Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чулуунбаатарын Мөнхцэцэг |
Хэргийн индекс | 135/2016/00091/И |
Дугаар | 102/ШШ2019/01132 |
Огноо | 2019-04-22 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 04 сарын 22 өдөр
Дугаар 102/ШШ2019/01132
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Г ХХК /РД: /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ЭН ХХК /РД: /-д холбогдох,
Үндсэн нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 634.925.000 төгрөг гаргуулах тухай,
Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: 2012 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн №3-12/06/05 тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.У, О.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н, хариуцагчийн өмгөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ц нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Г ХХК Э Н ХХК-тай 05 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 233.000.000 төгрөгийг 2012 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөс 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд хүүгүй зээлүүлсэн. Гэрээний хугацаанд зээлдэгч зээлийн төлбөр төлж барагдуулаагүй бол 2012 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс зээл эргэн төлөх хүртэл хугацаанд сар бүр 3.5 хувийн хүү төлөх, үүргээ гүйцэтгээгүй бол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0.5 хувийн алданги төлөхөөр талууд тохирсон. Э Н ХХК 2012 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 17 дугаартай албан бичгээр Ган-Очир трейд ХХК-д 200.000.000 төгрөг, Э Н ХХК-д 33.000.000 төгрөг шилжүүлэх хүсэлт гаргасан. Манай компани Тариалан Эрхлэлтийг дэмжих сангаас авах буудайн төлбөрөөс суутгуулахаар Тариалан Эрхлэлтийг дэмжих санд 2012 оны 6 дугаар сарын 05, 10-ны өдрүүдэд албан бичигт дурдагдсан мөнгийг шилжүүлж, зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэсэн. Э Н ХХК өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрт нэг ч төгрөг төлөөгүй. 2012 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн зээлийн гэрээний дагуу үндсэн төлбөр 233.000.000 төгрөг, 2012 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөс 2015 оны 5 сарын 05-ны өдөр хүртэл 35 сарын зээлийн хүүгийн төлбөр 285.425.000 төгрөг, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д зааснаар алданги 116.500.000 төгрөгийн хамт нийт 634.925.000 төгрөгийг хариуцагч Э Н ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгч Г ХХК-д олгож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд холбогдуулан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч тал Г ХХК-иас Э Н ХХК руу бодитоор мөнгө шилжиж ирээгүй тул талуудын байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэлтэй гэж тайлбарлалаа. Г ХХК-иас Э Н ХХК-ийн дансанд мөнгө шилжиж орсон талаарх баримт хавтаст хэрэгт тодорхой авагдсан. Хавтаст хэргийн 89, 90, 91 дүгээр хуудсанд ХХААЯ-аас Э Н ХХК руу 33.000.000 төгрөг Ган-Очир трейд ХХК руу 200.000.000 төгрөг шилжүүлсэн баримт, 94, 95 дугаар хуудсанд Г ХХК-ийн Тариалан Эрхлэлтийг дэмжих сангаас мөнгө шилжүүлэхийг хүссэн хүсэлт, 103 дугаар хуудсанд Э Н ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны 452561482 дугаартай дансанд Тариалан Эрхлэлтийг дэмжих сангаас 2012 оны 6 сарын 08-ны өдөр 3.000.000 төгрөг, 2012 оны 6 сарын 19-ний өдөр 30.000.000 төгрөг шилжүүлсэн дансны хуулга, 178 дугаар хуудсанд Ган-Очир трейд ХХК-ийн дансанд 200.000.000 төгрөг шилжүүлсэн баримт зэргээр Г ХХК-иас Э Н ХХК руу мөнгө шилжсэнийг нотолно. Хариуцагч тал Л.Дүйнхэржавыг Э Н ХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээд байж, албан бичигт гарын үсэг зурсан гэлээ. Л.Дүйнхэржавын гарын үсэг зурсан албан бичгээр Г ХХКмөнгө шилжүүлээгүй. Э Н ХХК-ийн бланк бүхий цаасан дээр Э Н ХХК-ийн тамга дарагдсан албан бичиг ирсэн. Уг албан бичгийг үндэслэж Г ХХКзээлийн гэрээ байгуулж, мөнгө шилжүүлсэн. Компанийн албан бланк, тамга тэмдэг нууцын зэрэгт байдаг. Э Н ХХК-ийн бланк, тамгыг хэн дуртай нь ашигладаггүй байх. Ийм учраас Э Н ХХК-ийн Г ХХК-д явуулсан албан бичгийг хүчин төгөлдөр гэж үзээд зээлийн гэрээ байгуулж мөнгө шилжүүлсэн. Хавтаст хэргийн 107 дугаар хуудсанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бат-Эрдэнийг компанийн гүйцэтгэх захирлаар томилсон ч Л.Дүйнхэржав Э Н ХХК-ийг удирдан зохион байгуулж байсан гэсэн тайлбар шүүх хуралдааны тэмдэглэлд авагдсан. Хариуцагч тал Г ХХК-ийг зээлийн үйл ажиллагаа явуулах эрхгүй учраас байгуулсан гэрээ хүчин төгөлдөр бус гэж тайлбарлалаа. Г ХХК-ийг зээлийн гэрээ байгуулж, хүү, алданги авч болохгүй гэсэн хуульд заасан ямар ч хориг байхгүй. Г ХХКхуулиар олгосон эрхийнхээ дагуу зээлийн гэрээ байгуулж, гэрээний төлбөр шаардсан. Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2-д зааснаар Э Н ХХК-ийн албан ёсны хүсэлтийн дагуу бусдаар үүрэг гүйцэтгүүлсэн учраас зээлийн гэрээний дагуу шилжүүлсэн төлбөрийг шаардах эрхтэй, талуудын байгуулсан гэрээг хүчин төгөлдөр гэж үзэж байна гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч үндсэн нэхэмжлэлд холбогдуулж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г ХХК, Э Н ХХК нарын хооронд 2012 оны 6 сарын 05-ны өдрөөс 2012 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл 6 сарын хугацаатай, зээлийн гэрээ байгуулагдсан. Нэхэмжлэгч тал 2016 оны 1 сарын 04-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан буюу хөөн хэлэлцэх хугацаа дууссанаас хойш шүүхэд хандсан. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ хавтаст хэргийн 2, 3, 4 дүгээр хуудсанд авагдсан. Талуудын байгуулсан гэрээний 1.2-д хугацаа, 1.3-д зээлийн гэрээний хугацаанд төлбөр төлж барагдуулбал хүү тооцохгүй байхаар, гэрээний 1.4-д 2012 оны 12 сарын 31-ний өдөр зээлийн төлбөр бүрэн төлж барагдуулаагүй бол хүү тооцох тухай тус тус заасан. Талуудын байгуулсан зээлийн гэрээ хугацаа тохиролцоогүй гэрээ биш. Талуудын байгуулсан гэрээ хугацаатай болохыг гэрээний 4.1, 4.1.1, хавтаст хэргийн 21 дүгээр хуудсанд авагдсан 17 дугаартай албан бичиг зэргээр нотлогдоно. Нэхэмжлэгч талд 2012 оны 12 сарын 31-ний өдрөөс зээлийн төлбөр шаардах эрх үүссэн, нэхэмжлэгч тал 2016 оны 1 сарын 04-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна гэж зааснаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна. Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй болно. Энэ нь нэхэмжлэлийн шаардлага хэрэгсэхгүй болгох нэг дэх үндэслэл болно. Хэрэг өмнө анхан шат, давж заалдах шат, хяналтын шатны шүүхээр хэлэлцэгдсэн. 2018 оны 5 сарын 01-ний өдрийн Улсын Дээд шүүхийн тогтоолын хяналтын хэсэгт талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаж байна. Э Н ХХК зээл авч, захиран зарцуулсан эсэх, зээлийг өглөгтэй этгээд рүү шилжүүлэхийг хүссэн Л.Дүйнхэржав нь Э Н ХХК-ийн захирал мөн эсэхэд үндэслэл бүхий дүгнэлтийг анхан болон давж заалдах шатны шүүх хийж чадаагүй байна. Уг ажиллагааг хяналтын шатны шүүх хэрэгжүүлэх боломжгүй тул хэргийг анхан шатны шүүхэд буцаасан. Г ХХК2012 оны 6 сарын 05-ны өдөр Э Н ХХК-тай байгуулсан гэрээгээр 233.000.000 төгрөгийг зээлдүүлэх үүрэг хүлээсэн. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-д зааснаар мөнгө, эд хөрөнгийг зээлдүүлэгчид шилжүүлснээр зээлийн гэрээ байгуулагдсанд тооцохоор заасан. Хавтаст хэргийн 21 дүгээр хуудсанд авагдсан 17 дугаартай албан бичигт Тариалан Эрхлэлтийг дэмжих сангийн захирал Л.Дүйнхэржав нь Э Н ХХК-ийн бланк дээр зээлийн гэрээ байгуулагдахаас нэг өдрийн өмнө Г ХХК-ийн захирал н.Чинбатад Тариалан Эрхлэлтийн дэмжих сан, Г ХХК-ийн хоорондын тооцооноос зээлийн 200.000.000 төгрөгийг Ган-Очир трейд ХХК-д 33.000.000 төгрөгийг Э Н ХХК-д шилжүүлж өгнө үү. Энэхүү зээлийн мөнгийг 2012 оны 12 сарын 31-ний өдөр төлнө, төлөөгүй бол өөрийн хөрөнгө хариуцлага хүлээнэ гэж бичсэн нь ХХААЯ-ны Тариалан Эрхлэлтийг дэмжих сангийн захирал асан Л.Дүйнхэржав Тариалан Эрхлэлтийг дэмжих сангаас мөнгө гаргаж, бусдад өр төлсөн нь нотлогдож байна. Уг мөнгийг Э Н ХХК авч, захиран зарцуулсан нь тогтоогддоггүй. Нэхэмжлэгч тал Э Н ХХК-ийн дансанд 33.000.000 төгрөг орсон гэж маргадаг ч уг мөнгө компанийн дансанд ороод маргааш нь гарсан болох нь хавтаст хэрэгт авагдсан банкны гүйлгээгээр нотлогдоно. Мөнгө шилжүүлэх үүрэг хүлээсэн Г ХХК-иас мөнгө гараагүй. Тариалан Эрхлэлтийг дэмжих сангийн К2 данснаас Ган-Очир трейд ХХК-д 200.000.000 төгрөг, Э Н ХХК-д нэг удаа 30.000.000 төгрөг, нэг удаа 3.000.,000 төгрөгийг төлбөрийн даалгаврын үндсэн дээр шилжүүлсэн нь нэг дүгээр хавтаст хэргийн 91, 92, 93 дугаар хуудсанд тус тус авагдсан. Г ХХКзээлийн гэрээний дагуу мөнгө шилжүүлэх үүргээ биелүүлээгүй учраас Э Н ХХК-д төлбөр төлөх үүрэг үүсээгүй гэж үзэж байна. 17 тоот албан бичиг гарын үсэг зурсан Л.Дүйнхэржав нь Э Н ХХК-ийг төлөөлөх эрхтэй, компанийн нэрийн өмнөөс эрх зүйн үр дагавар үүсгэж, үйл ажиллагаанд оролцох этгээд биш юм. Э Н ХХК 3 хувь нийлүүлэгчтэй, компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Д.Энхбат болохыг нотолсон баримт хавтаст хэрэгт авагдсан. Л.Дүйнхэржавыг Э Н ХХК-ийн захирлаар томилсон хувь нийлүүлэгчдийн хурлын тогтоол байхгүй. Улсын бүртгэлд түүнийг захирлаар бүртгэсэн бүртгэл байхгүй учраас Л.Дүйнхэржав Иргэний эрх зүйн харилцаанд Э Н ХХК-ийг төлөөлөх эрх бүхий этгээд биш юм. Талуудыг гэрээ байгуулах үед Л.Дүйнхэржав ХХААЯ-ны Тариалан Эрхлэлтийг дэмжих сангийн захирлаар ажиллаж байсан болох нь 2 дугаар хавтаст хэргийн 10 дугаар талд авагдсан. 2010 оны 3 сарын 11-ний өдөр Л.Дүйнхэржав Тариалан Эрхлэлтийг дэмжих сангийн захирлаар томилогдож, 2014 оны 12 сарын 14-ний өдөр чөлөөлөгдсөн болохыг Төрийн нарийн бичгийн дарга н.Баяртулга тодорхойлсныг нотариатаар гэрчлүүлж, хавтаст хэрэгт авагдсан. Ган-Очир трейд ХХК-ийн авсан 200.000.000 төгрөгийн талаар тус компанийн захирал н.Ганпүрэв шүүхэд мэдүүлэг өгсөн. Тэрээр уг мөнгийг Э Н ХХК-иас аваагүй, Л.Дүйнхэржаваас авлагатай байсан. Л.Дүйнхэржавыг дансаа өг гэхээр өгч, 200.000.000 төгрөг авсан. Өөрөөр хэлбэл: Л.Дүйнхэржаваас авлагаа авсан, Э Н ХХК-тай ямар ч хамааралгүй, тус компанийг мэдэхгүй гэсэн гэрчийн мэдүүлэг өгсөн. Э Н ХХК, Г ХХК-иуд хооронд 2012 оны 6 сарын 05-ны өдөр байгуулсан гэрээг Г ХХК-ийг төлөөлж хэн, Э Н ХХК-ийг төлөөлж хэн гэрээ байгуулсан нь тогтоогддоггүй. Зээлийн гэрээний эхний хуудсанд Г ХХК-ийг төлөөлж Намсрай овогтой Наранчимэг /цаашид зээлдүүлэгч/, нөгөө талаас Э Н ХХК-ийг төлөөлж захирал Г.Бат-Эрдэнэ /цаашид зээлдэгч/ гэх хүмүүс Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасныг үндэслэж зээлийн гэрээ байгуулав. Гэрээний 3 дугаар хуудсанд зээлдүүлэгчийг төлөөлж н.Чинбат, зээлдэгчийг төлөөлж Г.Бат-Эрдэнэ гэжээ. 2012 оны 9 сарын 26-ны өдөр Г.Бат-Эрдэнэ Э Н ХХК-ийн захирлаар бүртгэгдсэн. Компанийн дүрэмд орсон өөрчлөлтийг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлснээр хүчин төгөлдөр болно. Улсын дээд шүүхийн тогтоолд зааснаар шүүх Улсын бүртгэлийн газраас Г.Бат-Эрдэнийг 2012 оны 9 сарын 26-ны өдрөөс өмнө компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан эсэхийг тодруулахад түүнийг өмнө компанийн гүйцэтгэх захирал, захирлаар ажиллаж байсныг нотолсон баримт ирээгүй. Иймд Г.Бат-Эрдэнэ компанийг төлөөлөх эрхгүй этгээд байна. Нэхэмжлэгч тал Г.Бат-Эрдэнэд итгэмжлэл олгосон гэдэг. Дээрх итгэмжлэл хуульд заасан шаардлага хангаагүй тул итгэмжлэлийн үндсэн дээр байгуулсан хэлцэл хүчин төгөлдөр бус байна. Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.2-д зааснаар хуулийн этгээд хөрөнгө хүлээж авах, бусдад шилжүүлэх, захиран зарцуулах эрх олгосон итгэмжлэлд эрх баригчаас гадна нягтлан бодогч гарын үсэг зурахаар заасан. Хуульд зааснаар итгэмжлэлд нягтлах бодогч гарын үсэг зурах ёстой. Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.2.2-д заасныг баримтлаагүй итгэмжлэл хүчин төгөлдөр бус болохыг 64 дүгээр зүйлийн 64.3-д заасан. 2012 оны 6 сард байгуулсан гэрээний нэг тал компанийг төлөөлөх эрхгүй этгээд байх тул байгуулсан гэрээ хүчин төгөлдөр бус юм. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын 2012 оны 6 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг дараах хэд хэдэн үндэслэлээр хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна. Нэгд, Иргэний 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлдүүлэгч Г ХХК233.000.000 төгрөгийг Э Н ХХК-ийн өмчлөлд шилжүүлэх ёстой гэж үзвэл уг мөнгийг шилжүүлээгүй. Г ХХК-ийн данснаас хэзээ, хэдэн төгрөг Э Н ХХК-ийн дансанд орсон талаар ямар ч баримт байхгүй. Зээлийн гэрээ бодит байдлаар биелэгдээгүй. Г ХХК-иас зээл хүссэн 17 дугаартай албан бичигт Э Н ХХК-ийг төлөөлөх эрхгүй Л.Дүйнхэржав гарын зурж, тамга дарсан нь гэрээ хүчин төгөлдөр бусд тооцох 2 дахь шалтгаан болно. Гуравт, Тариалан Эрхлэлтийг дэмжих сангаас орж ирсэн 233.000.000 төгрөг Г ХХК-ийн мөнгө гэдгийг нотолсон баримт байхгүй нь зээлийн гэрээ биелэгдээгүй нотолно. Дөрөвт, Г ХХКзээлийн үйл ажиллагаа эрхлэх эрхгүй субъект болох нь хавтаст хэрэгт авагдсан хуулийн этгээдийн гэрчилгээгээр нотлогдоно. Мөн өмнөх шүүх хуралдаанд дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар Г ХХК-ийг зээлийн үйл ажиллагаа эрхэлдэггүй болохыг тайлбарласан. Тавд, Ган-Очир трейд ХХК-ийн захирал н.Ганпүрэв Э Н ХХК-тай төлбөрийн тооцоогүй, тус компанийг мэдэхгүй, анх удаа сонсож байна гэх шүүхэд өгсөн мэдүүлэг зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэл болно. Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д зааснаар нэг талын хүсэл зоригийг нөгөө тал хүлээн авсан нь бодит үйлдлээр хийгдээгүй нь гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох зургаа дахь үндэслэл болно. Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.8-д зааснаар талууд өөрийн хүсэл зоригоо бодит үйлдлээр илэрхийлж хэлцэл хийж болно гэж заасан. Гэтэл 233.000.000 төгрөгийн зээлийн гэрээнд бодит үйлдлээ илэрхийлсэн ямар ч үйлдэл байхгүй, үйлдлээ нотолсон нотлох баримт байхгүй, санхүүгийн баримт байхгүй. Талуудыг төлөөлөх эрхгүй этгээдүүд гэрээ байгуулахад оролцсон. Иймд үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ бичгийн нотлох баримтаар нотлох үүрэгтэй. Нэхэмжлэгч тал бусдаас авлагатай байсан бол авлагаа нотолсон 2013-2016 он хүртэлх хугацааны санхүүгийн тайлан гаргаж өгөөгүй. Нэхэмжлэгч тал санхүүгийн комбинац хийж байна. Нэхэмжлэгч тал шаардлагаа Г ХХК-ийн дансаар болон бэлнээр 233.000.000 төгрөг гаргаж өгөөгүй ч Тариалан Эрхлэлтийг дэмжих санд хадгалагдаж байсан мөнгөөр шилжүүлсэн нь Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2-д заасантай нийцэж байх тул нэхэмжлэл хангагдах ёстой гэж тайлбарлалаа. Гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн тохиолдолд Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийг баримтална. Л.Дүйнхэржав Э Н ХХК-ийг төлөөлөх эрхгүй байж, компанийг төлөөлж гарын үсэг зурж, 17 дугаартай албан бичиг үйлдсэн тул зөвшөөрлийг хуулийн дагуу гэж үзэх үндэслэлгүй байна. Бусдаар үүрэг гүйцэтгүүлснээр Э Н ХХК ашиг олоогүй, хавтаст хэрэгт гурвалсан гэрээ, үл хөдлөх хөрөнгө худалдах гэрээ буюу 2011 оны 11 сард төлбөр төлөгдсөн гэрээ, 2013 оны 11 сарын 18-ны өдрийн өр барагдуулах гэрээ зэрэг авагдсан. Э Н ХХК 233.000.000 төгрөгийг бусдаар төлүүлж ашиг олсныг нотолсон баримт хавтаст хэрэгт авагдаагүй. Э Н ХХК-ийг төлөөлөх эрхгүй Г.Бат-Эрдэнэ гэх этгээд гэрээ байгуулсан. Г ХХКгэрээгээр хүлээсэн мөнгө шилжүүлэх үүргээ гүйцэтгээгүй. Хэрэв талуудын хооронд гэрээ байгуулагдсан гэж үзвэл 6 сар 26 хоногийн хугацаатай гэрээ байгуулагдсан. Нэхэмжлэгч тал хөөн хэлэлцэх хугацаа дууссанаас хойш шүүхэд нэхэмжлэл гаргасан учраас Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч татгалзах эрхтэй. Шүүгчийн өмнө хэргийг хэрэгсэхгүй болгосон шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байсан. Яагаад гэвэл шүүх нэхэмжлэл хүлээж авахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан нөхцөл тогтоогдохгүй бол нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэх хүртэл талуудаас нэг ч баримт нэмж авдаггүй. Шүүх хуралдааны хэлэлцүүлгээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдвол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар шүүгч захирамж, шүүх тогтоол гаргаж хэргийг хэрэгсэхгүй болгодог. Ийм тохиолдолд бий болсон. Гэтэл тус шүүхийн Ерөнхий шүүгч болон шүүгч нар 1 сарын 04-ний өдөр нэхэмжлэл гаргаж, 1 сарын 08-ны өдөр итгэмжлэл олгосон. Үүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д заасан үндэслэл гэж тайлбарласан нь ойлгомжгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Үндсэн болон сөрөг нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г ХХКнь хариуцагч Э Н ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 634.925.000 төгрөг гаргуулах, хариуцагч нь 2012 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн №3-12/06/05 тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргажээ.
Нэхэмжлэгч нь сөрөг нэхэмжлэлийг, хариуцагч нь үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй маргаж байна.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Үндсэн нэхэмжлэлийн тухайд:
Нэхэмжлэгч Г ХХКнь хариуцагч Э Н ХХК-тай 2012 оны 6 дугаар сарын 05-ны өдөр №3-12/06/05 тоот зээлийн гэрээг бичгээр байгуулж, 233.000.000 төгрөгийг 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд хүүгүйгээр зээлдүүлэхээр, хэрэв тохиролцсон хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд 2012 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн төлж дуусах хүртэл хугацаанд сарын 3.5 хувийн хүү төлөх, зээлдэгч 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд гэрээний нийт үнийн дүнгийн 20 хувийн торгууль төлөх, гэрээний хугацаанд зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд хоног тутамд нийт гэрээний үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон байна.
Гэрээ байгуулах үед Э Н ХХК-ийн үүсгэн байгуулагч болон итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдүүд болох Т.Энхбат, Г.Отгонцэцэг, Л.Хосбаяр нараас 2012 оны 6 дугаар сарын 04-ний өдөр А-12 тоот итгэмжлэлээр Г.Бат-Эрдэнэд Э Н ХХК-ийг төлөөлж Г ХХК-иас 233.000.000 төгрөгийн зээлийг хүлээн авах, зээлийн гэрээнд гарын үсэг зурах, зээлийн төлбөрийг тухай бүр төлж, холбогдох бусад ажиллагаанд компанийг бүрэн төлөөлж оролцох эрхийг 3 жилийн хугацаагаар олгожээ.
Энэхүү итгэмжлэлийн үндсэн дээр Г.Бат-Эрдэнэ нь Э Н ХХК-ийг төлөөлж, Г ХХК-тай 2012 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн №З-12/06/05 тоот зээлийн гэрээ байгуулсан байна.
Хариуцагч талаас Г.Бат-Эрдэнэд олгосон итгэмжлэл нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.2-т заасан шаардлага хангаагүй буюу компанийн нягтлан бодогч гарын үсэг зураагүй тул мөн зүйлийн 64.3-т зааснаар хүчин төгөлдөр бус гэх тайлбар үндэслэлгүй. Учир нь Г.Бат-Эрдэнэд олгосон итгэмжлэл нь компанийн эд хөрөнгийг хүлээн авах, бусдад шилжүүлэх, захиран зарцуулах эрх олгосон итгэмжлэл биш тул эрх баригчаас гадна нягтлан бодогч гарын үсэг зурах шаардлагагүй байна.
Эндээс зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна гэж шүүхээс дүгнэлээ.
Энэхүү гэрээний дагуу мөнгө шилжүүлэх үүргээ нэхэмжлэгч нь 33.000.000 төгрөгийг хариуцагчийн дансанд, 200.000.000 төгрөгийг хариуцагчийн заасан Ган-Очир трейд ХХК-ийн дансанд Тариалан Эрхлэлтийг дэмжих сангаас авах авлаганаасаа тус тус шилжүүлж, бүрэн биелүүлсэн бөгөөд хариуцагч нь зээлийн төлбөрийг буцаан төлөх үүргээ хэрэгжүүлээгүй тул үндсэн зээлийн төлбөрт 233.000.000 төгрөг, зээлийн хүү 2012 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөс хойш 35 сарын хугацааны хүүнд 285.425.000 төгрөг, хугацаа хэтрүүлсэн алданги нь үндсэн төлбөрийн 50 хувиас хэтрүүлэхгүй тооцоход 116.500.000 төгрөг, нийт 634.925.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй гэж нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарлав.
Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө, эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгө, мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, харин мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцохоор Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасан.
Дээрх зээлийн гэрээ байгуулагдсан өдөр буюу 2012 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Г ХХК-иас Тариалан Эрхлэлтийг дэмжих сангийн захирал Л.Дүйнхэржавт гэсэн 16 тоот албан бичгээр тус компанийн буудайн төлбөрөөс Э Н ХХК-ийн дансанд 33.000.000 төгрөгийг шилжүүлж өгнө үү гэсэн хүсэлт явуулснаар 2012 оны 6 дугаар сарын 07-ны өдөр 3.000.000 төгрөг, 2012 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 30.000.000 төгрөгийг Э Н ХХК-ийн Худалдаа хөгжлийн банк дахь 452561482 тоот дансанд, 2012 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Г ХХК-иас Тариалан Эрхлэлтийг дэмжих сангийн захирал Л.Дүйнхэржавт гэсэн 15 тоот албан бичгээр тус компанийн буудайн төлбөрөөс Э Н ХХК-ийн нэрийн өмнөөс Ган-Очир трейд ХХК-д 200.000.000 төгрөгийг шилжүүлж өгнө үү гэсэн хүсэлт явуулснаар 2012 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 200.000.000 төгрөгийг Ган-Очир трейд ХХК-ийн Голомт банк дахь 1410001192 тоот дансанд тус тус шилжүүлжээ.
Хариуцагч тал нь 2012 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус бөгөөд Г ХХК-иас мөнгө хүлээн аваагүй, манай дансанд орсон 33.000.000 төгрөгийг Тариалан Эрхлэлтийг дэмжих сангаас шилжүүлсэн тул Г ХХК-ийн өмнө зээлийн төлбөр төлөх үүрэггүй гэж маргаж байна.
Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1-д Хууль буюу гэрээнд үүрэг гүйцэтгэгч үүргээ заавал биечлэн гүйцэтгэхээр заагаагүй буюу үүргийн шинж чанарт харшлахгүй бол үүргийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж болно гэж заажээ.
Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь мөнгө шилжүүлэх үүрэг хүлээх бөгөөд энэхүү үүргээ Г ХХКнь гуравдагч этгээд болох Тариалан Эрхлэлтийг дэмжих сангаар гүйцэтгүүлсэн болох нь хэрэгт авагдсан гүйлгээний баримт, Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн албан тоот, хариуцагчийн дансны хуулга зэрэг баримтаар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-д Үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүхийн шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө гэж заажээ.
Нэхэмжлэгч Г ХХКнь зээлийн гэрээний төлбөрөөс 200.000.000 төгрөгийг хариуцагчийн заасан этгээд болох Ган-Очир трейд ХХК-д шилжүүлсэн гэж тайлбарласан боловч зээлийн төлбөрийг хэрхэн шилжүүлэх тухай талуудын хооронд гэрээ байгуулахаас өмнө хариуцагч компанийн нэрээр ирсэн Л.Дүйнхэржавын хүсэлтийг үндэслэсэн гэж тайлбарлав.
Талуудын хооронд гэрээ байгуулагдснаас хойш нэхэмжлэгч нь мөнгө шилжүүлэх үүргээ хэнд гүйцэтгэх талаар тодруулаагүй, мөн энэ талаар гэрээндээ тусгаагүй байна. Иймд үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө гүйцэтгэх ёстой байжээ.
Харин Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2-т Үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн бол гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн буюу ийнхүү гүйцэтгэснээр үүрэг гүйцэтгүүлэгч ашиг олсон нөхцөлд уул үүргийг гүйцэтгэсэнд тооцно гэж зааснаар мөнгийг хүлээн авсан Ган-Очир трейд ХХК-д шилжүүлснийг хариуцагч зөвшөөрсөн буюу ашиг олсон нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Учир нь Ган-Очир трейд ХХК-ийн эрх бүхий этгээд шүүхэд гэрчээр мэдүүлэхдээ Э Н ХХК-тай ямар нэгэн гэрээний харилцаанд ороогүй, төлбөр тооцооны асуудалгүй, харин Л.Дүйнхэржаваас авлагатай байснаа авсан гэх мэдүүлгээр Э Н ХХК нь ашиг олоогүй, төлбөр төлөх үүргээс чөлөөлөгдөөгүй байна.
Иймд нэхэмжлэгч Г ХХК-ийн зээлийн гэрээний дагуу төлбөр шилжүүлэх үүргээ андуурч гүйцэтгэсэн ба Э Н ХХК нь хүлээн авсан 33.000.000 төгрөгийн хэмжээнд буцаан төлөх үүрэгтэй.
Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнд хүүгийн талаар 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд хүүгүйгээр зээлдүүлэх, хэрэв тохиролцсон хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд 2012 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн төлж дуусах хүртэл хугацаанд сарын 3.5 хувийн хүү төлөх гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.3-т зээлийн гэрээгээр хүү тогтоосон бол гагцхүү талууд урьдчилан тохирсон буюу зээлдүүлэгч зөвшөөрсөн тохиолдолд зээлийг хүүгийн хамт хугацаанаас нь өмнө буцаан өгч болно гэсэн заалттай нийцэхгүй байна.
