Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 128/ШШ2021/0686

 

 

 

 

 

 

 

 

      2021         10          20                                  128/ШШ2021/0686

                                                                             

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б ХХК

Хариуцагч: Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар

Хариуцагч: Боловсрол, шинжлэх ухааны яам

Нэхэмжлэлийн шаардлага: Түлхүүр гардуулах нөхцөлтэй Сургуулийн барилгын өргөтгөл, 640 суудал /Улаанбаатар, Баянзүрх дүүрэг, ******* цогцолбол сургууль/-ийн нэмэлт ажлын зардал болох 241.926.117 төгрөгийн  санхүүжилтийг шийдвэрлэхгүй байгаа Боловсрол, шинжлэх ухааны яамны эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгож, санхүүжилтийг шийдвэрлэхийг Боловсрол, шинжлэх ухааны яаманд даалгах,

Түлхүүр гардуулах нөхцөлтэй Сургуулийн барилгын өргөтгөл, 640 суудал /Улаанбаатар, Баянзүрх дүүрэг, ******* цогцолбол сургууль/-ийн нэмэлт ажлын зардал 241.926.117 төгрөгийн үнийн дүнтэй нэмэлт гэрээг байгуулахгүй байгаа Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгож, нэмэлт гэрээ байгуулахыг Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт даалгах,

Нэхэмжлэгч байгууллагад учирсан хохирол, зардлын хэмжээнд хариуцагч нараас 353.793.934 төгрөгийг гаргуулж Б ХХК-д олгуулах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:  Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.О, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б, Д.Г, гэрч Э.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Цэвэлмаа нар оролцов.

                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэхэмжлэгч Б ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:  

          “Нэхэмжлэгч Б ХХК нь Түлхүүр гардуулах нөхцөлтэй Сургуулийн барилгын өргөтгөл, 640 суудал /Улаанбаатар, Баянзүрх дүүрэг, ******* цогцолбор сургууль/-ийн ажлыг 3.598.073.883 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газартай №ИНХААГ-18/0047 ажлын гэрээг байгуулсан. Гэтэл тус ажлын техникийн нөхцөлүүдийг тендер зарласнаас хойш Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар гаргаж өгсөн тул дулаан, цэвэр, бохир усны шугам зөөх мөн цахилгааны дэд өртөө шинээр барих, гадна цагаан хангамж, холбооны ажлууд төлөвлөснөөс нэмэгдэж 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Барилгын хөгжлийн төвийн барилга байгууламжийн зураг төслийн 1644/2019 тоот нэгдсэн дүгнэлтээр барилгын нийт өртөг 4.326.033.446 төгрөг байхаар баталгаажсан. Иймд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Барилгын хөгжлийн төв,  Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар болон манай байгууллага хамтарсан комиссын 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 1 тоот хурлын тэмдэглэлийн дагуу ажлыг гүйцэтгэж дуусгасан.

          Хурлын тэмдэглэлийн шийдвэрлэх хэсэгт заасан нийт нэмэлт ажлын зардал болох 727.959.563 төгрөгөөс 241.926.117 төгрөгийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.4-т нэмэлт ажлын өртөг нь анхны гэрээний үнийн дүнгийн 15 хувиас хэтрүүлэхгүйгээр 2019 оны төсөвт туссанаар нэмэлт гэрээ байгуулан олгох, гэрээний хугацааг 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгахаар шийдвэрлэсэн.

          Гэвч 2019 онд улсын төсөвт суусан 241.926.117 төгрөгийг захиргааны буруутай үйл ажиллагаа, эс үйлдлээс шалтгаалан нэмэлт гэрээг байгуулахгүй, уг шалтгаанаар улсын төсөвт 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр буцаан хураагдсан гэсэн мэдээллийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Үйлдвэрлэлийн хэлтсийн мэргэжилтэн Э.Э өгсөн.    

          Иймд  “...нэмэлт гэрээ байгуулах ...., .... санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэж өгнө үү...” гэсэн хүсэлтийг Нийслэлийн Засаг даргад хандан 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 19 дугаар албан бичгээр, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт хандан 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 15, 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 136, 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 168 тоот албан бичгүүдээр 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 87, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Ц2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 35 тоот албан бичгээр сайд Ё.Б*******т хандан 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 117 тоот албан бичгээр тус тус хандсан боловч өнөөдрийг хүртэл ямар ч хариу өгөхгүй байна.

          Улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй төсөл арга хэмжээний санхүүжилтийг Сангийн сайдын 2016 оны 415 дугаар тушаалаар батлагдсан "Төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлт, санхүүжилт, хяналт, тайлагналтын журам”-ын дагуу хийгдсэн ажлын гүйцэтгэлээр олгодог билээ.

          Уг журмын 4.16-д “Захиалагч байгууллага өөрийн дансанд санхүүжилт орсноос хойш ажлын 3 хоногийн дотор гүйцэтгэгч байгууллагад санхүүжилтийг олгоно. Санхүүжилт тогтоосон хугацаанд гүйцэтгэгчид шилжүүлээгүйгээс үүдэн гарах бүх хариуцлагыг захиалагч хариуцна”.

          4.26-д “Төсвийн ерөнхийлөн захирагчийн багцад батлагдсан, эрх шилжүүлж аймаг нийслэл, сум, дүүрэг худалдан авах ажиллагааг нь зохион байгуулсан төсвийн хөрөнгө оруулалтын ажлын хувьд тухайн төсвийн ерөнхийлөн захирагчийн хөрөнгө оруулалт, их засварын дансаар дамжиж санхүүжилт нь хийгдэнэ . Төсвийн ерөнхийлөн захирагч нь орон нутгаас ирүүлсэн санхүүжилтийн бичиг, баримтыг ажлын 3 хоногийн дотор хянаж, Сангийн яаманд хүргүүлнэ” гэжээ.

          Ийнхүү санхүүжилтийн асуудлыг хариуцагч нар санаатайгаар шийдвэрлэхгүй, удаашруулснаас манай байгууллага өр, зээлийн дарамт, санхүүгийн алдагдал, хохирлыг амсаж байна . Үүнд : 

          1. Голомт банкнаас 800.000.000 төгрөгийн зээл авахаас аргагүй байдалд хүрсэн бөгөөд одоогийн байдлаар зээлийн хүү , алданги 103.659.992 төгрөг болсон байна.

          2. 2020 онд гэрээ хийх 486.100.000 төгрөгийн асуудал шийдэгдэхгүй байсаар байна. Санхүүжилтийн асуудал шийдэгдээгүйгээс дэд өртөөний барилга болон 640 хүүхдийн сургуулийн өргөтгөл барилгыг улсын комисст өгөхгүй байсаар ашиглалтын зардал болох харуул хамгаалалтын зардалд 4.790.000 төгрөг , цахилгааны зардалд 2.800.000 төгрөг , цэвэр ус ашиглалтын зардалд 617.825 төгрөгийг тус тус төлсөн.

          3. 2018 ны 08 дугаар сарын 21-ний өдөр гаргуулсан тендерийн гүйцэтгэлийн баталгаанд 4.692.290 төгрөгийг илүү төлсөн.

          Дээрх хохирлын дүн 116.560.107 төгрөг болж байгаа бөгөөд үүн дээр 2019 онд төсөвт суугаад буцаан хураагдсан 241.926.117 төгрөгийг нэмж нийт 353.793.934 төгрөгийг манай байгууллага нь гэрээний гүйцэтгэлийн санхүүжилт, олгогдоогүйгээс учирсан хохирол, зардал гэж тооцон, НХОГ-г хариуцагчаар татан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан  шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан.   

          Иймд “Түлхүүр гардуулах нөхцөлтэй Сургуулийн барилгын өргөтгөл, 640 суудал /Улаанбаатар, Баянзүрх дүүрэг, ******* цогцолбор сургууль/-ийн ажлын гүйцэтгэлийн санхүүжилт олгохгүй байгаа боловсрол, шинжлэх ухааны яамны эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгож, нэмэлт ажлын зардал болох 727.959.563 төгрөгөөс 241.926.117 төгрөгийг улсын төсвийн хөрөнгөөс шийдвэрлэх байдлаар төсөвт суулгаж санхүүжилт олгохыг Боловсрол , шинжлэх ухааны яаманд,

          “Түлхүүр гардуулах нөхцөлтэй Сургуулийн барилгын өргөтгөл, 640 суудал /Улаанбаатар Баянзүрх дүүрэг . ******* цогцолбор сургууль/-ийн ажлын нэмэлт ажлын зардал болох 727.959.563 төгрөгөөс 241.926.117 төгрөгийн үнийн дүнтэй нэмэлт гэрээг байгуулахгүй байгаа Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгож нэмэлт гэрээ байгуулахыг Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт даалгуулж, нэхэмжлэгч байгууллагад учирсан хохирол, зардлын хэмжээнд хариуцагч нараас 353.793.934 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.” гэв.

          Хариуцагч Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан болон шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар нь улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийгдэж буй барилга байгууламжийн ажлуудад захиалагчийн хяналтыг хэрэгжүүлдэг орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар юм.

Нэхэмжлэлд дурдсан төсөл арга хэмжээ нь улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлсэн бөгөөд Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар нь захиалагчийн техник хяналтыг хэрэгжүүлэн оролцох эрх, үүргийнхээ хүрээнд ажлын явцад хяналт тавьж, гүйцэтгэлийг баталгаажуулан ажиллах чиг үүргийг хэрэгжүүлсэн.

Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын зүгээс нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн аливаа үйлдэл үйл ажиллагаа явуулж байгаагүй бөгөөд нэхэмжлэгчээс ирүүлсэн гүйцэтгэлийг хянаж баталгаажуулан санхүүжилт олгох эрх бүхий байгууллагад тухай бүр хүргүүлж байсан. Иймд ЗХШХШТХ-ийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

   Хариуцагч Боловсрол, шинжлэх ухааны яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд болон шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

“Монгол Улсын 2018 төсвийн тухай хуулийн XII.1.1.73-т батлагдсан Сургуулийн барилгын өргөтгөл, 640 суудал /Улаанбаатар, Баянзүрх дүүрэг, ******* цогцолбол сургууль/-ийн барилга угсралтыг 2017 оны 12 дугаар сарын 28 өдрийн А/401, A/203 тоот “Төлөвлөгөө батлах тухай " хамтарсан тушаал баталж Нийслэл орон нутгийн худалдан авах ажиллагааны нэгжид эрx шилжүүлэн хэрэгжүүлэх төлөвлөгөөг 3 дугаар хавсралтаар баталсан.

Тус гэрээг Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газартай гүйцэтгэгчээр шалгарсан аж ахуйн нийслэлийн хөрөнгө оруулалтын нэгж 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн НХААГ-18/0041 тоот гэрээ байгуулан ажилласан.

          Барилга угсралтын нэмэлт ажлын зардал 727.9 сая төгрөгийг 2020 онд шийдвэрлүүлэхээр санал хүргүүлсэн боловч 486.1 сая төгрөгийг 2020 оны улсын төсөвт тусгаж 241.9 сая төгрөгийг хасан баталсан.

          Боловсрол, шинжлэх ухааны яамнаас Монгол улсын 2021 оны төсвийн саналд тус барилгын ажлын үлдэгдэл санхүүжилт болох 241.9 сая төгрөгийг 2020 оны 8 дугаар сарын 14-ны өдрийн 1а/345 дугаар албан бичгээр 2021 оны Улсын төсөвт тусгуулахаар Сангийн яаманд хүргүүлсэн.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

          Б ХХК-иас Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар, Боловсрол, шинжлэх ухааны яаманд тус тус холбогдуулан

        1.Түлхүүр гардуулах нөхцөлтэй Сургуулийн барилгын өргөтгөл, 640 суудал /Улаанбаатар, Баянзүрх дүүрэг, ******* цогцолбор сургууль/-ийн нэмэлт ажлын зардал 241.926.117 төгрөгийн  санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэхгүй байгаа Боловсрол, шинжлэх ухааны яамны эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгож, нэхэмжлэгч байгууллагыг санхүүжүүлэхийг Боловсрол, шинжлэх ухааны яаманд даалгах,

          2.Түлхүүр гардуулах нөхцөлтэй Сургуулийн барилгын өргөтгөл, 640 суудал /Улаанбаатар, Баянзүрх дүүрэг, ******* цогцолбол сургууль/-ийн нэмэлт ажлын зардал 241.926.117 төгрөгийн үнийн дүнтэй нэмэлт гэрээг байгуулахгүй байгаа Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож нэмэлт гэрээ байгуулахыг Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт даалгах

3.Нэхэмжлэгч байгууллагад учирсан хохирол, зардлын хэмжээнд хариуцагч нараас 353.793.934 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч нэхэмжлэлийг дараах байдлаар шийдвэрлэв.

1.Үйл баримтын тухайд: Б ХХК нь 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн НХААГ-18/0047 дугаар Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй Сургуулийн барилгын өргөтгөлийн Улаанбаатар, Баянзүрх дүүрэг, ******* цогцолбор сургууль/ ажлыг 3.598.073.883 төгрөгөөр гүйцэтгэхээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газартай ажлын гэрээ[1] байгуулсан.

Уг гэрээнд ******* цогцолбор сургуулийн өргөтгөлийн барилгыг 3.598.073.883 төгрөгөөр гүйцэтгэхээр гэрээ байгуулсан боловч зураг төсөл боловсруулах явцад техникийн нөхцөлүүд гарч инженерийн шугам сүлжээний ажил нэмэгдэж өөрчлөгдсөн мөн барилгын жижиг өөрчлөлтүүд барилгын хөгжлийн төсвийн магадлалаар орж 4.326.033.466 төгрөг болж батлагдсантай холбоотойгоор 727.959.563 төгрөгийн нэмэлт санхүүжилт шаардлагатай болсон.

 Ингээд 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Боловсрол, соёл,  шинжлэх ухаан, спортын яаманд Боловсрол, соёл,  шинжлэх ухаан, спортын яам, Барилгын хөгжлийн төв, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын хариуцсан мэргэжилтэн, Б ХХК-ийн захирал нарын бүрэлдэхүүнтэй хуралдаж 1 дүгээр тэмдэглэлээр[2] нэмэлт ажлын санхүүжилтийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэсэн байна. 

1.2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр багтаан ашиглалтад оруулах

2. Нэмэлт ажлын зардал болох 727.959.563 төгрөгөөс 241.926.117 төгрөгийг ... 2019 оны төсөвт туссанаар нэмэлт гэрээ байгуулан олгох, гэрээний хугацааг 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгах

3.Үлдэгдэл санхүүжилт болох 486.100.000 төгрөгийг Монгол улсын Төсвийн тухай хууль 2020 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлснээс хойш Засгийн газрын хуралдааны тэмдэглэлд тусгуулан олгохоор шийдвэрлэсэн байна.

Уг тэмдэглэлээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах журмын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.4-д заасны   дагуу Б ХХК-д улсын төсвөөс 727.959.563 төгрөгийн нэмэлт санхүүжилт олгохоор шийдвэрлэсэн боловч 486.100.000 төгрөг төсвөөс олгогдож, үлдэгдэл 241.926.117 төгрөгийн санхүүжилт олгогдоогүй.

2. “Түлхүүр гардуулах нөхцөлтэй Сургуулийн барилгын өргөтгөл, 640 суудал /Улаанбаатар, Баянзүрх дүүрэг, ******* цогцолбол сургууль/-ийн нэмэлт ажлын зардал 241.926.117 төгрөгийн  санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэхгүй байгаа Боловсрол, шинжлэх ухааны яамны эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгож, нэхэмжлэгч байгууллагыг санхүүжүүлэхийг Боловсрол, шинжлэх ухааны яаманд даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

             Б ХХК нь  Түлхүүр  гардуулах  нөхцөлтэй Сургуулийн барилгын өргөтгөл,

 640    суудалтай    сургуулийн    барилгын   ажлыг   3.598.073.883   төгрөгөөр   хийж

гүйцэтгэхээр 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газартай №ИНХААГ-18/0047 ажлын гэрээг байгуулсан боловч дулаан, цэвэр, бохир усны шугам зөөх мөн цахилгааны дэд өртөө шинээр барих, гадна цагаан хангамж, холбооны ажлууд нэмэгдэж 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Барилгын хөгжлийн төвийн барилга байгууламжийн зураг төслийн 1644/2019[3] тоот магадлалын нэгтгэсэн дүгнэлтээр барилгын нийт өртөг 4.326.033.446 төгрөг байхаар баталгаажсан байна.

          Хариуцагч Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар, Боловсрол, шинжлэх ухааны яамнаас 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 1 дүгээр хурлын тэмдэглэлээр дээрх нэмэлт ажлын зардал 727.959.563 төгрөгөөс 241.926.117 төгрөгийг 2019 оны төсөвт туссанаар нэмэлт гэрээ байгуулан олгох, гэрээний хугацааг 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгахаар шийдвэрлэсэн.

          Гэвч уг тэмдэглэлийн дагуу Б ХХК-тай нэмэлт гэрээ байгуулагдаагүй, тэрчлэн нэмэлт зардал 241.926.117 төгрөгийг олгогдоогүй тул 2021 оны Монгол улсын төсөвт тусгуулж шийдвэрлүүлэхээр тэмдэглэлийн 2,3 дахь заалтыг сольж өөрчлөлт оруулсан гэдгийг Боловсрол, соёл,  шинжлэх ухаан, спортын яамны үйлдвэрлэлийн хэлтсийн мэргэжилтэн Э.Э шүүх хуралдаанд гэрчээр оролцохдоо мэдүүлсэн[4].

          Хариуцагч Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас 2019 онд улсын төсөвт 241.926.117 төгрөгийг тусгуулахаар Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт нэмэлт гэрээ байгуулах саналыг хүргүүлээгүйгээс нэмэлт гэрээ байгуулагдаагүй шалтгаанаар 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 241.926.117 төгрөг улсын төсөвт буцаан татагдсан талаар Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Үйлдвэрлэлийн хэлтсийн мэргэжилтнээр ажиллаж байсан Э.Э гэрчийн мэдүүлэгтээ[5] дурдсаныг хариуцагч Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч зөвшөөрсөн.

          Тодруулбал, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 2/3350 дугаар[6] албан бичгээр ... Иймд шаардлагатай байгаа 241.926.117 төгрөгийн нэмэлт хөрөнгийг шийдвэрлэх арга хэмжээг авч дэмжлэг үзүүлэн хамтран ажиллах саналыг Боловсрол, шинжлэх ухааны яаманд хүргүүлсэн, мөн Нийслэлийн Засаг даргын тамгын газрын 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 07/5123 дугаар[7] албан бичгээр “...Боловсрол, шинжлэх ухааны яамнаас  дээрх санхүүжилтийг шийдвэрлэсэн тохиолдолд нэмэлт гэрээ байгуулах боломжтой.” гэсэн саналыг Боловсрол, шинжлэх ухааны яаманд хүргүүлж байсан.

          Харин Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас Б ХХК-д гэрээ байгуулах эрх олгох тухай албан бичгийг Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт хүргүүлээгүй талаар тус шүүхэд ирүүлсэн 2021 оны 1 дүгээр 29-ний 12/385 дугаар албан бичигтээ дурдсан байна.

          Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.4-т яамны сайдын эрх хэмжээнд өөрийн эрхлэх асуудлын хүрээнд тухайн төсөв хэрэгжих жил болон дунд хугацаанд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын арга хэмжээг жилийн төсвийн хязгаарт багтаан санхүүжилтийн бүх төрлийн эх үүсвэртэй нь уялдуулан боловсруулах гэж заасан.

          Мөн Сангийн сайдын 2016 оны 415 дугаар тушаалаар батлагдсан "Төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлт, санхүүжилт, хяналт, тайлагналтын журам”-ын 4.16-д “Захиалагч байгууллага өөрийн дансанд санхүүжилт орсноос хойш ажлын 3 хоногийн дотор гүйцэтгэгч байгууллагад санхүүжилтийг олгоно. Санхүүжилт тогтоосон хугацаанд гүйцэтгэгчид шилжүүлээгүйгээс үүдэн гарах бүх хариуцлагыг захиалагч хариуцна”, 4.26-д “Төсвийн ерөнхийлөн захирагчийн багцад батлагдсан, эрх шилжүүлж аймаг нийслэл, сум, дүүрэг худалдан авах ажиллагааг нь зохион байгуулсан төсвийн хөрөнгө оруулалтын ажлын хувьд тухайн төсвийн ерөнхийлөн захирагчийн хөрөнгө оруулалт, их засварын дансаар дамжиж санхүүжилт нь хийгдэнэ . Төсвийн ерөнхийлөн захирагч нь орон нутгаас ирүүлсэн санхүүжилтийн бичиг, баримтыг ажлын 3 хоногийн дотор хянаж, Сангийн яаманд хүргүүлнэ” гэжээ.

           Хэдийгээр Боловсрол, шинжлэх ухааны яамнаас Монгол улсын 2021 оны төсвийн саналд тус барилгын ажлын үлдэгдэл санхүүжилт болох 241.9 сая төгрөгийг 2020 оны 8 дугаар сарын 14-ны өдрийн 1а/345 дугаар[8] албан бичгээр 2021 оны Улсын төсөвт тусгуулахаар Сангийн яаманд хүргүүлсэн боловч нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол бодитойгоор сэргээгүй байна.

          Үүнээс үзэхэд Б ХХК-ийн гаргасан ... нэмэлт ажлын зардал болох 241.926.117 төгрөгийн  санхүүжилтийн асуудлыг хугацаанд нь шийдвэрлэх үүргээ биелүүлээгүй Боловсрол, шинжлэх ухааны яамны эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, Б ХХК-ийн нэмэлт ажлын зардал болох 241.926.117 төгрөгийн  санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэхийг Боловсрол, шинжлэх ухааны яаманд даалгах нь зүйтэй гэж үзлээ.

          3. Түлхүүр гардуулах нөхцөлтэй Сургуулийн барилгын өргөтгөл, 640 суудал /Улаанбаатар, Баянзүрх дүүрэг, ******* цогцолбол сургууль/-ийн нэмэлт ажлын зардал 241.926.117 төгрөгийн үнийн дүнтэй нэмэлт гэрээг байгуулахгүй байгаа Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож нэмэлт гэрээ байгуулахыг Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

          Б ХХК нь 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн НХААГ-18/0047 дугаар Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй Сургуулийн барилгын өргөтгөлийн Улаанбаатар, Баянзүрх дүүрэг, ******* цогцолбор сургууль/ ажлыг 3.598.073.883 төгрөгөөр гүйцэтгэхээр Нийслэлийн хөрөнгө оруулалтын газартай гэрээ байгуулсан боловч зураг төсөл боловсруулах явцад техникийн нөхцөлүүд гарч инженерийн шугам сүлжээний ажил нэмэгдэж өөрчлөгдсөн мөн барилгын жижиг өөрчлөлтүүд барилгын хөгжлийн төсвийн магадлалаар орж 4.326.033.466 төгрөг болж батлагдсантай холбоотойгоор 727.959.563 төгрөгийн нэмэлт санхүүжилт олгохоор шийдвэрлэсэн боловч 486.100.000 төгрөгийн үлдэгдэл санхүүжилт олгогдож, үлдэгдэл 241.926.117 төгрөгийн санхүүжилт олгогдоогүй, мөн нэмэлт гэрээ байгуулагдаагүй.

          Тодруулбал, Хариуцагч байгууллагуудаас 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 1 дүгээр хурлын тэмдэглэлээр дээрх нэмэлт ажлын зардал 727.959.563 төгрөгөөс 241.926.117 төгрөгийг 2019 оны төсөвт туссанаар нэмэлт гэрээ байгуулан олгох, гэрээний хугацааг 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгахаар шийдвэрлэсэн боловч нэмэлт гэрээ байгуулагдаагүй, 241.926.117 төгрөгийн санхүүжилт шийдвэрлэгдээгүй.

