Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 2023/ШЦТ/41

 

 

  2023          01          10                                     2023/ШЦТ/41

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж, шүүгч Н.Нямдаваа, шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга: Б.Хулан,

Иргэдийн төлөөлөгч: Б.Сэлэнгэ,

Улсын яллагч: С.Энхтуул,

Хохирогч: ***,

Шинжээч: Б.Даваасүрэн,

Шүүгдэгч: ***, түүний өмгөөлөгч О.Цэрэнпунцаг, У.Түвшин нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар ***д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2105022430717 тоот эрүүгийн хэргийг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***, ****,

           Шүүгдэгч *** нь 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянгол дүүргийн 23 дугаар хороо, Зүүн Ард Аюушийн ***тоотод иргэн ***той “өөдөөс салаавч гаргалаа” гэх шалтгаанаар маргалдан, улмаар зэвсэг буюу хайчаар түүний толгой болон нуруу, далан тус газар нь 3-4 удаа хатгаж эрүүл мэндэд нь дагз ясны сэлтэрсэн хугарал, нуруу, зүүн даланд шарх, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *** шүүх хуралдаанд: “...Тухайн хэрэг болсон өдөр салаавч өглөө гэх шалтгаанаар гэсэн, тийм зүйл болоогүй. Хохирогчийн  ээжийнх нь хөлийг нь хучаад өгчих даарчихлаа гэж хэлэхэд очиж хөлийг нь алгадаад, цохиж босгож ирээд “хурдан алх, алх” гээд араас нь түлхээд байсан. Би “ингэж болохгүй” гээд хохирогчийн ээжийг өмөөрсөн. Тэр үед хохирогч салаавч гаргасан биш, миний ам руу салаавч чихсэн. Тэгэхээр нь би “чи согтсон байна” гэж хэлээд хэвтүүлсэн. Миний зүүн хөл хугархай байсан учраас найзуудаараа түшүүлээд гарч тамхи татаад зогсож байсан. Тэгэхэд араас гарч ирээд “галаа өгчих” гэхээр нь галаа өгсөн чинь миний ам руу дахиад салаавч чихэж, толгой хэсэг рүү мөргөж байхад нь хатгасан. Хохирогч зайнаас салаавч гаргасан бол би ганцаараа алхаж очих боломж байхгүй байсан. Хэрэг үүсэх болсон шалтгаан нь хохирогчийн ээжийг өмөөрсөн учраас хохирогчийг цохисон. Анхан шатны шүүх, Давж заалдах шатны шүүхэд хэлсэн боловч авч хэлэлцээгүй. Хийсэн хэрэгтээ маргах зүйл байхгүй. Хохирогчийн ээж нь хэвтэрт байдаг. Хохирогчийн ээжийг багаасаа мэддэг байсан. Гэрчээр мэдүүлэг өгсөн Тулга хүртэл гарч ирээд хохирогчийн эхнэрт болиоч гэж хэлсэн. Та нар миний ээжийг хэвтэрт байхад ирээгүй, миний амьдрал та нарт хамаагүй гэсэн. Томографикийн зургийг шинжээч эмч хараагүй. Гэмтлийн эмнэлгийн дүгнэлтийг харж дүгнэлт гаргасан. Шинжээч эмч томографикийн зургийг хараагүй гэж анхан шатны шүүхэд хэлж байсан. Маргах зүйл байхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.

Хохирогч *** шүүх хуралдаанд: “...Тухайн өдөр би, ***, ***, *** бид нар байсан. Би хорхог боож чаддаггүй учраас ажлынхаа газрын залууг дуудаж хорхог боолгосон. Ажлын газрын залуу хүрч ирэхээс өмнө бид нар пиво уусан байсан. *** гэдэг залууг дуудаж дахин нэг шил архи авч уусан. Үүний дараа голоосоо мөнгө нийлүүлж дахин 1 шил архи авч уусан. Тэгээд амбаар руу гарсан. Би нилээн согтолттой байсан учраас юу болсон талаар сайн санахгүй байна. Гэхдээ салаавч өгснөө санаж байна. “Миний амьдрал чамд ямар хамаатай юм бэ” гэж хэлж байсан. Ухаан санаа орж гараад байсан. Хүмүүсээс дараа нь сонсоход салаавч өгсөн байсан. Гараад салхинд цохиулаад юу болсон талаар сайн санахгүй байгаа” гэв.

Шинжээч Б.Даваасүрэн шүүх хуралдаанд: “...Хохирогч эмнэлэгт хэд хоног хэвтэн эмчлэгдэж, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан нь гэмтлийн зэрэгт нөлөөлөхгүй. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1 дэх хэсгийн 2-д зааснаар гавал ясны хугарал үүссэн бол гавлын хөндийд хий, агаар хуралдана. 10 дугаар сарын 27-ны өдөр Лазер мед эмнэлгийн томографикийн зураг дээр дагз ясны 2 тооны өөрчлөлтэй, гавлын хөндий 0,2*0,2 хийн бөмбөлөгтэй гэсэн. Энэ нь дагз яс хугарсныг илтгэж байгаа. Гэмтлийн зэрэг өөрчлөгдөхгүй. Тархины дагз ясны гэмтэл авсан хүн болгон заавал хагалгаанд орох ёстой юу, хагалгаанд орохгүй байж болно. 7 хоног хэвтэн эмчлэгдсэн гэсэн. Оношилгоо эмчилгээ хийж үзээгүй байхдаа тархины дунд зэргийн няцрал, дагз ясны хугарал гэсэн оноштой хэвтүүлсэн байна. *** залуу хүн учраас эмчилгээ үйлчилгээ авч бие дээрдэнэ. Үүнээс шалтгаалан хагалгаанд орохгүй байж болно. Манай журмаар эмнэлгийн бичиг баримтад тулгуурлаж дүгнэлт гаргах боломжтой. Хохирогч ***ын нэг нүд сохорсон бол хөдөлмөрийн чадвар алдалтын хувь. Энэ бол гэмтлийн зэрэг тогтоох журам. Амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаана нь зөндөө судас байгаа. 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр “Лазер мед” эмнэлэг бүгдийг нь уншаад гэмтлийг тодорхойлсон байсан. Би томографийн шинжилгээний хариуг уншиж дүгнэлт бичсэн. 0,2*0,2 гэсэн нь бараг хайчны ир үзүүрээр хатгасан байхыг үгүйсгэхгүй. Гавлын хүнд гэмтэл” гэв.

Хохирогч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 23 дугаар хороо, Зүүн ард аюушийн ***тоотод эхнэр ***, найз ***, *** нарын хамт байхад найз *** ирээд тарвага боохоор болсон. Тэгээд бид нар архи ууцгаасан. ...Манай эхнэр *** манай бие муутай ээжийг орон дээр хэвтүүлэх гэж байхдаа ширүүхэн татаж хэвтүүлсэн. Тэгсэн чинь *** “ээжийгээ ямар эвгүй хэвтүүлдэг юм” гэхээр нь би “чамд ямар хамаатай юм” гээд *** руу салаавч гаргасан. Тэгээд муудалцаж байгаад больсон ба гарч тамхи татахаар ***, ***, *** бид 4 гарсан. Гадаа гараад ***, *** 2 бие засах гээд явсан, *** бид хоёр амбаарын үүд хэсэгт байсан. Тэгээд бид хоёр дахин маргалдаж би *** руу салаавч гаргасан. Тэгсэн чинь *** миний санаж байгаагаар үзүүртэй төмөр зүйлээр толгойны ар хэсэгт 3 удаа, зүүн дал хэсэгт 1 удаа хатгасан...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 12-14/,

Гэрч ***гийн мөрдөн байцаатлад өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 22 цагийн үед гэртээ унтах гээд байж байхад *** миний гар утас руу залгаад “Болдоо ахын найз нь хайч шиг үзүүртээ зүйлээр толгойн тус газарт нь зоочихлоо толгойноос нь их цус гараад байна” гэхээр нь би гэрт нь очиход их хэмжээний цус хувин дотор асгарсан, үүдний хэсэгт амбаарын цементэн шалан дээр цус дуссан юм шиг байсан ба би найздаа гомдол гаргахгүй гээд байсан...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 16-18/,

Гэрч ***ы мөрдөн байцаалтад өгсөн: “...*** залгаад манайд ирээд хорхог хийгээд өгөөч гэж гуйсан. Намайг очиход ***, түүний эхнэр, дүү, ээж, ***, мөн нэг найз нь найз охинтойгоо байсан. ***г өмнө нь 1 удаа харж байсан. Тэгээд бид нар хорхог хийх зуураа архи, пиво уусан. ...***, ***, *** бид 4 тамхи татахаар гарсан. Би тамхиа татангаа бие засах гээд явсан ба бие засаж байхад гэнэт л нэгнээ аллаа гээд орилж, чанга, чанга дуу гараад байсан. Тэгээд доошоо гүйгээд үүдний амбаарт ортол *** ухаангүй байсан ба зүүн бөөрний хойд хавьцаанаас цус алдаж байсан. *** тэр үед ***ын доогуур нь гараа хийчихсэн байсан ба намайг хамт өргөөрэй гэхээр нь би хамт өргөөд гэр лүү нь оруулаад газар шалан дээр өөрөө унаад өгөхөөр нь нурууг нь хартал 2-3 нарийхан чигчий хурууны дайтай нүх гарчихсан байсан. Бид хоёр ***од хамаг ***рлаа хандуулчихсан байхад *** найз охинтойгоо хамт яваад өгсөн байсан...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 25-27/,

Гэрч Д.***ын мөрдөн байцаалтад өгсөн: “...***ын гэрт ороход ***, ***ын эхнэр ***, ээж, дүү нь, ***, ***гийн найз охин гэх эмэгтэй нийт 6 хүн байсан. *** нь саяхан Өршөөлийн хуулиар суллагдаж гарч ирсэн. ...Бид нар архи ууж байгаад ***, ***, *** бид 4 тамхи татах гээд гарсан. ***, *** хоёр үүдний амбаар дотор тамхи татаад би амбаарын хаалганы дэргэд тэр хоёр луу хараад тамхи татаад зогсож байсан. *** бие засах гээд явсан байсан. Тэгээд би тамхиа татаж дуусгачхаад ишээ хаях гээд хашаа давуулан шидчихээд эргээд хартал *** ***ын толгойг доошоо дарчихсан нуруу болон шилэн хүзүү рүү нь гараараа цохиж байна л гэж бодсон. Тэгээд би гүйж очоод ***г цааш нь түлхэж холдуулаад ***ын хоёр суган доогуур нь гараараа дээшээ өргөтөл *** доошоо гулжганаад уначихсан. Тэгээд нойтон зүйл мэдрэгдэхээр нь гараа хартал цус болчихсон байсан. Тэр үед *** орж ирээд бид 2 ***ыг дамжлаад гэр лүү нь оруулаад шалан дээр тавьтал толгойных нь ар талд цус болчихсон байсан. Мөн нурууных нь ар хэсгээс их хэмжээний цус гарч байсан. ...Тэр үед *** би найздаа гомдол гаргахгүй гээд орилоод байсан. Маргалдсан зүйл анзаарагдаагүй, гэнэт л *** ***ыг цохиод байж байсан...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 29-31/,

Насанд хүрээгүй гэрч С.***гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...*** ахын гэр лүү ороход *** ах, ***, ***, Тулгачулуун ах нар зөрөөд гарсан ба амбаар дотор *** ах, *** ах нар хоорондоо “чи яагаад салаавч өгөөд байгаа юм” гэх зэргээр маргалдахыг нь сонссон. Тэр үед би амбаар дотор байсан байшингийн хаалга онгорхой байсан болохоор ***г хаалгаа хаа гэхээр нь би хаалгаа хаасан. Тэрний дараа 1 орчим минутын дараа байшингийн хаалга онгойлгоход *** ахын толгой хэсэг тэр чигээрээ цус болсон байсан ба *** ах *** ахын цээж хэсгээс нь, *** ах хөл хэсгээс нь дамжлаад байшин руу оруулсан. *** ахын толгой болон нуруу хэсгээс нь цус гарч байсан. ...*** ахыг өргөөд байшин руу оруулах үед *** “хурдан түргэн дууд би ***ыг хайчаар ийм болгочихлоо” гэж хэлж байхыг сонссон. Толгойны зүүн болон ар хэсэгт нь ямар нэг зүйлээр хатгасан юм шиг 2 ширхэг шарх үүссэн байсан...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 39-41/,

Шинжээчийн 2266 тоот дүгнэлтэд: “...***ын биед дагз ясны сэлтэрсэн хугарал, нуруу, зүүн даланд шарх, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн, ир үзүүртэй зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дагз ясны сэлтэрсэн хугарал гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Нуруу, зүүн даланд шарх, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх 1-н 49-50/,

Шинжээч эмч Б.Даваасүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Дагз ясны сэлтэрсэн хугарал тухайн хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой ба мохоо зүйлийн цохих, цохигдох зүйлийн нөлөөгөөр үүснэ. Хохирогчийн биед үүссэн гэмтлийн эдгэрэлтийн хугацаа гэмтлийн зэрэгт нөлөөлөхгүй...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 129-131/,

