өгсөн боловч уг тавилга нь байртайгаа хамт зарагдсан тул гал тогооны тавилганы үнэ 4,000,000 төгрөгийг, Т.Цацралт нь манай ээж Д.Алтанцэцэгээс 2,200,000 төгрөгийг зээлж, банкны зээлээ төлсөн тул энэхүү 2,200,000 төгрөгийг, миний хадгаламжийн 10,000,000 төгрөгийг Т.Цацралт нь авч хэрэглэсэн тул 10,000,000 төгрөгийг, охин Ц.Мичидмаагийн хадгаламжнаас 2,000,000 төгрөгийг Т.Цацралт нь авч хэрэглэсэн тул 2,000,000 төгрөгийг, нийт 37,700,000 төгрөгийг нэхэмжилж байна... гэж тайлбарлаж байна.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас үзэхэд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлжээ.
Хариуцагч Т.Цацралт нь нэхэмжлэлийн шаардлагаас гал тогооны тавилганы үнэд 3,000,000 төгрөгийг өгөхийг хүлээн зөвшөөрч, үлдэх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй маргаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх цуглуулах үүрэгтэй.
Хариуцагч Т.Цацралт нь нэхэмжлэгчийн өмчлөлийн 2 автомашиныг өөрийн хэрэгцээндээ авч хэрэглэсэн, худалдан борлуулсан үнийг авсан болон нэхэмжлэгчийн үнэт эдлэлийг барьцаат зээлийн газар барьцаанд тавьж мөнгийг хувьдаа хэрэглэсэн, мөн нэхэмжлэгчийн хадгаламжаас 10,000,000 төгрөгийг, охин Ц.Мичидмаагийн хадгаламжаас 2,000,000 төгрөгийг авч хэрэглэсэн гэх байдал хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна.
Өөрөөр хэлбэл хариуцагч Т.Цацралтыг нэхэмжлэгчийн өмчлөлийн эд зүйл, мөнгийг авч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна гэж үзлээ.
Түүнчлэн, нэхэмжлэгч Б.Энхтүвшингийн ээж Д.Алтанцэцэгээс хариуцагч Т.Цацралт 2,200,000 төгрөг зээлж, банкны зээлээ төлж байсан гэж нэхэмжлэгч нь хариуцагчаас 2,200,000 төгрөгийг нэхэмжилжээ. Энэхүү 2,200,00 төгрөг нь Т.Цацралт, Д.Алтанцэцэг нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүрэгтэй хамааралтай байх тул нэхэмжлэгч Б.Энхтүвшин нь энэхүү зээлийн гэрээний үүргийг хариуцагчаас шаардах эрхгүй байна гэж үзлээ.
Харин хариуцагч нь нэхэмжлэгч Б.Энхтүвшингийн ээж Д.Алтанцэцэг нь гал тогооны тавилга хийлгэж өгсөн болохыг хүлээн зөвшөөрч байх боловч уг гал тогооны тавилгыг 4,000,000 төгрөгөөр биш 3,000,000 төгрөгөөр хийж өгсөн тул 3,000,000 төгрөгийг өгөхөд татгалзах зүйлгүй гэсэн тайлбарыг гаргаж байна. Хэрэгт уг гал тогооны тавилгыг 4,000,000 төгрөгөөр хийлгэсэн гэх баримт авагдаагүй тул хариуцагчийн зөвшөөрсөн хэмжээгээр хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.
Дээрх үндэслэлээр хариуцагч Т.Цацралтаас 3,000,000 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Б.Энхтүвшинд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 34,700,000 төгрөгний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар охин Ц.Мичидмааг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Т.Цацралтаас сар бүр тэтгэлэг гаргуулан, тэжээн тэтгүүлсүгэй.
2.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Т.Цацралтаас 3,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Энхтүвшинд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 34,700,000 төгрөгний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 728,150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Цацралтаас улсын тэмдэгтийн хураамжид 133,150 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Энхтүвшинд олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭНХЗАЯА