Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1392

 

                                                                                                                       

 

 

 

 

 

 

  2022            9           27                                         2022/ШЦТ/1392

 

           

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,

улсын яллагч Ц.Ганцэцэг,   

шүүгдэгч Б.А нарыг оролцуулан тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ат холбогдох 2206 02839 2736 дугаар хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.                                              

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

0

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.А нь согтуурсан үедээ буюу 2022 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ц.Аг “манай найз болох Д.Ныг зодлоо” гэх шалтгаанаар, түүнийг цээжин тус газар цохиж, өшиглөн, эрүүл мэндэд нь зүүн суганы урд шугамаар 2, 3, 4, 5-р хавирганы зөрүүтэй хугарал, дух цээжинд зулгаралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байх ба шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх санал гаргасныг шүүх хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгч Б.А шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Хэргийн үйл баримтын талаар

Хохирогч Ц.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, Бурлангын ам гэх газар 2021 оны 08 дугаар сараас эхлэн Н гэх хүний малчнаар ажиллаж эхэлсэн. Тэгээд 2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Нын улаан бор морь алга болсон. Тэр асуудлаас болоод 2022 оны 04 дүгээр сарын сүүлээр Н надад миний морийг хулгайлаад гадагш нь гаргасан гэж агсарч байсан. Тэгээд 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр алга болсон улаан бор морь нь гүйгээд ирсэн. Тэрнээс хойш байж байгаад 2022 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Нын эхнэр Заяагийн төрсөн өдөр болоод хотоос Нын найз нар нь ирж төрсөн өдөр тэмдэглэсэн. Би төрсөн өдөр дээр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тухайн өдөр манай саахалт айл Бийнд бас найр болж байсан тул Б намайг ирээрэй гэж байсан. Би Бийнхээр оройхон очоод Бтэй 1 шил архи хувааж уугаад сууж байхад Н гаднаас орж ирээд юм ярилгүй миний шилэн хүзүү рүү цохиод авсан. Тэгээд Н бид 2 айлд маргалдаж байхаар гарья гээд гадаа гараад Нынх руу явсан. Замдаа Н намайг мориноос буугаад ир гэж дуудаж буулгаж миний баруун мөр лүү гараараа цохиод байхаар нь бид хоёр муудалцаад дээр доороо ороод ноцолдож байхад Нын найзууд нь болох Л, А нар ирсэн. Нын найз А нь намайг босгож ирээд цээжний гол хэсэгт гараараа 1 удаа цохиход би сөхрөөд газар унасан. Тэгэхэд миний дээрээс А миний цээж хэсэг рүү өшиглөсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11-12 дугаар хуудас),

Гэрч И.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...А манайд тэр өдөр орж ирээд бид хоёр 1 шил архи хувааж уугаад сууж байхад биед нь ямар нэгэн гэмтэл шарх ажиглагдаагүй. Дараа нь А орилоод байхаар нь гүйж очоод салгах үед Агийн хамраас нь цус гарсан, хавирга хугарчих шиг боллоо гээд байсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16 дугаар хуудас),

Гэрч Д.Нын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тухайн өдөр буюу 2022 оны 05 дугаар сарын 28-ны өдөр манай эхнэр Аын төрсөн өдөр болсон тул Улаанбаатар хотоос манай найзууд манай хөдөө гэрт ирж төрсөн өдөр тэмдэглэсэн. ...тухайн үед Ан өмнө манай улаан бор морь алга болоод сар гаран болоод ирсэн тухай ярьцгаасан. Айхтар маргалдсан зүйл байхгүй. А ирэхгүй байхаар нь саахалт айл Бийнд ороход Б, А 2 нэг шил архи задалчихсан уугаад сууж байсан. Тэгэхээр нь би Агийн шилэн хүзүүнээс нь базаж аваад мал хуйгаа авч ирдэггүй юм уу гэхэд Б “манайд хэрүүл зодоон хэрэггүй шүү, нялх нойтон хүүхэдтэй, та 2 гарч учраа ол” гэж хэлсэн. Тэгээд Бийнхээс гарахад А миний нүүр лүү 1 удаа цохиход миний уруул сэтэрсэн. Би уруулаа дараад сууж байхад А морин дээрээ мордоод миний цамцны малгайнаас чирээд хоолой боогоод давхисан. Би Аг мориноос нь зууралдаж буулгаж ирээд зууралдаж ноцолдож байхад цаанаас манай найзууд болох А, Л хоёр ирсэн. Манай найзууд ирээд А Аг босгож ирээд цээж хэсэг рүү цохиод газар унасан. Би машинд суугаад уруулаас гарсан цусаа цэвэрлээд байж байх хооронд А Агийн дээрээс өшиглөж дэвсээд байсан. Тухайн үед А “одоо болно шүү дээ. Найз нь үхлээ шүү дээ” гээд байсан. Тэгээд ахиж зодолдохоо болиод Атай уулзахад хавирга хугарчих шиг боллоо гэхээр нь тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан манай найз Эрхэмбаяр машин бариад хот руу явсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20 дугаар хуудас),

Гэрч Ш.Лын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Н малчин Аг олж ирэхээр явсан. Удалгүй А Н 2 маргалдаад Ныг мориор чирээд алах гээд байна гэхээр нь яваад очтол Нын уруулаас нь цус гарсан байсан. Тэгээд манай найз А уурлаад Атай маргалдаж байгаад А Аг цохиход газар унасан. Би гүйгээд очтол цаанаас тэр хавьд амьдардаг Б гэж залуу А луу дайраад байхаар нь би Бийг салгаад цааш зууралдаад маргалдаад холдсон. Тэгэхэд А газар унасан байдалтай Атай маргалдаад үлдсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24 дүгээр хуудас),

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 7680 дугаар: “1.Ц.Агийн биед зүүн суганы урд шугамаар 2, 3, 4, 5-р хавирганы зөрүүтэй хугарал дух цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна. 3.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 30-31 дүгээр хуудас),

Шүүгдэгч Б.Аын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “... Би Ц.Агийн биед хүндэвтэр гэмтэл учруулсандаа маш их харамсаж байна.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 63-64 дүгээр хуудас),

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, дуудлага лавлагааны хуудас (хавтаст хэргийн 5, 6 дугаар хуудас),  

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт (хавтаст хэргийн 87, 88 дугаар хуудас),

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой

Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 37 дугаар хуудас),

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 36 дугаар хуудас),

Байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 38 дугаар хуудас),

Гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 39 дүгээр хуудас),

Эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа (хавтаст хэргийн 41 дүгээр хуудас) зэрэг болно.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.А нь согтуурсан үедээ буюу 2022 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ц.Аг “манай найз болох Д.Ныг зодлоо" гэх шалтгаанаар, түүнийг цээжин тус газар цохиж, өшиглөн, эрүүл мэндэд нь зүүн суганы урд шугамаар 2, 3, 4, 5-р хавирганы зөрүүтэй хугарал, дух цээжинд зулгаралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай.” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч гэм буруугийн дүгнэлт дээр мэтгэлцээгүй болно.

Үйл баримтын талаарх дүгнэлт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

2022 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 нугаар хорооны нутаг дэвсгэрт шүүгдэгч Б.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Ц.Аг “манай найз болох Д.Ныг зодлоо" гэх шалтгаанаар, түүнийг цээжин тус газар цохиж, өшиглөн гэмтэл учруулсан байна.

Хохирогч Ц.Ад Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 7680 дугаар дүгнэлтээр “зүүн суганы урд шугамаар 2, 3, 4, 5-р хавирганы зөрүүтэй хугарал дух цээжинд зулгаралт” гэмтэл тогтоогдсон ба дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэсэн шинжээчийн дүгнэлт гарчээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна.

Эрх зүйн дүгнэлт

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Б.Аын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хуульчилсан байдаг.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

Шүүгдэгч Б.А нь хохирогчийн эрүүл мэндэд халдаж хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Хохирогч Ц.Ад Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 7680 дугаар дүгнэлтээр “зүүн суганы урд шугамаар 2, 3, 4, 5-р хавирганы зөрүүтэй хугарал дух цээжинд зулгаралт” гэмтэл тогтоогдсон ба дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарч байх тул хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

Шүүгдэгч Б.А нь хохирогч Ц.Ан эрүүл мэндэд халдсан гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хүндэвтэр хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Б.А нь хохирогч Ц.Ан эрүүл мэндэд халдсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Иймд шүүгдэгч Б.Аын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А нь “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх ба түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож, хохирогчийг хохиролгүй болгосон, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан байдаг.

Хохирогч Ц.А нь мөрдөн шалгах ажиллагаанд баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй, шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд шүүх хуралд суухгүй, гомдол саналгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу Б.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг танилцуулж, Б.А уг саналыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зуржээ.

Шүүх шүүгдэгч Б.А эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.А нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

Бусад асуудлаар

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.А нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч Б.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Ат 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Б.А нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Б.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ

        ШҮҮГЧ                        М.ТҮМЭННАСТ