Шүүгдэгч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр өөрийн найз ***ын биед хайчаар хатгаж гэмтэл учруулсан нь үнэн. Өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хэргийн 73-75 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 1-н 5/, дуудлагын лавлагааны хуудас /хх 1-н 6/, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн өвчний түүх, “Лазер мед” эмнэлгийн компьютер томографийн шинжилгээний хариу /хэргийн 52-60 дугаар хуудас/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх 1-н 76-77, 81, 84-110, 114-124/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүгдэгч *** нь 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянгол дүүргийн 23 дугаар хороо, Зүүн ард аюушийн ***тоотод иргэн ***той “өөдөөс салаавч гаргалаа” гэх шалтгаанаар маргалдан, улмаар зэвсэг буюу хайчаар түүний толгой болон нуруу, далан тус газар нь 3-4 удаа хатгаж эрүүл мэндэд нь дагз ясны сэлтэрсэн хугарал, нуруу, зүүн даланд шарх, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шинжээч эмчийн мэдүүлэг, хохирогчийн өвчний түүх болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Хуульд зэвсэг гэдэгт иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх, зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хамруулж ойлгохоор заасан ба хайч нь дээрх хуулийн тайлбараар зэвсэгт хамаарч байх тул шүүгдэгчийг зэвсэг хэрэглэж гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч *** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч ***ын толгой тус газар нь зэвсэг буюу хайчаар хатгаж шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан буюу хүнд хохирол зэвсэг хэрэглэж санаатай учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ***гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэнгэмт хэргийн бүх шинжийг хангасан байна.

Шүүгдэгч *** нь хохирогч ***ын толгойн тус газар хаачаар хатгаж, хохирогчид шинжээчийн дүгнэлтэд дурдсан гэмтэл учирсан нь хоорондоо шууд  шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч *** болон түүний өмгөөлөгч нар нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар буюу хохирогч ***ын эрүүл мэндэд хохирол учруулсан талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Шүүх хуралдаанд иргэдийг төлөөлөн оролцсон иргэдийн төлөөлөгч нь шүүгдэгч ***г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлт гаргасан болно.

 

    1. Хохирол, хор уршиг

Шүүгдэгчийн хохирогчийн биед халдсан гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч ***ын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хохирогч нь шүүх хуралдаанд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул шүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид 6 жил хорих ял оногдуулах,  шүүгдэгчийн өмгөөлөгч О.Цэрэнпунцаг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж өгнө үү” гэсэн ялын дүгнэлт тус тус гаргасан болно.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгч ***гийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл,  6.6 дугаар зүйлд тус тус заасан ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, удаа дараа хүнд гэмт хэрэгт ял шийтгүүлсэн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 5 жил, 3 сар хорих ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Цэрэнпунцагийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж өгнө үү гэсэн хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж ...болно гэж хуульчилсан байна.

Эрүүгийн хариуцалга нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх зорилготой ба тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой. Шүүгдэгч *** нь удаа дараа хүнд гэмт хэргээр ял шийтгүүлсэн ба түүний хувийн байдлыг харгалзан хорих ялыг хөнгөрүүлж оногдуулах үндэслэлгүй байна. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг хэрэглэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал бөгөөд заавал хэрэглэхийг хуулиар зохицуулаагүй болохыг дурдав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д шүүхээс оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, түүний урьд цагдан хоригдсон 193 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

Шүүгдэгч *** нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 80 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 01 жил, 16 хоногийн хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсон. Улмаар шүүгдэгч нь зорчих эрх хязгаарлах ялыг эдэлж байхдаа буюу 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр дахин гэмт хэрэгт холбогдсон байна.

Шүүгдэгч нь тухайн хэрэг мөрдөн байцаалтын шат болон прокурорын хяналт, шүүхийн шатанд урьд шүүгчийн захирамжаар сольсон зорчих эрх хязгаарлах ялыг эдэлж байсан ба тухайн ял нь 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдөр дууссан болох нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ирүүлсэн “Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолоор” нотлогдож байна.

Хэдийгээр шүүгдэгч нь хорихоос өөр төрлийн ял буюу зорчих эрх хязгаарлах ялаа эдэлж байх хугацаандаа гэмт хэрэгт холбогдсон боловч тухайн ялаа эдэлж дууссан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасан хуулийн зохицуулалтыг хэрэглэх боломжгүй гэж шүүх дүгнэлээ.

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч ***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг зэвсэг” хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч ***г 5 жил, 3 сар хорих ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д оногдуулсан 5 жил, 3 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***гийн урьд цагдан хоригдсон 193 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
  5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болхыг тус тус дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ч.ОТГОНБАЯР

 

                    ШҮҮГЧ                                  Н.НЯМДАВАА

 

                           ШҮҮГЧ                                  Ц.МӨНХ-ЭРДЭНЭ