| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Амаргэрэл |
| Хэргийн индекс | 175/2022/0154/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/188 |
| Огноо | 2022-11-02 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | Т.Н |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 11 сарын 02 өдөр
Дугаар 2022/ШЦТ/188
Монгол Улсын нэрийн өмнөөс
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жавзмаа,
улсын яллагч Т.На*******,
шүүгдэгч Д.О*******,
түүний өмгөөлөгч Л.Очбаяр нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д******* овогт Д******* О*******өд холбогдох эрүүгийн 2131001540027 дугаартай хэргийг ердийн журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2022 оны 07 дүгээр сарын 19-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Нэг. Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1998 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймгийн ******* суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Ундрах гарц ХХК-д жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 настай, 5 настай, 2 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн ******* сумын 2 дугаар баг Техникчид гудамж ******* тоотод оршин суух хаягтай, урьд Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 139 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5400 нэгжээр торгох ялаар шийтгүүлж байсан, Д******* овгийн Д******* О*******, /РД:*******/,
Хоёр. Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/
Яллагдагч Д.О******* нь 2021 оны 06 дугаар сарын 10-наас 20-ны өдрийн хооронд Сэлэнгэ аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Харгана” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр техник хэрэгсэл ашиглан ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж газрын хэвлийд халдаж Байгаль орчинд нийт 11.991.428 төгрөгийн хохирол учруулсан,
2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* сумын 2 дугаар баг “Харгана” гэх газарт эргүүл, шалгалтын албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн дэслэгч Б.Батчулуун, дэд ахлагч Б.Пүрэвдаваа нарт албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан “тус бүр 2 сая төгрөг өгье, нэг удаа аргалчих” гэж бэлэн мөнгө өгөхийг санал болгосон” гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Д.О******* нь 2021 оны 06 дугаар сарын 10-наас 20-ны өдрийн хооронд Сэлэнгэ аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Харгана” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр техник хэрэгсэл ашиглан ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж газрын хэвлийд халдаж Байгаль орчинд нийт 11.991.428 төгрөгийн хохирол учруулсан,
-2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* сумын 2 дугаар баг “Харгана” гэх газарт эргүүл, шалгалтын албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн дэслэгч Б.Батчулуун, дэд ахлагч Б.Пүрэвдаваа нарт албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан “тус бүр 2 сая төгрөг өгье, нэг удаа аргалчих” гэж бэлэн мөнгө өгөхийг санал болгосон” гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Д.О******* гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
1.Шүүгдэгч Д.О******* 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тухайн үед цас орсон байсан. Усан буу чирч авч явах гэтэл цастай байсан тул газар харлуулж байхад 2 цагдаа ирсэн. Яагаад газар харлуулсан талаар асуусан. Усан буу чирч авч гарах гэж байгаагаа хэллэхэд “аан за за” гэсэн. Тухайн үед цагдаа явган явж байна машин руу хүргээд өгөөч гэхээр нь машиндаа суулгасан. Тэгсэн ах энэ техникийг х*******аа ингэж явуулахгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би энэний цаана байдаг тариалан дээр ирсэн, тоолуур гүйгээд байна авч явахгүй бол болохгүй хүний экскаватор гэж хэлсэн. Тэгээд ойролцоогоор 20 орчим км зайтай газарт байгаа машин дээрээ хүргүүлсэн, намайг та очоод байж бай өнөөдөртөө явуулахгүй гэсэн. Тэгэхээр нь би аргалаад явуулчих, ах нь 2,2 сая төгрөг олоод өгий одоохондоо надад мөнгө алга гэж хэлсэн. Тэгсэн энэ мөнгө өгнө гэж байна гээд цагдаад мэдээлсэн байсан...” гэх мэдүүлэг[1],
2.Хохирогч Л.Болормаагийн 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр мөрдөн шалган ажиллагааны шатанд өгсөн: “Миний бие нь 2020 оны 12 дугаар сарын 31-нд сумын Засаг даргын орлогчоор томилогдон ажиллаж байсан. Ажил үүргээс минь хамаарч төрийг төлөөлөн хохирогч нэхэмжлэгчээр томилдог. Д.О*******ийг ******* сумын 2-р багийн иргэн гэдгээр нь мэднэ. Садан төрлийн болон нэгдмэл ашиг сонирхол байхгүй. Миний бие нь 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр тухайн албан тушаалд томилогдсоноос хойшхи хугацаанд бичил уурхайгаар болон ашигт малтмал олборлох зөвшөөрөл олгогдоогүй. Байгаль экологид учруулсан хохирлыг төлж барагдуулах саналтай байна. Өөр санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг[2],
3. Иргэний нэхэмжлэгч Б.Эрдэнэбаатарын 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр мөрдөн шалган ажиллагааны шатанд өгсөн: “Манай Одсүрэн гэдэг найз энэ О*******ийг таньдаг бөгөөд бид 2-ыг холбож, О******* экскаватор түрээслэх сонирхолтой байгаа талаар хэлсэн. Түүний дагуу 2021 оны 06 дугаар сард танилцаж, өөрийн 80-84УР улсын дугаартай экскаватороо түрээсээр хэрэгжүүлж байсан, бичгээр гэрээ байгуулаагүй, нэг сарын 20.000.000 /хорин сая/ төгрөгөөр түрээслэхээр ярилцан тохиролцоод О*******өд энэ оны 06 дугаар сарын эхээр өгч явуулсан. Миний бие О*******өд түрээсээр өгч хэрэглүүлж байсан экскаватор одоо Д.О*******өд байгаа. Тухайн үед буцааж авах гэсэн чинь мотор эвдэрчихсэн байсан болохоор засаж янзлуулж авч амжаагүй юм. Д.О*******өөс хаана байгааг нь асуусан чинь Сэлэнгэ аймгийн ******* сумын 2 дугаар багын нутаг хөдөө байгаа, засаад буцааж авч очиж өгнө гэж хэлсэн. Надад тухайн үед алт олборлоно гэж ярьж байсан, би зөвшөөрөлтэй байх гэж бодоод өөрийн экскаватороо өгч явуулсан. Би өөрийнхөө эд зүйлийг биетээр нь буцааж авмаар байна, өөр ямар нэгэн гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг[3],
4. Шүүгдэгч Д.О*******ийн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн:”Би 2021 оны 06 дугаар сарын 10-ны үед Сэлэнгэ аймгийн ******* сумын 2 дугаар багын нутаг Харгана гэх газарт ашигт малтмал олборлох зорилгоор 2 ширхэг экскаватортай Д.Хонгорзул, З.Алтансүх, М.Гандөлгөөн, Мияасүрэн гэх залуучуудыг авч очоод урьд нь ашигт малтмал олборлох үйл ажиллагааны улмаас эвдрэлд орсон байсан газрыг алт олборлох зорилгоор ухаж угааж үзсэн. Тэгэхэд тэр газраас юм гарахгүй болохоор нь ажилчдаа үлдээгээд ******* сумын төв дээр хувийн ажилтай байх хооронд цагдаа очиж хэмжилт хийж тэнд байсан манай ажилчдаас мэдүүлэг авсан байсан. Би тухайн үед 2 экскаватор, 1 усан буу /алт угаах үйлдвэр/ ашиглаж 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 15-ны өдрийн хооронд урьд нь дэгдсэн байсан газрыг ухаж угааж үзсэн. Би ямар нэг зөвшөөрөлгүй ашигт малтмал олборлох зорилгоор газар ухаж шороо угаасан. Зурганд харуулсан 2 экскаватор миний хууль бусаар ашигт малтмал олборлох үйл ажиллагаанд ашигласан экскаватор мөн байна. Одоо сумын төвтэй ойрхон хөдөө байгаа. Би тухайн үед цагдаа ирээд үйл ажиллагаа явуулж болохгүй гэсэн учир сумын төврүү оруулах гэж авч явж байгаад эвдрээд байж байгаа. HYUNDAI 300 LC маркийн экскаватор нь Улаанбаатар хотод байдаг Эрдэнэбаатар гэдэг хүнийх бөгөөд би Одсүрэнгээр дамжуулж гуйж авж ашиглах гэж байсан бичиг баримттай эсэхийг нь мэдэхгүй. Komatsi маркийн экскаватор бөгөөд бичиг баримт байхгүй, би 2018 онд ******* сумын Харгана гэх газарт Улаанбаатар хотын нэг хүн авч очсон байж байгаад эвдрээд явахгүй болохоор нь зарна гэхээр нь би тухайн үед 5.000.000 /таван сая/ төгрөг бэлэн бөгөөд худалдаж авсан. Одоо тэр хүнээ танихгүй, хаана байгааг нь мэдэхгүй. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй. Миний ярьсан зүйл бүгд үнэн болно” гэх мэдүүлэг[4],
5. Гэрч О.Мияасүрэн 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдөр мөрдөн шалган ажиллагааны шатанд өгсөн: “Би Тавантолгойд Турбоданк ХХК-д экскаваторын оператороор 1 жилийн өмнөөс ажиллах эхэлсэн. 28 хоног ажиллаад 14 хоног амардаг бөгөөд 06 дугаар сарын 08-ны өдөр амарч Улаанбаатар хотод ирсэн. Би гэртээ байхад урьд нь Сэлэнгэ аймагт оператороор ажиллаж байхдаа танилцаж байсан О******* буюу Отгоноо над руу залгаад “хэд хоног уурхай дээр очоод ажиллаад өгөөч 1 сарын 3.500.000 /гурван сая таван зуу/ төгрөг өгье гэхээр нь амарсан байгаа дээр нь хэд хоног ажиллаад өгье гэсэн. Ингээд найз Хишигбаяр буюу Баагий Цэрэнчунт нарын хамтаар ******* суманд жижиг тэрэгтэй ирсэн. Яг хэзээ ирсэнээ мэдэхгүй байна бороо ороод гол аймар устай байсан болохоор сумын төв дээр О*******ийн ахынх нь гэрт 8 хоносон. Сумын төвөөс Алтансүх, Мөнхдөлгөөн, Цэрэнчунт, Хишигбаяр, Хонгороо нарын хамтаар 31 маркийн машинтай замдаа нэг хоноод ******* сум 2-р баг Харгана гэх газарт ирсэн. Бид нарыг ирэхэд 2 экскаватор, усан буу зэрэг байгаа. Усан буу байгаагийн яг хажуу талын хэсгийг ухаад буудаадах гэхээр нь өнөөдрөөс 5 хоногийн өмнөөс би экскаватор жолоодож, Алтансүх усан буунд хийж байсан бөгөөд хааяа Мөнхдөлгөөн жолоодож байсан. Цэрэнчунт усан буу ажиллуулж , Хишигбаяр мотороо ажиллуулж байсан. Хонгороо тэр хавиар хоол унд хийж усан буун дээр ажиллаж байсан. О*******ийн төрсөн ах нь Хонгороо буюу Хонгорзул бөгөөд тэд нар л хоорондоо яриад байх шиг байсан. Яг хэдэн грамм алт авсан талаар мэдэхгүй байна. Би оролцоогүй. Олигтой гол сайн гарахгүй байна ер нь бууя гээд явж байхдаа баригдсан. Намайг ажиллаад өгөөч гээд гуйгаад байхаар нь би ажиллаж өгсөн. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг[5],
6. Гэрч Д.Хонгорзул 2021 оны 06 сарын 20-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “... Би ******* суманд төрснөөсөө хойш амьдарч байна. Бид нар эцэг эхээс 10-лаа. Одсүрэн ахын ажилчид болох Хишигбаяр, Мияасүрэн нар сонгуулийн өмнөх өдөр Улаанбаатараас О******* дүүгийн эхнэр Болороогийн дүү Дөлгөөн, манай ах Зоригтбаатарын хүү Алтансүх, эгч Нарангэрэлийн хүү Мөнхдөлгөөн бид нар цугларсан. Бид нарыг ууланд байгаа Komatsi экскаватор янзлаад аваад ир тэгээд зарлагаа нөхөөд түлшнийхээ өрийг дараад алт буудчих гэж хэлээд О******* явуулсан. Ууланд байгаа komatsi экскаватор нь О******* 300 маркийн экскаватор нь Одсүрэн гээд хуурай ахынх нь байгаа юм. Бид нар уул руу 5 хоногийн өмнө гараад Харгана гэх газарт 2 хонож очсон. Очоод komatsi экскаваторын гинжийг янзлаад дууссаны дараа өмнө угаасан шороо буудаж угааж үзсэн. Усан буу нь О*******ийн гитар гэж нэрлэдэг буу байгаа юм. Гитар байгаагийн ойр орчмыг л угаасан. Экскаваторын гинж нь мултраад явахгүй байхаар нь орхиод явсан. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй” гэх мэдүүлэг[6],
7. Гэрч М.Гандөлгөөн 2021 оны 06 сарын 20-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн”... Би анх 2021 оны 03 сарын 20-ны өдөр Улаанбаатар хотоос О******* ахтай уурхайд нь туслах ажилтан авахаар хийхээр ирсэн. Тэгээд саяхан 06 дугаар сарын 05-ны өдрөөс хойш komatsi маркийн экскаваторыг Мөнхдөлгөөн гэдэг хүүхэдтэй ээлжилж барьж газар ухаж өгч байсан. Бид 2 өглөө 09 цагаас оройн 18:00 цаг, орой 21:00 цагаас 06:00 цаг хүртэл ээлжилж экскаватор барьж газар ухаж өгдөг байсан. Намайг О******* ажилд авсан бөгөөд сард 800.000 /найман зуун мянга/ төгрөг өгөхөөр тохиролцсон. Сүүлийн 5 хоног яг өдөр ухаж, шороог алт угаах төхөөрөмж буюу усан буу руу хийдэг байсан. Миний барьж байгаа komatsi маркийн экскаваторыг О******* түрээслэн авсан байх. О*******ийн уурхайд komatsi маркийн 1, Hyundai маркийн 1, алт угаах төхөөрөмж буюу усан буу зэрэг О*******ийн уурхай надтай хамт экскаватор барьдаг Мөнхдөлгөөн, Hyundai экскаватор барьдаг Мийгаа, Алтансүх, туслах ажилтан Хонгор, Шонт, Баагий гэж дууддаг Хишигбаяр нар ажиллаж байсан. Би эдгээр хүмүүсийг сайн танихгүй. Манай уурхай 24 шороогоо угаагаад алтаа авч байсан. Хонгор алтаа нарийсган угааж ялгадаг, ялгасан алтыг нь Алтансүх авч О*******т өгдөг. Манай уурхайн гүн нь 5 метр орчим ухаж, ойролцоогоор 20 метрыг харьцах нь 30 метрийн хэмжээтэй ухсан. О*******ийн холбоо барих утасны дугаар нь 99106262 гэж байсан. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэх мэдүүлэг[7],
8. Гэрч Ц.Цэрэнчунт 2021 оны 06 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Баагий буюу Хишигбаяр гээд манай найз намайг Улаанбаатар хотод ажилгүй байхад уул уурхай дээр гараад жаахан ажиллаад ирье сарын 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр чамайг тохирчихлоо гэхээр нь хамт явахаар болж Мияасүрэн, Хишигбаяр бид 3 жижиг тэрэгтэй ******* суманд сонгуулиас 2 хоногийн өмнө буюу 8-ны орой ирсэн. Суманд ирэх үед бороо ороод гол үерлээд байсан болохоор Хонгороо гээд О*******ийн ахынх нь гэрт 6-7 хоносон. О******* гээд залуу суман дээр байхад 1 удаа ирж уулзсан бөгөөд Хишигбаяртай уулзаад komatsi гээд экскаваторыг янзлаарай гэж хэлж байхыг сонссон. Сумаас 15, 16-ны орой гараад ******* сум 2-р баг Харгана