Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 1333

 

 

 

 

 

2019 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 102/ШШ2019/01333

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:Э.А-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч:Ц.Ч-д холбогдох

Хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах, 41 495 000 төгрөг гаргуулах тухай шаардлагатай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч Э.А, өмгөөлөгч Т.Цэрэндагва, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Булган нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Э.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Би Ц..Чтай 2012 оноос эхлэн хамтран амьдарч эхэлсэн бөгөөд хамтран амьдарч байх хугацаанд 2013 оны 2 дугаар сарын 19-ний өдөр охин Ч.Г төрсөн.Бид гэрлэлтээ батлуулаагүй бөгөөд хамтран амьдралын хугацаанд байнга хэрүүл гарч, гэрээсээ хөөдөг байсан, байнгын дарамттай байдалд байдаг байсан.Бидний таарамжгүй харьцааны улмаас цаашид хамтын амьдралаа үргэлжлүүлэх боломжгүй болсон тул нэхэмжлэл гаргаж байна.Охин надтай хамт байгаа бөгөөд Ц..Ч өөр бусадтай хамтын амьдралтай болсон хэдий ч намайг дарамталж, хэрүүл өдөж байдаг.Төрсөн эцгийн хувьд охинтойгоо уулзах эрхтэй боловч уулзах бүртээ хүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлж байна.Бидний хамтын амьдралын хугацаанд бий болсон Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 3 дугаар хороолол, Дилав Хутагт Жамсранжавын гудамжны 10-А байрны 72 тоот хаягт байрлах 55 метр квадрат талбайтай, 2 өрөө орон сууц нь бидний хамтын хөдөлмөрийн үр дүнд бий болсон гэр бүлийн дундын хөрөнгө бөгөөд үүнээс охиндоо оногдох хэсгийг гаргуулахыг хүсэж байна.Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.4, 131 дүгээр зүйлийн 131.1, 131.2-т зааснаар дээрх орон сууцны оногдох хэсгийг мөнгөн хэлбэрээр тооцож 41 495 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Э.А шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Би Ц..Чтай 2011 онд танилцаад 2012 онд жирэмсэн болсон, тухайн үед бид байр түрээслэн амьдарч байгаад манай аавынд хэсэг байж байгаад байр захиалсан, 2013 оны 1 дүгээр сард байрандаа орсон, 2013 оны 2 дугаар сарын 19-ний өдөр охин төрсөн, тухайн үед Ц..Ч барилгын инженер хийдэг, ажил ихтэй байсан.Би оюутан байх хугацаандаа охиноо төрүүлж, 6 сартай байхад нь цэцэрлэгт өгөөд барилгын компанид ажиллаж хувьдаа хүнсний дэлгүүр худалдан авч ажиллуулсан.Ц..Ч жижиг зүйлээс хэрүүл үүсгэнэ, сүүлдээ гэрээс хөөж, хувцас авч шиднэ, нэг удаа ирэхэд гэрийн хаалганы голыг сольсон байсан.Охиноо би өөрийнхөө асрамжид авна, Ц..Чаас хүүхдийн тэтгэлэг гаргуулна, гэр бүлийн дундын хөрөнгө болох Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 3 дугаар хороолол, Дилав Хутагт Жамсранжавын гудамжны 10-А байрны 72 тоот хаягт байрлах орон сууцны үнийн дүнгээс охин Ч.Гд оногдох хэсэг 41 495 000 төгрөгийг гаргуулна, тухайн орон сууцыг 82 сая төгрөгөөр үнэлсэн байгаа үүний 50 хувийг нэхэж байна гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.4-т зааснаар охин Гантигмаа нь гэр бүлийн гишүүн гэж үзэх боломжтой бөгөөд Иргэний хуулийн 129 дүгээр зүйлд гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгөөс оногдох хэсгийг тодорхойлох талаар заасан байна.Иргэний хуулийн 125 дугаар зүйлд гэр бүлийн хөрөнгөд юу хамаарах талаар заасан байгаа, энэ заалтын дагуу охин Гантигмаа нь гэр бүлийн гишүүн мөн тул оногдох хэсгээ шаардах эрхтэй.Хариуцагч хүүхдийн асрамж дээр маргаагүй, шинжээч томилуулах хүсэлтээсээ татгалзсан байна.Хуульд зааснаар Гантигмаа гэр бүлийн гишүүн мөн бөгөөд гэр бүлийн дундын хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг авах эрхтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

Хариуцагч Ц..Ч шүүхэд гаргасан тайлбартаа:Бид 2013 оноос 2016 оны 9 дүгээр сар хүртэлх хугацаанд хамтран амьдарсан, охин Гантигмаа 2013 онд төрсөн, бид гэрлэлтээ бүртгүүлээгүй, би эхнэр хүүхдээ хайрлан халамжилж, барилгын төслийн инженер мэргэжлээр ажиллаж авсан цалин, цалингаас гадуур орлого олж боломжийн амьдарч байсан.Э.Агийн нээлттэй бус байдлаас болж ийм асуудалд орсон, би охиноо 4 нас хүртэл нь өсгөж хүмүүжүүлсэн, охиноо цэцэрлэгт хүргэж, авдаг байсан, аав ээж дээр охиноо амраадаг байсан. Э.А надад хэлэлгүй БНСУ-д 3 сар яваад ирсэн, энэ хугацаанд би охинтойгоо хамт байсан.Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 3 дугаар хороолол, Дилав Хутагт Жамсранжавын гудамж 10-А байрны 72 тоот хаягт байрлах 55 метр квадрат талбайтай, 2 өрөө орон сууц нь миний ээж Д.Хонсол, аав Д.Цэрэнпил нарын хөрөнгө, гэр бүлийн дундын хөрөнгө биш тул хүлээн зөвшөөрөхгүй, би хүүхдийн асрамжийн асуудлаар шинжээч томилуулах хүсэлтээсээ татгалзаж байна гэжээ.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э.А хариуцагч Ц..Чад холбогдуулан охин Гантигмааг өөрийнхөө асрамжид авах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн дундын хөрөнгө болох Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 3 дугаар хороолол, Дилав Хутагт Жамсранжавын гудамж 10-А байрны 72 тоот хаягт байрлах 55 метр квадрат талбайтай, 2 өрөө орон сууцны үнийн дүнгээс 41 495 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан байна.

Э.А Ц..Ч нар нь 2013 оноос 2016 оны 9 дүгээр сар хүртэл хамтран амьдарч байсан бөгөөд тэдний дундаас 2013 оны 2 дугаар сарын 19-ний өдөр охин Гантигмаа төрсөн болох нь хүүхдийн төрсний 1116001661 бүртгэлийн дугаартай гэрчилгээ болон зохигчдын тайлбараар нотлогдож байна.

Зохигчид гэрлэлтийн байдлаа эрх бүхий байгууллагад бүртгүүлээгүй боловч Гантигмааг эцэг Чулуунбатаар нь овоглож төрсний бүртгэлд бүртгүүлэн гэрчилгээ авсан байна.

Нэхэмжлэгчийн хүсэлт, хүүхдийн насны байдал, түүний дассан орчин нөхцөл зэргийг харгалзан Ч.Гг эхийнх нь асрамжид байлгаж, эцгээс нь хуульд заасан хэмжээний тэтгэлэг гаргуулан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Гэр бүлийн тухай хуульд эцэг, эх нь хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ, хүүхдээ эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэгтэй гэж заасан байдаг тул Ч.Гг эхийнх нь асрамжид байлгахаар шийдвэрлэсэн ч эцэг Ц..Ч нь дээрх үүргээс чөлөөлөгдөхгүй юм.

Мөн Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д хүүхэд эцэг, эхтэйгээ амьдрах, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх гэж заасан байдаг тул Ц..Чын хүүхдүүдтэйгээ уулзах эрх нээлттэй байгааг дурдаж байна.

Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 3 дугаар хороолол, Дилав Хутагт Жамсранжавын гудамж 10-А байрны 72 тоот хаягт байрлах 55 метр квадрат талбайтай, 2 өрөө орон сууц нь Ц..Чын өмчлөлд 2013 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр бүртгэгдэж, 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр бэлэглэлийн гэрээгээр Д.Цэрэнпилийн өмчлөлд шилжин бүртгэгдсэн байгаа болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2018 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 7/3024 дугаартай баримтаар нотлогдож байна.

Дээрх үл хөдлөх хөрөнгийг бий болоход Ц..Чын аав ээж нь мөнгө өгсөн, 30 000 000 төгрөгийг Ц..Ч бусдаас зээлсэн гэх хариуцагчийн тайлбарыг нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь Ц..Чын бусдаас зээлсэн 30 000 000 төгрөг нь гэр бүлийн дундын хөрөнгө гэж үзэж байгаа нь хуульд нийцэхгүй байна.

Гэр бүлийн тухай хуульд гэрлэлт гэж хуулиар тогтоосон насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёр, сайн дурын, чөлөөтэй, тэгш эрхийн үндсэн дээр гэр бүл болох зорилгоор хуульд заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлэхийг хэлэх бөгөөд гэр бүл гэж гэрлэлтийн үр дүнд буй болсон, эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх, үүргээр холбогдсон хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүдийг хэлнэ гэж заасан байна.

Харин Э.А, Ц..Ч нарын хамтын амьдралтай байсан 2013 оноос 2016 оны 9 дүгээр сар хүртэлх хугацааг дээрх хуульд зааснаар тэднийг гэрлэсэн, гэр бүл болсон гэж үзэх боломжгүй байна.

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1-т Гэр бүлийн хөрөнгө нь гэрлэгчдийн, гэр бүлийн бусад гишүүдийн хөрөнгөөс бүрдэнэ гэж заасан байх тул Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 3 дугаар хороолол, Дилав Хутагт Жамсранжавын гудамж 10-А байрны 72 тоот хаягт байрлах 55 метр квадрат талбайтай, 2 өрөө орон сууцыг Э.А, Ц..Ч, Ч.Г нарын дундын хөрөнгө гэж үзэх боломжгүй байгаа учраас үүнээс Ч.Гд ногдох хэсгийн тухай яригдах боломжгүй байна.

Нөгөө талаар Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-т заасан үндэслэлээр дээрх үл хөдлөх хөрөнгийг зохигчид хамтын амьдралтай байх хугацаандаа хуульд зааснаар, эсхүл хэлцлийн үндсэн дээр дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болох хөрөнгө гэж үзэх үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч Э.Агийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 441 200 төгрөг, Ц..Чын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц..Чаас 70 200 төгрөгийг гаргуулан Э.Ад олгож, мөн шинжээчийн зардлыг нэхэмжлэгчээс гаргуулан Хөрөнгийн үнэлгээний төв ХХКомпанид олгож шийдвэрлэв.

            Хариуцагч Ц..Ч, түүний өмгөөлөгч нар шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хэргийг хариуцагчийн эзгүйд шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2013 оны 2 дугаар сарын 19-ний өдөр төрсөн Ч.Гг эх Э.Агийнх нь асрамжид байлгасугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасныг баримтлан 2013 оны 2 дугаар сарын 19-ний өдөр төрсөн Ч.Гг 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Ц..Чаас нь тэтгэлэг гаргуулан сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

3.Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-т заасныг баримтлан Э.Агийн Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 3 дугаар хороолол, Дилав Хутагт Жамсранжавын гудамж 10-А байрны 72 тоот хаягт байрлах 55 метр квадрат талбайтай, 2 өрөө орон сууцны үнээс 41 495 000 /дөчин нэгэн сая дөрвөн зуун ерэн таван мянган/ төгрөгийг Ч.Гд гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан Э.Агаас 110 000 /нэг зуун арван мянган/ гаргуулж Хөрөнгийн үнэлгээний төв ХХКомпанид олгосугай.

5.хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар Э.Агийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 441 200 төгрөг, Ц..Чын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц..Чаас 70 200 төгрөгийг гаргуулан Э.Ад олгосугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т заасныг баримтлан шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан шийдвэрийг зохигчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН