Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 2022/ШЦТ/186

 

 

                                   Монгол Улсын нэрийн өмнөөс

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Болор-Эрдэнэ,

улсын яллагч Б.Сүрмандах, /томилолтоор/

хохирогч С.Жүгдэрсүрэн /онлайн/,

шүүгдэгч Ж.Энхтүвшин нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жомботойн овогт Жигжидсүрэнгийн Энхтүвшинд холбогдох эрүүгийн 2231003390195 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, энэ өдөр ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1989 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгийн Түнхэл суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, санхүү, тооцоолон бодох мэргэжилтэй, Онцгой байдлын 185 дугаар ангийн нөөцийн барааны нярав ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 33 дугаар хороо, Хилчний 44-338 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Жомботойн овогт Жигжидсүрэнгийн Энхтүвшин /РД:РМ8901610/,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Ж.Энхтүвшин нь 2022 оны 07 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт “агсам согтуу тавилаа” гэх шалтгаанаар иргэн С.Жүгдэрсүрэнг газар унаган биед нь өшиглөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Ж.Энхтүвшин нь 2022 оны 07 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт “агсам согтуу тавилаа” гэх шалтгаанаар иргэн С.Жүгдэрсүрэнг газар унаган биед нь өшиглөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Ж.Энхтүвшин гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Энхтүвшин өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Түлхэж унагаагаад нуруу хэсэгт нь өшиглөсөн. 3,000,000 төгрөгийн эмчилгээний зардал төлсөн” гэх мэдүүлэг[1],

2.Хохирогч С.Жүгдэрсүрэн 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би Онцгой байдлын 185 дугаар ангид шалганы жижүүрээр ажилладаг бөгөөд 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн өглөө ажлынхантайгаа Итгэлт хамба, Улаан Үдэ, Байгаль нуур чиглэлд аялахаар хотоос нэг автобусанд сууж хөдлөөд автобусан дотор архи уугаад нилээн муудаад тасарчихсан байсан. Тэгсэн чинь нэг мэдсэн автобус Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт колонкын ойролцоо зогсчихсон байсан. Намайг автобусан дотор сууж байсан чинь манай ажлын газрын залуу Энхтүвшин намайг автобуснаас “буугаад ир” гэж буулгаад автобусны ар луу тойроод харанхуй гудамж руу оруулаад нэг мэдсэн чинь би газар уначихсан Энхтүвшин миний дээрээс ар нуруу руу хэсэг өшиглөж, цохиж байгаад автобус руу явсан. Би амьсгаа авч чадахгүй хэсэг хэвтэж байгаад ардаас нь автобус руу очоод “Энхтүвшин намайг зодчихлоо” гэсэн ажлынхан тоохгүй цаашаа аялалд аваад явчихсан. Ж.Энхтүвшин намайг зодсон. Намайг газарт унагаж байгаад ар нуруун тус газар руу гараараа цохиж, хөлөө өшиглөсөн. Хэдэн удаа гэдгийг нь мэдэхгүй байна дээрээс л олон удаа өшиглөж, цохиод байсан. Би согтуудаа автобусан дотор баахан Энхтүвшин рүү “ална, зодно” гэж агсам тавьж орилсон юм шиг байсан. Би тухайн үедээ Энхтүвшинг ажил дээр согтуу ирээд агсам тавиад байдгийг нь тухайн үедээ бодсон юм шиг байсан. Тэрнээс биш бид хоёрт хүвийн таарамжгүй харьцаа байхгүй. Би бол нилээн согтуу байсан харин Энхтүвшинг сайн мэдэхгүй тэгэхдээ бас нилээн согтуу байсан байх. Би цагдаад дуудлага өгөөгүй. Хэн цагдаад дуудлага өгснийг мэдэхгүй байна. Би 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 11022 дугаартай Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт танилцлаа. Надад дүгнэлттэй холбоотой санал гомдол байхгүй” гэх мэдүүлэг[2],

3.Гэрч Г.Бат-Эрдэнэ 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би Онцгой байдлын Ерөнхий газрын дэргэдэх 185 дугаар ангийн захирагчаар томилогдоод 1 жил орчим болж байна. 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдөр манай байгууллагын 45 алба хаагч Улаанбаатар хотоос Оросын холбооны улсын Улан-Үдэ хот чиглэлд 4 хоногийн аялалд явахаар өглөө 10 цагт Улаанбаатар хотоос хөдөлсөн. Замаараа Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраар албан ажлаар орчихоод нилээн орой 22 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд ирсэн. Надтай хамт явсан Эрдэнэбилэг “манай нэг танил хорхог хийсэн байна орж амсчихаад буцаад явья” гэж хэлэхээр нь айлынх нь гадаа автобустайгаа очиж зогсоод айлд орж цай уучихаад гарч ирэхэд Жүгдэрсүрэн гэх харуул хийдэг залуу хашааны буланд доошоо бөхийгөөд суучихсан надад хандаж “даргаа намайг Энхтүвшин зодчихлоо” гэхээр нь би Энхтүвшинг дуудаж уулзсан.

го

 
   


 Энхтүвшингээс “чи Жүгдэрсүрэнг зодсон уу” гэхэд “зодоогүй” гэсэн би цаана зогсож байсан алба хаагчдаасаа “энэ хоёрыг зодолдсоныг харсан хүн байна уу” гэхэд харсан хүн олдоогүй болохоор нь уурлаад “та нар нэгнийгээ өмөөрлөө, хил гарах гэж байж бусдыгаа хүндэтгэсэнгүй, явцгаа” гэж Энхтүвшин, Жүгдэрсүрэн нарт хэлсэн. Гэтэл Жүгдэрсүрэн автобус руугаа буцаж ороод үүргэвчээ авчихаад цаашаа харанхуй гудамж руу гүйчихсэн. Би Энхтүвшин, Тогооням, Батзориг нарыг дуудаад “Жүгдэрсүрэн харанхуй руу гүйгээд алга болчихлоо, олоод ир” гэж хэлээд явуулсан. Би өөрөө бас араас нь дагаад алхаад явж байтал холгүйхэн зам дээр Жүгдэрсүрэн суучихсан нөгөө гурав нь тойроод хараад зогсож байсан. Намайг очиход Жүгдэрсүрэн ёолоод болохгүй болохоор нь цагдаад дуудлага өгсөн. 2022 оны 07 дугаар 21-ний 23 цаг 40 минутанд дуудлага өгөөд 23 цаг 50 минутанд цагдаа нар ирсэн. Хоёр дэд ахлагч л ирсэн. Тэр хүмүүс ирээд шууд Жүгдэрсүрэнг аваад Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэг рүү явсан. Би хойноос нь автобустайгаа эмнэлэг дээр очиход Жүгдэрсүрэн эмнэлэгт үзлэгт орж байсан. Намайг гадаа хүлээгээд зогсож байхад цагдаа нь гарч ирээд “Ямар ч байсан эмнэлэгт хүлээлгэж өглөө, хэрвээ тухайн хүн /Жүгдэрсүрэн/ гомдолтой гэх юм бол бид нар хэргийн газрын үзлэг хийнэ, та хэдээс мэдүүлэг байцаалт авна та хэд явж чадахгүй байх. Бид нар дахиад дуудлага гарчихлаа явахгүй бол болохгүй байна. Энэ хүний онош нь гараад гомдол саналтай гэх юм бол цагдаа дээр очоорой эсхүл миний дугаар луу залгаарай гээд 8624-0788 дугаар үлдээгээд явсан. Цагдаа нарыг явсны дараа нилээн байж байгаад Жүгдэрсүрэнгийн рентген зураг нь гарсан байсан. Үзсэн эмч нь гэх залуу 6, 8 дугаар хавирганууд гэмтэлтэй байна гэхдээ амь насанд хүрэх, дотор эрхтэнд нөлөөлсөн гэмтэл үгүй гэж хэлсэн. Би эмчээс лавлаад бид хэд Улан-Үдэ явах гэж байгаа энэ гэмтэл нь хол замд явж болох юм уу? Гэхэд эмч нь болно бүсээр чангахан ороогоод болно доо гэсэн. Би эмчээс тийм үг сонсчихоор тайвширсан. Ямар ч байсан Жүгдэрсүрэнгийн биед ил харагдах гэмтэл шарх сорвигүй байсан. Жүгдэрсүрэн, Энхтүвшин бид гурав эмнэлгийн гадна гараад уулзахад Жүгдэрсүрэнгийн биед нь зүүн гарны гадна хэсэгт шалбархайтай, өмсөж явсан десант ногоон өмднийх нь зүүн өвдөг шалбарч урагдаад өвдөгнийх нь ар зулгарсан байсныг анзаарсан. Жүгдэрсүрэнг ёолоод болохгүй болохоор нь “хот руу буцъя, хотод гайгүй эмнэлэгт үзүүлье” гэхэд Энхтүвшин зөвшөөрсөн. Жүгдэрсүрэн дуугүй байгаад байхаар нь бид гурав доошоо автобусан дээрээ очоод би автобуснаасаа цүнхээ аваад байж байтал Жүгдэрсүрэн автобусандаа суухгүй үүргэвчээ үүрээд доошоо шатахуун түгээх станцын зүг рүү алхаад явчихаар нь араас нь хэдэн эмэгтэй хүмүүсээ түрүүлж явуулаад би цүнхээ авчихаад араас нь очсон. Нэг цагаан тэрэг ирж зогсохоор нь сууя гэхэд Жүгдэрсүрэн надад “даргаа би ер нь Улан-Үдэ явъя” гэж хэлсэн. Би “чи гэмтэлтэй хүн болохгүй” гэхэд “зүгээрээ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “чи эхнэртээ сайн хэлж яриарай” гээд бөөнөөрөө автобусан дээрээ буцаж очсон. Би Жүгдэрсүрэнгийн цээжийг боож өгөх гээд бүс хайсан боловч олдоогүй болохоор нь хадгаар ороож өгсөн. Цээжийг нь нүцгэлээд харахад ямар ч гэмтэл, ил шарх сорви юу ч байгаагүй. Бид нар цээжийг нь ороож өгчихөөд автобусандаа сууцгаагаад хил рүү явсан. Би Сүхбаатар сумаас гарахаасаа өмнө цагдаа руу 8624-0788 руу залгаад “Жүгдэрсүрэн гайгүй байна аялалаа үргэлжлүүлнэ” гэж байна гэснийг хэлээд цаашаа явсан. Аялалын хугацаанд Жүгдэрсүрэн нь хазгайдуухан алхаж гишгэж байсан бие нь зүгээр үү гэхэд зүгээр байна гэж хэлсэн” гэх мэдүүлэг[3],

 

4.Гэрч Д.Тогооням 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би Онцгой байдлын Ерөнхий газрын дэргэдэх 185 дугаар ангийн инженерээр томилогдоод 5 дахь жилдээ ажиллаж байна. 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдөр манай байгууллагын 45 алба хаагч Улаанбаатар хотоос Оросын холбооны улсын Улан-Үдэ хот чиглэлд 4 хоногийн аялалд явахаар өглөө 10 цагт Улаанбаатар хотоос хөдөлсөн. Замаараа Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газар очиж хоол цай идэж уучихаад орой 22 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд байсан. Манай байгууллагатай цуг явцгааж байсан 179 дүгээр ангийн захирагч Эрдэнэбилэг “манай нэг танил хорхог хийсэн байна хальт орж амсчихаад цаашаа явья” гэж хэлэхээр нь нөгөө айлынх нь гадаа автобустайгаа бөөнөөрөө очиж зогсоод Бат-Эрдэнэ, Тэгшжаргал, Эрдэнэбилэг бид нар айлд орж цай уусан. Бат-Эрдэнэ дарга түрүүлээд гарсан. Удалгүй Эрдэнэбилэг бид хоёрыг гарахад Бат-Эрдэнэ дарга “энүүгээр зодоон цохион болсон байна. Энхтүвшин зодсон гэнэ” гээд бөөн юм болж байсан. Би бол тэр хавиар ажилчидтайгаа юм яриад хоол ундны зохион байгуулалт хийгээд байж байсан. Бат-Эрдэнэ нь Жүгдэрсүрэн болон Энхтүвшин нартай уулзалдаад холгүйхэн зогсож байсан. Удалгүй цагдаа сэргийлэх болоод цагдаа ирсэн. Би бол тухайн үед учир зүгээ олчих л юм байна гэж бодсон. Бат-Эрдэнэ дарга хүрч ирээд эмнэлэг явна гээд бөөнөөрөө эмнэлэг рүү автобустайгаа явж очсон. Эмнэлэг дээр очоод Бат-Эрдэнэ, Ариунтунгалаг бид нар хүлээн авах руу нь ороход рентгений эмч нь байгаагүй. Эмчийг нь авах гээд хүн явсан гээд хүлээж байсан. Бат-Эрдэнэ даргыг цагдаа нартай уулзаад байж байхад нь сонсоход Цагдаа нар нь дарга “Танайх бас олноороо зугаалж байгаа хүмүүс байна. Адилхан тусгай байгууллагын хүмүүс байна. Энэ хүн гомдол саналтай гэх юм бол хэцүү аялалаа үргэлжлүүлж чадахгүй, дотооддоо асуудлаа шийдчих юм болно. Үзсэн эмч нь энэ хүнийг явж бол чадна, гайгүй байна гэж хэлсэн” тухай хальт сонсчихоод би цаашаа хүмүүс рүүгээ очсон. Хүмүүстэйгээ яаанаа ийнээ гээд байж байхад Бат-Эрдэнэ, Жүгдэрсүрэн, Энхтүвшин нар эмнэлгээс гарч ирсэн. Бат-Эрдэнэ нь над дээр ирээд “Жүгдэрсүрэн, Энхтүвшин бид гурав энд үлдлээ, чи цаашаа хүмүүсээ хариуцаарай бид гурав буудал олж хоноод өглөө Улаанбаатар буцна” гэж хэлсэн. Би санаа зовоод буудал асуух гээд доошоо уруудаж яваад клонк орж буудал заалгуулаад буцаад автобусан дээрээ очиход хүмүүс бүгдээрээ явахаар болчихсон байсан. Жүгдэрсүрэн нь өөрөө гайгүй гээд явахаар болсон. Хүмүүс эмийн сан орж эм тариа, авчираад хадгаар ороогоод боочихсон гэж хэлсэн. Түүнээс цааш яасныг нь мэдэхгүй байна аялал энгийн журмаараа үргэлжилсэн. Улан-Үдэ хотод очоод юм үзэж хараад явж байхад Жүгдэрсүрэнгээс биеийг нь асуухад зүгээрээ эм ээ угаад л явж байгаа гэсэн. Автобусны ар талаар хүмүүс ганц нэг юм уусан юм шиг байна лээ би бол нүдээр үзээгүй. Манай бичиг хэрэг Ариунтунгалаг ирээд “Жүгдэрсүрэн хойно агсраад байна, автобусны цонх цохиж хагалчих гээд хэцүү юм” гэж ярьж байсан. Энхтүвшин хойно Батбилэг гэдэг хүнтэй суучихсан зүгээр явцгааж байсан, архи дарс уусан эсэхийг нь мэдэхгүй байна. Энхтүвшин нь дөнгөж ажилдаа гаршиж байгаа хүүхэд байгаа юм. Хүн чанарын хувьд асуудалгүй тусархаг, сайн хүүхэд байгаа юм. Жүгдэрсүрэн бол манай байгууллагад олон жил ажиллаж байгаа, олон таван үггүй гэхдээ чөлөө авах дуртай, ар гэрээс нь их хэл ам хийдэг гэж сонсож байсан” гэх мэдүүлэг[4],

