| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2017/02404/и |
| Дугаар | 102/ШШ2019/00607 |
| Огноо | 2019-02-27 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 102/ШШ2019/00607
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Ч.А-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ц.Д-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 2.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.А, хариуцагч Ц.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.А шүүхэд гаргасан нэхэмжлэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би хувиараа аарц, нэрс, аньс, ороомог зэргийг хийж 4 дүгээр хорооллоор зардаг. Ц.Дг 2014 оноос хойш Төрийн банкны үүдэнд наймаа хийж зогсдогийг мэддэг. Ц.Д надад чи ингэж явахаар надад хүүтэй мөнгө зээлээч, өдрийн зээл гэж өдөрт нь 36.000 төгрөгийн хүү өгдөг зээл байдаг гэсэн. 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Сайн ломбарданд би гинжээ тавьж, Ц.Дд 2 сарын хугацаатай 15 хувийн хүүтэй, 1.000.000 төгрөг зээлж, гэрээ байгуулж нотариатаар батлуулсан. Ц.Д эхний саруудад зээлийн төлбөрийг Ариг банк-аар шилжүүлж байсан. 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Ц.Д надад Сэлэнгэ аймгийн Орхон суманд хүнсний ногоо тарина. Мөнгөний хэрэг гараад гэхэд бага хүүгийнхээ нэр дээр Худалдаа хөгжлийн банк-д хадгалуулсан 4.000.000 төгрөгөөс 2.000.000 төгрөг зээлсэн. Сүүлд 1.000.000 төгрөг нэмж зээлсэн. Ц.Д 2018 оны 5 сарын 02-ны өдрөөс хойш зээлийн хүү төлөөгүй, Ц.Дгаас зээлсэн мөнгөө нэхэж очиход орой банкаар шилжүүлнэ эсвэл нөхөр нь наадах чинь 1.000 төгрөг авах гэж эргэлдэж байна. 1.000 төгрөгийг нь өгөөд явуул хэл амаар доромжилж, цагдаа дуудаж байсан. 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдөр 1.000.000 төгрөг, 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 2.000.000 төгрөг, 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдөр 1.000.000 төгрөг, нийт 4.000.000 төгрөг хүүтэй зээлсэн боловч хүү өгөөгүй. Хэрэв Ц.Д мөнгөө өгч чадахгүй гэж байгаа бол ядаж 2.000.000 төгрөгөө авмаар байна. Ц.Д надаас анх мөнгө зээлэхдээ ямар сайхан зантай байсан. Одоо шал өөр авир гаргадаг, өрөвдөж итгэж мөнгө зээлж байхад ингэж хандаж байгаад гомдолтой байна. 10 сарын хүү тооцсон ч 1.000.000 төгрөг болно, зээлдүүлсэн 4.000.000 төгрөгийнхөө ядаж 2.000.000 төгрөгийг гаргуулах хүсэлттэй байна гэв.
Хариуцагч Ц.Д шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдөр би Ч.Агаас 1.000.000 төгрөг зээлсэн. Мөнгө зээлсэн 2 дахь сараас Ч.А хүү яасан, ээмэг бөгжөө сунгуулмаар байна гэж дарамтлах болсон. Би Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, Төрийн банк-ны гадна наймаа хийж 20 жил зогсож байна. Ч.А намайг зээлсэн мөнгөө өгөхгүй дээрэмчин, охин нь хүртэл дээрэмчин, нөхрийнх нь байж байгааг хар гэж гэр бүлээр минь доромжилж, орилж чарладаг байсан. 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдөр зээлсэн 1.000.000 төгрөгийг төлж, хохиролгүй болгоно. 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр зээлсэн гэх 2.000.000 төгрөг, 2018 оны 8 сарын 17-ны өдөр зээлсэн гэх 1.000.000 төгрөгийн талаар шүүхэд хариуцагчаар дуудагдахдаа л мэдсэн. Эдгээр мөнгийг би Ч.Агаас аваагүй. 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр би Төрийн банк-ны гадна зогсоогүй, бэр эгч зогссон. Би 2018 оны 6 сарын эхээр ногоо тарьсан нь үнэн. Би гадна 20 жил зогсож наймаа хийхдээ нэг удаа ч хэрүүл шуугиан гэж байгаагүй. Харин Ч.Агаас мөнгө зээлснээс хойш хэрүүл гаргах болсон. Төрийн банк-ны захирал надад тооцоогоо дуусгаж, хэрүүл маргаанаа болихгүй бол зогсоох боломжгүй гэсэн мэдэгдэл өгсөн. Ч.А өөрөө л хэрүүл шуугиан эхлүүлдэг. Энэ байдлыг тэр хавьд зогсдог бүх хүн гэрчилнэ. 2018 оны 6 сард би хүнээс 40 шил халиар авах захиалга авч, 6-уулаа халиар, гишүүнэ түүсэн. Би 2018 оны 6 сараас наадам хүртэл Төрийн банк-ны гадна нэг ч удаа зогсоогүй, хажууд нүдний шил зардаг залууг гэрчлээд өгөөч гэсэн боломжгүй гэсэн. 2018 оны 6 сард Сэлэнгэд 1.500.000 төгрөгөөр газар түрээсэлж, ногоо тарьсан. Тухайн үед би Ч.Агаас ямар ч мөнгө аваагүй, н.Дээгий, н.Нямаа хоёроос ногоо тарихдаа 1.000.000 төгрөг өдрөөр зээлж төлсөн. Би лизингээр машин, 2 өрөө байр авсан. Зээлээ төлөхийн тулд хүнээс өдрийн зээл авч, худалдаа эрхэлдэг. 2018 оны 8 дугаар сарын 17-ны үер би хотод байгаагүй, Сэлэнгийн Орхонтуулд ногооны зэрлэг зулгааж байсан. 2018 оны 9 сарын 15-наас хот руу ногоо оруулж ирсэн. 2018 оны 7 сарын 11-нээс 15-ны хооронд Дөрвөн захын ойролцоо наймаа хийсэн. Сэлэнгэ рүү ногооны ажлаар явахад шатахууны төлбөр хийх гэж мөнгөний хэрэг гараад эгчийнхээ ээмгийг ломбарданд тавьсан. Одоо 400.000 төгрөгийн төлбөр дутуу байгаа. 2018 оны 6, 8 сард тариалалт эхлээгүй, ногоо хураагаагүй байхад надад Ч.Агаас 2.000.000 төгрөг, 1.000.000 төгрөг зээлэх шаардлага байхгүй. Мөнгө зээллээ гэхэд дансаар эсвэл баримтаар авсан баримт байх ёстой. Хотод байгаагүй хүн яаж мөнгө зээлэх юм бэ. Ч.А намайг 3.000.000 төгрөг зээлсэн гэж гүтгэж байна. Би зээлсэн 1.000.000 төгрөгөөс дансаар төлсөн мөнгөө хасаж, үлдэх төлбөрийг төлнө. Гэхдээ Ч.Агийн надаас 50.000 төгрөг хоёр удаа, 75.000 төгрөг нэг удаа бэлнээр авсныг баримтгүй болохоор хасаж чадахгүй байна гэв.
Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.А нь хариуцагч Ц.Дд холбогдуулан 3 удаагийн зээлийн гэрээний үүрэгт 4.000.0000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шүүх хуралдааны үеэр нэхэмжлэлийн шаардлагаа 2.000.000 төгрөг болгон багасгаж шаардлаа.
Хариуцагч Ц.Д нь нэг л удаа 1.000.000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж авсан бөгөөд хэсэгчилэн төлсөн мөнгөө хасч үлдэх хэсгийг төлөхийг зөвшөөрч, харин 2018 оны 6 дугаар сарын 28-нд 2.000.000 төгрөг, 2018 оны 8 дугаар сарын 17-нд 1.000.000 төгрөгийг хүлээн аваагүй гэж зарим хэсгийг зөвшөөрөхгүй маргаж байна.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нь хариуцагч 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдөр зээлийн гэрээ бичгээр байгуулж, 10 хувийн хүүтэй, 1.000.000 төгрөг, 2018 оны 6 дугаар сарын 28-нд Сэлэнгэд төмс ногоо тарихад мөнгөний хэрэгцээ гарлаа гээд 2.000.00 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 17-нд намар ногоогоо хураагаад бөөнд нь мөнгийг чинь өгье гээд 1.000.000 төгрөг, нийт 4.000.000 төгрөгийг зээлсэн боловч мөнгөө өгөөгүй гэж тайлбарлаж, шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахад зээлдүүлсэн 4.000.000 төгрөгийнхөө 50 хувийг гаргуулахаар шаардаж байна гэв.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт мөнгө шилжүүлснээр зээлийн гэрээг байгуулагдсанд тооцдог. Зохигчид нь 2018 оны 3 дугаар арын 02-ны өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулж, 1.000.000 төгрөгийг нэхэмжлэгч нь хариуцагчид шилжүүлсэн болох нь зохигчдын тайлбараар нотлогдож байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна гэж үзлээ.
Дээрх зээлийн гэрээгээр 1.000.000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай зээлдүүлэх, төлөх хугацаа хэтэрсэн тохиолдолд хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр тохиролцжээ.
Улмаар гэрээний ард бичигдсэн тэмдэглэл, шүүх хуралдаанд хариуцагчийн тайлбарласнаар гэрээний хугацааг 2018 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүртэл дахин 1 сараар сунгасан байна.
Энэхүү зээлийн гэрээний дагуу хариуцагч нь нэхэмжлэгчид 3 сарын хугацааны хүүний хамт 1.300.000 төгрөгийг төлөх үүрэгтэй байжээ. 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 17-ны хооронд нэхэмжлэгчийн Хаан банк дах төгрөгийн 5015852010 тоот дансаар Дэнсмаагаас гэсэн гүйлгээний утгатай нийт 8 удаагийн шилжүүлгээр хариуцагч нь 426.000 төгрөгийг шилжүүлсэн болох нь нэхэмжлэгчийн дансны хуулга, хариуцагчийн мөнгө шилжүүлсэн баримтаар тогтоогдож байна. Харин хариуцагчийн бэлнээр мөнгө өгсөн гэх тайлбар нь баримтаар нотлогдохгүй байх тул хариуцагч Ц.Дг зээлийн гэрээний үүрэгт 426.000 төгрөгийг төлж, 874.000 төгрөгийг дутуу төлсөн гэж үзэн түүнээс гаргуулж шийдвэрлэлээ.
Харин 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 2.000.000 төгрөг зээлдүүлсэн, 8 дугаар сарын 17-ны өдөр 1.000.000 төгрөг зээлдүүлсэн буюу хариуцагчид шилжүүлэн өгснөө нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дах хэсэгт зааснаар нотлох баримтаар нотолж чадахгүй байна. Хэдийгээр хэрэгт авагдсан барьцаат зээлийн гэрээ /хх 5 дахь тал/ гэх баримтын доор өгсөн Ариунаа, авсан Дэнсмаа гэх бичиг бүхий баримт байгаа боловч үүнийг нэхэмжлэгч нь хариуцагчаар гарын үсэг зуруулахаар өөрөө бичиж бэлдсэн, хариуцагч гарын үсэг зураагүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн тул мөнгө шилжүүлсэн баримт гэж дүгнэх үндэслэлгүй болно.
Иймд дээрхийг нэгтгэн дүгнэвэл, хариуцагч Ц.Дгаас зээлийн гэрээний үүрэгт 874.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ч.Ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 25.526 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Ц.Дгаас зээлийн гэрээний үүрэгт 874.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ч.Ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1.126.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 78.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Дгаас улсын тэмдэгтийн хураамжид 25.526 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан буюу хүргүүлсэнээр гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