Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 102/ШШ2019/00799

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: ЧН ОНӨААТҮГ /РД: /-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: УБЦТС ТӨХК /РД: /-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Эрчим хүчээр хангах гэрээнд 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдөр оруулсан нэмэлт өөрчлөлтийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, хохиролд 1.443.180 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Сайнбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Отгонбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Амарбаясгалан, Х.Эрдэнэсувд, Ч.Батсуурь, Ч.Энхтуул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.

                                    

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ЧНОНӨААТҮГ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн үндэслэл Эрчим хүчээр хангах тухай 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн гэрээнд 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдөр оруулсан нэмэлт өөрчлөлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож тус гэрээнээс үүссэн хохирол 1.443.180 төгрөг гаргуулах юм. Налайх дүүрэгт Тэлмэн констракшн ХХК-ийн Шинэ Налайх хороолол ашиглалтад орсон. Уг хорооллын ус, дулаан дамжуулах төвийг Нийслэлийн өмчид шилжүүлэхдээ Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 68 дугаар тогтоолын дагуу Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол, Нийслэлийн Засаг даргын захирамж гарч Өмчлөлийн харилцааны газар шилжсэн. Өмчийн харилцааны газар тус хөрөнгийг Нийслэлийн болон Орон нутгийн Өмчийн харилцааны газар шилжүүлж өгдөг. Гэтэл Шинэ Налайх хороолол-ын ус дулаан дамжуулах төв одоо хүртэл манай байгууллагын өмчлөл, ашиглалтад шилжиж ирээгүй. Өөрөөр хэлбэл, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол, Засаг даргын захирамж гарснаар хөрөнгө Нийслэлийн өмчийн харилцааны газар шилжинэ. Өмчийн харилцааны газраас манай байгууллагад хөрөнгө эзэмшүүлэх, ашиглуулах хүсэлт, албан бичиг өгснөөр ирж жил бүр Нийслэлийн өмч эзэмшүүлэх гэрээ байгуулдаг. Хариуцагч байгууллага ус дулаан дамжуулах 3 фазын 401407053059 тоолуур эзэмших, өмчлөх хэлбэрээр гэрээ байгуулж, 2015 оны 8 дугаар сарын 24-ний гэрээний нэмэлт өөрчлөлт оруулаагүй, оруулах хүсэлт зориг илэрхийлээгүй. Өмчлөгч, өмч хүлээн авагч 2 байгууллагын хүсэл зориг, албан бичгээр гэрээ шилжих ёстой. Гэтэл хариуцагч тал манайх өмчлөгч болж байгаа, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж өгнө үү гэсэн албан бичиг өгч, хүсэл зоригоо илэрхийлж байгаагүй. Хавтаст хэрэгт нотлох баримтаар Тэлмэн констракшн ХХК-ийн Чандмань Налайх-д хүлээлгэж өгнө үү гэсэн албан бичиг байдаг. Манай байгууллагаас Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 68 дугаар тогтоолын дагуу зохих журмын дагуу хүлээж авна уу гэсэн албан бичиг өгсөн. Тэлмэн констракшн ХХК-ийн ажилчид одоо хүртэл ус дулаан дамжуулах төв ажиллуулдаг. Оршин суугчдаас халуун ус, дулааны төлбөрийг Дулааны станц авдаг. Маргаан бүхий ус дулаан дамжуулах төвийн эзэмшил, ашиглалт төлбөр тооцоонд ороогүй байхад уг төвийн тооцоог манай байгууллагаас нэхэмжилж хариуцагч тал үндэслэлгүй хөрөнгөжих оролдлого хийж байна. УБЦТСТӨХК 2015 оны сарын 24-ний өдрөөс 2016 оны 7 сар дуустал гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан 3 фазын 401407053059 тоолуурын төлбөрийг манай байгууллагаас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Тус тоолуурын заалтыг гэрээ байгуулсан өдрөөс хойш 9 сар нэхэмжлээгүй, гэрээний нэмэлт өөрчлөлтийг сүүлд хууль бусаар нэмсэн болох нь тогтоогдож байна. УБЦТСТӨХК-иас манай байгууллагад ирүүлсэн нэхэмжлэл байдаг. Хариуцагч байгууллага 2015 оны 8 сарын 24-ний өдрийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулсан хэсгийг үндэслэж байгууллагаас 3 фаз тоолуурын цахилгааны төлбөр нэхэмжилж, манай байгууллагын цахилгааныг 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 12:26 минутаас 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 16:10 минут хүртэл хязгаарлаж, үйл ажиллагаа зогсоосон. 2018 оны 8 сарын 01-ний өдөр цахилгааны эх үүсвэрийг 1.100.000 төгрөгөөр худалдан авч, 1.443.180 төгрөгийн шатахуун худалдан авч үйл ажиллагаа явуулсан. Иймд цахилгаан эрчим хүчээр хангах 2014 оны 5 сарын 30-ны өдрийн гэрээнд 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдөр оруулсан нэмэлт өөрчлөлтийг хүчин төгөлдөр бусд тооцож, гэрээний нэмэлт өөрчлөлт хязгаарласан хэсэгт цахилгаан хязгаарласан хугацааны цахилгааны зардал 1.443.180 төгрөг гаргаж өгнө үү гэв.

