Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 184/ШШ2019/01326

 

 

 

 

 

 

2019 оны 05 сарын 21 өдөр                   Дугаар 184/ШШ2019/01326                              Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: УБ хот, БГД, 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, 00 дугаар байр 00 тоот хаягт байрлах “Н ф ББСБ” ХХК /регистрийн дугаар: 0000000/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: УБ хот, СХД, 0 дугаар хороо, ХМК 00в-00 тоот хаягт оршин суух Б овогт Ц-ын Б /регистрийн дугаар: АА00000000/-т холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 11 477 175,60 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмждэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Н, хариуцагч Ц.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Чогчмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Н ф ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

Тус санхүүгийн байгууллага нь иргэн Ц.Б-т 2017 оны 02 сарын 02-нд № ЗГ2017/02/02 дугаар зээлийн гэрээ болон № БГ2017/02/02 дугаар барьцаат зээлийн гэрээ байгуулан 9 000 000 төгрөгийн зээлийг 18 сарын хугацаатай 2,3 хувийн хүүтэйгээр зээлсэн.

Зээлийн гэрээний хугацаа 2018 оны 08 сарын 10-нд дуусгавар болсон боловч зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй зээл, зээлийн хүүгийн төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй байна. Зээлдэгч нь 2017 оны 03 сарын 20-ны өдрийн байдлаар 2 705 173.53 төгрөгийн үндсэн эээл, 8 206 000 төгрөгний зээлийн хүү, 2 825 079,03 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү, 446 096,57 төгрөг нийт 11 477 175,60 төгрөгийг төлөөгүй байгаа тул хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч: Ц.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь дүүгийн авсан зээлийг над руу шилжүүлээд түүний үндсэн зээл, хүү, алдангийг нэмээд 9 000 000 төгрөг болгож надад өгсөн. Би энэ байдлыг мэдэлгүй нэг жилийн хугацаанд 3 090 000 төгрөг төлсөн. Би мөнгөө төлж чадахгүй болохоор хуулийн хүнээс зөвлөгөө авахад хүний өрийг бусдад шилжүүлдэггүй гэж хэлсэн. Би 2017 оны 2 сарын 02-ны өдрөөс 2018 оны 1 сар хүртэл 3 090 000 төгрөгийг төлсөн.

Бодит байдлаар мөнгийг хүлээн аваагүй, 2017 оны 2 сарын 2-нд данс руу мөнгө хийгээд тэр дор нь буцаагаад татан авч дүүгийн зээлийг хаасан. Энэ талаар кассын орлогын ордер гэсэн баримтуудаар нотлогдоно.

Дүү 2015 оны 01 сард 10 000 000 төгрөгийн зээл аваад 10 000 500 төгрөг төлсөн. Дүүгийн зээлийн хүү, алданги нэмээд надад 9 000 000 төгрөгийн зээл үүсгэсэн. Гар дээрээ бэлэн мөнгө аваагүй. Гэхдээ зээлийн гэрээ хийснээс хойш 3 090 000 төгрөгийг, нийт 13 090 500 төгрөгийг төлсөн байдаг. Дүүгийн зээлийн үлдэгдэл 6 000 000 төгрөг байсан түүн дээр хүү, алданги болон нотариатын зардал болон 1 хувийн шимтгэл 90 000 төгрөг нэмэгдээд 9 000 000 төгрөгийн гэрээг надтай байгуулсан. Үлдсэн 100 000 төгрөгийг зээлийн төлөлт гэж хаасан. 2017 оны 02 сараас хойш 3 090 000 төгрөгийг төлсөн. 2018 оны 6 сард банк бус санхүүгийн байгууллага дээр дүү бид нар уулзаж 3 000 000 төгрөгийг төлөхөд татгалзахгүй гэж ярилцаж байсан. Би өөрийн үл хөдлөх хөрөнгөө барьцаалсан болохоор байраа алдчихгүйн тулд банкны ажилтнуудын үгэнд орж гэрээ хийсэн. Надад тус болж байна гэж бодсон болохоос ийм их өрөнд орно гэж бодоогүй. 11 477 175,60 төгрөгийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “H ф ББСБ” ХХК нь хариуцагч Ц.Б-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 11 477 175,60 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ: Талуудын хооронд 2017 оны 02 сарын 02-нд № ЗГ2017/02/02 дугаар зээлийн гэрээ, № БГ2017/02/02 дугаар “Барьцаат зээлийн гэрээ” байгуулсан тул үндсэн зээлд 8 206 000 төгрөг, зээлийн хүүнд 2 825 079,03 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 446 096,57 төгрөг нийт 11 477 175,60 төгрөгийг нэхэмжилж байна гэж тайлбарлажээ.

Хариуцагч нь: зээлийн гэрээ байгуулж, гарын үсэг зурснаа хүлээн зөвшөөрнө, харин энэ зээлийн гэрээгээр гар дээрээ мөнгө аваагүй, дүү Ц.Баяржаргалын зээлийн гэрээний үлдэгдэл 6,0 сая төгрөг, түүний хүү, алданги 2 679 300 төгрөг, нийт 8 679 300 төгрөг наториатчаар гэрчлүүлсэн мөнгө нэмээд нийт 9 000 000 төгрөгийн зээлийн гэрээнд гарын үсэг зуруулсан. 2017 оны 2 сарын 2-нд хийсэн зээлийн гэрээнээс хойш 3 090 600 төгрөг төлсөн байтал 11 477 175,60 төгрөгийг нэхэмжилж байнгаа нь үндэслэлгүй гэж маргаж байна.

Зохигчдын хооронд нийт 9 000 000 төгрөгийг бизнесийн зориулалтаар 2017 оны 02 сарын 02-ны өдрөөс 2018 оны 08 сарын 10-ны өдрийг хүртэл 18 сарын хугацаатай 30 хоногт 2,3 хувийн хүүтэй, төлбөрийн хуваарийг зөрчсөн тохиолдолд нэмэгдүүлсэн хүү 30 хоногт 0,46 хувиар зээлийн үндсэн өрийн үлдэгдлээс тооцхоор тохирч, нэхэмжлэгч “Н ф ББСБ” ХХК нь зээлийг зээлдэгчийн данс руу бэлэн бусаар шилжүүлэх, ГД 0089306, Ү-2201007038 дугаартай Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, 21 дүгээр хороолол, 58 в-01 тоот 18 м.кв нэг өрөө орон сууцыг зээлийн барьцаа хөрөнгө болгохоор талууд харилцан тохиролцон, “Барьцаат зээлийн гэрээ”-г байгуулж талууд гарын үсгээ зурсан болох нь баримтаар нотлогдож байна. /хх-15-19 дүгээр тал/

Хуульд зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулж, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй байхаар зохицуулсан байх ба зээлийн гэрээг нэг талаас зээлдүүлэгч “Н ф ББСБ” ХХК, нөгөө талаас зээлдэгч Ц.Б нар байгуулж зээлдүүлэгч нь гэрээний үүргийг биелүүлэхийг шаардах эрхтэй, зээлдэгч нь гэрээний үүргийг биелүүлэх үүрэгтэй гэж үзлээ.

Гэвч хариуцагч шүүх хуралдааны үеэр тайлбарлахдаа: “...дүү Ц.Баяржаргал 2015 оны 01сарын 20-нд тус “Н ф ББСБ” ХХК-аас 12 сарын хугацаатай 10 000 000 төгрөгийн зээл авсан. Зээлийн хугацаа 2016 оны 01 сарын 15-нд дууссан юм. Би уг зээлийн гэрээнд хамтран зээлдэгч байсан ба өөрийн өмчлөлийн орон сууцаа барьцаалсан. Гэрээний хугацаа дуусахад зээлийн үлдэгдэл 6 000 000 төгрөг төлөгдөөгүй байсныг хүү алданги тооцоод надад 9 000 000 төгрөгийн зээл өгсөн мэтээр гэрээ хийсэн гэж тайлбарлаж байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Хариуцагч нь зээлийн гэрээний дагуу үүргээ биелүүлж байсан ба 2018 оны 1 сарын 31-ний өдрөөс хойш үүргээ зөрчсөн. Харин нэхэмжлэгч “Н ф ББСБ” ХХК нь гэрээний дагуух аргачлалаар бодсон. Хариуцагчийн 3 090 000 төгрөг төлсөн гэдгийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрнө. Ц.Баяржаргалтай хийсэн зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон. Одоо зөвхөн Ц.Б-тэй хийсэн зээлийн гэрээний талаар яригдах юм гэж мэтгэлцэж байна.

Дээрх байдлаас үзэхэд: Хариуцагч Ц.Б-ийн дүү Ц.Баяржаргал нь 2015 оны 01 сарын 20 нд нэхэмжлэгч “Н ф ББСБ” ХХК–тай зээлийн гэрээ байгуулсан ба энэ гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр Ц.Б оролцож өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөө барьцаанд тавьсан болох нь хэрэгт ирүүлсэн бичгийн нотлох баримтаар тогтоогдсон байна. /хх 98-107 дугаар тал/

Өмнөх гэрээний зээлдэгч гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгч тал урьд хийсэн зээлийн гэрээг дуусгавар болгох, өрийг төлүүлэх зорилгоор түүний эгч болох Ц.Б-т дахин зээл олгосон нь талуудын хооронд 2017 оны 2 сарын 2-ны өдөр мөнгө зээлээд, тухайн өдөртөө буцаан татаж авч өмнөх зээлийн гэрээний үүргийг хаасан үйл явдал болсон болох нь кассын орлогын ордер гэх 4 ширхэг депозит дансны хуулга зэрэг баримтаар нотлогдож байгаа ба хэрэгт ач холбогдолтой баримт гэж үнэлэв. /хх 37-45 дугаар тал/.

Тэрээр нэхэмжлэгчийг өмнөх гэрээний үүргийн хугацаа дууссан үед зээлдүүлэгч шаардах эрхээ хэрэгжүүлээгүйгээс 2017 оны 2 сарын 2–ны өдөр хамтран үүрэг гүйцэтгэгчтэй дахин гэрээ хийсэн нь зээлийн гэрээ бодитойгоор байгуулагдаагүй байна гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2-д “Үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзэх” ба мөн хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-д “хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгүүлэгч гэм буруутай эсэхээс үл хамааран мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор хүү, анз авах эрхээ алдах“ үр дагавар үүссэн гэж дүгнэлээ.

Түүнчлэн зээлдэгчийн болон хариуцагчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцохоор Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 4-т заасан хэдий ч хэрэгт ирүүлсэн баримтаар хариуцагч нь зээлийг тодорхой зориулалтаар ашигласан эсэх, ашиглагдаж байгаа байдалд тодорхой цаг хугацаанд нэхэмжлэгч байгууллага хяналт тавьж байсан эсэх зэрэг үйл явдал болсон талаар баримтаар тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл хариуцагчийн “гар дээр нэг ч мөнгө аваагүй, бизнесийн ямар ч үйл ажиллагаа явуулаагүй нэг өдрийн дотор болсон“ гэж тайлбарлаж байгааг баримтаар няцааж чадахгүй байна. Харин “Н ф ББСБ” ХХК нь үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж өмнөх гэрээний өрийг авахын тулд гэрээг дахин хийсэн байна. Хариуцагч нь 2017 оны 2 сарын 2-нд хийсэн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус эсэх талаар нэхэмжлэл гаргаагүй тул уг гэрээнд шүүх дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзлээ.

Иймд хариуцагч Ц.Б-ээс 2015 оны 01сарын 20-нд нэхэмжлэгч “Н ф ББСБ” ХХК-тай хийсэн зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр байсан үеийн зээлийн үлдэгдэл 8 679 000 төгрөгнөөс хүү, алданги тооцохгүйгээр хариуцагчийн төлсөн 3 096 600 төгрөгийг хасч 5 589 300 төгрөгийг хариуцагч Ц.Б-ээс гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдсэн 5 887 875,60 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1-д зааснаар хариуцагч Ц.Бээс зээлийн гэрээний үүрэгт 5 589 300 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Н ф ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 5 887 875,60 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч “Н ф ББСБ” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 268 800 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж хариуцагч Ц.Б-ээс 104 379 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Л.ОЮУНЦЭЦЭГ