Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 1351

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, Маргад хотхон, 82-10 тоотод байрлах, Онц шийдэл ХХК /РД:6008879/,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 7б-36 тоотод оршин суух, Гарьджин овогт Лүндэнгийн Энхтүвшин /РД:ВЙ75032601/ нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Дунд гол өөрийн байранд байрлах, Түмэнсүйх ХХК /РД:2562448/-д холбогдох,

 

Нэхэмжлэгч Онц шийдэл ХХК-ийн 113,312,000 төгрөг гаргуулах, нэхэмжлэгч Л.Энхтүвшингийн 63,375,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, Түмэн сүйх ХХК болон Л.Энхтүвшин нарын хооронд 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээ болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, Түмэнсүйх ХХК-ийн эзэмшлийн газрын 000321712 дугаартай гэрчилгээг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ууганбаяр, нэхэмжлэгчийнитгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч М.Ганцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Оюунчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Оюунбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Баярцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Онц шийдэл ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь Түмэн сүйх" ХХК-тай 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр 17/001 тоот Хамтран ажиллах гэрээ байгуулан Улаанбаатарт байрлах тус бүр нь 1000 м.кв талбайтай, 4 өвөл зуны хүлэмж нийт 4000 м.кв хэмжээтэй, халаалт усалгааны төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон хүлэмжийг буулган Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, 347 дугаар гарамын урд байрлах газарт нүүлгэн шилжүүлэх, барих, тус хүлэмжид нарийн ногоо буюу огурцы тарих, тарьсан огурцыг даршлах, борлуулах хэлбэрээр хамтран ажиллахаар тохиролцон, 100,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийх, хүлэмжийг нүүлгэх ажлыг 2017 оны 5 дугаар сарын 25-ны дотор хийх, 2017 оны 5 дугаар саын 31-ний өдрөөс огурцы хувиарлах, ингэхдээ 51/49 хувиар ашгаа хуваахаар гэрээ байгуулж гарын үсэг зурсан. Гэрээний дагуу хөрөнгө оруулалт хийж санхүүжүүлэн, нийт 113,312,000 төгрөгийг бэлнээр болон дансаар шилжүүлсэн. Гэрээнд заасны дагуу 4000 м.кв хүлэмжийг бусдад барьцаалахыг хориглосон байсан боловч уг хүлэмж болон газар талбай нь бүхэлдээ Голомт банкинд барьцаалагдсан, тэр асуудлаараа шүүхэд дуудагдсан нөхцөл байдлаа бидэнд хэлэлгүй зориуд санаатайгаар нуусан байсан бөгөөд хууран мэхэлж бидний санхүүжилтийг авсан байсан болно. Хүлэмжийг гэрээнд заасан хугацаанд барьж гүйцэтгээгүй, банктай байгуулсан гэрээнээс хамааран уг хөрөнгө нь бүхэлдээ битүүмжлэгдэн захиран зарцуулах боломжгүй болсон байсан ба сүүлд энэ талаар мэдэхэд бид асуудлаа шийдвэрлэх гэж байна түр хүлээгээч гэх мэт шалтаг тавьж байсан боловч мөн л цахилгаан болон бусад байгууллагатай байнгын асуудалтайгаас хамааран хүлэмжинд ногоо тариулах, ургац хураах зэрэг ажлууд нь хангалттай явагдахгүй гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй байсан.

Ийнхүү харилцан ашигтай хамтран ажиллах үүргээ биелүүлэх боломжгүй, нөхцөл байдлаа санаатай нуун, хууран мэхэлж, хөрөнгө оруулалт хийсний дараа дээрх байдал нь илэрснээр гэрээний дагуу ажиллах боломжгүй болох нь тодорхой болсон тул бид гэрээнээс татгалзах тухай мэдэгдлийг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүргүүлсэн.Энэ хугацаанд нэг л удаа огурцы нийлүүлсэн ба 4605,2 кг 1 кг нь 1,500төгрөгөөр тооцож 6,907,800 төгрөг өгсөн ба манайхаас өмнө нь 1,072,700 төгрөг огурцы борлуулж өгнө гэснийг хасаад 5,235,100 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр тооцоо нийлж гэрээ дүгнэсэн.Асуудлыг эвийн журмаар шийдвэрлэхээр удаа дараа оролдож саналыг нь сонсож, уулзалт хийж, утсаар ярьж байсан боловч, ямар ч санал санаачлага гаргахгүй байсан.. Иймд Түмэнсүйх ХХК-д оруулсан хөрөнгө оруулалт болох 113,312,000 төгрөгийг шүүхээр нэхэмжилснээс нэхэмжлэлийн шаардлагаа 4,640,000 төгрөгөөр багасгаж, 108,672,000 төгрөгийг нэхэмжилж байна. Энэхүү нэхэмжлэлийн шаардлагын задаргааг авч үзвэл: хариуцагч талд дансаар шилжүүлсэн 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 3,000,000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 10,000,000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр шилжүүлсэн 24,000,000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 11,560,000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 500,000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 19-ны өдрийн 5,500,000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 10,000,000 төгрөг, 8 дугаар сарын 21-ний өдрийн 4,172,000 төгрөг , бэлнээр хүлээлгэн өгсөн 2017 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 4,000,000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 15,000,000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 12,000,000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 8,940,000 төгрөг, нийт 108,672,000 төгрөг болж байгаа болно гэжээ.

