| Шүүх | Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ёндонгийн Бямбацэрэн |
| Хэргийн индекс | 163/2019/0133/Э |
| Дугаар | 34 |
| Огноо | 2019-09-24 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Д.Сүрэнхор |
Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 09 сарын 24 өдөр
Дугаар 34
Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Хүрэлбаатар даргалж, шүүгч С.Цэцэгмаа, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдаанд:
Прокурор Д.Сүрэнхор
Шүүгдэгч Ц.Б түүний өмгөөлөгч
М.Найдан,
Нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган нарыг оролцуулан
Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 140 дугаар шийтгэх тогтоолтой Ц.Б-д холбогдох 1915000960110 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч М.Найдангийн давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, Ц.Б.
Ц.Б нь 2019 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 25-нд шилжих шөнө Булган аймгийн Орхон сумын нутагт **-** ОРХ улсын дугаартай “Hyunda Sonota-6” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөнөөс зам тээврийн осол гаргаж, улмаар Б.Г.н амь насыг хохироож, А.Ү.н эрүүл мэндэд хүндэвтэр, О.Б.н эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 140 дугаар шийтгэх тогтоолоор:
Шүүгдэгч Ц.Б.г Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулж, нэг хүний амь хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Б.г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг дөрвөн жилийн хугацаагаар хасаж, хоёр жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б.д оногдуулсан хоёр жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэн,
Шүүгдэгч Ц.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогч А.Ү, О.Б нар нь гэм хорын хохирол нэхэмжлээгүй, санал гомдол, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримт үгүй болохыг тус тус дурьдаж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаас 785000 /долоон зуун наян таван мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 8497600 /найман сая дөрвөн зуун ерэн долоон мянга зургаан зуу/ төгрөгийг шүүгдэгч Ц.Б.с гаргуулж амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, хохирогч Б.Г.т олгож, хохирлыг даруй буюу боломжит богино хугацаанд төлөхийг шүүгдэгч Ц.Б д үүрэг болгож,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Б.н таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харъяа Цагдан хорих байранд хорьж, эдлэх ялыг 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн тоолж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ц.Б.д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Найдан нь давж заалдах гомдолдоо: “...Шүүгдэгч Ц.Б.н үйлдсэн гэмт хэрэг нь 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2.6.2-т зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд орж байна. Ц.Б нь гэм буруутай гэдгээ шууд л хүлээн зөвшөөрсөн. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг 5 жил түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн эсвэл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол 5 жил хүртэл хугацаагаар тэнсэж, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх гэж хуульчилсан. Мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан эсвэл гэмт хэргийн улмаас хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг нь харгалзан тухайн зүйл хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 5 жил хүртэл тэнсэн харгалзаж өгнө үү.
Шүүгдэгч Ц.Б нь хохирогч Б.Г.т 8 500 000 төгрөгийн хохирлыг 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр төлсөн...” гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтэндээ: Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзвэл:
Ц.Б нь 2019 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 25-нд шилжих шөнө Булган аймгийн Орхон сумын нутагт **-** ОРХ улсын дугаартай “Hyunda Sonota-6” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөнөөс зам тээврийн осол гаргаж, улмаар Б.Г.н амь насыг хохироож, А.Ү.н эрүүл мэндэд хүндэвтэр, О.Б-н эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулсан болох нь хохирогч А.Ү, О.Б, гэрч Б.Б , О.Б , Г.Б , Б.А, Булган аймгийн Шүүхийн Шинжилгээний Албаны шинжээчийн 49, 47, 80 дугаартай дүгнэлтүүд болон шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт нь үндэслэл бүхий болжээ.
Шүүгдэгч Ц.Б.н дээрх үйлдэл нь Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчиж Эрүүгийн хуулийн тусгай ангид тусгасан хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.
Мөрдөн шалгах ажиллагаа болон анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлууд хангалттай тогтоогджээ.
Анхан шатны шүүх Ц.Б.г Замын хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчиж Б.Г.н амь насыг хохироож, А.Ү.н эрүүл мэндэд хүндэвтэр, О.Б.н эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулжээ.шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зүйл заалтыг зөрчөөгүй байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Найдан нь “...үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн тул оногдуулсан хорих ялыг тэнсэж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлыг гаргасан, хохирогч нар нь гомдол саналгүй гэж байгаа боловч
анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан ял нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар болон гэм бурууд тохирсон байх тул түүнд оногдуулсан хорих ялыг тэнсэх боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч М.Найдангийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 140 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Найдангийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ХҮРЭЛБААТАР
ШҮҮГЧ С.ЦЭЦЭГМАА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ё.БЯМБАЦЭРЭН