| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хасбаатарын Ганболд |
| Хэргийн индекс | 108/2023/0010/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/14 |
| Огноо | 2023-01-18 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ц.Цэрэнбалжир |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 18 өдөр
Дугаар 2023/ШЦТ/14
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Буянзаяа,
улсын яллагч Ц.Цэрэнбалжир,
хохирогч В.*******,
шүүгдэгч Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэрэнбалжирын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******гийн *******т холбогдох эрүүгийн 2207 00000 0289 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******-ны өдөр Улаанбаатар хот *******т төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт *******, ******* тоотод оршин суух,
Урьд: Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн 2002 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 40 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.3-т зааснаар 3 жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож шийдвэрлэсэн,
*******гийн ******* /РД:*******/,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Д.******* нь 2022 оны 11 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө *******, тоот өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч В.*******ыг “найзуудтай удаан суулгасангүй, явуулчихлаа... гэр бүлийнхэнтэйгээ нууцаар утсаар ярилаа, юм нуулаа” гэсэн шалтгаанаар маргаан үүсгэж, автомашины түлхүүр болон гар утсыг авчаад өгөхгүй байх зэргээр сэтгэл санааны болон бие махбодын хүчирхийлэл үйлдэн зодож, дагзны зүүн төвгөр, баруун шанаа, духны хоёр төвгөр, хоёр хөмсөг, хоёр нүдний дээд доод зовхи, хамар, хоёр сарвуун ар гадаргууд цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.******* шүүхийн хэлэлцүүлэгт: “...Саяны уншсан зүйл үнэн. Ажил дээрээ 2 жолоочтойгоо байж байгаад В.*******ыг дуудсан. Тэгээд 2 жолоочийн эхнэрүүдийг дуудаад Анар гээд караоке орж нэг шил архи авч уусан. Тэндээс гараад гэртээ очоод эхнэртэйгээ маргасан. Машины лизинг төлөх цаг нь болчихсон байхад хүүхэд мөнгө нэхэхээр нь согтуу уурлаад ийм асуудал болсон. Лизингийн нэг сараа төлөөгүй байсан юм.Тэгээд төлнө гээд байж байтал хүүхэд нь утсаар яриад мөнгө төгрөг асуухаар нь надаас нууцаар мөнгө, төгрөг өглөө, авлаа гэж уурлан маргаан үүссэн. Нүүр лүү нь цохисон. Яг хэдэн удаа яаж цохисон талаар сайн санахгүй байна. Гар утасны хувьд миний дансны мэдээлэл давхар хамт байдаг болохоор миний дансан дахь мөнгө юу болсон талаар хардаж авсан. Одоо машины төлбөр төлөх цаг болсон гээд түлхүүрийг авсан. Яваад өгчих юм болов уу гэж бодсон. Мөн миний нэр дээр лизинг нь байдаг болохоор өмчирхсөн байх. Би В.*******тай 7 жил хамт амьдарсан...” гэв.
Хохирогч В.******* шүүхийн хэлэлцүүлэгт: “...Нэхэмжлэх гомдол, санал байхгүй. Одоо хамт амьдарч байгаа. Тухайн үедээ асаргаа хэрэгтэй байсан тул өөрөөр нь нэлээд асруулсан. Тэр өдөр ажил дээрээ 2 жолоочтойгоо хамт байхад нь очиж авсан. Тэгээд жолоочийн эхнэрүүдийг дуудан хамт караоке орсон. Д.*******ийг бүр илүү согтохоос нь өмнө цагийн дараа аваад явсан. Замд манай хүү залгаад ээж эмийн сан орж эм авах гэсэн юм та мөнгө явуулаач гэхэд нь би за гэсэн. Тэгсэн уурлаад эхэлсэн. Гэрт очоод мөнгө төгрөг шилжүүлэх гэлээ гээд муудалцсан. Одоо эрүүл мэндийн байдал хэвийн зүгээр байгаа...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн талаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.*******ын яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “В.Аптанзул бид хоёр хамт амьдраад 7 жил болж байна бид хоёрт дундаасаа хүүхэд байхгүй, гэрлэлтийн баталгаа байхгүй. 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр ... тоотод очсон тэгээд би архи уучихсан нэлээн согтуу байсан болохоор эхнэртээ уурлаад найзуудтай хамт суулгасангүй гэж хэлж байсан тэгсэн удалгүй эхнэрийг утас дугараад эхнэрийн хүүхэд болох Билэгсүрэн залгаад мөнгө нэхсэн тэгэхээр нь би уурлаад танай хүүхэд чинь ажилтай авгай нь бас ажилтай байж бид хоёроос дандаа мөнгө нэхдэг гэж хэлээд уурласан чинь эхнэр чамаас аваагүй гэж хэлэхээр нь уурлаад би утсыг нь булааж аваад машины лизингийн мөнгө өгнө чи миний цалингаас мөнгө өгөх гэж байна уу гээд уурлаад эхнэрийн нүүр хэсэг рүү хэдэн удаа гэдгээ мэдэхгүй байгаа ямар ч байсан цохиж байснаа санаж байна. Тэгээд би тасраад унтчихсан өглөө нь сэрсэн чинь гэртээ ганцаараа байсан тэгээд би шууд гарч яваад архи ууж байгаад хөдөө явчихсан юм...” гэх мэдүүлэг, /хх-22-23/,
Хохирогч В.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хамтран амьдрагч Д.******* над руу залгаад Налгар түшиг цемтний үйлдвэр дээр хүрч ирээд аваач гээд залгасан тэгэхээр нь би зөвшөөрөөд орой 20 цагийн үед Д.******* дээр очсон тэгэх үед Д.******* ажлын 2 хүнтэйгээ хамт бага зэрэг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан тэгээд би тэд нарыг аваад Налайхад хүрч ирж байхад Д.******* хоолонд хэдүүлээ оръё гэж хэлсэн тэгэхээр нь бид нар Шүрэн хоолны газар орж хоол идчихээд байж байтал Д.******* Кароаке орж дуулъя гэж хэлхээр нь би дургуйцаад за ганцхан цаг дүулна шүү гэж хэлээд хамт явсан ажлын хоёр хүнийхээ эхнэрийг нь аваад Анар караоке ороод нэг цаг дуулах үедээ тэд нар 0.75 литрийн Соёрхол гэх нэртэй архи хувааж уусан. Тэгээд бид нар Караокенаас гараад найзуудыг нь эхнэртэй нь хамт хүргэж өгөөд тоот болох гэртээ хүрч иртэл Д.******* нэлээн согтолттой тэгээд найзуудтай нь удаан суулгаагүй явуулчихсан байсан чинь нэлээн бухимдалтай байх үед нь манай хүү Билэгсүрэн над руу залгаад хүүхдийн бие өвдөөд байна гэж хэлсэн тэгсэн Д.******* миний гар утсыг булааж аваад та нар дандаа нууцаар хоорондоо юм ярьдаг надаас нуулаа гэж хэлээд машины түлхүүр болон миний гар утсыг авч нуугаад над руу хүрч ирээд миний толгой, нүүр хэсэг рүү цохиод байсан нэлээн удаа цохисон тэгэхээр нүүрээ гараараа дараад хамгаалсан чинь миний гар луу цохиод байсан тэгэхээр нь би гэрийнхээ нойл руу зугтаад ороод нэлээн удаан суусан тэгээд буцаад гарч ирсэн чинь Д.******* тасраад унтчихсан байхаар нь машины түлхүүрээ аваад гараад зугтаачихсан тэгээд би хүүгийндээ ирээд байж байгаад цагдаад мэдэгдэж байгаа юм...” гэх мэдүүлэг, /хх-5/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 16001 дугаар:
“1. В.*******ын биед дагзны зүүн төвгөр, баруун шанаа, духны хоёр төвгөр, хоёр хөмсөг, хоёр нүдний дээд доод зовхи, хамар, хоёр сарвуун ар гадаргууд цус хуралт зөөлөн эдийн няцрал тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр 1 удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт,/хх- 09/,
Хохирогчийн эрүүл мэндийн талаарх яаралтай тусламжийн хуудас №2267 /хх-7/,
Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-24-27/,
Шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Налайх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн албан тоот, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэрэг нотлох баримтуудыг хэлэлцэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид холбогдсон гэмт хэргийн гэм буруутай гэж үзэн улсын яллагчаас: “... шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлиийн хүчирхийллийн шинжтэй үйлдсэн гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргажээ.
Шүүх шүүгдэгч Д.*******т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулна” гэсэн заалтын дагуу явуулсан болно.
Мөн шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.
Шүүгдэгч Д.******* нь 2022 оны 11 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө *******, тоот өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч В.*******ыг “найзуудтай удаан суулгасангүй, явуулчихлаа ...хүүхэдтэй мөнгө өгөх” гэсэн шалтгаанаар маргаан үүсгэж, гэр бүлийн хүчирхийлэлийн шинжтэйгээр толгой руу гараараа зодож, хохирогчийн дагзны зүүн төвгөр, баруун шанаа, духны хоёр төвгөр, хоёр хөмсөг, хоёр нүдний дээд доод зовхи, хамар, хоёр сарвуун ар гадаргууд цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгч Д.*******ийн өгсөн “...чи миний цалингаас мөнгө өгөх гэж байна уу гээд уурлаад эхнэрийн нүүр хэсэг рүү хэдэн удаа гэдгээ мэдэхгүй байгаа ямарч байсан цохиж байснаа санаж байна...” гэсэн мэдүүлэг, хохирогч В.*******ын өгсөн: “Д.******* миний гар утсыг булааж аваад та нар дандаа нууцаар хоорондоо юм ярьдаг надаас нуулаа гэж хэлээд машины түлхүүр болон миний гар утсыг авч нуугаад над руу хүрч ирээд миний толгой, нүүр хэсэг рүү цохиод байсан нэлээн удаа цохисон тэгэхээр нүүрээ гараараа дараад хамгаалсан чинь миний гар луу цохиод байсан тэгэхээр нь би гэрийнхээ нойл руу зугтаад ороод нэлээн удаан суусан тэгээд буцаад гарч ирсэн чинь Д.******* тасраад унтчихсан...” гэсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 16001 дугаартай “ В.*******ын биед дагзны зүүн төвгөр, баруун шанаа, духны хоёр төвгөр, хоёр хөмсөг, хоёр нүдний дээд доод зовхи, хамар, хоёр сарвуун ар гадаргууд цус хуралт зөөлөн эдийн няцрал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр 1 удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт Хохирогчийн эрүүл мэндийн талаарх яаралтай тусламжийн хуудас №2267, Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.*******т холбогдох эрүүгийн хэрэгт авагдсан шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож буй дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, талуудын гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна.
Шүүгдэгч Д.******* нь гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч В.*******ын эсрэг дээрх үйлдэл нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт "гэр бүлийн хүчирхийлэл" гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг;” гэж заасан хуулийн зохицуулалтанд хамаарч байна гэж шүүх үзлээ
Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдлуудыг хангасан байх тохиолдолд зүйлчлэхээр хуульчилсан.
Шүүгдэгч Д.*******ийн гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч В.*******ын эсрэг эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт “ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж заасан хүндрүүлэх шинжийг хангаж байна гэж шүүх үзлээ.
Иймд шүүхээс шүүгдэгч *******гийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Д.*******т холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал гаргасныг шүүх хянаад Эрүүгийн хуулийн Ерөнхий ангид заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй нөхцлийг харгалзан шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, шүүгдэгчийн насны байдлыг харгалзан түүнд тухайн зүйл ангид заасан ялуудаас торгох ялыг сонгон оногдуулахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Хохирогч В.******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой нэхэмжлэх зүйл , гомдол санал байхгүй гэж мэдүүлснийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *******гийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ийг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуу мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******т нь оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Д.******* нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдсугай.
5. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор
хүчинтэй болохыг дурдсугай.
7. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ГАНБОЛД