Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 1248

 

 

 

 

 

2019 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 102/ШШ2019/01248

Улаанбаатар хот

 

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

           

Нэхэмжлэгч: Ү И ББСБ, ХХКомпанийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч:Б.Д,

 

Хариуцагч:Ё.Н нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 3 980 872 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах тухай шаардлагатай,

 

629 075 төгрөг гаргуулах тухай Б.Д, Ё.Н нарын сөрөг шаардлагатай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Баярбилэг, өмгөөлөгч Б.Бүрнээ, хариуцагч буюу хариуцагч Б.Дын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Н, өмгөөлөгч Э.Нямжав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ганзориг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

                Нэхэмжлэгч Ү И ББСБ, ХХКомпани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Д, Ё.Н нар манайхаас 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр зуслангийн зориулалттай, гэр бүлийн хамтын хэрэгцээний эзэмших эрхтэй газар барьцаалан 3 500 000 төгрөгийг, сарын 4,8 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлсэн.Зээлдэгч нар 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2018 оны 2 дугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд үндсэн зээлийн 987 360 төгрөг, зээлийн хүүгийн 3 192 003 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн 624 237 төгрөг нийт 4 803 600 төгрөг төлсөн ба үүнээс хойш төлбөр хийгээгүй.Иймд хариуцагч нараас үндсэн зээлийн үлдэгдэл 2 512 640 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 780 073 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 197 129 төгрөг нийт 3 489 843 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулахыг хүсэж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Зээлдэгч Б.Д, Ё.Н нар нь Үйзэн ивээлт ББСБ ХХК-иас 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 2015 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн А398 тоот засаг даргын шийдвэртэй 00590782 гэрчилгээний дугаартай 659 га талбайтай 15 жил эзэмших эрхтэй, гэр бүлийн хамтын хэрэгцээний газрыг барьцаалан 3 500 000 төгрөгийг, сарын 4.8 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлсэн.Зээлдэгч нар нь 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд үндсэн зээл 1 342 845 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 315 711 төгрөг, хүү 3 195 044 төгрөг нийт 4 853 600 төгрөг төлсөн, үүнээс хойш зээлийн үүргээ зөрчиж өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй.Утсаар холбогдоход ажил бүтнэ, удахгүй өгнө гэж хэлдэг байсан.Зээлийн биелэлтийг барьцааны хөрөнгөөр хангуулж, үндсэн зээл 2 157 155 төгрөг, хүү 831 799 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 174 333 төгрөг нийт 3 163 288 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэв.

           

                Хариуцагч нар шүүхэд гаргасан тайлбартаа:Би 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Үйзэн Ивээлт ББСБ-аас 3 500 000 төгрөгийг, 3 сарын хугацаатай, сарын 4,8 хувийн хүүтэй зээлж авсан, зээлийн барьцаанд өөрийн зуслангийн зориулалттай газраа тавьсан.Зээлийн хугацаа 2017 оны 1 дүгээр сарын 20-нд дууссан боловч би дээрх зээлийн төлбөрийг бүрэн төлж чадаагүй.Гэрээнд зааснаар үндсэн зээл 3 500 000 төгрөг, зээлийн хүүнд 515 200 төгрөг, төлөгдөөгүй хугацааны алданги 159 325 төгрөг нийт 4 175 525 төгрөг төлөх ёстой байсан.Гэрээний 3 сарын хугацаа дууссан, хэдийгээр түүнийг сунгах тухай гэрээг байгуулаагүй боловч би нэхэмжлэгч байгууллагын шаардсаны дагуу үндсэн зээл, төлөгдөөгүй хугацаны хүү, алдангийг тодорхой хугацаанд төлж байсан.Нийт 4 175 525 төлөхөөс 4 803 600 төгрөг төлсөн тул илүү 629 075 төгрөг төлсөн байна гэжээ.