          Нэхэмжлэлд дурдсан төсөл арга хэмжээ нь улсын төсвийн хөрөнгөөр санхүүжигдсэн бөгөөд Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар нь захиалагчийн техник хяналтыг хэрэгжүүлэн оролцох эрх, үүргийнхээ хүрээнд ажлын явцад хяналт тавьж, гүйцэтгэлийг баталгаажуулан ажиллах чиг үүргийг хэрэгжүүлсэн, бөгөөд санхүүжилт нь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас төсвөөс гаргахаар шийдвэрлэгдсэн байна.

          Б ХХК-иас ирүүлсэн гүйцэтгэлийг хянаж, баталгаажуулан санхүүжилт олгох эрх бүхий байгууллага нь Боловсрол, шинжлэх ухааны яам бөгөөд тус яаманд ...Б ХХ-д олгохоор шийдвэрлэсэн 241.926.117 төгрөгийн нэмэлт хөрөнгийг шийдвэрлэх арга хэмжээг авч ажиллах талаар саналыг Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 2/3350 дугаар[9] албан бичгээр хүргүүлжээ.

          Хариуцагч байгууллагуудаас 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 1 дүгээр хурлын тэмдэглэлээр дээрх нэмэлт ажлын зардал 727.959.563 төгрөгөөс 241.926.117 төгрөгийг 2019 оны төсөвт туссанаар нэмэлт гэрээ байгуулан Б ХХК-д олгох, гэрээний хугацааг 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгахаар шийдвэрлэсэн.

          Гэвч уг тэмдэглэлд дурдсан нэмэлт гэрээ байгуулагдаагүй, тэрчлэн нэмэлт зардал 241.926.117 төгрөгийг олгогдоогүй тул 2021 оны Монгол улсын төсөвт тусгуулж шийдвэрлүүлэхээр тэмдэглэлийн 2,3 дахь заалтыг сольж өөрчлөлт оруулсан зэргээс үзэхэд  Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар нь нэмэлт гэрээ байгуулаагүй эс үйлдэхүй гаргаагүй нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

          Нийслэлийн Засаг даргын тамгын газрын 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 07/5123 дугаар[10] албан бичгээр ...Боловсрол, шинжлэх ухааны яамнаас дээрх санхүүжилтийг шийдвэрлэсэн тохиолдолд нэмэлт гэрээ байгуулах боломжтой. гэж, мөн Боловсрол, шинжлэх ухааны яамнаас дээрх санхүүжилтийг шийдвэрлэсэн тохиолдолд Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас нэмэлт гэрээ байгуулахад татгалзах зүйлгүй гэдгээ тус байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа дурдсан болно.

          Иймд ... нэмэлт ажлын зардал 241.926.117 төгрөгийн үнийн дүнтэй нэмэлт гэрээг байгуулахгүй байгаа Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож нэмэлт гэрээ байгуулахыг Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

4. Нэхэмжлэгч Б ХХК-д учирсан хохирол, зардал 353.793.934 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгчид олгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

             Нэхэмжлэгч Б ХХК-иас хариуцагч нарын эс үйлдэхүйгээс учирсан гэх  Голомт банкнаас 800.000.000 төгрөгийн зээл авахаас аргагүй байдалд хүрсэн бөгөөд одоогийн байдлаар зээлийн хүү , алданги 103.659.992 төгрөг, 2020 онд гэрээ хийх 486.100.000 төгрөгийн асуудал шийдэгдээгүйгээс дэд өртөөний барилга болон 640 хүүхдийн сургуулийн өргөтгөл барилгыг улсын комисст өгөхгүй байсаар ашиглалтын зардал болох харуул хамгаалалтын зардалд 4.790.000 төгрөг , цахилгааны зардалд 2.800.000 төгрөг , цэвэр ус ашиглалтын зардалд 617.825 төгрөг, 2018 ны 08 дугаар сарын 21-ний өдөр гаргуулсан тендерийн гүйцэтгэлийн баталгаанд 4.692.290 төгрөгийг илүү төлсөн. Дээрх хохирлын дүн 116.560.107 төгрөг болж байгаа бөгөөд үүн дээр 2019 онд төсөвт суугаад буцаан хураагдсан 241.926.117 төгрөгийг нэмж нийт 353.793.934 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

          Уг нэхэмжлэлийн шаардлагад дурдсан үйл баримтыг тус шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 5030 дугаар захирамж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 599 дүгээр тогтоолоор тус тус дүгнэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д зааснаар захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус маргаан гэж үзэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, иргэний хэргийн шүүхэд шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэсэн нь хүчин төгөлдөр болсон байна.

          Иймээс нэхэмжлэгч Б ХХК-д учирсан хохирол, зардал 353.793.934 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгчид олгуулах нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар, эсхүл уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол байгаа; гэж зааснаар хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох зүйтэй.

          Энэхүү нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан ... 2019 онд төсөвт суугаад буцаан хураагдсан 241.926.117 төгрөгийг нь Б ХХК-ийн гаргасан  ... нэмэлт ажлын зардал болох 241.926.117 төгрөгийн  санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэхгүй байгаа Боловсрол, шинжлэх ухааны яамны эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгож, нэхэмжлэгч байгууллагыг санхүүжүүлэхийг Боловсрол, шинжлэх ухааны яаманд даалгах нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хариуцагч Боловсрол, шинжлэх ухааны яаманд шийдвэрлэхийг даалгаж шийдвэрлэсэн  болохыг дурдах нь зүйтэй.

          Ингээд дээр нэхэмжлэлийн шаардлагуудыг нэгтгэн дүгнэвэл нэхэмжлэлийн 1 дэх шаардлагыг хангаж,... нэмэлт санхүүжилт олгохгүй байгаа Боловсрол, шинжлэх ухааны яамны эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, нэмэлт ажлын зардал 241.926.117 төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэхийг Боловсрол, шинжлэх ухааны яаманд даалгаж,

          Нэхэмжлэлийн 2 дахь шаардлага болох... нэмэлт ажлын зардал 241.926.117 төгрөгийн нэмэлт гэрээг байгуулахгүй байгаа Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгож нэмэлт гэрээ байгуулахыг Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт даалгах нэхэмжлэлийг шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

          Нэхэмжлэлийн 3 дахь шаардлага болох нэхэмжлэгч Б ХХК-д учирсан хохирол, зардал 353.793.934 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгчид олгуулах нэхэмжлэлд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 10.3.13, 109 дүгээр зүйлийн 109.2  дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.4. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах журмын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.4-д тус тус заасныг баримтлан ... нэмэлт санхүүжилт олгохгүй байгаа Боловсрол, шинжлэх ухааны яамны эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, нэмэлт ажлын зардал 241.926.117 төгрөгийн санхүүжилтын асуудлыг шийдвэрлэхийг Боловсрол, шинжлэх ухааны яаманд даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, ...нэмэлт санхүүжилт олгохгүй байгаа Боловсрол, шинжлэх ухааны яамны эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, нэмэлт ажлын зардал 241.926.117 төгрөгийн санхүүжилтын асуудлыг шийдвэрлэхийг Боловсрол, шинжлэх ухааны яаманд даалгаж, ... нэмэлт ажлын зардал 241.926.117 төгрөгийн нэмэлт гэрээг байгуулахгүй байгаа Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгож нэмэлт гэрээ байгуулахыг Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

           2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д зааснаар холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Боловсрол, шинжлэх ухааны яамнаас 35100 төгрөгийг гаргуулж,

нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

                      

                         ШҮҮГЧ                          Б.АДЪЯАСҮРЭН

 

 

[1] 1-р хавтасны 14 дэх тал

[2] 1-р хавтасны 49-53дахь тал

[3] 1-р хавтасны 41 дэх тал,

[4] 2-р хавтасны 137 дах тал,

[5] 2-р хавтасны 137 дах тал,

[6] 1 дүгээр хавтасны 211 дэх тал.

[7] 1 дүгээр хавтасны 210 дахь тал,

[8] 1-р хавтасны 181 дэх тал.

[9] 1 дүгээр хавтасны 211 дэх тал

[10] 1 дүгээр хавтасны 210 дахь тал