Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 128/ШШ2021/0693

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: Э г ХХК /РД: ******* /

Хариуцагч: Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Ц, Д.О

Гомдлын шаардлага: Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсын торгууль, алдангид 144 313 436.3 төгрөг ногдуулсан хэсгийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий зөрчил хянан шийдвэрлэх захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Ж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Б, хариуцагч Ц.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Цэвэлмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэхэмжлэгч Э г ХХК-ийн төлөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан гомдлын шаардлагадаа:

   Хан-уул дүүргийн Татварын хэлтсийн байцаагч Ц.Ц, Д.О нар манай компанийн 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний хугацаанд хэсэгчилсэн шалгалтыг хийж 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 230001233 тоот дүгнэлтийг гаргасан.

Дээрхи дүгнэлтийг үндэслэн Эрүүгийн цагдаагийн албаны эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс хэрэг бүртгэлтийн үйл ажиллагаа явуулж, 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай санал гаргаж, Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор хянаад 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 58 тоот тогтоолоор Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн байцаагч Ц.Ц, Д.О нарын 230001233 тоот дүгнэлт нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар их хэмжээний хохиролд хүрэхгүй нөхцөл байдал тогтоогдож байх тул эрүүгийн хэргийг хаасан.

Бид энэ тогтоол гарсныг мэдээгүй байсан. Мэдсэн бол мөн л гарснаас нь хойш залруулга хийх байсан.

Гэвч Ц.Ц, Д.О нар нь Нийслэлийн прокурорын 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 58 тоот тогтоолыг санаатайгаар танилцуулахгүй байсаар актанд гарын үсэг зур гэж утсаар дарамталж байгаад 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр ******* тоот шийтгэлийн хуудас үйлдэн шуудангаар явуулсан.

Нийслэлийн татварын маргаан таслах зөвлөл нь 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн хурлаар манай компанийг 2017 онд тайлангийн залруулах хийх ёстой гэж үзэн ******* шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээсэн байна.

Манай компанид хийсэн 2016 оныг хамарсан татварын хяналт шалгалт дуусаагүй, прокурорын тогтоол гараагүй байхад 2017 онд тайланд залруулга хийх боломжгүй нь дараах холбогдох баримтаар нотлогдож байна. Үүнд:

  1. 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Татварын улсын байцаагчийн дүгнэлт гарсан
  2. 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Эрүүгийн цагдаагийн албанд явуулсан.
  3. 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Прокурорын тогтоол гарсан байсан.
  4. 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн шуудангаар ирсэн №******* тоот шийтгэлийн хуудаснаас прокурорын тогтоолын дугаарыг авсан.
  5. Манай компани Прокурорын газарт прокурорын тогтоолтой танилцах тухай хүсэлтийг 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр гаргасан.
  6. Прокурорын газраас 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр прокурорын тогтоолыг гардуулан өгсөн
  7. Бид 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр тайландаа залруулга хийж цахимаар татварын албанд явуулсан
  8. Татварын цахим систем нь тайлангийн залруулгыг 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр бүртгэж авсан

Иймд тайланд залруулга хийгээгүйгээс үүдсэн Ханул дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Ц, Д.О нарын 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн******* дугаар шийтгэлийн хуудсын торгууль, алдангид 144.313.436,3 төгрөг ногдуулсан хэсгийг төлөх ёсгүй гэж үзэж байна” гэв.

Хариуцагч Ц.Ц, Д.О нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Э г ХХК нь 2016 оны 1-9 дүгээр сарын нэмэгдсэн өртгийн албан татварын тайландаа М г э и ХХК-иас авсан 2,886,263,727.24 төгрөгийн дүнтэй хий бичилттэй падаанаар хасалт хийж татвар ногдуулах орлогын дүнг бууруулж тайлагнасан.

Тус компани нь Татварын ерөнхий газрын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн А/05 дугаартай тушаалаар баталсан журмын 5 дугаар зүйлд “Тайланд засвар хийх”, 5.2-т “Сар, улирал, жилийн эцсийн тайланд хийх залруулгыг дараа оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд харьяалагдах татварын албанд хийнэ” гэж заасны дагуу дээрх нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд засварлах боломж нь нээлттэй байсан боловч засварлаагүй.

          Харин 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр ******* тоот шийтгэлийн хуудас бичигдсэнээс хойш буюу 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 2016 оны хий бичилттэй 28 ширхэг падаанаар хасалт хийсэн 2,886,263,727.24 төгрөгийн худалдан авалтыг 2019 оны 12 дугаар сарын нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн “Өмнөх сарын тайлангийн залруулга хэсгийн худалдан авалтын буцаалт, хөнгөлөлтийн дүн ” 58 дугаар мөрөнд тусган тайлагнасан нь Татварын ерөнхий хуулийн /Шинэчилсэн найруулга/ 31 дүгээр зүйлд “Татварын тайланд залруулга хийх”, 31.1-д “Татвар төлөгч татварын тайланг дараагийн татварын жилд багтаан залруулах болно ...”, 31.4-д “Татварын хяналт шалгалт хийхээр татвар төлөгчид мэдэгдсэнээс хойш энэ хуулийн 31.1-д заасан тайлангийн залруулгыг хийхгүй ... ” гэж заасныг, мөн дээрх журмыг тус тус зөрчсөн болно.

          2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Татвар төлөхөөс зайлсхийх” гэмт хэргийн шинжтэй байх боловч мөн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар тухайн үйлдэл, эс үйлдлээс хойш 1 жилийн хугацаа өнгөрч, хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй үндэслэл тогтоогдсон нь 2008 оны 5 дугаар сарын 20-ны өдөр баталсан Татварын ерөнхий хуулийн 35 дугаар зүйлд “Акт, дүгнэлтийн биелэлтийг хангах”, 35.3-д “Энэ хуулийн 33.2.6-д заасан дүгнэлтийг эрх бүхий байгууллага, албан тушаалтан хүчингүй болгосон нь зөрчил гаргасан этгээдийг захиргааны хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж, мөн Татварын ерөнхий газрын даргын А/05 тоот журмын 5.4-д “Энэ журмын 5.2-т заасны дагуу татварын тайланг залруулсан нь татварын хяналт шалгалтаар татвар нөхөн ногдуулах, алданги, хүү, торгууль ногдуулахгүй байх үндэслэл болохгүй” гэсэн заалтыг баримтлан 2019 оны 12 дугаар сарын 19-ны өдөр ******* тоот шийтгэлийн хуудсаар 288.626.872,70 төгрөгийн нөхөн татвар, 86.588.061,80 төгрөгийн торгууль, 57.725.374,50 төгрөгийн алданги, нийт 432.940.309,00 төгрөгийн төлбөр оногдуулсан.

          Татварын улсын байцаагч Д.О, Ц.Ц нар нь тус компанийн захирал Н.Жтай утсаар холбогдож прокурорын тогтоол гарсан, ирж холбогдох бичиг баримттай танилцаж ярилцлага өгнө үү гэж удаа дараа утсаар холбогдсон, мөн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр татвар албан ирж уулзана уу гэсэн мэдэгдлийг шуудангаар хүргүүлсэн боловч Авлигатай тэмцэх газарт бичиг өгсөн байгаа тэр бичгээ хүлээж байна гэсэн хариуг албан бичгээр 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр өгсөн байдаг.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э г ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Ц, Д.О нарт холбогдуулан гаргасан гомдлоо Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсын торгууль, алдангид 144.313.436,3 төгрөг ногдуулсан хэсгийг хүчингүй болгуулахаар багасгасан.

Хуульд заасан журмаар хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг үнэлж, дараах үндэслэлээр гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн ******* дугаар[1] шийтгэлийн хуудсаар Э г ХХК-ийг 2016 онд татвараа үнэн зөв тодорхойлж, төлөх үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр 288.626.872,70 төгрөгийн нөхөн төлбөр, 86.588.061,80 төгрөгийн торгууль, 57.725.374,50 төгрөгийн алданги, нийт 432.940.309,00 төгрөгийн шийтгэл ногдуулсан байна.

Шүүх гомдол гаргагч Э г ХХК-ийн гомдлын шаардлагын хүрээнд 144.313.436,3 төгрөгийн торгууль, алдангийн хэмжээгээр шийтгэлийн хуудсаар ногдуулсан төлбөрийг бууруулах боломжтой эсэхэд дүгнэлт өгсөн болно.

Нэхэмжлэгчээс “... Манай компанид хийсэн 2016 оныг хамарсан татварын хяналт шалгалт дуусаагүй, прокурорын тогтоол гараагүй байхад 2017 онд тайланд залруулга хийх боломжгүй байсан тул шийтгэлийн хуудас гарсны дараа залруулга хийсэн...” гэж,

Хариуцагчаас “...  Э  г ХХК  нь  2016  оны  1-9 сарын  нэмэгдсэн

өртгийн албан татварын тайландаа М г э и ХХК-иас авсан 2,886,263,727.24 төгрөгийн дүнтэй хий бичилттэй падаанаар хасалт хийж татвар ногдуулах орлогын дүнг бууруулж тайлагнасан ... нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд засварлах боломж нь нээлттэй байсан боловч журамд заасан хугацаанд засварлаагүй...” гэж тус тус маргажээ.

Хан-уул дүүргийн Татварын хэлтсийн байцаагч Ц.Ц, Д.О нар  2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний хугацаанд хэсэгчилсэн шалгалтыг хийж, Э г ХХК-ийн 2016 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын тайландаа М г э и ХХК-иас авсан 2,886,263,727.24 төгрөгийн дүнтэй хий бичилттэй падаанаар хасалт хийж татвар ногдуулах орлогын дүнг бууруулж тайлагнасан зөрчилд 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 230001233 тоот дүгнэлтийг гаргасан.

Дээрхи дүгнэлтийг үндэслэн Эрүүгийн цагдаагийн албаны эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс хэрэг бүртгэлтийн үйл ажиллагаа явуулж, Нийслэлийн прокурорын газрын 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 58 дугаар[2] тогтоолоор ...нэр бүхий 39 аж ахуйн нэгжүүдийн үйлдэл, эс үйлдэл нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэргийн шинжтэй байх боловч ... хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэжээ.

Э г ХХК нь Татварын ерөнхий газрын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн А/05 дугаар тушаалаар баталсан /2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн  А/260 дугаар тушаалаар хүчингүй болсон/ Татварын тайлан үйлдэх, тушаах, хүлээн авах, боловсруулах, тайланд залруулга хийх журмын 5.2-т Сар, улирал, жилийн эцсийн тайланд хийх залруулгыг дараа оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд харьяалагдах татварын албанд хийнэ. гэж заасны дагуу дээрх нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд засварлах боломжтой.

          Гэтэл Э г ХХК нь 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 2016 оны хий бичилттэй 28 ширхэг падаанаар хасалт хийсэн 2,886,263,727.24 төгрөгийн худалдан авалтыг 2019 оны 12 дугаар сарын нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн “Өмнөх сарын тайлангийн залруулга хэсгийн худалдан авалтын буцаалт, хөнгөлөлтийн дүн ” 58 дугаар мөрөнд тусган тайлагнасан нь дээрх журамд заасан хугацааг хэтрүүлсэн байна.

Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсаар Э г ХХК-д 86,588,061.80 төгрөгийн торгууль, 57,725,374.50 төгрөгийн алданги ногдуулсан нь Татварын ерөнхий хуулийн /2008 он/ 35 дугаар зүйлд “Акт, дүгнэлтийн биелэлтийг хангах”, 35.3-д “Энэ хуулийн 33.2.6-д заасан дүгнэлтийг эрх бүхий байгууллага, албан тушаалтан хүчингүй болгосон нь зөрчил гаргасан этгээдийг захиргааны хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй”, 46 дугаар зүйлийн 46.3-д “Татварын алба, татварын улсын байцаагч нь тайланг хүлээн авахдаа дараахь шаардлага хангасан эсэхийг хянана”, 46.3.1. Хуулийн этгээдийн хувьд нягтлан бодох бүртгэл, хувь хүний хувьд орлого, татварын бүртгэлийн дэвтрийг үндэслэн тайлангаа үнэн зөв гаргасан эсэх”, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5. Албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэх, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй,  Татварын тайлан үйлдэх, тушаах, хүлээн авах, боловсруулах, тайланд залруулга хийх журмын /2017 оны/  5.4.Энэ журмын 5.2-т заасны дагуу татварын тайланг залруулсан нь татварын хяналт шалгалтаар татвар нөхөн ногдуулах, алданги, хүү, торгууль ногдуулахгүй байх үндэслэл болохгүй гэж тус тус заасантай нийцжээ.

          Нэхэмжлэгчээс Прокурорын тогтоолыг гарсныг мэдээгүй, татварын зөрчлийг шалгаж дууссанаас хойш залруулга хийх ёстой гэх тайлбарыг гаргасан боловч хариуцагч Татварын улсын байцаагч нар нь Э г ХХК-ийн захирал Н.Жаад прокурорын тогтоол болон холбогдох бичиг баримттай танилцаж ярилцлага өгөх талаар утсаар болон 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр шуудангаар мэдэгдэл[3] хүргүүлсэн бөгөөд эрүүгийн хэргийг шийдвэрлэгдэх явцад зөрчлийг зөвшөөрч залруулга хийх тухайгаа илэрхийлсэн,[4] түүнчлэн хариуцагчаас тус компанийн менежер Г.Гтай хийсэн ярилцлагын тэмдэглэлд[5] эрүүгийн хэрэгт байгаа санхүүгийн баримтыг гаргаж өгөх боломжгүй талаар дурдсан зэргээс үзэхэд нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй болох нь тогтоогдож байна.

          Түүнчлэн Нийслэлийн прокурорын газрын 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 58 дугаар тогтоолд ...156 аж ахуй нэгж нь ... журмын дагуу тайландаа засвар оруулж ... нэмэгдсэн өртгийн албан татварыг улсад төлж барагдуулахаа илэрхийлж... төлөхөөр дүгнэлтэд тусгасан байна... гэсэн бөгөөд эдгээр аж ахуй нэгжид Э г ХХК[6] орсон.

Үүнээс үзэхэд Э г ХХК-иас “... Манай компанид хийсэн татварын хяналт шалгалт дуусаагүй, прокурорын тогтоол гараагүй байхад 2017 онд тайланд залруулга хийх боломжгүй байсан..., шийтгэлийн хуудас гарснаас хойш хийсэн залруулгыг татварын албан хүлээж авсан” гэх тайлбар үндэслэлгүй, хууль, журамд заасан хугацаа хэтрүүлэн хийсэн залруулгыг үндэслэн шийтгэлийн хуудсаар ногдуулсан торгууль, алдангийг хүчингүй болгох боломжгүй байна.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Ц, Д.О нарт холбогдуулан гаргасан “Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсын торгууль, алдангид 144,313,436.3 төгрөг ногдуулсан хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий Э г ХХК-ийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Татварын ерөнхий хуулийн /2008 он/ 35 дугаар зүйлийн 35.3, 46 дугаар зүйлийн 46.3, 46.3.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Ц, Д.О нарт холбогдуулан гаргасан Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсын 144.313.436,3 төгрөгийн торгууль, алданги ногдуулсан хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий Э г ХХК-ийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар гомдол гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийн улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.        

                       

ШҮҮГЧ                          Б.АДЪЯАСҮРЭН

     

 

 

[1] хэргийн 39 дэх тал,

[2] хэргийн 15 дахь тал

[3] Хэргийн 49-50 дугаар хуудас

[4] Хэргийн 192 дугаар хуудас

[5] Хэргийн 199 дүгээр хуудас

[6] Хэргийн 197 дугаар хуудас