Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 2023/ШЦТ/35

 

 

 

 

 

  2023          01          09                                     2023/ШЦТ/35

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Хулан,

Улсын яллагч: Д.Батзаяа,

Шүүгдэгч: ***, түүний өмгөөлөгч В.Ганболд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ***т холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2205000002482 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***,  **** тоот регистртэй,

 Шүүгдэгч *** нь 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 10 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” худалдааны төвийн “***” дэлгүүрийн худалдагчаар ажиллаж байх явцдаа борлуулалтын орлого 1.652.000 төгрөгийг хувьдаа завшсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *** шүүх хуралдаанд: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч ***гийн гэрчээр мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөс *** гэх эрэгтэйг худалдааны зөвлөхөөр Баянгол дүүргийн 13 дугаар хороо, “***” худалдааны төвийн 3 давхарт байрлах “***” дэлгүүрт ажилд авсан. 2-3 өдөр дагалдангаар ажиллуулаад өдрийн 20.000 төгрөгийн цалин олгохоор тохиролцсон. 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн *** ганцаараа дэлгүүрт сууж ажиллаж байсан бөгөөд орой бүр орлогоо бодохдоо хар дэвтэр дээр зарагдсан барааны үнэ зургийг явуулахаар нь би дансаа шалгаж үзээд тулгалтаа хийчихдэг байсан. Харин бэлэн мөнгөний орлогыг 1-2 хоногтоо очоод бөөнд нь авдаг байсан. Тэгээд 2022 оны 10 дугаар сарын 19-ний орой би дэлгүүрийнхээ хяналтын камерыг гар утаснаасаа хянадаг болоод гар утсаараа ***ыг худалдаа хийж байгааг хараад сууж байтал гаднаас үйлчлүүлэгч орж ирээд шилтэй лаануудаас нилээд олныг аваад дээрээс нь алчуур зэрэг зүйлсийг аваад тооцоогоо мобайлаар шилжүүлэг хийж байсан. Би өөрийн дансаа шалгаад үзэхэд миний дансанд мөнгө орж ирээгүй. Тэгээд би ***ыг тооцоог өөрийн данс руу авсан юм байна гэж бодоод хяналтын камерын бичлэгийг урагшуулаад үзэхэд *** нилээд олон худалдан авагч нарт бараа материал зарчихаад орлогыг өөрийн хэтэвчиндээ хийж мобайлаар хийсэн орлогыг өөрийн дансаар авсан байсан. Тэгээд би ***ын ээжийг дуудаад дансны хуулгыг нь гаргуулж аваад хамт шүүгээд үзэхэд 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 10 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 1.652.000 төгрөг, мобайлаар авсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 7-8/,

Хохирогч ***гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...*** нь миний хохирлыг бүрэн барагдуулсан тул гомдолгүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 36/,

Яллагдагчаар ***ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би барааны тооцоог мобайл банк, интернет банкаар авахдаа захирал Отгонтуяагийн 5031645415 дугаарын дансаар шилжүүлэг хийлгэх ёстой байсан боловч өөрийн Худалдаа хөгжлийн банкны дансаар зарим барааны төлбөрийг авч байсан. ...би тухайн мөнгийг өөртөө хувцас, эд хэрэглэл, хоол унд авахдаа зарцуулсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 44-46/,

 

Хохирогчийн өргөдөл /хх-н 1/, дуудлагын лавлагааны хуудас /хх-н 2/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 21-33/, хохирогчийн хүсэлт /хх-н 36/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

 Шүүгдэгч *** нь 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 10 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” худалдааны төвийн “***” дэлгүүрийн худалдагчаар ажиллаж байх явцдаа борлуулалтын орлого 1.652.000 төгрөгийг хувьдаа завшсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шат болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч ***гийн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч *** нь хохирогч ***гийн “***” худалдааны төв дэх лангуун дээр худалдагчаар ажиллаж байхдаа 1.652.000 төгрөгийг хувьдаа завшиж хохирол учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч ***ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсангэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүгдэгч *** болон түүний өмгөөлөгч нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

 

    1. Хохирол, хор уршиг

Хохирогч *** нь мөрдөн байцаалтын шатанд хохирлоо бүрэн барагдуулж авсан гомдол саналгүй гэж мэдүүлсэн, бичгээр хүсэлт /хх-н 36/ гаргасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид Сүхбаатр, Чингэлтэй, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс 6 сарын хугацаанд гарахгүй байх зорчих эрх хязгаарлах ял оногдуулах, шүүгдэгчийн өмгөөлөгч хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж өгнө үү гэсэн эрүүгийн хариуцлагын талаар дүгнэлт тус тус гаргасан болно.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгч ***ын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ***т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлыг төлсөн” зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан...бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно”, 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож болно” мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл ...хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч ***ын холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

Иймд шүүхээс шүүгдэгч ***ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хохирол нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасныг тус тус баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр тэнсэж, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэлээ.

Шүүх шүүгдэгч ***т ял оногдуулахгүйгээр тэнсэж, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэсэн тул Шинэчлэн найруулсан 2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар оногдуулсан тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ыг хорих ял оногдуулахгүйгээр, 6 сарын хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн, уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч ***т оногдуулсан тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.ОТГОНБАЯР