 

Хариуцагч Түмэнсүйх ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Тооцооноос харахад хамтран ажиллах гэрээ нь 5 жилийн хугацаатай хийгдсэн. Онц шийдэл ХХК-ийн зүгээс эхний ээлжид 100 сая төгрөг оруулах байсан гэтэл нэхэмжлэгч тал 113 сая төгрөг нэхэж байна. Гэрээнээс хэн аль нь татгалзах талаар 2018 оны10 сараас эхлэн албан бичиг хүргүүлэн мэдэгдсэн байдаг. Тэр үеэс хойш хамтран ажиллах ажил зогссон. Хамтран ажиллах гэрээний дагуу Онц шийдэл ХХК зүгээс 100,000,000 төгрөгний хөрөнгө оруулалт хийгээгүй. 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүлэмжийн үйл ажиллагааны эргэлтийн хөрөнгө гэж Я.Эрдэнэбаярын 5129002133 гэсэн дансанд 25,000,000 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 23-нд 11,560,000 төгрөгийг Я.Эрдэнэбаярын дансанд хийсэн, 2017 оны 07 дугаар сарын 25-нд Л.Энхтүвшингийн нэрээр 500,000 төгрөг Я.Эрдэнэбаярын дансанд орсон, 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 5,500,000 төгрөгийн хүлэмжийн үйл ажиллагааны зардал гэж Онц шийдэл ХХК-аас Я.Эрдэнэбаярын дансанд орсон, 2017 оны 07 дугаар сарын 28-нд Онц шийдэл ХХК-аас Я.Эрдэнэбаярын дансанд 10,000,000 сая төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 21-нд 4,172,000 төгрөг цехийн засвар гэж Онц шийдэл ХХК-аас ЯЭрдэнэбаярын дансанд орсон, 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 3,000,000 төгрөг хүлэмж барьсан цалин гэж Онц шийдэл ХХК-аас Я.Эрдэнэбаярын дансанд мөн орж нийт 59,732,000 төгрөг дансаар орж ирсэн. 2017 оны 05 дугаар сарын 31-нд Я.Оюунчимэгийн Хаан банкны 5129002122 дугаартай дансанд 10,000,000 сая төгрөг орж ирсэн. Я.Эрдэнэбаярт бэлнээр Онц шийдэл ХХК-аас 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 12,000,000 төгрөг бэлнээр, 2017 оны 06 дугаар сарын 10-нд 4,000,000 төгрөг бэлнээр өгсөн бөгөөд бэлэн болон дансаар өгсөн мөнгө нь нийт 87,732,000 төгрөг болж байна. Хамтран ажиллах гэрээний дагуу энэ мөнгийг хариуцагч тал төлөх ёстой ч хамтын үйл ажиллагаанаас олсон ашгаас төлөх ёстой. Хамтын үйл ажиллагаанаас олсон ашиг гэж байхгүй. Хүлэмжийг нэг газраас нөгөөд нүүлгээд барьсан. Хамтран ажиллах гэрээний дагуу хөрөнгө оруулалт хийгээд олсон үр ашгийг 51/49 хуваар хүртэхээр гэрээнд заасан. Гэтэл бэлтгэх үйл ажиллагааны эдгээр мөнгө хариуцагчийн дансанд орсон тэрнээс биш ашиг огт ороогүй. Хүртсэн ашиг гэж байхгүй. Ашгаас эргэн төлөлт хийгдэх байсан болохоор хүлээн зөвшөөрөхгүй. Энэ компанитай хамтран ажиллах гэрээ хийгээгүй бол хүлэмжийг барих, эдгээр төлбөрийг зарлагадах хэрэг байгаагүй. Ашиг аль аль нь олоогүй тул төлөх шаардлага байхгүй.

