| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2018/4557/И |
| Дугаар | 1308 |
| Огноо | 2019-05-08 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 1308
| 2019 оны 05 сарын 08 өдөр | Дугаар 102/ШШ2019/01308 | Улаанбаатар хот |
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч:Ж.Б-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч:Ц.Т
Хариуцагч:К б ХХКомпани нарт холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 26 000 000 төгрөг гаргуулах, Ц.Т болон К бны хооронд 2018 оны 12 дугаар сарын 4-ний өдөр хийгдсэн худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох, зээлийн гэрээний үүргийн биелэлтийг Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 68 дугаар байрны 1 тоот хаягт байрлах орон сууцнаас хангах тухай шаардлагатай,
К б ХХКомпанийн орон сууц албадан чөлөөлүүлэх тухай сөрөг шаардлагатай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Баттулга, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Энхбаяр, хариуцагч Ц.Т, түүний өмгөөлөгч Б.Билгүүн, хариуцагч К б ХХКомпанийн эрх хүлээн авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Бахытхан, өмгөөлөгч Д.Гантөмөр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ганзориг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Би Ц.Ганцэцэгтэй харилцан тохиролцож 2013 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр барьцааны гэрээ байгуулан Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 68-1 тоот, 52,8 метр квадрат талбайтай, 2 өрөө байрыг барьцаалж, 22 000 000 төгрөгийг 2013 оны 9 дүгээр сарын 3-ны өдрөөс 2014 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр хүртэл хүүнд нь уг орон сууцыг хөлслөн сууж, зээлдүүлэгч нь зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувиар алданги тооцож зээлдэгчээр төлүүлэхээр тохиролцон 22 000 000 төгрөгийг бэлнээр өгөөд би байрыг хөлслөн суусан. Зээлдэгч Ц.Ганцэцэг нэмж мөнгө хэрэгтэй гэхэд нь 3 000 000 төгрөгийг нэмж олгосон.Ингээд зээлдэгч Ц.Ганцэцэг зээлээ хугацаандаа төлөх боломжгүй болж 2014 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр гэрээг нэг жилийн хугацаагаар сунгасан, 2015 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр зээлээ төлж чадахгүй болсон тул дахин 1 000 000 төгрөгийг нэмж бэлнээр авч нийт зээлийн үнийн дүн 26 000 000 төгрөг болж, зээлийг 2016 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр төлөхөөр сунгалт хийсэн.Гэтэл Ц.Ганцэцэг 2016 оны хэдэн сард гэдгийг мэдэхгүй нас барсан байдаг.Ингээд түүний ах Ц.Ттай уулзаж зээл, байрны талаар ярилцахад би энэ өртэй байрыг өвлөхгүй гэж ярьж байсан мөртлөө 2017 онд Тарав нь уг байрны өмчлөгчөөр тогтоогдсон байна.Ингээд өмчлөгчийн хууль ёсны үүргийнхээ дагуу зээл, байрны асуудлыг зохицуулахыг шаардахад үүргээ биелүүлэхгүй байна.Иймд байр барьцаалж зээлж авсан 26 000 000 төгрөгийг Ц.Таас гаргуулж өгнө үү, Зээлийн гэрээний барьцаанд Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 68 дугаар байрны 1 тоот хаягт байрлах орон сууцыг 2013 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн барьцааны гэрээгээр барьцаалан зээл олгосон.Ингэхдээ зээлдэгч талийгч Ц.Ганцэцэг нь барьцааны гэрээг үл хөдлөхөд бүтгүүлэхгүй, би банкнаас зээл аваад зээлийг төлнө гэж итгүүлэн К бнаас зээл аваад алга болсон.Гэтэл Ц.Т уг байрыг хуулийн дагуу өвлөн авчихаад уг орон сууцыг зээлийн барьцаанд байгаа гэдгийг мэдсээр байж хуйвалдаж зээлийн гэрээгээр 85 000 000 төгрөгөөр үнэлсэн орон сууцыг 2018 оны 12 дугаар сарын 4-ний өдөр худалдах, худалдан авах гэрээгээр 18 600 000 төгрөгөөр худалдаж, худалдан авсан мэтээр дүр эсгэсэн хэлцэл хийсэн байна.Иймд Ц.Т, К бны хооронд 2018 оны 12 дугаар сарын 4-ний өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү, Ц.Таас нэхэжжилсэн зээлийн гэрээний үүргийн биелэлтийг талийгаач Ц.Ганцэцэгээс Ц.Т өвлөн авсан эд хөрөнгө болох Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 68 дугаар байрны 1 тоот хаягт байрлах 2 өрөө орон сууцнаас хангаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Баттулга шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Ж.Б 2013 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр барьцаанд Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 68 дугаар байрны 1 тоот хаягт байрлах орон сууцыг барьцаалан Ц.Ганцэцэгт мөнгө зээлдүүлсэн, нэмж 3 000 000 төгрөг авсан, гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байгаа тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлд зааснаар өгсөн, авсан зүйлээ харилцан буцааж өгөх зохицуулалттай тул байрыг чөлөөлж өгөхөд татгалзахгүй, Иргэний хуулийн 330 дугаар зүйлийн 330.1-т зааснаар банкны байранд хууль бусаар оршин суугаагүй, тэргүүн ээлжинд байрыг худалдан авах эрх нэхэмжлэгчид байгаа.Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна, 26 000 000 төгрөгийг гаргуулна, К б ХХКомпани Ц.Т нарын хооронд хийгдсэн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, үүргийн гүйцэтгэлийг орон сууцаар хангуулна гэв.
Хариуцагч Ц.Т шүүхэд гаргасан тайлбартаа:Ж.Бын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, мөн нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, учир нь нэмэгдүүлсэн шаардлагад дурдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь зөвхөн К б, Ц.Т нарын хооронд хийгдсэн гэрээ тул Ж.Бт хамаагүй.Мөн Ж.Б талийгч дүү Ц.Ганцэцэг нарын хооронд байгуулсан гэрээ нь хуулийн шаардлага хангахгүй гэрээ тул хүчин төгөлдөр бус гэрээ юм гэжээ.
Хариуцагч Ц.Тын өмгөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Ц.Т нь Ж.Баас мөнгө аваагүй, зээлийн гэрээний хугацаа 2015 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр дууссан, Иргэний хуулийн 536 дугаар зүйлийн 536.1-т зааснаар нэг жилийн дотор нэхэмжлэлээ гаргах ёстой, хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.Талийгч Ц.Ганцэцэг нь К бнаас 60 000 000 төгрөгийн зээл аваад үл хөдлөх хөрөнгөө барьцаанд тавьсан, өв нээгдсэн үед К б Ц.Таас нэхсэн, Ц.Т барьцаалсан хөрөнгийг шилжүүлж өгсөн.Иргэний хуулийн 535 дугаар зүйлийн 535.1-т зааснаар хүлээж авсан эд хөрөнгийн хэмжээнд хариуцалага хүлээнэ.Ц.Ганцэцэг Ж.Б нарын хооронд барьцааны гэрээ байгуулагдаагүй тул барьцаа хөрөнгөөр хангуулна гэсэн шаардлага хуулийн үндэслэлгүй байна гэв.
Хариуцагч К б ХХКомпани шүүхэд гаргасан тайлбартаа:Иргэний хуулийн 518 дугаар зүйлийн 518.1, 536 дугаар зүйлийн 536.1, 536.2-т зааснаар өвлүүлэгч буюу Ц.Ганцэцэг нь 2015 оны 7 дугаар сарын 25-ны өдөр нас барсан байх бөгөөд нэхэмжлэгч буюу үүрэг гүйцэтгэгч 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн дотор шүүхэд нэхэмжлэлээ гаргах ёстой байтал 2018 оны 12 дугаар сарын 7-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.Ж.Б Ц.Ганцэцэг нарын хооронд 2013 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр байгуулсан барьцааны гэрээ нь улсын бүртгэлд бүртгүүлээгүй байгаа нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2, 156.3-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тооцогдохоор байна.Үүнээс үзэхэд өвлөгч буюу хариуцагч Ц.Т өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг хүлээх хууль зүйн үндэслэлгүй байна.Иргэний хуулийн 535 дугаар зүйлийн 535.1-т зааснаар өвлөгчийн хүлээн авсан өв буюу эд хөрөнгөд үүрэг ногдуулсан зүйл байхгүй байхад өвлөгч өвлүүлэгчийн зээлийн гэрээний үүргийг өмнөөс нь гүйцэтгэх нь хууль зүйн үндэслэлгүй байна.Ж.Б Ц.Ганцэцэг нарын хооронд үүссэн эрх зүйн харилцаа буюу Ц.Ганцэцэгийн үүрэг Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.2-т зааснаар түүнийг нас барснаар дуусгавар болсон байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэжээ.
Хариуцагч К б ХХКомпанийн эрх хүлээн авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Шүүхэд тайлбараа өгсөн, нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Хариуцагч К б ХХКомпани шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Ц.Тын өмчлөлийн Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 68 дугаар байрны 1 тоот хаягт байрлах, 52,8 метр квадрат талбайтай, Y-2205011480 улсын бүртгэлийн дугаартай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө 2018 оны 12 дугаар сарын 4-ний өдөр К бны нэр дээр шилжиж 000677485 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдсон.Гэтэл тус орон сууцанд Ж.Б болон түүний төрөл садангийн хүмүүс хууль бусаар оршин сууж байгаа бөгөөд хэд хэдэн удаа орон сууцыг чөлөөлөх талаар мэдэгдсэн боловч чөлөөлж өгөхгүй байна.Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлд заасны дагуу К б өөрийн өмчлөлийн дээрх орон сууцыг бусдын хууль бус эзэмшлээс хууль бус эзэмшлээс шаардаж байх тул тус орон сууцыг албадан чөлөөлж өгнө үү гэжээ.
Хариуцагч К б ХХКомпанийн эрх хүлээн авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Ц.Тын өмчлөлийн Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 68 дугаар байрны 1 тоот хаягт байрлах, 52,8 метр квадрат талбайтай орон сууцыг 2018 оны 12 дугаар сарын 4-ний өдөр К б ХХКомпани нэр дээрээ шилжүүлж гэрчилгээ авсан, энэ орон сууцанд Ж.Б хууль бусаар оршин сууж чөлөөлж өгөхгүй байна.Иргэний хуулийн 106 дугаар зүйлд зааснаар бусдын хууль бус өмчлөлөөс орон сууцыг чөлөөлж өгнө үү гэв.
Хариуцагч К б ХХКомпанийн эрх хүлээн авагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т мөнгийг зээлдэгчид олгосноор гэрээ байгуулагдсанд тооцно гэж заасан байхад мөнгийг олгосон баримтгүй байна, мөнгийг олгоогүй тохиолдолд гэрээ байгуулсан гэж үзэхгүй, шаардах эрх үүсэхгүй юм.Иргэний хуулийн 536 дугаар зүйлийн 536.1-т нотариатад гомдлын шаардлага гаргах боломжтой байсан боловч гаргаагүй, гомдлын шаардлага гаргах хугацаа дууссанаас хойш жилийн дараа Ц.Тт холбогдуулан нэхэмжлэл гаргасан байна.Ж.Б Ц.Ганцэцэг нарын хооронд байгуулсан барьцааны гэрээ хуульд заасан шаардлагыг хангаагүй байна.К б Ж.Б нарын хооронд эрх зүйн харилцаа байхгүй, Банкны тухай хуулийн 68 дугаар зүлийн 68.3-т зааснаар банкны эрх хүлээн авагчид шилжсэн.Банкны тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.3-т банкны эрх хүлээн авагчаас бусад этгээд банкны хөрөнгөөс үл маргах журмаар аливаа шаардлагыг хангуулах эрхгүй гэж заасан байдаг.Банк Ц.Ганцэцэг нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ Ж.Бт хамаагүй, Ц.Ганцэцэг өмчлөгчийн хувьд хөрөнгөө барьцаалсан, өвлөж авсан хөрөнгөд ногдох үүргээ банктай хэлцэл хийж барагдуулсан, 61 400 000 төгрөгт төлбөр барагдуулах гэрээ байгуулаад 18 600 000 төгрөгийн үлдэгдэл байгаа гээд худалдах, худалдан авах гэрээ байгуулсан, Ц.Тт 18 600 000 төгрөгийг өгөх ёстой гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:К бны сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, Ж.Б нь Ц.Ганцэцэгтэй харилцан тохиролцож Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 68 дугаар байрны 1 тоот хаягт байрлах, 52,8 метр квадрат талбайтай, Y-2205011480 улсын бүртгэлийн дугаартай, орон сууцыг 2013 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр барьцааны гэрээ байгуулан барьцаалж /цаашид худалдан авах зорилгоор/ 22 000 000 төгрөгийг жилийн хугацаатайгаар зээлдүүлж, тус орон сууцанд амьдарч байсан.Иргэний хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-т орон сууц хөлслөгч нь тухайн орон сууцыг сүүлийн 3 жил тасралтгүй эзэмших үүргээ зохих ёсоор биелүүлж байсан бол хөлслөгчийн тавьсан нөхцөлөөр авах буюу орон сууц хөлслөх шинэ гэрээг тэргүүн ээлжинд байгуулах давуу эрхтэй гэж заасан байна.Гэтэл К б нь уг орон сууцыг өөрийн өмчлөлд авахдаа ямар ч судалгаа тандалт хийлгүйгээр уг байрыг талийгч Ц.Ганцэцэгт олгосон зээлийн барьцаандаа өөрийн өмчлөлд шилжүүлэн авч өөрийн эрх ашиг, давуу байдлыг ашиглан Ц.Тт давхардуулан зээл олгосон байна.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.3-т зааснаар талийгч Ц.Ганцэцэгтэй хийсэн хэлцлүүд нь анхнаасаа өөр хэлцлийг халхавчлах зорилготой хийгдсэн байх тул мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-т хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж заасны дагуу байрны барьцаанд Ц.Ганцэцэгт төлсөн 26 287 950 төгрөгийг К б болон өв залгамжлагч Ц.Т нараас хувь тэнцүүлэн гаргаж төлсөн тохиолдолд уг байрыг чөлөөлж өгөхөд татгалзахгүй.Ж.Б нь Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 68 дугаар байрны 1 тоотод хууль бусаар оршин сууж байсан асуудал байхгүй, хуульд зааснаар тэргүүн ээлжинд үргэлжлүүлэн хөлслөх, худалдан авах давуу эрхийнхээ дагуу оршин сууж байгаа ба Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.1.2-т зааснаар барьцааны зүйлийг худалдсан үнийн дүнгээс өөрийн шаардлагыг бусад үүрэг гүйцэтгүүлэгчээс тэргүүн ээлжинд хангуулах, өвлөгч Ц.Т нь К бнаас зээл авахдаа барьцаалах хөрөнгийн хувьд гуравдагч этгээдийн шаардлага байгаа талаар К бинд мэдэгдэх үүргээ Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.6.2-т зааснаар мэдэгдээгүй байх тул Ж.Бын нэхэмжлэлийн шаардлагыг К бтай хамтран хариуцах үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Ц.Ганцэцэгт мөнгө өгсөн болох нь хэрэгт авагдсан ХААН банкны зарлагын мэлүүлэгээр нотлогдоно.Анх 22 000 000 төгрөгийг бэлнээр, дараа нь 3 000 000 төгрөгийг дансаар өгсөн, байр анх Ж.Бын 26 000 000 төгрөгийн барьцаанд тавигдсан, гэрээ улсын бүртгэлд бүртгүүлээгүй нь үнэн, Ц.Ганцэцэг гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэхгүй, банкнаас зээл аваад чиний зээлийг төлнө гэж хэлээд банкнаас 60 000 000 төгрөгийн зээл авсан боловч төлөөгүй байдаг. Ц.Т К бны хооронд байгуулсан төлбөр барагдуулах гэрээг татвараас зайлсхийхийн тулд гэж байна.Иргэний хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-т зааснаар болзол нь хуулийн шаардлага хангасан байх ёстой.Иргэний хуулийн 53 дугаар зүйлд зааснаар Ж.Б тэргүүн ээлжинд үүрэг гүйцэтгүүлнэ.К б зээл өгөхдөө дүрэм журмаа биелүүлээгүй, байр барьцаанд авахдаа тэнд хүмүүс байгааг мэдсээр гэрээ хийсэн байна, 26 000 000 төгрөгийг барагдуулсан нөхцөлд байрыг суллаж өгнө гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Б хариуцагч Ц.Т, К б ХХКомпанид холбогдуулан 26 000 000 төгрөг гаргуулах, Ц.Т К бны хооронд 2018 оны 12 дугаар сарын 4-ний өдөр хийгдсэн худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох, зээлийн гэрээний үүргийн биелэлтийг Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 68 дугаар байрны 1 тоот хаягт байрлах орон сууцнаас хангах тухай шаардлагыг шүүхэд гаргажээ.
К б ХХКомпани нь Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 68 дугаар байрны 1 тоот хаягт байршилтай орон сууцыг Ж.Бын эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай сөрөг шаардлагыг шүүхэд гаргасан байна.
Шүүх дараах үндэслэлээр Ж.Бын нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж, К б ХХКомпанийн эрх хүлээн авагчийн сөрөг шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Ж.Бын нэхэмжлэлтэй хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаанд 2019 оны 2 дугаар сарын 26-ны өдөр хамтран хариуцагчаар татагдан оролцсон К б ХХКомпанид Монгол банкны ерөнхийлөгчийн 2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн А-97 дугаар тушаалаар банкны эрх хүлээн авагчийн томилсон байх тул энэ үеэс эхлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд К б ХХК-ийн эрх хүлээн авагчийн оролцуулсан болно.
Ж.Б нь Ц.Ганцэцэгт 22 000 000 төгрөгийг 2013 оны 9 дүгээр сарын 3-ны өдрөөс 2014 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийг хүртэлх хугацаатай, хүүгүй зээлдүүлж, зээлийн хүүнд нь Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 68 дугаар байрны 1 тоот хаягт байршилтай орон сууцанд Ж.Б амьдрахаар тохиролцсон болох нь тэдний хооронд хийгдсэн 2013 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн зээлийн гэрээ, 2013 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн барьцааны гэрээ, орон сууц хөлслөх гэрээгээр нотлогдож байна.
Ж.Б нь Ц.Ганцэцэгт 3 000 000 төгрөгийг 2013 оны 9 дүгээр сарын 4-ний өдрөөс 2014 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийг хүртэлх хугацаатай хүүгүй зээлдүүлсэн болох нь тэдний хооронд 2013 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хийгдсэн зээлийн гэрээгээр нотлогдож байна.
Ж.Б Ц.Ганцэцэг нарын хооронд 2014 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр хийгдсэн орон сууц хөлслөх гэрээний нэмэлт өөрчлөлтөд Бидний хооронд 2014 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр байгуулсан гэрээг /орон сууц хөлслөх/ адил нөхцөлөөр 1 жилийн хугацаагаар 2015 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр хүртэл сунгахаар харилцан тохиролцов гэжээ.
Ж.Б Ц.Ганцэцэг нарын хооронд хийгдсэн зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтөд "бидний хооронд 2013 оны 9 дүгээр сарын 4-нд байгуулсан зээлийн гэрээ 26 000 000 төгрөгийн зээлийн барьцааны гэрээг үндсэн гэрээний адил 1 жилийн хугацаагаар харилцан тохиролцож 2015 оны 9 дүгээр сарын 4-нд сунгалт хийлээ гэжээ.
Дээрх гэрээнүүдээс үзэхэд Ц.Ганцэцэг нь Ж.Баас 26 000 000 төгрөгийг, хүүгүйгээр зээлж авсан, Ж.Бт Д.Нансалмаагийн өмчлөлийн Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 68 дугаар байрны 1 тоот хаягт байршилтай орон сууцыг эзэмшихээр талууд тохиролцсон байна.
Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 68 дугаар байрны 1 тоот хаягт байршилтай орон сууц нь 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Б.Баттулгын өмчлөлд шилжсэн байх бөгөөд 2015 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр Ц.Ганцэцэг хамтран өмчлөгчөөр бүртгүүлж, 2015 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр Б.Баттулга өмчлөгчөөс хасагдаж, Ц.Ганцэцэг өмчлөгчөөр үлдсэн болох нь Баянгол дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн баримтаар нотлогдож байна.
Ц.Ганцэцэг нь 2015 оны 2 дугаар сарын 6-ны өдөр К бнаас 60 000 000 төгрөгийг, сарын 2,20 хувь, жилийн 26,40 хувийн хүүтэй, 3 жилийн хугацаатай зээлж, зээлийн барьцаанд Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 68 дугаар байрны 1 тоот хаягт байршилтай орон сууцыг тавьсан болох нь тэдний хооронд 2015 оны 2 дугаар сарын 6-ны өдөр хийгдсэн ЗГ-15/01 дугаартай зээлийн гэрээ, барьцааны гэрээ болон талуудын тайлбараар нотлогдож байх бөгөөд К бны 2015 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн зээлийн барьцааны гэрээ улсын бүртгэлд бүртгэгдсэн байна.
Ц.Ганцэцэг нь өвчний улмаас 2015 оны 7 дугаар сарын 25-ны өдөр нас барсан байх бөгөөд Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 68 дугаар байрны 1 тоот хаягт байршилтай орон сууцны өмчлөх эрх 2017 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн 07 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээгээр Ц.Тт шилжиж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн 000616802 дугаартай гэрчилгээ 2017 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр Ц.Тт олгогдсон байна.
Нөгөө талаар К б ХХКомпани Ц.Т нарын хооронд 2017 оны 10 дугаар сарын 4-ний өдөр төлбөр барагдуулах гэрээ байгуулагдсан байх бөгөөд энэхүү хэлцлээр Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 68 дугаар байрны 1 тоот хаягт байршилтай, 52,8 метр квадрат талбай бүхий 2 өрөө орон сууцыг Ц.Ганцэцэгийн К бтай 2015 оны 2 дугаар сарын 6-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үндсэн зээл, үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 61 400 000 төгрөгт тооцон банкны өмчлөлд шилжүүлэх, банк нь тухайн дүнгээр төлбөр төлөгчийн зээлд тооцон авахаар харилцан тохиролцсон байна.
Ц.Т нь 2018 оны 12 дугаар сарын 4-ний өдөр К бны захирал А.Ариунболдын итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 68 дугаар байрны 1 тоот хаягт байршилтай орон сууцыг 18 600 000 төгрөгөөр худалдсан байх бөгөөд энэхүү хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Хариуцагч К б ХХК-ийн эрх хүлээн авагчийн өмгөөлөгч нь Ц.Тт 18 600 000 төгрөгийг К б ХХКомпани өгөх ёстой гэж тайлбарлаж байна.
Иргэний хуулийн 535 дугаар зүйлийн 535.1-т Өв хүлээн авсан өвлөгч буюу энэ бүлэгт заасан журмаар эд хөрөнгийг шилжүүлэн авсан төрийн байгууллага нь өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд хүлээнэ гэж заасан байна.
Дээр дурдсан 2017 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн 07 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээгээр 61 400 000 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг Ц.Т өвлөн авсан байх боловч Ц.Т нь К бны эрх хүлээн авагчаас нь 18 600 000 төгрөгийн авлагатай байх тул энэхүү хэмжээгээр Ж.Бын өмнө үүргийг гүйцэтгэх нь зүйтэй байна.
Харин Ж.Б Ц.Ганцэцэг нарын хооронд байгуулагдсан барьцааны гэрээ нь хуульд заасны дагуу улсын бүртгэлд бүртгүүлээгүй байх бөгөөд улмаар тухайн үл хөдлөх хөрөнгийг К бны зээлийн барьцаанд тавьж, улмаар тухайн хөрөнгийн өмчлөх эрх 2018 оны 12 дугаар сарын 2-ны өдөр К бны өмчлөлд шилжиж, үл хөдлөх эд хөрөнгийн 000677485 дугаартай гэрчилгээг К б ХХК-д 2018 оны 12 дугаар сарын 4-ний өдөр олгогдсон байх тул К бны эрх хүлээн авагч нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т зааснаар хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй байх тул Ж.Баас Ц.Ганцэцэгийн авсан зээлийн гэрээний үүргийн биелэлтийг Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 68 дугаар байрны 1 тоот хаягт байрлах орон сууцнаас хангуулах тухай шаардлага нь үндэслэлгүй байна.
Иймд Ц.Таас 18 600 000 төгрөгийг гаргуулан Ж.Бт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 7 400 000 төгрөг, Ц.Т К бны хооронд 2018 оны 12 дугаар сарын 4-ний өдөр хийгдсэн худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох, зээлийн гэрээний үүргийн биелэлтийг Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 68 дугаар байрны 1 тоот хаягт байрлах орон сууцнаас хангуулах шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож, Ц.Батбаярын эзэмшлээс Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 68 дугаар байрны 1 тоот хаягт байрлах орон сууцыг чөлөөлөх тухай К бны эрх хүлээн авагчийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 175 дугаар зүйлийн 175.1, 535 дугаар зүйлийн 535.1-т заасныг баримтлан Ц.Таас 18 600 000 /арван найман сая зургаан зуун мянга/ төгрөгийг гаргуулан Ж.Бт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 7 400 000 /долоон сая дөрвөн зуун мянган/ төгрөг, Ц.Тын К бтай 2018 оны 12 дугаар сарын 4-ний өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох, зээлийн гэрээний үүргийн биелэлтийг Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 68 дугаар байрны 1 тоот хаягт байрлах орон сууцнаас хангуулах шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т заасныг баримтлан Ж.Бын эзэмшлээс Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 68 дугаар байрны 1 тоот хаягт байршилтай, 52,8 метр квадрат талбай бүхий 2 өрөө орон сууцыг чөлөөлсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид Ж.Бын төлсөн 539 000 төгрөг, К б ХХК-ийн төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Ц.Таас 250 950 /хоёр зуун тавин мянга есөн зуун тавин/ төгрөгийг гаргуулан Ж.Бт, Ж.Баас 70 200 /далан мянга хоёр зуун /төгрөгийг гаргуулан К бны эрх хүлээн авагчид тус тус олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН