Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 03

 

Б-ийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Б.Ариунбаяр, Т.Жаргалсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн давж даалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар Б-н нэхэмжлэлтэй,

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 133/ШШ2017/00402 дугаар шийдвэртэй тус аймгийн, Б- нэхэмжлэлтэй, Г-д холбогдох,

хамтран ажиллах гэрээний дагуу авах ёстой ашигт 51.772.628 төгрөг гаргуулахыг хүссэн үндсэн нэхэмжлэлтэй, зээлдүүлсэн 11.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б, түүний өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ, хариуцагч Г, түүний өмгөөлөгч Ж.Мөнхнасан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов.

Нэхэмжлэгч нэхэмжлэл болон анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2014 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс иргэн Ө.Г, Ш.Г нартай хамтран хөрөнгө нийлүүлж, Есөнбулаг сумын Оргил багт 14 айлын орон сууцыг барьж ашиглалтанд оруулсан. Барилга барихад нилээн цаг хугацаа шаарддаг. Зээлийн мөнгө төлөх, барилгаа хурдан дуусгах тал дээр хамтарч ажилласан. Хөрөнгө оруулалтыг боломжтой нь гаргаж явсан. Маргааны гол шалтгаан мөнгийг захиран зарцуулах эрх нэг хүнд байсан. Ингээд барьсан орон сууц зарагдаж бид ашиг хуваахад надад харьцангуй бага хэмжээтэй ашиг өгч байсан бөгөөд сүүлийн орон сууцны үнээс огт ашиг өгөөгүй учир Г-тэй уулзахад би зээлтэй болохоор өгч чадахгүй гэж байснаа сүүлдээ өгөхгүй гэсэн учир эвлэрүүлэн зуучлалд хандсан. Г эвлэрүүлэн зуучлагчид үндэслэлгүй тайлбар нэг удаа өгөөд л хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцоогүй бөгөөд бид учир зүйгээ олох боломжгүй байгаа учир шүүхэд хандаж байна. Бид гурав 437.000.000 төгрөгийн хөрөнгө хувааж гаргасан. Эхлээд гарсан хөрөнгөө хувааж дараа нь орж ирсэн хөрөнгөө хуваана гэж тохиролцсон. Үлдсэн мөнгө 3 хуваагдаж очих ёстой байсан. 5 сарын үед тооцоо нийлсэн. Ингээд Г-ийн тайлбарт дурьдсанаар тооцоо хийхэд Ө.Г 165.000.000 төгрөг буюу 37.7 хувь, Ш.Г 135.000.000 төгрөг буюу 31 хувь, миний бие 137.250.000 төгрөг буюу 31.1 хувийн хөрөнгө нийлүүлсэн байна. Нийт орон сууцыг худалдан борлуулсаны орлого нь 657.600.000 төгрөг болж улсын бүртгэлийн үйлчилгээний хөлс, нотариатын хөлс, татвар зэргийг хасахад 643.908.000 төгрөгийн орлого олсон байгаа бөгөөд хөрөнгө оруулсан хувь хэмжээгээрээ тооцож авахад Ө.Ганзориг 242.753.316 төгрөг, Ш.Г 170.200.000 төгрөг, Б би 201.543.204 төгрөг авах байтал Ө.Г 305.908.000 төгрөгийг авч 63.154.684 төгрөг илүү авсан. Ш.Г 170.200.000 төгрөг авч 39.411.480 төгрөг дутуу, Б би 167.800.000 төгрөгийг авч 33.743.204 төгрөг дутуу байна. Тиймээс Ө.Г-с миний дутуу авсан 33.743.204 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд одоо бодит байдлаар өөрийн тооцоолсоноор нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж анх хөрөнгө нийлүүлсний хөрөнгийн хэмжээ нь Ө.Г 146.400.000, Ш.Г  135.000.000, Б 145.000.000 төгрөг байх тул 33.743.204 төгрөгийг 51.772.628 төгрөг болгон нэмэгдүүлсэн. Иргэний хуулийн 374-т зааснаар оруулсан хөрөнгийг үнэн зөвөөр тооцох шаардлагатай байгаа. Хариуцагч мөнгөө үндэслэлгүйгээр ихэсгэсэн. Гэрлийн мөнгийг хариуцагч төлөөгүй, 657.600.000 төгрөгнөөс төлж байсан. Сүүлийн 2 байрны мөнгийг Ш.Г бид 2 хувааж авах байгаад Б-с орж ирсэн 44.000.000 төгрөгний тал мөнгийг би аваад, талыг нь Ш.Г-д өгсөн. Дараагийн байрны үнэ болох 73.000.000 төгрөг Л-ийн данс руу орсноор Ө.Гнь Ш.Г руу яриад Б-д өгөх гэж байна гээд мөнгийг өөртөө шилжүүлж авсан байгаа. Би Ө.Г-с огт мөнгө зээлж байгаагүй үндэслэлгүй нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй. Үндэслэлгүй учраас ямар учраас яах гэж хэзээ хэрхэн мөнгө зээлсэн талаараа бичиж чадаагүй. Сөрөг нэхэмжлэлийг гардаж аваад ямар мөнгө хэзээ зээлсэн талаар асуухад юу ч хэлж чадаагүй. Түүнчлэн зээл гэдэг асуудал нь үндсэн нэхэмжлэл болох хамтран ажилласан ашиг хуваах асуудалд хамаарч тооцогдох асуудал гэж үзэхгүй учраас сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Говь-Алтай аймгийн Жинст багт 2014 оны 5 сард Б, Ш.Г нартай хамтран 13 айлын орон сууцны барилгыг хөрөнгө оруулалтыг хамтран хийж ашгаа хуваалцахаар тохиролцон барилгын ажлыг эхлүүлсэн. Ашиг орлогыг хувиар тооцож авна гэж яриагүй. Нийт орлогоос зардлаа хасаад ашгаа авна гэж тохиролцсон. Тусгай зөвшөөрлийг би авсан. Барилга барихад заавал тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгжээр бариулахаар Монгол Улсын барилгын тухай хуульд заасны дагуу миний өөрийн Хярын улаан ХХК нь барилгын зөвшөөрөлтэй байсан учраас манай компаний нэр дээр үйл ажиллагааг эхлүүлсэн. Тусгай зөвшөөрөлтэй холбоотой тайлан мэдээг барилга хот байгуулалтын яаманд гаргах, барилга угсралтын ажилтай холбоотой татварын хэлтэс, нийгмийн даатгалын хэлтэс, Барилга хот байгуулалтын газар зэрэгтэй холбоотой тайлан мэдээ, Мэргэжлийн хяналтын газрын хяналт шалгалт, улсын комисст хүлээлгэн өгөхтэй холбоотой баримт материалыг бүрдүүлэх зэрэг бүхий л ачааллыг өөрийн биеэр би үүрч ажиллаж байсан. 2014 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс барилгын ажил эхэлсэн бөгөөд энэ хугацаанаас миний бие өглөө 07 цаг 00 минутаас 21 цаг хүртэл тасралтгүй харж зогсож барилгын ажил дуустал өөрийн ажлаа умартан цаг наргүй ажиллаж байсан. Хэрэгтэй зүйлүүдийг барилгын ажлаа тасалдуулахгүй тулд цаг хугацаанд нь авч өгч, өдрийн хэд зах явах, гадуур барилгын хүнтэй уулзах, машин техник бэлтгэх зэрэг ажлуудыг зохицуулан хийж ажилласан. Барилга барихад эрчимд тогны мөнгийг цаг тухай бүрт нь би өөрөөсөө өгдөг байсан. Нэхэмжлэгч Б-ийн тухайд өөрийн ажлаа хийгээд барилгын ажилд огт оролцоогүй явдаг байсан. Барилга барихад миний бие 172.041.691 төгрөг, Б нь 137.250.000 төгрөг, Ш.Г 135.000.000 төгрөгний хөрөнгө оруулалт хийж 12 машины зогсоол бүхий 14 айлын доороо гараштай 5 давхар орон сууцны барилга нь нийт 547.891.691 төгрөгөөр боссон. Урьдчилгаанд 103.600.000 төгрөг ирснийг бид гуравын хэн ч аваагүй барилгын ажилд оруулсан. Энэ 103.600.000 төгрөгийг миний цэвэр ашиг мэтээр нэхэмжлээд байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Улаанбаатар хотод М гэдэг хүнээр 5 сая төгрөгөөр зураг гаргуулахад мөнгийг нь би шилжүүлсэн, дахин зураг гаргуулсан. Б нь нийтдээ 96 сая төгрөг авсан, 73 метр квадрат байр авсан. Харин би бензин тосны зардлаа огт бичээгүй. Уг барилгын байр борлуулсны орлого 657.600.000 төгрөг болсон ба үүнээс үл хөдлөх хөрөнгө борлуулсны татвар, улсын бүртгэлийн үйлчилгээний хөлс, нотариатын хөлс 13.692.000 төгрөгийг, барилгын нийт өртөг 547.891.691 төгрөгийг хасахад 96.016.309 төгрөгийн ашигтай байх ба нэг хүнд 32.005.436,3 төгрөг ногдохоор байна. Барилга бариулаад хажууд нь байсан хамт хөрөнгө оруулсан Ш.Г  үүнийг мэдэх болно. Шүүхийн эвлэрүүлэн зуучлахад Б нэхэмжлэл гаргахдаа Ш.Г бид хоёроос мөнгө гаргуулахаар нэхэмжилсэн байсан. Эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд би очоогүй биш, намайг дуудаагүй байж байгаад Б, Ш.Г нарыг дуудсан байсан. Намайг дуудаад очиход энэ хоёр явсан байсан. Би нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэсэн тайлбараа өгсөн. тус барилгын орлогоос би 305.908.000 /урьдчилгаа 103.600.000, байр зарагдах үед 202.308.000/ төгрөг авч өөрийн 172.041.691 төгрөг, байрны урьдчилгааны 103.600.000 төгрөг нийт 275.641.691 төгрөгийг барилгад оруулж миний авсан ашиг нь 30.266.309 төгрөг болж байгаа ба илүү авсан ашиг огт байхгүй.

Харин Б-тэй хамтарч орон сууц барих явцад Б нь мөнгө хэрэгтэй байна, мөнгө зээлээч гэхээр нь тухайн үед дансанд нь хийдэг байсан. Надад буцааж өгөөгүй, барилга барих тооцоонд ороогүй, надаас зээлсэн мөнгөө барилгад оруулаагүй бөгөөд Б-д зээлсэн мөнгө 11.000.000 төгрөг болсон тул уг мөнгийг Б-ээс гаргуулж өгнө үү гэжээ.

 Шүүх: Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.2, 477 дугаар зүйлийн 477.3, 478 дугаар зүйлийн 478.8-д заасныг тус тус баримтлан хариуцагч Ө.Г-с хамтран ажиллах гэрээний ашигт 51.772.628 /тавин нэгэн сая долоон зуун далан хоёр мянга зургаан зуун хорин найман/ төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Б-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б-ээс зээлдүүлсэн 11.000.000 /арван нэгэн сая/ төгрөг гаргуулахыг хүссэн хариуцагч Ө.Г-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2 баримтаар төлсөн 574.763 /таван зуун далан дөрвөн мянга долоон зуун жаран гурван/ төгрөгийг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад 1 баримтаар төлсөн 190.950 /нэг зуун ерөн мянга есөн зуун тавин/ төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй зэргийг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ давж заалдах гомдолдоо: Говь-Алтай аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11-р сарын 03-ны өдрийн 133/ШШ2017/00402 дугаартай шийдвэрийг хүлээн аваад эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагыг хангахгүй. Иргэний хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Өөрөөр хэлбэл:Б,  Ө.Г нарын хоорондын харьцааг хамтран ажиллах гэрээ гэж тодорхойлсон бөгөөд талууд ашгаа хэрхэн хуваарилах талаар тохиролцоогүй байх тул хуульд зааснаар төлсөн хураамжид хувь тэнцүүлэн хуваарилахаар заасан, оруулсан хөрөнгө, хувь нийлсэн хөрөнгөө тохиролцож тооцоо нийлж чадаагүй хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь ашигийг хуваах боломжгүй гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Учир нь нэхэмжлэгч, хариуцагч нар нь хамтарч хөрөнгө нийлүүлж Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил багт байрлах 14 айлын орон сууцыг барьж ашиглалтад оруулснаа хүлээн зөв-шөөрсөн бөгөөд нийт 657600000 төгрөгийг олсон, 13692000 төгрөгийг татвар үйлчилгээний хөлсөнд зарцуулсан, хэн нь хэдэн төгрөг авснаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Иргэний хуулийн 477-р зүйлийн 477.1-т Хамтран ажиллах гэрээний талууд гэрээнд заасны дагуу хураамж төлөх бөгөөд гэрээнд хураамжийн хэмжээг тодорхойлоогүй бол тэнцүү хэмжээгээр хариуцна, 477.4-т Дундаа өмчлөх хөрөнгийн үр шим, түүнийг нэгтгэсэн, нийлүүлснээс бий болсон хөрөнгө талуудын дундаа өмчлөх хөрөнгө байна гэж зааснаас харахад хамтрагч талуудын хураамж буюу нийлсэн хөрөнгө тодорхойгүй, тодорхойлогдохгүй маргаж байгаа нь энэхүү маргааныг шийдвэрлэхгүй байх үндэслэл биш бөгөөд хамтрагч талууд хөрөнгө нийлүүлсэн түүний дундаас бий болсон хөрөнгө нь тодорхой байхад ашиг орлогыг тэнцүү хэмжээнд хуваахаар хуульчилсан байхад нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд Анхан шатны шүүхийн шийдвэрт үндсэн нэхэмжлэлийн 33743204 төгрөгийг хангаж өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ. 

 

Нэхэмжлэгч Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Иргэний хуульд зааснаар хэн хэдэн төгрөг оруулсанаа өөрөө нотолж байгаа бол нотлох баримтын шаардлага хангана гэж заасан. Хүн бүр өөрсдийн орлогын хэмжээг гаргаж өгсөн гэтэл шүүхийн шатанд орж ирэхдээ бүгд өөрийн хөрөнгөө ихэсгээд миний оруулсан хөрөнгийг багасгасан. Анхан шатны шүүх оруулсан хөрөнгийн хэмжээ нотлогдохгүй байна гэж үзсэн. Гэтэл оруулсан хөрөнгийн хэмжээ нь гар бичмэл дээр бичигдсэн. Хэн хэдэн төгрөгийн хөрөнгө оруулсан нь тодорхой байхад нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд харамсалтай байгаа. Хэрэв энэ хүнээс мөнгө төгрөг аван шаардлагагүй байсан бол ингэж шүүхээр шийдвэрлүүлээд байх шаардлагагүй байсан. Барилгаас 157.000.000 төгрөгийн ашиг орж ирсэн гэдэг нь тодорхой харагдаж байна. Тухайн барилгыг хоёр жилийн хугацаанд барьсан сүүлд 76.000.000 төгрөг орж ирэхэд надад хэлэлгүйгээр Ганзориг, Ганхуяг хоёр хувааж авсан байсан. Одоо 33.743.204 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан тайлбартаа: Ө.Г гэдэг хүн Б, Г нартай хамтран 2014 оны 5 дугаар сараас эхлэн 103 айлын орон сууц барьж эхэлсэн. Барилга барихад заавал тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгж байна гэсний дагуу Ө.Г-ийн компанийн  нэр дээр тусгай зөвшөөрлийг аваад тухайн үед Ө.Г-ийн нэр дээр тусгай зөвшөөрөл байсан учир тайлан мэдээг цаг бүр гарган өгч 14 айлын орон сууцыг ашиглалтад оруулсан. Б нь өөрийн оруулсан хөрөнгийн хэмжээг 137.250.000 төгрөг, 145.000.000, шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч 137.000.000 төрөг гэж тайлбарладаг. Энэ хүний өөрийн оруулсан хөрөнгийн хэмжээ маш зөрүүтэй өөрөөр хэлбэл нэхэмжилж байгаа нэхэмжлэлийн дүнг зөрүүтэй тайлбарладаг. Анхан шатны шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа багасгаад өөрчилж байсан. Иргэний хуулийн 478.8 дугаар зүйлд гэрээнд өөрөөр заагаагүй бол ашгийг талуудын төлсөн хураамжид хувь тэнцүүлэн хуваарилна гэж заасан гэтэл тухайн хүмүүсийн хооронд гэрээ байгуулагдаагүй. Ашгаа хуваарилж авах талаар тооцоо нийлсэн зүйл байхгүй. Анх нэхэмжилсэн 51 сая төгрөг нэхэмжлэлийн шаардлагаа багасгаад 35 сая төгрөг болгосон. Энэ хэрэгт авагдсан нотлох баримт хэргийн үйл баримтуудаар нотлогдон тогтоогдохгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож байсан 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна. Тухайн гурван хүн нь өөр өөрсдийн оруулсан хөрөнгийн хэмжээг нэмж гаргаж өгдөг. Үүнээс харахад нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байна. Өмгөөлөгч орж ирээд нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэх үүрэг олгогдоогүй байдаг. Давж заалдах шатны шүүх дээр орсон үнийн хэмжээг гурав тэнцүү хуваагаад 33.743.204 төгрөг болгон багасгаж байна гэж тайлбарлаж байна. Энэ нь анхан шатны шүүх хуралдаан дээр яригдаагүй зүйл. Өнөөдөр бид анхан шатны шүүх хуралдаан дээр яригдсан зүйл, анхан шатны шүүхийн шийдвэрийг хуульд нийцсэн эсэх талаар яригдаж байгаа болохоос  давж заалдах шатны шүүх хуралдаан дээр өмгөөлөгч шинээр нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарлах үндэслэлгүй юм. 13 айлын орон сууц зарагдсан үнийн дүн 657.600.000 төгрөг болдог. Тухайн орон сууц баригдсан үнийн дүн тодорхойгүй. Б нь Г-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрдөггүй. Энэ гурван хүний оруулсан хөрөнгийн хэмжээ тодорхойгүй. Иймээс хувь тэнцүүлж тооцох боломжгүй. Анхан шатны шүүх хуралдаан дээр Г  гэдэг хүн гэрчээр мэдүүлэг өгсөн байдаг. г, Б-д мөнгө өгөх учиргүй яагаад Б мөнгө нэхээд байгааг ойлгохгүй байна. Барилгын мөнгө нь ганцхан Г гэдэг хүний дансаар орж ирээд Г, Г хоёр хувааж аваад байсан зүйл байхгүй. Л гэдэг хүний нэр дээр мөнгө орж ирдэг байсан.  Худалдах худалдан авах гэрээ хийгдэхдээ Л гэдэг хүний данс руу мөнгө нь орж ирдэг байсан. Л нь анхан шатны шүүх хуралдаанд гэрчээр мэдүүлэг өгсөн. Хүснэгт гаргаад Г гэдэг хүн илүү мөнгөн аваад байна гэдэг зүйлийг хэлдэг гэтэл урьдчилгаа 103.000.000. төгрөг орж ирсэн. Тэр мөнгийг барилгадаа зарцуулсан. Иймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байгаа учир 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв. 

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх талууд хоорондын гэрээний агуулга, маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, хэрэгт авагдсан баримтуудыг тал бүрээс нь бүрэн дүүрэн харьцуулан үнэлж, дүгнэсний үндсэн дээр үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

 

Нэхэмжлэгч Б нь хариуцагч Г-д холбогдуулан хамтран ажиллах гэрээний дагуу авах ёстой ашиг 51.772.628 төгрөгийг гаргуулахаар шаарджээ.

Хариуцагч Г нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч  Б-д зээлдүүлсэн 11.000.000 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргажээ.

 

Нэхэмжлэгч Б, хариуцагч Г нар  нь иргэн Г-ийн хамт 2014 онд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жинст багийн нутаг дэвсгэрт доороо гражтай, 14 айлын 5 давхар орон сууцны барилга барихаар харилцан тохиролцож, Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.2-т зааснаар  хамтран ажиллах гэрээг амаар байгуулжээ.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д зааснаар Хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй бөгөөд тэдний гол зорилго болох ямар хэлбэрээр, хэдий хэмжээний хөрөнгө оруулах /нийлүүлэх/ -д явуулсан тодорхой үйл ажиллагааны үр дүнд ашиг олох явдал байсан бөгөөд зохигчид өөрсдийн оруулсан хувь хөрөнгө болон ашгийг зөрүүтэйгээр тайлбарлаж маргаж байна.

 

Зохигчдын өөр өөрсдийн тайлбар нь өөрөө нотлох баримт болох боловч нэг талын гаргасан тайлбарыг нөгөө тал нь үгүйсгэсэн тохиолдолд өөрсдөө тэр тайлбарын үндэслэлээ нотлох үүрэгтэй болно. 

 

Хамтран ажиллах гэрээнд оролцсон Б, Г, Г нар нь дээр дурдсанчлан ямар хэлбэрийн, хэдий хэмжээний хөрөнгө оруулах, төсөв, үйл ажиллагаагаа хэрхэн яаж хариуцах, тооцох талаар ямар ч тохиролцоо хийгээгүй, тооцоо нийлж яваагүйгээс оруулсан хөрөнгийн хэмжээ, хүртсэн хувь ашгийн талаар өөрсдийн гаргасан мөнгөн дүн /тоо/-г барилгын ажлын тооцоо гэх хүснэгт бүхий жагсаалт, дэвтэр нь хангалттай нотлох баримт болж чадаагүй гэж үзэн үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хэрэгт авагдсан баримтуудыг анхан шатны шүүхээс нотлох баримтын шаардлага хангаагүй тул нотлох баримтаар үнэлээгүй нь  үндэслэлтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дэгнэлээ.

 

Харин анхан шатны шүүх маргааныг шийдвэрлэхдээ хуулийн холбогдох заалтыг оновчтой хэрэглээгүй байх тул хууль хэрэглээний зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

 

 

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2,-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

1.    Говь-Алтай   аймаг дахь   сум дундын   иргэний   хэргийн   анхан   шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 133/ШШ2017/00402 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын "Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.2, 477 дугаар зүйлийн 477.3" гэснийг "Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1"  гэж өөрчилж,  шийдвэрийн  бусад заалтыг хэвээр үлдээж,  нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.     Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар   зүйлийн   56.1,-т  заасныг  баримтлан   нэхэмжлэгчийн   өмгөөлөгчийн  давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 326.666 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

З.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2,-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд "шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй", "хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн", "хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн", "төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн", "шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн" зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Ш.БАТТОГТОХ

 

                         ШҮҮГЧИД                                           Б.АРИУНБАЯР

 

                                                                                     Т.ЖАРГАЛСАЙХАН