Өөрөөр хэлбэл, хүү авах бол гэрээг бичгээр байгуулж, хугацаагаа тохиролцох нь иргэд хоорондын зээлийн гэрээний нөхцөл болно.
Нэхэмжлэгч нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүй тул Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд зааснаар зээлийн төлбөрийг төлж дуусах хүртэл хугацаанд хүү шаардах эрхгүй юм.
2012 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн №З-12/06/05 тоот зээлийн гэрээний хүүгийн заалт нь хуульд нийцэхгүй байх тул энэхүү заалтыг баримтлан нэхэмжлэгч нь зээлийн хүү шаардах эрхгүй байна гэж дүгнэлээ.
Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэх бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийхийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дахь хэсгүүдэд заажээ. Гэрээний хариуцлага буюу алдангийн талаар зохигчид харилцан тохирсон болох нь 2012 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн №З-12/06/05 тоот зээлийн гэрээний 6.3 дахь заалтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгч гэрээ болон Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дахь хэсгүүдэд зааснаар алдангийг шаардах эрхтэй.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасны дагуу анзын хэмжээ гүйцэтгээгүй үүргийн 50 хувиас хэтэрч болохгүй шаардлагад нийцүүлэн хариуцагч Э Н ХХК-иас 33.000.000 төгрөгт ногдох алдангид 16.500.000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй гэж шийдвэрлэв.
Хариуцагч тал Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж заасан байдаг тул нэхэмжлэгчийн гэрээний үүргийг шаардах эрх дуусгавар болсон гэж өөрийн татгалзлын нэг үндэслэлээ тайлбарлаж байна.
Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байх ба харин гэрээний талууд гэрээг байгуулахдаа хөөн хэлэлцэх хугацааг өөрсдөө тогтоох боломжтой.
Үүрэг гүйцэтгэх хугацааг хууль болон гэрээгээр тодорхойлохыг Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсгээр зохицуулсан ба 2012 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн №З-12/06/05 тоот зээлийн гэрээний 1.1 дэх заалтад хэрэв 2012 оны 12 дугаар сарын 31-ний дотор зээлийг бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд 2012 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн зээлийг төлж дуустал сарын 3.5 хувийн хүү тооцно гэж зааснаас үзэхэд нэхэмжлэгчийн гэрээний үүргийг шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болоогүй гэж шүүхээс үзлээ.
Дээрхийг нэгтгэн дүгнэвэл, зээлийн гэрээний үүрэгт хариуцагчаас үндсэн зээл 33.000.000 төгрөг, хугацаа хэтрүүлсэн алдангид 16.500.000 төгрөг, нийт 49.500.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 585.425.000 төгрөг гаргуулахыг хэсгийг хэрэгсэхгүй болгох шийдвэрлэлээ.
Сөрөг нэхэмжлэлийн тухайд:
Хариуцагч нь талуудын хооронд 2012 оны 6 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан №З-12/06/05 тоот зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлд нэрлэсэн ба 56.1.1-д хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл, 56.1.8-т хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл, 56.1.9-т хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бус гэж сөрөг шаардлага гаргажээ.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д хийгдсэн үеэсээ эхлэн хүчин төгөлдөр байх үндэслэлгүй, хуульд нийцэхгүй хэлцлийн жагсаалтыг дурдсан бөгөөд зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан баримтуудыг харьцуулан үзэхэд 2012 оны 6 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан №З-12/06/05 тоот зээлийн гэрээ нь талуудын хүсэл зоригийг илэрхийлэл болсон, Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл гэж дүгнэж, шүүхээс үндсэн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3.490.525 төгрөгийн 3.332.575 төгрөгийг улсын орлогод үлдээж, илүү төлсөн 157.950 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгох, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3.332.464 төгрөгийн 1.322.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 2.009.514 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчид олгох, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 405.450 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх заалтыг баримтлан хариуцагч Э Н ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт 49.500.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 585.425.000 төгрөг гаргуулахыг хэсгийг болон Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 56.1.9 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул Г ХХК-д холбогдох 2012 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн №3-12/06/05 тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахыг хүссэн хариуцагч Э Н ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3.490.525 төгрөгийн 3.332.575 төгрөгийг улсын орлогод үлдээж, илүү төлсөн 157.950 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3.332.464 төгрөгийн 1.322.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 2.009.514 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчид тус тус олгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 405.450 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