| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхдөлийн Түмэннаст |
| Хэргийн индекс | 105/2022/1364/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/1770 |
| Огноо | 2022-12-05 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | Б.Эрдэнэбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 2022/ШЦТ/1770
2022 12 05 2022/ШЦТ/1770
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж, шүүгч С.Өсөхбаяр, Б.Бээжин нарын бүрэлдэхүүнтэй,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цасшихэр,
иргэдийн төлөөлөгч А.Маралмаа,
гэрч С.Г,
улсын яллагч Б.Эрдэнэбаяр,
хохирогч Ө.Т, түүний өмгөөлөгч П.Учралгэрэл,
шүүгдэгч Б.С, түүний өмгөөлөгч Д.Энхбаатар нарыг оролцуулан тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Б.Сд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2206 00341 0643 дугаартай хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
0
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.С нь 2021 ны 12 дугаар сарын 20-ны өдрийн 15 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, Дунд Дарь эхийн ** дүгээр гудамжны ** тоотод өөрийн оршин суух байшинд Ө.Т хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж улмаар цээжин тус газарт нь хутгалж биед нь цээжний баруун дунд хэсгээр 3, 4 дүгээр хавирганы завсраар цээжний хөндий рүү нэвтэрч үнхэлцэг хальсыг цоолсон шарх, үнхэлцгийн хөндийд цус хуралдалт, цээжний хөндийд хий, шингэн хуралдалт гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэн үйлдсэн хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.С шүүхийн хэлэлцүүлэгт: “2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 15 цагийн үед би О хамт гэртээ байж байхад Тө, Тэ, Г нар ирсэн. Энэ гурав орж ирээд “бид 3 жаахан юм уучихсан байна. Танайд ганц юм уугаад сэтгэлээ сэргээчихье” гэж гуйсан. Би маргааш ажилтай гэж хэлэхэд гуйгаад л байсан. Тэгэхээр нь би та нар ганц юм уучхаад явна шүү гэж хэлсэн. Тэгээд Оийг гуйж архинд явуулсан. Тэд нар дэлгүүр явчхаад ирэх хооронд нь бид 3 ярилцсан. Би Ттай “танайд би очсон шүү дээ. Чи чинь боксын дугуйланд явдаг гээд цус нөж болчихсон сууж байсан хүн мөн байна” гээд инээлдээд ярилцаад сууж байсан. Тэгээд 5-уулаа архи хувааж уусан. Гантулга гээд манай нутгийн хүүхэд надтай хамт байдаг. Одоо ажлаасаа хүрээд ирнэ гэж хэлсэн. Тэгээд Т бид 2 хөзөр тоглоод энэ хожоод байж байсан. Архи ч талдаа орсон. Гэнэт Т ингэж хождог юм гээд сөрөөд босоод ирсэн. Тэгэхэд нь би “чи залуу хүүхэд байж тавтиртай бай. Чи аягүй бол ингэж архи уугаад эрүүлжүүлэхэд ороод аав, ээждээ очоогүй байгаа юм биш биз” гэх мэт зүйл яриад байж байсан. Тэгээд Т уучлаарай гээд гар бариад байж байхад Г ажлаасаа буугаад ороод ирсэн. Ингээд зургуулаа болсон. Архи дуусаж байсан. Дуусахаар нь одоо ингээд явцгаа гэж би хэлсэн. 13-ийн покер мэддэг нь Тө, Тэ, Гантулга бид 4 байсан. Тэгээд Тэ хожоод байхаар нь би “чи өнөөдөр их сайн байна” гэж хэлсэн. Тэгтэл эд нар дахиад ганц юм ууя гэсэн. Би хэрэггүй, одоо яв гэхэд гадаа авчирсан байгаа гэсэн. Тэгээд энийг л уучхаад явлаа гэсэн. Гаднаас Г оруулж ирээд бид нар уусан. Энэ нь ингээд 2 дахь архи, 2 дахь пиво нь болж байгаа юм. Тэ над руу хараад хутга бариад суугаад байсан. Зоригоогийн дохиогоор байж байсныг би ажигласан. Би хутгаараа яах гэж байгаа юм гээд утсаараа зургийг нь 3 удаа дарсан. Бүтэн 2 дараад, нэг удаа хутгийг зүүн гартаа барьсан байсныг дарсан. Тэгээд би баталгаатай шүү гэж хэлсэн. Тэгж байтал Г дахиж архинд явуулаад Г орж ирж эргэж харангуут нь би ухас гээд зүүн гараас нь барьж авсан. Тэгээд ноцолдоод хоёр гурав эргээд байж байтал Т “С ах та намайг хутгалчихлаа” гэсэн. Тэгээд яахаараа би байдаг юм, хутга чамд байна гэхэд пийшингийн араар хутгаа шидсэн. Тэгээд Тэ “С ах аа, миний буруу” гэж байсан. Цус нь маш их гарсан. Г даавуу авч ирээд цусыг тогтоох гэж боосон. Тэр үед Тэ өнгөцхөн юм шиг байна, юм тавиад боочхож болох юм байна гэсэн. Цус нь тогтохгүй нэлээд удсан. Тэнд байсан хүмүүс бүгд утастай мөртөө түргэн дуудахгүй байхаар нь би хүн хутгалчихлаа гээд цагдаа дуудчихъя гэж хэлээд дуудсан. Цагдаа удаж байж ирсэн. Би зүрхэнд чинь хүрсэн бол яах байсан юм бэ гэж хэлснийг мушгиж ярьсан байсан. Цагдаа ирээд намайг аваад явсан. Байцаалт өгчхөөд эргээд ирж Гантулгатай уулзсан. Тэгээд Тэ орой нь эргэж ирээд миний толгой руу цохиод миний утсыг булааж авсан. Тэгээд миний нотлох баримт байхгүй болсон. Маргааш нь Зийнд очсон. Зийн гэрийг би мэддэг. Тэгэхэд Тө, Тэ, Г гурав 0.5 литрийн архи тавьчихсан сууж байсан. Би ороод байж байхад Г тийм ээ би тэр утсыг үзэж байгаад Од буцаагаад өгсөн гэсэн. Ийм л зүйл болсон. Би үгүйсгэж байгаа юм биш гэхдээ хутга булаацалдаж байгаад ийм зүйл болсон.” гэв.
Хохирогч Ө.Т шүүхийн хэлэлцүүлэгт: “Би 17-ын тэнд Г, Гийн ахтай хамт явж байсан. Тэгтэл Г “би урьд нь хашаанд нь бууж байсан С гээд ах байдаг. Тэднийд ороод гаръя” гэсэн. Сынд орохоос өмнө бид гурав нэг 0.75-ын архи хувааж уусан байсан. Сынд очихдоо ямар ч архи авч очоогүй. Очиход гэр нь дотроосоо цоожтой, С ах нэг эгчтэй байж байсан. Тэгээд босож ирээд хаалга тайлж өгөөд энэ хүн гал түлж цай чанасан. С гэдэг хүнтэй би хөзөр тоглосон. Би хожсон чинь “өө чи хожлоо” гэсэн, ямар нэг маргалдах зүйл болоогүй. С гэх хүн надад хандаж “би чамаас ах, аавыг чинь таньдаг, чамайг урьд нь харж байсан байна. Олон жилийн өмнө танайд очиж байсан” гээд байсан. Би энэ хүнийг танихгүй, энэ хүн өөрийгөө манай аавын найз гэж тайлбарласан. С гэх хүнтэй хамт байсан эгч О нь архинд явахаар болоод бид нар архи, пиво, тамхи зэргийг авчирсан. Нэг шил архийг Г сөн түшиж байсан. Пивыг нь хамт байсан эмэгтэй нь уусан. Тэгээд дээд давхрын өрөөнд ороод хөзөр тоглоод байж байсан чинь С гэх хүн “би 15 эхнэртэй. Ах хүний үг сонсож сур” гэх зэргээр надад хандаж яриад байсан. Хажуудаа байсан таньдаг Г, Гийн ахтай юм ярихгүй, надтай л юм яриад байсан. Энэ хүний дүү гэх эрэгтэй хүн ажлаасаа тарж ирж байна гээд гаднаас орж ирсэн. Тэгээд зургуул болоод хөзөр тоглоод байж байхад С “чи л дахин дахин хожоод байх юм” гээд байсан. Тэгээд чамайг хутгалчихъя гээд тоглоомоор яриад байсан. Би тоглож байна гэж бодсон. Архи уугаад нэлээд муудсан байсан. Миний хажууд Гийн ах нь сууж байсан. Тэгээд С гэх хүн гал тогооны өрөөний тэнд хальт харагдсан. Би хөнжил налаад дэрлэх маягтай хэвтэж байсан. Г архи сөгнөөд миний урд О гэх хүний урд сууж байсан. Тэгээд байж байтал Гийн ах надад “ахын дүү чамайг хутгалчих шиг боллоо” гэсэн. Тэгэхээр нь би хувцсаа тайлтал цус гарч байсан. Хувцсаа тайлчхаад би цусаа тогтоолгомоор байна. Цагдаа дуудах хэрэггүй гэж хэлсэн. Тэгтэл С ах цагдаа дуудаад “би хүн алчихлаа” гэсэн. Сын дүү нь цагаан алчуур авч ирж ураад хоёр хуваагаад цээжин дээр дарсан. Би хөдөлж чадахгүй бие маань тэр чигтээ цус болчихсон байсан. Цагдаа ирэх гэж цаг болсон. Тэр хооронд бид нар цус тогтоох гэж хичээсэн. Тэгээд эмнэлэгт очсон. Би шархаа хүнд гэж бодоогүй. С ахыг ядарсан хүн гэж бодоод өнгөцхөн юм байна гэж бодсон. Харахад оёдол хийгээд цус маань тогтчихсон байсан. Эмнэлгийн коридорт сууж байхад эгч маань залгахаар нь би шууд гараад явчихсан. Маргааш нь би Гийнд байж байхад байцаагч Шүүхийн шинжилгээний газар очиж гэмтлийн зэргээ тогтоолго гэсэн. Үзүүлээд бичгээ аваачиж өгсөн. Тэгээд Гийнд байж байхад бие муудаж түргэн дуудсан. Тэгээд гэмтэлд очиход намайг “өчигдөр хутгалуулж ирсэн залуу мөн байна. Шарх нь хэр гүнзгий байна гэдгийг шалгах гэж байхад явчихсан байсан” гэсэн. С гэх хүн манай аав руу залгаад “танай хүүхдийн зүрх рүү хутгалах гэсэн дутуудуулчихлаа. Зүрх нь олдсонгүй” гэж ярьсан байсан.” гэв.
Гэрч С.Г шүүхийн хэлэлцүүлэгт: “Тэр өдөр Тэ, Тө бид гурав Сынд орсон. Ороход С нэг эмэгтэйтэй хамт байсан. Тухайн үед надад мөнгө байсан. Тэр эмэгтэйг дэлгүүр явуулж архи, пиво авхуулсан. Бүгд уусан. Тэгэхэд С Тыг “Б миний найз. Чи Солонгос явдаг хүүхэд нь мөн байна” гэсэн. Тэгээд хөзөр тоглож сууж байгаад С гэнэт босоод хутга аваад Тыг хутгалчихсан. Хажууд нь сууж байсан. Зуухыг нь бүгд тойроод сууж байсан. С хохирогчийн хажууд сууж байгаад гэнэт босож бид хоёрын урдуур гарсан. Тэгээд гэнэт хутга авчихсан байж байгаад хохирогчийн цээж рүү дүрчихсэн. Бид нар 2 шил архи нэг пиво уусан. Том шар иштэй хутга байсан. Тийм, цээж рүү нь хутгалсан. Хохирогч цус тогтоогоод өгөөч гэж орилсон. Тө, Тэ бид гурав байсан. Хажуугаар нь зөрж яваад эднийх рүү нэг орчхоод гарах уу гэж орсон. Урьд нь нэг шил архи уучихсан байсан. Ороод эхлээд нэг шил архи, нэг пиво уусан. Тэгээд дахиж нэгийг авч уусан. Хоорондоо Солонгос явдаг, Бийн залуу мөн биз дээ гэхчлэн юм ярьж байсан. Хоорондоо л юм яриад байсан. Хутгыг тавиураас өөрөө очиж авчраад хутгалсан. Тэгээд С “та нар яах юм, би өөрөө эмнэлэг, цагдаа дуудъя” гээд би өөрөө дуудсан. Өмнө нь маргалдсан зүйлгүй. Уг нь хөзөр тоглоод сууж байсан. Гэтэл гэнэт хутга аваад дүрчихсэн. Тийм зүйл болоогүй. Шууд хутга авчраад хутгалсан.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Хэргийн үйл баримтын талаар
Хэргийн газарт үзлэг хийсэн: “Уг хэрэг болсон гэх газар нь Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, Сэлбэ ** тоотод байх бөгөөд ... тус тоот нь гаднаа ямар нэгэн хашаагүй задгай байх бөгөөд гадуураа улаан цэнхэр өнгийн пилонкоор бүхэлд нь хучсан байдалтай гаднаа шаргал өнгийн эвдэрхий модон хаалгатай байх ба уг хаалгаар дотогш байшин руу дамжин ороход зүүн гар талд нь буюу хананд цагаан өнгийн 2 тасалгаатай тавиур өлгөөстэй байв. Тус тавиур дээр байсан улбар шар өнгийн бариултай ажлын хэсэг нь 14 см орчим урттай хутгыг 44 дугаараар дугаарлаж гэрэл зургийн аргаар бэхжүүлж түр хүлээн авав. Үзлэгийг цааш нь үргэлжлүүлэхэд гэрийн зүүн урд хэсэгт уламжлалт зуух байх бөгөөд зуухны дээр хөнгөн цагаан тогоо байв. Уг зуухны зүүн талд буюу газарт хар ногоон өнгийн газартай хуйлсан гудас болон цэцэгтэй ягаан өнгийн хөнжил байх ба уг хөнжил нь цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон байсныг 41 дугаараар тэмдэглэж гэрэл зургийн аргаар бэхжүүлэв. ... зүүн талд саарал өнгийн бүтээлгээр бүтээсэн буйдан сандал байх бөгөөд уг буйдангийн зүүн талд цагаан өнгийн төмөр тосгуур түүний зүүн талын модон сандал дээр цустай хувцас байх бөгөөд уг цустай хувцаснууд байсан гэх газрын 47 дугаараар дугаарлаж гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авч түр хураан авав. Үзлэгийн явцад шаргал өнгийн хуванцар бариултай ажлын хэсэг нь 14 см орчим урттай хутгыг түр хураан авсан бөгөөд үзлэгээр цустай буюу цус мэт зүйлээр бохирлогдсон хувцсыг түр хураан авав.” тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 5-11 дүгээр хуудас),
Хохирогч Ө.Тгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 15:00 цагийн үед танил дүү болох Гтой уулзаад бид хоёр манай аавын найз С гэх хүнийд очсон ба тэр газар БЗД-ийн 27 дугаар хороо Сэлбэ 19-436 тоотод очоод хамт архи пиво ууцгаасан. С ахын гэрт очих үед үл таних эмэгтэй болох 1 эрэгтэй нийтдээ 5 уулаа байж байгаад яриан дундаа С ах намайг хутгалчихна шүү гэхээр нь тоглож байна гэж бодоод гал тогоо хэсэгт нь очих үед С ах намайг 1 удаа цээжин хэсэгт хутгалчхаад чиний зурх чинь олдсонгүй гээд өөрөө цагдаа, эмнэлэг дуудсан. Би огт харж байгаагүй бөгөөд танил дүү Г таны аавын найз С энд байдаг гэхээр нь ороод гарсан. Би тэр С гэж хүнтэй маргалдаагүй бөгөөд ямар шалтгаанаар намайг хутгалсан талаар мэдэхгүй байна." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19 дүгээр хуудас),
Хохирогч Ө.Тгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...С ахыг хөзөр тоглоод ялсан чинь С ах ирсэн зочиндоо ялагдаж өгөлгүй яах вэ гэх зэргээр хэвийн яриа өрнүүлээд байж байсан. Тэгээд сууж байгаад дахиж нэмж архи, шар айраг нэмж уугаад сууж байтал С ахтай үл мэдэгдэх шалтгааны улмаас маргалдтал С ах настай хүний үгийг сонсохгүй бол хутгална шүү чамайг гэж хэлсэн. Тэгээд би тоглоомоор л хэлж байна даа гэж бодоод тухайн үедээ тоогоогүй байж байтал С ах босож гал тогооны хэсэг рүү явчхаад буцаж над дээр ирээд надтай зууралдсан, тэгтэл хажууд байсан хүмүүс С чамайг хутгалчихлаа гэж хэлэхээр нь цээж рүүгээ хартал цус урсаж байсан. Би хутгалуулсан эхний өдрөө гэмтлийн эмнэлэг дээр оёдол хийлгүүлчхээд эмчтэйгээ уулзаагүй яваад өгсөн. Гайгүй өнгөц хэсэгт л хутгалсан юм байна, оёо хийлгүүлээд л зүгээр болно доо гэж бодоод эмчтэйгээ уулзаагүй яваад өгсөн. Тэгээд цаашаагаа шүүх эмнэлэгт гэмтлээ тогтоолгочхоод Гтой хамт явж байтал бие тавгүйрхэж ухаан алдаж унасан. Тэгээд гэр лүүгээ явж байтал замдаа ухаан алдаж унасан. Гэмтлийн эмнэлэг дээр очтол өчигдөр хэлэхгүй яваад өгсөн залуу байна гээд яаралтайгаар хагалгаа хийсэн. Би гэмтлийн эмнэлэгт 3 удаа хагалгаанд орсон. Уушгинд бохирдол орсон гээд уушгиа тайруулсан." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20 дугаар хуудас),
Гэрч С.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Т бид 2 эрүүлжүүлэхэд хоноод гарч ирсэн. Өмнө нь би нутгийн Сүхбатаар гэх ахын хашаанд амьдардаг байсан учир ахын гэр лүү найз Тыг дагуулаад явсан. Тэгээд Дарь-Эхэд байрлах ахынд өдрийн цагаар Т, хүргэн ах Тө бид 3 замаасаа 0,75 литрийн Хараа нэртэй архи, Боргио нэртэй том шар айраг аваад очсон. Тэгээд архиа ууж дуусаад Тө яваад өгсөн... С Т 2 үл мэдэгдэх шалтгаанаар маргалдсан чинь С гал тогооны хэсгээсээ шар иштэй хутга бариад Т руу дайраад цээж хэсэг рүү нь дүрсэн. Тэгээд С хутгалсны дараа би хүн хутгалчихлаа гээд цагдаа дуудсан... С, Т ах хоёр хөзөр тоглож байгаад л маргалдсан. Би тухайн үед архи согтууруулах ундаа их хэмжээгээр хэрэглэсэн байсан учир согтолт ихтэй болсон явдлыг бүр сайн санахгүй байна... ямар нэгэн маргаан болоод С ах Төгсбуяны цээж хэсэгт хутгалсан." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25 дугаар хуудас),
Гэрч Б.Оюундэлгэрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Би Сын Баянзүрх дүүргийн 27 дугаар хороонд байрлах гэрт нь байж байхад 14:00 цагийн үед Сын хуурай дүү Зоригоо 2 найзтайгаа хүрч ирсэн... архи авч ирээд нөгөө 4 архиа уугаад сууж байтал... би нойл ороод буцаж гэр лүү нь ортол Солонгосоос ирсэн гэж байсан залуу Стай ноцолдож зогсож байсан. Тэгсэн тэр залуу ахаа та намайг хутгалчихлаа гэсэн. С шууд цагдаа болон эмнэлгийн байгууллага руу залгаж мэдэгдсэн. Уг нь маргаан болоогүй, ямар шалтгааны улмаас С Солонгосоос ирсэн залуутай маргалдсаныг мэдэхгүй байна. С болон Солонгосоос ирсэн залуу хоёр маргалдаж С гартаа гэрийнхээ шар иштэй хутгыг бариад зогсож байсан, мөн маш их цус гарсан байсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30 дугаар хуудас),
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 2303 дугаар: “...ДҮГНЭЛТ: 1.2.Ө.Тгийн биед цээжний баруун дунд хэсгээр 3, 4-р хавирганы завсраар цээжний хөндий рүү нэвтэрч үнхэлцэг хальсыг цоолсон шарх, үнхэлцэгийн хөндийд цус хуралдалт, цээжний хөндийд хий, шингэн хуралдалт гэмтэл учирчээ. 3. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэл эмчилгээний үр дүнгээс хамаарна. 5. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 6. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 37-38 дугаар хуудас),
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 362 дугаартай “...ДҮГНЭЛТ: 1. Шинжилгээнд ирүүлсэн шар өнгийн иштэй хутган дээр цус илэрсэн. 2.Шар өнгийн хутган дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо эрэгтэй хүний цус байна." гэх дүгнэлт (хавтаст хэргийн 44-45 дугаар хуудас),
Шүүгдэгч Б.Сын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн "...тухайн үед архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан үедээ нутгийн дүү Тгийн биед гэмтэл учруулсан байна." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 118 дугаар хуудас),
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, дуудлага лавлагааны хуудас (хавтаст хэргийн 3-4 дүгээр хуудас),
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 64 дүгээр хуудас),
Хохирогч Ө.Таас гаргаж өгсөн хохиролтой холбоотой зарлагын баримтууд (хавтаст хэргийн 127-153 дугаар хуудас),
Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан захирамж, тэмдэглэлүүд (хавтаст хэргийн 121-125, 155-158 дугаар хуудас),
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой
Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 50 дугаар хуудас),
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 49 дүгээр хуудас),
Таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 53-59 дүгээр хуудас), хохиролтой холбоотой зардлын баримт, амбулаторийн картын хуулбар (нийт 4 хуудас) зэрэг болно.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт
Гэм буруугийн талаар:
Улсын яллагчаас “Шүүгдэгч Б.С нь 2021 ны 12 дугаар сарын 20-ны өдрийн 15 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд Дарь эхийн 19 дүгээр гудамжны 446 тоотод өөрийн оршин суух байшинд Ө.Ттай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж улмаар цээжин тус газарт нь хутгалж биед нь цээжний баруун дунд хэсгээр 3, 4 дүгээр хавирганы завсраар цээжний хөндий рүү нэвтэрч үнхэлцэг хальсыг цоолсон шарх, үнхэлцгийн хөндийд цус хуралдалт, цээжний хөндийд хий, шингэн хуралдалт гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэн үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай.” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Энхбаатар “Шүүгдэгч Б.С нь мөрдөн байцаах шатанд хэргийн талаар цагдаагийн байгууллагад зохих ёсоор, хуулийн дагуу мэдэгдсэн. Хохирогчид нэн яаралтай эмнэлгийн тусламж авхуулж, эмчлүүлэх арга хэмжээг авсан. Тухайн үед гэмтэл мэдэгдээгүй, хохирогч оёдол тавиулж буцаж хүрч ирээд ахин архи уусан байдаг. Гэмт хэргийн улмаас хохирол баримтын шаардлага хангасан шууд зардлаа маргаангүй төлөх байр суурьтай байгаа. Юу, юуны төлбөрийн баримт вэ гэдэг нь харагдахгүй, нэгтгэж бичсэн тоо л байдаг. Үүнийг нягтлан үзэж нотлох баримтын шаардлага хангаж нэхэмжлэх ёстой гэсэн байр суурьтай байна. Гэм буруугийн хувьд зөвшөөрсөн байр суурьтай байна.” гэх дүгнэлтийг,
Хохирогчийн өмгөөлөгч П.Учралгэрэл “Шүүгдэгч нь гэмт буруутай болох нь нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг гэм буруутайд тооцож өгнө үү гэх саналтай байна. Хохирол, төлбөрийн хувьд хавтаст хэрэгт авагдсан эмчилгээний баримт нь 3.871.228 төгрөгийн, хоол хүнс буюу нэмэлтэд зарцуулсан 393.372 төгрөгийн, шатахуун 173.000 төгрөгийн баримт авагдсан байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шинээр эмчилгээний 170.990 төгрөгийн баримтыг гаргаж өгсөн. Нийт 4.608.590 төгрөг баримтаар авагдсан байна. Хохирогч нийтдээ 9.608.590 төгрөгийг нэхэмжилж байна. Баримтгүй 5.000.000 төгрөгийг нэхэмжилж байна. Үндэслэлийг тайлбарлавал Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж заасан байдаг. Мөн хуулийн 505 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс, орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй гэж заасан байдаг. Энэ эрхийнхээ хүрээнд шаардаж байна. Хохирогч Т нь 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр анх хагалгаанд орсон. Мөн 2022 оны 01 дүгээр сарын 18-ний өдөр дахин хагалгаанд орж, гурав дахь удаагаа 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр баруун талын уушгиа тайруулсан байдаг. Шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн мэс заслын эмчийн тодорхойлолтоор хохирогч 6 дугаар сар хүртэл боолт хийлгэж, шарх нь эдгээгүй явж байсан. Одоо хохирогч эмчийн хяналтад байдаг. Хохирогчийн хууль сануулж өгсөн мэдүүлэгт дурдсанаар хохирогч нь хүнд юм өргөх, ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй байна. Ийм учраас шүүгдэгчээс дээр дурдсан хохирол, төлбөрийг нэхэмжлэх үндэслэлтэй байх тул хангаж өгнө үү гэсэн саналтай байна.” гэх дүгнэлтийг,
Иргэдийн төлөөлөгч А.Маралмаа “гэм буруутай” гэх дүгнэлтийг тус тус гаргасан.
Үйл баримтын талаарх дүгнэлт
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
2021 ны 12 дугаар сарын 20-ны өдрийн 15 цагийн орчимд шүүгдэгч Б.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд Дарь эхийн 19 дүгээр гудамжны 446 тоот өөрийн оршин суух байшинд Ө.Ттай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж улмаар цээжин тус газарт нь хутгалж гэмтэл учруулсан байна.
Хохирогч Ө.Тд Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 2303 дугаар дүгнэлтээр “цээжний баруун дунд хэсгээр 3, 4-р хавирганы завсраар цээжний хөндий рүү нэвтэрч үнхэлцэг хальсыг цоолсон шарх, үнхэлцэгийн хөндийд цус хуралдалт, цээжний хөндийд хий, шингэн хуралдалт” гэмтэл тогтоогдсон ба Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэсэн шинжээчийн дүгнэлт гарчээ.
Шүүгдэгчийн зүгээс хохирогч Ө.Т хутга бариад зогсож байсан, хутгыг нь салгах гэж ноцолдож байгаад хутгаар гэмтэл учирсан гэж маргаж, мэтгэлцсэн.
Хохирогч Ө.Тгийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхэд өгсөн мэдүүлэгт хохирогч Ө.Т хутга барьж авсан талаар огт яригддаггүй ба Б.С хутга аваад цээжин тус газарт хутгалсан талаар удаа дараа мэдүүлсэн, мөн гэрч С.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхэд өгсөн мэдүүлэгээр хохирогчийн өгсөн мэдүүлэг давхар нотлогддог буюу Б.С нь гал тогооны хэсгээсээ шар иштэй хутга бариад Т руу дайраад цээж хэсэг рүү нь дүрсэн, хутгалсан талаар удаа дараа мэдүүлсэн.
Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч Ө.Тэгбаянгийн мэдүүлэг, гэрч С.Гийн мэдүүлэг, хэрэгт авагдсан гэрч Б.Оюундэлгэрийн мэдүүлгээр хутга хохирогчид байсан гэх үйл баримт буюу шүүгдэгч Б.Сын хутга булаалдаж байгаад Ө.Т өөрийгөө хутгалсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Эрх зүйн дүгнэлт
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Б.Сын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дахь заалтад зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг хуульчилсан ба 2 дахь хэсгийн 2.4 дахь хэсэгт “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн” бол гэж уг гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг зааж өгчээ.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.
Шүүгдэгч Б.С нь хохирогчийн цээжин тус газарт хутгалсан нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Хохирогч Ө.Тд Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 2303 дугаар дүгнэлтээр “цээжний баруун дунд хэсгээр 3, 4-р хавирганы завсраар цээжний хөндий рүү нэвтэрч үнхэлцэг хальсыг цоолсон шарх, үнхэлцэгийн хөндийд цус хуралдалт, цээжний хөндийд хий, шингэн хуралдалт” тогтоогдсон байх бөгөөд дээрх цээжний хөндийд нэвтэрсэн шарх гэмтэл нь учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т заасан хүнд амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарч байх тул хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн Тайлбарт: “-Энэ хуульд заасан “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно. “Тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгслийг ойлгоно” гэжээ.
“Хутга” нь бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх зориулалттай ба хүйтэн зэвсэгт хамаарах тул шүүгдэгч Б.С нь хохирогч Ө.Тд зэвсэг хэрэглэж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан үзнэ.
Шүүгдэгч Б.С нь хохирогч Ө.Тгийн цээжин тус газар нь хутгалсан гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хүнд хохирол хоёрын хооронд шалтгаан холбоотой байна.
Иймд шүүгдэгч Б.Сын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг “зэвсэг хэрэглэн” үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэдийн төлөөлөгч А.Маралмаа “гэм буруутай” гэсэн дүгнэлт гаргасан болохыг дурдав.
Хэрэг гарах болсон шалгаан нөхцөлийн хувьд шүүгдэгч Б.С нь архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэснээс болж гарчээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,
505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж заасан.
Яллах дүгнэлтийн хавсралтад баримтаар 9,437,600 төгрөгийг нэхэмжилсэн гэж дурджээ.
Хохирогчоос мөрдөн шалгах ажиллагаанд гаргаж өгсөн зардлын баримтууд, шүүхэд шинээр гаргаж өгсөн зардлын баримтуудаар хохирогч Ө.Тд 3,553,564 төгрөгийн шууд хохирол учирчээ.
Иймд шүүгдэгч Б.Саас баримтаар тогтоогдсон 3,553,564 төгрөгийг гаргуулан хохирогч Ө.Тд олгуулахаар шийдвэрлэв.
Мөн хохирогч Ө.Т нь гэмт хэргийн улмаас цаашид гарах хохирол, зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгчөөс хохирол төлбөр зорилгоор ажлын 5 хоногийн завсарлах хүсэлт гаргасан бөгөөд уг хугацаанд шүүгдэгчээс хохирол, төлбөрийг төлөөгүй болохыг дурдав.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Б.С нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Шүүгдэгч Б.Ст эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Улсын яллагч “... Б.Ст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар 7 жилийн хорих ял оногдуулах, уг хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх саналтай байна...” гэх саналыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч “Шүүгдэгч Б.С нь энэ төрлийн гэмт хэрэгт анх удаа холбогдсон. Хийсэн хэргийнхээ гэм бурууг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатад үнэн зөв мэдүүлэг өгч ирсэн. Хэрэг гарсан даруйд цагдаагийн байгууллагад мэдэгдэж, хохирогчид яаралтай эмнэлгийн тусламж авсан. Хохирол, төлбөрийг төлж барагдуулаагүй байна. Ах дүү нар нь мөнгө төгрөг төлөх талаар хэлэлцсэн. Гэтэл мөнгө нь дансанд орж ирэхгүйгээс ийм байдалд хүрлээ. Цаашид хохирол, төлбөрийг барагдуулах хүсэл эрмэлзэлтэй байна. Хувийн байдлын хувьд шүүгдэгч нь 60 нас хүрсэн. Шүүгдэгчид оногдуулах ялыг хөнгөрүүлж өгнө үү гэсэн саналтай байна.” гэсэн дүгнэлтүүдийг тус тус гаргав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.С нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн санаатай хэлбэрээр, хутгаар буюу хүйтэн зэвсэг хэрэглэж бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан буюу амь насанд аюултай гэмтэл учруулсан, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сын 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 122 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцов.
Бусад асуудлаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, С, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгав.
Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч Б.Ст урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Борлууд овогт Баяндалайгийн Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг “зэвсэг хэрэглэн үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Ст 7 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ст оногдуулсан 7 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сын 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 122 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Саас 3,553,564 төгрөгийг гаргуулан хохирогч Ө.Тд олгосугай.
6. Хохирогч Ө.Т нь гэмт хэргийн улмаас цаашид гарах хохирол, зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, С, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгасугай.
8. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9. Шүүгдэгч Б.Ст урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Б.Ст авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ
ШҮҮГЧ М.ТҮМЭННАСТ
ШҮҮГЧИД С.ӨСӨХБАЯР
Б.БЭЭЖИН