 

Нэхэмжлэгч Л.Энхтүвшин шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Л.Энхтүвшин нь Түмэн сүйх ХХК-ийн захирал Я.Эрдэнэбаяртай компанийн хүлэмжийн эргэлтийн хөрөнгийг нэмэгдүүлэх зориулалтаар 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 32,500,000 төгрөгийг 2,5 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатай зээлүүлсэн. Зээлийн гэрээнд барьцааны гэрээ байгуулан Түмэн сүйх ХХК-ийн өмчлөлийн БГД-ийн 20 дугаар хороо, үйлдвэрийн бус 4/16103 хаягт байрших 000321712 дугаар гэрчилгээтэй, 1,150 м.кв талбайтай газрыг барьцаалан гэрээнд гарын үсэг зурж, нотариатаар баталгаажуулсан.

Энэхүү зээлийн гэрээг байгуулахаас өмнө Л.Энхтүвшин нь Түмэнсүйх ХХК-ийн ажилтан Я.Оюунчимэгтэй зээлийн гэрээ байгуулан 10,000,000 төгрөгийг шилжүүлсэн байдаг ба Л.Энхтүвшин нь Түмэнсүйх ХХК-тай 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн зээлийн гэрээ байгуулахдаа Я.Оюунчимэгт зээлүүлсэн 10,000,000 төгрөг дээр нэмж 25,000,000 зээлүүлэхээр тохирч уг мөнгөнөөс Я.Оюунчимэгт зээлүүлсэн 10,000,000 төгрөгний хүүг хасч нийт 32,500,000 төгрөгөөр зээлийн гэрээ байгуулахаар тохирсон байдаг. Энэхүү тохиролцооны дагуу 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Түмэнсүйх ХХК-ийн захирал Я.Эрдэнэбаярын данс руу 25,000,000 төгрөгийг шилжүүлсэн.

Энэхүү зээлийн гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч тал төлбөрөө төлөөгүй өнөөг хүрч байна. Удаа дараа зээлийн төлбөр төлөхийг шаардсан боловч төлбөр төлөхгүй хугацаа авч шалтаг тоочиж байсан. Иймд хариуцагч Түмэнсүйх ХХК-иас үндсэн зээл 32,500,000 төгрөг, хүү 9,750,000 төгрөг, алданги 21,125,000 төгрөг, нийт 63,375,000 төгрөгийг гаргуулж, үүргийг гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох газраар хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Түмэнсүйх ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Л.Энхтүвшин нь Түмэнсүйх ХХК-ийн зүгээс зээлийн гэрээгээр зээлдүүлсэн, зээлээ хугацаанд төлөөгүй гэж алдангийн хамт 63,000,000 төгрөг нэхэж байгаа. Л.Энхтүвшингээс манай компанинь 32,500,000 төгрөгийг зээлсэн зээлийн гэрээний дагуу бодитоор мөнгө хүлээн аваагүй. 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Л.Энхтүвшин, Я.Оюунчимэг нарын хооронд 202 дугаартай зээлийн гэрээ хийгдсэн бөгөөд 10,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаатай 0,5 хувийн алданги тооцохоор байгуулаад Я.Оюунчимэгийн данс руу 10,000,000 төгрөг шилжсэн. 32,500,000 төгрөгийн зээлийн гэрээ хийгдсэн боловч бодит байдлаар мөнгө нь орж ирээгүй. Энэхүү зээлийн гэрээг газар барьцаалсан барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэхийн тулд нөхөж хийсэн. Л.Энхтүвшингээс Я.Оюунчимэгийн зээлийн гэрээний дагуу авсан 10,000,000 төгрөг нь хүлэмжийн ажлын эргэлтийн хөрөнгөнд зарцуулагдсан. Тиймээс манайх 10,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрнө харин 32,500,000 төгрөгийг зөвшөөрөхгүй. Уг 32,500,000 төгрөгийг гэрээ нь хууль зөрчиж хийсэн гэрээ гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь 32,500,000 төгрөгийг Түмэнсүйх ХХК-д өгсөн гэж нэхэмжилж байгаа ч дансаар шилжүүлсэн болон бэлнээр өгсөн гэдэг зүйл нотлогдохгүй байх тул нэхэмжлэгч Л.Энхтүвшингийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Түмэнсүйх ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн Л.Энхтүвшин нь Курт гэгч настайдуу Голланд улсын иргэний орчуулагч гэж өөрийгөө танилцуулж, манайтай хамтран ажиллахын тулд Онц шийдэл ХХК-ийг бүртгүүлсэн. Уг компанийн нэрээр манай Түмэн сүйх ХХК-тай хамтран хүлэмжийн аж ахуй эрхлэе, хөрөнгө оруулалт хийе гэж удаа дараа санал тавьснаар бид хамтран ажиллахаар тохиролцож, 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 17/001 тоот гэрээ байгуулсан юм. Хоорондын таарамжгүй харилцаа, итгэл алдсантай холбоотойгоор 2018 оноос хамтран ажиллах ажиллагаа зогссон юм. Энэ үед иргэн Л.Энхтүвшин нь бидний харилцаа, тодорхой хэмжээний банкны өр төлбөртэйг ашиглан хувиараа Түмэнсүйх ХХК-ийн хувьцаа эзэмшигч иргэн Я.Оюунчимэг надтай 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 10,000,000 төгрөгийг зээлүүлсэн юм. Гэхдээ энэхүү мөнгө хамтран ажиллах гэрээний дагуу хүлэмжийн үйл ажиллагаанд зарцуулах мөнгө гэдгийг мэдэж байсан.

