Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 102/ШШ2019/00895

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

            Нэхэмжлэгч: ИССМ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

           

Хариуцагч: ВАТТ ХХК /РД: /-д холбогдох,

           

Үндсэн нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний дагуу гарсан зардал болон хохиролд 14.848.140.472 төгрөг гаргуулах тухай

 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Илүү төлсөн төлбөр 3.075.852.289 төгрөг 24 мөнгийг буцаан гаргуулах, талуудын хооронд байгуулсан гэрээний түрээсийн гэрээтэй холбоотой болон давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал үүссэн үед төлбөр төлөхтэй холбоотой зарим заалтыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ану-Үжин, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Майзориг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхмагнай, Д.Инжинаш, шүүх хуралдааны нарын бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.

 

                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ИССМ ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талууд 2012 оны 7 сарын 31-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт байрлах кэмптэй холбогдуулан барилга байгууламж барих, өмчлөх, ашиглах, шилжүүлэх гэрээ байгуулсан. Гэрээгээр 300 хүний багтаамжтай ажилчдын кэмпийн зураг төслөөр барилгын ажил гүйцэтгэх, ашиглалтад орсны дараа тодорхой хугацааны туршид түрээсэлж үйл ажиллагаа явуулах гэрээ байгуулсан. Хариуцагч нэхэмжлэгчийг гэрээгээр хүлээсэн үүрэг биелүүлэх нөхцөл бүрдүүлэх, кэмп барих ашиглахад шаардлагатай бүхий л тусгай зөвшөөрлийг хариуцаж, гэрээнд заасан хувь хэмжээгээр сар бүр тогтмол тариф төлөх үүрэг хүлээсэн. Гэрээний 2.1, 2.2-д зааснаар барилга угсралтын ажил дууссанаас хойш 36 сар хүртэлх хугацаанд кэмпийг түрээсэлж, үйл ажиллагаа явуулах тохиролцоотой байсан. Талууд 2012 оны 10 сарын 08-ны өдөр хариуцагчаас ажил эхлүүлэх зөвшөөрөл олгосны үндсэн дээр барилга угсралтын ажлыг зураг төслийн ажлыг гүйцэтгэж эхэлсэн. Барилгын зураг төслөөр ажил гүйцэтгэсний дараа 2013 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хариуцагч нэхэмжлэгч талд мэдэгдэл хүргүүлсэн. Барилга байгууламж барих, өмчлөх, ашиглах, шилжүүлэх гэрээний 37.2-д зааснаар давагдашгүй хүчин зүйл үүссэн тул ажлаа түр хугацаагаар зогсооно уу. Ажил зогсоосны дараа тодорхой хугацаанд давагдашгүй хүчин зүйл арилгахаар ажиллана гэсэн агуулгатай мэдэгдэл явуулсан. 2013 оны 5 дугаар сарын 14-ний өдрөөс хойш та бүхэн ямар нэг худалдан авалт хийхгүй, төслийн зардал бууруулах боломжит арга хэмжээ аваач гэхэд нэхэмжлэгч тал тодорхой арга хэмжээ авахаа мэдэгдсэн. 5 дугаар сарын 22-ны өдөр ажил зогссон. 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хариуцагчийн өмгөөллийн компаниас гэрээ цуцлах тухай мэдэгдэл нэхэмжлэгчид хүргүүлсэн. Мэдэгдэлд Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын 2013 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн албан бичигт дурдсан нөхцөл буюу тухайн барилга баригдаж байгаа газрыг тусгай хэрэгцээнд авах гэж байгаа гэсэн нөхцөл байдал арилаагүй, гэрээнд зааснаар давагдашгүй хүчин зүйлд тооцогдож байна. Дээрх нөхцөл байдал үүссэнээс хойш 6 сар буюу 180 хоногийн хугацаа өнгөрсөн. Энэ хугацаанд зөрчил арилгаж чадаагүй тул Иргэний хуулийн 221 дүгээр зүйлд зааснаар гэрээ цуцалж байгааг мэдэж байна гэсэн. Талуудын хооронд байгуулсан барих, өмчлөх, ашиглах, шилжүүлэх гэрээний 37 дугаар зүйлийн 37.4-д гэрээ цуцлах мэдэгдэл өгснөөс хойш 30 хоногийн дараа гэрээ автоматаар цуцлах хуулийн зохицуулалттай. 2014 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр гэрээ цуцлагдсан. Давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас гэрээ цуцлах үр дагаврыг дараахь байдлаар тодорхойлсон. Хэрэв ВАТТ ХХК ажил гүйцэтгэгчид мэдэгдэл өгсөн бол гэрээг бүхэлд нь эсвэл үйлчилгээтэй холбоотой хэсгийг цуцалсан өдрөөс хойш үйлчилгээ бүрэн үзүүлж байгаа мэтээр тарифыг ажил гүйцэтгэгчид төлнө. 37.8а-д дээрх 37.4, 37.5-д зааснаар гэрээг бүхэлд нь эсвэл үйлчилгээтэй холбоотой хэсэг цуцалбал 10 дугаар хавсралтад зааснаар Давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөлийн улмаас гэрээ цуцалснаас үүссэн төлбөрийг ажил гүйцэтгэгч төлнө гэж заасан. Гэрээний хавсралт хуваарь 10-ийн 4а-д хэрэв гэрээг ажил үйлчилгээ эхлүүлэхээс өмнө гэрээний 37.5-д зааснаар давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас гэрээ цуцалсан бол ВАТТ ХХК-ийн тоног төхөөрөмжийн худалдан авалтын дүн Д1 мөнгө дүн төлнө. Д1 нь гэрээний үнийн дүнтэй тэнцэх 10.159.889.260 төгрөг байхаар заасан. Талуудын байгуулсан гэрээ цуцлах хүртэл зураг төслийн ажил хийгдсэн. Зураг төслийн дагуу газар бэлтгэх ажил хийгдэж, газар шороо, суурийн ажлын цутгалтын ажил бүрэн хийгдсэн. Гэрээг гүйцэтгэхээр гадаадаас худалдан авалтын захиалга авсан. Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан контейнер буюу зөөврийн орон сууцны захиалгыг 2012 оны 12 сард буюу гэрээ байгуулах үед нэлээн зардал гарсан. Тэр зардлын тодорхой хэсгийн санхүүжилт авсан, тодорхой хэсгийг авч чадаагүй гэрээ цуцлагдсан. Гэрээ цуцлах хүртэл хугацааны нэхэмжлэгчийн худалдаж авсан бараа, ажил үйлчилгээ болон бусад төлбөр 1.450.747.016 төгрөг, гэрээ цуцлах хүртэл хугацааны нэхэмжлэгчийн худалдаж авсан бараа ажил үйлчилгээ 1.417.407 ам.доллар буюу 3.303.778.931 төгрөг, давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөлийн улмаас гэрээ цуцалсны төлбөр 10.093.614.525 төгрөг, нийт 10.848.148.472 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна гэв.

