| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхдөлийн Түмэннаст |
| Хэргийн индекс | 105/2022/1379/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/1449 |
| Огноо | 2022-10-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ю.Батсүх |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 2022/ШЦТ/1449
2022 10 07 2022/ШЦТ/1449
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж,
нарийн бичгийн дарга Д.Амуундарь,
улсын яллагч Ю.Батсүх,
шүүгдэгч О.Э нарыг оролцуулан тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Эд холбогдох эрүүгийн 2106 02037 1945 дугаартай хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
0
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч О.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 06 дугаар сарын 30-наас 2021 оны 7 дугаар сарын 01-нд шилжих шөнийн 22 цаг 00 минутын орчим Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Гэмтэл согог судлалын үндэсний төвийн орчимд хохирогч Д.Бийг үл ялих зүйлээр шалтаглан маргалдах явцдаа нүүрэн тус газарт нь цохиж, улмаар биеийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч О.Э шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Хэргийн үйл баримтын талаар:
Хохирогч Д.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 17 цагийн үед ажлаа тараад хамт ажилдаг эмч Б, А, Х, Н нарын хамт Баянзүрх дүүргийн ** дугаар хороонд байдаг Нийн гэрт очиж 3 шил архи уучхаад бөөндөө гараад харьцгаах гэж байтал Х ажил дээр нөүтбүүкээ үлдээчихсэн гэхээр нь бүгдээрээ ажил рүү яваад, ажлын гадаа яг ирж байтал 22-25 орчим насны 5, 6-н залуучууд хажуугаар зөрөхдөө бид нар луу хараад, хуруугаараа зааж юм яриад байхаар нь би “юугаа харсан юм” гэж хэлтэл араас дахиад 4, 5-н залуу нэмэгдэж ирээд тэд нар бараг арвуулаа болсноо бид нарыг “2 янхан дагуулж явж байж юундаа томроод байгаа өвөгчүүл вэ, манай нутаг дэвсгэр дээр явж байж, алуулав” гэсэн гэсэн утгатай юм ярихаар нь би “за та нар олуулаа, бид нар гурвуулаа байна, маргалдаад яах вэ” гэж хэлтэл 2 залуу манай А дээр очоод түлхэж аваад байхаар нь Б очоод салгах гээд явахаар нь би араас нь явах гэтэл Х намайг “явж яах юм бэ” гэж хэлэхээр нь би зогсож байтал гэнэт нэг залуу нь миний баруун нүдний хажуу хэсэг рүү 1 удаа цохисон. Тухайн үед би манарчихсан, бараг юу болоод байгааг мэдэхгүй байж байтал намайг дахиад 1 удаа цохих шиг болсон. Тэгэхээр нь би босож ирээд шууд цагдаад дуудлага өгсөн. ...Би тэр хүнийг танихгүй, урд өмнө нь харж байгаагүй. Одоо харвал танихгүй. Уг хүн нь хар өнгийн хүрээтэй, саравчтай малгайтай байсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21-23 дугаар хуудас),
Хохирогч Д.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний төвийн гадна талд үл таних 1 хүнд зодуулж ГССҮТ-д хажууд байрлах Trauma эмнэлэгт 150.000 төгрөгөөр толгойн зураг авхуулж, нүдний эмнэлэгт 3 удаагийн давтамжтай 150.000 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн, нүдний эм, дусаагуур зэрэг 200.000 төгрөгийн зардал гарсан мөн дээрх эмнэлгийн байгууллагад үзүүлэх үед такси үйлчилгээнд 100.000 төгрөг зарцуулсан гэхдээ такси үйлчилгээний баримт байхгүй дээр эмнэлгийн байгууллагад үзүүлсэн баримт нь гэрт байгаа одоогоор байхгүй тул гарган өгөх боломжгүй байна. ...Би тухайн үед хувийн эмнэлэгт шүдний эмчээр оройн цагаар ажилладаг байсан бусдад зодуулсны улмаас ажил хийх боломжгүй болсон тул 10 өдөр ажил хийж чадаагүй өдрийн цалин 40.000-60.000 төгрөг байдаг, өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26 дугаар хуудас),
Гэрч Б.Бгын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр ажлаа тараад буюу Баянзүрх дүүргийн ** дугаар хороололд очоод 2 ширхэг 0.7 литрийн багтаамжтай Эден нэртэй архи уучхаад 22 цаг өнгөрч байхад бөөндөө гараад Х ажлаас компьютероо авна гээд ажил руу явсан. Тэгээд бид нар ажил дээр буюу Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо СЭМҮТ-ын 15 дугаар төв дээр ирээд байж байтал Х тал шилтэй вино гаргаж ирээд бөөндөө тэрийг уучхаад гарч ирээд харьцгаах гээд явж байтал 8 билүү 9 залуу гарч ирээд бид нарыг учиргүй хараад байхаар нь Б “яасан бэ, юугаа харсан юм” гэж хэлтэл нөгөө залуучууд дундаас 1 нь “2 гичий дагуулчхаад” гэж яриад зөрөөд явсан. Тэгснээ тэд нар буцаж ирээд “бид нар дошин дээрээ байна, ална шүү” гэж хэлэхээр нь би салгах гээд зохицуулалт хийгээд хамт явж байгаа хүмүүсээ хориод байж байтал 1 залуу нь хажуугаар гараад Б дээр очоод нүүр лүү нь цохиод авах шиг болсон. Би хол байсан учраас Бийг хэдэн удаа цохисон талаар бол мэдээгүй. Тухайн Бийн хажууд Х, Н нар байсан. Би нөгөө залуучуудыг холдуулах гээд хамт явж байсан хэдээсээ хол зогсож байсан. Тэгээд Бийг цохиулчихлаа гэх хэлэхээр нь би “зодолдож болохгүй шүү” гэж хэлээд нөгөө хүмүүсийг аргадаж явуулсны дараа Б цагдаад дуудлага өгсөн. ... Би тухайн үед бараг эрүүл байсан. Болсон асуудлыг бүгдийг нь санаж байна. Би хол байсан учраас Бийг цохисон хүний царайг харж чадаагүй.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27-28 дугаар хуудас),
Гэрч Б.Хын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр би ажлаа тараад А, Б, Б, Н эмч нарын хамтаар Н эмчийнд очиж 2 шил 0.7 литрийн Эдэн архи уусан. Тэгээд би ажил орж нөүтбүүкээ авахаар болж 23 цагийн үед бүгдээрээ гараад ажил руу буюу Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо СЭМҮТ-ын хажууд очоод нөүтбүүкээ авчхаад буцаж гараад явж байтал СЭМҮТ-ын буланд 8 билүү 9 залуучууд тааралдаад бид нар руу аймар хараад байхаар нь Б эмч “Юугаа харсан юм” гэж хэлтэл нөгөө залуучууд нь юм хэлэхгүй зөрснөө эргэж ирээд бид нартай маргалдтал Б эмч бүгдийг нь болиулах гээд зууралдаад, би Б, Н нартай хойно нь зогсож байтал нэг залуу нь гүйж ирээд Б эмчийг 1 удаа цохитол Б эмч газарт 2, 3 удаа өнхрөөд унасан. Тэгээд Б ирээд салгаад, нөгөө хэдэн залуучууд нь явсны дараа цагдаа дуудсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30-31 дүгээр хуудас),
Гэрч Э.Өоос мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Бүти компанийн туслах операторчин Бат-Орчлон, туслах Э нарын хамт Баянзүрх дүүргийн ** дугаар хороо 2-ын буудал гэх газар үйл ажиллагаа явуулдаг караокед Сэнгүр нэртэй шилтэй пиво тус бүр 3 ширхгийг хувааж уугаад оройн 18:00 цагийн орчимд СЭМҮТ-ийн урд талын гудамжаар найз Үтай уулзахаар явж байтал үл таних 4-5 хүн зогсож байсан ба тухайн хүмүүс бид нарыг хүрээд ир гэж дуудсан тэгээд Э түрүүлээд очсон ба Э үл таних 1 залуутай маргалдаж улмаар бие биеийнхээ нүүр орчимд 3 удаа цохсон тул бид нар салгасан. Тэгээд би тухайн хүмүүстэй уулзахад 79 дүгээр сургуулийн урд байрлах өрхийн эмнэлгийн ажилчид байсан тул тухайн хүмүүс хандаж та нар яагаад жоохон хүмүүстэй маргалдаад байгаа юм бэ гэж хэлэхэд уучлаарай гэж хэлээд бид нар салцгаасан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 52-53 дугаар хуудас),
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 5871 дугаар: “...ДҮГНЭЛТ: 1.Д.Бийн биед баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, зовхинд цус хуралт, зулгаралт, өвдгөнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. 3.Уг гэмтэл нь эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5. Дээрхи гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 35-36 дугаар хуудас),
Шүүгдэгч О.Эгын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар авсан: “...Би одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй байна. Д.Бээс нэхэмжилж байгаа хохирлыг одоогоор төлж барагдуулах байна, ажил хийж хохирлыг төлж барагдуулна.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 64-66 дугаар хуудас),
Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл (хавтаст хэргийн 16 дугаар хуудас),
Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол (хавтаст хэргийн 115 дугаар хуудас),
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 657 дугаар “Яллагдагчийг цагдан хорих тухай” захирамж, тэмдэглэл (хавтаст хэргийн 117-122 дугаар хуудас),
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой
Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 69 дүгээр хуудас),
Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 70 дугаар хуудас),
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 72 дугаар хуудас),
Шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 75-95 дугаар хуудас) зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Улсын яллагч “Шүүгдэгч О.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 06 дугаар сарын 30-наас 2021 оны 7 дугаар сарын 01-нд шилжих шөнийн 22 цаг 00 минутын орчим Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Гэмтэл согог судлалын үндэсний төвийн орчимд хохирогч Д.Бийг үл ялих зүйлээр шалтаглан маргалдах явцдаа нүүрэн тус газарт нь цохиж, улмаар биеийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч О.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай.” гэх дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч О.Э нь гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Үйл баримтын талаарх дүгнэлт
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
2021 оны 06 дугаар сарын 30-наас 2021 оны 7 дугаар сарын 01-нд шилжих шөнийн 22 цаг 00 минутын орчим Баянзүрх дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Гэмтэл согог судлалын үндэсний төвийн орчимд шүүгдэгч О.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Д.Бийг үл ялих зүйлээр шалтаглан маргалдах явцдаа нүүрэн тус газарт нь цохиж гэмтэл учруулсан байна.
Хохирогч Д.Бд Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 5871 дугаар дүгнэлтээр “баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, зовхинд цус хуралт, зулгаралт, өвдгөнд зулгаралт” гэмтэл тогтоогдсон ба дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн шинжээчийн дүгнэлт гарчээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна.
Эрх зүйн дүгнэлт
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос О.Эгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хуульчилсан байдаг.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13-т “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.
Шүүгдэгч О.Э нь хохирогчийн эрүүл мэндэд нь халдаж, түүний Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Хохирогч Д.Бд Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 5871 дугаар дүгнэлтээр “баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, зовхинд цус хуралт, зулгаралт, өвдгөнд зулгаралт” гэмтэл тогтоогдсон ба дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа нь хохирогч нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.
Шүүгдэгч О.Э нь хохирогч Д.Бийн эрүүл мэндэд халдсан гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч О.Э нь хохирогч Д.Бийн эрүүл мэндэд халдсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Иймд шүүгдэгч О.Эгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” үйлдэлд гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийн хувьд шүүгдэгч нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ биеэ зөв авч явах чадваргүй, уур бухимдлаа барих чадваргүйгээс болж гарсан байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,
мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан.
Хохирогч Д.Б нь мөрдөн шалгах ажиллагаанд хохирол төлбөрийн баримт гаргаж өгөөгүй боловч хавтаст хэргийн материалтай танилцахдаа “өөрийн биеийг эмчлүүлэхэд гарсан бүх зардлыг төлүүлэх, сэтгэл санаа болон бие мах бодийн хохирол” гэсэн байна.
Иймд хохирогч Д.Б нь өөрт учирсан гэм хорын хохирлоо гэм буруутайд тооцогдсон этгээд болох шүүгдэгч О.Эгаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”- ын дагуу шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,
мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Улсын яллагчаас шүүгдэгчид “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, түүний цагдан хоригдсон хоногийг оруулан тооцуулах саналтай” гэх дүгнэлтийг гаргасан болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан.
Шүүгдэгч О.Э нь эрхэлсэн тодорхой ажилтай, мөн түүний нэр дээр хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй гэх баримт хэрэгт авагдаагүй байх тул шүүгдэгчид торгох болон зорчих эрх хязгаарлах ял шийтгэх нь эрүүгийн хариуцлагын зорилтод нийцэхгүй гэж үзэв.
Хувийн байдлын хувьд 4 удаагийн ял шийтгэлтэй байх бөгөөд сүүлийн ял шийтгэл Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 91 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалад хамрагдах” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан байхад 2021 оны 06 дугаар сарын 30-наас 2021 оны 7 дугаар сарын 01-нд шилжих шөнө энэ шийтгэл тогтоолоор гэм буруутайд тооцсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн байгаа нь хувийн зан байдлын хувьд нийгэмшээгүй, гэмт хэрэг зөрчил гаргахгүй байх талаар хууль, эрх зүйн соёл, ухамсар суугаагүй болохыг илэрхийлж байна.
Шүүгдэгч О.Эгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэр, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар О.Эд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэв.
Эрүүгийн хуулийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч О.Эгийн цагдан хоригдсон 37 хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, 296 цагийг оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасаж, нийт эдлэх ялыг 424 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоов.
Бусад асуудлаар:
Шүүгдэгч О.Э нь 37 хоног цагдан хоригдсон, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч О.Эд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч О.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч О.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч О.Эгийн цагдан хоригдсон 37 хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, 296 цагийг оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасаж, нийт эдлэх ялыг 424 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар О.Эд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч О.Э нь 37 хоног цагдан хоригдсон, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Хохирогч Д.Б нь өөрт учирсан гэм хорын хохирлоо гэм буруутайд тооцогдсон этгээд болох шүүгдэгч О.Эгаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
7. Шүүгдэгч О.Эд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл О.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ
ШҮҮГЧ М.ТҮМЭННАСТ