Гэтэл Я.Оюунчимэг надад зээлсэн 10,000,000 төгрөгний зээлийн гэрээнд барьцаа тавихыг шаардаж, улмаар Түмэнсүйх ХХК-ийн газрыг барьцаалахын тулд 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 32,500,000 төгрөгний зээлийн гэрээг хийсэн ба энэхүү гэрээний дагуу Түмэнсүйх ХХК-д 32,500,000 төгрөгийг дансаар болон бэлнээр шилжүүлээгүй болно. Иймд 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 32,500,000 төгрөгний зээлийн гэрээ нь Я.Оюунчимэгт зээлсэн 10,000,000 төгрөгний зээлийн гэрээнд газар барьцаалах зорилгоор нөхөж, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хууль зөрчиж хийсэн гэрээ юм.

Иймд 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн Л.Энхтүвшин болон Түмэн сүйх ХХК нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, Түмэн сүйх ХХК-ийн эзэмшлийн БГД-ийн 20 дугаар хороо, үйлдвэрийн бүс, 4/16103 хаягт байрлах 000321712 дугаартай гэрчилгээтэй, 1150 м.кв талбайтай газрын гэрчилгээг нэхэмжлэгч Л.Энхтүвшингээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Л.Энхтүвшингийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд болон шүүх хуралдаан дээр сөрөг нэхэмжлэлд хариу тайлбар гаргахдаа...

2017 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Л.Энхтүвшин болон Түмэнсүйх ХХК-ийн хооронд 32,500,000 төгрөгний зээлийн гэрээ байгуулагдсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцааны гэрээ байгуулсан ба БГД-ийн 20 дугаар хороо, үйлдвэрийн бүс 4/16103 хаягт байрлах 000321712 дугаар бүхий гэрчилгээтэй газрыг барьцаалсан.Зээлийн гэрээ болон барьцааны гэрээ нь нотариатаар батлуулсан хүчин төгөлдөр хэлцэл болно. Зээлийн гэрээнд заасан мөнгөн төлбөрийг зээлдэгч нь хүлээн авсан болно.

Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв..

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон зохигчийн тайлбарыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Онц шийдэл ХХК нь хариуцагч Түмэнсүйх ХХК-д холбогдуулан 113,312,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг, нэхэмжлэгч Л.Энхтүвшин нь хариуцагч Түмэнсүйх ХХК-д холбогдуулан 63,375,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг, хариуцагч Түмэнсүйх ХХК нь нэхэмжлэгч Л.Энхтүвшинд холбогдуулан 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Зээлийн гэрээ болон Барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, Түмэнсүйх ХХК-ийн эзэмшлийн газрын 000321712 дугаартай эзэмших эрхийн гэрчилгээг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ.

 

Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэг: Нэхэмжлэгч Онц шийдэл ХХК нь хариуцагч Түмэнсүйх ХХК-д холбогдуулан гаргасан 113,312,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч Онц шийдэл ХХК нь шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа 4,640,000 төгрөгөөр багасгаж, 108,672,000 төгрөгийг нэхэмжилж байна.

 

Талууд 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 17/001 дугаартай Хамтран ажиллах гэрээ байгуулж, Улаанбаатар хотод байрлах тус бүр нь 1000 м.кв талбайтай 4 ширхэг хүлэмж буюу нийт 4000 м.кв талбай бүхий хүлэмжийг буулган Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, 347 дугаар гарамын урд байрлах газарт нүүлгэн шилжүүлэх, барих, тус хүлэмжид нарийн ногоо буюу огурцы тарих, тарьсан ногоог даршлах, борлуулах хэлбэрээр хамтран ажиллахаар тохиролцож, гэрээний А тал буюу нэхэмжлэгч Онц шийдэл ХХК нь 100,000,000 төгрөгний хөрөнгө оруулалт хийх, Б тал буюу хариуцагч Түмэн сүйх ХХК нь хүлэмж нүүлгэн шилжүүлж, барих газар, хүлэмжийн төмөр карказ, тарилтад шаардлагатай бүх дотоод тоног хэрэгсэл зэргийг хариуцах үүрэг хүлээж, гэрээг 5 жилийн хугацаатайгаар байгуулсан байх ба гэрээний хүчин төгөлдөр байдал, гэрээ байгуулагдсан эсэх дээр талууд маргахгүй байна.

 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний шинж, талуудын эрх үүрэг, гэрээний зүйл зэргээс үзвэл тэдний хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт зааснаар хамтран ажиллах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэж үүсэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Онц шийдэл ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлахдаа...Гэрээнд заасны дагуу хамтран ажиллах гэрээний зүйл болох 4000 м.кв талбайтай хүлэмжийг бусдад барьцаалахыг хориглосон. Гэтэл хариуцагч тал хүлэмжийг Голомт банк ХХК-ийн барьцаанд тавьсан байсан тул хамтын үйл ажиллагаа цаашид үргэлжлэх боломжгүй болсон учраас гэрээг цуцалж, оруулсан хөрөнгө оруулалтаа буцаан шаардаж байна... гэж тайлбарлаж байгаа бол хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байх ба үндэслэлээ... хамтран ажиллах гэрээний дагуу оруулсан хөрөнгө оруулалтыг компанийн захирал Я.Эрдэнэбаяр болон Я.Оюунчимэг нарын хувийн дансаар болон бэлнээр хүлээн авч байсан бөгөөд нийт хөрөнгө оруулалтад 87,732,000 төгрөгийг хүлээн авсан, ... хамтын гэрээний дагуу оруулсан хөрөнгө оруулалтыг хамтын үйл ажиллагаанаас олсон ашгаас буцаан өгөхөөр тохиролцсон, хамтын үйл ажиллагааны улмаас ямар нэгэн ашиг олоогүй тул уг хөрөнгө оруулалтыг буцаан өгөх хууль зүйн үндэслэлгүй... гэж тайлбарлаж байна.

 

Нэхэмжлэгч Онц шийдэл ХХК нь 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хамтран ажиллах гэрээг цуцалж, оруулсан хөрөнгө оруулалтаа буцаан авах тухай мэдэгдлийг хүргүүлж байсан байх ба хариуцагч тал хамтран ажиллах гэрээ 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөр дуусгавар болсон гэх тайлбарыг шүүх хуралдааны явцад гаргаж байна.

 

Иймд Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.2.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр талуудын хооронд байгуулагдсан хамтран ажиллах 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөр дуусгавар болсон гэж үзэх үндэслэлтэй.

 

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэжээ.

 

Зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч тал нь хариуцагч талыг гэрээнд заасан үүргээ зөрчсөн буюу хүлэмжийг банкны барьцаанд тавьснаар хамтын үйл ажиллагаа үргэлжлэх боломжгүй гэх үндэслэлээр гэрээнээс татгалзсан байх ба хамтын үйл ажиллагааны улмаас ашиг олсон гэх байдал тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Онц шийдэл ХХК нь хамтран ажиллах гэрээний дагуу оруулсан хөрөнгө оруулалтаа буцаан шаардах эрхтэй байна.

 

Нэхэмжлэгч нь хамтран ажиллах гэрээний дагуу нийт 108,672,000 төгрөгний хөрөнгө оруулалт оруулсан гэж тайлбарлан, хариуцагч Түмэнсүйх ХХК-ийн захирал Я.Эрдэнэбаярын Хаан банкны дансаар 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 3,000,000 төгрөгийг, 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 11,560,000 төгрөгийг, 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөгийг, 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдөр5,500,000 төгрөгийг, 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 10,000,000 төгрөгийг, 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 4,172,000 төгрөгийг, хувьцаа эзэмшигч Я.Оюунчимэгийн Хаан банкны дансаар 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 10,000,000 төгрөгийг, 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Итозмон ХХК-иар дамжуулан 24,000,000 төгрөгийг, бэлнээр 2017 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 4,000,000 төгрөгийг, 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 15,000,000 төгрөгийг, 2017 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 12,000,000 төгрөгийг, 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 8,940,000 төгрөгийг тус тус хүлээлгэн өгч, нийт108,672,000 төгрөгийг шилжүүлсэн гэж тайлбарлаж байна.

 

Хариуцагч Түмэн сүйх ХХК нь хамтран ажиллах гэрээний дагуу оруулсан хөрөнгө оруулалтыг тус компанийн захирал Я.Эрдэнэбаяр, хувьцаа эзэмшигч Я.Оюунчимэг нарын дансаар болон бэлнээр хүлээн авч байснаа хүлээн зөвшөөрч байх ба захирал Я.Эрдэнэбаярын дансаар 2017 оны 08 дугаар сарын 31-ны өдөр 3,000,000 төгрөгийг, 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 11,560,000 төгрөгийг, 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөгийг, 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 5,500,000 төгрөгийг, 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 10,000,000 төгрөгийг, 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 4,172,000 төгрөгийг, хувьцаа эзэмшигч Я.Оюунчимэгийн Хаан банкны дансаар 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 10,000,000 төгрөгийг, бэлнээр 2017 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 4,000,000 төгрөгийг, 2017 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 12,000,000 төгрөгийг тус тус хүлээн авч, нийт 60,732,000 төгрөгийг хүлээн авснаа зөвшөөрч байна.

 

Харин нэхэмжлэгчээс 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдөр бэлнээр өгсөн гэх 15,000,000 төгрөгийг, 05 дугаар сарын 10-ны өдөр бэлнээр өгсөн гэх 8,940,000 төгрөгийг бэлнээр хүлээж аваагүй, 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Итозмон ХХК-иар дамжуулан шилжүүлсэн гэх 24,000,000 төгрөгийг хүлээн авсан боловч энэ нь хамтран ажиллах гэрээтэй хамааралгүй, ИтозмонХХК-иас орж ирсэн мөнгө тул Түмэн сүйх ХХК-д шаардах эрхгүй гэж маргаж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь өөрийн шаардлага болон татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч талд 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдөр бэлнээр 15,000,000 төгрөгийг өгсөн гэдгээ нотлохоор 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн мөнгө хүлээн авсан, хүлээлгэн өгсөн баримт гэх баримтыг хэрэгт нотлох баримтаар өгсөн байх ба уг баримтад Онц шийдэл ХХК-ийн захирал Л.Энхтүвшин, Түмэн сүйх ХХК-ийн захирал Я.Оюунчимэгт хүлэмж барих, нүүлгэх, огурцы тарих төслийн ажлын хүрээнд дараах мөнгийг бэлнээр олгов. 1. 10,000,000 төгрөг, 2. 15,000,000 төгрөг гэж тэмдэглэгдсэн байна.

Энэхүү баримтыг нэхэмжлэгч тал тайлбарлахдаа 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдөр бэлнээр 15,000,000 төгрөгийг Я.Оюунчимэгт өгөхдөө энэхүү баримтыг үйлдсэн ба Я.Оюунчимэгтэй Л.Энхтүвшин нь 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу өгсөн 10,000,000 төгрөгний баримтыг нэгтгэж үйлдсэн гэж тайлбарласныг хариуцагч тал нотлох баримтаар үгүйсгэж чадаагүй тул нэхэмжлэгчийг 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хариуцагч талд хамтран ажиллах гэрээний хөрөнгө оруулалтад 15,000,000 төгрөгийг шилжүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Мөн нэхэмжлэгч нь 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Итозмон ХХК-иар дамжуулан хариуцагч талд 24,000,000 төгрөгийг шилжүүлсэн гэдгээ нотлохоор тус компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, нягтлан бодогч Х.Баасанбатын 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 001/24 дугаартай Санхүүгийн тодорхойлолт гэх баримтуудыг ирүүлсэн байх боловч тэдгээрийг үндэслэн Онц шийдэл ХХК-ийн даалгавраар Итозмон ХХК нь Түмэн сүйх ХХКруу 24,000,000 төгрөгийг шилжүүлсэн гэж үзэх боломжгүйгээс гадна уг мөнгийг Онц шийдэл ХХК нь шаардах эрхтэй гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгч 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хариуцагчид 8,940,000 төгрөгийг бэлнээр өгсөн гэж тайлбарлаж байх боловч энэ нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байх тул хариуцагч талд 8,940,000 төгрөгийг өгсөн гэж үзэхгүй.

 

Иймд дээрх үндэслэлээр хариуцагч талын нэхэмжлэгчээс хүлээн авснаа зөвшөөрсөн 60,732,000 төгрөгийг, нотлох баримтаар нотлогдсон 15,000,000 төгрөгийг, нийт 75,732,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх 32,940,000 төгрөгний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Харин Итозмон ХХК нь хариуцагчаас 24,000,000 төгрөгөө шаардахад энэ шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.

 

Хоёр: Нэхэмжлэгч Л.Энхтүвшингийн хариуцагч Түмэнсүйх ХХК-д холбогдуулан гаргасан 63,375,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн үндсэн нэхэмжлэлийн шаардлага болон Түмэн сүйх ХХК, Л.Энхтүвшин нарын хооронд 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээ болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, Түмэнсүйх ХХК-ийн 1150 м.кв талбайтай газрын 000321712 дугаартай гэрчилгээг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч Л.Энхтүвшин нь 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хариуцагч Түмэнсүйх ХХК-д 32,500,000 төгрөгийг 12 сарын хугацаатайгаар, сарын 2,5 хувийн хүүтэйгээр зээлэхээр харилцан тохиролцож зээлийн гэрээ байгуулан гарын үсэг зурж, нотариатаар баталгаажуулсан байх ба уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хариуцагч Түмэнсүйх ХХК-ийн эзэмшлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, үйлдвэрийн баруун бүс-4/16103 хаягт бүртгэлтэй, ногоо тарих зориулалттай, 1150 м.кв талбайтай, 000321712 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээтэй газрыг барьцаалан,нотариатаар баталгаажуулан улсын бүртгэлд бүртгүүлсэн болох зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлахдаа...анх 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Я.Оюунчимэгт 10,000,000 төгрөгийг сарын 2,5 хувийн хүүтэйгээр зээлсэн. Гэтэл дараа нь Түмэн сүйх ХХК-иас мөнгө зээлээч гэсэн хүсэлт тавьсны дагуу Я.Оюунчимэгт зээлсэн 10,000,000 дээрээ нэмж 25,000,000 төгрөгийг зээлэхээр тохиролцож, уг мөнгөнөөс Я.Оюунчимэгт зээлсэн мөнгөний хүүг суутган нийт 32,500,000 төгрөгний зээлийг гэрээг байгуулсан. Энэхүү гэрээний дагуу 2017 оны 06 дугаар сарын 09-ны өдөр Я.Эрдэнэбаярын данс руу 25,000,000 төгрөгийг шилжүүлсэн гэж тайлбарлаж байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй маргаж байх ба үндэслэлээ...зээлийн гэрээний дагуу 32,500,000 төгрөгийг хүлээн аваагүй, Я.Оюунчимэгтэй 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан 10,000,000 төгрөгийг зээлсэн зээлийн гэрээнд барьцаа шаардсан учраас, газар барьцаалж, уг барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэхийн тулд 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн зээлийн гэрээг байгуулсан гэж... тайлбарлан уг гэрээ нь өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бусд тооцуулж, барьцаалсан газрын гэрчилгээг нэхэмжлэгчээс гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган мэтгэлцэж байна.

 

Хэрэгт авагдсан баримтаар талуудын хооронд байгуулагдсан энэхүү гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байхаас гадна хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна гэж үзлээ.

 

Харин энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд заасан гэрээний талуудын чөлөөт байдлыг хангасан, талууд гарын үсгээ зурж баталгаажуулсан хүчин төгөлдөр хэлцэл байх ба гэрээний шинж, гэрээний зүйл, талуудын эрх, үүрэг зэргээс дүгнэвэл зохигчийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно гэжээ.

 

Нэхэмжлэгч нь энэхүү зээлийн гэрээний үнийн дүнд Я.Оюунчимэгтэй 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний 10,000,000 төгрөгийг нэмсэн гэж тайлбарлаж байх боловч Я.Оюунчимэгийн зээлийн гэрээний үүргийг Түмэнсүйх ХХК нь шилжүүлсэн авсан гэх баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Харин уг зээлийн гэрээний дагуу 25,000,000 төгрөгийг Түмэнсүйх ХХК-ийн захирал Я.Эрдэнэбаярын 5129002133 дугаартай Хаан банкны дансаар шилжүүлсэн болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч Л.Энхтүвшинг зээлийн гэрээний дагуу 25,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн гэж үзэхээр байна.

 

Иймд нэхэмжлэгч нь зээлийн гэрээний дагуу шилжүүлсэн 25,000,000 төгрөг, түүнд ногдох хүү, алдангийг шаардан, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах эрхтэй байна.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэж хуульчилсан.

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 5 дугаар зүйлд зээлийн гэрээний үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхөөр тохиролцсон нь хуульд нийцсэн байна.

 

Иймд хариуцагч Түмэнсүйх ХХК-иас зээлийн үндсэн төлбөрт 25,000,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 7,500,000 төгрөг /2017.6.1-2018.6.1=12 сар*625000 төгрөг/, алдангид 13,812,500 төгрөг /2018.6.1-2018.9.25= 85 хоног* 162,500төгрөг/ нийт 46,312,500 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Л.Энхтүвшинд олгож, хариуцагч энэхүү зээлийн төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах нь Иргэний хуулийн 153 дугаар зүйлд заасантай нийцнэ.

 

Дээрх үндэслэлээр хариуцагч Түмэнсүйх ХХК-ийн нэхэмжлэгч Л.Энхтүвшинд холбогдуулан гаргасан Түмэн сүйх ХХК, Л.Энхтүвшин нарын хооронд 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээ болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, Түмэнсүйх ХХК-ийн 1150 м.кв талбайтай, 000321712 дугаартай газрын гэрчилгээг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Түмэнсүйх ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт 46,312,500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Энхтүвшинд олгож, үлдэх 17,062,500 төгрөгний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч нь зээлийн төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцааны зүйл болох Түмэнсүйх ХХК-ийн эзэмшлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, үйлдвэрийн баруун бү-4/16103 хаягт бүртгэлтэй, ногоо тарих зориулалттай, 1150 м.кв талбайтай, 000321712 дугаартай гэрчилгээтэй газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Түмэнсүйх ХХК-иас 75,732,000 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Онц шийдэл ХХК-д олгож, Онц шийдэл ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 32,940,000 төгрөгний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.2, 232 дугаар зүйлийн 232.6, 153 дугаар зүйлийн 153.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Түмэнсүйх ХХК-иас 46,312,500 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Л.Энхтүвшинд олгож, үлдэх 17,062,500 төгрөгний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйл болох хариуцагч Түмэнсүйх ХХК-ийн эзэмшлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, үйлдвэрийн баруун бү-4/16103 хаягт бүртгэлтэй, ногоо тарих зориулалттай, 1150 м.кв талбайтай, 000321712 дугаартай газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

 

3.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Түмэнсүйх ХХК-ийн нэхэмжлэгч Л.Энхтүвшинд холбогдуулан гаргасан талуудын хооронд 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдөр байгуулагдсан Зээлийн гэрээ болон Барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, хариуцагч Түмэнсүйх ХХК-ийн эзэмшлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, үйлдвэрийн баруун бү-4/16103 хаягт бүртгэлтэй, ногоо тарих зориулалттай, 1150 м.кв талбайтай, 000321712 дугаартай газрын гэрчилгээг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Онц шийдэл ХХК-ийн төлсөн 724,510 төгрөгийг, нэхэмжлэгч Л.Энхтүвшингийн төлсөн 545,025 төгрөгийг, хариуцагч Түмэнсүйх ХХК-ийн төлсөн 390,650 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Түмэнсүйх ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 536,610 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Онц шийдэл ХХК-д, 459,712 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Энхтүвшинд тус тус олгосугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭНХЗАЯА