| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2018/4222/и |
| Дугаар | 1223 |
| Огноо | 2019-05-01 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 1223
| 2019 оны 05 сарын 01 өдөр | Дугаар 102/ШШ2019/01223 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч:Ю.Э,
Нэхэмжлэгч:Б.Н,
Нэхэмжлэгч:Ц.О,
Нэхэмжлэгч:А.А нарын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Н.Н сургууль
Хариуцагч:Н.Н нарт холбогдох
18 400 000 төгрөг гаргуулах тухай шаардлагатай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч Ю.Э, А.А, Б.Н нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Цэрэндагва, нэхэмжлэгч Ц.О, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Оюумаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ганзориг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ю.Э, Б.Н, Ц.О, А.А нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:М.Тэлмэн, Б.Цэрэн-Очир, Ж.Халиунаа, Х.Мөнхтулга гэх бидний хүүхдүүд анх 2007 онд Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн нутагт байрлах Япон хэлний сургалттай ерөнхий боловсролын Наран сургуульд бэлтгэл ангиасаа эхлэн 9 дүгээр анги төгстлөө суралцсан.Ийнхүү 10 дугаар ангид дэвшин суралцах намар 8 дугаар сарын эхэнд тус сургууль нь Улаанбаатар хот руу шилжиж сургуулийн багшид бидний хүүхдүүдийн хувийн хэргийг үлдээгээд нүүж явсан байсан.Сургууль нүүх талаараа эцэг, эх болон сурагчдад мэдэгдээгүй нүүж явсан бөгөөд сургуулиа харж үлдсэн багш нь хүүхдийнхээ хувийн хэргийг ав гэж утсаар ярьснаар бид мэдсэн.Бидний хүүхдүүд сургуульгүй, бүрэн эзэмшсэн боловсролгүй, эцэг, эх бидний 9 жилийн турш япон хэлний чиглэлээр бүрэн дунд боловсрол эзэмшүүлэх гэж зүтгэсэн хөдөлмөр үр дүнгүй болж биднийг хохироосон.Тус сургууль анх япон хэлний төрөлжсөн сургалттай, шалгалт өгөөд тэнцсэн тохиолдолд Япон улсад тэтгэлэгээр суралцуулдаг гэж хэлж байсан бөгөөд бид итгэж байсан.Бид сургалтын төлбөрийг цаг тухайд нь бүрэн төлж байсан бөгөөд бэлтгэл ангид ороход төлбөр нь 100 ам доллар, нэгдүгээр ангидаа 300 ам доллар, дунд ангидаа 600 ам доллар гэх мэтээр өссөөр есдүгээр ангид ороход 980 000 төгрөгийн төлбөртэй болсон.Бид хүүхдүүдээ улсын сургуульд оруулсан боловч хүүхдүүдийн багаасаа боловсрол эзэмшсэн орчин, сургалтын систем, хөтөлбөр, багш нарын заах арга зүй зэргээс шалтгаалаад хүндрэлтэй байсан бөгөөд хүүхдүүдийн сурлагын түвшин эрс муудаж эхэлсэн.Түүнчлэн улсын сургуульд япон хэлний хичээл ордоггүй бөгөөд бидний зүгээс 1-9 дүгээр анги хүртлээ сурсан зүйлийг орхих нь харамсалтай байсан тул өндөр төлбөртэй япон хэл заадаг Монгол-Оюу нэртэй сургуульд шилжүүлж, жилийн 2 300 000 төгрөгийн төлбөр төлж суралцуулж байна.Бид Шинэ Наран сургуулийн удирдлагуудтай уулзахад сургуулийн нэрээ Номт Наран гэж өөрчлөн үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд төлбөр төлөх боломжгүй гэсэн хариу өгсөн.Шинэ Наран сургуулийн эрхийг залгамжлан авсан Номт Наран сургуулиас хохиролоо нэхэмжилж байна.Бидний хүүхдүүдийг сургаж, хүмүүжүүлэх үүргээсээ хууль бусаар татгалзсан нь Бага дунд боловсролын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, 14 дүгээр зүйлийн 14.4, Боловсролын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.1.2, 5.1.3, 5.1.4, 5.1.6-д заасныг тус тус зөрчиж байна.Хүүхдүүдийн эцэг эх бидний хувьд Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.5-т заасны дагуу хүүхдүүдэд болон бидэнд учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж үзэж байна.Бидний хүүхдүүдийг эзэмшсэн боловсролгүй, суралцах сургуульгүй болгож орхиод явсан сургуулийн хууль зөрчсөн үйл ажиллагааны улмаас бид хүүхдүүдээ 12 дугаар анги төгсөх хүртэл жилийн 2 300 000 төгрөгийн төлбөртэй сургуульд үлдсэн 2 жилд нь сургаж төгсгөхөөс өөр аргагүй болсон тул нэг хүүхдийн 2 жилийн нийт төлбөр 4 600 000 төгрөг, 4 хүүхдийн 18 400 000 төгрөгийг тус сургуулиас гаргуулахаар нэхэмжилж байна.Иймд Н.Н сургууль болон Н.Номин нараас Ю.Эт 4 600 000 төгрөг, Б.Над 4 600 000 төгрөг, Ц.Оюунгэрэлд 4 600 000 төгрөг, А.Ад 4 600 000 төгрөгийг гаргуулан өгч, биднийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Ц.О шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Н.Н сургуульд манай хүүхдүүд бэлтгэл ангиасаа суралцсан ба хүүхдүүдийг сургаж цаашид Япон улсад дуртай мэргэжлээр нь боловсрол эзэмшүүлнэ гэж байсан, Японоос багш нар ирж сургалт хийдэг байсан боловч 8 дугаар сард хүүхдүүдийн хувийн хэргийг тарааж өгсөн, 80 хүүхдийг орхиод явсан, энэ асуудлаар Боловсролын даргад хандаж байсан, Номин захиралтай уулзахад хүүхдүүдээ авчраад энд сургаг бид нар тодорхой хэмжээний хөнгөлөлт үзүүлье, дотуур байранд байлгая гэсэн, бид нар шилжилтийн насны хүүхдүүдийг хараа хяналтаас гаргах боломжгүй, өөрсдийнхөө хажууд байлгана гээд авч үлдсэн.Бага ангиас нь хичээл зааж байсан Нэргүй багш нь Монгол Оюу сургуульд багшилж байгааг сонсоод тэнд хүүхдүүдээ сургасан.Эцэг эх бидэнтэй уулзалгүй сургуулиа хаасан байсан.Одоо хүүхдүүдийнхээ Монгол Оюу сургуульд 10-11 дүгээр ангийн сургалтын төлбөрийг нэхэмжилж байна.Монгол Оюу сургуулийн жилийн төлбөр 2 300 000 төгрөг, ингээд 4 600 000 төгрөг нэхэмжилж байна гэв.
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Цэрэндагва шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Нэхэмжлэгч Ю.Э, А.А, Б.Н нарын хүүхдүүд болох Цэрэн-Очир,.Ариунаа, Мөнхтулга нар Шинэ Наран сургуульд 2007 онд элсэн орж 9 дүгээр анги төгстлөө сурсан, 2008 онд татан буугдсан гээд багш нь биш өөр хүн хувийн хэрэг ав гээд утсаар холбогдсон, сургуульгүй болсон хүүхдүүдээ хоосон хоцроохгүй гээд улсын сургуульд оруулах гэхэд нөхцөл, хөтөлбөр зэрэг нь өөр байсан учир шалгалтад тэнцэхгүй байсан.Аймгийн удирдлагад хүсэлт гаргаж сургуульд оруулсан боловч сургалтын түвшин муудаж эхэлсэн тул аргагүйн эрхэнд өндөр төлбөртэй Монгол Оюу сургуульд шилжүүлж 2 жил суралцуулж байна.Эцэг эхчүүд хайж байгаад захиралтай нь уулзахад ямар ч тайлбар хэлээгүй, гэтэл сургуулийнхаа нэрийг Номт Наран гэж өөрчилсөн байсан. Сургах үүргээсээ хууль бусаар татгалзсан нь Бага, дунд боловсролын тухай хуулийн 7.2-т бага боловсролыг 5, суурь боловсролыг 9, бүрэн дунд боловсролыг 12 жилд тус тус эзэмшүүлнэ гэж заасан.Уг хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т төрөлжсөн болон гүнзгийрүүлсэн сургалттай ерөнхий боловсролын сургууль нь суралцагчид бага, суурь, бүрэн дунд боловсролын стандартын агуулгыг заавал эзэмшүүлнэ гэж заасан.Боловсролын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т Монгол Улсад боловсрол нь хүмүүнлэг, ардчилсан, тасралтгүй, бүх нийтэд хүртээмжтэй байх бөгөөд үндэсний болон хүн төрөлхтөний соёл иргэншлийн үнэт зүйлс, дэвшилт өв уламжлал, шинжлэх ухаанд тулгуурлана гэж заасан. 5.1.3-т боловсрол эзэмшүүлэх арга, хэлбэр, суралцагчийн хэрэгцээ, хувийн болон хөгжлийн онцлогт нийцсэн олон хувилбартай, чөлөөтэй, нээлттэй байна, 5.1.4-т иргэнийг сурч боловсроход үндэс угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, хөгжлийн онцлог, эрүүл мэнд, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхахгүй байх, эх хэлээрээ сурч боловсрох тэгш боломж, нөхцөлөөр хангана гэж заасныг зөрчсөн. Шаардах эрхээ Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.5-д зааснаар нэхэмжилж байгаа.Хариуцагч тайлбартаа Шинэ Наран сургуульд сурч байсан болохоос Н.Н сургуульд сураагүй гэж байгаа.Шинэ Наран сургууль татан буугдаад хаа нэг газар үйл ажиллагаа явуулдаггүй.Аймгийн удирдлагуудад гаргасан хүсэлтийг харахад Улаанбаатар хотруу шилжлээ гэсэн байгаа.Үүсгэн байгуулагч, удирдлага нь нэг, сургуулийн нэр л өөрчлөгдсөн байгаа.Боловсролын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.17-д ашгийн төлөө боловсролын сургалтын байгууллага гэж хувь оруулсан хөрөнгө нь тодорхой тооны хувьцаанд хуваагддаг, хувьцаа эзэмшигчид ногдол ашиг хуваарилдаг бөгөөд ашиг олох зорилгоор сургалтын үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээдийг ойлгоно гэж заасан.Н.Н сургууль, Шинэ Наран сургууль нь ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг нь тодорхой тогтоогдож байна.Компани нь хувьцаа эд хөрөнгөд хуваагддаг. Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-т хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ гэж заасан байна.Н.Номин нь Шинэ Наран сургууль, Номт Наран сургуулийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэлтэй байдаг.Шинэ Наран сургууль татан буугдсан нь баримтаар тогтоогдсон.Шинэ Наран сургуулийн гаргасан хохирлыг Н.Номин хариуцах үндэслэлтэй тул нэхэмжлэлийг хангаж шийдэх боломжтой.Боловсролын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т Боловсролын сургалтын байгууллагыг энэ хуулийн 25.1.1-д заасны дагуу татан буулгах шийдвэр гарахаас 2 сарын өмнө тухайн боловсролын сургалтын байгууллагыг татан буулгах ажлын төлөвлөгөө, авах арга хэмжээний талаархи саналаа холбогдох тооцоо, судалгааны хамт боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх бөгөөд боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага уг саналыг судлан дүн шинжилгээ хийж, дүгнэлт гаргана гэж заасан байдаг.Шилжихдээ хохироохгүй байх ямар арга хэмжээ авах вэ гэдгийг заасан байгаа, 2 сарын өмнө шилжих тухайгаа татан буулгах төлөвлөгөөг тухайн боловсролын газарт мэдүүлсэн байх ёстой байдаг.Ингээд тухайн Засаг дарга татан буулгах эсэх талаар шийддэг, хариуцагч нарын хууль бус үйлдлээр нэхэмжлэгч нарын хууль ёсны эрх ашиг хохирсон байна.Нэхэмжлэлийн шаардлага бол хохирол гэж нэхэмжилж байгаа. Боловсролын тухай хууль болон бусад хуулийг зөрчсөний улмаас хүүхдүүд хохирлоо гэж үзсэн учир хууль ёсны асран хамгаалагчид нь учирсан хохирлыг нэхэмжилж байгаа.Н.Н сургууль, Н.Номингоос нэхээд байгаа нь Шинэ Наран сургууль, Номт Наран сургуулиудын үүсгэн байгуулагч нэг, 100 хувь хувьцаа эзэмшигч нь Н.Номин гэж байгаа.Хувьцаа эзэмшигч үүрэг хүлээхгүй ч эзэмшиж байгаа хувьцааны хэмжээгээр хүлээнэ гэж заасан.Шинэ Наран, Номт Наран сургуулиудыг үүсгэн байгуулагч Н.Номин хариуцна.Номт Наран сургуулийн хувьд Шинэ Наран сургууль Улаанбаатар хотруу шилжлээ, тусгай зөвшөөрөл цуцалж өгөөч гээд цуцлуулаад Улаанбаатар хотруу шилжсэн.Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд компани үйл ажиллагааны чиглэлийг өөрчилсөн тохиолдолд тусгай зөвшөөрөл цуцлах заалттай, зөвхөн нэр нь өөрчлөгдсөн, үйл ажиллагаа өөрчлөгдөөгүй нь хэрэгт авагдсан баримтаар харагдаж байна.Ямар ч гэрээ байгуулаагүй гээд байгаа нь үндэслэлгүй байна.Номт Наран нэртэй сургуульд суралцаж байгаагүй нь үнэн.Н.Н сургуульд сурч хохирсон гэж байгаа зүйл биш.Шинэ Наран сургууль хохироочихоод явчихлаа гэсэн асуудал байгаа гэв.
Хариуцагч Ерөнхий боловсролын Н.Н сургууль шүүхэд гаргасан тайлбартаа:Манай сургууль Нийслэлийн Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн А/656 тоот захирамжийн дагуу Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үүсгэн байгуулагдсан төрийн өмчийн бус сургууль юм.Тус сургуулийн сурагчийн бүртгэлд М.Тэлмэн, Б.Цэрэн-Очир, Ж.Халиунаа, Х.Мөнхтулга гэх сурагчид байхгүй ба өнгөрсөн хугацаанд эдгээр сурагчид Н.Н сургуульд суралцаж байгаагүй тул Ю.Э, Б.Н, Ц.О, А.А нарын нэхэмжлэлийн дагуу дээрх сурагчдын Дархан-Уул аймгийн Наран сургуульд суралцаж төгссөн болон бусад сургуульд суралцах сургалтын төлбөрийг хариуцан төлөх үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Н.Номин шүүхэд гаргасан тайлбартаа:Би Ю.Э, Б.Н, Ц.О, А.А нарыг танихгүй, тэднээс мөнгө авч байгаагүй.Би бусдад бага, дунд, суурь, бүрэн дунд боловсрол олгох сургалтын төлбөр хураан авах хууль зүйн үндэслэл байхгүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Оюумаа шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Нэхэмжлэгч нар Н.Н сургуультай гэрээ хийсэн зүйл байхгүй, Н.Н сургуульд урьд нь сурч байгаагүй.Н.Н сургууль 2016 онд бий болсон шинэ сургууль Нийслэлийн Засаг даргын 656 дугаар захирамжаар Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, өөрийн байранд үйл ажиллагаа явуулдаг, захирал нь Н.Номин байгаа. Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулж байсан сургуулийг мэдэхгүй.Монгол Оюу сургуультай хийсэн гэрээний дагуу хариуцлага хүлээхгүй гэж үзэж байгаа тул хүлээн зөвшөөрөхгүй.Н.Н сургууль нь Боловсролын тухай хуулийн 16 дугаар зүлийн 16.2.4, 20 дугаар зүйлийн 20.1, 30 дугаар зүйлийн 30.6-д зааснаар 2016 онд байгуулагдсан сургууль.Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү Н.Номингоос ямар үндэслэлээр 18 000 000 төгрөг нэхэж байгаа нь тодорхой бус байна.Н.Номин нь хүнээс ямар нэгэн сургуульд сургана гэж мөнгө аваагүй, баримт хэрэгт байхгүй.Энэ гэрээн дээр Н.Номин гэж байхгүй.Яагаад Н.Номингоос нэхэж байгаа нь ойлгомжгүй.Н.Номинтой гэрээ хэлцэл хийсэн үү, Н.Номин хамаатай юу гэдгийг нотолсон баримт алга.Ямар нэгэн байдлаар эдгээр хүмүүсээс өр зээл тавиагүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү.Боловсролын тухай хуулинд заасан гэрээ хэлцэл эдгээр хүмүүстэй хийгээгүй.Хэрэгт авагдсан баримтад Н.Н сургуультай холбоотой баримт байхгүй тул хүлээн зөвшөөрөхгүй, Н.Н сургууль 2016 онд анх бий болсон, ямар үндэслэлээр холбогдоод байгаа нь ойлгомжгүй байна гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ю.Э, Б.Н, Ц.О, А.А нар хариуцагч Ерөнхий боловсролын Н.Н сургууль, Н.Номин нарт холбогдуулан өөрсдийн хүүхдүүдээ Дархан-Уул аймгийн Монгол Оюу сургуульд жилийн 2 300 000 төгрөгийн төлбөртэй суралцуулж байгаа тул 4 хүүхдийн 2 жилийн сургалтын төлбөрт төлсөн 18 400 000 төгрөгийг хариуцагч нараас тэнцүү хэмжээгээр гаргуулах тухай шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч нарын хүүхдүүд болох М.Тэлмэн, Б.Цэрэн-Очир, Ж.Халиунаа, Х.Мөнхтулга нар нь Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулж байсан Япон хэлний сургалттай ерөнхий боловсролын Наран болон Шинэ Наран сургуульд 2008 оноос эхлэн бага болон суурь боловсролыг эзэмшиж, 9 жилийн хугацаанд суралцаж байсан болох нь сурагчийн хувийн хэрэг, суурь боловсролын гэрчилгээ, талуудын тайлбараар нотлогдож байна.
Дархан-Уул аймгийн Засаг даргын 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн Сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг цуцалж, олгох тухай А/220 дугаартай захирамжаар тус аймгийн Дархан сумын ерөнхий боловсролын Наран сургуулийн оноосон нэр улсын бүртгэлийн ерөнхий газарт давхардсан тул тус сургуулийн сургалт эрхлэх зөвшөөрлийг 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн цуцалж, мөн өдрөөс эхлэн Дархан сумын ерөнхий боловсролын Шинэ Наран сургуульд сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг олгож шийдвэрлэсэн байна.
Шинэ Наран сургуулиас 2016 оны 8 дугаар сарын 4-ний өдөр хүсэлт гаргасны дагуу Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай А/393 дугаартай захирамжаар Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багт байрлах Шинэ Наран хувийн өмчийн сургууль нь Улаанбаатар хот руу шилжилт хөдөлгөөн хийх болсон тул 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулах, сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл, гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.
Дээрх хүүхдүүдийн хууль ёсны төлөөлөгчид нь 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Монгол Оюу сургуультай сургалтын гэрээ байгуулж, тус сургуульд хүүхэд тус бүр 2 жилийн хугацаанд 4 600 000 төгрөг төлж суралцсан гэж энэхүү сургалтын төлбөрийг хариуцагч нараас шаардаж байгаа нь үндэслэлгүй байна.
Шинэ Наран сургууль нь Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулж байхдаа болон Дархан-Уул аймгийн засаг дарга 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн Шинэ Наран сургуулийг Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулах, сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл, гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн байхад Шинэ Наран сургууль нь хүүхдүүдийг сургах, хүмүүжүүлэх үүргээсээ татгалзсан, Боловсролын тухай хууль болон Бага боловсролын тухай хуулийг зөрчсөн байна гэж үзэх боломжгүй байна.
Нэхэмжлэгч нарын Монгол Оюу сургуультай байгуулсан гэрээний үүрэгт төлсөн сургалтын төлбөрийн мөнгийг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-т заасан хохиролд тооцох боломжгүй байна.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нар нь Н.Н сургууль болон иргэн Н.Номинтой гэрээ байгуулаагүй бөгөөд тэдний хооронд үүргийн харилцаа үүсээгүй байхад Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.5-т заасан шаардах эрх үүсэх боломжгүй байна.
Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулж байсан Шинэ Наран сургууль нь Улаанбаатар хотод шилжин ирж үйл ажиллагаа явуулаагүй бөгөөд харин Ерөнхий боловсролын Н.Н сургууль нь Улаанбаатар хотод 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 000129459 дугаартай гэрчилгээгээр нотлогдож байна.
Нийслэлийн боловсролын газраас Н.Н сургуульд сургалт эрхлэн тусгай зөвшөөрлийн 0001993 дугаартай гэрчилгээг 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр олгосон байна.
Дархан-Уул аймагт сургалтын үйл ажиллагаа явуулж байсан Шинэ Наран сургуулийн захирал Н.Номин нь Улаанбаатар хотод шинээр үүсгэн байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа Номт Наран сургуулийн захирал хийж байгааг хууль зөрчсөн, эсхүл Шинэ Наран сургуулийн эрхийг залгамжлан авсан байна гэж үзэх боломжгүй юм.
Нэгэнт хүүхдүүд гэрээний дагуу зохих төлбөрыг төлж сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөрийн дагуу суралцсан байхад Монгол Оюу сургуульд нэхэмжлэгч нараас төлсөн хүүхдийн сургалтын төлбөрийн мөнгийг Н.Н сургууль болон Н.Номин нар төлөх үндэслэл тогтоогдохгүй байна.
Нөгөө төлөөр Боловсролын тухай хуульд зааснаар хүүхдэд бага, суурь, бүрэн дунд боловсрол олгох зориготой сургууль нь боловсрол сургалтын байгууллага гэж улсын бүртгэлд бүртгэгдсэн байх тул Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-т заасан Хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ гэсэн зохицуулат нь хамааралгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.5-т заасныг баримтлан Н.Н сургууль, Н.Н-с нараас 18 400 000 /арван найман сая дөрвөн зуун мянган/ төгрөг гаргуулахыг хүссэн Ю.Э, Б.Н, Ц.О, А.А нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсхэгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 250 000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдний төлөөлөгч нар шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН