Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2019/01424

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, шүүгч Т.Гандиймаа, Н.Хангал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Л.Э-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ЭИАТЭ ХХК /РД: /-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт гаргасан мэдүүлэг нь хууль бус болохыг тогтоолгож, хохиролд 34.489.189 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, хариуцагчийн өмгөөлөгч Л.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ЭИАТЭ ХХКмаргаан бүхий Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 38 дугаар байрны 81 тоот орон сууцны талбайн хэмжээг үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн газар зориуд хуурамчаар мэдүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулж авсан. 2014 оны 2 сарын 21-ний өдөр ЭИАТЭ ХХК-ийн гүйцэтгэх захирал н.Б, худалдан авагч АЖХ нарын хооронд хэлцэл байгуулагдсан. Хэлцлийн 1.2-д үл хөдлөхийн талбайн хэмжээг 67.79 м.кв гэж тодорхойлсон. Баянгол дүүргийн үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн газар бүртгүүлсэн мэдүүлэг, хүсэлт зэрэгт талбайн хэмжээг 67.79 м.кв гэж тодорхойлсноор тус тус нотлогдоно. Хариуцагч талын Баянгол дүүргийн Улсын бүртгэлд мэдүүлэхэд хавсаргасан барилгын зурагт 81 тоот барилгын D хэсэгт байрлана. Унтлагын өрөө 11.55 м.кв, үүдний өрөө 16.55 м.кв, гал тогоо 13.74 м.кв, хувцасны өрөө 20.88 м.кв, нойлын өрөө 7.24 м.кв, блокон 3 м.кв нийт 66.29 м.кв барилгын зургаар үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн бүртгэлд бүртгүүлсэн. Бодит байдал дээр талбайн хэмжээ 56.42 м.кв юм. ЭИАТЭ ХХК-ийн мэдүүлгийн маягт, хавтаст хэргийн 16-22 дугаар хуудсанд авагдсан байрны ашиглалтын зардал төлсөн баримт зэрэг болно. Орон сууцны контороос дулаан, байрны ашиглалтын зардал тооцохдоо талбайн хэмжээг 55.85 м.кв гэж тодорхойлсон. Байр ашиглалтад орсон цагаас ашиглалтын зардлыг үл хөдлөхийн 55.85 м.кв хэмжээгээр төлж ирсэн. ЭИАТЭ ХХКталбайн хэмжээг 55.85 м.кв гэдгийг мэдэж холбогдох газар мэдээлэл өгч, байрны ашиглалтын зардал төлж ирсэн. Өнөөдрийг хүртэл байрны ашиглалтын зардал төлсөн баримтад талбайн хэмжээг 55.85 м.кв-аар тодорхойлж ирсэн. Барилгын ажлын зургийг тусгай зөвшөөрөлтэй, эрх бүхий байгууллага нэг л хувь хийдэг. Барилгын зургаар барилгын ажил хийгддэг. Хавтаст хэргийн 106 дугаар хуудсанд Үндэсний архивын газраас маргаан бүхий байрны барилгын ажлын зургийн эх хувийг гаргуулж авсан. Уг барилгын ажлын эх зурагт D блок буюу 81 тоотын коридор 5.28 м.кв, ариун цэврийн өрөө 5.5 м.кв, унтлагын өрөө 17 м.кв, зочин, галын өрөө 29.29 м.кв нийт 56.99 м.кв болохыг тодорхойлсон. ЭИАТЭ ХХКБаянгол дүүргийн Улсын бүртгэлд бүртгүүлсэн зургийг хуурамчаар үйлдэж, талбайн хэмжээг 67.79 м.кв гэж зохиомлоор мэдүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулсан. АЖХ үл хөдлөхийг өмчлөх эрхийн гэрчилгээнд бичигдсэн 67.79 м.кв гэх хэмжээгээр худалдан авч, Л.Эад мөн дээрх хэмжээгээр худалдсан. ЭИАТЭ ХХКүл хөдлөхийн талбайн хэмжээг худал мэдүүлснээр Л.Эад гэм хорын хохирол учирсан. Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.13, 37.1.16, Эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7-д тус тус зааснаар захиалагч үл хөдлөхийн өмчлөх эрх баталгаажуулахдаа мэдүүлэг үнэн зөв бөглөх үүрэгтэй. Худал мэдүүлж, улсын бүртгэлд бүртгүүлсэн этгээд хариуцлага хүлээхийг барилгын тухай хууль, үл хөдлөхийн улсын бүртгэлийн тухай хуульд тодорхой заасан. ЭИАТЭ ХХКашиг олох зорилгоор санаатай үл хөдлөхийн талбайн хэмжээг өсгөн нэмэгдүүлж, үл хөдлөхийн гэрчилгээ авснаар нэхэмжлэгч Л.Эад гэм хорын хохирол үүссэн гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын дүн анх АЖХтой гэрээ байгуулахдаа талбайн хэмжээг 67.79 м.кв, 130.000.000 төгрөгийн үнэ тохирсон. Л.Э 10.000.000 төгрөг дансаар шилжүүлж, Худалдаа хөгжлийн банкнаас 8 хувийн 120.000.000 төгрөгийн зээл авч төлбөр төлсөн. Үл хөдлөхийн талбайн хэмжээ үнэн зөв, бодит байсан бол Л.Э 120.000.000 төгрөгийн зээл биш, бага авах байсан. Улсын бүртгэлд талбайн хэмжээг 67.79 м.кв-аар мэдүүлж, бодит хэмжээ 56.42 м.кв байгаа юм. Үл хөдлөхийн талбайн зөрүү 12.37 м.кв юм. Нэг м.кв талбай 1.917.687 төгрөг, 23.721.787 төгрөгийн шууд хохирол учирч, мөн ийм хэмжээний зээл банкнаас илүү авсан. Хавтаст хэргийн 89 дүгээр хуудсанд авагдсан зээлийн гэрээний 2.1-д сарын хүү 0.066 хувь 23.721.787 төгрөгийн сарын хүү 157.987 төгрөг 2014 оны 9 сарын 24-ний өдрөөс нэхэмжлэл гаргасан өдөр хүртэлх 2018 оны 7 сарын 26-ны өдөр хүртэл 46 сар, 7.267.402 төгрөг илүү төлсөн талбайн хохирол болно. Илүү авсан зээлийн хүүгийн төлбөр 7.267.402 төгрөг, илүү талбайд төлсөн төлбөр 23.721.787 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 3.500.000 төгрөг, нийт 34.489.189 төгрөг нэхэмжилж байна. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 13 дугаар зүйлийн 13.1, 13.3-д тус тус зааснаар ЭИАТЭ ХХКхуурамч нотлох баримт бүрдүүлж, үл хөдлөхийн гэрчилгээ гаргуулсан. Үүний улмаас нэхэмжлэгч Л.Эад дээрх хохирол учирсан учраас нэхэмжилж байна. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7 дахь хэсэгт мэдүүлэг гаргагч мэдүүлэг, түүнд хавсаргах баримт бичгийг үнэн зөв гаргах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ зөрчсөнөөс бусдад учруулсан хохирлыг хариуцна гэж заасан. Мөн Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.13 дахь хэсэгт дээр барилгын үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд өөрийн буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гарсан эрсдэл, хохирлыг хариуцна. 37 дугаар зүйлийн 37.1.16 дахь хэсэгт барилга байгууламжийн баримт бичгийн үнэн зөвийг хариуцах талаар заасан. Тэгэхээр эдгээр хууль зүйн зохицуулалтуудаар ЭИАТЭ ХХКнь энэхүү үл хөдлөх хөрөнгийн талбайн хэмжээг хуурамчаар өсгөн нэмэгдүүлсэн хариуцлагаа хүлээх бүрэн үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ЭИАТЭ ХХК-ийг хариуцагчаар татсан нь үндэслэлгүй байна. ЭИАТЭ ХХКЛ.Этай эрх зүйн харилцаанд ороогүй, зөрчлийн улмаас үүргийн эрх зүйн харилцаанд гэм хор учруулсан гэх шаардлага үндэслэлгүй байна. Л.Э 2014 оны 9 сарын 16-ны өдөр БНСУ-ын иргэн АЖХтой орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээний дагуу маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг өмчлөгчөөр бүртгүүлсэн. Бусадтай худалдах, худалдан авах гэрээний эрх зүйн харилцаанд оролцсон этгээд одоо яагаад манай компанийг хариуцагчаар тодорхойлж, Иргэний хэрэг үүсгэснийг ойлгохгүй байна. БНСУ-ын иргэн АЖХ ЭИАТЭ ХХК-ийн барьсан барилгын ажлын цахилгааны монтаж, угсралт суурилуулалтын ажил хийж гүйцэтгэсэн. Талуудын хооронд гэрээ байгуулаагүй ч хийсэн ажлын хөлсөнд орон сууцыг бартераар өгсөн. Барилгын м.кв-ыг барилгын зургаар улсын бүртгэлд бүртгүүлж, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулах эрх нээсэн. Л.Э 2014 онд гэрээ байгуулж орон сууц авахдаа эд хөрөнгийн догодлын талаар мэдсэн даруй АЖХоос хохирол нэхэмжлэх эрх нээлттэй байсан. Нэхэмжлэгчийн илүү талбайд төлсөн 23.700.000 төгрөг, илүү авсан зээл 7.200.000 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон. Гэтэл дээрх хуулийн заалтаар Л.Эын өмчлөлийн хөрөнгө өмнө ямар байсан одоо ямар байдлаар сэргээлгэх гэж байгаа юм бэ. Л.Э зээлээ бүрэн төлж барагдуулсан юм уу. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгчийн зээл Монголын ипотекийн корпорацид шилжсэн. Монголын ипотекийн корпорацид үл хөдлөхтэй холбоотой шаардах эрх шилжсэн гэсэн албан тоот байна. Нэхэмжлэгчийн бусдаас хууль зүйн туслалцаа авах, авахгүй байх эрхийн асуудал учраас өмгөөллийн хөлс нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна. ЭИАТЭ ХХК-ийг хууль бус, санаатай орон сууцны м.кв-ыг өсгөн нэмэгдүүлж, улсын бүртгэлд бүртгүүлсэн хууль бус үйлдлийг тогтоолгож учирсан хохирлыг арилгахаар шаардаж байна. Нэхэмжлэгч зөрчлийн улмаас үүссэн үүргээр шаардсан. Тухайн зөрчил гаргасан этгээдийн гэм буруутай үйлдлийг ямар эрх бүхий байгууллага шалган тогтоосон шийдвэрээр нотлогдож байгаа юм бэ. Яагаад хууль зөрчиж мэдүүлсэн гэж тайлбарлаж байгаа нь эргэлзээтэй. Л.Э АЖХтой хэрхэн тохирч, ямар гэрээ байгуулсан, орон сууцыг м.кв-ын үнэлгээгээр авсан эсвэл үнийн дүнгээр тогтоож авсныг ЭИАТЭ ХХКмэдэхгүй. Л.Эын АЖХтой байгуулсан худалдах, худалдан авах гэрээг үндэслэж, улсын бүртгэлд бүртгэж өмчлөх эрх баталгаажуулсан байхад эрх зүйн харилцаанд орсон эрхийн актын хүрээнд шаардлага гаргахгүй, ЭИАТЭ ХХК-д холбогдуулан шаардлага гаргасан нь үндэслэлгүй байна. АЖХ, Ан Сан Дун нар өөр өөр хүмүүс. ЭИАТЭ ХХК-ийн хувьцааг 2 Солонгос иргэн 70/30 хувиар эзэмшдэг. Ан Сан Дун компанийн хувьцаа эзэмшигч, АЖХ компанийн хувьцаа эзэмшигч биш. АЖХ ЭИАТЭ ХХК-тай ямар шугамаар холбогдож, компани нь Л.Э, АЖХ нарын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний харилцааны хариуцлага хүлээлгэхээр шаардаж байгаа нь үндэслэлгүй байна. Л.Эад нэхэмжлэл гаргах эрх байгаа эсэхэд эргэлзээ төрж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар тодорхойлж байна. Энэ нь хуулийн үндэслэлгүй гэж үзэж байна. Хариуцагч ЭИАТЭ ХХКэнэ хэргийн хариуцагч биш. Яагаад гэвэл уг орон сууцыг тус компани нь БНСУ-ын иргэн АЖХд худалдсан. Үүнийг нь АЖХ цааш нь нэхэмжлэгч Л.Эад худалдсан ийм үйл баримт байгаа. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч болон АЖХ нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгаа учраас гэрээний үүрэг, түүний дагуу шилжүүлсэн авсан эд хөрөнгийн доголдолтой холбоотой асуудлаа орон сууц худалдсан хүнээсээ нэхэмжлээч гэж хэлмээр байна. Орон сууцны талбайн хэмжээ дутуу гэдэг асуудал нь Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар гэрээгээр тогтоосон хэмжээ дутуу буюу эд хөрөнгийн доголдолтой холбоотой асуудал. Тэгэхээр гэрээний үндсэн дээр үүссэн буюу гэрээний үндсэн дээр худалдан авсан эд хөрөнгийн доголдлыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэх нь хууль зүйн үндэслэлгүй байна. Нэхэмжлэгчийн ярьснаар Эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлд мэдүүлэг гаргагч мэдүүлгийг үнэн зөв гаргах үүрэгтэй. Мэдүүлгийг үнэн зөв гаргаагүйгээс үүдэлтэй хохирлыг хариуцах ёстой хуулийн заалт байсан. Тэгэхээр мэдүүлэг гаргагч гэдэг нь хэн бэ гэхээр худалдан авсан АЖХ болон нэхэмжлэгч Л.Э нар юм. Түүнээс биш хариуцагч ЭИАТЭ ХХКбиш юм. Тэгэхээр ЭИАТЭ ХХК-ийн улсын бүртгэлд өгсөн тодорхойлолтыг мэдүүлэг гэж үзээд байх шиг байна. Энэ бол мэдүүлэг биш. Тус тодорхойлолтод юу гэж заасан бэ гэхээр АЖХтай энэ гэрээн дээр ямар нэгэн тооцоогүй гэснийг тодорхойлж өгсөн. Түүнээс биш ЭИАТЭ ХХКнь очоод улсын бүртгэлд бүртгүүлээд байгаа үйлдэл биш. Нөгөө талаар Эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх хэсэгт зааснаар улсын бүртгэлд эд хөрөнгийн эрхийг бүртгүүлээд байгаа асуудал нь тухайн эд хөрөнгийн өмчлөх эрхээ бүртгүүлж байгаа асуудал юм. Өөрөөр хэлбэл өмчлөх эрх үүсэх, дуусгавар болох асуудлыг баталгаажуулж байгаа асуудал юм. Түүнээс биш нэхэмжлэгчийн өмчлөх эрх зөрчигдөөд байгаа асуудал байхгүй. Эд хөрөнгийн эрх нь зөрчигдөөд байна гэж үзэхгүй байна. Учир нь эд хөрөнгийн доголдлыг эд хөрөнгийн зөрчил гэж үзэхгүй. Худалдан авагч тал эд хөрөнгийн доголдолтой эд хөрөнгө худалдан авсан бол энэ доголдол нь анхнаасаа байсан доголдол. Энэ нь өөрөө гэрээний зөрчил болохоос биш эд хөрөнгийн зөрчил болохгүй юм. Харин энэ доголдол нь тухайн орон сууцны зориулалтыг өөрчилж байгаа бол, эсвэл эд хөрөнгийн бусад хэсэгт нөлөөлөөд, цаашид ашиглах боломжгүй нөхцөлд хүргэж байвал Иргэний хуулийн 497 дүгээр зүйлийн дагуу нэхэмжилж болно. Гэхдээ ийм асуудал байхгүй. Нэхэмжлэгч энэ байраа зориулалтын дагуу ашиглаад, амьдраад явж байгаа гэсэн тайлбар өгсөн. Түүнээс гадна хариуцагч компани нэг м.кв-ын үнийг гэрээндээ дурдаагүй. Орон сууцыг багцаар нь үнэлсэн. Тийм учраас нэхэмжлэгчийн зүгээс нэг м.кв-ыг нь 1.950.000 төгрөгөөр аваад хохирлоо гэж ярьж байгаа нь хууль зүйн бодит үндэслэл байхгүй гэж үзэж байна. Талбайн хэмжээг гэрээндээ зааж өгсөн. Хэдийгээр MNS стандартыг барих ёстой боловч талбайн хэмжээг хариуцагч нуугаагүй. Бид талбайн хэмжээг ингэж тооцно гэж гэрээндээ зааж өгч, худалдан авагч үнийг нь тохиролцож гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан эрхээ хэрэгжүүлсэн гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь Худалдаа хөгжлийн банкнаас зээл авч, орон сууцны 8 хувийн зээлд хамрагдсан байгаа учраас шаардах эрх нь шилжсэн тухай мэдээлэл Баянгол дүүргийн бүртгэлийн хэлтсээс ирсэн. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

            Нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Э нь хариуцагч ЭИАТЭ ХХК-д холбогдуулан Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт гаргасан мэдүүлэг нь хууль бус болохыг тогтоолгож, хохиролд 34.489.189 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ. 

            Хариуцагч нь талуудын хооронд гэрээний харилцаа үүсээгүй, хариуцвал зохих этгээд биш гэж маргаж байна. 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

            Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт гаргасан мэдүүлэг нь хууль бус болохыг тогтоолгох шаардлагын тухайд:

           

            ЭИАТЭ ХХКнь Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, 38 дугаар байрыг барьж, 2014 онд ашиглалтанд оруулж, БНСУ-ын иргэн Ан Жун Хёонд тус байрны 84 тоотын 67.79 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ олгох хүсэлт, мэдүүлгийг Баянгол дүүргийн Бүртгэлийн газарт 2014 оны 3 дугаар сарын 04-ний өдөр гаргаж, улмаар 2014 оны 3 дугаар сарын 15-ны өдөр өмчлөх эрхийн гэрчилгээ олгогджээ. Мэдүүлэгт хавсаргасан ЭИАТЭ ХХК-ийн 2014 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 01/54 тоот хүсэлт, Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ, барилгын зураг зэрэгт орон сууцны талбайн хэмжээг 67.79 м.кв гэж тодорхойлсон байна.

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн /2009 он/ 17 дугаар зүйлийн 17.3-т Улсын бүртгэлд бүртгүүлэхээр хүсэлт гаргаж байгаа этгээд нь бүртгүүлэхээр мэдүүлж байгаа эрхийн нотлох баримтыг бүрэн гүйцэд, үнэн зөв гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүйн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө гэж заасан.

Хариуцагч ЭИАТЭ ХХКнь улсын бүртгэлд бүртгүүлэхээр мэдүүлж байгаа эрхийн нотлох баримтыг үнэн зөв гаргаагүй гэж үзэхээр байна. Учир нь Үндэсний Төв Архиваас нотлох баримтаар шаардсан барилгын өөрчлөгдсөн зурагт байрны талбайн хэмжээ нь D1 блок 53.56 м.кв гэжээ.

ЭИАТЭ ХХК, БНСУ-ын иргэн Ан Жүн Хёон нарын хооронд байгуулсан Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ-ний 3 дугаар 3.1-т орон сууцны нийт талбайн хэмжээг хэрхэн тооцох, 3.2-т орон сууцны цэвэр талбайн хэмжээг хэрхэн тооцох талаар тохиролцсон байх бөгөөд хариуцагч нь мэдүүлэгт хавсаргасан баримтдаа орон сууцны талбайн хэмжээг гэрээнд тохиролцсон нийт талбайн хэмжээгээр тооцсон байна.

Барилга, хот байгуулалтын сайдын тушаалаар баталсан Барилгын норм ба дүрэм 31-01-01 Орон сууц, нийтийн байрны, сууцны талбай, өрөө тасалгааны ашигтай талбай, барилгын эзлэхүүн, барилгажих талбай, барилгын давхрыг тооцох дүрэм-ийн 1-д Айлын сууцны талбай нь хүн амьдрах талбай, туслах өрөө тасалгааны /тагт, лодж, веранд, террас, агуулах, ханын шүүгээ, гонхноос бусад/ нийт талбайн нийлбэр байна, 2-т Айлын сууцны нийт талбай нь өрөө тасалгааны дээрх талбайгаас гадна хананы шүүгээ, лодж, тагт, веранд, террас сууцны доторхи шатны доорхи талбай агуулахын талбайнуудын / энд зуух байрлах талбай орохгүй/ нийлбэр байна. Гэхдээ байрны нийт талбайг тогтоохдоо лоджид 0,5 террас, тагтад 0,3, веранд, хүйтэн агуулахад 1,0 гэсэн бууруулах илтгэлцүүр хэрэглэнэ, 6-д Айлын орон сууцны өрөөний талбайг хамар хана болон хашлага ханын дотор гадаргуугаас шалны хөвөө модыг оруулалгүй шалны түвшинд хэмжиж тогтоосон хэмжээг үндэслэн тогтооно гэжээ.

Стандарт, Хэмжилзүйн үндэсний газраас 2009 онд гаргасан MNS 6058:2009 тэмдэглэгээ бүхий Орон сууцны барилгын доторх сууцны талбай тооцох аргачлал стандартын 3.4-т Сууцны нийт талбай - сууцны зориулалттай талбай, сууцны бус зориулалттай талбай болон туслах талбайн нийлбэр байна. Гэхдээ лоожийн талбайг 0,5; тагт, террасын талбайг 0,3 гэсэн илтгэлцүүрээр бууруулан тооцно, 7.2-т Орон сууцны барилгын доторх сууцны өрөө тасалгааны хэмжилтийн цэгийг хашлага хана, хамар ханын өнгөлгөө засал хийгдсэний дараа дотор гадаргуугаас авна гэсэн байна.

Эдгээр норм ба дүрэм, стандартад талбайн хэмжээг гаргахдаа ханын дотор гадаргуугаас хэмжихээр заасан байхад хариуцагч ЭИАТЭ ХХКнь заавал дагаж мөрдөх үүргээ биелүүлээгүй зөрчсөн болох нь нотлох баримтаар тогтоогдож байна.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт гаргасан мэдүүлэг нь хууль бус болохыг тогтоолгох шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Харин нэхэмжлэгчийн гаргасан хууль зүйн үндэслэл болох 2018 оны Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7, 2016 оны Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.13, 37.1.16 гэсэн заалтууд нь өмчлөх эрхийг бүртгүүлэхээр мэдүүлэг гаргах үед болон нэхэмжлэгчийг худалдан авах үед батлагдаагүй байсан тул эдгээр хуулийн зохицуулалтыг баримтлах үндэслэлгүй юм.

 

Хохиролд 34.489.189 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

 

Нэхэмжлэгч нь үл хөдлөхийн талбайн зөрүү 12.37 м.кв-ын үнэ 23.721.787 төгрөг, 23.721.787 төгрөгийн зээлийн хүү 7.267.402 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 3.500.000 төгрөг, нийт 34.489.189 төгрөгийг хохирол учирсан гэж нэхэмжилжээ.

Энэхүү нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлээ 2018 оны Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7, 2016 оны Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.16 гэсэн заалт гэж тодорхойлж байна. Гэвч эдгээр хууль нь өмчлөх эрхийг баталгаажуулах болон нэхэмжлэгчийн худалдан авах үед батлагдаагүй байсан тул хуулийн дээрх зохицуулалтыг баримтлах боломжгүй.

Харин өмчлөх эрхийг бүртгүүлж байх үед хүчин төгөлдөр үйлчилж байсан 2009 оны Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-т Улсын бүртгэлд бүртгүүлэхээр хүсэлт гаргаж байгаа этгээд нь бүртгүүлэхээр мэдүүлж байгаа эрхийн нотлох баримтыг бүрэн гүйцэд, үнэн зөв гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүйн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө гэж заасныг баримтлан нэхэмжлэгч нь хохирлоо төлүүлэхээр шаардах эрхтэй буюу ЭИАТЭ ХХКнь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй байна.

Хохирлын хэмжээг тодорхойлох талаар Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-д Үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй гэж заасан.

Нэхэмжлэгчийн БНСУ-ын иргэн Ан Жун Хёонтой байгуулсан 2014 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн гэрээнд 67.79 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг 130.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон байх бөгөөд нэгж талбайн үнийг талууд тухайлан тохиролцоогүй байна. Иймд нэхэмжлэгчийн эд хөрөнгөд бодитоор м.кв-ын зөрүү 23.721.787 төгрөг, 23.721.787 төгрөгийн зээлийн хүү 7.267.402 төгрөгийн хохирол учирсан гэж дүгнэх үндэслэлгүй байна.

Өмгөөлөгч авах нь нэхэмжлэгчийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх боловч өмгөөлөгч хөлсөлсөн тухай гэрээ, өмгөөлөгчийн хөлс төлсөн баримт хэрэгт авагдаагүй, улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч томилж оролцуулсаныг өмгөөлөгч хөлсөлсөн гэж шууд дүгнэх боломжгүй, өмгөөллийн зардлаар бодит хохирол учирсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн ЭИАТЭ ХХК-иас учирсан хохиролд 34.489.189 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан дүнд тохирох тэмдэгтийн хураамжийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8 дахь хэсэгт зааснаар зохигчийн хүсэлтээр иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

 

                                                ТОГТООХ нь:

 

1. Улсын бүртгэлийн ерөнхий хууль /2009 оны/-ийн 17 дугаар зүйлийн 17.3, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх заалтыг баримтлан ЭИАТЭ ХХК-ийн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт гаргасан мэдүүлэг нь хууль бус болохыг тогтоож, Л.Эын нэхэмжлэлийн шаардлагаас хохиролд 34.489.189 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 400.600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 


 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ч.МӨНХЦЭЦЭГ

                       

                        ШҮҮГЧИД                                                Т.ГАНДИЙМАА

 

                                                                                                Н.ХАНГАЛ