Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 2022/ШЦТ/187

 

 

                                   Монгол Улсын нэрийн өмнөөс

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жавзмаа,

улсын яллагч А.Энхтуяа, /томилолтоор/

шүүгдэгч Ц.Од-Эрдэнэ,

хохирогч Э.Түвшинбаяр нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Йөншөөбү овогт Наран-Эрдэнийн Од-Эрдэнэд холбогдох эрүүгийн 2231002960187 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, энэ өдөр ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1998 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймгийн Түшиг суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Хөдөө аж ахуйн их сургуулийн мал эмнэлгийн 5 дугаар курсийн оюутан, ам бүл 5, эцэг, эх, эгч нарын хамт Сэлэнгэ аймгийн Түшиг сум, 2 дугаар баг, 2 дугаар хэсэг, 47 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Йөншөөбү овогт Наран-Эрдэний Од-Эрдэнэ, /РД:МН98050518/,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Н.Од-Эрдэнэ нь 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймгийн Түшиг сумын Ерөнхий боловсролын сургуулийн гадна иргэн Э.Түвшинбаярыг бусадтай хэрүүл маргаан хийсэн гэх шалтгаанаар нүүр тус газар нь цохиж, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Н.Од-Эрдэнэ нь 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймгийн Түшиг сумын Ерөнхий боловсролын сургуулийн гадна иргэн Э.Түвшинбаярыг бусадтай хэрүүл маргаан хийсэн гэх шалтгаанаар нүүрэн тус газар нь цохиж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Н.Од-Эрдэнэ гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Од-Эрдэнэ өгсөн: “2020 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Түшиг сумын наадам болж сагсан бөмбөгийн тэмцээн болсон. Тус тэмцээнд  орхоор өглөө Улаанбаараас ирсэн, Түвшинбаяр бас тэмцээнд орж байсан. Намайг тэмцээнд ороод тоглож байхад манай найзууд өчигдөр Э.Түвшинбаяр бид нарыг морьтой ирж цохиод цугатаасан гэсэн. Урьд нь Э.Түвшинбаяртай хамт янз бүрийн тэмцээнд ордог ах, дүү байсан учир дуудаад “яаж байгаан чи” гээд алгадаад, доошоо тонгооход нь санамсаргүй байдлаар цохисон энэ үйлдэл  гэмт хэрэг болсон. Тус хэргээс хойш Э.Түвшинбаяраас уучлалт гуйж, хохиролыг барагдуулъя гэхэд Э.Түвшинбаяр за тэгий гээд 300,000 төгрөг надаас нэхэмжилсэн. Тухайн үед бэлэн 300,000 төгрөг алга гэхэд Э.Түвшинбаяр шүүхэд өргөдөл гаргасан байсан. Хүнээс зөвлөгөө авахад шүүх хурал болж байж дуусдаг гэдгийг сонсоод хохирлыг чин барагдуулна гэснийхээ дагуу барагдуулна гэж хэлсэн. Э.Түвшинбаяр надаас 1,000,000 төгрөг нэхэмжилсэн. Ямар шалтгааны улмаас надаас 1,000,000 төгрөг нэхэмжилж байна вэ? Гэхэд хамраа эмчлүүлэхэд 300 гаруй мянган төгрөг, унааны зардалтай нийлээд 400,000 төгрөг болсон. Машины зээл хийх ёстой 1,000,000 төгрөг өгчөөрэй гээд бид 2 тохирсон. Гэтэл дараа нь мэссэжээр эхнэр уурлаад 2,000,000 төгрөг гээд байна та надад 1,500,000 төгрөг өгчих гэхэд нь чи 1,000,000 төгрөг гэчихээд юу яриад байгаан гэхэд манай эгч таниас 5,000,000 төгрөг аваарай гэсэн би эгч, эхнэр хоёрын үгэнд орохгүй. Та надаа яаралтай 1,500,000 төгрөг өгчих гэсэн. 09 дүгээр сарын 25-ны өдөр Э.Түвшинбаяртай уулзсан, тухайн үед байнгын холбоотой байсан. Тус өдрөөс хойш 1,000,000 төгрөг өгөх үү, байх уу гэж байгаад Халиун гэдэг мөрдөгчөөс асуухад хэрэг үүсээд явсан, нэгэнтээ хохирлын барагдуулах тул баримттай зүйл дээр барагдуул гэхээр нь Э.Түвшинбаяртай дахиж уулзаагүй” гэх мэдүүлэг[1],

2.Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.Түвшинбаяр өгсөн: “07 дугаар сарын 04-ний өдөр сагсан бөмбөгийн тэмцээн болсон. Тус тэмцээнд манай баг ялаад ирэхэд дээд үеийн ах нар ирж “танайх манайд хожигдож өг” гэхэд нь тийм зүйл байхгүй бид нар хожигдож өгөхгүй гэж хэлсэн. Намайг морьтой ирж цохисон гэж байна тийм зүйл болоогүй. Ах нар над дээр ирж орой уулзана шүү дүү гэхэд, орой уулзах юм байхгүй би гэрээсээ гарахгүй гэсэн. Тэгсэн болохгүй бол гэрт чинь очоод зодож чадна шүү гэж сүрдүүлсэн. Өөр ямар нэгэн маргаан болоогүй би хожигдож өгөхгүй гэж л хэлсэн. 07 дугаар сарын 05-ны өдөр би гар бөмбөгийн тэмцээнд орох гээд гадаа зогсож байхад миний маргалдсан хүмүүс болон Н.Од-Эрдэнэ ахтай хамт зоссож байсан. Намайг Н.Од-Эрдэнэ ах дуудахаар нь маргалдаагүй юм чинь цохихгүй байх гэж бодоод яваад очсон, гэтэл миний ар дагз руу цохисон, би доошоо тонгоосон, тонгооход гараараа нүүрэн тус газар луу цохисон, би хамраа дараад хойшоо ухархад чи ингэж даварч томрох болоогүй шүү гэж хэлсэн. Дархан-Уул аймагт “Цэх” гэх хувийн эмнэлэгт очиж хамрынхаа зургийг авхуулсан. Эмч миний хамрыг хугарсан байна янзлуулахад 280,000 төрөг болно, энэ дээр эмчилгээний мөнгө нэмэгдэнэ гэсэн. Тухайн үед Н.Од-Эрдэнэ ах руу залгаад надруу 300,000 төгрөг шилжүүлчих хамраа эмчлүүлнэ гэж хэлсэн. Тухайн үед цагдаа руу хэлсэн хийнэ гэсэн хийгээгүй учир эгч рүүгээ залгаж зөвлөгөө авахад чи өөрөө хамраа эмчлүүлчих юм бол тухайн хүн чинь хохирлыг барагдуулахгүй гэхэд, би хэсгийн цагдаа руу ярсан. Сэлэнгэ аймгийн шүүх шинжилгээний албанд гэмтлийн зэрэг тогтоолгох шаардлагатай гэхээр нь ирж тогтоолгосон. Гэмтлийн зэрэг тогтоолгохоос өмнө Н.Од-Эрдэнэтэй уулзсан хохирлыг барагдуулна гэсэн боловч барагдуулаагүй. Тухайн үед би өөрөө эмнэлгээр явж хамраа эмчлүүлсэн. Энэ хүнээс болж хамраа хугалуулаад 10 хоног ажилдаа яваагүй тул машины ликинг төлөх хугацаа болсон, 1,000,000 төгрөг өгчих гэхэд өгнө дахиад 5 хоног хүлээчих гэсэн хүлээсэн, сүүлд төвд уулзахдаа таны үгэнд ороод дуугай явж байгаа, надад 1,000,000 төгрөг хэрэг болоод байна гэхэд миний дансыг аваад үлдсэн. Одоо болтол хохирол барагдуулаагүй байгаа, шүүх дээр очиж хохирлыг чин барагдуулна” гэх мэдүүлэг[2]

3.Хохирогч Э.Түвшинбаяр 2022 оны 07 дугаар сарын 11-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр сагсан бөмбөгийн тэмцээн дээр Н.Од-Эрдэнэ ахын найзуудтай тоглоомоос болоод маргалдсан байсан. Тэгээд 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр сургуулийн зааланд тэмцээн болж байхаар нь орж үзэх гээд ирсэн чинь сургуулийн гадаа Н.Од-Эрдэнэ ах найзуудтайгаа зогсож байснаа намайг дуудахаар нь очсон чинь Н.Од- Эрдэнэ ах миний хүзүүний ар тал руу гараараа цохихоор нь би тонгойсон чинь миний хамар луу гараараа цохисон. Би 2021 оны 12 дугаар сард хамраа гэмтээгээд хамарны хагалгаанд орсон байсан. 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Дархан-Уул аймгийн “Цээнэ” гэх нэртэй хувийн эмнэлэгт хамарныхаа зургийг авахуулсан чинь зүүн талын хамар зөрүү багатай хугарсан байна гэж хэлсэн. Тэгээд би Түшиг сумын цагдаагийн хэсэгт гомдол гаргасан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би Н.Од-Эрдэнэ ахтай эвлэрсэн, бид хоёр төрөл садангийн хүмүүс учраас гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг[3],

4.Гэрч А.Пүрэвсүрэн 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр манай хүү Түвшинбаяр нь сургуулийн гадаа хүнд зодуулж хамар хавдсан гэж хэлсэн. Тэгээд 07 дугаар сарын 07-ны өдөр Дархан-Уул аймгийн эмнэлэгт очиж үзүүлсэн чинь хамар хугарсан байна гэсэн. Тэгээд цагдаад гомдол гаргасан. Манай хүү Түвшинбаяр нь 2021 онд хамраа гэмтээж хамарны хагалгаанд орж байсан” гэх мэдүүлэг[4],

5.Сэлэнгэ аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 278 дугаар дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: “Э.Түвшинбаярын биед хамар ясны хугарал, зовхи, уруулд цус хуралтын зөөлөн эдийн няцралтын гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт[5],

6.Шүүгдэгч Н.Од-Эрдэнэ 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “Би өөрийн хийсэн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Өмнө нь хэрэлдэж маргалдаж байгаагүй. Урд өдөр нь манай найзуудтай Э.Түвшинбаяр маргалдсан байсан. Тэгээд би маргааш нь гар бөмбөгийн тэмцээнээр Э.Түвшинбаярыг явж байхад нь дуудаад “манай найзуудтай яагаад хэрэлдэж маргалдсан бэ?” гээд баруун гараараа хүзүү рүү нь алгадсан. Тэгээд нүүр хэсэг рүү гараараа алгадсан” гэх мэдүүлэг[6], 7.Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол[7], 8.Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл[8], 9.Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл[9], 10.Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол[10], 11.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[11], 12.Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[12], 13.Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[13] зэрэг бичгийн нотлох баримт болно.

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, шүүгдэгч хэргийн үйл баримт, гэм буруу, зүйлчлэлийн талаар маргаангүй болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч Н.Од-Эрдэний гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.

Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Шүүгдэгч Н.Од-Эрдэнэд хохирогч Э.Түвшинбаяр нь эмчилгээний зардлын баримт гаргаж өгөөгүй боловч шүүгдэгчийн зүгээс хэлэлцүүлгийн явцад 5 минутын завсарлага авч, хохирогчид 1,000,000 төгрөгийг нөхөн төлж, баримт үйлдэн хэрэгт хавсаргав. Иймд шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх шүүгдэгч Н.Од-Эрдэнэд эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшин, харамсаж байгааг ял хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд харгалзан үзсэн болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь заалтад заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзсэн. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Иймд улсын яллагчийн саналыг харгалзан шүүгдэгч Н.Од-Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж шийдвэрлэсэн.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсан болно.

Шүүгдэгч Н.Од-Эрдэнэ нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдвал зохино.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэх нь хуульд нийцнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Йөншөөбү овогт Наран-Эрдэний Од-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Од-Эрдэнэд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Од-Эрдэний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 4 /дөрөв/-н сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай. 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Од-Эрдэнэ нь хохирогч Э.Түвшинбаярын эмчилгээний зардалд 1,000,000 /нэг сая/ төгрөг нөхөн төлснийг дурьдсугай.

6. Шүүгдэгч Н.Од-Эрдэнэ нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

   

      

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ц.АМАРГЭРЭЛ