Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 221/МА2025/0038

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“СМГ” ХХК-ийн гомдолтой

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Т.Энхмаа

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Лхагвасүрэн

Илтгэсэн Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Х

Гомдол гаргагч: “СМГ” ХХК

Хариуцагч: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Э.Б

Гомдлын шаардлага: “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Э.Бгийн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 0003008 дугаартай шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгуулах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 128/ШШ2024/0911 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Х

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр

Хэргийн индекс: 122/2021/0665/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Гомдол гаргагч “СМГ” ХХК-иас Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Э.Бд холбогдуулан “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 0003008 дугаартай шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 128/ШШ2024/0911 дүгээр шийдвэрээр: Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.1.2, 4.1.4, 5 дугаар зүйлийн 5.2, 5.2.6, 10 дугаар зүйлийн 10.12.1, Өрсөлдөөний тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3.3, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.13 дугаар зүйлийн 1, 4.1 дүгээр зүйлийн 1, 4.11 дүгээр зүйлийн 5, 6, 4.14 дүгээр зүйлийн 2, 4.15 дугаар зүйлийн 1, 5, 6.6 дугаар зүйлийн 1, мөн зүйлийн 1.1, 1.2, 1.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан гомдол гаргагч “СМГ” ХХК-ийн гомдлын шаардлагыг хангаж, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2021 оны 07 Дугаар сарын 10-ны өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0003008 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулах эрхгүй, удирдамжид ороогүй албан хаагч, эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулсан гэж шүүх дүгнэсэн байгаа. Удирдамжтай хяналт, шалгалтыг Төрийн хяналт, шалгалтын тухай хууль, Өрсөлдөөний тухай хуулийн хүрээнд Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хангаж байгаа эсэхэд хяналт, шалгалт хийдэг. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаар эрх бүхий албан тушаалтан хийдэг. Удирдамжтай хяналт шалгалтад заавал нэр нь орсон албан хаагч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулна гэсэн журам байхгүй. Тухайн үед хяналт, шалгалтаар явж байсан албан хаагч ажлаас гарсан, ээлжийн амралтаа авсан нөхцөл байдлын улмаас агентлагийн даргын хуваарийн дагуу улсын байцаагч нарт хуваарилсан. 1 аж ахуйн нэгж биш, 25 аж ахуйн нэгжийн хяналт, шалгалт байсан учраас хуваарилагдсаны дагуу улсын байцаагч Э.Б“СМГ” ХХК-д шийтгэл оногдуулсан. Иймд удирдамжид байхгүй улсын байцаагч шийтгэл оногдуулсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

3.1. Мөн хялбаршуулсан журмаар шийдвэрлэхгүй байсан гэж шүүхээс дүгнэсэн. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ямар тохиолдолд хялбаршуулсан журмаар зөрчлийг шийдвэрлэх вэ гэдгийг зөрчил үйлдэгдсэн нь ил, тодорхой, зөрчлийн талаар хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй, зөрчил үйлдсэн болох нь стандартаар баталгаажсан, хэмжилт, хяналтын төхөөрөмжөөр нотлогдсон бол гэж заасан байгаа. Шүүх үүнийг харж үзэлгүйгээр зөвхөн зөрчил үйлдсэн аж ахуйн нэгж маань өөрийнхөө зөрчлийг хүлээн зөвшөөрөөгүй байхад хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн байна гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байна” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

2. Гомдол гаргагч “СМГ” ХХК-иас Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Э.Бд холбогдуулан “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Э.Бгийн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 0003008 дугаартай шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгуулах”-аар маргажээ.

3. Хэргийн үйл баримтын тухайд:

3.1. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас “Засгийн газраас өгсөн үүрэг болон иргэд хэрэглэгчдээс ирүүлж байгаа өргөдөл гомдлын дагуу шатахууны бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэгч, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа холбогдох хууль болон стандартын хэрэгжилтийг хангаж байгаа эсэхийг шалгаж, үнэлэлт өгч, шийдвэр гаргах” зорилгоор 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 01/16 дугаартай “Хяналт шалгалтын удирдамж”-ийг баталжээ.

3.2. Дээрх удирдамжийн дагуу  Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Т.М 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр “СМГ” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Дамбын замын цагдаагийн постын орчимд байрлах “ШТС-37” дугаартай шатахуун түгээх станцад байгаа АИ-92 автобензин, дизель түлшнээс дээж авч, тэмдэглэлээр баримтжуулсан.

3.3. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас уг дээжийг шалгуулахаар Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо, хэмжил зүйн лаборатори, Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхай, газрын тосны төв лабораторид тус тус хүргүүлж, дүгнэлт гаргуулсан байна.

3.4. Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхай, газрын тосны төв лабораторийн 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн GT077 дугаартай сорилтын үр дүнгийн тайлангаар “С” ХХК-ийн дизель түлш стандартад нийцсэн гэж, Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо, хэмжил зүйн лабораторийн 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн СШ21/177, СШ21/178 дугаартай сорилтын үр дүнгийн тайлангаар “дизель түлшний цетаны тоо 45-аас их байх үзүүлэлтийн шаардлагад 43.4 +/-0.1, дээжийн сорилын үр дүн 45-аас их байх үзүүлэлтийн шаардлагад 42.7 +/-0.1” буюу стандартад нийцэхгүй гэж тус тус гарчээ.

3.5. Улмаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Эрчим хүчний хяналтын улсын ахлах байцаагч А.Б Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо, хэмжил зүйн лабораторийн дүнг үндэслэн 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 01-07-106/259 дугаар “... “СМГ” ХХК-ийн дизель түлш нь Монгол Улсын стандарт “Дизелийн түлш Евро. Техникийн шаардлага” MNS0216:2017, “Дизелийн түлш. Техникийн шаардлага MNS6861-2020 стандартын шаардлагад нийцэхгүй” гэсэн дүгнэлтийг үйлдсэн.

3.6. Үүний дагуу Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчаас “СМГ” ХХК-ийг чанар, стандартын шаардлага хангаагүй шатахуун худалдсан” зөрчил гаргасан гэж үзэж, 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 0003008 дугаартай шийтгэлийн хуудсаар 9,000,000 төгрөгийн шийтгэл оногдуулснаар энэхүү маргаан үүсжээ.

4. Хууль зүйн үндэслэлийн тухайд:

4.1. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т “хяналт шалгалтыг хуульд заасан үндэслэлийн дагуу явуулах бөгөөд энэхүү хяналт шалгалт нь хараат бус, шударга ...”, Өрсөлдөөний тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-д “Улсын байцаагч дараахь эрх, үүргийг хэрэгжүүлнэ” гээд 20.3.3-д “хийсэн хяналт шалгалтын үнэн зөвийг бүрэн хариуцах”, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.14 дүгээр зүйлийн 2-т “Зөрчлийн нотлох баримт нь ... шинжээчийн дүгнэлт ... баримтаар тодорхойлогдоно”, мөн хуулийн 4.11 дүгээр зүйлийн 5-д “Оролцогч шинжээчийн дүгнэлттэй санал нийлэхгүй бол эрх бүхий албан тушаалтан, прокурорт энэ хуульд заасан журмын дагуу гомдол гаргаж болно”, 6-д “Оролцогчийн хүсэлтээр дахин шинжилгээг нэг удаа хийж болно” гэж тус тус заасан.

4.2. Гэтэл “СМГ” ХХК-ийн “ШТС-37” дугаартай шатахуун түгээх станцад худалдаж байсан дизель түлшинд хийсэн Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо, хэмжил зүйн лаборатори, Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхай, газрын тосны төв лабораториудын тайлан илтэд зөрүүтэй байхад  Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчаас “СМГ” ХХК-ийг чанар, стандартын шаардлага хангаагүй шатахуун худалдсан” зөрчил гаргасан гэж үзэж, шийтгэл оногдуулсан нь дээрх хуулийн зохицуулалттай нийцэхгүй байна. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, зөв болжээ.

4.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдолдоо “... дээрх хоёр лабораторийн шинжилгээний хариунуудыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Эрчим хүчний хяналтын улсын ахлах байцаагч А.Б үзээд, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 259, 260 дугаар дүгнэлт гаргасан ... уг дүгнэлтэд холбогдох захиргааны хэргийг шүүх хянаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгож эцэслэн шийдвэрлэсэн байхад уг дүгнэлтийг бодитой биш, хөндлөнгийн шинжээчийн дүгнэлт гаргах байсан гэж үзсэн нь захиргааны байгууллагын эрх хэмжээнд халдсан, шинжээчийн дүгнэлтийг өөрийн үзэмжээр үгүйсгэж байгаа нь хуульд нийцэхгүй байна” гэжээ.

4.4. “СМГ” ХХК-ийн нэр бүхий 5 компанийн нэхэмжлэлтэй, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны салбарын хяналтын газрын улсын ахлах байцаагч А.Б холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 221/МА2024/0384 дүгээр магадлалын “Хянавал” хэсэгт “... Учир нь хоёр өөр лабораторийн нэг дээжид хийсэн шинжилгээний дүн хоорондоо зөрүүтэй буюу авто бензин, дизель түлшний үзүүлэлт тус бүрийн дүн нь стандартын шаардлага хангасан, хангаагүй байдлаар гарснаас үзвэл уг шинжилгээг хийх үйл ажиллагаанд ямар нэгэн алдаа гарсныг үгүйсгэхээргүй байх боловч тухайн дээж байхгүйгээс энэ эргэлзээг арилгахаар өөр лабораториор шинжлүүлэх боломжгүй нь тогтоогдсон тул дахин шинжилгээ хийлгэж эргэлзээг арилгаагүй гэж хариуцагчийг буруутгах үндэслэлгүй ... мөн зөвхөн маргаан бүхий дүгнэлт гаргасан хариуцагчийн үйл ажиллагааны хүрээнд шүүх дүгнэлт хийсэн байх бөгөөд хариуцагчаар татагдаагүй бусад этгээд, төрийн байгууллагын үйл ажиллагааг хууль бус эсэхийг тогтоох үүрэггүй” гэж дүгнэсэн байна.

4.5. Дээрхээс үзвэл, шүүх зөвхөн улсын ахлах байцаагч А.Б 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 01-07-106/259, 01-07-106/260 дугаартай дүгнэлтүүд хуульд нийцсэн эсэхийг хянасан байх ба уг дүгнэлтүүдийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь энэхүү маргааны хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Э.Бгийн “СМГ” ХХК-д шийтгэл оногдуулсан үйлдлийг хуульд нийцсэн гэж үзэх үндэслэл болохгүй.

4.6. Учир нь, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 01/1297 тоот албан бичгээр ирүүлсэн хүсэлтийн дагуу дизель түлшний дээжид шинжилгээ хийж гаргасан сорилтын үр дүнд судалгаа хийж, дүгнэлт гаргасан бөгөөд дээр дурдсан хоёр лабораторийн шинжилгээний зөрүүг арилгах, дахин шинжилгээ явуулах эрх, үүрэг, боломж улсын ахлах байцаагч А.Б олгогдоогүй.

4.6. Өөрөөр хэлбэл, 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 01/16 дугаартай “Хяналт шалгалтын удирдамж”-ийн дагуу шалгалт хийж, гомдол гаргагч “СМГ” ХХК-д шийтгэл оногдуулах эцсийн шийдвэрийг гаргасан хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан шалгах, зохион байгуулах, хянах чиг үүргийг хэрэгжүүлэх ёстой.

4.7. Гэтэл энэхүү үүргээ хэрэгжүүлээгүй буюу илт зөрүүтэй гарсан хоёр шинжилгээний зөрүүг арилгаагүй, дахин шинжээч томилоогүй, “маргаан таслахад зориулж авсан нэг дээж”-ийг хадгалж, хамгаалах ажлыг зохион байгуулаагүй хариуцагчийн үйлдэл нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д “хуульд үндэслэх”, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэж заасан зарчимд нийцэхгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

Иймд давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 128/ШШ2024/0911 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

    

 

ШҮҮГЧ                                                                       Т.ЭНХМАА

ШҮҮГЧ                                                                       Э.ЛХАГВАСҮРЭН

еРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БААТАРХҮҮ