Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 102/ШШ2019/00777

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

 

 

   Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Б.А,

 

            Нэхэмжлэгч: Б.Ч нарын нэхэмжлэлтэй,

           

Хариуцагч: Л.Г-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Түрээсийн гэрээний үүрэгт 10.200.000 төгрөг, тээврийн зардал 500.000 төгрөг, нийт 10.700.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч О.Оюунчимэг, хариуцагч Л.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож оролцов.

 

                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие дүү Б.Чийн хамт Л.Гтай амаар машин түрээсийн ажил гүйцэтгэхээр тохирсон. 2017 оны 8 дугаар сарын 10-нд Дархан-Уул аймгийн Шарын гол суманд ажил эхэлсэн. Шарын голд нэг сар болоод Дорноговь аймгийн Сайхандулаан суманд нэг сар гаран ажилласан. Хоёр сар гаран ажилласан хугацааны ажлын хөлсний үлдэгдэл 5.000.000 төгрөгийг хариуцагч Л.Г төлөхгүй жил гаран болж 2018 оны 3, 4 сард төлж дуусгасан. 2018 оны 3 сарын 22-ны өдрөөс 2018 оны 6 сарын 25-ны өдөр хүртэл нэг сарын 6.000.000 төгрөгөөр нэг ээлжээр ажиллуулсан. Тэр хугацааны төлбөрт маргаан гаргаагүй. 2018 оны 7 сарын 09-нээс Дорноговь аймгийн Сайхандулаан суманд 2 ээлжээр 24 цагаар ажиллахаар амаар тохирсон. Тухайн үед бид тохирсон ёсоор 24 цагаар ажилласан. Л.Г бидэнд ажлын цагийг 12 цагаар тооцно гэж хэлээгүй. 2018 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Дорноговь аймгийн Сайхандулаан сумын ажил зогсож, 2018 оны 9 сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхонтуул суманд 24 цагаар үргэлжлүүлэн ажилласан. 4 жолоочгүй, 3 жолоочоор ажилласан. 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс нэг ээлжээр ажилласан. 20.000.000 төгрөгийн ажлын хөлс авахаас 5.000.000 төгрөг өгч, үлдэх 15.000.000 төгрөгийг хариуцагч Л.Г төлөөгүй. Би өөрийн машиныг жолоочтой, Б.Ч Б.О-г жолоочоор ажиллуулсан. 2 жолоочийг сарын 1.500.000 төгрөгөөр ажиллуулсан. Жолооч нар сүүлийн сарын цалин аваагүй. Би машин түрээсийн 7.500.000 төгрөг, Л.Гын техникийг 3.000.000 төгрөгөөр тээвэрлэхээр тохиролцож, 2.500.000 төгрөгийн авсан. Тээвэрлэлтийн зардлын үлдэгдэл төлбөрт 500.000 төгрөг, нийт 8.000.000 төгрөг, Б.Ч нь машин түрээсийн сүүлийн сарын 7.500.000 төгрөг тус тус нэхэмжилсэн. Одоо нийтдээ 10.700.000 төгрөг нэхэмжилж байна гэв.

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 8 сарын 22-ны өдрөөс 2018 оны 9 сарын 25-ны өдөр хүртэлх хугацааны ажлын хөлсний талаар зохигчид маргаж байна. Хариуцагч нь нэхэмжлэгч нарыг 10 хоног 24 цагаар ажилласан гэсэн. Нэхэмжлэгч нар анх очихдоо 24 цагаар ажиллана гээд ажилласан гэж маргаж байна. Нэхэмжлэлийн шаардлага багасгаж сүүлийн нэг сарыг 15 хоног 24 цагаар тооцож, нэг машин дунджаар 5.100.000 төгрөг 2 машин 10.200.000 төгрөг, тээврийн зардал 500.000 төгрөг, нийт 10.700.000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна. Нэхэмжлэгч нар хариуцагчаас түрээсийн төлбөр авч чадаагүйгээс жолооч нарынхаа цалин өгөөгүй, олох байсан орлогоо олж чадаагүй. Нэхэмжлэгч нарт хохирол учирсан. Талууд нэг нэгэндээ итгэснээс гэрээний өөрчлөлтийг бичгээр баталгаажуулаагүй. Мөн талуудын байгуулсан гэрээний 3-д гэрээний өөрчлөлтийг заавал бичгээр байгуулна гэсэн заалт байхгүй учраас амаар тохиролцож, гэрээ байгуулсан. Нэхэмжлэгч нарын буруугаас сул зогсолт үүсээгүй. Иймд хариуцагчаас 10.700.000 гаргуулж нэхэмжлэгч нарт олгож өгнө үү гэв.

Хариуцагч Л.Г шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2017 оны 8 дугаар сарын 10-наас иргэн Б.А, Б.Ч нартай хамтарч ажилласан. Сэлэнгэ аймгийн Шарын гол суманд ажиллаж байгаад Дорноговь аймгийн Сайхандулаан сум руу нүүсэн. Тухайн үеийн төлбөр тооцоо дуусаж, буусан. 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүртэл Дорноговь аймгийн Сайхандулаан суманд уул уурхай алтны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаад 2018 оны 6 сарын 22-ны өдөр уурхайн ажил зогсож буусан. Энэ хугацаанд 12 цагаар ажлын хөлс тооцож, төлбөр тооцоо дууссан. 2018 оны 7 сарын 11-ний өдрөөс 2018 оны 7 сарын 25-ны өдөр хүртэл 24 цагаар 10 хоног ажилласан. Тухайн үед ажил бага байснаас 3 жолоочтой ажилласан. 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдөр хүртэл 10 цагаар ажилласан. 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл огт ажиллаагүй. Би нэхэмжлэгч нарт 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл хугацааны цалинг 12 цагаар бодож өгсөн. 2018 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс 9 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл Сэлэнгэ аймгийн Орхонтуул суманд ажилласан. Тухайн үед 24 цагаар ажиллана гэж очсон ч 10 хоног худаг, ус гаргаж, огт ажиллааагүй ба 14 хоногт нь 12 цагаар ажилласан. Гэрээ байгуулж очсон учраас ажиллаагүй байсан ч 12 цагийн мөнгө төлсөн. Тээврийн зардал 500.000 төгрөг үлдсэн байсан. Гэхдээ би нэхэмжлэгч нарт илүү мөнгө төлсөн гэв.

 

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,              

           

 ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Б.А нь түрээсийн гэрээний төлбөрт 7.500.000 төгрөг, тээврийн хөлс 500.000 төгрөг, нийт 8.000.000 төгрөгийг, нэхэмжлэгч Б.Ч нь түрээсийн гэрээний төлбөрт 7.500.000 төгрөгийг тус тус хариуцагч Л.Гаас гаргуулахаар шаардаж, шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа нэхэмжлэгч нар нь тус тус 2.400.000 төгрөгөөр багасгаж, нэхэмжлэгч Б.А 5.600.000 төгрөг, нэхэмжлэгч Б.Ч 5.100.000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч түрээсийн төлбөрт илүү төлсөн тооцоо байхгүй, тээврийн хөлс 500.000 төгрөг дутуу байсан ч илүү төлөлттэй тул төлөх төлбөргүй гэж эс зөвшөөрч маргав.

Шүүх нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

            Нэхэмжлэгч Б.А нь хариуцагч Л.Гтай 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүртэл хугацаатай, 39-10 УНЕ улсын дугаартай, зүтгүүрийн зориулалттай, Дэйвү маркийн тээврийн хэрэгсэл түрээслэх гэрээг 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдөр байгуулж, сарын түрээсийн төлбөр нь 6.000.000 төгрөг байхаар, түрээсийн төлбөрийг Б.Аийн Хаан банк дахь 5077282398 тоот дансанд шилжүүлэхээр тохиролцож бичгээр байгуулжээ.

Нэхэмжлэгч Б.Ч нь хэдийгээр бичгээр байгуулсан гэрээ байхгүй боловч Б.Атай байгуулсан дээрх гэрээний нөхцлөөр 14-33 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн түрээсийн гэрээг амаар байгуулсан болох нь зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байна.

Шүүхээс талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээ байна гэж дүгнэж, түрээсийн болон эд хөрөнгө хөлслөх гэрээний зохицуулалт үйлчлэхээр байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч Б.А нь тээврийн хэрэгслийн түрээсийн гэрээнд 2018 оны 7 дугаар сарын 11-ний өдрөөс ажиллах хугацаа 24 цаг гэж өөрчлөгдсөнтэй холбогдож, сарын төлбөрийг 10.000.000 төгрөг болгож өөрчилсөн ба 2018 оны 9 дүгээр сарын түрээсийн төлбөр дутуу төлөгдсөн гэж 7.500.000 төгрөг, тээврийн зардал 500.000 төгрөг дутуу төлсөн гэж нийт 8.000.000 төгрөгийг хариуцагч Л.Г төлөөгүй гэж, нэхэмжлэгч Б.Ч нь тээврийн хэрэгслийн түрээсийн гэрээнд 2018 оны 7 дугаар сарын 11-ний өдрөөс ажиллах хугацаа 24 цаг гэж өөрчлөгдсөнтэй холбогдож, сарын төлбөрийг 10.000.000 төгрөг болгож өөрчилсөн ба 2018 оны 9 дүгээр сарын түрээсийн төлбөр дутуу төлөгдсөн гэж 7.500.000 төгрөгийг хариуцагч Л.Г төлөөгүй гэж тус тус нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлав.

Хариуцагч нь тээврийн хэрэгслийн түрээсийн хугацаанд 10 хоног л 24 цагаар ажилласан бөгөөд үүнийх нь төлбөрийг сарын 10.000.000 төгрөгөөр тооцсон, бусад хугацаанд өдрийн 10 цагаар болон огт ажиллаагүй сул зогсолт болсон тул тухайн хугацааны төлбөрийг 6.000.000 төгрөгөөр тооцож бүрэн төлсөн ба 2 машин хоёулаа 24 цагаар ажиллах боломжгүй буюу 2 машины дунд 3 жолооч ажилласан гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлав.

Талуудын хооронд 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 22-ны хоорондох түрээсийн гэрээний хугацаа болон түрээсийн төлбөрийн хэмжээний талаар маргаан байхгүй байна.

Харин 2018 оны 7 дугаар сарын 11-ний өдрөөс ажиллахдаа ажиллах хугацаагаа 24 цаг болгож, сарын түрээсийн төлбөрийг 10.000.000 төгрөг болгосонтой холбоотойгоор хэрхэн төлбөрийг төлөх байсан асуудал дээр маргаан үүсчээ.

Нэхэмжлэгч нар нь 24 цаг ч бай, 10 цаг ч бай ажиллуулсан, ажиллуулаагүй сул зогссон бүх цаг хугацаанд сарын түрээсийн төлбөрийг 10.000.000 төгрөг байхаар тохиролцсон гэж, хариуцагч нь нэг машин нь 24 цаг ажиллах боломжгүй байхаас гадна би бас дахин жолооч ажиллуулахаа хүлээгээч, ажлын байдал их биш байна гэдгийг хэлсэн, зөвхөн 24 цаг ажилласан хугацаанд л түрээсийн төлбөрийг 10.000.000 төгрөгөөс тооцно, бусад хугацаанд 6.000.000 төгрөгөөр тооцно гэж зөрүүтэй тайлбарлаж байна.

Б.А, Л.Г нарын хооронд байгуулсан түрээсийн гэрээний 3.2-т Гэрээний хугацаанд түрээсийн төлбөрийг хоёр тал тохиролцсоноор өөрчилж болно, 6.1-т Талууд гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахыг хүсвэл энэ тухай саналаа нөгөө талдаа мэдэгдэж, харилцан тохиролцсоны үндсэн дээр нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ үйлдэж, гарын үсэг зурах бөгөөд тэр нь энэхүү гэрээний салшгүй хэсэг болно гэж тохиролцсон боловч түрээсийн гэрээний өөрчлөлтөө бичгээр баталгаажуулаагүй нь гэрээний төлбөрийн нөхцлийг өөр өөрөөр тайлбарлах үндэслэл болжээ.

Хариуцагч Л.Г нь түрээсийн гэрээний харилцаа үүссэн 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрөөс хойш нэхэмжлэгч Б.Аийн Хаан банк дахь 5077282398 тоот харилцах дансанд 14 удаагийн гүйлгээгээр 64.950.000 төгрөг, Б.Чийн дансанд 1.000.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн талаар зохигчид маргахгүй байх бөгөөд энэ нь мөн банкны дансны хуулгаар тогтоогдож байна. Үүнээс 1.450.000 төгрөг нь түлшний мөнгө болон БНХАУ руу явахад гарсан төлбөрт, 1.000.000 төгрөг нь өмнөх оны түрээсийн төлбөрийн үлдэгдэлд, 2.500.000 төгрөг нь тээврийн зардалд тооцогдоно гэж хэн аль хүлээн зөвшөөрч байх тул хасч тооцоод 2018 оны түрээсийн гэрээний төлбөрт нэхэмжлэгч нарт 61.000.000 төгрөг төлсөн байна.

Нэхэмжлэгч нар нь 2018 оны 8 дугаар сарын 26-наас 9 дүгээр сарын 26 хүртэлх хугацааны хоёр тээврийн хэрэгслийн түрээсийн төлбөрт 15.000.000 төгрөг дутуу төлсөн ба шүүх хуралдааны явцад тухайн сарын түрээсийн төлбөрийг эхний 15 хоногийг 10.000.000 төгрөгөөр, үлдэх 15 хоногийг 6.000.000 төгрөгөөр тооцохоор нэхэмжлэлийн үнийн дүнгээ багасгаж, нэхэмжлэгч Б.Алтангэрэл нь түрээсийн төлбөрт 5.100.000 төгрөг, тээврийн зардал 500.000 төгрөг, нийт 5.600.000 төгрөг, нэхэмжлэгч Б.Ч түрээсийн төлбөрт 5.100.000 төгрөг гаргуулахаар шаардав.

Хэрэгт авагдсан баримтууд, гэрчийн мэдүүлэг, зохигчдын тайлбараар Б.А нь тээврийн хэрэгсэл түрээслүүлэхдээ 24 цагаар, сарын түрээс 10.000.000 төгрөгөөр, Б.Ч нь 10 цагаар, сарын түрээс 6.000.000 төгрөг байхаар тохиролцсон гэж шүүх дүгнэлээ. Учир нь 2 тээврийн хэрэгсэл 24 цагаар ажиллахын тулд 4 жолооч буюу 2 жолооч нэг машинд ээлжээр ажиллах байтал гэрч, зохигчдын мэдүүлгээр 3 жолооч 2 машинд ээлжээр ажилласан гэж байх тул нэг машиныг 24 цагаар, нөгөө машиныг нь 10 цагаар ажиллуулсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд Б.А нь 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүртэл 3 сарын хугацаанд 18.000.000 төгрөгөөр, 2018 оны 7 дугаар сарын 11-ний өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хүртэл 10.000.000 төгрөгөөр, 2018 оны 8 дугаар сарын 11-ний өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүртэл сул зогсолтын хугацаанд 3.000.000 төгрөгөөр, 2018 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл 8.000.000 төгрөгөөр /шүүх хуралдаан дээр 15 хоногийг 10.000.000 төгрөгөөс, 15 хоногийг 6.000.000 төгрөгөөс тооцох саналыг нэхэмжлэгч гаргасныг үндэслэв/ түрээслэж, нийт төлбөрт 39.000.000 төгрөг авахаар,

нэхэмжлэгч Б.Ч нь 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүртэл 3 сарын хугацаанд 18.000.000 төгрөгөөр, 2018 оны 7 дугаар сарын 11-ний өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хүртэл 6.000.000 төгрөгөөр, 2018 оны 8 дугаар сарын 11-ний өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүртэл сул зогсолтын хугацаанд 3.000.000 төгрөгөөр, 2018 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл 6.000.000 төгрөгөөр түрээслэж, нийт төлбөрт 33.000.000 төгрөг, нэхэмжлэгч нар нийтдээ 72.000.000 төгрөгийг түрээсийн төлбөрт авахаар байжээ. Учир нь Иргэний хуулийн 292 дугаар зүйлийн 292.4-т Хөлслөн авагч өөрийн буруугаас эд зүйлийг ашиглаж чадаагүй бол хөлс төлөхөөс чөлөөлөгдөхгүй гэж заасан.

Хариуцагчийн төлсөн 61.000.000 төгрөгийг тэнцүү хувааж авсан гэж нэхэмжлэгч нар тайлбарлаж байх тул нэхэмжлэгч Б.А 8.500.000 төгрөг, Б.Ч 2.500.000 төгрөгийн түрээсийн төлбөр дутуу авсан байна гэж үзэхээр байна.

Түүнчлэн хариуцагч тээврийн зардалд 500.000 төгрөгийг дутуу төлсөн гэдэгт маргаагүй бөгөөд харин түрээсийн төлбөрийн илүү төлөлттэй тул төлөхгүй гэсэн татгалзал нь дээрх тооцооллоор үндэслэлгүй байна.

Иймд дээрх нөхцөл байдлыг нэгтгэн дүгнэж, нэхэмжлэгч Б.Ат түрээсийн төлбөрт 5.100.000 төгрөг, тээврийн зардалд 500.000 төгрөг, нийт 5.600.000 төгрөгийг, нэхэмжлэгч Б.Чд түрээсийн төлбөрт 2.500.000 төгрөгийг тус тус хариуцагч Л.Гаас гаргуулж, нэхэмжлэгч нарт олгож, Б.Чийн шаардлагаас 2.500.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

            Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 235.450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Гаас улсын тэмдэгтийн хураамжид 144.550 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгохоор шийдвэрлэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

 

                                                ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 292 дугаар зүйлийн 292.4, 380 дугаар зүйлийн 380.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Л.Гаас 8.100.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Ат 5.600.000 төгрөг, нэхэмжлэгч Б.Чд 2.500.000 төгрөгийг тус тус олгож, Б.Чийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2.600.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 235.450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 144.550 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгосугай.

           

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

                                         

                                   

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ч.МӨНХЦЭЦЭГ