Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 221/МА2025/0024

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“АӨА” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

 

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Э.Лхагвасүрэн

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Т.Энхмаа

Илтгэсэн Ерөнхий шүүгч Д.Баатархүү

 

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б

 

Нэхэмжлэгч: АӨА” ХХК

 

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга

 

Нэхэмжлэлийн шаардлага: нийслэлийн Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/315 дугаар захирамжийг бүхэлд нь хүчингүй болгуулах”     

 

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 872 дугаар шийдвэр

 

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Еликай

 

Хэргийн индекс: 128/2024/0446/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “АӨА” ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/315 дугаар захирамжийг бүхэлд нь хүчингүй болгуулах”-аар маргасан байна.    

   

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 872 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 39 дүгээр зүйлийн 39.1.4, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч АӨА” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

 

3. Давж заалдах гомдлын агуулга: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 128/ШШ2024/0872 дугаар шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

 

3.1. Нэхэмжлэгч “АӨА” ХХК-иас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” А/315 дугаар захирамжийг бүхэлд нь хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

 

3.2. Нэхэмжлэгч нь Налайх дүүргийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн А/146 дугаартай захирамжаар Налайх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт 24000 м.кв газрыг мод үржүүлгийн зориулалтаар эзэмших эрх олгосон байна. Уг эзэмшлийн газрыг Нийслэлийн Засаг даргын захирамжтай болгох хүсэлт гаргасны дагуу Нийслэлийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн А/250 дугаартай “Газар эзэмших эрх баталгаажуулах тухай” захирамжаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлж шийдвэрлэсэн.

 

3.3. Нийслэлийн Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/315 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгосон.

 

3.4. Сонсох ажиллагааг хуульд заасны дагуу явуулсан тухайд: Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-д заасны дагуу сонсох ажиллагааны мэдэгдлийг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 01-09/7236 дугаартай албан бичгээр хүргүүлсэн.

 

 

3.5. Энэ үйл баримт нь шууданд хүргүүлсэн нь өргөдөл гомдлын бүртгэлийн дэвтэрт тодорхой харагддаг. (хавтаст хэрэгт нотлох баримтын шаардлага хангуулан хүргүүлсэн). Мөн нэхэмжлэгч “АӨА” ХХК-ийн ажилтан нь “viber” цахим сүлжээгээр холбогдон 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 01-09/230 дугаартай сонсох ажиллагааны мэдэгдлийг хүлээж авсан. Уг Sugar гэх цахим хаягтай 8653**** дугаартай хүн тус компанид ажиллаж байсан гэдгийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрдөг.

 

3.6. Мөн сонсох ажиллагааны мэдэгдлийг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны цахим хуудсанд байршуулан 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 305 дугаар өрөөнд 13-17 цагийн хооронд явагдахыг олон нийтэд мэдээллэсэн байна. Уг үйл баримт нь мөн хавтас хэрэгт авагдсан бөгөөд 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны цахим системээс харахад уг зар нийтлэгдсэн байсан бөгөөд жагсаалтын 29-д бичигдсэн байна.

 

3.7. Захиргааны байгууллагаас Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д “хорь буюу түүнээс доош тооны этгээдийг сонсохоор бол мэдэгдлийг этгээд тус бүрд шууд хүргүүлэх, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулах” гэж заасны дагуу шуудан, цахим бусад хэлбэрээр буюу “viber”-аар сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлсэн.

 

3.8. Маргааны зүйл болох Нийслэлийн Засаг даргын захирамжийг 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр гаргасан буюу нэхэмжлэгчид төлбөр төлөх, тайлбар гаргах хугацааг хангалттай олгосон байна.

 

3.9. Маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийн тухайд: Нийслэлийн Засаг даргын захирамжид Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалт, 39 дүгээр зүйлийн 39.1.4 дэх заалт, 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалт, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг тус тус үндэслэсэн байна.

 

3.10. Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 15 дугаар тогтоолд “Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан “... удаа дараа ...” гэдгийг мөн зүйлийн 40.1.2-40.1.6-д зааснаас бусад хэлбэрээр хууль тогтоомж, гэрээний нөхцөл, болзлыг 2 буюу түүнээс дээш удаа зөрчсөн байхыг ойлгоно” гэж заасан.

 

3.11. АӨА” ХХК-д уг газрыг олгохдоо хуульд заасан дээрх журмыг баримтлаагүй, газар эзэмших эрхийн дуудлага худалдаа явуулж, төлбөр төлүүлэлгүй газар эзэмших эрх олгосон, уг зөрчилтэй шийдвэрээ хуульд нийцүүлж, дуудлага худалдааны анхны үнийг төлүүлэхээр маргаан бүхий А/315 дугаар захирамжаар шийдвэрлэсэн нь газар эзэмшигчийн эрхийг дордуулаагүй, Газрын тухай хуулийн 33, 34 дүгээр зүйлд нийцсэн гэж үзэх үндэслэлтэй.

 

3.12. Нийслэлийн Засаг даргын 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнэ төлүүлэх тухай” А/309 дүгээр захирамж, мөн оны 10 дугаар сарын 01-ний өдрийн А/915 дугаар захирамж, 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/697 дугаар захирамжууд хүчинтэй байх бөгөөд тус захирамжийн агуулгаас харвал дуудлага худалдааны анхны үнийг төлүүлэхээр заасан.

 

3.13. Үүний дагуу Нийслэлийн Засаг даргын удирдамжийн дагуу хяналт шалгалт хийж зөрчил арилгуулах тухай 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 38/11-09 дүгээр Дотоод аудитын албаны улсын байцаагчийн албан шаардлагыг ирүүлж, тус маргаан бүхий актыг гаргасан нь үндэслэлтэй.

 

3.14. Тухайн маргааны хувьд “АӨА” ХХК нь мэргэжлийн зөвлөлийн хурлын тэмдэглэлд  тусгаснаар дуудлага худалдааны анхны үнийг төлнө гэдгээ батлан дааж буюу төлөхөөр тухайн газар эзэмших эрх эрхийн гэрчилгээг хүлээж авсан байдаг. Үүний дараа ямар нэгэн графикаар дуудлага худалдааны анхны үнийг төлөөгүй. Манайхаас 2 удаа дуудлага худалдааны анхны үнийг төлөх тухай мэдэгдлийг хүргүүлж, 1 жилийн хугацаа олгосон байдаг. Тус 1 жилийн хугацаанд дуудлага худалдааны үнийг огт төлөөгүй. Төлөхөөр ямар нэгэн байдлаар хүсэл зоригоо илэрхийлээгүй. Шүүх хуралдаанд мөн дуудлага худалдааны анхны үнийг төлөхгүй гэдгээ тодорхой байдлаар хэлсэн. Хариуцагч байгууллагын зүгээс Газрын тухай хуулийн 33 дугаар зүйл болон 34 дүгээр зүйлд заасантай нийцүүлэн, дуудлага худалдааны анхны үнийг төлүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Мөн дотоод аудитын албаны улсын байцаагчийн албан шаардлагыг үндэслэсэн. Тухайн дотоод аудитын албан шаардлагуудад дуудлага худалдааны анхны үнийг “АӨА” ХХК-аас гаргуулахыг даалгаж аудитын дүгнэлт гаргасан. Тус аудитыг үндэслэж гаргасан.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 128/ШШ2024/0872 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав. 

2. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул дараах үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2.1.Нэхэмжлэгч “АӨА” ХХК нь Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/315 дугаар захирамжийг бүхэлд нь хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байна.  

2.2. Нэхэмжлэгчээс маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/315 дугаар захирамжийг хүчингүй болгох үндэслэлээ “...Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт Нийслэлийн Засаг дарга газар эзэмших эрх хүчингүй болгох 7 үндэслэлд дуудлага худалдааны анхны үнэ төлөх гэх үндэслэл байгаагүй учраас газар эзэмших эрхийг хууль бус үндэслэлээр хүчингүй болгосон ...”, “... Газар эзэмших эрх хүчингүй болгоход сонсох ажиллагаа хийгдээгүй, зөрчил арилгах сонсох ажиллагааны талаарх мэдэгдэл хүлээж аваагүй ...” гэж тайлбарлан маргасан.

2.3. Анхан шатны шүүх “... хариуцагч захиргааны байгууллага маргаан бүхий актыг гаргахдаа нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй нэхэмжлэгч байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох хуульд заасан үндэслэл үүсээгүй байхад шийдвэр гаргасан нь хууль бус, уг хууль бус шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн ...”, “... газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг төлөөгүй гэх үндэслэл нь Газрын тухай хуульд заасан газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй ...”, “... анхнаасаа захиргаа тухайн газрын эрхийг “дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт”-аар олгоогүй нь дан ганц нэхэмжлэгчийг буруутгах үндэслэл биш ...”, “... захиргаа мэдэгдэх сонсох ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй, нэхэмжлэгч компанид тайлбар, баримт гаргах боломж олгосон нь тогтоогдоогүй ...” гэж дүгнэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, маргаан бүхий захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

3. Хэргийн үйл баримтын тухайд:

3.1. Налайх дүүргийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн А/146 дугаар захирамжаар АӨА” ХХК-д Налайх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт, 24000 м.кв газрыг мод үржүүлгийн зориулалтаар эзэмших эрх олгосныг үндэслэн 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр газар эзэмших эрхийн 000016*** дугаартай гэрчилгээг олгон “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-г 15 жилийн хугацаатай байгуулсан.

3.2. 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр “АӨА” ХХК -ийн захирал М.Энх-Амгалангаас Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд хандан дээрх эзэмшлийн газрыг Нийслэлийн Засаг даргын захирамжтай болгохоор хүсэлт гаргасны дагуу Нийслэлийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн А/250 дугаар захирамжаар “Мэргэжлийн зөвлөлийн хурлаас гарсан дүгнэлтийн дагуу “АӨА” ХХК-ийн эзэмших эрх бүхий 24000 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлж газар эзэмших эрхийг шинээр баталгаажуулж, Налайх дүүргийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн А/146 дугаар захирамжийн “АӨА” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болсонд тооцсон байна.

3.4. Улмаар Нийслэлийн Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/315 дугаар захирамжаар Налайх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт мод үржүүлгийн зориулалтаар 24000 м.кв газрыг эзэмшигч нь газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг төлөөгүй гэсэн үндэслэлээр “АӨА” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгож шийдвэрлэсэн байна.

4. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн баталсан 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 04 дүгээр удирдамжийн дагуу Нийслэлийн Дотоод аудитын албанаас Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2021, 2022 оны газрын төлбөрийн ногдуулалтад хяналт шалгалт хийж, тус шалгалтаар АӨА” ХХК нь газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнэ болох 64,032,000 төгрөгийг төлөөгүй зөрчил гаргасан болох нь тогтоогдсон байх бөгөөд нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 01-09/7236, 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 01-09/230 дугаар албан бичгүүдээр тус тус нэхэмжлэгч “АӨА” ХХК-д хандан газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулаагүй тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох агуулга бүхий мэдэгдлийг удаа дараа хүргүүлсэн ч албан бичигт заасан хугацаанд дуудлага худалдааны анхны үнийг төлөөгүй тул хариуцагч нийслэлийн Засаг даргын А/315 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 39 дүгээр зүйлийн 39.1.4, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч АӨА” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

4.1. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-д “Газар эзэмшигч дараахь үүрэг хүлээнэ”, 35.3.1-д “газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх”, 39 дүгээр зүйлийн 39.1-д “Газар эзэмших эрх дараахь тохиолдолд дуусгавар болно”, 39.1.4-д “газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болсон”, 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно”, 40.1.1-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн” гэж тус тус заасан бөгөөд Улсын дээд шүүхийн 2008 оны Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолын 1.9-д “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан "… удаа дараа …" гэдгийг мөн зүйлийн 40.1.2-40.1.6-д зааснаас бусад хэлбэрээр хууль тогтоомж, гэрээний нөхцөл, болзлыг 2 буюу түүнээс дээш удаа зөрчсөн байхыг ойлгоно” гэж тайлбарлажээ.

4.2. Хуулийн дээрх заалт, тайлбараас үзэхэд газар эзэмшигч нь гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх үүрэгтэй бөгөөд гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн тохиолдолд Газрын тухай хуульд заасны дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийн гэрчилгээг дуусгавар болгохоор зохицуулсан байх бөгөөд нэхэмжлэгч АӨА” ХХК нь хариуцагчаас тавьсан шаардлагыг биелүүлээгүй буюу гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа зөрчсөн болох нь тогтоогдож буй энэ тохиолдолд маргаан бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгосон хариуцагчийн шийдвэрийг хууль бус гэж дүгнэж хүчингүй болгох үндэслэлгүй.

4.3. Түүнчлэн Захиргааны байгууллагаас Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, 27 дугаар зүйлийн 27.2-т “Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд дараах байдлаар хүргүүлнэ”, 27.2.1-д “хорь буюу түүнээс доош тооны этгээдийг сонсохоор бол мэдэгдлийг этгээд тус бүрд  шууд хүргүүлэх, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулах” гэж тус тус заасны дагуу сонсох ажиллагааны мэдэгдлийг шуудан, цахим болон бусад хэлбэрээр хүргүүлж, дуудлага худалдааны анхны үнийг төлөх, тайлбар, санал гаргах боломж олгосон байхад анхан шатны шүүх “... захиргаа мэдэгдэх сонсох ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй, нэхэмжлэгч компанид тайлбар, баримт гаргах боломж олгосон нь тогтоогдоогүй ...” гэж дүгнэсэн нь буруу байна.

4.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... Маргааны зүйл болох Нийслэлийн Засаг даргын захирамжийг 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр гаргасан буюу нэхэмжлэгчид төлбөр төлөх, тайлбар гаргах хугацааг хангалттай олгосон ...” гэсэн гомдол үндэслэлтэй.

4.5. Мөн анхан шатны шүүх “... анхнаасаа захиргаа тухайн газрын эрхийг “дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт”-аар олгоогүй нь дан ганц нэхэмжлэгчийг буруутгах үндэслэл биш ...” гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ.

4.6. Хариуцагчаас шүүхэд гаргасан тайлбартаа “... Эрх бүхий албан тушаалтны буруутай үйлдлээс болж тухайн дуудлага худалдааны төсөл шалгаруулалт явагдаагүй байна ...”, “... Тухайн үед газрыг дуудлага худалдааны журмаар олгох ёстой байсныг зөрчсөн гэх утгаар Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 39 дүгээр зүйлийн 39.1.4 дэх хэсгийг тус тус баримталж газар эзэмших эрхийг хүчингүй болгох захирамж гаргасан ...” гэжээ.

4.7. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг дараахь журмыг баримтлан шийдвэрлэнэ”, 33.1.1-д “энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана”, 33.1.2-т “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно”, мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж тус тус заасан.

4.8. Дээрхээс үзвэл маргаан бүхий газрыг анх АӨА” ХХК-д Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасныг зөрчиж олгосон бөгөөд нэхэмжлэгч АӨА” ХХК нь дуудлага худалдааны анхны үнийг бүрэн төлөөгүй байгаа энэ тохиолдолд Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг баримтлан өмнөх хууль зөрчиж гаргасан шийдвэрээ зөвтгөн өөрчилж, нэхэмжлэгч компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгосон хариуцагчийн шийдвэр зорилгодоо нийцсэн, бодит нөхцөл байдалд тохирсон, үндэслэл бүхий байх төдийгүй Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах” зарчимд нийцжээ.

4.9. Энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... АӨА” ХХК-д уг газрыг олгохдоо хуульд заасан дээрх журмыг баримтлаагүй, газар эзэмших эрхийн дуудлага худалдаа явуулж, төлбөр төлүүлэлгүй газар эзэмших эрх олгосон, уг зөрчилтэй шийдвэрээ хуульд нийцүүлж, дуудлага худалдааны анхны үнийг төлүүлэхээр маргаан бүхий А/315 дугаар захирамжаар шийдвэрлэсэн нь газар эзэмшигчийн эрхийг дордуулаагүй, Газрын тухай хуулийн 33, 34 дүгээр зүйлд нийцсэн гэж үзэх үндэслэлтэй ...” гэсэн давж заалдах гомдол үндэслэлтэй.

4.10. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж заасантай нийцэхгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.2-т “Хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай нотлох баримт цугларсан, шүүх хуралдаан болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан боловч шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн, эсхүл хуулийг буруу хэрэглэсэн бол давж заалдах шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүх энэ хуулийн 121.1.1, 121.1.2-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргана” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 872 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч АӨА” ХХК-ийн Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/315 дугаар захирамжийг бүхэлд нь хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс  хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                      ШҮҮГЧ                                                                  Э.ЛХАГВАСҮРЭН

 

 

                       ШҮҮГЧ                                                               Т.ЭНХМАА

 

 

                      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             Д.БААТАРХҮҮ