Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1490

 

                                                                                                                      

 

 

 

 

 

 

  2022          10           14                                           2022/ШЦТ/1490

 

           

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,

улсын яллагч Ц.Ганцэцэг,

хохирогч Ш.Б,

шүүгдэгч Б.А нарыг оролцуулан тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн курорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ад холбогдох эрүүгийн 2206 00857 2507 дугаартай хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 02-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

0

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.А нь фэйсбүүк, цахим орчинд "З " гэсэн нэртэй онлайн шопыг нээн, "бараа, тавилга захиалга авч байна" гэсэн зарыг байршуулж, "цахим хэрэгсэл ашиглан, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бусдыг төөрөгдөлд оруулж, 2021 оны 09 дүгээр сарын 30-наас 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд, үргэлжилсэн үйлдлээр, иргэн Ш.Бнаас, Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа интернэт банк ашиглан, өөрийн Хас банкны ** тоот, Хаан банкны ** тоот, нөхөр Д.Бийн ** тоот данснуудаас, 15 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн, нийт 1.829.000 төгрөгийг, өөрийн төрсөн охин А.Хын эзэмшлийн Хаан банкны ** тоот дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.       

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт Б.А мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт Ш.Б мэдүүлэхдээ: “Хохирлоо барагдуулмаар байна. Өнгөрсөн жилийн 10 сард өргөдөл гаргаад жил болж байна.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Хэргийн үйл баримтын талаар   

Хохирогч Ш.Бны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 10 дугаар сард фэйсбүүк олон нийтийн сүлжээнээс "З " гэсэн нэртэй хэрэглэгч онлайн бараа, тавилга захиалга авч байсан. Тухайн хэрэглэгчтэй БНХАУ-аас 7-14 хоногийн дотор захиалсан бараа орж ирнэ гэсэн. Тэгээд тухайн хүнээс хуванцар шүүгээ 2 ширхэг, том шүүгээ 1 ширхэг, металл илрүүлэгч 1 ширхэг, хүүдийн хувцас 3-4 ширхэг, тоос сорогч 1 ширхэг захиалсан ингээд захиалгын төлбөр болох нийт 1.835.000 төгрөгийг Хаан банкны ** дугаарын данс руу шилжүүлсэн. Энэ мөнгийг нэг удаагийн гүйлгээгээр биш олон удаагийн гүйлгээгээр хийсэн. Учир нь нэг бараа захиалсан байх хугацаандаа нэмж бараа захиалсан учраас олон удаагийн гүйлгээгээр хийсэн. Мөн мөнгийг нь хувааж шилжүүлсэн. Гүйлгээний утгыг 1-3 тоог бичиж явуулдаг байсан. Учир нь тухайн хүн гүйлгээний утга дээр 1-3 хүртэл тоо бичиж шилжүүлээрэй гэж хэлдэг байсан...тухайн хүнээс би захиалсан бараагаа авч чадаагүй байгаа. Хаан банкны ** дугаарын Х гэх хүний нэртэй дансаар мөнгөө шилжүүлж авсан...мөнгөө Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа интернэт банк ашиглан шилжүүлдэг байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16 дугаар хуудас),

Шүүгдэгч Б.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...би тухайн хүнээс өөрийн охин А.Хын дансыг ашиглаж залилах төрлийн гэмт хэрэг үйлдсэн нь үнэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 41 дүгээр хуудас), 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, бичгээр гаргасан өргөдөл (хавтаст хэргийн 10 дугаар хуудас),

Хаан банкны ** тоот А.Хын эзэмшлийн депозит дансны хуулга (хавтаст хэргийн 21-23 дугаар хуудас),

Хаан банкны ** тоот Ш.Бны эзэмшлийн депозит дансны хуулга (хавтаст хэргийн 25-29 дүгээр хуудас),

Хаан банкны 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 29/255 дугаартай албан бичиг (хавтаст хэргийн 32 дугаар хуудас),

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой

            Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 44 дүгээр хуудас),

Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 45 дугаар хуудас)

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 46 дугаар хуудас),

Шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 48-54 дүгээр хуудас),

Б.Агийн хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 59, 60 дугаар хуудас), Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол (1 хуудас) зэрэг нотлох баримтууд болно.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Улсын яллагч “Шүүгдэгч Б.А нь фэйсбүүк, цахим орчинд "З" гэсэн нэртэй онлайн шопыг нээн, "бараа, тавилга захиалга авч байна" гэсэн зарыг байршуулж, "цахим хэрэгсэл ашиглан, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бусдыг төөрөгдөлд оруулж, 2021 оны 09 дүгээр сарын 30-наас 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд, үргэлжилсэн үйлдлээр, иргэн Ш.Бнаас, Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа интернэт банк ашиглан, өөрийн Хас банкны ** тоот, Хаан банкны ** тоот, нөхөр Д.Бийн ** тоот данснуудаас, 15 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн, нийт 1.829.000 төгрөгийг, өөрийн төрсөн охин А.Хын эзэмшлийн Хаан банкны ** тоот дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай.” гэх дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Б.А гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Үйл баримтын талаарх дүгнэлт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Б.А нь фэйсбүүк, цахим орчинд "З" гэсэн нэртэй онлайн шопыг нээн, "бараа, тавилга захиалга авч байна" гэсэн зарыг байршуулж, "цахим хэрэгсэл ашиглан, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бусдыг төөрөгдөлд оруулж, 2021 оны 09 дүгээр сарын 30-наас 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд, үргэлжилсэн үйлдлээр, иргэн Ш.Бнаас Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа интернэт банк ашиглан өөрийн Хас банкны ** тоот, Хаан банкны ** тоот, нөхөр Д.Бийн ** тоот данснуудаас, 15 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн нийт 1.829.000 төгрөгийг, өөрийн төрсөн охин А.Хын эзэмшлийн Хаан банкны ** тоот дансаар шилжүүлэн авсан үйл баримт тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна гэж үзэв.  

Эрх зүйн дүгнэлт

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Б.Агийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд “Залилах” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт “хуурч, цахим хэрэгсэл ашиглаж...зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлсэн авсан бол” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг заасан.

Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 3-т “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөн олговор, үнийг төлнө” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар бусдын өмчлөх эрхийг баталгаажуулсан байдаг.

Залилах гэмт хэрэг нь хохирлын хэмжээ шаардахгүй ба хуульд заасан аргаар бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаар гэмт хэрэг үйлдэгдсэнд тооцдог.

Залилан мэхлэх гэмт хэргийн шинж нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субьектив санаа зорилготой байдаг бөгөөд, бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг.

Шүүгдэгч Б.А нь фэйсбүүк, цахим орчинд "З" гэсэн нэртэй онлайн шопыг нээж "бараа, тавилга захиалга авч байна" гэсэн зарыг байршуулан, улмаар "цахим хэрэгсэл ашиглан, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бусдыг төөрөгдөлд оруулж, 2021 оны 09 дүгээр сарын 30-наас 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд, үргэлжилсэн үйлдлээр, иргэн Ш.Бнаас Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа интернэт банк ашиглан, өөрийн Хас банкны ** тоот, Хаан банкны ** тоот, нөхөр Д.Бийн ** тоот данснуудаас, 15 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн нийт 1.829.000 төгрөгийг, өөрийн төрсөн охин А.Хын эзэмшлийн Хаан банкны ** тоот дансаар шилжүүлэн авсан нь “Залилах” гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзэв.

Шүүгдэгч Б.Агийн үйлдэл нь гэм буруугийн санаатай, шунахайн сэдэлттэй гэж үзэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан ба шүүгдэгч Б.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйд заасан “Залилах” гэмт хэргийн шинжийг хангасан хэд хэдэн удаагийн үйлдэл хийсэн байх тул үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Б.Агийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “цахим хэрэгсэл ашиглаж, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Агаас 1.829.000 төгрөгийг гаргуулан хохирогч Ш.Бд олгохоор шийдвэрлэв.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу шүүгдэгчээс хохирол төлбөр төлөх зорилгоор ажлын 5 хоногийн завсарлах хүсэлт гаргасан боловч дээрх хугацаанд хохирол төлбөрийг барагдуулаагүй болохыг дурдав. 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Б.А нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчимыг удирдлага болголоо.

Шүүгдэгч Б.Ад эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” саналыг гаргасан болно.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Агийн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нь гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай үйлдэлдээ хандаж байгаа хандлага, эрхэлсэн тодорхой ажилгүй гэх хувийн байдал зэргийг харгалзан үзэж, түүнийг цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх зэрэг эрүүгийн хариуцлагын зорилгыг удирдлага болгон түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.

Шүүгдэгч Б.Ад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэх хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх, 7.3 дугаар зүйлийн 4 дэх  хэсэгт тус тус зааснаар Б.А оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэв.

Бусад асуудлаар:

Шүүгдэгч Б.А нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч Б.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1  дүгээр зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Б.Аг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үргэлжилсэн үйлдлээр “цахим хэрэгсэл ашиглаж, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ад  720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Ад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэх хугацаанд “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх, 7.3 дугаар зүйлийн 4 дэх  хэсэгт тус тус зааснаар Б.А оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Агаас 1.829.000 төгрөгийг гаргуулан хохирогч Ш.Бд олгосугай.

6. Шүүгдэгч Б.А нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Б.Ад урьд авсан хувийн баталгаа гарах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           

 

 

 

ДАРГАЛАГЧ

                                                         ШҮҮГЧ                           М.ТҮМЭННАСТ