Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 1311

 

 

 

 

 

2019 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 102/ШШ2019/01311

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:Г.Ч-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч:Ж.Н-д холбогдох

Эв Эе 9 Сууц Өмчлөгчдийн Холбооны гэрчилгээ, тэмдэг, санхүүгийн баримт гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Болортуул, хариуцагч Ж.Н, өмгөөлөгч Ц.Туяа, гэрч Ч.Ганхуяг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ганзориг нар оролцов.

Нэхэмжлэгч Г.Ч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 51, 47, 78, 74 дүгээр байрны оршин суугч бүх гишүүдийн хурал 2018 оны 6 дугаар сарын 4-ний өдөр ирцийн шаардлага хангаж, удирдах зөвлөл байгуулагдаж, удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдож улмаар тус өдрийн удирдах зөвлөлийн хурлаас шийдвэр гарч Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4-т заасны дагуу удирдах зөвлөлийн даргаар сонгогдсон, ажлаа хүлээн авснаас хойш Эв Эе 9 СӨХ-ны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Нтэй удирдах зөвлөлийн гишүүдийн хамт уулзахаар очиход байхгүй, утсаа авахгүй байсаар 2018 оны 8 дугаар сарын 2-ны өдөр уулзаж, 2018 оны 8 дугаар сарын 6-ны өдөр ажлаа тайлагнаж, холбогдох шаардлагыг хүлээн авахаар өөрийн биеэр бичиг хийж өгсөн боловч дахин утсаа авахгүй, гэртээ байхгүй, хаалгаа нээхгүй байсан.Ингээд удирдах зөвлөлөөс 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн хурлаар үүрэгт ажлаас чөлөөлөхөөр шийдвэрлэж, уг шийдвэрийг танилцуулахаар удаа дараа хандсан боловч ирээгүй тул удирдах зөвлөлийн тогтоолыг шуудангаар илгээж, 3 хоногт багтаан ажлаа хүлээлгэн өгөхийг даалгасан боловч энэхүү тогтоолыг хэрэгжүүлээгүй байгаа нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4.9-т заасны дагуу үүргээ биелүүлэхгүй байна.Би Эв Эе 9 СӨХ-ны удирдах зөвлөлийн даргаар хуулийн дагуу сонгогдсон ба Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.6-д заасны дагуу холбооны гэрчилгээ, тэмдэг, санхүүгийн баримтыг гэртээ байлгаж, оршин суугчдын эрх ашгийг ноцтой зөрчиж байна.Иймд Ж.Нгээс Эв Эе 9 СӨХ-ны гэрчилгээ, тэмдэг, санхүүгийн баримтыг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Эв эе 9 Сууц өмчлөгчдийн холбоо нь Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны 51, 47, 78, 74 дүгээр байранд үйл ажиллагаа явуулдаг, 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн А184 тоот Баянгол дүүргийн Засаг даргын захирамжаар тус сууц өмчлөгчдийн холбоонд ажлын хэсэг ажилласан, үүнтэй холбоотой 4 дүгээр сарын 30-ны өдөр хяналт шалгалт хийхэд удирдах зөвлөл, хяналтын зөвлөл нь хууль бус, кассын, орлого зарлагын баримт байхгүй гэсэн дүгнэлт гаргасан байсан.Дүүргийн Засаг даргын 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 05/1335 албан бичгийн дагуу Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т зааснаар 1 дүгээр хорооны Засаг дарга Байгальд хурал удирдахаар үүрэг өгсөн. Энэ хуралтай холбоотой удирдах зөвлөлөөр хуралдаж шийдвэр хүчин төгөлдөр болсон.Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуульд зааснаар ирцийн шаардлага хангасан, 2018 оны 8 дугаар сарын 6-ны өдөр тайлангаа тавих шаардлагыг шинэ бүрэлдэхүүнээс Ж.Нд тавьсан, 8 дугаар сарын 6-ны өдөр холбогдох баримтыг хүлээн авлаа, тайланг тавина гэсэн боловч өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй тул 2019 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр ажлаас чөлөөлсөн тушаалыг шуудангаар явуулсан, 2018 оны 12 дугаар сард тамга тэмдэг өг гэж хэлэх гэхэд утсаа аваагүй.Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.6-д зааснаар 3 хоногт тамга тэмдэг, холбогдох бичиг баримтыг хүлээлгэн өгөхөөр заасан, энэ хугацаанд өгөөгүй тул удирдах зөвлөлөөс энэ нэхэмжлэлийг гаргаж байна.Эв эе 9 Сууц өмчлөгчдийн холбооны тэмдэг, гэрчилгээ, санхүүгийн баримтуудыг Ж.Нгээс гаргуулж өгнө үү.Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.5-д холбоог өөрчлөн байгуулах гэж заасан, 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдөр хуралдсан бүх гишүүдийн хурлаар холбоог удирдах хяналтын зөвлөл хангалтгүй үйл ажиллагаа явуулж байгаа тул өөрчлөн байгуулах шийдвэр гарсан. Уг хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 20.1.2-т заасан нөхцөл үүсээгүй учир холбоог татан буулгаагүй, бүтцийн хувьд шинэчлэгдсэн, шинэ сууц өмчлөгчдийн холбоо байгуулаагүй, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 5.4-т зааснаар бүрдлүүд нь хангагдаад холбоо байгуулсанд тооцогдоод, гэрчилгээ авагдсан байгаа, бүтцийн хувьд өөрчлөлт орсон гэв.

Хариуцагч Ж.Н шүүхэд гаргасан тайлбартаа:Г.Чийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.Эв Эе 9 Сууц Өмчлөгчдийн Холбоо нь 2011 оны 4 дүгээр сараас хуулийн хүрээнд зохион байгуулагдаж, үйл ажиллагаа явуулж байна.Тус Сууц Өмчлөгчдийн Холбооны удирдах болон хяналтын зөвлөл нь хууль, журмын дагуу ажлаа хийж байгаа, 2011 онд анх байгуулагдсан удирдах болон хяналтын зөвлөл нь 2017 онд өөрчлөгдөн сонгогдоод ажиллаж байна. Удирдах зөвлөл нь гэрээний дагуу гүйцэтгэх захирлын тайланг сар бүр хэлэлцэж, ажлыг дүгнэн удирдлагаар хангаж ирсэн.Г.Ч нь хууль бусаар сонгогджээ, учир нь 2018 оны 6 дугаар сард сууц өмчлөгчдийн бүрэн бүрэлдэхүүнгүй, 74, 78, 51 дүгээр байрны төлөөлөл болох 14 хүнийг өөрсдийн удирдах болон хяналтын зөвлөлд сонгосон хууль бус цуглааныг би харж байсан, ирсэн эдгээр хүмүүс нь өөрсдийгөө удирдах болон хяналтын зөвлөлийн гишүүд гэж зарласан.Энэ бүхэн нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн тухай хуульд нийцээгүй үйл ажиллагаа болсон.Энэ тухай баримт, нотолгоо болон тэмдэглэл, тогтоол нь шаардлага хангаагүй, хуурамчаар үйлдэгдсэн байна.Эдгээр хүмүүс нь Сууц Өмчлөгчдийн Холбооны төлбөрийг 2014 оноос 2019 оны 3 дугаар сар хүртэл төлөөгүй, иргэний үүргээ биелүүлдэггүйгээс болж тус байгууллагын нэр хүндийг унагаж захирлын ажлыг булааж авахыг завдаж байна гэжээ.

Хариуцагч Ж.Н шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Эв эе 9 Сууц өмчлөгчдийн холбоо нь хуулийн хүрээнд өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж ирсэн.Г.Ч шинээр Сууц өмчлөгчдийн холбоо байгуулсан гэж яригдаад байгаа. Шинээр байгуулагдчихаад манай Сууц өмчлөгчдийн холбооны тэмдэг гэрчилгээг авна гэх асуудал яриад байгааг ойлгохгүй байна, нэхэмжлэлийг хүлээн авах боломжгүй, сууц өмчлөгчдийн холбоо татан буугдвал шинээр л байгуулах ёстой, өөрчлөн байгуулж болдог, өөрчлөн байгуулахдаа нэр, журам, зорилтоо баталсан байх ёстой боловч энэ бүгд байхгүй байна.Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна, манай сууц өмчлөгчдийн холбоонд Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны 47, 51, 74, 78 дугаар байрууд бүртгэлтэй боловч манайх одоогоор 47, 47.1, 51, 74, 78, 88 дугаар байруудад үйл ажиллагаа явуулж байгаа гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Г.Ч нэхэмжлэлдээ Ж.Нгээс Эв эе 9 Сууц өмчлөгчдийн холбооны тэмдэг, гэрчилгээ, санхүүгийн баримт гаргуулна гэсэн байна.Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т зааснаар 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны 51, 74, 78, 43 байрны оршин суугчдын хурлыг хийлээ.Уг хурлаар Сууц өмчлөгчдийн холбоог шинээр үүсгэн байгуулахаар 100 хувийн саналаар шийдвэрлэсэн. Удирдах зөвлөл 7 гишүүн, хяналтын зөвлөл 7 гишүүнтэй.Шинээр байгуулчихаад Эв эе 9 Сууц өмчлөгчдийн холбооны тэмдэг, гэрчилгээ, санхүүгийн баримтыг авах гэж байгаа нь ойлгомжгүй.Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т холбоог зохион байгуулах хурлыг сууц өмчлөгчдийн санаачилгаар хуралдуулна.Шаардлагатай тохиолдолд тухайн нутаг дэвсгэрт байгаа орон сууц хувьчлах товчоо болон тухайн шатны Засаг даргын санаачилгаар хуралдуулна гэж заасан.Энэ нь шинээр байгуулах заалт, 6 дугаар сарын 04-ний өдрийн хурлын тэмдэглэл дээр 5.3-т заасныг үндэслэсэн учир шинээр байгуулсан сууц өмчлөгчдийн холбоо гэж ойлгож байгаа.Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны 51, 74, 78, 47 дугаар байрны оршин суугчид нэгдээд хурал хийсэн.Энэ байрны сууц өмчлөгчдийн холбоо 2011 онд Эв эе 9 гэсэн нэртэйгээр байгуулсан, 2011 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн засаг даргаас 149 дугаартай гэрчилгээ олгогдсон, өнөөдрийн байдлаар хуульд заасан үндэслэлээр өөрчилсөн, татан буулгасан асуудал байхгүй, 51, 74, 78, 47 дугаар байрны хурлаар ямар нэртэй холбоо шинээр байгуулсан нь тодорхойгүй.Шинээр байгуулж байгаа бол өөрийн гэсэн нэр, дүрэм, гэрчилгээ тамга тэмдэгээ авсан байх ёстой.Шинээр байгуулсан дээр хэн ч маргаагүй, 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн хурлаар байгуулсан холбоо дүрмийн дагуу асуудлаа цэгцлээгүй байж одоо үйл ажиллагаа явуулж байгаа холбооны бичиг баримтыг авах гээд байгаа нь ойлгомжгүй байна.Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т Орон сууцны нэг байшинд нэг холбоо байх бөгөөд зэрэгцэн орших хэд хэдэн орон сууцны байшин дахь сууц өмчлөгчид нэгдэн нэг холбоо байгуулж болно гэж заасан.Шинээр байгуулсан холбоо нь энэ заалтыг зөрчиж байна, 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн А/9 тоот албан бичгээр Баянгол дүүргийн засаг дарга С.Одонтуяад санал хүргүүлсэн. Одоо болтол хариу ирүүлээгүй, 47, 51, 74, 78 дугаар байрны бүх гишүүдийн 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн хурлаар Г.Ч захирал болоод 2018 оны 8 дугаар сарын 05-ны өдөр удирдах зөвлөлийн хурлаас Ж.Нг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.Хууль бусаар байгуулсан, шинээр байгуулсан сууц өмчлөгчдийн холбоо одоо үйл ажиллагаа явуулж байгаа холбооны даргыг чөлөөлөх үндэслэлгүй, тэмдэг, баримтыг авах ч ёсгүй.Хариуцагч нь хуулийн дагуу сонгогдсон, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.6-д зааснаар тамга тэмдгээ өөрийн гэртээ байлгаад, нийт оршин суугчдын эрх ашгийг зөрчиж байна гэсэн нь бас ойлгомжгүй.Хэн зөрчөөд байгаа юм.Г.Ч өөрөө гэртээ байлгаад байгаа ч юм шиг.Шинээр холбоо байгуулчихаад Ж.Нгээс тэмдэг гаргуулах үндэсгүй.Мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-т тухайн орон сууцны байшингийн бүх сууц нэг этгээдийн өмчлөлд шилжсэн бол, 20.1.2-т Иргэний хуулийн 144 дүгээр зүйлд заасан үндэслэл бий болсон бол татан буулгана гэж заасан.Холбоог татан буулгасан асуудал биш гэдгээ өөрөө зөвшөөрсөн.Бүх гишүүдийн хурлаар холбоог өөрчлөн байгуулахаар заасан. 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн хурлаар шинээр байгуулж даргаар нь Г.Чийг томилсон. Ж.Нгээс гаргуулах үндэслэл байхгүй. 2017 онд Эв эе 9 Сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөл, хяналтын зөвлөл шинээр томилогдсон баримт хавтаст хэрэгт байгаа.Эв Эе 9 Сууц өмчлөгчдийн холбоо үйл ажиллагаа хэвийн байгаа. 05/862 албан бичгээр Г.Ч тайлбараар хүргүүлсэн, 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр удирдах зөвлөлийн дарга гишүүдийг томилсон нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийг зөрчөөгүй, 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс хойш энэ асуудалтай холбоотой гомдол гараагүй. 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 06 тоот хууль бус хурлын тухай гомдол бичсэн.Дарга Чулуунхүү, Ж.Н гэсэн гомдол байгаа, 32 хүний ирцтэй хийсэн.Гэтэл 132 өрхтэй. 16 хувь л байна, 1/3-с доошгүй ирцээр хийнэ гэж байгаа, 66 хүн ирж байж хүрнэ, 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн тэмдэглэл дээр 47, 74, 78, 51, 88 гээд байр нэмэгдсэн байна, 88 гэсэн байрыг нэмсэн эсэх нь тодорхойгүй, 71, 74, 78 дугаар байрыг нэг сууц өмчлөгчдийн холбоотой болгох санал гаргасан байна.Яаж шийдсэн нь тодорхойгүй, 51, 74, 78 дугаар байранд шинэ сууц өмчлөгчдийн холбоо байгуулсан юм уу, 88 дугаар байран дээр шинэ сууц өмчлөгчдийн холбоо байгуулсан юм уу ойлгомжгүй байна.Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Ч хариуцагч Ж.Нд холбогдуулан Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны Эв Эе 9 Сууц Өмчлөгчдийн Холбооны гэрчилгээ, тэмдэг, санхүүгийн баримтыг гаргуулах тухай шаардлагыг шүүхэд гаргасан байна.

