Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 1158

 

 

 

 

 

2019 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 102/ШШ2019/01158

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Б Сууц Өмчлөгчдийн Холбооны нэхэмжлэлтэй

 

Хариуцагч:М.Ж-д холбогдох

 

Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардал болон нотариатын зардлын 999 142 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Г.Эрдэнэчимэг, хариуцагч М.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ганзориг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:БСууц Өмчлөгчдийн Холбоо нь Сайхан Бхотхоны оршин суугчдын санаачилгаар байгуулагдсан бөгөөд Баянгол дүүргийн Засаг даргын 2012 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 266 тоот гэрчилгээтэй болно.Тус Сууц Өмчлөгчдийн Холбоо хотхоны 168 өрхийг хариуцан ажиллаж байна.БСууц Өмчлөгчдийн Холбоо нь Сайхан Бхотхоны орон сууц өмчлөгчдийн дундын өмчлөлийн эд хөрөнгө, цэвэр, бохир ус тараалтын болон цахилгааны шугамыг хамгаалан, элэгдэн хуучирсан даруйд шинэчлэн солих, эвдэрсэн эд хөрөнгийг хугацаа алдалгүй засварлах, орц, хонгил, гараашийн гэрэлтүүлэг, нийтийн эзэмшилийн зам талбай, орцны цэвэрлэгээ үйлчилгээг тогтмол хийж, хотхоныг камержуулан суугчдын ая тухтай аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэн ажиллаж байна.Иргэний үүргээ биелүүлдэг суугчдын төлбөрөөр гэрээт байгууллагуудтай гэрээний дагуу төлбөрийг тогтмол шилжүүлэн өр үүсгэхгүй хууль тогтоомжид заасны дагуу Сууц Өмчлөгчдийн Холбооны үйл ажиллагааг тасралтгүй явуулж байна.М.Ж нь 34-А байрны 1 тоотын сууц өмчлөгч бөгөөд иргэний эрхийн хүрээнд эрхээ эдлэн үүргийнхээ дагуу Сууц Өмчлөгчдийн Холбооны төлбөрийг тогтоосон хугацаанд төлж барагдуулах үүрэгтэй.Сууц өмчлөгч иргэнийхээ үүргийг цаг хугацаанд нь биелүүлээгүй өр үүсгэн нийтийн эрх ашгийг хохироож ирсэн байна.Сууц Өмчлөгчдийн Холбооны байцаагч төлбөрөө төлөх талаар хүуль ёсны шаардлага, мэдэгдэл удаа дараа хүргүүлсэн.Гэтэл нийтийн зориулалттай орон сууцны байрны нэг нэгээсээ хамааралтай байдлыг ашиглан үнэгүй үйлчилгээ авч Сууц Өмчлөгчдийн Холбооны үйл ажиллагаанд хохирол учруулсаар байна. М.Жгийн төлбөрийг он сараар жагсаавал 2014 оны 4-12 сарын 129 060 төгрөг, 2015 оны 1-12 сарын 172 080 төгрөг, 2016 оны 1-12 сарын 172 080 төгрөг, 2017 оны 1-12 сарын 207 892 төгрөг, 2018 оны 1-12 сарын 218 904 төгрөг, 2019 оны 1, 2, 3 дугаар сарын 54 726 төгрөг, нотариатын зардал 44 400 төгрөг байна. М.Ж нь Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1,148 дугаар зүйлийн 148.2.3, 148.3, Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдал, нийтийн зориуллалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1, 13.2.2, 13.2.3, 16 дугаар зүйлийн 16.1, 16.2-т заасныг зөрчиж байгаа тул Сууц Өмчлөгчдийн Холбооны төлбөр болон нориатын зардлын 999 142 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч БСууц Өмчлөгчдийн Холбооны төлөөлөгч Г.Эрдэнэчимэг шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Сайхан Бхотхоны 34-А байрны 1 тоотод оршин суух М.Жгээс сууц өмчлөгчдийн холбооны төлбөр болох 2014 оны 4-12 дугаар сарын 129 060 төгрөг, 2015 оны 1-12 дугаар сарын 172 080 төгрөг, 2016 оны 1-12 дугаар сарын 172 080 төгрөг, 2017 оны 1-12 дугаар сарын 207 892 төгрөг, 2018 оны 1-12 дугаар сарын 218 904 төгрөгийг нэхэмжилсэн. Үүн дээр 2019 оны 01 дүгээр сарын 18 242 төгрөг, 02 дугаар сарын 18 242 төгрөг, 3 дугаар сарын 18 242 төгрөгийг нэмж нэхэмжлэлийн шаардлагаа 54 726 төгрөгөөр нэмэгдүүлж, мөн нотариатын зардал 44 400 төгрөг буюу нийт 999 142 төгрөгийг нэхэмжилж байна.Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12 дугаар зүйлд удирдах зөвлөл, түүний эрх үүрэг гэж заасан байгаа гэв.

 

Хариуцагч М.Ж шүүхэд гаргасан тайлбартаа:Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд:Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т Холбоог зохион байгуулах хурлыг сууц өмчлөгчдийн санаачилгаар хуралдуулна.Шаардлагатай тохиолдолд тухайн нутаг дэвсгэрт байгаа орон сууц хувьчлах товчоо болон тухайн шатны Засаг даргын санаачилгаар хуралдуулна, 5 дугаар зүйлийн 5.4-т Холбоог зохион байгуулах хурлын шийдвэрт хурлын тэргүүлэгчид гарын үсэг зурснаар түүнийг байгуулагдсанд тооцно, 6 дугаар зүйлийн 6.2-т Холбооны дүрмийг бүх гишүүдийн хурлаар хэлэлцэж батална, 10 дугаар зүйлийн 10.3-т Удирдах зөвлөлийн гишүүн төлөөлүүлэх сууц өмчлөгчдийн олонхийн саналаар сонгогдоно, гэж заасан байдаг.Гэвч Сайхан Бхотхоны БСууц Өмчлөгчдийн Холбоо нь үүсгэн байгуулагдахдаа бүх гишүүдийн хурлыг хийж удирдах болон хяналтын зөвлөлийн гишүүдийн тоог хэлэлцээгүй, бүх гишүүдийн хурлаас зөвлөлийн болон хяналтын гишүүдийг сонгоогүй.Мөн холбооны дүрмийг батлахдаа ч бүх гишүүдийн хурлыг хийгээгүй, сууц өмчлөгч иргэдтэйгээ гэрээ байгуулаагүй.Өмнө нь ажиллаж байсан Сууц Өмчлөгчдийн Холбооны тамга, тэмдгийг хүч хэрэглэн булаан авсан хууль бус үйлдэл байдаг. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т Дүрэмд өөрөөр заагаагүй бол бүх гишүүдийн ээлжит хурлыг жилд нэгээс доошгүй удаа хуралдуулна, 10 дугаар зүйлийн 10.10.5-т Удирдах зөвлөл нь бүх гишүүдийн хуралд удирдах зөвлөлийн тайлан тавих үүрэгтэй, 11 дүгээр зүйлийн 11.3.7-д Хяналтын зөвлөл нь бүх гишүүдийн хуралд үйл ажиллагааныхаа талаар тайлагнах үүрэгтэй гэж заасан байдаг ч энэ хугацаанд сууц өмчлөгчиддөө огт үйл ажиллагааны тайлан тавьж хурал хийж байгаагүй.Мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.5-т Гүйцэтгэх захирал жилд 2-оос доошгүй удаа удирдах зөвлөлийн хуралд ажлаа тайлагнана гэж заасан байдаг ч сууц өмчлөгч би Сууц Өмчлөгчдийн Холбооны гүйцэтгэх захирал Г.Эрдэнэчимэг гэх хүнийг огт харж байгаагүй, явуулсан үйл ажиллагаа болоод гүйцэтгэх захирлаар ажилладаг гэдгийг нь мэдэхгүй шүүхийн зарлан дуудах хуудсан дээрээс олж мэдсэн.БСууц Өмчлөгчдийн Холбооны удирдах зөвлөл, хяналтын зөвлөл, гүйцэтгэх захирал нь хуулийн дагуу сонгогдож, томилогдсон уг үйл ажиллагааг явуулах эрхтэй субъектүүд биш хийгээд Сайхан Бхотхоны 168 айл 4 орцонд гэр бүлийн 2 хүн л ажиллаж байна.Гүйцэтгэх захирал нь дундын өмчлөлийн эд хөрөнгөд засвар, үйлчилгээ хийлгэх, орон сууцны хэвийн байдлыг хангах талаар үйлчилгээний мэргэжлийн байгууллагатай гэрээ байгуулж, биелэлтийг хангуулж дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээ, бусад нийтлэг зардалд зориулан холбооны мөнгөн хөрөнгийг захиран зарцуулах эрх, үүрэгтэй.Гэвч хуулиар хүлээсэн энэ үүргээ биелүүлдэггүй, гомдол санал хүлээн авдаггүй, оршин суугчдынхаа эд хөрөнгийг хамгаалдаггүй.Жишээлбэл:Намар ажлаас ирэхэд гэрийн тог тасалсан, цагдаа дуудаж эцэст нь бид шөнийн 24 цагт контороос цахилгаанчин дуудаж тогоо холбуулсан.Манайх 1 давхарт байдаг, шалнаас дулаалга байдаггүй, конторт хандахад Сууц Өмчлөгчдийн Холбоо хийх ёстой гадна ажил гэсэн.Энэ тухай саналаа хэлж, дулаалга хийж өгөөч гэхэд тоогоогүй, 2018 оны 8 сард ариун цэврийн өрөөний хана задарч их хэмжээний ус гэрт орж ирсэн.Бүх өрөө усаар дүүрч, паркетан шал хууларч хүнд нөхцөл үүссэн. Контор руу ярьж слесарь дуудахад үерийн ус зайлуулах хоолой задарсан.Конторт хамаагүй, сууц Өмчлөгчдийн Холбоо хийх ёстой ажил гэсэн.Сууц Өмчлөгчдийн Холбоо мөн л авч хэлэлцэээгүй тул сууц өмлөгч иргэд бүх засварыг өөрсдийн хөрөнгөөр засаж янзалсан, 2014 онд миний машинд хулгай орж эд зүйлээ алдсан.Тэр өдөр орцны гадаа байсан 6 машины цонхийг хагалж хулгай орсон. Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст бүртгэгдсэн байгаа. Тухайн өдөр камер шүүх гэтэл камернууд ажиллагаагүй байсан.Мөн 2017 оны 11 сард миний машины хаалгыг цөмөлсөн байсан, камер шүүе гэхэд мөн л ажиллахгүй байсан. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.6-д "Орон сууц өмчлөгчдийн холбоо нь дундын өмчлөлийн зүйлийн засвар үйлчилгээг гэрээний үндсэн дээр мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх бөгөөд гэрээний үүрэгтэй холбоотой бусдад учруулсан гэм хорыг холбооны дүрэм, сууц өмчлөгчтэй байгуулсан гэрээнд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 147.2, 147.3-т заасан журмын дагуу арилгана гэж заасан боловч БСууц Өмчлөгчдийн Холбоо нь бүх гишүүд буюу нийт орон сууц өмчлөгчдийн хурал зарлан удирдах болон, хяналтын зөвлөл сонгож, дүрэм батлан, гэрээ байгуулж үүсгэн байгуулагдаагүй, үйл ажиллагааныхаа тайланг тавьдаггүй хууль бус байгууллага.Мөн уг удирдах зөвлөлөөс томилогдсон гүйцэтгэх захирал гэх Г.Эрдэнэчимэг нь оршин суугчдын гомдол саналыг сонсож бидний эрх ашиг, өмч хөрөнгийг хамгаалах үйл ажиллагаа, засвар үйлчилгээ явуулдаггүй.Оршин суугчид түүний талаар огт мэдэхгүй.Иймээс хууль бус уг холбоонд Сууц Өмчлөгчдийн Холбооны мөнгө төлөхөөс татгалзаж байна.Бид хотхондоо оршин суугчдын төлөө гэсэн сэтгэлтэй, ёс зүйтэй, ажлаа сайн хийдэг Сууц Өмчлөгчдийн Холбоог бүх гишүүдийнхээ хурлаар сонгож татвараа төлөн эрүүл, аюулгүй орчинд амьдрах хүсэлтэй байна гэжээ.

 

Хариуцагч М.Ж шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Би энэ байрны өмчлөгч мөн, 2014 оны 4 дүгээр сараас хойш байрны мөнгөө төлөөгүй нь үнэн. Манай байр 2012 онд ашиглалтад орсон, Сууц өмчлөгчдийн холбооны төлбөрөө хийгээд явж байсан.Манайх шалнаас халахгүй, байр хүйтэн байсан тул сууц өмчлөгчдийн холбооны даргатай уулзаад шалны асуудлаа ярихад угаасаа манайх янзалж өгнө гэсэн.Тэгээд би шалны халаалт янзалж өгтөл сууц өмчлөгчдийн холбооны төлбөрөө төлөхгүй байя гэж тохирсон шинэ дарга ирээд нэхээд байгаа гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч БСууц Өмчлөгчдийн Холбоо хариуцагч М.Жд холбогдуулан дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон оны 4-12 дугаар сарын 129 060 төгрөг, 2015 оны 1-12 дугаар сарын 172 080 төгрөг, 2016 оны 1-12 дугаар сарын 172 080 төгрөг, 2017 оны 1-12 дугаар сарын 207 892 төгрөг, 2018 оны 1-12 дугаар сарын 218 904 төгрөг, 2019 оны 1-3 дугаар сарын 54 726 төгрөг нийт 954 742 төгрөг болон нотариатын зардал 44 400 төгрөг нийт 999 142 төгрөгийг гаргуулах шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч нь 2017 оны 3 дугаар сараас хойшхи хугацааны мөнгийг төлнө, бусдыг төлөхгүй гэж маргаж байх боловч дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Хариуцагч М.Ж нь Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 34-А байрны 1 тоотод байршилтай орон сууцны өмчлөгч байх бөгөөд орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг 2014 оны 4 дүгээр сараас 2019 оны 3 дугаар сарыг дуусталх хугацааны 954 742 төгрөгийг төлөөгүй байгаа болох нь төлбөрийн жагсаалт, мэдэгдлүүд болон зохигчдын тайлбараар баримтаар нотлогдож байна.

 

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-д дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд Иргэний хуулийн 147 дугаар зүйл болон энэ хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу оролцох гэж заасан байна.

 

Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-т Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө гэж заасан байна.

 

Энэхүү дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчийн тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэг гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3-т тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгтэй холбогдон шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж заасан байхад БСууц Өмчлөгчдийн Холбоо хариуцагчаас 2014 оны 4 дүгээр сараас 2019 оны 3 дугаар сарыг дуусталх хугацааны төлбөрийг шаардаж байгаа нь үндэслэлгүй байна.

 

Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-т Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно гэж заасан байх бөгөөд мөн хуульд зааснаар эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан үеэс шаардах эрх үүснэ гэж заасан байна.

Тиймээс БСууц өмчлөгчдийн Холбоо нь сууц өмчлөгчийг 2014 оны 4 дүгээр сараас хойш дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлаа төлөөгүй болохыг 2019 оны 2 дугаар сард мэдсэн байх боломжгүй тул хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна гэж үзнэ.

 

БСууц Өмчлөгчдийн Холбооны удирдах зөвлөлийн 2013 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хурлаар сууц өмчлөгчдөөс авах дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээ, ашиглалт, арчлалт, хамгаалалтанд зарцуулах зардлын хэмжээг 43 310 төгрөгөөр тогтоож баталсан байна.

 

Нотариатын зардалд төлсөн гэх 44 400 төгрөгийн баримтаас хэрэгт авагдсан 7000 төгрөгийн зардал төлсөн баримтыг үндэслэн шийдвэрлэсэн болно.

 

Иймд М.Жгээс дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлын 639 262 төгрөгийг, нотариатын зардлын 7000 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулан, үлдсэн 352 880 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д заасныг баримтлан М.Жгээс 646 262 /зургаан зуун дөчин зургаан мянга хоёр зуун жаран хоёр/ төгрөгийг гаргуулан БСууц Өмчлөгчдийн Холбоонд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 352 880 /гурван зуун тавин хоёр мянга найман зуун наян/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30 703 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Жгээс 20 037 /хорин мянга гучин долоон/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч БСууц Өмчлөгчдийн Холбоонд олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдний төлөөлөгч нар шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      З.ДОРЖНАМЖИН