5.Гэрч Б.Нандинцэцэг 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би Цагдаагийн газрын Шуурхай Удирдлагын тасгийн мэдээлэл хүлээн авагч цагдаагаар томилогдоод 1 жил, 2 сар болж байна. Би 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс 22-нд шилжих өдөр Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэсэн. Ерөнхий мэдээлэл хүлээн авагч ахлах дэслэгч Б.Мөнхбат, мөрдөгч дэслэгч Г.Ринчэнпүрэв, эрүүгийн мөрдөгч ахлах дэслэгч М.Мягмарцэнд нар үүрэг гүйцэтгэж байсан. Тухайн өдөр 12 цагт Ерөө суманд хүн нас барсан дуудлага ирж мөрдөгч Ринчэнпүрэв явсан. Шөнө 23 цаг 40 минутын орчим Цагдаагийн газрын 7036-102 дугаарын утсанд “Манай ажлын хоёр ах хоорондоо зодолдсон юм шиг байна, нэгнийх нь хавирга хугарчихсан юм шиг сууж байна” гэсэн. Би энэ тухай а/д Мөнхбатад хэлсэн боловч Мөнхбат чи эрүүгийн мөрдөгч а/д М.Мягмарцэндтэй дуудлаганд явчих гэсэн. Би эрүүгийн мөрдөгч а/д М.Мягмарцэнд, жолооч Орхонтамир нарын хамт дуудлаганд очиход цохиулсан гээд байгаа хүн нь автобусны шатан дээр зүүн талын хавиргыг гараараа дарчихсан сууж байсан эрүүгийн мөрдөгч а/д М.Мягмарцэнд “юу болсон талаар” асуухад хариу дуугараагүй болохоор нь тэр хүнийг машиндаа суулгаад эмнэлэг авч явсан. Эмнэлэг дээр очоод хүлээн авах дээр очоод зодуулсан гэх хүнийг сувилагчид үзүүлэхэд нөгөө хүн нь “миний хавирга хугарчихсан” юм шиг байна гэхэд сувилагч түр хүлээж байгаарай рентгений эмч гэрээсээ ирнэ гэсэн. Рентгений эмч ирэхгүй их удаад байсан. Эрүүгийн мөрдөгч а/д М.Мягмарцэнд дотогшоо ороод зодуулсан хүнээс “танд гомдол санал байна уу” гэхэд Жүгдэрсүрэн нь “миний хавирга хугарчихсан байвал би “гомдол гаргана, гэмтэл гарахгүй бол ажлынхантайгаа аялна“ гэж хэлсэн. Эрүүгийн мөрдөгч а/д М.Мягмарцэнд Жүгдэрсүрэнд “рентгений эмч жоохон удах юм байна, та эмчдээ үзүүлээд гомдол саналтай бол цагдаа дээр яваад очоорой эсхүл холбоо бариарай” гээд дугаараа үлдээсэн. Тэгээд л бид нар буцаад цагдаа руу буцахаар эмнэлгээс гарсан. Эрүүгийн мөрдөгч а/д М.Мягмарцэнд нь гадаа байсан хүмүүст бас утсаа өгөөд “гомдол гаргахаар бол цагдаа дээр заавал ирээрэй” гэж хэлээд бид нар цагдаа руу буцсан. Жүгдэрсүрэнгийн биед ил харагдах гэмтэл шарх сорви байгаагүй. Баруун дух нь бага зэрэг овойж хавдсан байсан” гэх мэдүүлэг[5],

6.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 11022 дугаар дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: “С.Жүгдэрсүрэнгийн биед баруун талд 9-р хавирга, зүүн талд 5, 6, 7, 8-р хавирга суганы дунд шугамаар, 10-р хавирга суганы арын шугамаар, 11, 12-р хавирга нурууны хажуугийн шугамаар зөрүүгүй хугарал, зүүн уушгины доод дэлбэнгийн арын бага зэргийн няцрал гэмтэл бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт[6],

7.Шүүгдэгч Ж.Энхтүвшин 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “Би Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх 185 дугаар ангид нөөцийн барааны няраваар ажиллаад 4 жил болж байна. 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдөр манай байгууллагын 39 тооны алба хаагч, ажилчид “Улаанбаатар хотоос Оросын холбооны улсын Улан-Үд хот” маршруттай 4 хоногийн аялалд гарсан. 2022 оны 07 дугаар сарын 21-ний орой 23 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд орж ирсэн тэндээ байрлаж хонолгүй шууд Алтанбулаг сум руу явах гэж байсан юм. Замд гарснаас эхлээд манай ажилчид автобусанд ярьж хөөрөөд аялал энгийн үргэлжилж байсан боловч автобусны ард сууж байсан ганц нэг хүмүүс архи уугаад байгаа нь мэдэгдсэн. Автобус Сүхбаатар суманд орж ирээд нэг айлын гадаа зогссон. Би ангийнхаа харуул алба хаагчдыг ахалж ажилладаг учир арын хэсэгт очиход Жүгдэрсүрэн, Мягмарсүрэн, Жаргалсайхан, Сод-Даваа гэх хүмүүс архи уучихсан бага зэрэг согтсон байсан. Надад ганц, хоёр удаа хийж өгснийг би уучихаад тэдэнд хандаж “одоо ууж болохгүй, хил гарахад эрүүл байх шаардлагатай, битгий уугаарай” гэхэд Жүгдэрсүрэн уурлаж босож над руу хандаж согтуурхаад “би чамайг ална шүү, барьж иднэ” гэх мэтээр хачин хачин юм яриад над руу үсчээд байхаар нь арын суудлаас босож яваад автобусны дунд /гол/ хэсэгт очиж Батзориг гэх ачигч хийдэг залууг босгоод ахын дүү “арагшаа очоод Жүгдэрсүрэнг хараад байж байгаарай” гэж хэлээд суудал дээр нь суусан. Жүгдэрсүрэн их согтсон байсан учраас агсам согтуу тавиад автобусны ар талын цонх хагалчих гээд их хэцүү ааш араншин гаргасан. Батзориг нь Жүгдэрсүрэнг барьж дийлэхээ больсон. Тэгэхээр нь би арагшаа очоод Жүгдэрсүрэнг “аятайхан бай” гэж хэлээд арагшаа нь нэг түлхэж суудал дээр нь суулгаад автобуснаас буусан. Би гадаа гараад хүмүүстэй тамхи татаад зогсож байхад Жүгдэрсүрэн намайг зодлоо барьлаа гээд автобусаар нэг орилж чарлаад байсан. Ангийн захирагч Бат-Эрдэнэ над дээр ирээд чи “Жүгдэрсүрэнг зодсон юм уу, хавирга нь хугарсан” гэж хэлж байна гэсэн. Удалгүй цагдаа нар ирсэн. Хоёр дэд ахлагч, нэг энгийн хувцастай цагдаа нар ирээд Жүгдэрсүрэнг эмнэлэг рүү авч явж үзүүлсэн. Би санаа зовоод хойноос нь Бат-Эрдэнэтэй эмнэлэг дээр очиход Жүгдэрсүрэн рентген зураг авахуулсан байсан. Хариуг нь сонсоход хоёр хавирга бага зэрэг цууралттай байна гэсэн. Бат-Эрдэнэ тэрийг нь сонсчихоод Жүгдэрсүрэн бид хоёртой уулзаад “Улаанбаатар хот руу буцаж үзүүлье” гэсэн би Бат-Эрдэнэд хандаж “та хэрэггүй, би өөрөө Улаанбаатар хот руу Жүгдэрсүрэнтэй буцъя” гэхэд Жүгдэрсүрэн “хэрэггүй, би зүгээр байна, Орос явна” гэж хэлээд явахаар болсон. Би дуудлаганд ирсэн цагдаа нартай уулзаж ярилцаагүй. Жүгдэрсүрэнгийн хойноос эмнэлэг дээр очиход цагдаагийн машин ч байгаагүй. Жүгдэрсүрэн бид нар бөөнөөрөө аялалаа дуусгасан. Тэр хугацаанд Жүгдэрсүрэн хавиргаар жоохон өвдөж байна. Гэхдээ эм тариа хэрэглэхгүй зүгээр гэж хэлж байсан. Би бол хоёр хундага архи уусан. Гэхдээ согтоогүй болсон үйл явдлыг санаж байна. Жүгдэрсүрэн бол муудсан байсан. Тасарчихсан байсан гэж хэлж болно. Орилж чарлаад агсам тавиад хэцүүхэн л юм болсон. Жүгдэрсүрэн нь согтуурхаад Жаргалсайхан, Чинбаатар гэх хүмүүс рүү агсраад байсан. Гэхдээ бол зодолдож цохилцсон хүн байхгүй” гэх мэдүүлэг[7], 8.Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол[8], 9.Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл[9], 10.Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл[10], 11.Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол[11], 12.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[12], 13. Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[13] зэрэг бичгийн нотлох баримт болно.

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, шүүгдэгч хэргийн үйл баримт, гэм буруу, зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч Ж.Энхтүвшингийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.

Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Энхтүвшин нь хохирогч С.Жүгдэрсүрэнгийн эмчилгээний зардалд 3,000,000 /гурван сая/ төгрөг нөхөн төлснийг дурьдаж, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлэн Иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн.

Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх шүүгдэгч Ж.Энхтүвшинд эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлын нөхөн төлсөн” болон хувийн байдлыг ял хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд харгалзан үзсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Иймд улсын яллагчийн ялын саналын хүрээнд шүүгдэгч Ж.Энхтүвшинд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгуулийн ял шийтгэл оногдуулж, түүний цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан торгуулийн шийтгэлийг хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээтэй төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Ж.Энхтүвшинд анхааруулсан болно.

Шүүгдэгч Ж.Энхтүвшин нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Жомботойн овогт Жигжидсүрэнгийн Энхтүвшинг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Энхтүвшинг 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 /нэг сая таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Энхтүвшиний хөрөнгө, цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан 12 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээтэй төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Ж.Энхтүвшинд анхааруулсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Энхтүвшин нь хохирогч С.Жүгдэрсүрэнгийн эмчилгээний зардалд 3,000,000 /гурван сая/ төгрөг нөхөн төлснийг дурьдаж, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлэн Иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

6. Шүүгдэгч Ж.Энхтүвшин нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

8.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

   

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ц.АМАРГЭРЭЛ