Шүүх дараах үндэслэлээр Г.Чийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т Сууц өмчлөгчдийн холбооны эрх барих дээд байгууллага нь бүх гишүүдийн хурал байна, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т Ээлжит бус хурлыг удирдах болон хяналтын зөвлөл, гүйцэтгэх захирлын шийдвэрээр буюу бүх гишүүдийн гуравны нэгээс доошгүй хувийн санаачилгаар хуралдуулна гэж тус тус заасан байна.

Харин 2018 оны 6 дугаар сарын 4-ний өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны Эв Эе 9 Сууц Өмчлөгчдийн Холбооны бүх гишүүдийн гуравны нэгээс доошгүй хувийн санаачилгаар ээлжит бус бүх гишүүдийн хурлыг хийсэн байна гэж үзэх боломжгүй байна.

Эв Эе 9 Сууц Өмчлөгчдийн Холбоо нь өнөөдрийн байдлаар Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрладаг 47, 47.1, 51, 74, 78, 88 дугаар байруудад үйл ажиллагаа явуулж байгаа гэж хариуцагч тайлбарлаж байна.

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ шаардлагыг нотолж ирүүлсэн 2018 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн хурлын протокол, мөн өдрийн Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны бүх гишүүдийн хурлын тэмдэглэлээс үзэхэд 2018 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн хурлын ирцийн байдал хуульд заасан шаардлагыг хангасан байна гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Мөн тухайн байрны оршин суугчдаас 2018 оны 6 дугаар сарын 4, 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрүүдэд авсан санал гэх 60 хуудас баримтуудыг үнэн зөв гэж үзэхэд эргэлзээтэй байна.

Нөгөө талаар Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д Бүх гишүүдийн хурлыг удирдах зөвлөлийн дарга, түүний эзгүйд хуралд оролцогчдын олонхийн саналаар удирдах зөвлөлийн аль нэг гишүүн даргална гэж заасан байхад Эв Эе 9 Сууц өмчлөгчдийн холбооны удирдах болон хяналтын зөвлөлийн гишүүдийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хурлын тогтоолоор сонгогдсон удирдах зөвлөлийн гишүүд, хяналтын зөвлөлийн гишүүд уг хуралд оролцсон эсэх нь тодорхойгүй байна.

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т зааснаар 2018 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн хуралдаанд бүх гишүүдийн 50-иас дээш хувь оролцсон болох нь баримтаар тогтоогдохгүй байхад тухайн хурлыг хүчин төгөлдөр гэж үзэх боломжгүй байна.

Мөн Эв Эе 9 Сууц Өмчлөгчдийн Холбооны гүйцэтгэх захирал Ж.Нг ажлаас чөлөөлсөн 2019 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн 1 тоот тогтоол нь хуулийн үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл дээрх тогтоолыг гаргаж байгаа удирдах зөвлөлийн дарга, гишүүдийг сонгосон бүх гишүүдийн хурал нь хүчин төгөлдөр эсэх нь тодорхой бус байхад Г.Ч нь бусдыг ажлаас чөлөөлөх тушаал гаргах эрхгүй байх бөгөөд тухайн тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон, ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан, мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон гэсэн заалтуудыг давхардуулсан баримталсан нь ойлгомжгүй, Ж.Нгийн хэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дүгнээд байгаа нь тодорхой бус байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1.Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.6-д зааснаар Ж.Н-ээс Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны Эв Эе 9 Сууц Өмчлөгчдийн Холбооны гэрчилгээ, тэмдэг, санхүүгийн баримтыг гаргуулах тухай Г.Ч-н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Г.Ч-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 З.ДОРЖНАМЖИН