Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 2023/ШЦТ/48

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Баяржаргал,

Улсын яллагч Э.Уламбаяр,

Шүүгдэгч, хохирогч *****************өмгөөлөгч Б.Ганчимэг,

Шүүгдэгч, хохирогч *****************өмгөөлөгч Б.Манлайбаяр,

Шүүгдэгч, хохирогч *****************нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн **************, ************* нарт холбогдох эрүүгийн 2238002950620 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч *****************нь 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнө Мөрөн сумын 8 дугаар баг 20 дугаар байр *****************гэрт эхнэрээ зодлоо гэх шалтгаанаар маргалдаж харилцан зодолдож улмаар *****************биед уруулд няцарсан шарх, цус хуралт, хүзүү, зүүн эгэм, нуруу, хоёр дал, зүүн тохой, баруун өвдөгт зулгаралт, цээжинд цус хуралт бүхий гэмтэл учруулсан,      

Шүүгдэгч *****************нь 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнө Мөрөн сумын 8 дугаар баг 20 дугаар байранд өөрийн гэртээ ************* үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж харилцан зодолдсоны улмаас ************* эрүүл мэндэд эрүүний зүүн үений залаа ясанд цууралт, дээд уруулд шарх, цээж болон баруун бугалгад цус хуралт бүхий гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэнд тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч *****************нь 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнө Мөрөн сумын 8 дугаар баг 20 дугаар байр *****************гэрт эхнэрээ зодлоо гэх шалтгаанаар маргалдаж харилцан зодолдож улмаар *****************биед уруулд няцарсан шарх, цус хуралт, хүзүү, зүүн эгэм, нуруу, хоёр дал, зүүн тохой, баруун өвдөгт зулгаралт, цээжинд цус хуралт бүхий гэмтэл учруулсан,      

Шүүгдэгч *****************нь 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнө Мөрөн сумын 8 дугаар баг 20 дугаар байранд өөрийн гэртээ ***************** үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж харилцан зодолдсоны улмаас *****************эрүүл мэндэд эрүүний зүүн үений залаа ясанд цууралт, дээд уруулд шарх, цээж болон баруун бугалгад цус хуралт бүхий гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэнд тус тус холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2238002950620 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч, хохирогч *****************мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Би гэртээ 2 сартай хүүгээ хараад байж байхад 2022 оны 08 дугаар сарын 29-ны шөнийн 01 цаг өнгөрч байхад манай байрны гэрийн орц дотор хүмүүс инээлдэж юм яриад байх чимээ нь сонсогдсон. Тэр чимээ манай *****************инээж байгаа чимээ байсан. Тэгэхээр гэрийнхээ хаалгыг онгойлгож сонсож байгаад буцаагаад хаасан. Тэгээд эхнэр удалгүй гэртээ орж ирсэн. Тэгэхээр нь би эхнэрээс сая чамтай хамт орцонд байсан залуу ямар хүн бэ? ямар харилцаатай юм бэ? гэж асуухад бааранд танилцсан залуу хүргэж ирсэн юм гэж хэлсэн. Тэгэнгүүт миний уур хүрээд чи тэгвэл хүргүүлж ирсэн залуутай явахгүй юу гэсэн чинь эхнэр Б.Хулан хүүхдээ авч явна гээд уурлаад миний урдаас дайрахаар нь би хориглоод би тэгвэл одоо ээжийг чинь дуудаад хүүг өгье эсвэл би өөрөө маргааш өглөө гэрт чинь аваачиж өгье. Одоо харанхуй шөнө хүүхэд өгч явуулахгүй гэсэн авч явна гээд дайраад байсан...Хулан шкабны хажууд байсан дрилл товчлуурыг дараад асаагаад дайраад байхаар нь би хориглож тавиулсан юм. Тэгэхэд дахиад дриллээ аваад дайраад унтлагын өрөөнөөс гарч том өрөөнд түлхэлцээд би тухайн үед газар шилэн хүзүүн дээр нь дараад одоо чи болиоч ээж, аав руугаа яв. Хүн амьтан амарч байгаа битгий орилж чарлаад бай гээд Хулан бид хоёр хэрэлдээд байж байхад гаднаас манайд үл таних нэг залуу орж ирээд эхнэрийг хүзүүн дээр нь дарсан байхад чи муу яагаад байгаа юм гэж хараалын үг хэлэхэд нь чи өөрөө хэн юм бэ? гэхэд чамд ямар хамаатай юм. Гэр орноо хараач гэх зэрэг зүйлийн юм яриад чи тагнуулын байгууллагад ажилладаг гээд томроод байгаа юм уу гэж байсан. Би тэр хүнд бол хаана ажилладаг ямар байгууллагад ажилладгаа хэлээгүй байхад мэдээд байсан. Тэгээд бид хоёр том өрөөндөө заамдалцаж барилцаж түлхэлцэж яваад унтлагын өрөөнд орсон. Тэгэхэд намайг тэр залуу толгой хэсэгт удаа дараа цохиод байхаар нь өөрийгөө хамгаалах үүднээс би заамдсан гараа тавилгүй хана хэсэг рүү түлхсэн. Нөгөө залуу ирээд намайг газарт хэвтэж байхад өшиглөж цохисон...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч, хохирогч *****************мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...1 дүгээр сургуулийн хажууд миний өмнө танилцаж байсан Хулан гэх хүүхэнтэй таарсан. Тэгээд Хуланг хариагүй байсан юм уу. Танайх ойрхон юм уу? Би дөхүүлээд өгье гэж хэлээд Хуланг байрны хажууд хүргэж өгөөд за, за гэртээ ор гэж хэлээд явж байхад ард эмэгтэй хүн орилоод чи намайг аллаа ш дээ, чи намайг яагаад зодоод байгаа юм бэ? Гэсэн дуу гарахаар нь би буцаад нөгөө Хулангийн байрны гадаа ирээд орцонд нь ороход хоёр хүн хоорондоо хэрэлдээд зодоон болоод гэр дотроо түжигнээд байсан. Тэгэхээр нь би 2 давхарт гарахад Хулангийн хаалга онгорхой байхаар нь эхлээд чагнаж нэлээн зогссон. Тэгэхэд зодоон нь дуусахгүй байхаар нь гэрт нь яваад ороход жижиг өрөөнд хулангийн дээр нөхөр гарсан суугаад үсдээд зодож байсан. Тэгэхээр нь нөхрийг араас нь очоод сугадаад хөөе чи эхнэрээ зодоод яаж байгаа юм бэ? Гэсэн чинь эргэж хараад чи хэн бэ? миний амьдрал чамд ямар хамаатай юм бэ? гэж хэлээд миний зүүн шанаа тус газарт цохисон. Тэгээд бид 2 зууралдаад гэрээс нь гарсан. Тэгээд намайг байрны коридорт цохиж аваад, боогоод хажуу айлын хаалга руу шахсан...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

Гэрч *****************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...*****************гаднаас орж ирээд тэр хоёр муудалцаж эхэлсэн. Тэр хоёр барилцаж аваад үүдний коридорт хэсэг унацгаасан. Хэн нь эхэлж цохисонг хараагүй. Ямар ч байсан хоёр эрэгтэй хүн барилцаж аваад цохилцсон байх...” гэх мэдүүлэг (хх-ийн 41-42-р хуудас),

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ц.Бадралын 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 467 дугаартай:

1. *****************биед уруулд няцарсан шарх, цус хуралт, хүзүү, зүүн эгэм, нуруу, хоёр дал, зүүн тохой, баруун өвдөгт зулгаралт, цээжинд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр 1-2 хоногийн өмнө үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй гэх дүгнэлт (хх-ийн 49-50-р хуудас),

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 469 дугаартай:

1. *****************биед эрүүний зүүн үений залаа ясанд цууралт, дээд уруулд шарх, цээж болон баруун бугалгад цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд мохоо зүйлээр үүсгэгджээ.

3. *****************биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

      4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт (хх-ийн 56-р хуудас),

Шүүгдэгч *****************хувийн байдлыг тогтоосон иргэний оршин суугаа хаягийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 77, 79, 96-р хуудас),

Шүүгдэгч *****************хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7-р багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 90-93, 97-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 2238002950620 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Шүүгдэгч *****************нь 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнө Мөрөн сумын 8 дугаар баг 20 дугаар байр *****************гэрт эхнэрээ зодлоо гэх шалтгаанаар маргалдаж харилцан зодолдож улмаар *****************биед уруулд няцарсан шарх, цус хуралт, хүзүү, зүүн эгэм, нуруу, хоёр дал, зүүн тохой, баруун өвдөгт зулгаралт, цээжинд цус хуралт бүхий гэмтэл учруулсан,      

Шүүгдэгч *****************нь 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнө Мөрөн сумын 8 дугаар баг 20 дугаар байранд өөрийн гэртээ ***************** үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж харилцан зодолдсоны улмаас *****************эрүүл мэндэд эрүүний зүүн үений залаа ясанд цууралт, дээд уруулд шарх, цээж болон баруун бугалгад цус хуралт бүхий гэмтэл учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч *****************нарын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Хохирогч *****************нарын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлгүүд,

Гэрч *****************(хх-ийн 41-42-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ц.Бадралын 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 467 дугаартай дүгнэлт (хх-ийн 49-50-р хуудас),

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 469 дугаартай дүгнэлт (хх-ийн 56-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч *****************нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

      Гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг шүүгдэгч *****************нар нь харилцан бие биедээ гэмтэл учруулж үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нар нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч *****************нар нь харилцан бие, биеийнхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бөгөөд хохирол төлбөр нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч *****************нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх боловч 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Эрүүгийн хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг...харгалзан ...эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно.” гэж заасан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт...оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ...гэж заасан байх тул шүүгдэгч *****************нарыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч *****************нь ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг, Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэгт мэс заслын их эмчээр ажилдаг, шүүгдэгч *****************нь ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг, Хөвсгөл аймгийн Тагнуулын хэлтэст ажилтнаар ажилдаг зэрэг хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч *****************нарыг эрүүгийн хариуцлагаас тус тус чөлөөлөх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч *****************нар нь урьд ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 96-97-р хуудас)-аар тогтоогдож байна.

 Эрүүгийн  2238002950620 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

      1. Шүүгдэгч *****************нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тус тус тооцсугай.

      2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Туулын ************** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас тус тус чөлөөлсүгэй.

       3. Эрүүгийн 2238002950620 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

      4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

      5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *****************нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Т.ХҮРЭЛБААТАР