Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 221/МА2024/0769

 

         

Д.Эын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч: шүүгч Д.Оюумаа

Бүрэлдэхүүнд оролцсон: Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Илтгэсэн: шүүгч З.Ганзориг

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: нэхэмжлэгч Д.Э

 

Нэхэмжлэгч: Д.Э

Хариуцагч: Баянгол дүүргийн Засаг дарга

Хариуцагч: Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын алба

 

Нэхэмжлэлийн шаардлага: “1/ Баянгол дүүргийн Засаг даргын 2024 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн А/173 дугаар захирамжийн 1-д ... дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй баригдсан тоосгон гараашийг албадан буулгаж газрын зөрчил арилгах гэсэн заалт нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасны дагуу хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болохыг тогтоох, 2/ Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албаны дарга Д.Эийн 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 50 тоот мэдэгдэх хуудас нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т заасны дагуу хууль бус болохыг тогтоох, 3/ Баянгол дүүргийн Засаг даргын 2024 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн А/173 дугаар захирамжийн холбогдох заалт нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1, Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 50 тоот мэдэгдэх хуудас нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т заасны дагуу Ө.С, Д.Э нараас иргэн Д.Э надад учирсан хохирлыг гаргуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 128/ШШ2024/0714 дүгээр шийдвэр

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч Д.Э

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номуунаа

Хэргийн индекс: 128/2024/0487/з

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Д.Эаас Баянгол дүүргийн Засаг дарга, тус дүүргийн дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан “1/ Баянгол дүүргийн Засаг даргын 2024 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн А/173 дугаар захирамжийн 1-д ...дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй баригдсан тоосгон гараашийг албадан буулгаж газрын зөрчил арилгах гэсэн заалт нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасны дагуу хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болохыг тогтоох, 2/ Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албаны дарга Д.Эийн 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 50 тоот мэдэгдэх хуудас нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т заасны дагуу хууль бус болохыг тогтоох, 3/ Баянгол дүүргийн Засаг даргын 2024 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн А/173 дугаар захирамжийн холбогдох заалт нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.1, Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 50 тоот мэдэгдэх хуудас нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т заасны дагуу Ө.С, Д.Э нараас иргэн Д.Э надад учирсан хохирлыг гаргуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 128/ШШ2024/0714 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д заасныг баримтлан нэхэмжлэлийн 1/ дэх шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрийн 2 дахь заалтаар: Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 57 дугаар зүйлийн 57.3, 57.4 дэх хэсэгт заасныг нэхэмжлэлийн 2/ болон 3/ дахь шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдол (агуулгаар нь тоймлов): нэхэмжлэгч Д.Э дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргана. Үүнд:

3.1. Шүүхийн шийдвэрт “… маргаж буй Баянгол дүүргийн Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А/173 дугаар “Газрын зөрчил арилгах тухай” захирамжид нэхэмжлэгч Д.Э-ын худалдан авсан Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 42 дугаар байрны баруун талд байрлах 18 м2 талбай бүхий 21 дугаар зогсоолын нэг машины гараашийн доорх газар огт тусгагдаагүй байх тул уг актыг хууль бус, түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй” гэж ямар ч үндэслэлгүй, буруу тайлбар өгчээ. Нэхэмжлэгч миний гаргаж өгсөн нотлох баримтын нэг хувь Баянгол дүүргийн мэдээллийн сан, архивт байх ёстой. Хэрэв устсан бол хариуцлагыг хариуцсан төрийн байгууллага, албан тушаалтан хүлээх ёстой. Миний бие эрхийн гэрчилгээгээр эзэмшдэг 1 ширхэг ямар ч гараашийн тухай нэхэмжлэл гаргаагүй бөгөөд харин Баянгол дүүргийн Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А173 дугаар “Газрын зөрчил арилгах тухай” захирамжийн хавсралтад Баянгол дүүргийн 88-р цэцэрлэгийн орчим 110 ширхэг тоосгон гарааш гэдэгт орсон өөрийн эзэмшиж ашиглаж байсан 21 тоот гараашийн хохирлыг нэхэмжилсэн болно. Нэгэнт зөвшөөрөлтэй баригдсан гараашууд гэдэг нь холбогдох баримтуудаар нотлогдсоор байхад нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн хэмээн гаргасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан нь ойлгомжгүй.

3.2. Гараашаа нураалгаж, эрх нь зөрчигдөх болсон иргэдийн төлөөлөл 23 хүн нэгдэж дундаасаа итгэмжлэгдсэн төлөөлөгч томилон, өмгөөлөгч авч хоёр жилийн турш гараашаа нураалгахгүйн төлөө тэмцсэн юм. Эцэст нь шүүх бидний эзэмшиж байгаа гарааш нь зөвшөөрөлтэй баригдсан болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргасан тул гараашийг нураахгүй хэмээн ойлгосон. Уг шүүхийн шийдвэрт “нэхэмжлэгч Д.Э нар нь ... зөвшөөрөлтэй баригдсан гараашийг худалдан авч ашиглаж байгаа нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдохгүй, холбогдох баримтууд нь Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албанд хадгалагдаагүй байх тул тус нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов” гэсэн байв. Би энэхүү шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байсан боловч нэгэнт давж заалдах хугацаа дууссанаас хойш шүүхийн шийдвэртэй танилцсан, тэгээд ч зөвшөөрөлтэй гараашуудыг яавч нураахгүй хэмээн итгэл төрсөн.

Гэтэл Баянгол дүүргийн Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А/173 дугаар захирамж, Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 50 тоот мэдэгдэх хуудас гарч, зөвшөөрөлтэй гараашийг хүчээр нураасан нь иргэн надад нэхэмжлэл гарах шинэ үндэслэлийг бий болгосон юм. Зөвшөөрөлтэй гараашийг худалдан авч ашиглах эрх үүссэнийг хүлээн зөвшөөрсөн атлаа уг гараашийг зөвшөөрөлгүй хэмээн нураах шийдвэр гаргасан захиргааны актыг хууль ёсны хэмээн хүлээн зөвшөөрснийг юу гэж ойлгох вэ. Зөвшөөрөлтэй баригдсан гараашийг 10 сая төгрөгөөр худалдан авснаар ашиглах эрх үүссэн байхад, ашиглаж байсан гараашаа нураалгасан иргэн би хохирох ёсгүй.

Миний бие шинээр илэрсэн нөхцөл байдлыг харгалзан энэхүү үйлдэл нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн 106.3-д заасан заалтыг зөрчсөн хэмээн нэхэмжлэл гаргасан боловч “хариуцагчийн үйлдэл хууль ёсны хэмээн үзэж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

3.3. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт нэхэмжлэлийн үндэслэл, нотлох баримтуудын талаар болон захиргааны актууд хэрхэн гарсан талаар харилцан ярилцлага өрнүүлэх, мэтгэлцэх ямар ч боломжоор хангагдаагүй, ажлаасаа  халагдсан гэх Б.У гэгч нь дахин итгэмжлэгдсэн төлөөлөгч болсон байв.

Хавтаст хэрэгт авагдсан гарааш нураасан компанийн ажилтнуудын гарааш нураах үндэслэл болгон үзүүлсэн Баянгол дүүргийн Засаг даргын 2024 оны 04 сарын 08-ны өдрийн “Газрын зөрчил арилгах тухай А/175 тоот захирамж, Баянгол дүүргийн Засаг даргын 2024 оны 04 сарын 08-ны өдрийн “Газрын зөрчил арилгах тухай” А/173 тоот захирамжийн аль нь хууль ёсны хүчин төгөлдөр болох, яагаад засвартай байгааг тогтоох ажиллагаа явагдаагүй.

3.4. Иргэн миний хувьд нийслэл, дүүргээс иргэдийн эрүүл мэнд, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх талаар хийж хэрэгжүүлж байгаа ажлыг огт үгүйсгээгүй. Харин энэхүү ажлаа хийж хэрэгжүүлэхдээ иргэдийнхээ эрхэнд хууль бусаар халдаж байгааг л баримтаар нотолсон бөгөөд Үндсэн хуулийн 16.3, 16.12, Захиргааны ерөнхий хуулийн 101.1, 101.2, 104.1-д заасныг үндэслэн өөрт учирсан хохирлоо 10 сая төгрөгөөр үнэлэн нэхэмжилсэн.

Гэтэл шүүхээс Баянгол дүүргийн Засаг даргын 2024 оны 04 сарын 08-ны өдрийн А/173 дугаар захирамжийн холбогдох заалт, Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 50 тоот мэдэгдэх хуудас нь хууль зөрчөөгүй гэж үзэж иргэн Д.Э надад учирсан хохирлыг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Дээрх үндэслэлүүдээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 сарын 18-ны өдрийн дугаар 128/ШШ2024/0714 тоот шийдвэр нь бодит байдал, холбогдох баримтад тулгуурлаагүй хэт нэг талыг баримталсан, үндэслэлгүй гэж үзэж байгаа тул энэхүү анхан шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэж, хуульд нийцүүлэн үнэн зөвөөр өөрчлөн шийдвэрлэх хүсэлтийг гаргаж байна. Нэхэмжлэгч миний хүсэлтийг хүлээн авч хуулийн дагуу үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалсан агуулга бүхий тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэрт өөрчлөлт оруулж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Д.Э-ын гаргасан нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 54.1.6-д заасан үндэслэлээр тус тус хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.

3. Нэхэмжлэгчээс Баянгол дүүргийн Засаг дарга, тус дүүргийн дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан “1/ Баянгол дүүргийн Засаг даргын 2024 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн А/173 дугаар захирамжийн 1-д ... дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй баригдсан тоосгон гараашийг албадан буулгаж газрын зөрчил арилгах гэсэн заалт нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасны дагуу хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болохыг тогтоох, 2/ Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албаны дарга Д.Э-ийн 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 50 тоот мэдэгдэх хуудас нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т заасны дагуу хууль бус болохыг тогтоох, 3/ Баянгол дүүргийн Засаг даргын 2024 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн А/173 дугаар захирамжийн холбогдох заалт нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.1, Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 50 тоот мэдэгдэх хуудас нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т заасны дагуу Ө.С, Д.Э нараас иргэн Д.Э надад учирсан хохирлыг гаргуулахшаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

4. Маргаан бүхий үйл баримтын тухайд;

4.1. Нэхэмжлэгч Д.Э нь 2011 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Ж.Б-тэй худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 42 дугаар байрны баруун талд байрлах 18 кв.м талбайтай №21 гэсэн дугаарлалт бүхий автомашины нэг тоосгон гараашийг худалдсан авч байжээ.

Баянгол дүүргийн Засаг даргын 1999 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Б/114 дүгээр захирамжаар олгосон зөвшөөрлийн дагуу анх тухайн байршилд автомашины тоосгон гарааш барьж, эзэмшигч нь дээрх байдлаар солигдсон.

4.2. Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн “Газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/388 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.5, 20 дугаар зүйлийн 20.2.2, 23 дугаар зүйлийн 23.3.5, 27 дугаар зүйлийн 27.4, 57 дугаар зүйлийн 57.3, 57.4 дэх хэсгийг тус тус үндэслэн газар чөлөөлөх байршлыг хавсралтаар баталсан бөгөөд уг хавсралтад Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 42, 43 дугаар байр болон 88 дугаар цэцэрлэгийн зүүн тал орчмын 110 тоосгон гарааш багтжээ.

4.3. Үүнтэй холбогдуулан Ө.Ц, Д.Э нарын нэр бүхий 23 иргэнээс Нийслэлийн Засаг дарга, Баянгол дүүргийн Засаг даргад холбогдуулан:

а/ Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/388 дугаар захирамжийн хавсралтын 39, 40 дэх хэсгийн нэхэмжлэгч 23 иргэнд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах;

б/ Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/388 дугаар захирамжийн хавсралтын 39, 40 дэх хэсгийн нэхэмжлэгч 23 иргэнд холбогдох хэсэг болон Баянгол дүүргийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/60 дугаар захирамжийн нэхэмжлэгч Ө.Ц, Д.Б, (Э.С, Д.Э, Ш.Б, Ш.Х, Э.С, М.Б, Д.О, Б.А, Ч.Н, Ч.Д, А.Э, Н.Д, Н.Б, Н.Э, Г.З, Б.Б, Д.С, Т.З, Ж.У, Л.Д нарт холбогдох хэсгийг тус тус Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасны дагуу захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх;

в/ Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/388 дугаар захирамжийн дагуу буулгахаар шийдвэрлэсэн нэхэмжлэгч Ө.Ц, Д.Б, О.С, Д.Э, Ш.Б, Ш.Х, Э.С, М.Б, "Д.О, Б.А, Ч.Н, Ч.Д, А.Э, Н.Д, Н.Б, Н.Э, Г.З, Б.Б, Д.С, Т.З, Ж.У, Л.Д нарын гараашийг Улаанбаатар хотын ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1992 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А/39 дүгээр захирамжийн дагуу “Бор Үрээ Б” компани, Баянгол дүүргийн Засаг даргын 1999 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн Б/128 дугаар захирамжийн дагуу “Х" ХХК, Д.А, Баянгол дүүргийн Засаг даргын 1999 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Б/114 дүгээр захирамжийн дагуу иргэн н.Д нар тус тус барьсан эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоож, хүлээн зөвшөөрөх;

г/ Улаанбаатар хотын ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1992 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А/39 дүгээр захирамж, Баянгол дүүргийн Засаг даргын 1999 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн Б/128 дугаар захирамж, Баянгол дүүргийн Засаг даргын 1999 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Б/114 дүгээр захирамжуудын дагуу барилга байгууламж, гараашийн зориулалтаар газар эзэмших, эзэмшүүлэх эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоож, хүлээн зөвшөөрөх;

д/ Улаанбаатар хотын ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1992 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А/39 дүгээр захирамж, Баянгол дүүргийн Засаг даргын 1999 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн Б/128 дугаар захирамж, Баянгол дүүргийн Засаг даргын 1999 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Б/114 дүгээр захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгож, илт хууль бус захирамжийн дагуу баригдсан гараашийн үнэ болох 10 сая төгрөгийн хохирлыг нэхэмжлэгч 23 иргэн тус бүрт олгуулах; тухайн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2023/0541 дүгээр шийдвэрээр дээрх хэргийг хянан шийдвэрлэхдээ, Д.Э-ын хувьд: а/ болон в/-д заасан нэхэмжлэлийн шаардлагын түүнд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, б, г, д/-д заасан нэхэмжлэлийн түүнд холбогдох хэсгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Нэхэмжлэл гаргасан нэр бүхий 23 иргэнээс Ө.Ц, Д.О, Н.А нарын 11 иргэний нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/388 дугаар захирамжийн хавсралтын 39, 40 дэх хэсгийн тэдэнд холбогдох хэсгийг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн бөгөөд давж заалдах гомдол гаргаагүй учраас шийдвэр хуулийн хүчингүй төгөлдөр болсон.

4.4. Дараа нь Нийслэлийн Засаг даргаас газар зохион байгуулалтын холбогдох зөрчлийг арилгах, газар чөлөөлөх, холбогдох стандартыг мөрдүүлэх ажлыг зохион байгуулах хүрээнд 2024 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн А/227 дугаар захирамжийг шинээр гаргасан. 

Харин Баянгол дүүргийн Засаг даргаас дээрх шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх болон дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 17 дугаар тогтоолын хэрэгжүүлэх  хүрээнд, 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн А/446, маргаан бүхий 2024 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн А/173  дугаар захирамжийг тус тус гаргаж, энэ хэсгийн 4.2-т заасан 110 гараашийг албадан буулгаж, газар чөлөөлөх ажлыг зохион байгуулжээ.

Энэ хүрээнд тус дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 50 дугаартай мэдэгдэх хуудсыг гарааш эзэмшигч Д.Эт хүргүүлсэн байна.

5. Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлсон захиргааны байгууллагын үйл ажиллагаа, маргааны үйл баримтын талаар “... Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 128/ШШ2023/0541 дүгээр шийдвэрийн үндэслэх хэсэгт ... нэхэмжлэгч Д.Э нь Баянгол дүүргийн Засаг даргын 1999 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн Б/114, мөн оны 7 дугаар сарын 22-ны өдрийн Б/128 дугаар захирамжуудын дагуу зөвшөөрөлтэй баригдсан гараашийг худалдан авч ашиглаж байгаа нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй, холбогдох баримтууд дүүргийн Газар зохион байгуулалтын албанд хадгалагдаагүй гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хамаарах үйл баримтыг өмнө шүүхээс хянан шийдвэрлэсэн” гэж дүгнэн, “Баянгол дүүргийн Засаг даргын 2024 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн А/173 дугаар захирамжийн 1-д ...дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй баригдсан тоосгон гараашийг албадан буулгаж газрын зөрчил арилгах гэсэн заалт нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасны дагуу хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болохыг тогтоох” нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасны дагуу хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй болжээ.

6. Учир нь Д.Э-аас өөрийн эзэмшлийн 21 хаалга дугаартай, 18 кв.м талбай бүхий тоосгон гараашийг албадан буулгаж, газар чөлөөлөхөөр шийдвэрлэсэн Баянгол дүүргийн Засаг даргын захирамжийг эсэргүүцэж нэхэмжлэл гаргахдаа, өмнө 2023 онд нэр бүхий 22 иргэний хамт гаргаж байсан энэ хэсгийн 4.3-д заасан нэхэмжлэлдээ тодорхойлж байсан шаардлагын үндэслэлийг дахин илэрхийлж маргасан байх тул түүнд хамаарах “... 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй баригдсан тоосгон гараашийг албадан буулгаж газрын зөрчил арилгахаар гаргасан дүүргийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулах” шаардлагыг шүүхээс урьд шийдвэрлэж, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байхад тухайн асуудлаар дахин нэхэмжлэл гаргах боломжгүй гэж үзнэ.

7. Дээрх нэхэмжлэлийн шаардлага, холбогдох үйл баримт хийгээд “гараашийн үнэ буюу учирсан хохирол гэж 10,000,000 төгрөг гаргуулах” агуулга бүхий нэхэмжлэлийн шаардлагын талаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 128/ШШ2023/0541 дүгээр шийдвэрт мөн эрх зүйн  дүгнэлт хийж, хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн учраас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д заасан “нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар, эсхүл уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол байгаа” гэх нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзах тохиолдолд хамаарч байхад анхан шатны шүүхээс уг нэхэмжлэлийн шаардлагаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан нь буруу болжээ.

8. Нэхэмжлэгчийн тухайд хохирол гаргуулахтай холбоотой шаардлагын үндэслэлээ, өмнөх гаргасан буюу шүүхээс нэгэнт шийдвэрлэсэн хэрэгт заасан үйл баримтаас өөрчилсөн зүйлгүй, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 128/ШШ2023/0541 дүгээр шийдвэрээр Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/388 дугаар захирамжийн хавсралтын 39, 40 дэх хэсэгт заасан нэр бүхий иргэдэд холбогдох хэсгийг дахин шинэ акт гартал 6 сарын хугацаагаар түдгэлзүүлсэнд Д.Э ороогүй нөхцөлд тэрбээр 2024 оны 7 дугаар сард тоосгон гараашийн үнэлгээг хийлгэсэн явдал нь тухайн асуудлаар дахин нэхэмжлэл гаргах үндэслэл болохгүй тул нэхэмжлэгчийн гаргасан “өмнөх хэрэгт өөрөө оролцоогүй, итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцуулсан, зөвшөөрөлтэй гараашуудыг нураахгүй гэсэн итгэл байсан учраас иргэн би хохирох ёсгүй, дүүргийн Засаг даргын 2024 оны А/173 дугаар захирамж, Газар зохион байгуулалтын албаны 50 дугаар мэдэгдэх хуудас гаргаж, зөвшөөрөлтэй гараашийг хүчээр нураасан нь нэхэмжлэл гаргах шинэ үндэслэл болсон, хуульд заасан эрх зөрчигдсөн” гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй юм.

9. Дээрх байдлаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах, уг үндэслэлээр холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдож байхад нэхэмжлэлийн шаардлагын “Баянгол дүүргийн Засаг даргын 2024 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн А/173 дугаар захирамжийн холбогдох заалт нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.1, Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 50 тоот мэдэгдэх хуудас нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.3-т заасны дагуу Ө.С, Д.Э нараас иргэн Д.Э надад учирсан хохирлыг гаргуулах” хэсгийг хянан шийдвэрлэсэн нь учир дутагдалтай гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

10. Нэхэмжлэлийн үлдэх “Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албаны дарга Д.Э-ийн 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 50 тоот мэдэгдэх хуудас нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т заасны дагуу хууль бус болохыг тогтоох” шаардлагыг ч хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болговол зохино.

11. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1.3“нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг, 54 дүгээр зүйлийн 54.1.1-д “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэж, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж тус тус заасан.

12. Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд нэхэмжлэгч Д.Эт Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 50 дугаартай газар чөлөөлөхийг мэдэгдсэн мэдэгдэл нь маргаанд холбогдох асуудлаар бие дааж шийдвэр гаргасан захирамжилсан шийдвэр биш, нэхэмжлэгчид эрх зүйн шууд үр дагавар бий болгоогүй байх тул захиргааны хэргийн шүүх хянах хууль зүйн үндэслэлгүй юм.

13. Энэхүү Газар зохион байгуулалтын албаны газар чөлөөлөх мэдэгдэл нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно”, 57 дугаар зүйлийн 57.4-д “Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна” гэж заасныг үндэслэн, Баянгол дүүргийн 18 дугаар хорооны 42, 43 дугаар байр болон 88 дугаар цэцэрлэг орчмын зөвшөөрөлгүй байршуулсан автомашины тоосгон гараашуудыг чөлөөлөхийг урьдчилан нэхэмжлэгчид мэдэгдсэн мэдэгдэл байх бөгөөд уг мэдэгдлээр Д.Эт холбогдуулан захирамжилсан шийдвэр гараагүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн асуудал байхгүй байна.

Тодруулбал, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Захиргааны хэргийн шүүх Үндсэн хуулийн цэц болон өөр шүүхэд харьяалуулснаас бусад нийтийн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэнэ” гэж заасныг, нэхэмжлэгчийн “Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албаны дарга Д.Энхтөрийн 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 50 тоот мэдэгдэх хуудас нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т заасны дагуу хууль бус болохыг тогтоох” нэхэмжлэлийн шаардлагад дурдсан үйл баримттай харьцуулан тайлбарлавал, дүүргийн Газар зохион байгуулалтын албаны мэдэгдэл нь дангаараа нийтийн эрх зүйн харилцаа болохгүй буюу нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй баригдсан гэх гараашийг буулгах эрх зүйн үйлчлэлийг шууд үзүүлэхгүй.

14. Анхан шатны шүүх, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага тус бүрд тодорхойлсон захиргааны үйл ажиллагаа нь захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаанд хамаарах эсэхийг хэрэг үүсгэхдээ магадлаагүй буюу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл бий эсэхэд зохих ёсоор дүгнэлт өгөлгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн авахаас татгалзсан өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 128/ШШ2024/0714 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтыг нэгтгэн “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан гаргасан “Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албаны дарга Д.Э-ийн 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 50 тоот мэдэгдэх хуудас нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т заасны дагуу хууль бус болохыг тогтоох”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д заасныг баримтлан Баянгол дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасанБаянгол дүүргийн Засаг даргын 2024 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн А/173 дугаар захирамжийн 1-д ... дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй баригдсан тоосгон гараашийг албадан буулгаж газрын зөрчил арилгах гэсэн заалт нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасны дагуу хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болохыг тогтоох” болон хариуцагч нарт холбогдуулан гаргасан “Баянгол дүүргийн Засаг даргын 2024 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн А/173 дугаар захирамжийн холбогдох заалт нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1, Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 50 тоот мэдэгдэх хуудас нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т заасны дагуу Ө.С, Д.Э нараас иргэн Д.Э надад учирсан хохирлыг гаргуулах шаардлага бүхий Д.Эын нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчилж, Тогтоох хэсгийн 3 дахь заалтын дугаарыг 2 болгон өөрчилж, бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

                          ШҮҮГЧ                                                                     Д.ОЮУМАА

 

                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                            Д.БААТАРХҮҮ

 

  ШҮҮГЧ                                                                     З.ГАНЗОРИГ