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдөр гэрээ байгуулах хүсэл зориг бодитоор илэрхийлээгүй. 2014 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн гэрээний 8.2, 8.5-д зааснаар талууд гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахаар бол заавал хүсэл зоригоо бичгээр байгуулж, баталгаажуулна гэх заалт хангагдаагүй. Тамга тэмдэг хураагдсан, байгууллагын удирдах эрх бүхий албан тушаалтан тухайн үед ажиллаагүй, өвчтэй чөлөөтэй байсан. Энэ үйл баримт тогтоогдож байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар талууд тохиролцоогүй, хүсэл зоригоо илэрхийлээгүй байхад нөгөө тал хүсэл зоригоо илэрхийлсэн мэтээр Иргэний хуулийн 39 дүгээр зүйл, 42 дугаар зүйлийн 42.1, 42.7-д заасныг зөрчсөн. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д зааснаар талууд гэрээний нэмэлтийг бичгээр байгуулаагүй, зохих этгээдийн зөвшөөрөлгүй. Хуулийн этгээдийг төлөөлж байгаа эрх бүхий этгээд Г.Чулуунбат тухайн өдрийн гэрээний бичилтэд гарын үсэг зурж, хэрэглэгчийг төлөөлөөгүй. Харин хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль бусад хуульд зааснаар компанийг төлөөлж бие даан хэлцэл хийх эрхгүй этгээд компанийн ажилтан гарын үсэг зурсан нь зохих этгээдийн зөвшөөрөл авсан гэх хуульд заасан шаардлага хангахгүй байна. Нэг этгээдийн хүсэлт зоригийг нөгөө этгээд хүлээж авсан эсэхэд эргэлзээ төрж байна. 2015 оны 6 сарын 16-ны өдрийн 242/15 дугаартай Тэлмэн констракшн-ны албан бичиг авагдсан. Хариуцагч албан бичгээр хүсэл зориг хүлээн авч, 401407053059 тоолуур авсан гэж маргадаг. Гэтэл уг албан бичигт Тэлмэн констракшн-аас ирсэн бичигт нэхэмжлэгчийг төлөөлөх гүйцэтгэх захирал зохих журмын дагуу хүлээж авна гэж бичсэн. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол, нийтийн өмч хэрхэн хүлээж авах тухай хуульд заасан журам дагана гэсэн санаа. Үүгээр нэхэмжлэгчийг 401407053059 тоолуур хүлээж авсан гэдгийг тогтоохгүй. Нэхэмжлэгч ЦТП 401407053059 тоолуурыг огт ашигладаггүй, Налайхын Дулааны станцаас гарсан халуун усыг хэрэглэгчдэд хүргэхийн тулд дахин цахилгааны бойлуураар халааж, халуун ус шахаж байна. Нэхэмжлэгч цэвэр ус хэрэглэгчдэд хүргэж, бохир ус татан зайлуулна. Энэ үүргийг гүйцэтгэхэд ямар ч халаалт цахилгаан хэрэглэхгүй. Дулаан энэ үйлчилгээг үзүүлж, өнөөдрийг хүртэл төлбөр авч байгаа. Бодитоор нэхэмжлэгчийн өмчлөлд тоолуур ирээгүй, зохих зөвшөөрлийн дагуу ашиглалтад шилжүүлээгүй. Улсын комиссын актад манай байгууллага ашиглагчаар, хэвийн үйл ажиллагаа явуулах, хүлээн авах боломжтой гэснээр акт үйлдэж, гарын үсэг зурсан. Улсын комисс хүлээж авсны дараа хэрэглэгчдэд хүргэсэн нийтлэг үйлчилгээг хэн хүргэх вэ гэдгийг тухайн барилгыг ашиглалтад оруулсан Тэлмэн констракшн холбогдох журмын дагуу Налайхын дулааны станц, ЧНОНӨААТҮГ-ын хэн алинд хүлээлгэж өгснөөр ашиглалтын үйл ажиллагаа үргэлжлэх ёстой. Өнөөдрийн байдлаар ЦТП 401407053059 тоолуурыг Дулаан, Тэлмэн констракш хоёр ашиглаж байгаа. Манайх бойлуурын халаалтын төлбөрийг хэрэглэгчээс хураагаагүй. Энэ маргааныг өмнө шийдсэн гэх үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6, 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгуулах хүсэлтийг Налайх дүүргийн шүүхэд хэд хэдэн удаа тавьж, эцэстээ Налайх дүүргийн шүүхээс татгалзаж, Баянгол дүүргийн шүүхэд ирсэн. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага гаргасан үеэс гэрээний дагуу авах, төлбөр төлөөгүйтэй холбоотой маргаан болохыг тодорхойлж ирсэн. Гэрээ хүчин төгөлдөр эсэх талаар маргаагүй. Талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн нэмэлт өөрчлөлттэй гэрээ манайд эх хувиараа огт байхгүй. 2018 оны 2 сард нэхэмжлэл гаргахаас өмнө гэрээг олж, гэрээ хүчин төгөлдөр бус хуурамч бичиг баримт үйлдэж ашигласан гэж үзээд Цагдаагийн байгууллагад гомдол гаргаж шалгуулсан. Хөөн хэлэлцэх хугацаа, нэхэмжлэл гаргах эрх алдсан гэж үзэхгүй байна. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 226 дугаар зүйлийн 226.3-д зааснаар гэрээний 3.2.2-д заасныг зөрчиж эрчим хүчийг шүүхэд маргасан маргааны үндэслэлийн талаар хэт нэг тал барьж эрчим хүч тасалснаас нэхэмжлэгч байгууллагын хэвийн үйл ажиллагаа явуулахад зайлшгүй гарсан хохирол гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлийг тодорхойлсон. Нэхэмжлэгч хуульд зааснаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан тул хангаж өгнө үү. Бид тоолуур хэрэглэсэн бол гэрээ байгуулсан байгуулаагүй эсэхээс үл хамаарч төлбөр төлөх байсан. Гэтэл бид маргаан бүхий тоолуур хэрэглээгүй, төлбөрийг нь аваагүй. Налайхын дулааны станцын хэрэглэсэн төлбөрийг бид яагаад төлөх ёстой юм бэ. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

Хариуцагч УБЦТСТӨХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Нэхэмжлэгч Чандмань Налайх-ын дарга Г.Чулуунбат манай байгууллагад хүсэлт тавьснаар 3 фазын тоолуур нэмж, гэрээний нэмэлт өөрчлөлт оруулсан. Г.Чулуунбат дарга ажилтан н.Гантөмөрөөр гэрээ авчруулж гарын үсэг зурж тамга тэмдэг дарсан байдаг. Нэхэмжлэгч талын хүсэл зоригоо илэрхийлээгүй гэх тайлбарыг ойлгохгүй байна. Манай байгууллага үндсэн гэрээтэй хэрэглэгчээс өөр хэрэгцээ шаардлагад нийцсэн цахилгаан эрчим хүчээр хангагдах эрхийнхээ хүрээнд тоолуур нэмүүлэх хүсэлт гаргахад хүсэлтийг заавал бичгээр авахыг шаардахгүй. Гэрээтэй учраас хүсэлтийг амаар хүлээн авч, программд тоолуур бүртгэн гэрээнд нэмж, тэмдэглэн тэмдэглэгээг баталгаажуулж гарын үсэг зурж, тамга тэмдэг дарснаар хүчин төгөлдөр болдог. Нэхэмжлэгч тал шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хуурамч тамга тэмдэг дарсныг цагдаагийн байгууллагад шалгуулж байгаа гэсэн. Гэтэл Багахангай дүүргийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 6 сарын 05-ны өдрийн 117 дугаартай хэрэг бүртгэлийн хэрэг хаах тухай тогтоолоор эрүүгийн хэрэг хаасан. Эрүүгийн хэргийг тогтоолд дурдсан шинжээчийн дүгнэлтээр манай байгууллага, ЧНхоорондын 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдөр байгуулагдсан гэрээний 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн нэмэлт өөрчлөлтөд дарагдсан тамга, тэмдэг, албан тушаалтнуудын гарын үсэг хуурамч биш болох нь тогтоогдож гэмт хэрэг үйлдэгдээгүй байна гэж дүгнэсэн байсан. Бидний зүгээс гэрээнд зурсан гарын үсэг, дарагдсан тамга хуурамч биш тус байгууллагын даргын өөрийн хүсэлт зоригийн үндсэн дээр хийгдсэн гэж үзэж байна. Манай байгууллага анх удаа хэрэглэгч болохоор гэрээ байгуулсан иргэн, аж ахуй нэгжийг шаардлага баримт бүрдүүлж ирэхийг шаардаж, бичиг баримтыг нь авдаг. Нэхэмжлэгч тал ус дулаан дамжуулах төвийг Тэлмэн констракшн ХХК-ийн ажилчид ажиллуулж, Дулааны станц оршин суугчдаас мөнгө авдаг гэлээ. Нэхэмжлэгч тал дээрх тайлбараа нотолсон баримтыг өнөөдрийг хүртэл шүүхэд өгөөгүй. Чандмань Налайх-тай байгуулсан гэрээгээр ус дулаан дамжуулах төвийг цахилгаан, эрчим хүчээр хангасаар байгаа. Нэхэмжлэгч тал ус дулаан дамжуулах төвийг ашигладаггүй, өөр байгууллага мөнгийг нь авдаг гэж тайлбарлаж байгаа бол тэдгээр байгууллагуудтай ярилцаж тохиролцоод тэдгээртэй байгуулсан гэрээнээс уг тоолуурыг хасуулж, тухайн байгууллагад гэрээ шилжүүлж болох байсан ч тэгээгүй. Чандмань Налайх-аас нэг ч удаа ийм зүйл ярьж хандаагүй, зарим нэг тоолуурыг Дулааны станцад шилжүүлэх болсон албан бичгийг 2018 оны 12 сард манай байгууллагад ирүүлсэн. Уг албан бичигт 401407053059 дугаартай тоолуур байсан. 2018 оны 7 сарын 20-ны өдөр хамтран ажиллах 714017 дугаартай гэрээний хугацаа сунгасан. Гэрээнд 17 ширхэг тоолуур бүртгэлтэй байдгийн нэг 401407053059 дугаартай тоолуур. ЧНус дулаан дамжуулах төвийг ашигладаггүй, хэрэглэдэггүй байсан бол 2015 оны 8 сарын 24-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэл хугацаанд манайд хандаж асуудлаа шийдүүлээгүй. Шинэ Налайх хороолол-ын ус дулаан дамжуулах төвийг ашиглалтад оруулах комиссын актад нэхэмжлэгч байгууллагын дарга Г.Чулуунбат ашиглагч байгууллагаар гарын үсэг зурсан. 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн гэрээний нэмэлтэд 401407053059 дугаартай тоолуур бичигдсэн. 2015 оны 12 сараас 2016 оны 9 сар дуусах хүртэл хугацааны цахилгаан эрчим хүч хэрэглэсний төлбөрийг төлж барагдуулсан. Үүнээс харахад уг тоолуур нэхэмжлэгч байгууллагын эзэмшил, ашиглалтад байгаа болох нь харагдах бөгөөд гэрээг бодит байдалд хүлээн зөвшөөрсөн. Г.Чулуунбат даргын зурсан гарын үсэг, тамга тэмдэг хуурамч биш болох нь Эрүүгийн хэргээр шалгах явцад тогтоогдсон тул хүсэл зоригийн илэрхийлэл гэж үзэж байна. Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээний 2.2.1-д хэрэглэгчийн үүрэг тодорхойлохдоо хэрэглэгч өөрийн тухай мэдээлэл болон цахилгаан шугам, схем, горим зориулалт, хүчин чадал үзүүлэлтүүдийн талаарх мэдээлэлд өөрчлөлт ороход цаг тухай бүрд хангагчид мэдэгдэж байх ёстой. Энэ тухай хангагчид мэдэгдээгүй бол үүсэх хохирлыг хангагч хариуцахгүй гэж заасан. Гэрээний 3.2.2-д хангагчийн үүрэг тодорхойлохдоо хэрэглэгчийн зэрэглэлд нийцсэн Монгол улсын стандартын шаардлага хангасан цахилгаан эрчим хүчээр найдвартай, тасралтгүй хангана гэж заасан. ЧНгэрээний үүрэг хэрэгжүүлж, тоног төхөөрөмжийн хүчин чадалд нийцүүлж, цахилгаан эрчим хүчээр хангагдахын тулд тоолуурыг нэмэх шаардлагатайг манай байгууллагад мэдэгдэж, үүнийхээ дагуу манай байгууллага хэрэгцээ шаардлагад нийцсэн цахилгаан эрчим хүчээр хангахын тулд 401407053059 дугаартай тоолуурыг нэмж авсан. Нэхэмжлэлийн шаардлага хүлээн зөвшөөрөхгүй байгаа дараагийн үндэслэлд 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 714017 дугаартай үндсэн гэрээнд 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдөр нэмэлт гэрээ байгуулж 401407053059 дугаартай тоолуур нэмсэн. Манай байгууллага 401407053059 дугаартай тоолуурт бичигдсэн 2015 оны 10 дугаар сараас 2016 оны 9 сар хүртэлх хугацаанд цахилгаан эрчим хүч хэрэглэсний төлбөр 30.641.248 төгрөгийг Чандмань Налайх-аас шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 50 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 917 дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 937 дугаартай тогтоолоор цахилгаан эрчим хүчний төлбөр 30.641.248 төгрөгийг Чандмань Налайх-аас бүрэн гаргуулж, манай байгууллагад олгохоор шийдсэн. Шүүхийн шийдвэр бүрэн биелэгдсэн. Энэ төлбөр Чандмань Налайх-тай байгуулсан 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн гэрээ биш, 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 401407053059 дугаартай тоолуурын асуудал, хэрэгт хамааралгүй төлбөр. Гэрээний үүрэг үүссэнийг 3 шатны шүүх тогтоож, шийдвэр хүчин төгөлдөр үйлчилж, шийдвэрийн биелэлт бүрэн биелэгдсэн байхад энэхүү нэмэлт гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах боломжгүй юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д зааснаар нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр эсвэл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байна. Талуудын 30.641.248 төгрөгийн маргаан бүхий иргэний хэргийг шүүх шийдвэрлэх явцад Чандмань Налайх-ын зүгээс уг гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй. Нэхэмжлэгч тал өнөөдрийн байдлаар 401407053059 тоолуурт бичигдсэн төлбөр 97.700.000 төгрөг төлөхгүй, төлөхөөс зайлсхийж байна. Эрчим хүчний тухай хуулийн 32.2-д зааснаар цахилгаан эрчим хүчний төлбөр төлөгдөөгүй тохиолдолд цахилгаан эрчим хүчээр түдгэлзүүлнэ гэснийг Цахилгаан эрчим хүчний гэрээний 3.1.6-д зааснаар түдгэлзүүлсэн. Нэхэмжлэгчийг ус дулаан дамжуулах төвийн төлбөр төлөөгүй гэж таслаагүй, конторын нэг ч цахилгааны төлбөр төлөөгүйгээс таслахаас өөр аргагүйд хүрсэн. 2016 онд нэхэмжлэгч тал бүх цэгийн төлбөр төлөөгүй байснаас ус, дулаан, тог тасалсан. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-д зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,              

