Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 2023/ШЦТ/32

 

 

 

 

 

     2023          01          09                                     2023/ШЦТ/32

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Хулан,

Улсын яллагч: Б.Тэгшбаяр,

Шүүгдэгч: ***, түүний өмгөөлөгч М.Алтанцэцэг нарыг оролцуулан, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ***т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2205028952596 тоот эрүүгийн хэргийг 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***, **** тоот регистртэй,

Шүүгдэгч *** нь үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Төмөр замын цагдаагийн хэлтсийн замын эсрэг талд хохирогч ***гийн халааснаас “Ай Фоне Икс” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлан авч бусдад 650.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 25 дугаар эмийн сангийн явган хүний гарцан дээр хохирогч ***ийн цүнхнээс “Самсунг А33” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлан авч бусдад 991.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *** шүүх хуралдаанд: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж байна” гэв.

Хохирогч ***гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2022 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 14 цаг 50 минутын үед өөрийн найз ***гийн хамт дэлгүүр хэсэхээр Баянгол дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 57-1 тоот гэрээсээ гараад Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Төмөр зам дахь цагдаагийн газрын ойролцоо явж байхдаа халааснаасаа гар утсаа алдсан. Би гэрээсээ гарч байхдаа халааснаасаа гар утсаа алдсан. ...Би төмөр замын цагдаагийн хэлтэс арай хүрээгүй байхдаа найзтайгаа цувыг нь хуваалцаж нөмрөх үедээ алдсан байж болзошгүй гэж бодож байна. ...Би бичлэгийг үзлээ. Тухайн бичлэг нь бүрсгэр боловч би өөрийгөө болон найзыгаа таньж байна. ...Би 2021 оны 8 дугаар сард хувь хүнээс Iphone X маркийн гар утсыг 800.000 төгрөгөөр худалдан авч байсан. Миний гар утсанд ямар нэгэн эвдрэл, гэмтэл, сэв зураас гэх зүйл байхгүй... гэсэн мэдүүлэг /хх-н 17-18, 21-22/,

Хохирогч ***ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр ...25 дугаар эмийн сангийн гарцаар гараад урд талын автобусны буудал орох гээд явж байсан. Тухайн үед утас дугарах шиг болоод гар утсаа гаргаж ирэх гээд үүрч явсан жижиг шар өнгийн цүнхээ ухаж үзтэл миний гар утас байхгүй байсан. Би тэр даруйд нь Баянгол дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст очиж өргөдөл өгсөн. Тэгээд камер шүүлгэхээр болсон. ...2022 оны  9 дүгээр сарын 05-ны өдөр над руу залгаад гар утас чинь олдсон байна, ирж аваарай гэсэн. Тэгээд би ирж мэдүүлэг өгч байна. ...Миний утас хар өнгөтэй ямар нэгэн содон шинж тэмдэг байхгүй, би гар утасны имэй кодыг мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 83-84/,

Гэрч ***ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2022 оны 8 дугаар сарын 28-ны өдөр үдээс хойш Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 10 дугаар хорооллын орчим найз ***, *** нартай уулзаад миний ажлуулдаг Улсын их дэлгүүрийн орчим байдаг ТҮЦ-рүү хамтдаа алхсан. Бид Төмөр замын эмнэлгийн зүүн талаар урагш алхаад байран дундуур ороод улсын их дэлгүүрийг чиглээд Төмөр замын байрнуудын голоор алхаж байсан. Тэгээд чигээрээ алхсаар байгаад хүүхдийн зуугаараа голоор алхаж байсан. Тэгээд чигээрээ алхсаар байгаад Хүүхдийн зуугаараа яваад манай ТҮЦ дээр ирсэн. Би уг хяналтын камерын бичлэгийг үзлээ тухайн бичлэг нь Төмөр замын эмнэлгийн зүүн талаар урагш явж байгаад зүүн эргээд байрнууд руу ордог хэсэгт байрлах дэлрүүрийн камер байна. Тухайн камерын бичлэг дээр алхаж явж байгаа гартаа борооны шүхэр барьсан саарал өнгийн бэлтгэлийн өмд, хар өнгийн саравчтай малгай өмссөн хүн ***гийн *** байна. Харин урд алхаж байгаа GAP гэх бичиглэлтэй юүдэнтэй цамц, хар өнгийн өмд өмссөн, үүргэвч үүрсэн эрэгтэй бол *** байна. Харин хажууд нь алхаж байгаа арай жижгэвтэр биетэй ногоон өнгийн ханцуйтай цамц өмссөн эрэгтэй бол би байна. Дараагийн бүрсгэр бичлэг дээр гарч байгаа шүхрээ дэлгэчихсэн 2 эмэгтэй ард шахаж алхаад байгаа хүн ***гийн *** байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 33-34/,

Гэрч П.***ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2022 оны 8 дугаар сарын 28-ны өдөр үдээс хойш Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 10 дугаар хорооллын орчим найз ***, Хатанбаатар нартай уулзаад найз Хатанбаатарын ажиллуулдаг Улсын их дэлгүүрийн орчим байрлах ТҮЦ рүү хамтдаа алхсан. Бид төмөр замын эмнэлгийн зүүн талаар урагш алхаад байрны дундуур ороод Улсын их дэлгүүрийг чиглээд Төмөр замын байрнуудын голоор алхаж байсан. Тэгээд чигээрээ алхсаар байгаад Хүүхдийн зуугаараа яваад Хатанбаатарын ТҮЦ дээр очсон. ...Сүүлд сонсохнээ *** тухайн өдөр бид хоёртой хамт явж байх үедээ хүний гар утас хулгайлсан юм шиг байсан. Тэр хэрэг дээрээ шалгагдаж байгаа гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 37-38/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...гэмт хэрэг үйлдсэн этгээд хохирогчийн гар утсыг хулгайлж байгааг харуулав...” гэжээ /хх-н 8-10/,

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 5, 74/, хохирогчийн өргөдөл /хх-н 75/, эд зүйлийн үнэлгээ /хх-н 45-47, 93-94/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 121-127, 131-151, 153-167/, мөрдөн байцаалтын хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол /хх-н 169-170/, хохирогч нарын хүсэлт /хх-н 172/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүгдэгч *** нь үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Төмөр замын цагдаагийн хэлтсийн замын эсрэг талд хохирогч ***гийн халааснаас “Ай Фоне Икс” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлан авч бусдад 650.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 25 дугаар эмийн сангийн явган хүний гарцан дээр хохирогч ***ийн цүнхнээс “Самсунг А33” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлан авч бусдад 991.200 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч ***, ***, гэрч ***, П.*** нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч *** нь хохирогч ***, *** нарын халааснаас гар утсыг нь тус тус хулгайлж, бага хэмжээнээс дээш хохирол учруулсан нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахай сэдэлттэй Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ***ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсангэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүгдэгч *** болон түүний өмгөөлөгч нь шүүх хуралдаанд хохирогч нарын эд зүйлийг хулгайлсан гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч *** нь 2022 оны 8 дугаар сарын 28-ны өдөр мөн 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр тус тус хулгайлах гэмт хэрэг үйлдсэн ба прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “үргэлжилсэн үйлдлээр” гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зохих заалтыг журамласан нь үндэслэлтэй байна.

    1. Хохирол, хор уршиг

Хохирогч *** нь хулгайд алдсан гар утсаа буцаан авсан /хх-н 77/, гомдол саналгүй гэж мэдүүлсэн, хохирогч *** нь хохирлын 500.000 төгрөг авсан гомдол, саналгүй гэж мэдүүлсэн, бичгээр хүсэлт гаргасан /хх-н 172/ тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулух, шүүгдэгчийн өмгөөлөгч улсын яллагчийн ялын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна гэсэн ялын дүгнэлт тус тус гаргасан болно.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгч ***ын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ***т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгийн 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлыг төлсөн”-г ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгч ***ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал, удаа дараа ял шийтгүүлсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.

Улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч, шүүгдэгч нарын гаргасан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.

Шүүгдэгч нь удаа дараа ял шийтгүүлсэн ба өмнөх шийтгэх тогтоолоор нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж улмаар уг ялаа биелүүлэх боломжгүй тул хорих ялаар солиулах саналыг өөрөө гаргаж үлдсэн нийтэд тустай ажил хийлгэх ялыг хорих ялаар сольсон байна.

Өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлэх боломжгүй тул хорих ялаар солиулах санал гаргаж хорих ялаар солиулсан шүүгдэгчид дахин нийтэд тустай ажил хийлгэх боломжгүй гэж үзсэн болно.

Түүнчлэн, шүүгдэгч нь хавтаст хэрэгт Баянгол дүүрэгт оршин суудаг гэсэн тодорхойололт авагдсан байхад шүүх хуралдаанд шинээр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороонд 3 хүүхдийн хамт оршин суудаг гэсэн тодорхойлолт авчирсан нь эргэлзээтэй байна.

Тухайн Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороонд амьдардаг гэсэн тодорхойлолт нь засаг дарга Г.Бадамцэцэг гэсэн атлаа гарын үсэг нь Д.Отгонцэцэг гэх хүн зурсан тул тухайн тодорхойлолтыг үнэн зөв гэж үзэх үндэслэлгүй байна гэж шүүх үзлээ.

Мөн хэрэгт шүүгдэгч ***ыг өрх толгойлсон ганц бие эцгээр тогтоосон баримт хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн баримтуудаар нотлогдохгүй байх тул улсын яллагч, өмгөөлөгч нарын гарагасан ялын дүгнэлтийг үндэслэлгүй гэж үзэн шүүгдэгчид хорих ял оногдуулсан болохыг дурдав.

 

Шүүгдэгч *** нь урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 280 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн ба тухайн ялаа эдэлж байх хугацаандаа дахин гэмт хэрэгт холбогдсон боловч Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 64 дүгээр захирамжаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг хорих ялаар сольсон байна.

Уг шүүгчийн захирамжаар сольсон хорих ялыг шүүгдэгч нь 2022 оны 7 дугаар сарын 03-ны өдөр эдэлж дууссан нь Шийдвэр гүйцэтгэх байгууллагын тодорхойлолтооор тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийг хэрэглэн энэ тогтоолоор оногдуулсан хорих ял дээр нэмж нэгтгэх хууль зүйн үндэслэлгүй байна.

 

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

 Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ыг 01 жил хорих ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***т оногдуулсан 01 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***т цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.ОТГОНБАЯР