            Хариуцагч ВАТТ ХХК шүүхэд гаргасан хариу тайлбарыг дэмжиж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Талуудын хооронд Монгол улсын хуулийн дагуу барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. Зөвхөн Ханбогд сумын ажилчдын байр барихаар заагаагүй, Цогтцэций сумын ажилчдын байр барих үнийн дүнтэй гэрээ. Цогтцэцийн ажилчдын байр дуусч, хүлээж авсан. Ханбогд сумын ажилчдын байр бариагүй, зөвхөн хундам цутгасан. Хундам цутгахдаа цемент ВАТТ ХХК-иас гаргасан. Хундам цутгахтай холбоотой тоног төхөөрөмжийг ВАТТ ХХК гаргасан. Зөвхөн хундам цутгасны төлөө 14.000.000.000 төгрөгийн үнийн дүнтэй шаардлага гаргасан нь үндэслэлгүй байна. Гэрээнд заасан барилгын ажлыг 4 сарын хугацаанд гүйцэтгэх ёстой байсан ч хугацаа хэтэрсэн. Хуулийн фирмээс ирүүлсэн бичигт давагдашгүй хүчний гэж бичээгүй, хүндэтгэн үзэх шалтгааны улмаас гэж бичсэн. Нэхэмжлэгчийн давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлаас 10.093.614.525 төгрөг нэхэмжилсэн гэх тайлбар үндэслэлгүй байна. Давагдашгүй хүчин зүйлийн шинжтэй нөхцлийг барилгын ажил гүйцэтгэх гэрээний 47 дугаар зүйлийн 47.2-д тодорхой тусгасан. Ханбогд сумын Засаг даргын албан бичгээр давагдашгүй хүчин зүйлийн шинжтэй нөхцөлд хамаарахгүй. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдээс шийдвэр гарч, газрын кадастрын албанаас зураг төсөл гарснаар батлагдах ёстой. Сумын Засаг даргын албан бичиг захирамж, шийдвэрийн аль ч биш. Засгийн газар, яам, тамгын газрын хүрээнд тийм шийдвэр гараагүй гэж үзэж байна. Хөрөнгийн үнэлгээний төв ХХК ажлын үнэлгээ гаргасан. Захиалагч гэрээг хугацаанаас өмнө цуцлахаар бол ажил гүйцэтгэгчид учирсан хохирлыг төлнө гэдэг заалт байдаг. Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-иас гарсан 1.200.000.000 төгрөг төлөхөд бэлэн гэдгээ илэрхийлж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас хасаж тооцсон. Иргэний хуульд нийцээгүй барилгын ажил гүйцэтгэх гэрээтэй. Гэрээ цуцалтын заалт Монгол улсын Иргэний хуульд харш барилгын ажил гүйцэтгэх гэрээ. Тийм ч учраас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад энэ талаар тусгасан. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Хөрөнгийн үнэлгээний төв ХХК бодитоор учирсан хохирлын хэмжээг гаргасан гэв.

Хариуцагч  ВАТТ ХХК-ийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийг дэмжиж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  ВАТТ ХХК нь 2012 оны 7 дугаар сарын 31-ний өдөр ИССМ ХХК-тай Өмнөговь аймгийн Ханбогд суманд, мөн Цогтцэций суманд нийт 2 кэмп Барих-Өмчлөх-Ашиглах-Шилжүүлэх Гэрээ байгуулсан. Гэрээг байгуулахдаа ИССМ ХХК нь ажилчдын кэмпийн барилга байгууламжийг дөрвөн сарын хугацаанд барьж гүйцэтгэх, барьсан барилга байгууламжаа түрээслэх, түрээсийн явцад үйлчилгээ үзүүлэхээр тохиролцсон ба нийт уг төслийн төлбөрийг 19.052.683.648 төгрөг 61 мөнгө гэж гэрээний хавсралт 9-д тохиролцсон. Гэрээний 1 дүгээр зүйлд заасны дагуу ИССМ ХХК нь ажил эхлүүлэх тухай мэдэгдэл хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор кэмпийн барилгын ажлыг эхлүүлж улмаар дөрвөн сарын хугацаанд барилга байгууламжийг бүрэн барьж дуусгах ёстой байсан. ВАТТ ХХК-аас 2012 оны 10 сарын 8-ны өдөр ИССМ ХХК-д хүргүүлсэн барилгын ажил эхлүүлэх тухай мэдэгдэлд барилгын ажлыг дуусгах хугацааг 2013 оны 2 сарын 28-ны өдөр гэж тодорхойлсон ба ИССМ ХХК нь энэ хугацаанд барилгын ажлыг дуусгахаа хүлээн зөвшөөрч мэдэгдэлд гарын үсэг зурсан байдаг. Гэвч ИССМ ХХК нь дээрх үүргээ зөрчсөн. Тодруулбал, гэрээ болон барилгын зураг төслийн дагуу ИССМ ХХК нь дөрвөн сарын хугацаанд хоёр давхар ажилчдын байр, хооллох байр, спорт зал, үйлчилгээ техникийн байр, эмнэлгийн байр, амрах талбай, авто зам, авто зогсоол зэрэг барилга байгууламжийг цогцоор нь барьж байгуулах мөн холбогдох тоног төхөөрөмжүүдийг иж бүрнээр нь суурилуулах ёстой байсан боловч уг үүргээ биелүүлээгүй. Мөн түүнээс гадна өнгөрсөн хугацаанд ИССМ ХХК нь ердөө барилгын суурийн цутгалтын ажлыг л хийж өссөн дүнгээр долоон зуу орчим сая төгрөгийн зардал гаргасан ба барилгын бусад ажил огт хийгдээгүй болно. Харин ВАТТ ХХК нь гэрээнд заасны дагуу нийт 14.828.828.295 төгрөг 98 мөнгийг төлж үүргээ биелүүлсэн. Гэрээ байгуулагдсанаас хойш ИССМ ХХК нь барилгын суурийг цутгасан болон цөөн тооны контейнер зэрэг материалуудыг татаж нийлүүлэх зэрэгтэй холбоотой зардлыг л гаргасан. Гэвч ИССМ ХХК нь бодит зардлыг нотлох баримтуудаа гаргаж өгөөгүй ба харин Гэрээний хавсралт 9-д заасан жагсаалтын хүрээнд хийгдэх ажлын дэлгэрэнгүй задаргаа, тухайн ажил тус бүрт зарцуулагдах төлбөрийн нарийвчилсан тооцооллыг гарган бидэнд ирүүлсэн байдаг. Энэхүү задаргааг ИССМ ХХК-ийн гүйцэтгэсэн бодит ажилтай харьцуулж өссөн дүнгээр тооцоход 1.274.000.000 төгрөгийн ажлыг хийсэн байна. Тиймээс манай компанийн зүгээс нийт төлсөн төлбөр болох 14.828.828.295 төгрөг 98 мөнгөнөөс ИССМ ХХК-ийн хийсэн бодит ажлын гүйцэтгэл өссөн дүнгээр 1.274.000.000 төгрөг ба Цогтцэций суманд баригдсан төслийн ажил 10.478.976.006 төгрөг 74 мөнгийг хасч, зөрүү төлбөр болох 3.075.852.289 төгрөг 24 мөнгийг гаргуулахаар энэхүү сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Хоёр. Гэрээний түрээстэй холбоотой заалтуудыг хүчингүй болгох шаардлагын талаар. ИССМ ХХК-ийн 10.093.614.525 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь гэрээний түрээсийн харилцаан дээр үндэслэж гарч ирсэн байна. Тодруулбал, нэхэмжлэгч ИССМ ХХК нь Гэрээний Хуваарь 9 болон Хуваарь 10-ын 1 дэх хэсэгт заасанчлан "... БӨАШ Гэрээний дүнтэй тэнцүү буюу... 10.093.614.525 төгрөг-ийг гаргуулах гэсэн шаардлагыг шүүхэд гаргасан. Гэрээний 1.1-т заасан нэр томьёоны тайлбар хэсэгт ББӨАШ Гэрээний үнэ гэж 9-р хавсралтад заасан нийт түрээсийн хугацаанд төлөх үнэтэй тэнцүү хэмжээтэй ажлын бүх зардлыг ойлгоно гэж заасан. Түрээсийн харилцааг зохицуулсан Гэрээний заалтууд нь дараах байдлаар хууль зөрчсөн байна. Тодруулбал, Гэрээний 1.1-т Түрээс гэдэгт ВАТТ ХХК-ийн ажиллагсдын амьдрах кэмпийг Ажил гүйцэтгэгч ВАТТ ХХК-д түрээслэхтэй холбоотойгоор ВАТТ ХХК болон Ажил гүйцэтгэгчийн хооронд хийгдсэн түрээсийг ойлгоно..., 6.2-д Ажил гүйцэтгэгч нь Төслийн барилга байгууламжийг ВАТТ ХХК-д түрээслэх гэж тус тус заажээ. Гэвч Гэрээ байгуулах үед дээрх түрээсийн зүйл буюу кэмп нь баригдаагүй байсан. Түүнчлэн Гэрээний 6.3-д Түрээс нь Барилгын ажил эхэлсэн өдөр эхэлнэ гэж зааснаас үзэхэд талууд баригдаагүй барилгыг түрээслэх тухай тохиролцсон нь тодорхой байна. Гэрээний 6.2-т заасан түрээсийн хугацаа эхлэхэд буюу барилгын ажил эхэлсэн өдөр ВАТТ ХХК-д түрээслэхээр тодорхой хөрөнгө шилжүүлээгүй, шилжүүлэх ч боломжгүй юм. Ийнхүү баригдаагүй, хоосон барилга байгууламжийг түрээслэхээр талууд Гэрээндээ заасан нь Иргэний хуулийн 318.1-д Түрээсийн Гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх гэсэн заалттай шууд зөрчилдөж байна. Иргэний хуулийн 300.1.2-д орон сууц хөлслөх гэрээгээр гэрээ цуцлах эрхийг хассан буюу хязгаарласан тохиролцоо хүчин төгөлдөр бус гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл түрээслэгч нь хэдийд ч хуульд заасан журмын дагуу эд хөрөнгө хөлслөх буюу түрээсийн гэрээг цуцлах эрхтэй байдаг ба уг эрхийг гэрээгээр хязгаарлахыг хориглосон байдаг. Гэвч гэрээний 6.4-д ВАТТ ХХК нь түрээсийг цуцлах эрхийг эдлэхгүй байхаар зохицуулсан нь дээрх хуулийн зохицуулалттай зөрчилдөж байна. Иргэний хуулийн 300.1.3-т учруулсан гэм хороос илүү хэмжээгээр хохирлыг нөхөн төлөхийг хөлслөгчид үүрэг болгосон гэрээ буюу тохиролцоо хүчин төгөлдөр бус байна гэж заасан. Гэтэл давагдашгүй хүчин зүйлийн улмаас гэрээ (үүнд түрээсийн зохицуулалт хамаарна) цуцалснаас үүдэн ББӨАШ Гэрээний үнэ үнийг төлнө, гэрээний 1 дүгээр зүйлд ББӨАШ гэрээний үнэ гэж 9-р хавсралтад заасан нийт түрээсийн хугацаанд төлөх үнэтэй тэнцүү хэмжээтэй ажлын бүх зардлыг ойлгоно гэж заасан нь учруулсан гэм хороос илүү хэмжээгээр хохирлыг нөхөн төлөхийг хөлслөгч буюу түрээслэгчид үүрэг болгосон зохицуулалт гэж ойлгогдож байна. ИССМ ХХК нь барилгын ажлын хүрээнд зөвхөн суурь цутгаад дахин өөр ажил хийгээгүй учраас түрээсийн харилцаа үүсээгүй байхад түрээсийн хугацаанд олох ёстой орлогыг ББӨАШ гэрээний үнэ гэсэн заалтыг үндэслээд нэхэж байгаа нь хууль бус юм. Иймд тус Гэрээний 1 дүгээр зүйлд заасан ББӨАШ Гэрээний үнэ гэсэн заалт нь Иргэний хуулийн 300.1.3 дахь заалтыг зөрчиж байна. Иргэний хуулийн 318.3-т ... үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ, 318.4-т энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэжээ. Гэрээний 6.2-т заасны дагуу талууд төслийн барилга байгууламж буюу үл хөдлөх хөрөнгийг түрээслэхээр харилцан тохиролцсон байдаг. Гэвч уг гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй учраас түрээсийн харилцааг зохицуулсан гэрээний холбогдох заалтууд нь хүчин төгөлдөр бус юм. Эдгээрээс гадна ИССМ ХХК нь кэмпийн барилга байгууламжийг ВАТТ ХХК-ийн санхүүжилт, хөрөнгөөр бариад зөрүүлээд ВАТТ ХХК-д өөрт нь түрээслүүлэх, түрээсийн хугацааны төлбөр авахаар тохиролцсон нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлд үл нийцэж байна. Иймд Иргэний хуулийн 300.1.2, 300.1.3, 318.1, 318.3, 318.4, 56.1.1 дэх заалтуудыг үндэслэн түрээсийн харилцааг зохицуулсан гэрээний дараах заалтуудыг хүчингүй болгож өгнө үү. Үүнд: Гэрээний 1.1 Түрээс гэх тодорхойлолт, гэрээний 1.1 ББӨАШ Гэрээний үнэ гэх тодорхойлолт, гэрээний 6.2, 6.3, 6.4, 6.5, гэрээний Хавсралт 9-н нэг кэмпийн түрээс /НӨАТ ороогүй/ 10.093.614.525 гэсэн заалтууд. Гурав. Гэрээ дуусгавар болсны дараа үүргийн гүйцэтгэлийг шаардахтай холбоотой заалтуудын талаар. Нэхэмжлэгч нь Гэрээний 37.5 (а), Гэрээний 37.8 (а), Гэрээний Хуваарь 10-н IV (а), Гэрээний Хавсралт 10-н Худалдан авалтын үнэ Д1 гэсэн заалтуудыг үндэслэж гэрээ дуусгавар болсны дараа ВАТТ ХХК нь төлбөр төлөх ёстой гэж үзэн нэхэмжлэл гаргажээ. Иргэний хуулийн 221.1, 355.2-д заасны дагуу Ажил гүйцэтгэгч ВАТТ ХХК нь гэрээнээс татгалзах эрхтэй ба энэ тохиолдолд Иргэний хуулийн 355.6-д заасны дагуу ИССМ ХХК-д учирсан хохирол буюу бодит гарсан зардлыг л нөхөн төлөх үүрэгтэй. Гэтэл нэхэмжлэгчийн тайлбарлаж буйгаар гэрээний дээрх заалтууд нь үүргийг дуусгавар болгох бус харин үүсээгүй үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь шаардахад чиглэгджээ. Мөн ажил гүйцэтгэгчийн гэрээнээс татгалзах эрхийг хязгаарласан байна. Учир нь Гэрээнд гэрээг аль нэг тал цуцлах, татгалзахыг шууд хориглоогүй боловч гэрээ дуусгавар болсноор гэрээний төлбөрийг бүхэлд нь шаардах эрхтэй байхаар заасан нь ажил гүйцэтгэгчийн хуульд заасан эрхийг хязгаарласан гэж тооцогдоно. Иймд Иргэний хуулийн 221.1, 355.1, 355.6, 56.1 дэх заалтуудыг үндэслэн гэрээ дуусгавар болсны дараа үүргийн гүйцэтгэлийг шаардахтай холбоотой дараах заалтуудыг хүчингүй болгож өгнө үү. Үүнд: гэрээний 37.5 (а), 37.8 (а), Хуваарь 10-н IV (а), Хавсралт 10-н Худалдан авалтын үнэ Д1 гэсэн заалтууд. Энэхүү гэрээг ерөнхийд нь дүгнэж үзэхэд хэт нэг талыг барьсан, төвөгтэй, ойлгомжгүй бичигдэж төөрөлдүүлэх замаар ВАТТ ХХК-д ихээхэн хэмжээний хариуцлага хүлээлгэхэд чиглэсэн, гадны гэрээг хуульд нийцүүлэхгүйгээр хуулбарласан, Монгол Улсын хууль тогтоомжийн олон заалтыг зөрчсөн гэрээ байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

Нэхэмжлэгч ИССМ ХХК-ийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбарыг дэмжиж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ хуульд нийцэхгүй байна. Яагаад гэвэл нэгдүгээрт хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргахдаа Ханбогд суманд баригдаж байсан барилгын ажил хугацаанд гүйцэтгээгүй, ажил хаяж явсан. Зардал гарсан мөнгөө буцааж авмаар байна гэсэн. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч тал гэрээний үүргээ зөрчсөн гэж тайлбарлаж байна. Бид үүнтэй санал нийлэхгүй. Яагаад гэвэл хэрэгт нотлох баримтаар авагдсан ажил зогсоох мэдэгдэлд нэмэлт зардал битгий гаргаач, Орон нутгийн төрийн байгууллагууд тодорхой шийдвэр гаргаж байгаа юм байна. Иймд ажлаа зохицуулаач гэсэн мэдэгдэл гарсан. Хоёрдугаарт: 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч мэдэгдэл өгч, гэрээ цуцалсан. Мэдэгдэлд Иргэний хуулийн 221 дүгээр зүйл буюу урьдчилан таамаглах боломжгүй нөхцөл үүссэн тул гэрээг хүндэтгэн үзэх шалтгаанаар цуцалж байна гэдгийг тодорхой заасан. Цогтцэций, Ханбогд гэсэн 2 гэрээ нэг дор байгуулсан. Цогтцэцийн гэрээ хэрэгжиж дууссан. Талуудын хооронд ямар ч маргаан байхгүй. Ханбогдтой холбоотой гэрээ цуцлагдаж байна. Гэрээний ажлаа зогсоо, нэмэлт зардал битгий гаргаарай гэж 180 хоног зааж өгсөн. Барих, өмчлөх, ашиглах, шилжүүлэх гэрээнд заасан давагдашгүй хүчин зүйлийн улмаас гэрээ цуцлахтай холбоотой заалт. Уг гэрээнд хэн нэгнээс хамаарахгүй, тодорхой бус нөхцөл байдлын улмаас цаашид гэрээ хэрэгжүүлэх боломжтой бол нөгөө талдаа энэ талаар нэн даруй мэдэгдэнэ гэж заасан. Үүний дагуу 4, 5 сард мэдэгдэл өгсөн. Мэдэгдэл өгснөөс хойш 180 хоногийн дотор гэрээ хэрэгжүүлэхэд саад болсон нөхцөл байдлыг арилгах талаар хүчин чармайлт гаргаж ажиллахаар заасан. 180 хоног өнгөрсний дараа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гэрээ цуцлах мэдэгдэл өгсөн. Ханбогд сумын барилгын ажил зогсоосноос үүссэн. Барилгын туршлагагүйгээс гэрээний үүрэг зөрчсөн гэж үзэж байгаа бол Цогтцэцийн барилга зургийн дагуу, төсөвтөө багтаж баригдсан юм бэ. Гэрээний нэг тал биднээс шалтгаалахгүй нөхцлөөс барилгын ажил цаашид явагдах боломжгүй болсон тул гэрээ цуцлъя гэснээр маргаан үүссэн. Хариуцагчийн гаргасан санаачлагаар ажил зогссон. Түүнээс нэхэмжлэгч тал ажлаа хаяж эсвэл хийж чадахгүйгээс ажил үргэлжлэх боломжгүй гэж хэлсэн зүйл байхгүй. Хариуцагч ИССМ ХХК барилгын ажил дуусах хугацааг 2013 оны 2 сарын 28-ны өдөр гэж тодорхойлсон ч ажил хийгээгүй гэдэг. Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлд зааснаар 2013 оны 2 сарын 28-ны дотор ажил хийх ёстой гэсэн үүргийн гүйцэтгэл шаардаж байгаа бол Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар 2016 оны 3 сарын 01-ний өдөр шаардах эрх дууссан. ВАТТ ХХК 2016 оны 3 сарын 01-ний өдөр гэхэд шүүхэд нэхэмжлэл гаргаагүй. 2017 оны 4 сарын 16-ны өдөр, 2017 оны 6 сарын 06-ны өдөр, сүүлд 2 сар хариуцагч тал сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргасан. Нэхэмжлэгч тал хариуцагчийг гэрээ цуцалснаас хойш 3 жилийн хугацаанд хөөн хэлэлцэх хугацаанд гэрээ цуцалснаас үүссэн маргааныг арилгая, гэрээний үр дагаврыг арилгах боломжгүй тул гарсан зардлаа мөнгөөр төлүүлье гэж шаардлага гаргасан. Хариуцагчийн талын сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргах хугацаа өнгөрсөн. Бодит байдал дээр нэхэмжлэгч үүргээ гүйцэтгэсэн хариуцагч талаас гаргасан хүсэлт, мэдэгдлийн дагуу гэрээ цуцлагдсан гэдгийг хэлмээр байна. Гэрээний 37.5, 37.8, хавсралт 10.4а, Д1 гэсэн заалтуудыг хүчингүй болгуулах шаардлага гаргасан. Талуудын хооронд барилга угсралтын, түрээс зэрэг холимог гэрээ байгуулагдсан. Тодорхой зүйл барьж бий болох хүртэл хугацаанд барилга угсралтын гэрээтэй холбоотой ажил гүйцэтгэх гэрээний асуудал яригдана. Бий болсон өмчийг 36 сар буюу 3 сарын хугацаанд түрээслэх тухай холимог гэрээний шинж агуулагдсан. Орон сууц хөлслөх гэрээ биш. Хариуцагчийн арилжааны зориулалтаар ашиглаж байгаа орон сууцны зориулалттай, 300 хүний кэмп. Хариуцагч талын орон сууц хөлслөх гэрээний тодорхой нөхцөл зааж маргаж байгаа нь буруу байна. Гэрээний талуудын аль аль нь бизнесийн байгууллагууд аль, аль нь маш олон жил үйл ажиллагаа явуулсан. Томоохон хэмжээний эргэлттэй ажилладаг. Гэрээний явцад хариуцагч тал хуулийн фермээс зөвлөгөө авч байсан нь гэрээ цуцлах мэдэгдэл зэргээс тодорхой харагддаг. Иймд хариуцагчийн мэдээгүй байхад эсвэл хэрэглэгчийн эрх зөрчсөн мэтээр нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Хариуцагч тал сөрөг нэхэмжлэлийн 2 дахь шаардлагад 70.200 төгрөг төлсөн. Гэтэл 2 дахь сөрөг шаардлагын үнийн дүнг тодорхойлох боломжтой байсан. Нэхэмжлэлийн үнийн дүн тодорхойлохгүй 70.200 төгрөг төлсөн нь нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзах үндэслэл болох ёстой. Нэг дэх шаардлагын тухайд хөөн хэлэлцэх хугацаа дуусан, хоёр дахь шаардлагын тухайд 70.200 төгрөг төлөх ёстой байсан буюу нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй Үнэлэх боломжгүй эсвэл үнийг нь тодорхойлох боломжгүй нэхэмжлэлийн шаардлагад 70.200 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж төлдөг. Гэтэл хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлага тодорхойлох боломжтой байтал тодорхойлохгүйгээр улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төлсөн нь нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл болно. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн нэг дэх шаардлага хөөн хэлэлцэх хугацаа дууссан, хоёр дахь шаардлага нэхэмжлэлийн бүрдүүлээгүй. Талуудын хооронд Иргэний хуулийн дагуу гэрээ байгуулагдсан. Гэрээгээр Цогтцэций, Ханбогдын 20.000.000.000 төгрөгийн асуудал зохицуулсан. Талууд ажил, гэрээ зогссон үйл явдлыг тодорхой мэдэж байсан. Ханбогдын 10.000.000.000 төгрөгийн ажил зогссон талаар хэн ч маргаагүй. Хариуцагч тал гэрээ цуцалсан нь хууль бус гэж тайлбарлалаа. Гэтэл Монгол улсын ямар хууль зөрчиж гэрээ цуцалсан нь тодорхойгүй. Нэг талын хүсэл зоригоос гадуур гэрээ байгуулаагүй. Талуудын хооронд хойшлуулсан болзолтой хэлцэл байгуулагдсан. Болзол тавьсан хэлцэл талуудын хүсэл зоригоос хамаардаггүй. Тухайн үйл явдал болсноор гэрээнд заасан эрх, үүрэг хэрэгжих ёстой. Давагдашгүй хүчин зүйл арилгахгүй 180 хоносноор болзол бий болж, төлбөрийн асуудал яригдсан. Нэхэмжлэгч тал хариуцагчийн гаргасан албан бичгийг үндэслэж маргаж байна. Бид давагдашгүй хүчин зүйл үүссэн, гэрээ цуцалсан талаар маргаагүй. Гэрээ цуцалсан бол давагдашгүй хүчин зүйлийн улмаас үүссэн төлбөр, гарсан зардлыг төлбөрийг нэхэмжилж байна. Нэхэмжлэгч тал зардал нотолсон 3 шатны нотлох баримт гаргаж өгсөн. Бид зарцуулагдаагүй төлбөр нэхээгүй. Ямар зардал хаана зарцуулсныг нотлох банкны хуулга гаргаж өгсөн. Мөн зардал гаргах шаардлагагүй байсныг нотолсон туслан гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээ, нэхэмжлэл зэргийг өсгөн. Өөрөөр хэлбэл: Хэн нэгэнд өгөх ёсгүй мөнгийг тодорхой гэрээ байгуулсан этгээдүүд ажил гүйцэтгэсэн нэхэмжлэлээ явуулж, дансны дугаар ирүүлснийг бид банкаар шилжүүлсэн гэдгийг нотолсон. Гэрээ цуцлахаас өмнө хийгдсэн төлбөрүүд. Хөндлөнгийн шинжээчийн дүгнэлтэд хөрөнгийн зөрүү гарсан. Шинжээчийн дүгнэлтэд 2014 оны 12 сарын 14-ний өдөр Вейпа ХХК-тай байгуулсан гэрээний төлбөр ороогүй. Нэхэмжлэгч тал Вейпа ХХК-д захиа явуулж, захианд шүүхийн журмаар үзлэг хийлгэсэн. Захианд та нарын байшинг бид нар бэлэн болгосон, удаа хугацаанд хураалттай байсан учраас чанарын хувьд асуудал гарсан байж магадгүй. 65.000 ам.доллар шилжүүлбэл бид хэзээ ч ачуулахад бэлэн гэсэн. ВАТТ ХХК тэр байшин хэрэгтэй гэж үзэж байгаа бол 65.000 ам.доллар авч ачуулбал 56 контейнерээс гадна бүх контейнер бэлэн байсан. Нэхэмжлэгч барилгын иж бүрэн үйл ажиллагаа явуулдаг болохоос барилга хэрэггүй. Тэр байшинг барих, хадгалах газар байхгүй. Нэхэмжлэгчид Хятадад үйлдвэрлэсэн угсрахад бэлэн хураалттай контейнер ач холбогдолгүй, зардал болсон. Маргааны явцад зарагдсан 3 контейнерын төлбөр 40.000 ам.долларыг нэхэмжлээгүй. Нэхэмжлэгч тал гаргасан мөнгөө хангалттай нотлох баримтаар нотолж, нэхэмжилж байна. Хөрөнгийн үнэлгээний төвийн гаргасан шинжээчийн дүгнэлт тодорхой жишиг үнэ, зах зээлийн үнээс хэтэрхий өндөр байсныг Хятадад очоогүй учраас нотолж чадахгүй байна. ВАТТ ХХК тэр бум төгрөгийн татвар төлөгч, том компани. Урт хугацааны бизнесийн нарийн төвөгтэй харилцаанд оролцсон. Засаг даргын шийдвэр буцааж болох байсан эсэхийг мэдэхгүй байна. Хариуцагч тал боломжгүй гэдгээ илэрхийлж, гэрээ цуцалсан. Хариуцагч тал татгалзахдаа бид гэрээ байгуулаагүй эсвэл гэрээний үг үсэг алдаатай, давагдашгүй хүчин зүйлийн орчуулга буруу, хууль зөрчсөн хүчин заалт зэргээр мөнгө төлөхгүйн тулд арга хайж байгаа нь зохимжгүй санагдаж байна. Бидэнд нэхэмжлэлийн шаардлага бууруулах боломж байгаа. Хамгийн гол нь зардал дээр маргаан гарсан. Зардлыг тодорхойлж, шинжээч дүгнэлт гаргасан. Хариуцагч талын гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй, зарим шаардлагын хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй гэв.

 

Үндсэн болон сөрөг нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,              

           

 ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ИССМ ХХК нь хариуцагч ВАТТ ХХК-д холбогдуулан гэрээний дагуу гарсан зардал болон хохиролд 14.848.140.472 төгрөг гаргуулахаар үндсэн нэхэмжлэл, хариуцагч ВАТТ ХХК нь нэхэмжлэгч ИССМ ХХК-д холбогдуулан илүү төлсөн төлбөр 3.075.852.289 төгрөг 24 мөнгийг буцаан гаргуулах, талуудын хооронд байгуулсан гэрээний түрээсийн гэрээтэй холбоотой болон давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал үүссэн үед төлбөр төлөхтэй холбоотой зарим заалтыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохоор сөрөг нэхэмжлэл тус тус гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг тус тус хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч ИССМ ХХК нь хариуцагч ВАТТ ХХК-тай 2012 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт байрлах кэмптэй холбогдуулан Барилга байгууламж барих, өмчлөх, ашиглах, шилжүүлэх тухай гэрээ байгуулжээ.

Уг гэрээгээр ИССМ ХХК нь ВАТТ ХХК-ийн ажилчдын байрлах кэмпийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, үйл ажиллагаа явуулах болон засвар үйлчилгээ хийх, мөн кэмп болон түүний оршин суугчдад тав тухай амьдрахад шаардлагатай үйлчилгээгээр хангах, ВАТТ ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт 10.093.614.525 төгрөг болон түрээсийн төлбөр төлөх үүрэг хүлээсэн байна.

ВАТТ ХХК нь 2012 оны 10 дугаар сарын 08-ны өдөр ажил эхлүүлэх тухай №12/10-51 тоот мэдэгдэл өгснөөр барилгын ажлыг эхлүүлжээ.

Барилгын ажлыг гүйцэтгэж байх хугацаанд буюу 2013 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргаас ВАТТ ХХК-д Ханбогд сумын хот төлөвлөлттэй холбогдуулан аж үйлдвэрийн бүсэд тусгай зориулалттай газар ашиглуулах тул танай компани одоогийн эзэмшиж буй газар дээр ямар нэгэн барилга байгууламж, үл хөдлөх хөрөнгийн бүтээн босголт хийхгүй байхыг албан ёсоор мэдэгдэж байна гэсэн албан мэдэгдэл ирүүлж, ВАТТ ХХК-иас ИССМ ХХК-д Ханбогд кэмпийн барилгын ажлыг дор хаяж 12 сараар хойшлуулах тухай шийдвэр гаргасан талаар мэдэгдэж буйдаа харамсаж байна. Бидний энэхүү шийдвэр нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын 2013 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн албан бичиг дээр үндэслэсэн ба уг албан бичигт ВАТТ ХХК нь тус сумын нутаг дэвсгэр дээр ямар ч барилга байгууламж барих ёсгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн билээ... Иймээс бид та нарыг барилгын материалын бүх худалдан авалтыг цуцлахыг ба цаашдын мэдэгдэл хүртэл барилгын ажлыг түр хугацаагаар зогсоохыг тус тус хүсч байна... Миний бие хоёр талын нэхэмжлэхийн үлдэгдлийг хянах, барилгын ажлын тухай тохиролцох, дээр дурдсан саатлын үйл явцтай холбоотой уулзалт товлохыг хүсч байна гэсэн албан бичгийг хүргүүлснийг нэхэмжлэгчийн эрх бүхий ажилтан 2013 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авчээ.

Улмаар ВАТТ ХХК-ийн хуулийн компаниас 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдөр ИССМ ХХК-д 2012 оны 7 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт байрлах кэмптэй холбогдуулан Барилга байгууламж барих, өмчлөх, ашиглах, шилжүүлэх тухай гэрээг Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын албан мэдэгдлийн дагуу Иргэний хуулийн 221 дүгээр зүйлд заасны дагуу гэрээг цуцалж байгааг мэдэгдсэн байна.

Гэрээний талуудын хувьд гэрээг цуцалж байгаа талаар хэн аль нь маргаагүй бөгөөд харин гэрээг цуцалсан шалтгааныг нэхэмжлэгч нь гэрээнд заасан давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал үүссэн гэж, хариуцагч нь ердийн журмаар цуцалсан гэж маргаж, улмаар гэрээний дагуу хийгдсэн ажлын төлбөр, гэрээ цуцалсны төлбөр төлөх талаар зохигчдын хооронд маргаан үүсчээ.

Гэрээндээ зохигчид давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдалд юу тооцох талаараа тусгасан байна. Гэрээг цуцалсан шалтгаанаа хэн аль нь Ханбогд сумын Засаг даргаас ирүүлсэн албан бичигт дурдагдсан асуудлыг шийдвэрлэх боломжгүй болж, газар эзэмших, ашиглах боломжгүй болсон тул цуцалсан гэх үйл баримтын талаар маргаагүй бөгөөд харин энэ байдал нь гэрээнд тохиролцсон давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдалд хамаарах эсэх талаар маргаж байна.

Давагдашгүй хүчин зүйл гэдэгт талуудын хараа хяналтаас гадуур болсон, урьдчилан таамаглах боломжгүй, урьдчилан сэргийлж, шинжлэх ухаан, техникийн ололтыг ашиглан даван гарах боломжгүй тодорхой саад тотгор тохиолдсоны улмаас талууд гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүйд хүрэхийг ойлгодог.

Гэрээнийн нэр томъёо хэсэгт дурдагдсан дараах нөхцөл байдлыг давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал гэдэгт ойлгоно гэх тайлбарын (е)-д Ажил гүйцэтгэгч гэрээг зөрчснөөс бусдаар Засгийн газрын байгууллагын гаргасан алдааны улмаас олгоогүй, эсхүл шинэчлээгүй, эсхүл хүчин төгөлдөр бус зөвшөөрөл зэрэг Талууд гэрээний дагуу хүлээсэн үүргээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн биелүүлэх боломжгүй байдалд шууд хүргэж буй тохиолдлуудыг ойлгоно гэж заасан байх бөгөөд энэ нөхцөл байдал үүсч, гэрээ цуцлагдсан байна гэж шүүх дүгнэлээ.

 

Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

Нэг дэх шаардлага: Гэрээг цуцлах хүртэл хугацаанд худалдан авсан бараа, ажил, үйлчилгээ болон бусад зүйлд зарцуулсан зардалд 4.754.525.947 төгрөг гаргуулах тухай

 

Нэхэмжлэгч нь гэрээ цуцлах хүртэл хугацаанд гарсан зардлаа шаардаж байх бөгөөд энэ дүнгээс хариуцагчийн төлсөн төгрөгийг хасч тооцох боломжтой гэж, хариуцагч нь Хөрөнгийн Үнэлгээний Төв ХХК-ийн гаргасан шинжээчийн дүгнэлтээр тогтоосон 1.274.861.661 төгрөгийн хэмжээнд гарсан зардлыг тооцно гэж маргав.

Хэрэгт 2 удаа Барилгын Төсөвчдийн холбоог шинжээчээр томилсон боловч шинжээчийн дүгнэлт бүрэн биш, тодорхойгүй гарсан гэх үндэслэлээр дахин шинжээчээр Хөрөнгийн Үнэлгээний төв ХХК-ийг томилж, 2013 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Ханбогд сумын Засаг даргын албан бичиг ирсэнтэй холбоотой гэрээний худалдах авах ажиллагааг зогсоох хариуцагчийн мэдэгдлийг өгөх хүртэл хугацаанд нэхэмжлэгчийн худалдан авсан бараа, ажил үйлчилгээ, хийж гүйцэтгэсэн ажил, холбогдох зардлын талаар дүгнэлт гаргуулахад 1.274.861.661 төгрөг гэж тогтоосон байна.

Хариуцагч нь энэхүү дүгнэлтээр гарсан зардлыг хүлээн зөвшөөрсөн боловч нэхэмжлэгчээс гарсан зардлыг бүрэн бодитой дүгнэж, тусгаагүй, хилийн чанадад гарсан зардлыг оруулж тооцоогүй гэх үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй, гэрээ цуцлах хүртэл хугацааны нэхэмжлэгчийн худалдаж авсан бараа, ажил үйлчилгээ болон бусад төлбөр 1.450.747.016 төгрөг, гэрээ цуцлах хүртэл хугацааны нэхэмжлэгчийн худалдаж авсан бараа ажил үйлчилгээ 1.417.407 ам.доллар буюу 3.303.778.931 төгрөг, нийт 4.754.525.947 төгрөгийг гаргуулахаар шаардаж үүнээс хариуцагчийн төлсөн 1.973.859.492 төгрөгийг хасч тооцоход татгалзахгүй гэж тайлбарлаж байна.

Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн нотлох баримт гэж байхгүй бөгөөд шинжээчийн дүгнэлт нь бүрэн биш гарсан гэж үзвэл тухайн дүгнэлтийг шинжлэн судлаад шийдвэрийн үндэслэл болгохгүй байж болдог. Хэдийгээр Хөрөнгийн Үнэлгээний Төв ХХК-ийн шинжээчийн дүгнэлт нь нэхэмжлэгчийн санхүүгийн баримт, гаалийн мэдүүлэг зэрэгт үндэслэсэн боловч худалдан авсан бараа, ажил, үйлчилгээ, зардлыг бүрэн тусгаж чадаагүй байна гэж шүүх үзэж, нэхэмжлэгчийн гаргасан тооцооллыг баримталж шийдвэрлэлээ. Тухайлбал, БНХАУ-д худалдан авахаар захиалга өгч, төлбөр төлсөн түр сууцыг зөвхөн Монгол Улсад орж ирсэн тоо хэмжээгээр тооцсон нь учир дутагдалтай байна.

Түүнчлэн нэхэмжлэгч нь Цогтцэций суманд хийсэн ижил ажлын баримтыг хэрэгт гарган өгч, Ханбогд сумын ажлын санхүүгийн баримт тусдаа болохыг, мөн ямар хэмжээний худалдан авалт хийгдсэн болохыг нотолж байх тул түүний тайлбарыг баримтаар тогтоогдож байна гэж дүгнэсэн болно.

Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.6-д Хохирол арилгахтай холбогдсон шаардлагад энэ хуулийн 227 дугаар зүйл нэгэн адил хамаарна, мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж заасан бөгөөд гэрээ цуцлах мэдэгдэл ирэх хүртэл хугацаанд гарсан зардлыг үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй.

Иймд нэхэмжлэгчийн гарсан зардлын тооцооллыг хариуцагч баримтаар няцааж чадаагүй тул 4.754.525.947 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй бөгөөд энэ дүнгээс хариуцагчийн төлсөн 1.973.859.492 төгрөгийг хасч тооцоход татгалзахгүй гэсэн нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэн хасч, хариуцагчаас 2.780.666.455 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Хоёр дахь шаардлага: Давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас гэрээг цуцалсны төлбөрт 10.093.614.525 төгрөг гаргуулах тухай

 

Талуудын хооронд байгуулсан гэрээний 37.8 дугаар зүйлийн (а) хэсэгт Хэрэв дээрх 37.4 дүгээр зүйл, 37.5 дугаар зүйлийн дагуу гэрээг бүхэлд нь эсхүл түүний Үйлчилгээтэй холбоотой хэсгийг цуцалсан тохиолдолд ВАТТ ХХК нь 10 дугаар хавсралтад заасны дагуу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас гэрээг цуцалснаар төлөх үнийн дүнг Ажил гүйцэтгэгчид төлнө, Гэрээний 10 дугаар хавсралтын IV (a) заалтад хэрэв гэрээг ажил үйлчилгээг эхлүүлэх өдрөөс өмнө гэрээний 37.5 дугаар заалтын дагуу давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалан цуцалсан бол ВАТТ ХХК худалдан авалтын дүн Д1-ийн дагуу мөнгөн дүнг гүйцэтгэгчид төлнө, Гэрээний хуваарь 9, 10-ын 1 дэх хэсэгт худалдан авалтын Д1 дүн нь гэрээний дүнтэй тэнцүү байна гэж тус тус зааснаар шаардаж байгаа гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлж байна.

Хариуцагч тал гэрээний энэхүү заалт нь хэт нэг талыг барьсан, төвөгтэй ойлгомжгүй байдлаар бичигдэж, төөрөгдүүлсэн, хууль зөрчсөн тул хүчингүй болгуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлаж байна.

Шүүхээс сөрөг нэхэмжлэлийн зарим хэсэг буюу 2012 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн Ханбогд суманд ажилчдын кэмп барих өмчлөх ашиглах шилжүүлэх гэрээний гэрээ дуусгавар болсны дараах үүргийн гүйцэтгэлийг шаардахтай холбоотой 37.5(а), 37.8(а), Хавсралт 10-ын IV(а) заалтыг хүчин төгөлдөр бус гэж шийдвэрлэсэнтэй холбоотойгоор үндсэн нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгосон болно.

 

Сөрөг нэхэмжлэлийн нэг дэх шаардлага: Гэрээний төлбөрт илүү төлсөн 3.075.852.289 төгрөг 24 мөнгийг буцаан гаргуулах тухай

 

Хариуцагч нь Барилга байгууламж барих, өмчлөх, ашиглах, шилжүүлэх гэрээний төлбөрт нийт 14.828.828.295 төгрөг 98 мөнгө төлсөн. Үүнээс Цогтцэцийн кэмпийн гэрээний төлбөр 10.478.976.006 төгрөг 74 мөнгийг хасвал Ханбогдын кэмпийн ажилд 4.349.852.289 төгрөг 24 мөнгийг шилжүүлсэн байх ба үүнээс шинжээчийн дүгнэлтээр гарсан үнэ болох 1.274.000.000 төгрөгийг хасч тооцвол 3.075.852.289 төгрөг 24 мөнгийг илүү төлсөн байх тул буцаан гаргуулна гэж шаардаж байна.

Илүү төлбөр төлсөн болохоо нотлох зорилгоор Худалдаа Хөгжлийн банк, Голомт банк, Хаан банкнаас тусын гүйлгээний жагсаалтыг гаргаж ирүүлжээ. Гэвч гүйлгээний утга хэсэгт Цогтцэций сумын ажил, Ханбогд сумын ажил гэж зааглаж ялгаагүй байхаас гадна нэхэмжлэгч нь Ханбогд сумын ажилд 3 удаагийн төлбөрийн шилжүүлгээр 1.973.859.492 төгрөгийг л хүлээж авсан. Хариуцагчийн бусад шилжүүлсэн төлбөр нь Цогтцэций сумын кэмпийн барилгын ажил гүйцэтгэх гэрээ болон түрээсийн гэрээний төлбөр гэж татгалзаж тайлбарласныг хариуцагч нотлох баримтаар нотолж няцааж чадахгүй байна.

Иймд илүү төлбөр төлсөн гэж үзэх үндэслэл нотлогдоогүй гэж дүгнэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Сөрөг нэхэмжлэлийн хоёр дахь шаардлага: 2012 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн Өмнөговь аймгийн Ханбогд суманд ажилчдын кэмп барих өмчлөх ашиглах шилжүүлэх гэрээний түрээстэй холбоотой заалтууд буюу гэрээний 1.1-т заасан Түрээс гэсэн тодорхойлолт, гэрээний үнэ гэсэн тодорхойлолт, гэрээний 6.2, 6.3, 6.4, 6.5 дахь заалтууд, Гэрээний хавсралт 9-ийн нэг кэмпийн түрээс 10.093.614.525 төгрөг гэсэн заалтуудыг хүчингүй болгуулах тухай

 

Хариуцагч нь талуудын хооронд байгуулсан гэрээний 6.2-т Ажил гүйцэтгэгч нь Төслийн барилга байгууламжийг ВАТТ ХХК-д түрээслэнэ, 6.3-т Түрээс нь Барилгын ажил эхэлсэн өдөр эхэлнэ гэж заасан нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасантай зөрчилдсөн. Гэрээний 6.4-т ВАТТ ХХК нь түрээсийг цуцлах эрхийг эдлэхгүй байхаар зохицуулсан нь Иргэний хуулийн 300 дугаар зүйлийн 300.1.2-т заасан гэрээ цуцлах эрхийг хассан буюу хязгаарласан тохиролцоо хүчин төгөлдөр бус болно. Гэрээний үнэ гэсэн заалт нь Иргэний хуулийн 300.1.3-т учруулсан гэм хороос илүү хэмжээгээр хохирлыг нөхөн төлөхийг хөлслөгчид үүрэг болгосон тул хүчин төгөлдөр бус болно гэж сөрөг шаардлагын үндэслэлээ тодорхойлж байна.

 

Талуудын хооронд байгуулсан гэрээ нь ажил гүйцэтгэх болон түрээсийн гэрээ хосолсон гэрээ гэдгийг зохигчид хэн аль нь хүлээн зөвшөөрч байх бөгөөд хариуцагч нь түрээсийн гэрээтэй холбоотой зарим зохицуулалт нь Иргэний хуулийн холбогдох шаардлагыг зөрчиж байгаа тул хууль зөрчсөн буюу Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж тайлбарлаж байна.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрмэнд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ. Түүнчлэн Иргэний хуулийн 83 дугаар зүйлд Аливаа этгээд нь хуулиар хориглоогүй, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшлахгүйгээр эдийн баялаг болох эд юмс болон эдийн бус баялаг болох оюуны үнэт зүйлс, эрхийг олж авч болох бөгөөд энэ тохиолдолд дээрх баялаг нь хөрөнгө болно гэж хөрөнгө гэдэг ойлголтын тодорхойлсон.

Эндээс түрээсийн гэрээний зүйл нь ашиглаад үр шимийг нь хүртэж болох бодитоор байгаа хөрөнгийг түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэх тухай асуудал яригдана.

Гэтэл талуудын хооронд байгуулсан 2012 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн гэрээний 6.3-т Түрээс нь Барилгын ажил эхэлсэн өдөр эхэлнэ гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасантай зөрчилдөж байна. Өөрөөр хэлбэл, талууд бий болоогүй хөрөнгийг түрээслэхээр тохиролцож, гэрээний төлбөр төлөх хугацааг барилгын ажил эхэлсэн өдрөөс тооцож байгаа нь гэрээний талуудын тэгш эрхийн зарчим, шударга ёсны зарчимд мөн харшилж байна.

 

2012 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн Өмнөговь аймгийн Ханбогд суманд ажилчдын кэмп барих өмчлөх ашиглах шилжүүлэх гэрээний 6.4-т Түрээсийн хугацааг үл харгалзан, ВАТТ ХХК нь доор зааснаас бусад тохиолдолд аливаа түрээсийг цуцлах эрхээ эдлэхгүй гэжээ.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5-д Энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилнэ, мөн хуулийн 300 дугаар зүйлийн 300.1.3-т учруулсан гэм хороос илүү хэмжээгээр хохирлыг нөхөн төлөхийг хөлслөгчид үүрэг болгосон бол эд хөрөнгө хөлслөхтэй холбоотой дараахь гэрээ буюу тохиролцоо хүчин төгөлдөр бус байна гэж заасан.

Түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний эрх зүйн зохицуулалтыг хэрэглэж болох тул түрээсийн гэрээг ч мөн адил нэн даруй цуцлах боломжтой. Тодорхой хугацаатай байгуулсан түрээсийн гэрээг ч мөн цуцалж болох бөгөөд гэрээ цуцлах эрхийг хязгаарласан, хориглосон гэрээний заалт нь харилцан итгэлцэл, шударга ёсны зарчимд харш, уг нөхцөлийг хүлээн зөвшөөрөгч нөгөө талдаа хохиролтой байдлаар тусгагдсан байгаа нь энэхүү заалтыг хүчин төгөлдөр бус гэж дүгнэхээр байна.

 

Талуудын хооронд байгуулсан 2012 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн Өмнөговь аймгийн Ханбогд суманд ажилчдын кэмп барих өмчлөх ашиглах шилжүүлэх гэрээний түрээсийн гэрээний 6.5-д Аливаа шалтгаанаар гэрээг дуусгавар болох өдрөөс өмнө цуцлагдах тохиолдолд түрээс нь цуцлагдсан өдрөөс эхлэн хүчингүй болно. Ажил гүйцэтгэгч нь Түрээстэй холбоотой өөрийн эрхээс татгалзсан хүчин төгөлдөр саналаа түүнийг бүртгүүлэхэд шаардлагатай, гарын үсэг зурж баталгаажуулсан маягтын хамтаар нэн даруй ВАТТ ХХК-д хүргүүлнэ. Ажил гүйцэтгэгч нь дээрх саналыг аливаа холбогдох газрын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай буюу зүйтэй хэмээн үзсэн бүхий л арга хэмжээг авч, туслалцаа үзүүлнэ гэж заажээ.

Энэхүү зохицуулалт нь Иргэний хуулийн ямар зүйл заалтыг зөрчсөн болон гэрээний оролцогчийн ямар эрхийг хязгаарласан болохыг хариуцагч тайлбарлаж, нотлох баримтаар нотолж мэтгэлцээгүйн дээр Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д зааснаар Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна гэж зааснаар үгийн шууд утгаар гэрээний энэхүү зүйлийг тайлбарлабал хугацаанаас өмнө гэрээ цуцлагдсан тохиолдолд түрээсийн гэрээ мөн адил цуцлагдахаар, гэрээ цуцлагдсантай холбоотой ажил гүйцэтгэгч буюу ИССМ ХХК нь бүртгэлд шаардлагатай баримтыг гарган өгч туслалцаа үзүүлнэ гэсэн агуулгатай байх бөгөөд энэхүү заалт нь гэрээний талын тэгш эрх, шударга ёсны зарчмыг зөрчөөгүй, хуульд нийцээгүй гэж үндэслэл тогтоогдсонгүй. Иймд нь гэрээний 6.5 заалтыг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэлээ.

 

Харин гэрээнд хэрэглэж байгаа нэр томъёоны тайлбар нь хуульд нийцээгүй гэх байдал тогтоогдохгүй бөгөөд гэрээний талууд тухайн нэр томъёог хэрхэн ойлгох талаар тайлбарласан тайлбар нь эрх зүйн үр дагавар бий болгоогүй тул гэрээний түрээс гэх тодорхойлолт, түрээсийн гэрээний үнэ гэх тайлбарыг хүчин төгөлдөр бус гэж тогтоох шаардлагагүй болно.

 

Сөрөг нэхэмжлэлийн гурав дахь шаардлага: 2012 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн Өмнөговь аймгийн Ханбогд суманд ажилчдын кэмп барих-өмчлөх-ашиглах-шилжүүлэх гэрээний гэрээ дуусгавар болсны дараах үүргийн гүйцэтгэлийг шаардахтай холбоотой 37.5(а), 37.8(а), Хавсралт 10-ын IV(а), Хавсралт 10-ын худалдан авалтын үнэ Д1 гэсэн заалтыг хүчингүй болгуулах тухай

 

Монгол Улсын 1997 оны 7 дугаар сарын 9-ний өдөр нэгдэн орсон 1980 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр Вена хотноо байгуулсан Олон улсын бараа худалдах, худалдан авах гэрээний тухай НҮБ-ын Конвенц-ийн 79 дүгээр зүйлд хариуцлагаас чөлөөлөхтэй холбоотой харилцааг зохицуулсан.

Тус зүйлийн (1)-д Аль нэг тал үүргээ гүйцэтгээгүй нь түүний хяналтаас гадна орших саад бэрхшээлээс болсон бөгөөд гэрээ байгуулах үед уг саад бэрхшээлийг тооцох, түүнээс зайлсхийх буюу түүний үр дагаврыг нь давж гарах арга замыг урьдчилан тооцох аргагүй байсныг дээрх тал тус тус нотолбол тухайн тал үүрэг гүйцэтгээгүйн хариуцлагыг хүлээхгүй гэж заасан бөгөөд талуудын хооронд байгуулсан гэрээний давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал үүссэний улмаас гэрээг цуцалсаны хохирол төлбөр төлөхтэй холбоотой гэрээний 37.5(а), 37.8(а), Хавсралт 10-ын IV(а) заалтууд нь дээрх Олон улсын гэрээ буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд нийцээгүй, талуудын тэгш эрх, шударга ёсны зарчимд нийцээгүй, хэт нэг талыг барьсан зохицуулалт байх тул 2012 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн талуудын хооронд байгуулагдсан хэлцлийн эдгээр заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хүчин төгөлдөр бус гэж дүгнэлээ.

Өмнө дурдсанчлан гэрээнд хэрэглэж байгаа нэр томъёоны тайлбар нь гэрээний талууд тухайн нэр томъёог хэрхэн ойлгох талаар тайлбарласан байх тул худалдан авалтын үнэ Д1 гэх тайлбарыг хүчин төгөлдөр бус гэж тогтоох шаардлагагүй гэж үзэв.

 

Эдгээр нөхцөл байдлыг нэгтгэн дүгнээд, үндсэн нэхэмжлэлээс гүйцэтгэсэн ажил, худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний зардалд төгрөг гаргуулах хэсгээс 2.780.666.455 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, үлдэх 1.973.859.492 төгрөг болон гэрээ цуцалсны төлбөрт 10.093.614.525 төгрөг буюу нийт 12.067.474.017 төгрөг гаргуулах хэсгийг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлээс 6.2, 6.3, 6.4 дэх заалт, 37.5(а), 37.8(а), Хавсралт 10-ын IV(а) заалтыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлээс үлдэх гэрээний 1.1-т заасан Түрээс гэсэн тодорхойлолт, гэрээний үнэ гэсэн тодорхойлолт, гэрээний 6.5 дахь заалт, Гэрээний хавсралт 9-ийн нэг кэмпийн түрээс 10.093.614.525 төгрөг, Хавсралт 10-ын худалдан авалтын үнэ Д1 гэсэн заалтыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, илүү төлсөн 3.075.852.289 төгрөг 24 мөнгө буцаан гаргуулах хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Шинжээч нь гүйцэтгэсэн ажил, худалдан авсан бараа ажил үйлчилгээний хэмжээг тогтоохоор ажилласан бөгөөд шинжээчийн зардал 16.500.000 төгрөг гарсны 1.500.000 төгрөгийг нэхэмжлэгч төлсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан хэмжээгээр хариуцагчаас, үлдэх хэсгийг нэхэмжлэгчээс төлсөн дүнг нь хасч тооцон шинжээчид олгохоор шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч, хариуцагч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрөөс нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнд тохирох хэсгийг улсын орлогод үлдээж, илүү төлснийг буцаан гаргуулж, хариуцагчаас нэхэмжлэлийн хангагдсан дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамж гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс сөрөг нэхэмжлэлийн хангагдсан дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж, хариуцагчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

 

                                                ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 221 дүгээр зүйлийн 221.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ВАТТ ХХК-иас 2.780.666.455 /хоёр тэрбум долоон зуун наян сая зургаан зуун жаран зургаан мянга дөрвөн зуун тавин тав/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ИССМ ХХК-д олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 12.067.474.017 /арван хоёр тэрбум жаран долоон сая дөрвөн зуун далан дөрвөн мянга арван долоо/ төгрөг гаргуулах хэсэг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлээс 2012 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн Өмнөговь аймгийн Ханбогд суманд ажилчдын кэмп барих өмчлөх ашиглах шилжүүлэх гэрээний гэрээний 6.2, 6.3, 6.4 дэх заалт, 37.5(а), 37.8(а), Хавсралт 10-ын IV(а) заалтыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлээс үлдэх гэрээний 1.1-т заасан Түрээс гэсэн тодорхойлолт, гэрээний үнэ гэсэн тодорхойлолт, гэрээний 6.5 дахь заалт, Гэрээний хавсралт 9-ийн нэг кэмпийн түрээс 10.093.614.525 төгрөг гэсэн заалт, Хавсралт 10-ын худалдан авалтын үнэ Д1 гэсэн заалтыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох хэсэг болон илүү төлсөн төлбөр 3.075.852.289 төгрөг 24 мөнгө /гурван тэрбум далан таван сая найман зуун тавин хоёр мөнгө хоёр зуун наян есөн төгрөг хорин дөрвөн мөнгө/-ийг буцаан гаргуулахыг хүссэн хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 74.557.400 төгрөгөөс 74.398.652 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21.962.982 төгрөгөөс 16.177.611 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн илүү төлсөн 158.748 төгрөг, хариуцагчийн илүү төлсөн 5.785.371 төгрөгийг тус тус Баянгол дүүргийн Татварын хэлтсийн данснаас гаргуулж, зохигчдод буцаан олгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 14.061.282 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 140.400 төгрөг гаргуулж хариуцагчид тус тус олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.2, 56 дугаар зүйлийн 56.2 дахь заалтыг баримтлан төлөгдөөгүй байгаа шинжээчийн зардал 15.000.000 төгрөгийн 9.319.200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, 5.680.800 төгрөгийг нэхэмжлэгчээс тус тус гаргуулж Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-д олгосугай.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

                                         

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           Ч.МӨНХЦЭЦЭГ