            

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ЧНОНӨААТҮГ нь хариуцагч УБЦТСТӨХК-д холбогдуулан эрчим хүчээр хангах гэрээнд 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдөр оруулсан нэмэлт өөрчлөлтийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, хохиролд 1.443.180 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй маргаж байна.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Талуудын хооронд 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдөр эрчим хүчээр хангах гэрээ байгуулагджээ. Уг гэрээнд 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдөр оруулсан нэмэлт өөрчлөлтийг нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж маргаж байна.

Уг нэмэлт өөрчлөлтөөр 3 фазын 401407053059 дугаартай ЦДП тоолуурыг цэгтэйгээр нэхэмжлэгч шилжүүлэн авсан гэж нэмж оруулжээ.

Нэхэмжлэгч нь 3 фазын 401407053059 дугаартай ЦДП тоолуурыг Нийслэлийн Өмчийн харилцааны газраас манай өмчлөлд шилжүүлж өгөөгүй, мөн тухайн өдрийн нэмэлт өөрчлөлтийг хүчингүй болсон тамга тэмдэг ашиглаж үйлдсэн, компанийн эрх бүхий албан тушаалтан гэрээ байгуулах үед эзгүй байсан, манайх дулаан дамжуулах тусгай зөвшөөрөлгүй тул 2015 оны гэрээний нэмэлт өөрчлөлт нь хууль зөрчсөн, зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийгдсэн хэлцэл юм гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлж байна.

Дээрх 3 фазын 401407053059 дугаартай ЦПТ тоолуурыг нэхэмжлэгч хүлээн авч, ашиглалтыг хариуцаж байгаа болохыг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 917 дугаар Магадлал, Улсын Дээд Шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 937 дугаар тогтоолд дүгнэсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар дахин шалгаж, нотлох шаардлагагүй гэж үзлээ. Харин өмчлөлд ирээгүй байгаа нь гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл болохгүй юм.

Түүнчлэн гэрээний нэмэлт өөрчлөлтийг баталгаажуулах үед Г.Чулуунбат нь нэхэмжлэгчийн эрх бүхий албан тушаалтан байсан болох нь Г.Чулуунбатыг ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр, улсын бүртгэлийн баримтаар тогтоогдож байна. Мөн нэмэлт өөрчлөлтийг баталгаажуулсан компанийн тамга тэмдэг нь эх хувь болохыг тогтоосон байна. Энэхүү 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн нэмэлт өөрчлөлт нь бичгээр хийх хэлцлийн шаардлагыг хангасан байх бөгөөд өмнө нь гэрээний нэмэлт өөрчлөлтийн талаар маргаж байгаагүйн зэрэгцээ, сүүлд гэрээний хугацаа сунгахдаа энэхүү маргаан бүхий 401407053059 ЦПТ тоолуурыг оруулж сунгасан, энэ тоолуурыг шилжүүлэх талаар нэхэмжлэгчээс хүсэлт гаргасан зэргээс гэрээний нэмэлт өөрчлөлтийг нэхэмжлэгчийн эрх бүхий албан тушаалтан хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.

Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хэлцэл, мөн хуулийн 56.1.8-д заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх үндэслэлгүй байна.

Гэрээний нэмэлт өөрчлөлтийг баталгаажуулсан тамга тэмдэг нь хураагдсан хүчингүй болсон тэмдэг гэдгээрээ гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх шууд үндэслэл болохгүй.

Нэгэнт гэрээний нэмэлт өөрчлөлтийг хүчин төгөлдөр гэж дүгнэсэнтэй холбоотойгоор нэхэмжлэгч нь хүчин төгөлдөр бус гэрээнээс учирсан хохирлыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д зааснаар шаардах эрхгүй байна.

Иймд дээрх үндэслэлээр хариуцагч УБЦТСТӨХК-д холбогдох, эрчим хүчээр хангах гэрээнд 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдөр оруулсан нэмэлт өөрчлөлтийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, хохиролд 1.443.180 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч ЧНОНӨААТҮГ-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 715.680 төгрөгөөс 108.241 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 607.439 төгрөгийг буцаан олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

 

                                            

    ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 56.6 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч УБЦТСТӨХК-д холбогдох, эрчим хүчээр хангах гэрээнд 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдөр оруулсан нэмэлт өөрчлөлтийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, хохиролд 1.443.180 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч ЧНОНӨААТҮГ-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 715.680 төгрөгөөс 108.241 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 607.439 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

                             

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ч.МӨНХЦЭЦЭГ