| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Дашдондов |
| Хэргийн индекс | 188/2023/0140/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/150 |
| Огноо | 2023-01-31 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Ууганцэцэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 2023/ШЦТ/150
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Дашдондов даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр,
улсын яллагч Д.Ууганцэцэг,
шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* холбогдох 2208018911519 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 01 сарын 14-ний өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1979 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Архангай аймгийн Өгийнуур суманд төрсөн, 43 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, хамтран амьдрагч, 2 хүүхдийн хамт, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Алтан тариа 1 дүгээр гудамжны 14б тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоогоор Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, ************ тоотод түр орших суух, урьд ял шийтгэгдэж байгаагүй,
Боржигон овогт С-ийн О (регистрийн дугаар:АЖ7906*******).
Хэргийн товч агуулга:
Шүүгдэгч ******* нь 2022 оны 12 дугаар сарын 03-ны шөнийн 01 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг караокед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Б.А “хадгалж байгаарай гээд өгсөн гар утсаа буцаан авчхаад өгөөгүй” хэмээн маргаан үүсгэж улмаар толгой тус газар нь шилээр цохиж, эрүүл мэндэд нь “зулайд шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
3. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч оролцсон.
4. Шүүгдэгч ******* нь архидан согтуурсан үедээ үл ялих зүйлээр шалтаглан Б.А толгойн тус газар шилээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
4.1. Хохирогч Б.А“...2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 18 цагийн үед ажлаа тараад явж байтал манай найз ******* ...Баянхошууны шинэ эцсийн караокед байна” гэсэн. ...Караокед очиход О, нөхөр М-ийн хамт байсан. Бид 3 ширээн дээр суугаад архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байтал ******* надад гар утас, гэрийн түлхүүрээ өгөөд “Энийг өөртөө байлгаж байгаарай” гэж хэлчхээд удалгүй буцаагаад авчихсан. Тухайн өдрийн буюу 2022 оны 12 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө 00-01 цагийн үед манай найз О гэнэт гар утас, гэрийнхээ түлхүүрээ нэхээд байхаар нь “Би чамд буцаагаад өгчихсөн ш дээ” гэсэн чинь над руу уурлаад О ширээн дээр байсан литрийг нь мэдэхгүй Хараа нэртэй архины шилийг аваад миний толгой руу 1 удаа цохисон. ...Миний биед учирсан гэмтлийг О миний толгой руу архины шилээр 1 удаа цохиж учруулсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 8 хуудас),
4.2. Гэрч Б.М-ийн “... 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 17 цагийн үед хамтран амьдрагч ******* бид 2 Цагдаагийн хэлтсийн хажуу талын караоке орж миний гар утсыг авах гээд ирсэн чинь караокены эзэн эгч Г бид хоёрыг ороод ирсэн чинь “Миний 2 дүү хүрээд ирэв үү? Эгч нь ганц юм задалъя” гээд нэг 0.5 литрийн архи задлаад хамтран амьдрагч ******* бид хоёрт өгсөн. ******* бид 2 тэр архиа хувааж уугаад сууж байтал ******* руу залгаад тэр 2 хоорондоо яриад байсан. ...Удалгүй Б.А гаднаас ороод ирсэн. Тэгээд Оюун, Б.А бид 3 тэр караокеноос 0.5 литрийн Хараа нэртэй архи 1 шилийг аваад хувааж уугаад сууж байтал ******* Б.А гар утсаа нэхээд хоорондоо маргалдаж байгаад ******* тэр ширээн дээр байсан 0.5 литрийн Хараа нэртэй архины шилийг барьж аваад А-ын толгой руу нь 1 удаа цохиод авсан. ...Тэр үед А-ын толгой нь хагараад толгойноос нь цус гараад байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 15 хуудас),
4.3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 16402 дугаартай “...Б.А биед зулайд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 19-20 хуудас),
4.4. ******* яллагдагч, шүүгдэгчээр өгсөн “...2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 18 цагийн орчимд хамтран амьдрагч Г.М бид хоёр Г.М гар утсыг авах гээд цагдаагийн хэлтсийн караокед очсон. Г.М бид хоёрыг тухайн караоке дотор сууж байхад манай найз Б.А над руу залгаад, ...удалгүй Б.А орж ирээд ************, Б.А бид 3 тухайн ...караокед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. ...Тухайн үедээ Б.А гар утсаа буцааж авснаа санахгүй ...Б.А маргалдаж байгаад ширээн дээр байсан 0.5 литрийн Хараа нэртэй архи шилээр Б.А толгой хэсэг рүү нь 1 удаа цохисон чинь Б.А толгойноос нь цус гараад байсан. ...Тэр үед найз Б.А биед учирсан гэмтлийг Б.А толгой руу 0.5 литрийн Хараа нэртэй архины шилээр 1 удаа цохиж учруулсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 65-66 хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
5. Хохирогчийн биед учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгчийн хохирол, хор уршгийг хүсэж үйлдсэн гэм буруугийн санаатай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, түүний хууль бус үйлдлийн улмаас гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж хангагдсан.
6. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.
7. Хохирол, хор уршиг:
7.1. Хохирогч Б.Б.А нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь түүний өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 6-7 хуудас)-ээр тогтоогдож байна.
7.2. Хохирогч Б.Б.А нь Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 48,000 төгрөгийн тусламж, үйлчилгээ авсан болох нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн албан бичиг, хавсралт (хавтаст хэргийн 25-26 хуудас), иргэний нэхэмжлэгч Б.Б*ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 9-10 хуудас)-ээр тус тус тогтоогдож байна.
7.3. Шүүгдэгч ******* нь Эрүүл мэндийн даатгалын сангийн ******* дугаар Төрийн сангийн дансанд хохирогч Б.А эмнэлгийн тусламж, үйлчилгээний төлбөр болох 48,000 төгрөг төлсөн талаар баримтыг шүүхэд ирүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
8. Улсын яллагчаас: шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх 550,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал гаргасан.
9. Шүүгдэгч: Прокурорын санал болгож буй ялыг хүлээн зөвшөөрч байна гэв.
10. Шүүгдэгч ******* нь хувийн байдлын хувьд урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй бөгөөд түүний үйлдэл нь урьдаас төлөвлөөгүй гэнэт үүссэн шинжтэй байх тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх хуульд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
11. Хохирогч Б.А гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг болон энэ гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг болох 48,000 төгрөг нөхөн төлснийг гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөнд хамааруулж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцохгүй.
12. Шүүгдэгч ******* эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хор уршиг их биш, хувийн байдлын хувьд тогтсон ажил хөдөлмөр эрхэлдэг, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд архидан согтуурсан үедээ үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн санал болгосон 550 нэгж буюу 550,000 төгрөг торгох ял оногдуулж, 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, хувийн байдалд тохирно гэж шүүх шийдвэрлэв.
13. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, хохирогч хохирол нэхэмжлэхгүй гэсэн болохыг тогтоолд тус тус дурдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Боржигон овогт С-ийн О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******-ыг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний 550,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг ******* үүрэг болгосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ******* мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, хохирогч хохирол, төлбөр нэхэмжлэхгүй, Эрүүл мэндийн даатгалын санд 48,000 төгрөг төлөгдсөн болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ДАШДОНДОВ