Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 167

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж, шүүгч Б.Дуламсүрэн, С.Оюунчимэг нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга А.Болор,

Иргэдийн төлөөлөгч: Б.Хасбагана,

Улсын яллагч Б.Мөнх-Од,

Шүүгдэгч Ц.Ууганбаяр, түүний өмгөөлөгч Э.Энх-Эрдэнэ нарыг оролцуулан, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Цогтгэрэлийн Ууганбаярт холбогдох эрүүгийн 201625021874 дугаартай хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Боржигон овогт Цогтгэрэлийн Ууганбаяр, Монгол Улсын иргэн, 1987 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, 5 настай хүүхдийн хамт амьдардаг, Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Бэлхийн 33-5 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,

Урьд нь 2010 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 213 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,  /РД:ХН87060913/;

 

Шүүгдэгч Ц.Ууганбаяр нь 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, “Стар центр” караоке дотор үл ялих зүйлээр шалтаглан бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн  хэв журмыг ноцтой зөрчиж, эд зүйл эвдэж, пивоны шилийг зэвсгийн чанартай хэрэглэн хохирогч А.Энхгэрэл рүү шидэн улмаар түүнийг зодож, биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох

 

баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ц.Ууганбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр дүү болон түүний эхнэр, ажлынхаа найз болон түүний эхнэр бид тав тухайн караокед орж үйлчлүүлсэн. Миний утас дуугарахаар нь гарч утсаар ярьсан. Утсаар манай найз эхнэрийг маань өөр хүнтэй явж байна гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би сэтгэлээр унаад, караокед орж уйлж суусан. Тэгээд би дүү нараа явж бай гэж хэлээд явуулсан. Дараа нь нэг хүн орж ирээд намайг хэл амаар доромжлоод байсан. Би пивоны шилийг тэр эгч рүү шидээгүй гараад явсан хойгуур нь хана руу уурандаа шидсэн юм. Тухайн газраасаа гараад явж байхад араас гарч ирээд миний зүүн нүд рүү нэг зүйлээр цохих шиг болсон. Намайг зугтаад таксинд суухад араас 3 залуу хүрч ирээд машинаас чирж буулгаад зодсон.” гэв.

 

Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-14/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-15/,

Эд зүйл хураан авсан тэмдэглэл, үзлэг хйисэн тэмдэглэл /хх-22-23/,

            Эд мөрийн баримтыг хэрэгт хавсаргах тогтоол /хх-24/,

 

Хохирогч А.Энхгэрэл мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “…2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 17 цагийн орчим манай бааранд 2 эмэгтэй, 3 эрэгтэй орж ирсэн юм тэгээд ¹ 03 өрөөнд орж үйлчлүүлсэн тэр намайг зодсон махлаг бүдүүн залуу нь хүнтэй утсаар яриад орж гараад байсан. Тэгээд байж байтал төд удалгүй нөгөө залуугийн орсон өрөөнд хүмүүс маргалдаад хэрүүл болоод байсан. Уг орсон өрөө нь камертай бөгөөд би камер хараал суугаад байсан юм. Тэгтэл өрөөнд байгаа хүмүүстэйгээ маргалдаад архины бакал 2 ширхэгийг авч шидсэн. Тэгтэл цуг явсан нэг залуу нь гарч ирсэн тэгэхээр нь би түүнд миний дүү та нар ингээд зодолдоод байх юм бол би цагдаа дуудлаа гэж хэлсэн тэгтэл нөгөө залуу хэрэггүй эгчээ би аваад гараад явна бид нар хагалж эвдсэн зүйлээ төлнө гэсэн тэгтэл нэг эмэгтэй гарч ирээд ах дүү улсууд хоорондоо учраа олох юм байгаа биз явъя гэтэл нөгөө залуу нь аваад явна гээд буцаад орсон. Камер харж байтал нөгөө буцаж орсон залууруу шилтэй пиво шидэх гэсэн тэгтэл нөгөө залуу бариад авсан тэгэхээр нь болиула санаатай өрөөнд нь орох гээд хаалга онгойлготол зайл гичий минь гээд өөдөөс шилтэй пиво шидсэн тэгэхээр нь буцаж ирээд камераар хараад суугаад байсан тэгтэл тэр өрөөнд агсраад юм авч шидээд байсан. Тэгтэл нөгөө хоёр залуу шууд гараад явсан тэгэхээр нь би та хоёр үүнийгээ аваад яв гэтэл юм хэлэхгүй гараад яваад өгсөн тухайн үед би тамхи татах гэж байгаа юм байх гэж бодсон. Нөгөө эмэгтэйг тооцоогоо хий гэтэл за гээд нөгөө эмэгтэй тооцоо хийх гэсэн тэгэхээр нь би өрөөнд эвдсэн зүйл байна уу үзэж байж тооцоо хийе гээд өрөөнд орсон тэгтэл нөгөө залуу сандал дээр сууж байсан намайг ороход манай баарны микрофон эвдэрсэн утас нь тасарсан, архины стакан хагарсан байсан. Караокены өрөөнд араас нэг хүн орж ирсэн түүнд би за миний дүү ийм зүйл эвдэрсэн гэж хэлсэн тэгтэл нөгөө залуу араас янхан минь гэх зэргээр хэрүүл хийгээд байсан. Би түүнээс айгаад нэг ч үг дугараагүй тэгтэл араас шууд үсдээд авсан тэгээд намайг зодсон, манай дүү болон нөгөө цуг байсан залуу хоёр салгасан тэгэхээр нь би гарах гэтэл араас дахин үсдэж газарт унагаад намайг өшиглөж зодсон. Тэгж байтал гадаа засвар хийж байсан хүн орж ирээд салгасан

тэгээд намайг гарахад миний араас архи юм уу нэг зүйл шидсэн тэгээд араас гарч ирээд кордорт намайг мөн өшиглөж унагаасан. Тэр үед сандал дээр унасан. Тэгээд гадаа гартал араас гараад ирсэн. Тэгэхээр нь явуулахгүй гээд барьж автал мөн гадаа байсан хүмүүсрүү хашгираад байсан...” гэсэн мэдүүлэг /хх-27-28/,

Насанд хүрээгүй гэрч А.Энх-Амар мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “…Би цэвэрлэгээ хийж байхад гаднаас хүмүүс орж ирсэн. Хэдэн хүмүүс орж ирсэнийг би мэдээгүй тэгээд цэвэрлэгээ хийгээд байж байтал нөгөө хүмүүс орсон 3 тоот өрөөнөөс хүмүүс хашгираад чанга чанга яриад байсан юм. Тэгээд манай ээж Энхгэрэл бид хаалгаар нь шагайтал пивоны шил хажуугаар нь зөрж өнгөрөөд нөгөө шил нь цаана байсан ханан дээр унаж хагарсан. Тэгтэл манай ээж хаалгаа хаатал мөн хаалган дээр дахин нэг пивоны шил онож хагарсан тэгтэл манай ээж ороод микрофон стакан зэргийг шалгаад хагараагүй газар унасан шилийг нь ширээн дээр тавиад нэг микрофон эвдэрсэн байна гэж хэлтэл чи надаас мөнгө нэхээд байгаа юм уу гээд манай ээжийг элдэвээр хэлээд хараагаад байсан. Тэгээд нөгөө ах манай ээжийг үснээс нь зулгаагаад унагаагаад өшиглөөд зодоод байсан тэгээд манай ээж босоод иртэл мөн сандалруу түлхэж үсдэж унагасан тэгээд манай бааранд засвар хийж байан Гансүх гэдэг ах салгасан тэгтэл ээж нөгөө өрөөнөөс гартал негөө ах мөн кордиорт ээжийн араас хөөж очоод үснээс нь татаж зодсон. Тэгээд манай ээж зугтаад бүр гадагшаа гараад шатаар өгстел манай ээжийг шанаанд нь цохисон. Тэгтэл манай ээжийн амнаас цус гараад тэгээд газар суутал манай ээж рүү дайраад том чулуу авч дайраад цохих гээд байсан…” /хх-31-32/,

 

Гэрч Ц.Гансүх мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “…2016 оны 06 дугаар сарын 24-ний 19 цагийн орчим би уг бааранд би цахилгааны засвар хийж байсан юм тэгтэл тэр баарны эзэн охин нь манай ээжийг аллаа гээд орилсон тэгэхээр нь би 3 тоот өрөөнд ортол нөгөө баарны эзэн эмэгтэйг газар унагасан нэг биерхүү махлаг залуу өшиглөөд зогсож байсан юм тэгэхээр нь би нөгөө залууг араас нь тэвэрээд автал нөгөө эмэгтэй босож зугтсан тэгтэл нөгөө залуу намайг тавиулаад нөгөө эмагтэйг хөөгөөд гараад явсан би тэгэхээр нь араас гартал кордиорт зодоон болж байсан тэгээд гадаги гарсан түүнээс хойш би мэдэхгүй…” /хх-34/,

 

Гэрч Г.Эрхэмжаргал мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “…маргаан үүсэх ямар нэгэн шалтаг, шалтгаан байгаагүй. Гэнэт Ууганбаяр шил шидээд эхэлсэн…” /хх-37/,

 

Гэрч С.Алимаа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “…Ууганбаяр гарч орж утсаар яриад байсан, тэгээд гарч орж ирэхдээ ууртай орж ирээд пиво хана руу авч шидээд та нар яв гэсэн, тэгээд Ууганбаярыг аваад гараад явах гэтэл нөгөө баарны эзэн орж ирээд хэрүүл хийгээд янз бүрийн юм эвдэрсэн гэж хэрүүл хийж байтал нөгөө Ууганбаяр дараад авсан тэгэхээр нь би чи боль гэтэл чи зүгээр байж бай гээд Ууганбаяр намайг түлхэхээр нь би айгаад гараад яваад өгсөн юм…” /хх-34-42/,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 8906 тоот шинжээчийн дүгнэлт: “…Энхгэрэлийн биед тархи доргилт, зүүн хацарт зулгаралт, уруулын зөөлөн эдийн

няцрал, салстын язрал цус хуралд, бүсэлхий, баруун өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй…” гэсэн дүгнэлт /хх-46/,

Шүүгдэгч Ц.Ууганбаярын иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, урьд ял шийтгэгдсэн шийтгэх тогтоолын хуулбар, хувйн байдлыг тодорхойлох бусад баримтууд /хх-59-66, 97-99/ зэрэг болно. 

 

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Шүүгдэгч Ц.Ууганбаяр нь 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, “Стар центр” караоке дотор үл ялих зүйлээр шалтаглан бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, эд зүйл эвдэж, пивоны шилийг зэвсгийн чанартай хэрэглэн хохирогч А.Энхгэрэл рүү шидэж, улмаар түүнийг үснээс татаж унагаан зодож, биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн болох нь,

шүүгдэгч Ц.Ууганбаярын “...Би пивоны шилийг тэр эгч рүү шидээгүй гараад явсан хойгуур нь хана руу уурандаа шидсэн юм.” гэв. Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-14/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-15/, эд зүйл хураан авсан тэмдэглэл, үзлэг хйисэн тэмдэглэл /хх-22-23/, эд мөрийн баримтыг хэрэгт хавсаргах тогтоол /хх-24/, хохирогч А.Энхгэрэлийн “…өрөөнд байгаа хүмүүстэйгээ маргалдаад архины бакал 2 ширхэгийг авч шидсэн. Камер харж байтал нөгөө буцаж орсон залуу руу шилтэй пиво шидэх гэсэн, тэгтэл нөгөө залуу бариад авсан тэгэхээр нь болиулах санаатай өрөөнд нь орох гээд хаалга онгойлготол зайл гичий минь гээд өөдөөс шилтэй пиво шидсэн, ...манай баарны микрофон эвдэрсэн утас нь тасарсан, архины стакан хагарсан байна ...миний дүү гэж хэлтэл нөгөө залуу араас янхан минь гэх зэргээр хэрүүл хийгээд байсан. Би түүнээс айгаад нэг ч үг дугараагүй, тэгтэл араас шууд үсдээд авсан тэгээд намайг зодсон, манай дүү болон нөгөө цуг байсан залуу хоёр салгасан тэгэхээр нь би гарах гэтэл араас дахин үсдэж газарт унагаад намайг өшиглөж зодсон. ...намайг гарахад миний араас архи юм уу нэг зүйл шидсэн тэгээд араас гарч ирээд кордорт намайг мөн өшиглөж унагаасан. Тэр үед сандал дээр унасан.” гэх /хх-27-28/, насанд хүрээгүй гэрч А.Энх-Амарын “…манай ээж Энхгэрэл бид хаалгаар нь шагайтал пивоны шил хажуугаар нь зөрж өнгөрөөд нөгөө шил нь цаана байсан ханан дээр унаж хагарсан. Тэгтэл манай ээж хаалгаа хаатал мөн хаалган дээр дахин нэг пивоны шил онож хагарсан, тэгтэл манай ээж ороод микрофон стакан зэргийг шалгаад хагараагүй газар унасан шилийг нь ширээн дээр тавиад нэг микрофон эвдэрсэн байна гэж хэлтэл чи надаас мөнгө нэхээд байгаа юм уу гээд манай ээжийг элдэвээр хэлээд хараагаад манай ээжийг үснээс нь зулгаагаад унагаагаад өшиглөөд зодоод байсан, тэгээд манай ээж босоод иртэл мөн сандалруу түлхэж үсдэж унагасан, нөгөө ах мөн коридорт ээжийн араас хөөж очоод үснээс нь татаж зодсон. Тэгээд манай ээж зугтаад бүр гадагшаа гараад шатаар өгстөл манай ээжийг шанаанд нь цохисон. Тэгтэл манай ээжийн амнаас цус гараад тэгээд газар суутал манай ээж

 

рүү дайраад том чулуу авч дайраад цохих гээд байсан…” гэх /хх-31-32/,

гэрч Ц.Гансүхийн “…баарны эзэн эмэгтэйг газар унагасан нэг биерхүү махлаг залуу өшиглөөд зогсож байсан юм, нөгөө залуу намайг тавиулаад нөгөө эмэгтэйг хөөгөөд гараад явсан” /хх-34/, гэрч Г.Эрхэмжаргалын “…гэнэт Ууганбаяр шил шидээд эхэлсэн…” /хх-37/, гэрч С.Алимаагийн “…пиво хана руу авч шидсэн, баарны эзэн орж ирээд хэрүүл хийгээд янз бүрийн юм эвдэрсэн гэж хэрүүл хийж байтал нөгөө Ууганбаяр дараад авсан тэгэхээр нь би чи боль гэтэл чи зүгээр байж бай гээд Ууганбаяр намайг түлхэхээр нь би айгаад гараад яваад өгсөн юм…” /хх-34-42/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 8906 тоот шинжээчийн дүгнэлт: “…Энхгэрэлийн биед тархи доргилт, зүүн хацарт зулгаралт, уруулын зөөлөн эдийн няцрал, салстын язрал цус хуралд, бүсэлхий, баруун өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй…” гэсэн дүгнэлт /хх-46/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Ц.Ууганбаярт Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Учир нь Ц.Ууганбаяр танхайрах явцдаа пивоны шилийг хохирогч руу авч шидэн түүнд гэмтэл учруулахыг оролдсон болох нь камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч болон гэрчүүдийн мэдүүлэг, түүнчлэн шүүгдэгч Ц.Ууганбаяр нарын мэдүүлгүүдээр тогтоогдож байна.  

 Шүүгдэгч Ц.Ууганбаяр нь урьд 2010 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 213 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1 дэх хэсэгт зааснаар ялтай байх хугацаа дууссан байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүхээс шүүгдэгч Ц.Ууганбаярт ял шийтгэл оногдуулахдаа түүний хувийн байдал болон анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нийт 650.000 төгрөг, ноүт-1 гар утсыг төлсөн, хохирогч А.Энхгэрэл нь гомдолгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй гэсэн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял шийтгэл оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөний ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар түүний хорих ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг Сидиг хэрэгт хавсарган үлдээж, 1 ширхэг микрофоныг устгахыг Эд мөрийн

 

баримт устгалын комисст даалгав.

Хавтаст хэргийн 94 дүгээр талд “шүүгдэгч Ц.Ууганбаярын хүү болох 5 настай Ононг асран хамгаалуулахаар дүү Цогтгэрэлийн Удаахбаярт даалгасан байх бөгөөд цаашид хэрхэн шийдвэрлүүлэх талаар зохих байгууллагад хандаж шийдвэрлүүлэх нь зүйтэй байна.

Ц.Ууганбаяр 2016 оны 07 дугаар сарын 24-ний өдөр бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд цагдан хоригдсон хоноггүй болно.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Боржигон овогт Цогтгэрэлийн Ууганбаярыг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, догшин авирлаж, танхайрах гэмт хэргийг зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэм буруутай тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар Ц.Ууганбаярыг 3 /гурав/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Ц.Ууганбаярт оногдуулсан 3 /гурав/ жил, 6 /зургаа/ сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Ц.Ууганбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг Сидиг хэрэгт хавсарган үлдээж, 1 ширхэг микрофоныг устгахыг Эд мөрийн баримт устгалын комисст даалгасугай.

6. Шүүгдэгчийн насанд хүрээгүй хүүхэд болох Ууганбаярын Ононг асран хамгаалагчаар Ц.Удаахбаярыг томилсоныг хэвээр үлдээж, цаашид хэрхэн шийдвэрлүүлэх талаар Ц.Удаахбаяр нь зохих байгууллагад хандаж шийдвэрлүүлж болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Ууганбаярт урьд авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын

 

яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Ууганбаярт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Х.ИДЭР

    

                 ШҮҮГЧИД                                                                 Б.ДУЛАМСҮРЭН

                                                                                                    

С.ОЮУНЧИМЭГ