гэх нэртэй газар ирцгээсэн. Бид ирээд komatsi засвар хийсэн мөн дизель моторыг манаж аюулгүй ажиллагааг нь хариуцаж байсан, Хишигбаяр усан буу дээр, Мияасүрэн экскаватор жолоодож усан буунд шороо хийсэн. Алтансүх, Мияасүрэнтэй ээлжилж жолоодсон. Хонгороо хоол унд бэлдсэн. Энэ байдлаар нийт 5 хоносон. Үүнээс 1-2 хоногт бүрэн ажилласан. Хэдэн грамм гарсныг нь би хараагүй намайг ойртуулж байгаагүй. Одоо усан буу үлдсэн газрыг ойртуулж угааж олборлож байсан бөгөөд улыг нь малтаж угаана гэж байсан. Тэр орчинд л олборлолт явуулсан. Би цалин болон урьдчилгаа аваагүй. Ийм л зүйл болсон бүгдийг нь ярьлаа өөр нэмж хэлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг[8],
9. Гэрч З.Алтансүх нь 2021 оны 06 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн” ... Манай аавын дүү Д.О******* ах 2021 оны 03 сард “Харганы” аманд байгаа HYUNDAI 300 маркийн экскаватор бариад өгөөч сарын 1 сая 500 мянган төгрөгийн цалин өгье гэж хэлсэн. Би зөвшөөрч 2021 оны 06 дугаар сарын 13-ны өдөр ******* сумаас “Харгана”-ны аманд байрлах О******* ахын экскаватор, усан буу зэрэг техник хэрэгсэл дээр очсон. Тухайн Баагий, Чунт, Хонгороо, Мягаа, Мөнхдөлгөөн, нарын хамт 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс хойш 19-ны өдөр хүртэл нийт 4-5 хоног ажилласан. Би HYUNDAI 300 маркийн шар өнгийн экскаватор зэрэг техник жолоодож ажилласан. Баагий ах гагнуурын ажил хийдэг байсан. Бид нарын жолоодож, алт угааж байсан техник хэрэгслийг засаж янзалдаг байсан. Чунт ах техник хэрэгслийн түлш “дизель” хардаг байсан хулгайд алдахаас сэргийлсэн. Хонгороо тогоочийн үүрэг гүйцэтгэж хоол унд бэлддэг байсан. Мягаа надтай ээлжилж HYUNDAI 300 маркийн экскаватор жолооддог байсан. Дөлгөөн “Кamatsu 220” маркийн экскаваторыг Мөнхдөлгөөнтэй хамт ээлжилж жолооддог байсан. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг[9],
10.Гэрч Б.Одсүрэн 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн ”...Би энэ зургийг харлаа энэ экскаватор минийх биш. Манай нутгийнхан болон гэрийнхэн маань намайг Од гэж дууддаг. HYUNDAI 300 маркийн экскаватор минийх биш. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй” гэх мэдүүлэг[10],
11.2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн “Ашид Билгүүн” ХХК-ний шинжээчийн дүгнэлт хэсэгт: “Hyundai-2900 маркийн загварын экскаваторын зах зээлийн үнэ цэнийг 2022 оны байдлаар 11,000,000 төгрөгийн үнэтэй болохыг тодорхойлов” гэх дүгнэлт[11],
12.Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл[12],
13.Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол[13],
14.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[14],
15.Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[15] зэрэг бичгийн нотлох баримт болно.
Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар маргаангүй болохыг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч Д.О*******ийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон Л.Болормаа нь (төрийг төлөөлж хохирогчоор тогтоогдсон болно) мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчээс шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон газрын хэвлийд халдсан экологи-эдийн засгийн үнэлгээгээр тогтоогдсон хохирлыг нөхөн төлүүлж, нэхэмжилмээр байна гэжээ.
Шүүгдэгч Д.О*******ийн гэмт хэргийн улмаас байгаль экологид учруулсан хохирлын хэмжээг эврэлд өртсөн 0,22га талбайн хэмжээгээр шинжээч дараахь байдлаар гаргажээ.
| Д/д | Байгаль орчны бүрдэл хэсгүүд | Хохирлын үнэлгээ, төгрөгөөр |
| 1 | Эдэлбэр газар | 28,860 төгрөг |
| 2 | Газрын хэвлийд учруулсан хохирол | 7,402,200 төгрөг |
| 3 | Усны нөөцөд учруулсан хохирол | - |
| 4 | Хөрсөн бүрхэвчинд учруулсан хохирол | 710,424 төгрөг |
| 5 | Ойн санд учруулсан хохирол | 1,349,944 төгрөг |
| 6 | Ургамалд учруулсан хохирол | 2,500,000 төгрөг |
| 7 | Амьтанд учруулсан хохирол | - |
| 8 | НИЙТ | 11,991,428 төгрөг |
Хүснэгт91 Байгаль орчны хохирлын үнэлгээний нэгдсэн дүн[16]
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, 2.3, 2.4, 2.5, 2.6, 2.7, 3, 4, 4.1, 4.3, 4.4, 4.5, 5.1 дэх хэсэгт тус тус зааснаар энэхүү гэмт хэргийн улмаас шүүгдэгч Д.О*******ийн хууль бус ашиглалтаас өртөгдсөн ургамал, ус, газар, газрын хэвлий, хөрсөнд учирсан хохирол нийт байгаль экологид учирсан хохирол 11,991,428 /арван нэгэн сая есөн зуун ерэн нэгэн мянга дөрвөн зуун хорин найман/ төгрөгийг, нөхөн сэргээлтийн зардалд 5,081,400 /таван сая наян нэгэн мянга дөрвөн зуун/ төгрөгийг тус тус Байгаль орчин, уур амьсгалын санд шүүгдэгч Д.О******* нөхөн төлснийг дурьдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж,[17]
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт: “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж тус тус хуульчилсан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.О******* гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан 80-84 УР “Hyundai Robex” 300LC маркийн экскаваторыг битүүмжлэлээс чөлөөлж, хууль ёсны өмчлөгч Бөх овогт Баатархүүгийн Эрдэнэбаатар /РД:ХВ79040977/-т буцаан олгож, техникийн эд хөрөнгийн үнэлгээгээр тогтоогдсон 42,000,000 /дөчин хоёр сая/ төгрөгийг,
“Кomatsu” PC220-7 маркийн экскаваторын техникийн эд хөрөнгийн үнэлгээгээр тогтоогдсон 15,000,000 /арван таван сая/ төгрөг, нийт 57,000,000 /тавин долоон сая/ төгрөгийг шүүгдэгч Д.О*******өөс гаргуулж, Улсын төсөвт орлогод оруулах нь хуульд нийцнэ. (Шүүгдэгчийн дээрх гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Кomatsu” PC220-7 маркийн экскаваторын битүүмжлээгүй орхисон байсан тул шүүгдэгчийн “мотор болон бусад эд анги нь муудсан байсан тул төмрийн үнээр бодож 6,000,000 төгрөгөөр зарсан” гэсэн мэдүүлэгт үндэслэж, хураан авах боломжгүй болсон тул үнэлгээг гаргуулахаар тогтсон болно)
Мөн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч Д.О*******ийн эзэмшлийн алт угаах төхөөрөмж, дизель үүсгэврийг тус тус хураан авч, Улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн.
Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүх шүүгдэгч Д.О*******өд эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн зүгээс: “...Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 13,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан хөнгөн ял болох Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 2,700,000 төгрөгтэй торгох ялыг хүнд ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 13,000,000 сая төгрөгөн дээр нэмж нийт 15,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал оруулж байна. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан 1 жилийн хугацаанд төлүүлэх санал гаргаж байна.
-Энэ гэмт хэргийн улмаас байгаль экологид учирсан 11,990,420 төгрөгний хохирлыг төлж барагдуулсан, шүүхийн шатанд 3 хувааж төлсөн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон, нөхөн сэргээлтийн зардал 5,081,400 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, уур амьсгалын санд оруулах саналыг гаргаж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 3,200,000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан албан бичиг болон мөнгө төлж барагдуулсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
...Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Комацу” маркийн техник, “Хуандай эси-300” гэсэн 2 техник байгаа. Мөрдөн шалгах ажиллагаагаар 8084УР улсын дугаартай “Хуандай эси-300” маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээ хавтаст хэрэгт авагдсан байдаг. Уг тээврийн хэрэгсэл нь Эрдэнэбаатар гэх хүнийх байна гэсэн гэрчилгээ хавтаст хэрэгт авагдсан байх тул уг техникийн үнэлгээ болох 42,000,000 төгрөгийг шүүгдэгч Э.О*******өөс гаргуулж, Комацу маркийн тээврийн хэрэгсэл нь Одгэрэл гэх хүний эзэмшлийнх. Одгэрэл гэдэг хүн мөрдөн шалгах ажилгааны явцад энэ минийх биш гэсэн мэдүүлэг өгсөн байдаг, мөн шүүгдэгчийн гэрчээр өгөн мэдүүлэгт миний эзэмшлийнх, эвдэрсэн байсан техникийг босгож авсан юм гэх мэдүүлгийг үндэслэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар уг Комацу маркийн техник, алт угаах төхөөрөмж, дизель үүсгүүр зэрэг техникийг хурааж, улсын орлогод оруулах саналыг оруулж байна. Мөнгө өгөхийг санал болгосон гэвч бэлэн мөнгө өгсөн зүйл байхгүй, хүмүүсийн яриагаар цагдаа нарт мөнгө өгдөг гэхээр нь бид 2 тэгэж хэлсэн гэх мэдүүлэг өгсөн байдаг. Энэ байдлыг харгалзан үзээд учирсан бодит хохирол байхгүй тул ялын доод хэмжээ 2,700,000 төгрөг торгох саналыг оруулж байна.
...Тухайн үед хойшлуулшгүй ажиллагааны үед техникийг хурааж аваагүй, яллагдагчаар татах үед энэ асуудал яригдаж битүүмжлэхээр болсон. Гэтэл техник нь байхгүй байсан. 2021 онд бүртгэгдсэн хэрэгт 2022 он гараад эрүүгийн хэрэг үүсэж яллагдагчаар татсан. Хуулиараа яллагдагчийн эд хөрөнгийг битүүмжилнэ гэж заасан байдаг. Тухайн үед техникийг битүүмжлэх гэхэд бичиг баримтаа орхисон гээд битүүмжлээгүй. Тухайн үед техникийг 5,000,000 сая төгрөгөөр худалдаж авсан гэдэг. Одоогийн үнэлгээгээр 15,000,000 төгрөг гэж тогтоогдсон тул энэ мөнгийг улсын орлогод оруулах саналтай байна. Мөрдөн шалгах ажиллагааг цаг алдалгүй хийгээгүйн улмаас ийм үр дагавар үүсэж байгаа талаар экологийн цагдаагийн алба руу шаардлага бичсэн” гэсэн саналыг шүүхэд гаргасан.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс: “Шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн байр суурьнаас хэргийн гэм буруугийн талаар маргаангүй. Улсын яллагчаас оногдуулсан 15,700,000 төгрөгийн торгуулыг зөвшөөрч байна. Хугацааг нь 1 жил, 5 сараар тогтоож өгөхийг хүсэж байна гэв. Сарын 1,500,000-2,500,000 төгрөгийн орлоготой. Улсын яллагчаас тохирсон шийтгэл оногдуулж байна гэж үзэж байна. Өөр саналгүй” гэсэн өмгөөллийн дүгнэлтийг гаргажээ.
