Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 102/ШШ2019/01649

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

   Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Ш.Ч-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Л.О-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

  

   Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.Ч, хариуцагч Л.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2006 оны 7 сарын сүүлээр Л.О бид хоёр танилцаж, 2006 оны 9 сард гэрлэлтээ батлуулж, 2006 оны 9 сарын 27-ны өдөр хуримаа хийсэн. 2007 оны 7 сарын 24-ний өдөр бидний дундаас охин О.Этөрсөн. Намайг 6 сартай жирэмсэн байхад салж, бид хоёр тус тусынхаа амьдралыг хөөсөн. Л.О бид хоёр 2006 оны 8 сараас 2007 оны 4 сар хүртэл хугацаанд хамт амьдарсан. Би 2012 оны 10 сараас н.Насанбат гэх хүнтэй хамт амьдарч, 2015 онд бидний дунднаас охин Насанбатын Чанцал, 2016 онд хүү Насанбатын Хангай нар төрсөн. Л.Оаас гэрлэлтээ цуцлуулна. Бид хоёрт эд хөрөнгийн маргаан байхгүй, охин О.Этөрсөн цагаасаа миний асрамжид байсан тул охиноо өөрийн асрамжид авна. Л.О ч гэсэн охиныг миний асрамжид үлдээхийг хүссэн. О.Эд эцэг Л.Оаас насанд хүрэх тул хугацаанд хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна гэв.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2006 оны 8 сард Ш.Ч бид хоёр танилцаж, 2009 оны 9 сарын 27-ны өдөр хуримаа хийсэн. Бид хоёр 6, 7 сар хамт амьдраад л салсан. 2007 оны 7 сарын 24-ний өдөр бидний дундаас охин О.Этөрсөн. Ш.Ч бид хоёр хүүхэд төрөхөөс өмнө салсан байсан. Би охинтойгоо хамт амьдраагүй, нэг удаа уулзаж байсан. Би одоо өөр хүнтэй гэр бүл болж, 2 хүүхэдтэй болсон. Цаашид Ш.Ч бид хоёр хамт амьдрах боломжгүй, тус тусдаа өөр гэр бүлтэй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Охин О.Эг эх Ш.Чгийн асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

 

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ш.Ч нь хариуцагч Л.Оад холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

   Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсэгт Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан үндэслэлээр эвлэрүүлэн зуучлал дуусгавар болж, шүүхэд нэхэмжлэл гаргасан бол энэ хуульд заасны дагуу ердийн журмаар шийдвэрлэнэ, 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэсний дагуу гэрлэлт цуцлуулахаар шаарджээ.

   Хариуцагч нь гэрлэлт цуцлуулж, охиноо эхийн асрамжид үлдээхийг болон хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна.

   Нэхэмжлэгч Ш.Ч, хариуцагч Л.О нар нь 2006 оны 8 дугаар сарын 10-ны өдөр гэр бүл болсноо 2006 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр гэрлэлтийн бүртгэлийн 1040 дугаарт бүртгүүлсэн болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, охин О.Энь 2007 оны 7 дугаар сарын 24-ний өдөр төрсөн болох нь 0085114 Г-1505 тоот хүүхдийн төрсний хуулбараар тус тус нотлогдож байна.

   Хоорондын таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар охиноо төрөхөөс өмнө тусдаа амьдарч, одоо өөр хүмүүстэй гэр бүлийн харилцаа үүсгэн, хэн аль нь ахин 2 хүүхэдтэй болсон нь гэрлэлт цуцлах шалтгаан болжээ.

   Гэрлэгчид хэн аль нь цаашид эвлэрч хамтран амьдрах боломжгүй, гэрлэлтээ цуцлуулах хүсэлттэй байна гэж тайлбарласан, шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандаж эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй дуусгавар болсон тухай тэмдэглэл зэргийг үндэслэж шүүхээс дахин эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзэв.

   Зохигчид хүүхдийн асрамжийн талаар маргаагүй, охин О.Энь төрсөн цагаас эхийн асрамжид байсан тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь заалтыг баримтлан охин О.Эг эх Ш.Чгийн асрамжид үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

   Гэр бүлийн тухай хуулийн 26.1-д эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, эрүүл мэндийг нь хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас, тоглоом бусад шаардлагатай зүйлсээр хангах, хүүхдэд боловсрол эзэмшүүлэх боломж нөхцөлийг бүрдүүлэх зэрэг үүрэгтэй бөгөөд эцэг, эх тусдаа амьдрах болсон нь тэдгээрийг үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх хуулиар хүлээсэн дээрх үүргүүдээс чөлөөлөгдөхгүй болно.

Хүүхдийн тэтгэлгийн талаар хуульд заасан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг зохигчид гаргасан тул Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.2-д заасныг баримтлан 2007 оны 7 дугаар сарын 24-ний өдөр төрсөн охин О.Эг 16 нас хүртэл /хэрвээ суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ тэтгэлэг авагч хүүхдийн амьдарч байгаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, сар бүр эцэг Л.Оаар тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй байна.

   Зохигчид гэр бүлийн дундын хөрөнгийн маргаангүй гэснийг дурдах нь зүйтэй.

   Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь заалтыг удирдлага болгон,

 

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч Ш.Ч, хариуцагч Л.Онарын гэрлэлтийг цуцалсугай.

            2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь заалтыг баримтлан 2007 оны 7 дугаар сарын 24-ний өдөр төрсөн охин О.Эг эх Ш.Чгийн асрамжид үлдээсүгэй.   

3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалтыг баримтлан 2007 оны 7 дугаар сарын 24-ний өдөр төрсөн охин О.Эг 16 нас хүртэл /хэрвээ суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ тэтгэлэг авагч хүүхдийн амьдарч байгаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, сар бүр эцэг Л.Оаар тэжээн тэтгүүлсүгэй.

4. Гэрлэгчид шүүхээр шийдвэрлүүлэх эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

            6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Ч.МӨНХЦЭЦЭГ