 

            Хариуцагч буюу хариуцагч Б.Дын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Н шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Бид нар хувийн шаардлагаар Үйзэн Ивээлт ББСБ ХХК-иас 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 3 500 000 төгрөгийн зээлийг, сарын 4.8 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай авсан.Тухайн үед хэд хэдэн газар ажлын гэрээтэй байсан.Зээлийн хугацааг 3 сараар тооцож хийсэн боловч ажил санаснаар болоогүй тул гэрээгээ сунгахыг хүссэн.Бид 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 173 600 төгрөг, 12 дугаар сарын 26-ны өдөр 210 000 төгрөг, 2017 оны 3 дугаар сарын 02-ны өдөр 260 000 төгрөг, 5 дугаар сарын 22-ны өдөр 720 000 төгрөг, 6 дугаар сарын 23-ны өдөр 170 000 төгрөг, 7 дугаар сарын 25-ны өдөр 290 000 төгрөг, 9 дүгээр сарын 03-ны өдөр 180 000 төгрөг, 10 дугаар сарын 19-ний өдөр 340 000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 510 000 төгрөг, 6 дугаар сарын 05-ны өдөр 2 000 000 төгрөг төлсөн, нийт 4 853 600 төгрөг төлөөд 1 353 600 төгрөг илүү төлсөн.Ямар нэг бодит хохирол учруулаагүй, 2017 оноос ажил нь зогссон, би хэвлэлийн жижиг үйлдвэрлэл ажиллуулдаг ба бага хүүтэй зээл хүссэн боловч олдоогүй.Б.Дын ээж хүнд өвчин тусч гадаад, дотоодод эмчилгээ хийлгэж их мөнгө зарсан, одоо талийгаач болсон гэх мэт шалтгааны улмаас цаг хугацаандаа амжуулж чадаагүй зүйл байгаа.Б.Д энэ байгууллагатай байнга холбоотой байж зээл төлөх чин хүсэлтэй байсан.Бид нар зовлон бэрхшээл тоочиж зайлсхийж байгаагүй.Нэгэнт авсан учир барагдуулах зорилгоор 4 853 600 төгрөг төлсөн гэв.

 

 

 

 

 

 

            Хариуцагч Б.Д, Ё.Н нар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:Би Ү И ББСБ, ХХКомпанид төлбөрийг төлсөн бөгөөд үндсэн зээл 987 360 төгрөг, үндсэн хүү 3 192 003 төгрөг, зээлийн алданги 624 237 төгрөг нйит 4 803 600 төгрөг байна.Төлбөрийн зөрүү буюу илүү төлсөн 629 075 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

            Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байгаа тул мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар өгсөн авсан зүйлээ буцааж өгнө гэсэн байгаа, 3 500 000 төгрөг зээлсэн, 4 853 600 төгрөг төлсөн.Хариуцагч нь илүү төлсөн 1 353 600 төгрөгөөс 629 075 төгрөгийг нэхэмжилсэн.Үндэслэл нь зориулалтын дагуу зээл олгоогүй, тусгай зөвшөөрөлгүй газар байна гэж үзэж байгаа. Иймд Үйзэн ивээлт ББСБ ХХК-иас илүү төлсөн 629 075 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

            Нэхэмжлэгч Ү И ББСБ, ХХКомпани шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч нар манай байгууллагаас 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 3 500 000 төгрөгийг хувийн хэрэглээний зориулалтаар, сарын 4,8 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлийн болон барьцааны гэрээ байгуулж зээлж авсан.Зээлийн эргэн төлөлтын хугацаа дуусахад зээлийн төлбөрийг бүрэн барагдуулж дуусгахыг шаардаж байсан.Одоо төлөгдөөгүй зээлийн үлдэгдэл 2 512 640 төгрөг, төлөгдөөгүй зээлийн хүү 1 097 671 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 197 129 төгрөг нийт 3 807 440 төгрөгийг нэхэмжилсэн.Бид Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр хууль, журмын хүрээнд үйл ажиллагаа эрхэлдэг.Зээлийн гэрээний 2.3.2 дугаар зүйл болон Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22.1-т ББСБ нь мөнгөн хөрөнгийг хуульд дурдсан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө болон хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ, 22.3-т зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж заасны дагуу зээлдэгчээс гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, 3 807 440 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Хүлээн зөвшөөрөхгүй, тусгай зөвшөөрөл байгаа.Компанийн гэрээ, дүрэм, журам, тусгай зөвшөөрөлтэй нь бүгдийг нь өгсөн.Зээлийг хувийн хэрэгцээнд зориулж өгсөн. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэж нэхэмжлэлд дурдсан байгаа, 3 500 000 төгрөг аваад 30 сар болоод 1 500 000 төгрөг илүү төлсөн, буцааж өг гэж байгаа нь үндэслэлгүй.Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 1-т заасны дагуу банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, 24 дүгээр зүйлийн 24.3-т Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэж заасан.Ү И ББСБ, ХХКомпани бол хууль журам зааврын дагуу олгогдсон тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа.Сөрөг нэхэмжлэл хууль зүйн үндэслэлгүй байна гэв.

 

            Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримт, талуудын тайлбар зэргийг судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Ү И ББСБ, ХХКомпани хариуцагч Б.Д, Ё.Н нараас 3 489 843 төгрөгийг гаргуулах шаардлагыг шүүхэд гаргасан боловч шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, хариуцагч нараас үндсэн зээлийн үлдэгдэл 2 157 155 төгрөг, зээлийн хүү 831 799 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 174 333 төгрөг нийт 3 163 288 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах тухай шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

            Хариуцагч Б.Д, Ё.Н нар илүү төлсөн 629 075 төгрөгийг Ү И ББСБ, ХХКомпаниас гаргуулах тухай сөрөг шаардлагыг гаргасан байна.

 

            Хариуцагч Б.Д, Ё.Н нар нь Ү И ББСБ, ХХКомпаниас 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 3 500 000 төгрөгийг, сарын 4,8 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлж авсан болох нь зохигчдын хооронд 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хийгдсэн 16/19 тоот зээлийн гэрээ болон талуудын тайлбараар нотлогдож байна.

 

            Хариуцагч нараас нэхэмжлэгч байгууллагад 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн хооронд 4 853 600 төгрөгийг төлсөн үйл баримтад талууд маргахгүй байх боловч энэхүү нэхэмжлэгч байгууллагад эргүүлэн төлсөн мөнгийг зээлийн болон нэмэгдүүлсэн хүүний төлбөрт тооцож авсан гэж хариуцагч тал маргаж байна.

 

            Талуудын хооронд хийгдсэн зээлийн гэрээний хугацаа 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр дууссан байх Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т зааснаар зээлдэгчийн төлсөн мөнгөнөөс эхлээд үндсэн үүрэг, дараа нь хүүг тооцох ба зээлийн гэрээний үндсэн үүрэг нь үндсэн зээл, гэрээний хугацааны хүүгийн нийлбэрээс бүрдэх юм.

 

Нэхэмжлэгч Ү И ББСБ, ХХКомпани нь зээлдэгч нарын төлсөн мөнгийг зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, үндсэн зээлээс хасч тооцсон нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т заасан үүрэг гүйцэтгэх дарааллыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

            Иймд хариуцагчийн гэрээний хугацаанд төлбөл зохих нийт үүргээс зээлдэгчийн төлсөн мөнгийг Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т заасан дарааллын дагуу үндсэн зээлээс хасч, үндсэн зээлийн үлдэгдэл, гэрээний хугацаанд төлөгдөөгүй хүү болон хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүнд тооцож хариуцагч нараас 1 145 177 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгож шийдвэрлэв.

 

Барьцааны зүйл болох Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороонд /Гоодойн/ байршилтай, 1462401970/18644325029157 тоот нэгж талбарын дугаартай, зуслангийн зориулалттай, 659 метр квадрат талбай бүхий хөрөнгөөс хариуцагч нарын төлөх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хангах үндэстэй байна.

            Харин хариуцагч нарыг зээлийн гэрээгэрээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, улмаар илүү хэмжээгээр мөнгө төлсөн байна гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул тэдний 629 075 төгрөг гаргуулах сөрөг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.        

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг баримтлан хариуцагч Б.Д, Ё.Н нараас 1 145 177 /нэг сая нэг зуун дөчин таван мянга нэг зуун далан долоон/ төгрөгийг гаргуулан Ү И ББСБ, ХХКомпанид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 2 018 111 /хоёр сая арван найман мянга нэг зуун арван нэгэн/ төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар Ү И ББСБ, ХХКомпаниас 629 075 /зургаан зуун хорин есөн мянга далан таван/ төгрөг гаргуулах сөрөг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлвэл барьцаа хөрөнгө болох Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороонд /Гоодойн/ байршилтай, 1462401970/18644325029157 тоот нэгж талбарын дугаартай, зуслангийн зориулалттай, 659 метр квадрат талбай бүхий хөрөнгийг хуульд нийцүүлэн худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт даалгасугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 149 150 төгрөг, хариуцагч нараас төлсөн 19 522 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 32 034 /гучин хоёр мянга гучин дөрвөн/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ү И ББСБ, ХХКомпанид олгосугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид, тэдний төлөөлөгч нар гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ          З.ДОРЖНАМЖИН