Шүүгдэгч эцсийн үгэндээ: “Дахиж ийм хэрэг хийхгүй буруугаа ойлгож байна” гэжээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “...гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлоо нөхөн төлсөн”, (тэрээр байгаль экологид учруулсан бодит хохирол, хор уршиг, нөхөн сэргээлтийн зардал болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлуудыг сайн дураараа нөхөн төлсөн), гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд харгалзан үзсэн. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О*******ийг 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний хөрөнгө, цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ялыг 1 /нэг/ жил, 06 /зургаан/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.О*******өд анхааруулсан болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О*******өд Сэлэнгэ аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс 6 /зургаан/ сарын хугацаагаар гарах зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд чиглэсэн байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, чин санаанаасаа гэмшиж байгаа, ойлгож ухамсарласан үйлдэл, шүүгдэгч Д.О*******ийн өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг албан тушаалын байдалтай холбогдуулан бэлэн мөнгө өгөхийг санал болгосон үйлдэл нь “бэлэн мөнгө өгсөн зүйл байхгүй, бэлэн мөнгө байгаагүй, хүмүүсийн яриагаар цагдаа нарт мөнгө өгдөг гэхээр нь бид 2 тэгж хэлсэн” гэх мэдүүлгээр тогтоогдсон бөгөөд бодит хохирол байхгүй нь түүнийг ялаас чөлөөлөх гол үндэслэл юм.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О*******өд оногдуулсан Сэлэнгэ аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс 6 /зургаан/ сарын хугацаагаар гарах зорчих эрхийг хязгаарлах ялаас чөлөөлөхөөр тогтоов.
Шүүгдэгч Д.О******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 3,200,000 /гурван сая хоёр зуун мянга/-н төгрөгийг нөхөн төлснийг дурьдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг Сидиг хавтаст хэргийн хугацаа дуустал хадгалж, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдвал зохино.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг албан тушаалын байдалтай холбогдуулан бэлэн мөнгө өгөхийг санал болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О*******ийг 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О*******өд Сэлэнгэ аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс 6 /зургаан/ сарын хугацаагаар гарах зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О*******ийн хөрөнгө, цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ялыг 1 /нэг/ жил, 06 /зургаан/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Д.О*******өд анхааруулсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О*******өд оногдуулсан Сэлэнгэ аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс 6 /зургаан/ сарын хугацаагаар гарах зорчих эрхийг хязгаарлах ялаас чөлөөлсүгэй.
7. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, 2.3, 2.4, 2.5, 2.6, 2.7, 3, 4, 4.1, 4.3, 4.4, 4.5, 5.1 дэх хэсэгт тус тус зааснаар энэхүү гэмт хэргийн улмаас шүүгдэгч Д.О*******ийн хууль бус ашиглалтаас өртөгдсөн ургамал, ус, газар, газрын хэвлий, хөрсөнд учирсан хохирол буюу байгаль экологид учирсан хохирол 11,991,428 /арван нэгэн сая есөн зуун ерэн нэгэн мянга дөрвөн зуун хорин найман/ төгрөг, нөхөн сэргээлтийн зардалд 5,081,400 /таван сая наян нэгэн мянга дөрвөн зуун/ төгрөгийг тус тус Байгаль орчин, уур амьсгалын санд шүүгдэгч Д.О******* нөхөн төлснийг дурьдсугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.О******* гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан 80-84 УР “Hyundai Robex” 300LC маркийн экскаваторыг битүүмжлэлээс чөлөөлж, хууль ёсны өмчлөгч Бөх овогт Баатархүүгийн Эрдэнэбаатар /РД:ХВ79040977/-т буцаан олгож, техникийн эд хөрөнгийн үнэлгээгээр тогтоогдсон 42,000,000 /дөчин хоёр сая/ төгрөг, “Кomatsu” PC220-7 маркийн экскаваторын техникийн эд хөрөнгийн үнэлгээгээр тогтоогдсон 15,000,000 /арван таван сая/ төгрөг, нийт 57,000,000 /тавин долоон сая/ төгрөгийг шүүгдэгч Д.О*******өөс гаргуулж, Улсын төсөвт орлогод оруулсугай.
9.Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч Д.О*******ийн эзэмшлийн алт угаах төхөөрөмж, дизель үүсгэврийг тус тус хураан авч, Улсын орлогод оруулсугай.
10.Шүүгдэгч Д.О******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг Сидиг хавтаст хэргийн хугацаа дуустал хадгалж, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 3,200,000 /гурван сая хоёр зуун мянга/-н төгрөгийг шүүгдэгч нөхөн төлснийг дурьдсугай.
12.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
13.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
14.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРГЭРЭЛ