Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 2023/ШЦТ/138

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Дашдондов даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн

улсын яллагч Н.Ундрах /томилолтоор/,

шүүгдэгч Э.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Г холбогдох 2208018911519 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 01 сарын 14-ний өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1988 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эцэг, эхийн хамт, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлбэ 3 дугаар гудамж, *** тоотод оршин суух албан ёсны бүртгэлтэй боловч одоогоор Сонгинохайрхан дүүргийн 43 дугаар хороо, Алтайн 2-*****тоотод түр  оршин суудаг,  урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

Сайхан самбуу овогт Э-ын Г (регистрийн дугаар: ЖЮ8809******).

Шүүгдэгч Э.Г нь 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 43 дугаар хороо, Алтайн 2 дугаар гудамжинд үйл ажиллагаа явуулдаг “Оранж” /Orange/ нэртэй дэлгүүрийн орчим архидан согтуурсан үедээ П.Б хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүний толгойн тус газарт гараараа цохиж, хөлөөрөө өшиглөсөн үйлдлийн улмаас эрүүл мэндэд нь баруун чамархайн хуйханд зулгаралт, доод уруулд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

3. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч оролцсон.

4. Шүүгдэгч Э.Г нь архидан согтуурсан үедээ үл ялих зүйлээр шалтаглан П.Б  цохиж, зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

4.1. Цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл хүлээн авсан тухай “2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 43 дугаар хороо, Алтайн 2 дугаар гудамжинд үл таних хүнд зодуулсан...” гэх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 4 дүгээр тал),

4.2. 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 7-8 хуудас),

4.3. 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдөр камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 12-15 дүгээр тал),

4.4. Хохирогч П.Б “... Би 2022 оны 6 дугаар сарын 02-ны өглөө ээлжийнхээ ажлаас буугаад ажлын газрын залуу *********** хамт 10 цагийн үед гэрийнхээ урд талын Оранж дэлгүүрээс ундаа аваад дэлгүүрийн урд сууж байтал манай гудамжны зүс таних******** гэх залуу ирээд намайг “сайн уу андаа” гэхээр нь миний дургүй хүрээд ************ бид хоёр хэсэг маргалдсан бөгөөд бид хоёр бие биеийнхээ цамцныхаа энгэрээс барилцах үед *********** баруун гараараа миний уруул, эрүү хэсэг рүү 4-5 удаа цохисон. Энэ үед манай ажлын газрын залуу ********* нэг өшиглөсөн ба ***********унах үед бас дагаад унасан. Ингээд зодолдож байхад үл таних 50 орчим насны цэнхэр подволктой эрэгтэй гудамжны булангаас гарч ирээд ******* зугтаад явчихсан. Тэгээд *******намайг үргэлжлүүлэн миний баруун чамархайн хэсэг рүү зүүн хөлөөрөө нэг удаа өшиглөх үед би дахин унасан ба************ миний дээрээс 3-4 удаа нэмж өшиглөчхөөд яваад өгсөн. ...Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Эмчилгээний зардалтай холбоотой баримт бас байхгүй. Одоо*********** ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23, 25 дугаар тал),

4.5. Гэрч Г.Г “...Би 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдөр өглөө 08 цагт ээлжийн ажлаасаа буучхаад хамт ажилладаг Д.Б гэр рүү очиж амрахаар болоод явсан. Тэгээд 10 цагийн орчимд Д.Б гэрийн урдхан талд байдаг Оранж нэртэй дэлгүүрээс нэг ундаа авчхаад дэлгүүрийн гадаа сууж байтал Д.Б дээр үл таних цэнхэр цамцтай, хар жинсэн өмдтэй, цүнх үүрсэн, халимаг үстэй 30 орчим насны эрэгтэй ирээд маргалдаад байсан ба улмаар бүр зодолдоод байхаар нь би Д.Б өмөөрч зодооныг нь болиулах гэхэд хажуу гудамжны булангаас үл таних 50 орчим насны цэнхэр подволктой эрэгтэй гарч ирээд толгой руу хэд хэдэн удаа цохихоор нь би зугтаагаад ажил руугаа явсан ба Д.Б дэлгүүрийн урд талд хэвтээд үлдсэн. Харин 30 орчим насны эрэгтэй нь Д.Б эрүү, уруулны хэсэг рүү баруун гараараа 2-3 удаа, сүүлд унахад нь нүүр толгой руу нь хөлөөрөө 1-2 удаа өшиглөж байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 28-29 хуудас)

4.6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 8098 дугаартай “...П.Б биед баруун чамархайн хуйханд зулгаралт, доод уруулд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэсэн  дүгнэлт (хавтаст хэргийн 39-40 хуудас),

4.7. Э.Г яллагдагч, шүүгдэгчээр өгсөн “...2022 оны 6 дугаар сарын 02-ны өдөр 10 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 43 дугаар хороо Алтайн 2-223 тоот гэрээсээ Хархорин зах орох гэж гараад гэрийнхээ урд талын Оранж дэлгүүрийн урдуур явж байтал манай гудамжны зүс таних Д.Б  гэх залуу үл таних залуугийн хамт дэлгүүрийн гадаа сууж байсан. Тэр үед би Д.Б  гэх залуугийн хажуугаар зөрөхдөө Сайн уу Д.Б  ах гэж хэлсэн. Тэгтэл Д.Б  гэх залуу надад хандаж чам шиг бацаан юу вэ гээд цохиод авахаар нь би бас зөрүүлээд нүүр толгой, уруул руу нь 2, 3 удаа цохисон. Мөн толгойных нь баруун талын хэсэгт нэг удаа өшиглөсөн. Тэгтэл миний ардаас Д.Б той хамт явж байсан залуу миний ардаас нэг удаа нуруу луу өшиглөсөн. Би Д.Б той барьцалдаж авч байхад Баясаа ах гарч ирсэн чинь Д.Б  гэх залуутай хамт байсан залуу зугтаасан. Д.Б  надад зодуулсны дараа дэлгүүрийн урд талд унаад үлдэхээр нь би орхиод буцаад гэр лүүгээ явсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 57-58 дугаар хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

5. Хохирогчийн биед учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгчийн хохирол, хор уршгийг хүсэж үйлдсэн гэм буруугийн санаатай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, түүний хууль бус үйлдлийн улмаас гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж хангагдсан.

6. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.

7. Хохирогч Д.Д.Б гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь түүний өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23, 25 хуудас)-ээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

8 Улсын яллагчаас шүүгдэгч Э.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан.

 9. Шүүгдэгч: Прокурорын санал болгож буй ял дээр хэлэх зүйл байхгүй гэв.

10. Шүүгдэгч Э.Г үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх хуульд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хор уршиг их биш, хувийн байдлын хувьд тогтсон ажил хөдөлмөр эрхэлдэггүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд ямар ч шалтаг шалтгаангүйгээр хүний биед халдаж хохирол учруулсан, нас болон биеийн эрүүл мэндийн хувьд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахад харшлах зүйлгүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн санал болгосон 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, хувийн байдалд тохирно гэж шүүх шийдвэрлэв.

11. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн  зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тогтоолд тус тус дурдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан камерын бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Сайхан самбуу овогт Э-ын Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Г-ыг 500 /таван зуун/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Э.Г мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан камерын бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Б.ДАШДОНДОВ

 

 

 

 

 

 

 

 

       2