Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 2023/ШЦТ/17

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Б даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А,

улсын яллагч Х.Ө,

хохирогч С.А,

хохирогчийн өмгөөлөгч С.Н,

шүүгдэгч Б.Ж, С.Д,

шүүгдэгчийн өмгөөлөгчид С.А, С.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,  Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жхостай ургийн овогт Болатбекийн Ж, Т ургийн овогт Сайн С нарт холбогдох эрүүгийн 2213002610233 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

1.1. Монгол Улсын харьяат, Ж х ургийн овгийн Боийн Ж, 1997 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын дугаар багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б регистрийн дугаартай,

1.2. Монгол Улсын харьяат, Т ургийн овгийн Сгийн С, 1994 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумд төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын гаар багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаартай,

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар.

Шүүгдэгч Б.Ж, С.Д нар нь бүлэглэн 2022 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 21 цагийн үед архидан согтуурсан үедээ Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах "Арвин” рестораны гадна талд үл ойлголцох маргааны улмаас хохирогч С.Аыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэм буруугийн талаар

1. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч нараас гаргасан мэдүүлэг:

1.1. Хохирогч С.А шүүхийн мэдүүлэхдээ: “Тухайн өдөр манай найз охин намайг дуудсан байсан. Түрүүлээд манай найз охин ирсэн байсан учраас би машинаа зогсоол дээр тавиад найз охиндоо залгаад би ирсэн байна гэж түүнийг дуудсан. Найз охин маань гараад ирэхэд өндөр нуруутай нэг залуу түүний араас эвгүй хөдөлгөөн хийж, түүнийг элдэв янзаар доромжилж байсныг харсан. Тухайн үед дуудсан боловч анзаараагүй мэт царай гаргахад би араас нь очиж түлхсэн. Тэр залуу найзуудын хамт гурвуулаа явж байсан байна лээ. Намайг барьж аваад зодоход хамгийн түрүүнд өндөр нуруутай залуу миний хөмсөг тус газраас цохисон. Тэгэхэд миний ухаан санаа балмагдаад сонин байдалд орсон. Ж.А гэх залуу миний араас барьж байсан. Харин намхан залуу миний урдаас гэнэт гарч ирээд хамар тус газраас минь цохисон. Миний хамарт учирсан гэмтлийг би одоогоор эмчлүүлээгүй. Учир нь хамрын муруйлт гэмтлийг зөвхөн мэс заслаар эмчлэх боломжтой юм байна. Тиймээс цаашид эмчилгээ хийлгэх бодолтой байна” гэв.

1.2. Шүүгдэгч Б.Ж мэдүүлэхдээ: “2022 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хоёр найзын хамт Арвин ресторанаас 1 шил архи уугаад гарч ирж байхад хохирогч С.Аын найз охин намайг шүргэж мөрлөж өнгөрсөн. Тухайн үед надад С.Аын найз охин над руу зүгээр яваач гэж хашхирсан. Тэгэхэд би зөрүүлээд би өөрөө зүгээр явахгүй яасан бэ гэж хэлсэн. Тэрнээс биш би С.Аын найз охины араас бүжиглэж, янз бүрийн ёс бус үйлдэл хийсэн зүйл байхгүй. Тэгээд би хамт яваа найз нартаа явъя гээд явж байхад С.А миний араас гүйж ирээд цохисон. Цохингуут нь би эргээд хартал С.Аын найз охин намайг гараар татсан. Тэгэхэд С.Аын найз охин бид хоёр газар дээр зэрэг унасан.  Тэгээд би босож ирэхэд С.А над руу дахиад дайрангуут би С.Аыг хөмсөг тус газраас нь нэг удаа цохисон. Ингэж байхад бид хоёрыг С.Д салгаж авсан. Түүнд өөр байдлаар гар хүрээгүй. Дараа нь цагдаа нар ирээд бид нарыг авч яваад мэдүүлэг авсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад бас энэ мэдүүлгээ өгсөн”  гэв.

 1.3. Шүүгдэгч С.Д мэдүүлэхдээ: “Энэ үйл явдал 2022 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 20 цагийн үед болсон. Тухайн өдөр Б.Ж, Ж.А нарын хамт Арвин рестораны караоке орж, 1 шил архи уугаад, цаг нь дууссаны дараа гараад ирж байсан. Ж.А бид хоёр шатан дээр юм яриад байж байхад Б.Ж түрүүлээд буугаад гарч байсан. Тэгээд Ж.А бид хоёр шатнаас буугаад ирж байхад хохирогч С.А нь Б.Жы араас цохисон. Тухайн үед Арвин рестораны гадна тамхины цэг дээр тамхи татаад зогсож байсан хүмүүс бүгдээрээ бужигнаад тэд нарыг салгасан. Энэ хооронд Б.Ж болон хохирогч С.Аын найз охин газарт зэрэг унасан. Салгасны дараа би С.Аад тулж очоод түүнийг тайвшруулахыг хичээсэн. Тэгж байхад цагдаа дуудсан байна. Бид нарыг зугтсан гэж хэлж байгаа. Гэтэл тухайн үед бид булан тойроод юм яриад, буцаад өөрсдөө хүрээд ирсэн. Цагдаа ирээд бид нарыг аваад явж, мэдүүлэг авсан”  гэв.

2. Шүүхийн хэлэлцүүлэгт 2213002760227 дугаартай эрүүгийн хавтаст хэргээс талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Үүнд:

2.1. Хохирогч С.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2022 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 21 цагийн үед найз охин болох У.Ныг авах гээд Арвин рестораны гадаа зогсож байхад У.Н гарч ирж байсан чинь араас нь нэг залуу ирээд Ныг шахаж бүжиглэхээр нь би “энэ юун залуу бэ” гэхэд огт танихгүй гэсэн. Тэгэхээр нь би нөгөө залууд очиж миний найз охиныг яагаад шоолоод байгаа юм бэ гэхэд нөгөө залуу миний нүүрэнд гараараа цохиод авсан. Тэгсэн чинь хажууд байсан 2 залуу ч гэсэн над руу дайрахаар нь би ч гэсэн өөрийгөө хамгаалах гэж залуучууд руу дайрсан ба чухам миний хөмсөг руу хэн цохисныг мэдэхгүй. Нэг нь гараараа цохиод авсан чинь хөмсөгнөөс цус гарсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн дахь 5 дахь тал),

2.2. Гэрч У.Нын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тухай залуучууд миний араас гарч ирээд миний араас янз бүрийн байдлаар бүжиглээд намайг доромжлоод байхыг нь А харчхаад та нар яагаад хүн доромжлоод байгаа юм бэ? гэхэд нөгөө залуучууд тоохгүй юм яриад цаашаа яваад байхаар нь А уурлаад гүйж очоод өндөр нуруутай залууг нь араас нь очоод гараараа нэг удаа цохиод авсан. Тэгэхэд тэр залуугийн хажууд нь байсан 2 залуу ч гэсэн Аыг барьж аваад гурвуулаа Аын тал талаас нь зодоод эхэлсэн. Тэгж байхад тэр өндөр нуруутай залуу нь Аын хөмсөг тус газарт нь гараараа нэг удаа цохиод авахад Аын хөмсөг нь задраад газарт унасан. Мөн би ч гэсэн тухайн залуучуудыг болиулах гээд салгаад явж байхад намайг ч гэсэн түлхээд газар унагаасан. Тэгж бужигнаж байхад Арвин дотор байсан бусад хүмүүс ч гэсэн гарч ирээд тухайн залуучуудыг болиулсан. Тэгээд тэд нар Арвин рестораны зүүн талаар нь тойроод зугтах гэж байхад нь барьж авсан. Тэгэхэд хүртэл бид нар руу дайраад янз бүрийн үг хэлж хэл амаар доромжилсоор байсан. Тэр байтугай дуудлагаар цагдаа нар очиход хүртэл бид нар руу дайрч хэл амаар доромжилж зодох гээд дайраад байсан. Тухайн үед би сайн анзаарч чадаагүй. Ихэвчлэх өндөр нуруутай залуу нь дайраад цохиод байсан. Тэр өндөр нуруутай залуу нь Аын баруун талын хөмсөг тус газарт нь зүүн гараараа цохисон. Би бодохдоо тухайн өндөр залуу солгой гартай юм болов уу, гэж бодсон.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 6, 44 дэх тал),

2.3. Холбогдогч Б.Жы зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд өгсөн “...Тэгээд би босож ирээ  нөгөө залуугийн цээжинд нь нэг удаа цохиод авахад нөгөө залуу газар унаад буцаад босож ирээд над руу дайрахад хүмүүс ирээд биднийг салгаж цагдаа дуудсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 7 дахь тал),

2.4. 2022 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр согтуурлын түвшин тогтоогч багажаар Сайлаугийн Аыг үлээлгэхэд түүний амьсгал дахь спиртийн агууламж нь 0,0 хувь гарсан талаарх согтуурлын хэмжээг шалгасан тэмдэглэл (хавтаст хэргийн 15 дахь тал),

2.5. 2022 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр согтуурлын түвшин тогтоогч багажаар Сайлау овогтой Сийг үлээлгэхэд амьсгал дахь спиртийн агууламж нь 2,01 хувь гарсан талаарх согтуурлын хэмжээг шалгасан тэмдэглэл (хавтаст хэргийн 14 дэх тал),

2.6. 2022 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр согтуурлын түвшин тогтоогч багажаар Болатбекийн Жыг үлээлгэхэд амьсгал дахь спиртийн агууламж нь 1,8 хувь гарсан талаарх согтуурлын хэмжээг шалгасан тэмдэглэл (хавтаст хэргийн 15 дахь тал),

2.7. 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр мөрдөгчөөс дуу дүрсний бичлэгт үзлэг хийсэн тухай “...Бичлэгийн 21 цаг 16 минут 46 дахь секундэд “Арвин” ресторанаас цайвар өнгийн хувцастай хүн гарч ирээд шатаар буугаад ертөнцийн зүгээр баруун зүг рүү эргээд явах гэж байгаа байдал харагдана. Түүний араас нь бараан өнгийн хувцастай өндөр нуруутай хүн гарч ирэн хажууд нь дөхөж ирээд зогсож байгаад буцаж эргээд ертөнцийн зүгээр зүүн зүг руу алхаад явж байгаа харагдана. Түүний араас дээгүүрээ цагаан өнгийн хувцастай, доогуураа бараан өнгийн хувцастай /хоёр хүний хувцас нь ижил өнгөтэй харагдаж байна/ гарч шатаар буугаад өндөр нуруутай хүний араас алхаж байв. Энэ хугацаанд 21 цаг 16 минут 46 дахь секундэд "Арвин” баруун зүг рүү алхсан хүний өөдөөс /ертөнцийн зүгээр баруун зүгээс зүүн зүг рүү бараан өнгийн хувцастай хүн гүйж ирээд зөрж өнгөрөхийг оролдож байна. Харин үүнийг цайвар өнгийн хувцастай /арвин ресторанаас анх гарсан/ хүн угтаж тосоод явуулахгүй байхыг хичээж байгаа мэт дүр зураг харагдана. Улмаар уг гүйж ирсэн хүн, цайвар өнгийн хувцастай хүнд хүч өгөлгүй хажуугаар нь зөрж гүйгээд “Арвин” ресторанаас гарч ертөнцийн зүгээр зүүн зүг рүү алхаад явж байсан өндөр нуруутай, бараан өнгийн хувцастай хүний араас нь гүйж очоод үсэрч ирээд толгойн хэсэгт гараараа цохиж байгаа дүр зураг харагдана. Энэ үед цайвар өнгийн хувцастай хүн тухайн хүний араас нь хөөж гүйж ирээд барьж авч байна. Энэ үед дээгүүрээ цагаан өнгийн хувцастай 2 хүн ч гэсэн гүйж ирээд өндөр нуруутай хүнийг барьж авч байгаа байдал харагдана. Улмаар өндөр нуруутай, бараан өнгийн хувцастай хүн болон анх гүйж ирээд араас нь цохисон хүмүүс салгаж байгаа мэт дүр зургууд харагдана. Энэ явцад уг хүмүүс хоорондоо бараан өнгийн хувцастай хүмүүс бие бие рүүгээ дайрч тойрч гүйж байхад бусад нь бужигнаж хэн нь хэнийг барьж байгаа, хэн нь хэнийгээ цохиж байгаа эсэх нь тодорхой харагдахгүй байна. Энэ үед цайвар өнгийн хувцастай /арвин ресторанаас анх гарч ирсэн/ хүн нь өндөр нуруутай хүний араас татаж зууралдаж байхад хоёулаа зэрэг газарт унав. Уг газарт унасан өндөр нуруутай, бараан хувцастай хүн газраас хурдан босоод анх цохисон хүн рүү ухас хийж дайрч байгаа дүр зураг, мөн тухайн хүмүүс нэг нэгэндээ маш ойрхон байрлалтай бужигнаж байгаа байдлууд харагдах бөгөөд энэ үед уг хүмүүсийн хэн нэгэн нь газарт унаад босож байгаа байдлууд харагдана. Улмаар цайвар өнгийн хувцастай хүн “Арвин” ресторан руу гүйгээд оров. Энэ үед өндөр нуруутай бараан өнгийн хувцастай хүнийг дээгүүрээ цагаан өнгийн хувцастай хоёр хүний нэг нь барьж аваад түлхэж, чирээд ертөнцийн зүгээр зүүн зүг рүү алхаад төв талбай руу эргэж байгаа, үүний араас дээгүүрээ цагаан өнгийн хувцастай, доогуураа бараан өнгийн хувцастай хүн дагаад эргэж явлаа. Энэ хооронд “Арвин” ресторанд гүйж орсон цайвар өнгийн хувцастай хүн нь бараан өнгийн хувцастай бас нэг хүнийг дагуулж гарч ирээд шатнаас буугаад ийшээ тийшээ харж байгаад төв талбай руу явсан 3 хүний араас гүйж явав. Улмаар тухайн хүмүүс бүгд “Арвин” рестораны зүүн талд бөөгнөрөөд зогсож байснаар 21 цаг 19 минут 52 секундэд бичлэг дуусав.” гэсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 22-23 дахь тал),

2.8. Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журмын хамгаалах тасгийн харуулын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Х.Хурметын илтгэх хуудас (хавтаст хэргийн 24 дэх тал),

2.9. Эрх бүхий албан тушаалтны 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 0174871 дугаартай холбогдогч С.Аад Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 100,000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудас (хавтаст хэргийн 27 дахь тал),

2.10. Хохирогч С.Аын мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “...Н гараад ирсэн ба араас нь бас нэг залуу гарч ирээд ард талд нь наалдаж зогсож байгаад элдэв хөдөлгөөн хийж бүжиглээд байхыг нь би харсан. Ингээд нөгөө залуу руу хашхирч хөөш чи яаж байгаа юм бэ наашаа ир гэж дуудсан боловч наашаа ирэлгүй цаашаагаа алхаад яваад байхаар нь араас нь хөөж очоод гараараа нэг удаа түлхсэн. Тэгтэл нөгөө залуугийн араас нь бас хоёр залуу гарч ирээд тэд нар гурвуулаа болоод бужигналдаж намайг цохиж зодсон юм...

...Тухайн үед өндөр нуруутай залуу миний баруун талын шанаа тус газарт нэг удаа, баруун талын хөмсөг тус газарт гараараа нэг удаа цохисон. Түүний дараа миний хамар тус газарт тухайн залуугийн хажууд нь явсан арай намхан нуруутай залуу нь миний хамар тус газарт цохиж зодсон юм. Тухайн үед өндөр нуруутай залуу буюу Ж гэх залуу хөмсөг тус газарт гараараа цохих үед миний баруун талын хөмсөг маань задарсан байсан. Мөн миний хамар тус газарт намхан залуу нь цохиод авахад хамар маань мурийсан юм." гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 34, 36 дахь тал),

2.11. Гэрч Ж.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...Ж Аын нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохиход А газарт унаад боссон. ...Тухайн үед тэд нар яагаад зодолдох болсныг нь би мэдээгүй. Ж ресторанаас түрүүлээд гарсан байсан. Тэгээд араас нь С бид хоёр гараад ирэхэд үл таних А гэх залуу Жы араас нь гүйж очоод гараараа толгой тус газарт нь нэг удаа цохиод авснаар Ж ч гэсэн эргэж хараад тэр залуутай зодолдох гээд ухас хийж дайрч эхлэхэд нь бид нар салгаад эхэлсэн. Энэ хооронд тэр залуутай хамт явж байсан эмэгтэй ч гэсэн Жыг салгаад араас нь татаж бужигнаж байхад Ж болон тухайн эмэгтэй хоёр газарт зэрэг унаад боссон. Ингээд Ж газраас босоод тухайн залуу руу дайраад байсан ба тухайн залуу ч гэсэн Ж руу дайраад л байсан. Энэ хооронд л Ж Аын нүүр тус газарт нь гараараа нэг удаа цохисон юм...Ж, С бид гурав Арвин рестораны караокед сууж байхдаа 0,75 литрийн “Соёрхол” нэртэй архийг гурвуулаа уугаад дуусгасан." гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 43 дахь тал),

2.12. Гэрч У.Нын мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн "...Ихэвчлэн өндөр нуруутай залуу нь дайраад цохиод байсан. Тэр өндөр нуруутай залуу нь Аын баруун талын хөмсөг тус газарт нь зүүн гараараа цохисон. Би бодохдоо тухайн өндөр залуу солгой гартай юм болов уу гэж бодсон..." гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 45 дахь тал),

2.13. Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Х.Ерболын 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 666 дугаартай “...1. С.Аын биед баруун хөмсгөнд оёдолтой шарх, баруун дээд доод зовхинд цус хуралт, баруун эгэм орчим зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 2-3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл байна. З. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй. 4. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 49-50 дахь тал),

2.14. Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Х.Ерболын 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 673 дугаартай “...1. Б.Жы биед гэмтэл тогтоогдсонгүй.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 56-57 дахь тал),

2.15. Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Х.Ерболын 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 682 дугаартай “...1. У.Нын биед баруун тохой, баруун алганд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. ...4. Дээрх гэмтлүүд эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 64-65 дахь тал),

2.16. Мөрдөгчийн 2022 оны 10 дугаар сарын 04-ны өдрийн “Нэмэлт шинжилгээ хийлгэх тухай” тогтоол (хавтаст хэргийн 69 дэх тал),

2.17. Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн өвчтөн илгээх хуудас, эмч Ж.Силамханы иргэн С.Аыг компьютер томографын үзлэгт хамааруулсан талаарх тэмдэглэл, амбулаториар эмчлүүлэгчдийн карт (хавтаст хэргийн 71-78 дахь тал),

2.18. Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Х.Ерболын     2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 760 дугаартай С.Аын биед шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох нэмэлт шинжилгээ хийсэн талаарх “1. Дээрх баримтууд нь шинжилгээнд тэнцэнэ. 2. 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр гаргасан №666 дугаартай дүгнэлтийн гэмтлийн зэрэгт өөрчлөлт орохгүй. Хамрын яс мөгөөрсний хугарал нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 79-80 дахь тал),

2.19. Гэрч Ө.Ахмаралын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тухайн үед буюу 2022 оны 09 дүгээр сарын 14- ний өдөр С.А гэх иргэн хүнд зодуулсан гэх яриа өгүүлэлтэй ирж үзүүлж байсан. Тэгэхэд тухайн иргэний хамрын таславч хугаралттай гэмтэлтэй байсан. Уг гэмтэл нь шинэ гэмтэл байсан. Хамрын таславчийн хугаралд мэс ажилбар хийх, хамрыг тэгшлэхээс өөр ямар нэгэн эмчилгээ хийгдэх боломжгүй байдаг юм. Тийм учраас ямар нэгэн эмчилгээ хийгдээгүй. Иргэн А өөрөө Улаанбаатар хотод очиж эмчлүүлнэ гэж ярьж байсан.” гэсэн мэдүүлэг хавтаст хэргийн 148 дахь тал),

2.20. Гэрч Ж.Силамханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Иргэн С.А нь 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр ирж толгойн гавал ясанд компьютер томографын зураг авхуулж байсан. ...Миний бие тухайн дүгнэлтийг бичихдээ техникийн алдаа гаргаж 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийг 08 дугаар сарын 14-ний өдөр гэж буруу бичсэн байна. Миний Аад бичиж өгсөн тухайн дүгнэлтэд хавсаргасан Си Ди дискт үзлэг хийсэн он, сар, өдөр, цаг, минуттайгаа автомат бичигдсэн байдаг юм. Миний бичсэн дүгнэлтийн он, сар, өдөрт эргэлзэж байгаа бол хавсаргасан Си Ди дискт үзлэг хийсэн он, сар, өдрийг харах юм бол тодорхой байгаа. Аын биед хамрын таславч баруун тийшээ муруй, хамрын яс баруун тийшээ хугаралттай гэмтэлтэй байсан. Компьютер томографаар зөвхөн ямар нэгэн гэмтэл байгаа эсэхийг нь тогтоодог. ...Шинэ гэмтэл эсхүл хуучин гэмтэл эсэхийг нарийн мэргэжлийн эмч нар үзэж тогтоодог байгаа.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 150 дахь тал),

2.21. Яллагдагч Б.Ж, С.Д, иргэн Ж.А нарын биед үзлэг хийсэн тэмдэглэлүүд, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зургууд (хавтаст хэргийн 157 дахь тал),

2.22. Яллагдагч Б.Жы өгсөн “...2022 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 20 цагийн орчимд найз С, А бид гурав тус аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байдаг “Арвин” нэртэй рестораны караокед очиж суугаад тэнд 1 шил архи уусан. Тэгээд караокегээс 21 цагийн үед гараад рестораны үүдэнд зогсож байхад нэг эмэгтэй хүн намайг шүргэж мөрлөөд өнгөрөхөөр нь би тэр эмэгтэйгүйн араас нь эргэж хараад чи яаж байгаа юм вэ? Зүгээр яваач хэлчхээд өөрөө цаашаагаа явж байхад тэр эмэгтэйгийн найз залуу нь гэх А гэх залуу миний араас гүйж ирээд миний толгой тус газарт гараараа нэг удаа цохиход би урагшаа унах шахсан. Тэгээд эргэж хартал А намайг дахиад цохих гэж дайрч байсан. Энэ үед би ч гэсэн Аын баруун талын миний хөмсөг тус газарт нь гараараа нэг удаа цохисон тэр үед А над руу дайраад болохгүй байсан тул миний хажууд байсан С, А хоёр Аийг барьж авсан харин Аын найз охин нь намайг барьж аваад болиулсан. Тэгээд тэнд байсан хүмүүс цагдаа дуудсан байсан тул цагдаа нар хүрч ирээд бид бүгдийг цагдаагийн газарт авч ирсэн юм...

...Тухайн үед С, А нар хэний ч биед халдаж, цохиж зодсон зүйл болоогүй. Би л Аын хөмсөг тус газарт нь нэг удаа цохиж зодсоноо хүлээн зөвшөөрч байна. ...Хэд хоногийн дараа би ээж, эгчтэй,  С эгчтэйгээ хамт бид нар Аын гэрт очиж уучлалт гуйсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 100 дахь тал),

2.23. Яллагдагч С.Дийн өгсөн “...Ж зүүн гараараа Аын хөмсөг тус газарт цохиод авахад тэрээр газарт унаж босоод ирсэн. ...А энэ талаар худлаа ярьж байна. Би түүнд огт гар хүрээгүй.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 102 дахь тал) зэрэг бичмэл нотлох баримтууд болно.

2.24. Шүүгдэгч нарын хувийн байдлын талаарх дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

1. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 105-106 дахь тал),

2. Эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа (хавтаст хэргийн 109-110 дахь тал),

3. Шүүгдэгч С.Д, Б.Ж нарын иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 131-135 дахь тал),

4.  Баян-Өлгий аймгийн Халамжийн үйлчилгээний газрын 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн тодорхойлолтууд (хавтаст хэргийн 118-119 дэх тал),

5. Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 525 дугаартай “...Болатбекийн Жы эзэмшил, өмчлөлд бүртгэлтэй газар байхгүй байна. Сайлаугийн Сийн газрын нэгж талбарын хувийн хэрэгт байгаа материалуудыг  хуулбарлан баталгаажуулан хүргүүлэв.” гэсэн албан бичиг зэрэг нотлох баримтууд болно.

2.25. Шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн, шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.

3. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт, нөхцөл байдлын талаар

3.1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шинжлэн судалсан доорх нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан,  үнэлэхэд 2022 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 21 цагийн орчимд хохирогч С.А нь найз охин У.Ныг дагуулж явах гээд тус аймгийн Өлгий сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Арвин” рестораны гадна ирж, найз охин У.Ныг шоолж бүжиглэсэн гэх шалтгаанаар шүүгдэгч Б.Жы толгой хэсэгт цохисноос болж хоорондоо маргалдан улмаар шүүгдэгч Б.Ж хохирогч С.Аын баруун талын хөмсөг хэсэгт, мөн түүнтэй хамт явсан шүүгдэгч С.Д  нь хохирогчийн хамар хэсэгт гараараа тус тус цохиж зодсон, тухайн үед шүүгдэгч нар гурвуулаа байсан бөгөөд  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, шүүгдэгч нарын найз гэх Ж.А, хохирогчийн найз охин гэх У.Н нар тэдгээрийг салгасан зэрэг үйл баримт дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

1. Хохирогч С.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тухайн үед өндөр нуруутай залуу миний баруун талын шанаа тус газарт нэг удаа, баруун талын хөмсөг тус газарт гараараа нэг удаа цохисон. Түүний дараа миний хамар тус газарт тухайн залуугийн хажууд нь явсан арай намхан нуруутай залуу нь цохиж зодсон юм..." гэсэн мэдүүлгүүд (хавтаст хэргийн 34, 36 дахь тал),

2. Гэрч У.Нын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тэгэхэд тэр залуугийн хажууд нь байсан 2 залуу ч гэсэн Аыг барьж аваад гурвуулаа Аын тал талаас нь зодоод эхэлсэн. Тэгж байхад тэр өндөр нуруутай залуу нь Аын хөмсөг тус газарт нь гараараа нэг удаа цохиод авахад Аын хөмсөг нь задраад газарт унасан... Ихэвчлэн өндөр нуруутай залуу нь дайраад цохиод байсан...." гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 6,44, 45 дахь тал),

3. 2022 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр согтуурлын түвшин тогтоогч багажаар С.А,С.Д, Б.Ж нарыг  үлээлгэж согтуурлын хэмжээг шалгасан тэмдэглэл (хавтаст хэргийн 13-15 дахь тал),

4. 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн дуу дүрсний бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 22-23 дахь тал),

5. Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журмын хамгаалах тасгийн харуулын цагдаа, цагдаагийн ахлах, ахлагч Х.Хурметын илтгэх хуудас (хавтаст хэргийн 24 дэх тал),

6. Гэрч Ж.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...Ж Аын нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохиход А газарт унаад боссон...." гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 43 дахь тал),

7. Шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 666 дугаартай “...1. С.Аын биед баруун хөмсгөнд оёдолтой шарх, баруун дээд доод зовхинд цус хуралт, баруун эгэм орчим зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. ...4. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 49-50 дахь тал),

8. Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн өвчтөн илгээх хуудас, эмч Ж.Силамханы иргэн С.Аыг компьютер томографын эмчийн үзлэгт хамааруулсан талаарх тэмдэглэл, амбулаториор эмчлүүлэгчдийн карт (хавтаст хэргийн 71-78 дахь тал),

9.. Шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 760 дугаартай С.Аын биед шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох нэмэлт шинжилгээ хийсэн дүгнэлт (хавтаст хэргийн 79-80 дахь тал),

10. Гэрч Ө.Ахмаралын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тухайн үед буюу 2022 оны 09 дүгээр сарын 14- ний өдөр С.А гэх иргэн хүнд зодуулсан гэх яриа өгүүлэлтэй ирж үзүүлж байсан. Тэгэхэд тухайн иргэний хамрын таславчийн хугаралт гэмтэлтэй байсан. Уг гэмтэл нь шинэ гэмтэл байсан.” гэсэн мэдүүлэг хавтаст хэргийн 148 дахь тал),

11. Гэрч Ж.Силамханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Иргэн С.А нь 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр ирж толгойн гавал ясанд компьютер томографын зураг авхуулж байсан. ... Аын биед хамрын таславч баруун тийшээ муруй, хамрын яс баруун тийшээ хугаралттай гэмтэлтэй байсан. Компьютер томографаар зөвхөн ямар нэгэн гэмтэл байгаа эсэхийг нь тогтоодог....” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 150 дахь тал),

12. Яллагдагч Б.Ж, С.Д, иргэн Ж.А нарын биед үзлэг хийсэн тэмдэглэлүүд, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зургууд (хавтаст хэргийн 157 дахь тал),

13. Яллагдагч Б.Жы өгсөн “...Энэ үед би ч гэсэн Аын баруун талын миний хөмсөг тус газарт нь гараараа нэг удаа цохисон тэр үед А над руу дайраад болохгүй байсан тул миний хажууд байсан С, А хоёр Аийг барьж авсан. Харин Аын найз охин нь намайг барьж аваад болиулсан. ...Хэд хоногийн дараа би ээж, эгчтэй,  С эгчтэйгээ хамт бид нар Аын гэрт очиж уучлалт гуйсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 100 дахь тал) зэрэг нотлох баримтууд болно.

3.2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул хууль ёсны нотлох баримт гэж үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлэн, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

3.3.  Шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч нар нь бүлэглэж хохирогчийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь нотлогдон тогтоогдсон учраас тэдгээрийг бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай” гэсэн,

хохирогчийн өмгөөлөгч С.Нургайпаас “ шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцуулах” гэсэн,

шүүгдэгч Б.Жы өмгөөлөгч С.Агаас “Шүүгдэгч Б.Ж нь хохирогч С.Аыг цохиж гэмтэл учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа”  гэсэн агуулгатай дүгнэлтийг,

шүүгдэгч С.Дийн өмгөөлөгч С.Тилеубердээс “..Яллагдагч Б.Ж мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хамарт учирсан гэмтэл миний үйлдлээс шалтгаалсан байж магадгүй гэж мэдүүлж байсан. Тиймээс шүүгдэгч С.Д хохирогчийн хамарт гэмтэл учруулсан гэдэг нь эргэлзээтэй байна. Нэмэлт шинжээчийн дүгнэлтэд хохирогчийн хамар баруун тийшээ муруй гэж гарсан бол хохирогч анх мэдүүлэг өгөхдөө хамар нь зүүн тийшээ муруй гэж мэдүүлсэн байдаг. Тиймээс шинжээчийн дүгнэлтэд дурдсан гэмтлийг хохирогч өөр цаг хугацаанд өөр газраас авсан байж болзошгүй гэсэн эргэлзээг төрүүлж байна. ...Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ гэж заасан зарчмын дагуу шүүгдэгч С.Дт ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн агуулгатай дүгнэлтийг тус тус гаргав.

3.4. Шүүгдэгч Б.Ж шүүхийн хэлэлцүүлэгт  гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогч С.Аын нүүр хэсэгт гараараа цохисон талаар мэдүүлж, түүний өмгөөлөгчөөс шүүгдэгчийн гэм буруугийн талаар мэтгэлцээгүй болно.

3.5. Шүүгдэгч С.Д “би хохирогч С.Аын зодоогүй, салгасан” гэж мэдүүлж, түүний өмгөөлөгч С.Т “шүүгдэгч С.Д нь хохирогчийг зодсон нь эргэлзээтэй нөхцөл байдал тогтоогдсоныг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй” гэж мэтгэлцэн, дүгнэлтдээ үндэслэл болгож шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулсан хохирогч С.А,  гэрч У.Н,  гэрч Ө.Ахмарал, гэрч Ж.Силамхан нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, цагдаагийн ахлах, ахлагч Х.Хурметын илтгэх хуудас, шинжээчийн дүгнэлт, эмч Ж.Силамханы компьютер томографын үзлэг хийсэн тэмдэглэл, нэмэлт шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлт, яллагдагч Б.Ж, С.Д нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийг /С.Д/ гэмт хэрэг үйлдсэн нь эргэлзээтэй гэж үзэх хангалттай үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэв. 

3.6. Учир нь 2022 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хохирогч С.А анх мэдүүлэг өгөхдөө хамар нь зовуурьтай байгаа талаар мэдүүлсэн (хавтаст хэргийн 5 дахь тал) байх ба түүний мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн “миний хамар тус газарт тухайн залуугийн хажууд нь явсан арай намхан нуруутай залуу нь цохиж зодсон юм..." гэх мэдүүлгийг (хавтаст хэргийн 34, 36 дахь тал) яллагдагч Б.Ж, С.Д, иргэн Ж.А нарын биед үзлэг хийсэн тэмдэглэлүүд, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зургууд (хавтаст хэргийн 157 дахь тал), яллагдагч Б.Жы өгсөн “...Энэ үед би ч гэсэн Аын баруун талын миний хөмсөг тус газарт нь гараараа нэг удаа цохисон, миний хажууд байсан С, А хоёр Аыг барьж авсан. ...Хэд хоногийн дараа би ээж, эгчтэй,  С эгчтэйгээ хамт бид нар Аын гэрт очиж уучлалт гуйсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 100 дахь тал)  зэрэг нотлох баримтуудтай харьцуулан үзэхэд хохирогчийн мэдүүлгийг үгүйсгэх, эргэлзээтэй гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

3.7. Мөн гэрч Ө.Ахмаралын “тухайн иргэний хамрын таславчийн хугаралттай гэмтэлтэй байсан, уг гэмтэл нь шинэ гэмтэл байсан” гэсэн мэдүүлэг, гэрч Ж.Силамханы “Аын биед хамрын таславч баруун тийшээ муруй, хамрын яс баруун тийшээгээ хугаралттай гэмтэлтэй байсан” гэсэн мэдүүлэг, компьютер томографын үзлэг хийсэн тэмдэглэл, нэмэлт шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хохирогч С.А нь 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр эмчид үзүүлэхдээ түүний хамрын таславч муруйж, хугарсан /хамрын яс мөгөөрсний хугарал/ нь тогтоогдож байх бөгөөд түүний биед үүссэн энэхүү гэмтлийг зодуулсны дараа үүссэн гэж үзэх эргэлзээ бүхий нөхцөл байдал тогтоогдоогүй  учраас гэмтлийг шүүгдэгч нарын хохирогчийг зодсон үйлдэлтэй шууд шалтгаан холбоотой гэж үзлээ.

4. Эрх зүйн дүгнэлт

4.1. Шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд  шүүгдэгч Б.Ж, С.Д нарын согтуурсан үед хохирогч С.Аыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсныг  Эрүүгийн хуулиар хамгаалагдсан  хохирогчийн халдашгүй байх эрхэд халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэм буруутай үйлдэл гэж үзэх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангид хуульчилсан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн  шинжийг агуулсан байна.

4.2. Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаартай Шүүх эмнэлгийн “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд хохирогч С.Аын биед нь үүссэн баруун хөмсгөнд оёдолтой шарх, баруун дээд доод зовхинд цус хуралт, баруун эгэм орчим зулгаралт, хамрын яс мөгөөрсний хугарал гэмтлүүд нь эрүүл мэндийг түр сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх шинжээчийн дүгнэлтийг үндэслэлтэй байх тул  хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж дүгнэлээ. (хавтаст хэргийн 79-80 дахь тал),

4.3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг хуульчилж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол” гэж энэхүү гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хуульчилжээ.

4.4. Хохирогч С.Аын шүүгдэгч Б.Жы толгойн тус газарт цохисноос улбаалан хохирогчтой зодолдож эхэлсэн шүүгдэгч Б.Жтай шүүгдэгч С.Д нь  үйлдлээрээ нэгдэж, хохирогчийг зодсон нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгч нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн гэж дүгнэв.

4.5. Хэрэгт цугларсан согтуурлын хэмжээг шалгасан тухай тэмдэглэлээр шүүгдэгч С.Д, Б.Ж нарын амьсгал дахь спиртийн агууламж 2,01, 1,8 хувь гарсан учраас тэдгээрийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

4.6. Иймээс шүүгдэгч  Б.Ж, С.Д нарын бүлэглэж, хохирогч С.Аыг зодож, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг нь хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон гэж дүгнэлээ.

4.7. Шүүгдэгч нарын дээрх үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал хохирогчийн эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан байх тул тэдгээрийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

4.8. Иймд шүүгдэгч Б.Ж, С.Д нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

4.9. Хэрэг учрал болох үед шүүгдэгч, хохирогч нарын зүй бус үйлдлүүд нь гэмт хэрэг гарахад шууд нөлөөлжээ. 

5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар

5.1. Гэмт хэргийн улмаас хохирогч С.Аын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд гэм буруутайд тооцогдсон шүүгдэгч нараас гэмт хэрэг үйлдэж учруулсан хор уршгийг гаргуулан хохирогчид олгох нь зөрчигдсөн эрхийг сэргээх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцнэ.

5.2. Хохирогч С.А нь мөрдөн шалгах ажиллагааны явцад эмчилгээний зардал буюу хор уршиг нэхэмжилсэн нотлох баримтуудаа гаргаж ирүүлээгүй, шүүхийн хэлэлцүүлэгт  “хотод эмчилгээ хийлгэсний дараа эмчилгээний зардлаа нэхэмжилнэ” гэж мэдүүлсэн учраас түүний гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар

2.1. Шүүгдэгч Б.Ж, С.Д нарыг шүүхээс “бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй.

2.2. Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж,  тэдгээрийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.

2.3. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Ж, С.Д нар нь хувийн байдлын хувьд  хоёулаа эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, тус аймгийн Өлгий сумын 7 дугаар багт оршин суудаг хаягтай гэх нөхцөл байдал тус тус тогтоогдож байна.

2.4. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “Шүүгдэгч Б.Ж, С.Д нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах саналтай” гэсэн дүгнэлтийг, шүүгдэгч Б.Ж, С.Д нарын өмгөөлөгч нараас шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар торгох ял оногдуулах дүгнэлтийг тус тус гаргасан болно.

2.5. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  

2.6.  Шүүх шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндсэн ялын төрлөөс торгох ялыг сонгож оногдуулах нь эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх зорилгод нийцнэ гэж дүгнэв.  

2.7. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж, С.Д нарын тус бүрийг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэв.

2.8. Шүүгдэгч нарын орлого олох боломж буюу эрхэлсэн тодорхой ажилгүй гэх хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэдгээрт оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг  сануулах нь зүйтэй.

3. Бусад асуудлын талаар:

3.1. Энэ хэргийн учир шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор тэдгээрт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэв.

3.2. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болох тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн СД 2 ширхгийг хэргийн хамт хадгалж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Жадик хостой ургийн овогт Болатбекийн Ж, Тасбике ургийн овогт Сайлаугийн С нарыг бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Болатбекийн Ж, Сайлаугийн С нарыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан, шүүгдэгч Б.Ж, С.Д нарт оногдуулсан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ялыг 5 (тав) сарын хугацаанд тус тус хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Б.Ж, С.Д нарт сануулсугай.

5. Шүүгдэгч Б.Ж, С.Д нар нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, тэдгээрт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

6. Хохирогч С.А нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

7. 2213002610233 дугаартай эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн СД 2 ширхгийг хадгалах хугацаагаар хэргийн хамт хадгалсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ө.Б